Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 222/МА2024/00003

 

2024      01         26                                                  222/МА2024/00003

 

 

                                                  Г.Гантулгын нэхэмжлэлтэй

      иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй, “А” танхимд нээлттэй хийж,

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 397 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Гантулгын “хууль бус эзэмшлээс 93-08 УАА улсын дугаартай, Toyota prius 20 загварын автомашиныг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.*******т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалангийн давж заалдах гомдлоор 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан /цахимаар/,

хариуцагч Д.******* /цахимаар/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Гантулгын нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага: “хууль бус эзэмшлээс 93-08 УАА улсын дугаартай  Toyota prius 20 загварын автомашиныг гаргуулах”-ыг хүссэн.

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн Д.Баасанбаяр, Т.Болортуяа нартай 2021 оны 06 сарын 17-ны өдөр гэрээ байгуулж, Toyota Prius 20 маркийн суудлын авто машиныг 13,500,000 төгрөгт бодож, урьдчилгаанд 4,050,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 9,450,000 төгрөгийг сарын 3,5% хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай төлөхөөр тохиролцсон. П.Баасанбаяр, Т.Болортуяа нар нь тээврийн хэрэгслийг хүлээн авсан өдрөөс хойш 5 сарын төлбөрийг төлөөд түүнээс хойш огт төлөлт хийгээгүй ба төлбөр төлөхийг удаа дараа шаардаж, гэрээгээ цуцалж машинаа буцаан авах шаардлага тавихад Д.******* гэдэг хүнд төлбөртэй байсан, Д.******* автомашиныг 2022 оны 01 сард булааж аваад өгөхгүй байна гэсэн хариуг хэлсэн. Хариуцагч Д.*******тэй утсаар холбогдож П.Баасанбаяр, Т.Болортуяа нартай байгуулсан гэрээгээ цуцалж, машинаа буцаан авах болсон та манай машиныг хууль бусаар эзэмшиж, ашиглаад байна гэж хэлэхэд надад өртэй тул өгөхгүй гэсэн хариуг өгсөн. Авто тээврийн үндэсний төвөөс иргэдэд эзэмших эрхийн гэрчилгээ олгодог байсан бол 2022 оны 1 сарын 1-ээс хойш өмчлөх эрхийн гэрчилгээ өгч байгаа. Машины гэрчилгээнд Г.******* эзэмшигч гэсэн статусаар байгаа буюу хэргийн материалд энэ талаарх Авто тээврийн газрын лавлагаа байгаа. П.Баасанбаяртай байгуулсан гэрээгээ цуцалсан. Иймд хариуцагч Д.*******ийн хууль бус эзэмшлээс автомашинаа гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

2. Хариуцагч Д.*******ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.а. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.б. П.Баасанбаяраас би машиныг авсан. Баасанбаяр 20,000,000 төгрөг надаас зээлсэн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй. Машиныг зээлээр авсан байсныг мэдээгүй. Нэхэмжлэгч тал надаас биш гэрээ хийсэн Баасанбаяртай гэрээний дагуу тооцоогоо хийх нь зүйтэй. Машиныг буцаан өгөх боломжгүй. П.Баасанбаяраас өр төлбөртөө авч болох ганц зүйл нь энэ машин гэж бодож машиныг авсан. Хүчээр булааж авсан зүйлгүй. Баасанбаяр аймаг яваад ирэхэд нь нэрээ шилжүүлнэ гэж эхнэртэй нь тохиролцож анх авсан гэв.

 

3. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хариуцагч Д.*******т эрх, үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материал танилцуулсан баримтуудад гарын үсэг зуруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 11 сарын 16-ны өдөр 10 цагт болсон шүүх хуралдаанаас өмнө шинээр нэг хуудас нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ баримтыг хариуцагчид танилцуулаагүй, нотлох баримт ирсэн талаар огт мэдэгдээгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Хариуцагч маргаан бүхий 93-08 УАА улсын дугаартай Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсоор эзэмшиж байгаагаа огт нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад машиныг битүүмжлүүлэх хүсэлт гаргасан. Харин анхан шатны шүүх энэ талаар шийдвэрлээгүй, шүүгчийн захирамж гаргаагүй нь хавтаст хэргээс харагдана. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баасанбаяр 20,000,000 төгрөг надаас зээлсэн. Өрөндөө энэ машиныг өгсөн.  Машиныхаа бичиг баримтыг шилжүүлж чадахгүй байгаа. Машиныг буцааж өгөх боломжгүй. Яагаад гэрээ хийсэн хүмүүсээсээ нэхэмжлэхгүй надаас нэхэмжилж байна вэ гэв.

 

ХЯНАВАЛ:

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалангийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянав.

            2. Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Д.*******ийн хууль бус эзэмшлээс Toyota Prius 20 маркийн, 93-08 УАА улсын дугаартай, автомашиныг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            3. Хэрэгт авагдсан хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулсан, эрх үүрэг тайлбарласан болон нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтуудад хариуцагч Д.******* гарын үсэг зурсан байх ба тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд эдгээр баримтад гарын үсэг зурсан гэдгээ хэлсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна. /Хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас/

            4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тээврийн хэрэгслийн лавлагааг нотлох баримтаар 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргаж өгснийг хариуцагчид танилцуулж, мэдэгдэлгүйгээр мөн өдөр шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, давж заалдах гомдол гаргасан. /Хавтаст хэргийн 28 дугаар хуудас/.

            Хэргийн материал танилцуулсан баримтад хариуцагч Д.******* гарын үсэг зураагүй байх тул энэ нотлох баримтыг хариуцагчид танилцуулаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна. /Хавтаст хэргийн 26 дугаар хуудас /. Түүнээс гадна уг баримтыг үнэлэхдээ анхан шатны шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулжээ.

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасны дагуу 93-08 УАА улсын дугаартай, приус-20 маркийн автомашиныг битүүмжлүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлэлгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж дүгнэв. /Хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

            6.Дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтад заасан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалангийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 397 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                          О.БААТАРСҮХ

 Ц.ЭРДЭНЭЗУУ