Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 129/ШШ2023/00585

 

 

 

 

 

 

 

 

 

                                       129/ШШ2023/00585

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Жаргалан, шүүгч Д.Элбэгзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н газар

Хариуцагч: А аймгийн Э сумын .. тоотод оршин суух У овгийн Ж.Э

Нэхэмжлэлийн шаардлага: 2,280,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н /цахимаар/

Хариуцагч Ж.Э

Иргэдийн төлөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н газар нь хариуцагч Ж.Э-т холбогдуулан 2,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:          

 

 Н газрын даргын тушаалаар нийгмийн даатгалын шимтгэл, хураамж, алдангитай тэнцэх хэмжээний биет хөрөнгө, бүтээгдэхүүн гаргуулж тэдгээрийг борлуулах, данс бүрт тусгах зорилгоор 1997 онд Бизнес зуучлалын албыг байгуулсан. Тус алба нь нийгмийн даатгалын шимтгэл, хураамж, алдангитай тэнцэх хэмжээний биет хөрөнгө, бүтээгдэхүүн гаргуулж, тэдгээрийг борлуулж түүнээс олсон орлогоор нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах зорилготой байсан. Барааг хувь хүнд өгч борлуулдаггүй, харин аймаг, дүүргийн харьяа нийгмийн даатгалын хэлтэстэй гэрээ байгуулж түүгээр дамжуулан хураагдсан эд зүйлсийг худалдан борлуулж шимтгэлийн өрийг барагдуулдаг байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хураагдсан эд хөрөнгийг тухайн үеийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ж.Э-т хүлээлгэн өгсөн ба тэрээр бараа материалыг эргэн төлөх нөхцөлөөр авсанаар Нийгмийн даатгалын ерөнхий газартай үүргийн харилцаа үүссэн. Ж.Э Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд авсан 2,430,000 төгрөгийн үнэ бүхий 10 тн гурилыг 1998 оны 12 сарын 19-ний өдөр Бизнес зуучлалын албанаас шилжүүлэн авсан. Энэ нь Бизнес зуучлалын алба болон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ж.Э нарын 1999 оны 12 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогддог. Ж.Э нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хураагдсан 2,430,000 төгрөгийн үнэ бүхий 10 тн гурилын үнээс 142,000 төгрөгийг 1999 онд төлсөн ба одоо 2,280,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нийгмийн даатгалын санхүүгийн тайланд тусгагдсан байдаг. Ж.Э-той 1999 онд тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш Н газрын санхүү бүртгэлийн газраас 2020 оны 8 сарын 24-ний өдөр 5/1304 тоот албан бичгээр өр барагдуулах талаарх албан бичгийг А хэлтэст хүргүүлсэн. Тус хэлтсийн дарга А 2022 оны 3 сарын 17-ны өдрийн 01/261 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газарт “тус хэлтэс нь 1999 оны 12 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд Бизнес зуучлал ХХК-иас 2,280,000 төгрөгийн өртөг бүхий 10 тонн гурилыг хүлээн авсан гэх актын дагуу нийгмийн даатгалын архивт хадгалагдаж байгаа санхүүгийн баримтад үзэхэд үүнтэй холбоотой баримт байхгүй. Тухайн үеийн удирдлага Ж.Э, ерөнхий нягтлан бодогч М, нярав Г нараас тодруулахад энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй, тодорхой мэдэх хүн байхгүй, тодруулах боломжгүй” гэсэн хариу өгсөн байдаг. Хариуцагч Ж.Э дараагийн даргаас нэхэмжлэх шаардлагатай гэж тайлбарлаж байна. Бизнес зуучлалын алба, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ж.Э нарын 1999 оны 12 сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн акт байгаа учраас Ж.Э-т холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Дээрх тооцоо нийлсэн актад үндэслэн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн үлдэгдэл төлбөр болох 2,280,000 төгрөгийг Ж.-с нэхэмжилж байгаа. Иймд 2,280,000 төгрөгийг хариуцагч Ж.Эр-с гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Ж.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Өрөнд авсан бараагаа аймгуудын нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулж борлуулах зорилготой Бизнес зуучлалын алба байсан. Нийгмийн даатгалын хэлтэст гурил будаа, монгол гутал, вино зэргийг хүчээр өгсөн, би өөрөө аваагүй. Дан ганц гурил байгаагүй. Тухайн үед Цэнхэр, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Чулуут, Тариат, Цэцэрлэг гэх зэрэг сумдын нийгмийн даатгалын байцаагч нарт тус тус тн гурил өгсөн.  Тухайн үед би Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан учраас л гарын үсэг зурж байсан. Энэ 10 тн гурилын асуудал нийгмийн даатгалын байгууллагад холбогдоно. Би 2000 оны 12 сарын 10-ны өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажлыг хүлээлгэн өгөхдөө тамга, хувийн хэрэг, нийгмийн даатгалын дэвтэр, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дэвтэр зэргийг дараагийн даргад хүлээлгэн өгсөн учраас би хариуцахгүй, нийгмийн даатгалын байгууллага хариуцах ёстой. 2000 оны 12 сарын 15-ны өдөр миний ажлыг хүлээлцэхэд аймгийн Засаг даргын комисс ажилласан бөгөөд шимтгэлийн өрөнд авсан гурилтай холбоотой зүйлийг ажил хүлээлцэх комисст хүлээлгэн өгсөн.  Архивын тухай хуулиар удирдах албан тушаалтай холбоотой ажил хүлээлцсэн, халагдсан тушаал зэрэг бичиг баримтыг 15-75 жил хадгалах ёстой байдаг. Гэтэл нийгмийн даатгалын байгууллагад архивч байдаггүй, ажил хүлээлцсэн баримт ч байдаггүй. Хэрэв баримт байгаа бол миний хүлээлгэж өгсөн зүйлс харагдана. Намайг ажлаа хүлээлгэж өгөхөд тооцоо хийж аваагүй. Мөн бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүдэх үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил, ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг. Гэтэл Н газар 25 жилийн дараа нэхэмжилж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд Н газрын 2,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг би хариуцахгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Иргэдийн төлөөлөгч Д.Бн дүгнэлтэндээ: Ажлыг нь хүлээлгэж өгөөд 23 жил болсны дараа нэхэмжилж байгаа нь тун буруу. Төрийн залгамж халаа байх ёстой. Тарааж өгсөн нь үнэн юм байна. Төлбөрийг нь зарим газрууд төлсөн байна. Э гуай хэн төлснийг нь мэдэхгүй байгаа 148,000 төгрөг төлөгджээ. Тэгэхээр тарааж өгсөн байгууллага нь төлөх ёстой байж. Ажил хүлээлцэхэд нь тэр үед дутагдал гарах ёстой байсан байх. Тэгэхээр энэ хүн төлөхгүй, орон нутгийн салбарууд нь төлөх байжээ. Тиймээс хэрэгсэхгүй болгох нь зөв гэв.

 

5. Нэхэмжлэгчээс:

-  Н газрын 2021 оны 8 сарын 24-ний өдрийн “өр барагдуулах тухай” 5/1304 тоот албан бичиг

- Ар хэлтсийн 2022 оны 3 сарын 17-ны өдрийн 1/261 тоот албан бичиг

- 1999 оны 12 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Хариуцагч Ж.Э-ын хүсэлтээр А хэлтсийн 2023 оны 12 сарын 06-ны өдрийн 1/743 тоот албан бичгийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч Ж.Эр-с 2,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хураагдсан 2,430,000 төгрөгийн үнэ бүхий 10 тн гурилыг 1998 оны  12 сарын 19-ний өдөр Бизнес зуучлалын албанаас тухайн үеийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ж.Э-т хүлээлгэн өгсөн ба тэрээр бараа материалыг эргэн төлөх нөхцөлөөр авч Нийгмийн даатгалын ерөнхий газартай үүргийн харилцаа үүссэн. Энэ нь Бизнес зуучлалын алба болон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ж.Э нарын 1999 оны 12 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогддог. Ж.Э нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хураагдсан 2,430,000 төгрөгийн үнэ бүхий 10 тн гурилын үнээс 142,000 төгрөгийг 1999 онд төлсөн ба одоо 2,280,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нийгмийн даатгалын санхүүгийн тайланд тусгагдсан байдаг. Бизнес зуучлалын алба, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ж.Э нарын 1999 оны 12 сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн акт байгаа учраас Ж.Э-т холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Дээрх тооцоо нийлсэн актад үндэслэн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн үлдэгдэл төлбөр болох 2,280,000 төгрөгийг Ж.Э-с нэхэмжилж байгаа гэжээ.

 

            3. Хариуцагч Ж.Э доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд: Өрөнд авсан бараагаа аймгуудын нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулж борлуулах зорилготой Бизнес зуучлалын алба байсан. Нийгмийн даатгалын хэлтэст гурил будаа, монгол гутал, вино зэргийг хүчээр өгсөн, би өөрөө аваагүй. Дан ганц гурил байгаагүй. Тухайн үед Цэнхэр, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Чулуут, Тариат, Цэцэрлэг гэх зэрэг сумдын нийгмийн даатгалын байцаагч нарт тус тус тн гурил өгсөн.  Гурилаас гадна монгол гутал, вино, зэрэг бүтээгдэхүүн байсан, дан ганц гурилын л асуудал яригдаж байна. Тухайн үед би Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан учраас л гарын үсэг зурсан. Би 2000 оны 12 сарын 10-ны өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг хүлээлгэн өгөхдөө тамга, хувийн хэрэг, нийгмийн даатгалын дэвтэр, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дэвтэр зэргийг дараагийн даргад хүлээлгэн өгсөн учраас би хариуцахгүй, нийгмийн даатгалын байгууллага хариуцах ёстой. 2000 оны 12 сарын 15-ны өдөр ажил хүлээлцэхэд аймгийн Засаг даргын комисс ажилласан бөгөөд шимтгэлийн өрөнд авсан гурилтай холбоотой зүйлийг би ажил хүлээлцэх комисст хүлээлгэн өгсөн. Нийгмийн даатгалын байгууллагад миний ажил хүлээлцсэн баримт ч байдаггүй. Хэрэв баримт байгаа бол миний хүлээлгэж өгсөн зүйлс харагдана. Мөн бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүдэх үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил, ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг гэж хуульд заасан. Гэтэл Н газар 25 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг би хариуцахгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 8 сарын 24-ний өдрийн “өр барагдуулах тухай” 5/1304 тоот албан бичиг, Ар хэлтсийн 2022 оны 3 сарын 17-ны өдрийн 1/261 тоот албан бичиг, 1999 оны 12 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт, А хэлтсийн 2023 оны 12 сарын 06-ны өдрийн 1/743 тоот албан бичиг зэрэг нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Н газар нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хураагдсан 2,430,000 төгрөгийн үнэ бүхий 10 тонн гурилын төлөгдөөгүй үлдэгдэл үнэ 2,280,000 төгрөгийг “Бизнес зуучлалын алба нь хариуцагч Ж.Э-т шимтгэлийн өрөнд хураагдсан барааг хүлээлгэж өгсөн, түүнтэй 1999 оны 12 сарын 31-нд тооцоо нийлсэн” гэсэн үндэслэлээр хариуцагч Ж.Э-с нэхэмжилж байна.

 

Бизнес зуучлалын алба 1998 оны 12 сарын 19-нд нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хураагдсан 2,430,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг худалдан борлуулах зорилгоор тухайн үеийн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ж.Э-т хүлээлгэн өгсөн үйл баримттай талууд маргаагүй, харин нэхэмжлэгч барааг тухайн үеийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ж.Эрдэнэ-Очирт хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч Ж.Э-р “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээж авсан, тухайн үед би Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан учраас л гарын үсэг зурсан” гэж маргаж байна.

 

Ни газрын даргын тушаалаар 1997 онд Бизнес зуучлалын алба байгуулж, тус алба нь нийгмийн даатгалын шимтгэл, хураамж, алдангитай тэнцэх хэмжээний биет хөрөнгө, бүтээгдэхүүн гаргуулж, тэдгээрийг борлуулж түүнээс олсон орлогоор нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах зорилготой байсан. Барааг хувь хүнд өгч борлуулдаггүй, харин аймаг, дүүргийн харьяа нийгмийн даатгалын хэлтэстэй гэрээ байгуулж түүгээр дамжуулан хураагдсан эд зүйлсийг худалдан борлуулж шимтгэлийн өрийг барагдуулдаг байсан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, “... бид нар хоёр байгууллагын хооронд 1998 оны 12 сарын 19-ний өдрөөс 1999 оны 12 сарын 31-ний хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд ... үлдэгдэлтэй гарсныг харилцан батлав. Тооцоо нийлсэн Бизнес зуучлал ХХК-ийн дарга, нягтлан бодогч гэж, Архангай аймгийн НД хэлтэс дарга, нягтлан бодогч гэж тус тус гарын үсэг зурсан” Бизнес зуучлалын алба ХХК-ийн 1999 оны 12 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтаар Бизнес зуучлалын алба нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хураагдсан барааг борлуулахаар хариуцагч Ж.Э-т хүлээлгэж өгөөгүй, А хэлтэст хүлээлгэж өгсөн байна.

Иймд дээрх нотлох баримтаар хариуцагч Ж.Эр-н “Нийгмийн даатгалын хэлтэст гурил будаа, монгол гутал, вино зэргийг өгсөн, би өөрөө аваагүй” гэсэн тайлбар үндэслэлтэй, тэрээр нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хураагдсан барааны үнийг Н газарт төлөх үүрэггүй тул хариуцагч Ж.Э-с 2,280,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Хариуцагч Ж.Э “Н газар 25 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Н газарт хариуцагч Ж.Э нь 2,280,000 төгрөг төлөх үүрэггүй гэж шүүх дүгнэсэн тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

 

7. Хариуцагч Ж.Э нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хураагдсан барааны үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэггүй, тэрээр энэ хэргийн хариуцагч биш тул иргэдийн төлөөлөгч Д.Б-н “Ажлыг нь хүлээлгэж өгөөд 23 жил болсны дараа нэхэмжилж байгаа нь тун буруу. Төрийн залгамж халаа байх ёстой. Тарааж өгсөн нь үнэн юм байна. Төлбөрийг нь зарим газрууд төлсөн байна. Э гуай хэн төлснийг нь мэдэхгүй байгаа 148,000 төгрөг төлөгджээ. Тэгэхээр тарааж өгсөн байгууллага нь төлөх ёстой байж. Ажил хүлээлцэхэд нь тэр үед дутагдал гарах ёстой байсан байх. Тэгэхээр энэ хүн төлөхгүй, орон нутгийн салбарууд нь төлөх байжээ. Тиймээс хэрэгсэхгүй болгох нь зөв” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ж.Э-с 2,280,000 /хоёр сая хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА

  

                     ШҮҮГЧИД                                                                     Ч.ЖАРГАЛАН

 

                                                                                                            Д.ЭЛБЭГЗАЯА