Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 18-ны өдөр      Дугаар 222/МА2019/00012                   Баруун-Урт     

 

                                         Б.Сгийн нэхэмжлэлтэй, 

Сүхбаатар аймгийн Засаг даргад  

холбогдох иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа

Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Саранчимэг

Нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 232 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаагийн давж заалдах гомдлоор Б.Сгийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, зөрүү нийт 2301386 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

 

  Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.18-ны өдрийн 44 тоот шийдвэрээр Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын НОНӨҮГ-ын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоогдсон. Иймээс шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 1 сарын 18-ны өдрөөс 2019 оны 4 сарын 8-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1573211 төгрөг, 2019 оны 1 сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар ажилд эгүүлэн тогтоохдоо ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо шүүгч тухайн сард цөөн хоног ажилласан, декритний амралттай саруудыг бүтэн ажилласан сарын цалингаар тооцож ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гүйцэд олгоогүй тул зөрүү 728175 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан 2019.01.18-ны өдрөөс 2019.04.08-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4765150 төгрөг, 2019 оны 1 сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны шүүхийн шийдвэрийн дагуу олгогдсон олговрын зөрүү 2951910 төгрөгийг тус тус гаргуулхаар нэмэгдүүлсэн. Засаг дарга нь 2019 оны 3 сарын 22-ны өдөр Б/14 тоот захирамж гаргаж намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон боловч надад 2019 оны 4 сарын 8-ны өдөр мэдэгдэж, тухайн өдөр ажил хүлээлгэн өгсөн тул ажилгүй байсан хугацаагаа 2019 оны 1 сарын 18-ны өдрөөс 2019 оны 4 сарын 8-ны өдөр гэж тодорхойлсон гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Саранчимэг шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. 2019 оны 3 сарын 22-ны өдрийн Б/14 тоот Засаг даргын захирамжаар урьд эрхэлж байсан ажилдаа томилогдсон. Энэ захирамжид Б.Сг урьд авч байсан цалингаар нь цалинжуулахыг дурдсан. Сумьяаг ажилд томилогдох үед төрийн албаны цалингийн сүлжээнд өөрчлөлт орсон. Өөрчлөлт орсон цалингаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацаагаар цалинг олгоход татгалзахгүй. Нөхөн олговрын зөрүү гэж нэхэмжлээд байгааг сайн ойлгохгүй байна. Энэ асуудлыг шүүхээр шийдүүлэх саналтай байна гэв.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 232 дугаар шийдвэрт:   Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2919 595 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлээс 1845555 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Сгийн нэхэмжилсэн нөхөн олговрын зөрүүнд 2951910 төгрөг гаргуулах шаардлаганд ногдох хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 61663 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь Б.Сгийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журмыг зөрчиж, өөрийн үзэмжээр дундаж цалин хөлсийг тооцсон, мөн журмын 9-д дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс байхаар заасан байхад шүүгч нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь мөн журмыг зөрчсөн гэж үзэж байна. Цалин хөлс авсан сүүлийн 3 сар нь 2018 оны 8, 10 дугаар сар, 2019 оны 04 дүгээр сар юм. Энэ 3 сард Б.С нь хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэн ажиллаагүй, ажлын 5-8 өдөр ажилласан байдаг. Учир нь Б.С нь 2018 оны 08 дугаар сард амаржсаны амралтаа авч охиноо 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдоно. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа эргэн ороод ажлын 8 өдөр ажиллаад хууль бусаар ажлаасаа халагдсан. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийэ 44 дүгээр шийдвэрээр ажилдаа эргэн тогтоогдож, 2019 оны Б/14 дүгээр захирамжаар ажилд нь эгүүлэн томилж, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажлаа хүлээн авсан. 2019 оны 04 дүгээр сард ажлын 5 өдөр ажиллаад 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дахин халагдсан. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 6-г үндэслэн тооцвол 1 өдрийн дундаж цалин хөлс нь 93434 төгрөг. /1775252:19 өдөр=93434 төгрөг/ байна. Ажилгүй байсан 51 ажлын өдрийн цалин хөлс нь 4765134 төгрөг /93434*51= 4765134 төгрөг болж байна.

Иймд Б.Сд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 4765134 төгрөгийн олговорыг хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь нэхэмжлэлийн шаардлагуудаа нэмэгдүүлж аймгийн засаг засаг дарга Ж.Эрдэнэбаатараас “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 4765150 төгрөг, өмнөх олговрын зөрүү 2951910 төгрөг”  бүгд 7717060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 1 дүгээр сарын 18-нд гарсан шүүхийн шийдвэрээс хойш ажил хүлээн авсан мөн оны  4 дүгээр сарын 8-ны өдөр хүртэлх хугацааны нөхөн олговрыг төрийн албан хаагчийн цалингийн шинэчлэгдсэн сүлжээний ТҮ9-5 шатлалаар бодож олгоно, шүүхийн шийдвэрээс өмнөх нөхөн олговрын зөрүү нэхэмжилснийг  хуулиар олгох боломжгүй гэж маргажээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Б.Сг 2018 оны 8 дугаар сард 7 өдөр ажилласан, ур чадвар, хоолны мөнгө бүгд  288837 төгрөгийн, 10 дугаар сард ажилласан 8 хоногийн цалин, ур чадвар, ээлжийн амралтын болон хоолны мөнгө болох 1237103 төгрөг,  2019 оны 4 дүгээр сард 5 өдөр ажиллаж 249412 төгрөг авсныг нийт ажилласан 19 хоногт хуваан нэг өдрийн цалинг 93434 төгрөг гэж цалингийн дунджыг тооцжээ. Гэтэл дээрх тооцоонд хоолны мөнгө, ээлжийн амралтын мөнгө, нэхэмжлэл гаргаснаас хойшхи 4 дүгээр сард ажилласан 5 хоногийн цалин зэргийг оруулан тооцсон нь учир дутагдалтай болжээ.

 Өөрөөр хэлбэл: Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын  жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно” гэж хуульчилсныг ээлжийн амралтын олговор авсан сарын цалинтай хамтатган  тооцож дундаж цалин хөлсийг тодорхойлж байгаа нь буруу юм. 

Түүнчлэн “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 4-т “... хоолны үнийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж зааснаар нийт нэхэмжлэлийн дүнд хоолны мөнгө орж тооцогдохгүй болно.

 Мөн нэхэмжлэлийн шаардлагад 2019 оны 1 дүгээр сарын 18-наас 4 дүгээр сарын 8-ыг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг авахаар дурдсан байтал үүнээс хойшхи буюу 4 дүгээр сарын 8-наас 15-ныг хүртэлх хугацаанд  авсан 5 хоногийн цалинг оруулж тооцсон нь үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийтээр амрах баярын өдрийг  оруулан 56 хоногоор нөхөн олговрыг тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасантай нийцэж байна.

 

Аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Б/40 дугаар захирамжаар Б.Сг “Сүхбаатар нийтлэг үйлчилгээ” ОНӨҮГ-ын даргаар томилж, түүний албан тушаалын цалинг ТҮ-9-5 /үндсэн цалин 711290 төгрөг+ ур чадварын 177823 төгрөг=889113 төгрөг/ заасан шатлалаар тогтоож, ур чадварын нэмэгдлийг 25 хувиар олгохоор захирамжилсан ба аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 тоот захирамжид “нэхэмжлэгчийг  ажилд нь эгүүлэн тогтоож, түүний цалинг өмнөх цалингийн шатлалаар цалинжуулах”-ыг зөвшөөрсөн байна.  Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Төрийн албан хаагчийн цалингийн шатлалыг шинэчлэн тогтоож 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ.  

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сгийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг Засгийн газрын 24 дүгээр тогтоолын ТҮ-9-5 шатлалаар / 829579 төгрөг + ур чадварын 207395 төгрөг=1036974 төгрөг / тооцон үзэхэд 2700936 / хоёр сая долоон зуун мянга есөн зуун гучин зургаа /төгрөг болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 44 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр  болсон байх тул  нэхэмжлэгчийн дээрх шийдвэртэй холбогдох нөхөн олговрын зөрүү 2951910 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 232 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дараахь өөрчлөлтийг оруулсугай.

 

1.Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2919595 төгрөгийг” гэснийг 2700936 төгрөгийг” гэж, “1845555 төгрөгийг” гэснийг “2064214 төгрөгийг” гэж, 3 дахь заалтын “61663 төгрөг” гэснийг “ 58165 төгрөг” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

Гурав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Дөрөв. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.БААТАРСҮХ

 

                                      ШҮҮГЧИД                               С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                      Д.БАЙГАЛМАА