Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2023/00304

 

 

 

 

 

   

 

                                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Ц  ,

Хариуцагч: .Г.Б ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Х. ,

Гэрч: М.Н У Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э.Ц  нь Г. Б д холбогдуулан гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“Э.Ц  нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэн Г. Б тай Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5-д нийцүүлээд “Ногоон тэжээл худалдаж борлуулж өгөх гэрээ” байгуулсан.

Гэрээний зорилго нь Э.Ц  70,000,000 төгрөгийг Г. Б дөгөх, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Г. Б нь 100,000,000 төгрөг болгож Э.Ц д буцааж өгөх, хэрэв гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон.

Тодруулбал, хариуцагч Г. Б нь ногоон тэжээл хямд үед 1 боодлыг 7,000 төгрөгөөр тооцож 10,000 боодол ногоон тэжээлийн үнэ 70,000,000 төгрөгийг аваад, хавар ногоон тэжээл үнэд орох үед 1 боодол ногоон тэжээлийг 10,000 төгрөгөөр тооцож борлуулаад, 100,000,000 төгрөг буцааж өгөхөөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед

70,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн ба гэрээ байгуулж, зээл олгосноос хойш 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны туршид 30,000,000 төгрөгийн хүү тооцохоор тохиролцсон.

Г. Б нь ногоон тэжээл тарьж, зардаг бөгөөд зээлсэн мөнгөө хүүгийн хамт эргүүлж төлөх баталгаа болгож ногоон тэжээлийн үнэ ханш өсдөг цаг хугацааг тааруулан байж, хүү тооцох хугацаа, зээлийг хүүгийн хамт төлөх боломж бололцоогоо надад ойлгуулсан. Тодорхой хугацааны дараа үнэ нь өссөн ногоон тэжээл авах бус зээлийн гэрээний дагуу тохиролцсон ёсоор хүүгээ нэмж авна гэж ойлгосон.

Талуудын байгуулсан гэрээ нь “Ногоон тэжээл худалдаж борлуулж өгөх гэрээ” нэртэй боловч агуулгын хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцсэн.

Гэрээний 2.1, 2.2 дахь заалтууд нь Г. Б нь 1 боодол нь 7,000 төгрөгөөр үнэлэгдэх 10,000 ширхэг боодол тэжээлийг 70,000,000 төгрөгөөр худалдан борлуулж буй мэт боловч Г. Б өөрт хэрэгтэй 70,000,000 төгрөгөө авч, ногоон тэжээл Э .Ц ийн  өмчлөлд ирэхгүй, харин ногоон тэжээлийн үнэ өсөх үед Г. Б нь 1 боодлыг нь 10,000 төгрөгөөр худалдаж, 10,000 боодол тэжээлийн үнэ 100,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгөх үүрэг хүлээсэн.

Г. Б нь гэрээний 2.1, 2.2-т заасны дагуу гэрээгээр тохирсон хугацаа болох үед 100,000,000 төгрөг буцааж өгөх үүргээ биелүүлээгүй.

Э.Ц  нь Э.Ц  нь 2022 оны 2 сараас хойш байнга шаардаж, зээлдүүлсэн мөнгөө буцаан авах боломжийг бүх талаар эрэлхийлж, өөрийн боломжоор Г. Б дтусалж, хэлсэн саналыг нь зөвшөөрч, ногоон тэжээл хураалтад нь хүртэл чадахаараа тусалж, өгчих байх гэж найдаж хугацаа олгож явсаар өнөөдрийг хүрсэн.

Гэрээний 3.8-д, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон.

2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 10 гаруй сарын хугацаа өнгөрсөн учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар Г. Б аас 50,000,000 төгрөгийн алданги шаардаж байна.

Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн хариуцагч Г. Б аас 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний дагуу 150,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. (хх-1-3)

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...70,000,000 төгрөгөө буцаан авч чадаагүй тул мөнгөө гаргаж авахын тулд 2022 онд рапс тарихад нь тусалж, мөнгө зээлдүүлсэн, талуудын хооронд 2021 онд байгуулагдсан гэрээнд өөрчлөлт оруулаагүй, үүргийг өөр үүргээр солихоор тохироогүй, 2022 онд Г. Б д зээлдүүлсэн 9,000,000 төгрөгтөө 996 ширхэг ногоон тэжээл тооцож авснаар энэ тооцоо дууссан, энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй” гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.Ц  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлын зарим хэсгийг дурдсан байгаа нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг бүрэн хэмжээнд дүгнэх боломжгүй байдалд хүргэж байна.

Тухайлбал, 2021 оны зун Г. Б нь эхнэрийнхээ найз Насанжаргалын нөхөр болох Э.Ц тэй гэр бүлийн найз нөхдийн хувиар анх танилцсан. Э.Ц  нь Г.Б ыг газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг талаар мэдээд, ногоон тэжээлийг хямд үед худалдан аваад, үнэ хүргэж зарах нь ашигтай юм байна гээд 1 боодол ногоон тэжээлийг 7,000 төгрөгөөр тооцож, 10,000 боодол худалдан авах санал тавьсаны дагуу ногоон тэжээлийг нэхэмжлэгч Э.Ц д амаар тохиролцож худалдсан. Э.Ц  нь 2022 оны 02 сарын 01-ний өдрийн дотор буюу ногоон тэжээлийн үнэ өссөн үед худалдан борлуулж ашиг олох зорилготой байсан ба ногоон тэжээлийн үнэ өсөх цаг хугацаанд Г.Базарбатыг 10,000 төгрөгөөр худалдан борлуулж өгөхийг хүссэний дагуу ногоон тэжээлийн хадгалалт хамгаалалтыг хариуцан хадгалж өгсөн. Энэхүү тохиролцоог Э.Ц ийн хүссэний дагуу бичгээр баталгаажуулж ногоон тэжээл худалдах худалдан авах гэрээ байгуулах гэсэн боловч Э.Ц ийн эргээд чи зарж өгөх юм чинь ногоон тэжээл худалдан борлуулах гэрээ байгуулъя гэсэн саналыг үндэслэн дээрх гэрээг байгуулсан. Улмаар 2022 оны 01 дүгээр сард ногоон тэжээлийн үнэ төлөвлөж байсан 10,000 төгрөгийн үнэд хүрэлгүй зах зээлийн үнэлгээ буурч 3,000 төгрөгийн ханштай болсон ба энэ тухай Э.Ц д утсаар мэдэгдэж, алдагдалтай ч гэсэн ногоон тэжээлийг худалдан борлуулахгүй бол цаашид үнэ нь бүүр унах шинжтэй байна гэдгийг хэлсэн боловч Э.Ц  нь алдагдал хүлээж зарахаас татгалзаж, дахин хүлээсэн боловч ногоон тэжээлийн үнэ өсөлгүй байсаар хавар, зун болж ногоон тэжээлээ заралгүй алдагдал хүлээсэн.

Ийнхүү алдагдал хүлээсэн учир Э.Ц  Г. Б тай уулзаж дээрх алдагдлыг хэрхэн яаж арилгах талаар санал солилцоход Э.Ц  нь “...рапс тарья чи зардлыг нь гаргачих, ямар нэгэн эрсдэл гарвал би өөрөө хариуцая...” гэх саналыг тавьсан. Тухайн саналыг сонсоод рапс тарих нь эрсдэлтэй ногоон тэжээл тарих саналыг Э Ц д тавьсан боловч paпс нь илүү ашигтай худалдан авагч бэлэн байгаа гэсэн учир хүлээн зөвшөөрч 2022 оны 6 сард тариалалт хийсэн.

Дээрх тохиролцооны дагуу Төв аймгийн Цээл сумын нутаг Нүдэнгийн даваанд байрлах Б ХХК-ийн эзэмшлийн 197.32 га тариалангийн талбайг түрээслэн төлбөрийг төлж 2022 оны 6 сард тариалалт хийхдээ Э .Ц ийн  тавьсан саналын дагуу тариалалтын зардлыг бүрэн хариуцаж рапс тарьж өгсөн. Тарьсан рапс нь боломжийн хэмжээнд ургасан бөгөөд тариалалтын явцад Э.Ц  нь рапс тарих үйл ажиллагаатай тухай бүр танилцаж байсан. 2022 оны намар ургац хураалтын цагаар Э.Ц  нь тарьсан рапсыг өөрийн биеэр ирж хурааж авсан ба рапс хураахтай холбоотой гарсан зардлыг Г. Б ын Х ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Хурааж авсан paпс Төв аймгийн Цээл суманд тариалангийн талбай дээр хураалттай байгаа ба нийт хурааж авсан paпс нь 40 орчим тонн бөгөөд 2022 оны намар 10 сарын үед нэг тонн paпс 2,000,000 орчим төгрөгийн үнэлгээтэй байсан бөгөөд тухайн үнээр худалдан борлуулахаас татгалзаж өмнө худалдаж авна гэж байсан Хятад иргэдийг хүлээхээр шийдсэн.

Гэтэл Э.Ц  2022 оны 12 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь рапсын зах зээлийн үнэлгээ унасантай холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Г.Б аар багагүй хэмжээний зардал гаргуулж, рапс тариулсан ч төлөвлөж байсан үнэд хүрээгүй учир хурааж авсан рапсаа хүлээн авахаас татгалзаж, өмнө байгуулсан хэрэгжээд дууссан гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээ байгуулж 70,000,000 төгрөг зээлсэн, түүнийгээ буцааж өгөхгүй байгаа зэрэг бодит байдалд үл нийцсэн байдлаар тайлбарлаж байгаа нь өөрийн хийсэн үйлдлийн хариуцлагыг хүлээхээс зайлсхийж, бичмэл нотлох баримтыг өөрт ашигтай байдлаар, хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн мэт тайлбарласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тэгэхээр Э.Ц  болон Г. Б нарын хооронд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгчийн хувьд ногоон тэжээл худалдан авахын тулд 70,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ төлбөр дээр хариуцагч маргахгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас 70,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. (хх-26-27)

3.Нэхэмжлэгч талаас: Б.Х т олгосон итгэмжлэл (хх-7), Ногоон тэжээл худалдаж борлуулж өгөх гэрээ (хх-5-6), М.Н  ын Х ХХК дахь ...дугаартай дансны хуулга (хх-8), Э.Ц , М.Н  нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрчийн мэдүүлэг өгөх зөвшөөрөл (хх-54-56) зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагч талаас: Э.Х д олгосон итгэмжлэл (хх-15), Б ХХК-тай байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 22/05 дугаартай Түрээсийн гэрээ, төлбөр төлсөн баримт (хх-57-59), Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээ (хх-60-61), Г. Б ын  Х ХХК дахь 5099030499 дугаартай дансны хуулга (хх-62-71), 2021 оны ногоон тэжээлийн зураг (хх-72-73), Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/38 дугаар албан бичиг, Төв аймгийн 2021-2022 оны өвлийн улирал 12, 01, 02 дугаар сарын цаг уурын тойм, төлбөр төлсөн баримт (хх-98-103), Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай албан бичиг (хх-104), Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02/60 дугаартай албан бичиг (хх-105) зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

5.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х йн хүсэлтээр М.Н ыг гэрчээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х ийн хүсэлтээр У.Т , Ц.Д нарыг гэрчээр асуусан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Э .Ц ийн  нэхэмжлэлээс 105,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, 45,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Э.Ц  нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Э.Ц  нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэн Г. Б тай Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь заалтад нийцүүлээд “Ногоон тэжээл худалдаж, борлуулж өгөх гэрээ” байгуулсан. Гэрээний зорилго нь Э.Ц  70,000,000 төгрөгийг Г. Б дөгөх, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Г. Б нь 100,000,000 төгрөг болгож Э.Ц д буцааж өгөх, хэрэв гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон. ...Талуудын байгуулсан гэрээ нь “Ногоон тэжээл худалдаж борлуулж өгөх гэрээ” нэртэй боловч агуулгын хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцсэн. Гэрээний 2.1, 2.2 дахь заалтууд нь Г. Б нь 1 боодол нь 7000 төгрөгөөр үнэлэгдэх 10,000 боодол ногоон тэжээлийг 70,000,000 төгрөгөөр худалдан борлуулж буй мэт боловч Г. Б өөрт хэрэгтэй 70,000,000 төгрөгийг авч, ногоон тэжээл Э .Ц ийн  өмчлөлд ирэхгүй, харин 1 боодол ногоон тэжээлийн үнэ ханш өсөх үед Г. Б нь 10,000 боодол тэжээлийг нэг бүрийг 10,000 төгрөгөөр борлуулж, 100,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор буцаан өгөх үүрэг хүлээсэн. Г. Б нь гэрээний 2.1, 2.2-т заасны дагуу гэрээгээр тохирсон хугацаа болох үед 100,000,000 төгрөг өгөх үүргээ биелүүлээгүй.

Гэрээний 3.8-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө” гэж заасан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар Г. Б аас 50,000,000 төгрөгийн алданги шаардаж байна.

Иймд Г. Б аас 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний дагуу 150,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. (хх-1-3)

3.Хариуцагч Г. Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Э.Ц  нь Г.Базарбатыг газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг талаар мэдээд ногоон тэжээлийг хямд үед худалдан аваад, үнэ хүргэж зарах зорилгоор ногоон тэжээл худалдан авах санал тавьсан. 1 боодол ногоон тэжээлийг 7,000 төгрөгөөр тооцож, 10,000 боодлыг нэхэмжлэгч Э.Ц д амаар тохиролцож худалдсан. Гэхдээ тухайн ногоон тэжээлийг Э.Ц  хүлээж аваагүй. Харин Э.Ц  нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний дотор ногоон тэжээлийн үнэ өссөн үед худалдан борлуулж ашиг олох зорилготой байсан ба ногоон тэжээлийн үнэ өсөх цаг хугацаанд Г.Б ыг 10,000 төгрөгөөр худалдан борлуулж өгөхийг хүссэний дагуу ногоон тэжээлийн хадгалалт хамгаалалтыг хариуцан хадгалж байсан. Энэхүү тохиролцоог Э .Ц ийн  хүссэний дагуу бичгээр баталгаажуулж ногоон тэжээл худалдах худалдан авах гэрээ байгуулах гэсэн боловч Э.Ц  нь эргээд чи зарж өгөх юм чинь ногоон тэжээл худалдан борлуулах гэрээ байгуулъя гэсэн саналыг үндэслэн дээрх гэрээг байгуулсан болно. Улмаар 2022 оны 01 дүгээр сард ногоон тэжээлийн үнэ төлөвлөж байсан 10,000 төгрөгийн үнэд хүрэлгүй зах зээлийн үнэлгээ буурч 3,000 төгрөгийн ханштай болсон. Энэ байдал нь эрх бүхий байгууллагын тодорхойлолтоос харагдана. Ингээд хавар нь ногоон тэжээлийн үнэ өсөөгүй.

Ногоон тэжээлийг тухайн үед худалдан борлуулаагүй алдагдал хүлээсэн учир Э.Ц  Г. Б тай уулзаж дээрх алдагдлыг хэрхэн яаж арилгах талаар санал солилцоход Э.Ц  нь "...рапс тарья чи зардлыг нь гаргачих ямар нэг эрсдэл гарвал би өөрөө хариуцъя..." гэх саналыг тавьсан... Тарьсан рапс нь боломжийн хэмжээнд ургасан бөгөөд тариалалтын явцад Э.Ц  нь рапс тарих үйл ажиллагаатай тухай бүр танилцаж, өөрөө хурааж авсан. Э .Ц ийн  тарьсан рапсыг зарж борлуулалгүй хадгалсаар байгаа. Нэхэмжлэгч тал рапсыг зарж борлуулж үндсэн төлбөрөө гарган авах боломжтой. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн яриад байгаа зээлийн гэрээ болон хүү, алдангийн талаар асуудал яригдаагүй. Бодит байдал дээр Иргэний хуульд зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага байдаг. Тэгэхээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5-д заасан гэрээг төсөөтэй ашиглах нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Э.Ц  болон Г. Б нарын хооронд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгчийн хувьд ногоон тэжээл худалдан авахын тулд 70,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ төлбөр дээр хариуцагч маргахгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас 70,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: нэхэмжлэл (хх-1-3), Ногоон тэжээл худалдаж борлуулж өгөх гэрээ (хх-5-6), М.Н ын Х ХХК дахь ...  дугаартай дансны хуулга (хх-8), хариуцагчийн хариу тайлбар (хх-26-27), Э.Ц , М.Н  нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-38-39, 56), 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 22/05 дугаартай Түрээсийн гэрээ, төлбөр төлсөн баримт (хх-57-59), Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээ (хх-60-61), Г. Б ын ХААН банк” ХХК дахь    .. дугаартай дансны хуулга (хх-62-71), 2021 оны ногоон тэжээлийн зураг (хх-72-73), Төв аймаг, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/38 дугаар албан бичиг, Төв аймгийн 2021-2022 оны өвлийн улирал 12, 01, 02 дугаар сарын цаг уурын тойм, төлбөр төлсөн баримт  (хх-98-103), Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай албан тоот (хх-104), Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02/60 дугаартай албан тоот (хх-105) зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.

6.Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Ц  нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэлээр Б.Хэрлэнчимэгт 3 жилийн хугацаатайгаар, хариуцагч Г. Б нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр Э .Х д 1 жилийн хугацаатайгаар тус тус олгосон байна. (хх-7, 15)

7.Нэхэмжлэгч Э.Ц  нь хариуцагч Г. Б тай байгуулсан гэрээгээр: “1 боодол ногоон тэжээлийг 7,000 төгрөгөөр худалдан авч, хавар буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэг бүрийг нь 10,000 төгрөгөөр борлуулж, мөнгийг 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дотор өгөхөөр, 10,000 боодол ногоон тэжээлийн болох 70,000,000 төгрөгийг Г. Б дөгсөн бөгөөд ногоон тэжээлийг зарж борлуулан мөнгийг гаргаж өгөх үүргийг Г. Б хүлээхээр” харилцан тохиролцсон байна. (хх-5)

7.1.Дээрх тохиролцооны дагуу Э.Ц  нь 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр эхнэр М.Насанжаргалын данснаас “Ц  ногоон тэжээлийн үнэ 88077677” гэсэн гүйлгээний утгатайгаар 70,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Ногоон тэжээл худалдаж борлуулж өгөх гэрээ” нэртэй гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлсэн байна.

7.2.Хариуцагч Г.Б ыг ногоон тэжээл тарьж байгааг Э.Ц  мэдсэн, дээрх тохиролцооны дагуу гуравдагч этгээдээс ногоон тэжээлийг худалдаж аваагүй, харин Г. Б ын тарьсан ногоон тэжээлээс намар 10,000 ширхэгийг нэг бүрийг нь 7,000 төгрөгөөр авахаар, Э.Ц  нь мөнгийг нь төлсөн ногоон тэжээлээ өөрөө тээвэрлэж, борлуулах бус, харин тодорхой хугацааны дараа хариуцагч Г. Б нэг бүрийг нь 10,000 төгрөгөөр зарж борлуулан, мөнгийг өгөх үүрэг хүлээснээр нэхэмжлэгч 30,000,000 төгрөгийн ашиг олохоор тооцсон байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

7.3.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар гэрээг чөлөөтэй, сайн дурын үндсэн дээр байгуулсан, энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй болно.

7.4.Дээрх үйл баримтаас дүгнэхэд, хариуцагч Г. Б нь нэхэмжлэгч Э.Ц эс 70,000,000 төгрөгийг хүлээн авснаар өөрийн тарьж, намар хураах ногоон тэжээлээс 10,000 боодлыг нэхэмжлэгч Э .Ц ийн  захиран зарцуулах эрхэд шилжүүлсэн байна.

Харин нэхэмжлэгч Э.Ц  нь анхны тохиролцоо ёсоор худалдан авсан ногоон тэжээлийг газар дээр нь байлгаж, өвөл үнэд орохоор нь Г.Базарбатаар бусдад зарж борлуулуулан, ашиг олох байжээ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ногоон тэжээлийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байх бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх нэхэмжлэгч талын тайлбар нотлогдон тогтоогдохгүй байна.

7.5.Хариуцагч Г. Б нь 70,000,000 төгрөгийг Э.Ц ээс эхнэрийнх нь дансаар дамжуулан авсанд маргаагүй бөгөөд 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид

буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт шүүх дүгнэлт хийхгүй.

8.Талуудын маргаан нь худалдан авсан ногоон тэжээлийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1 боодлыг нь 10,000 төгрөгөөр борлуулж мөнгийг 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дотор Э.Ц д өгөхөөр хүлээсэн үүргээ хариуцагч Г. Б биелүүлээгүйтэй холбоотой үүссэн байна. (хх-7, 15)

8.1. 30,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

8.1.1.”Ногоон тэжээл худалдан борлуулах” гэж гэрээг нэрлэсэн боловч Э.Ц  ногоон тэжээл хүлээн аваагүй, 70,000,000 төгрөгийг 100,000,000 төгрөг болгож өсгөхөөр буюу гэрээний хугацаа, хүү, алдангийг тохиролцсон учир талуудын хооронд  зээлийн гэрээний харилцаа үүссэн үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т зааснаар зээлийн хүүд 30,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан.

8.1.2.Талуудын хооронд зээлийн гэрээ хийгдээгүй, нэхэмжлэгч худалдаж авсан ногоон тэжээлээ 3,000 төгрөгөөр зарахыг зөвшөөрөөгүйгээс болж ногоон тэжээл муудсан, алдагдал хүлээсэн. Хүлээсэн алдагдлаа нөхөхийн тулд 2022 онд рапс тарихаар амаар тохиролцож, үүний дагуу Б ХХК-аас 197,32 га газрыг түрээслэн рапс тарьж, 40 тонн рапс тарсан боловч нэхэмжлэгч зарж борлуулаагүй, одоо ч бэлэн байгаа, рапсаа аваад, эсвэл зараад төлбөрөө барагдуулж болно, гэрээгээр хүү тохироогүй учраас 30,000,000 төгрөгийг төлөхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э .Х нь эс зөвшөөрч маргаж байна. 

8.1.3.Нэхэмжлэгч Э .Ц ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг “70,000,000 төгрөгөө буцаан авч чадаагүй тул мөнгөө гаргаж авахын тулд 2022 онд рапс тарихад нь тусалж, мөнгө зээлдүүлсэн, талуудын хооронд 2021 онд байгуулагдсан гэрээнд өөрчлөлт оруулаагүй, үүргийг өөр үүргээр солихоор тохироогүй, 2022 онд Г. Б дзээлдүүлсэн 9,000,000 төгрөгтөө 996 ширхэг ногоон тэжээл тооцож авснаар энэ тооцоо дууссан, энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй” гэж тайлбарлаж байна.

8.1.4.Талуудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээний 6.2-т “талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүсвэл энэ тухай саналаа нөгөө алдаа мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж гарын үсэг зурах бөгөөд энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг болно” гэж зааснаар зохигчдын хооронд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар нотлогдон тогтоогдохгүй байна. Иймд 2021 оны гэрээний алдагдлыг нөхөхийн тулд 2022 онд рапс тарихаар харилцан тохиролцож, зардал мөнгө гаргасан, зарим зардлыг нэхэмжлэгч гаргасан, өөрөө ирж тусалсан, рапс хураалтад оролцсон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн тайлбар, хэрэгт авагдсан 2022 оны рапс тариалалттай холбогдох нотлох баримтууд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

8.1.5.Талуудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгчийн нэг бүрийг нь 7,000 төгрөгөөр тооцон үнийг нь төлсөн ногоон тэжээлийг газар дээр нь буюу хариуцагч Г. Б ын талбайд үлдээхээр, өвөл буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хариуцагч Г. Б нь 10,000 боодол ногоон тэжээлийг нэг бүрийг нь 10,000 төгрөгөөр борлуулж, мөнгийг Э.Цогтгэрэлд өгөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1-д “Хөрөнгө итгэмжлэх гэрээгээр итгэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө буюу эрхийг итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх, итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг хүлээн авч итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн захиран зарцуулах үүрэг тус тус хүлээнэ” гэж заасан хуулийн зохицуулалт, шаардлагад нийцсэн байна.

8.1.6.Хөрөнгө итгэмжлэх гэрээг бичгээр хийх бөгөөд итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс, итгэмжлэгчийн зардал, эрсдэлээр захиран зарцуулах үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс 70,000,000 төгрөгийг үнэ бүхий ногоон тэжээлийг цаашид ашиглах боломжгүй болсон ба энэ талаар талууд маргаагүй, хариуцагч тал 70,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болно.

8.1.7.Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.6-д “Итгэмжилсэн хөрөнгөөс олсон орлого, үр шимийг итгэмжлэгч өмчилнө” гэж зааснаар хариуцагч Г. Б нь Э .Ц ийн  хариуцуулсан 70,000,000 төгрөгийн үнэ бүхий ногоон тэжээлийг зарж борлуулснаар нэхэмжлэгч Э.Ц  30,000,000 төгрөгийг үр шимийг хүртэхээр тохиролцоо хийгдсэн.

Талууд ногоон тэжээлийн үнэ өсөх, буурах тухай урьдчилан тохиролцоогүй байна.

8.1.8.Гэвч, тохирсон хугацааны дараа буюу 2021-2022 оны өвөл өнтэй болж, ногоон тэжээлийн үнэ өсөх биш, 3,000 төгрөг болж буурсан учир нэхэмжлэгч Э.Ц д хэлэхэд зарахыг зөвшөөрөөгүй гэж тайлбарлан, “Төв аймгийн нийт нутгийн 2021-2022 оны өвлийн улирал, 2022 оны хаврын улирлын цаг уурын тойм мэдээ” хавсаргасан Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/38 дугаартай албан бичиг, “Цээл сумын иргэн Ганбатын Базарбат 500га-д тэжээлийн ургамал тариалж 1600тн ургац хураан авсан. Аймгийн бүх сумдын нутгаар 2021-2022 онд өвөлжилт дулаахан өнтэй байсан учир таримал тэжээлийн үнэ өөрийн өртөгөөсөө хямд байсан нь үнэн болно” гэх Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай албан бичиг, “Тус суманд 2021-2022 онд шилжих өвөл олон жилийн дунджаас дулаан байсан тул өвс, ногоон тэжээлийн үнэ 1000-3000 төгрөгийн үнэтэй байсан болохыг тодорхойлов” гэх Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02/60 дугаартай албан бичгийг татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч тал тухайн нотлох баримтыг няцаагаагүй, энэ талаар маргаагүй болно. (хх-98-102, 104-105)

Нэхэмжлэгч Э.Ц  30,000,000 төгрөгийн үр шимийг хүртэх бодит боломжгүй нөхцөл байдал талуудын хүсэл зоригоос үл шалтгаалан бий болсон, хариуцагч Г. Б нь ногоон тэжээлийг зарж борлуулаагүйгээс цаашид ашиглах боломжгүй болсон болох нь нотлогдон тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүү авахаар тохиролцоогүй бөгөөд үр шим буюу ногоон тэжээлийн үнийг 30,000,000 төгрөгөөр өсгөж зарж борлуулахаар тохиролцсон болох нь нотлогдож байх учир нэхэмжлэгч Э.Ц  нь хариуцагч Г. Б аас 30,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Иймд тул гэрээгээр тохиролцсон хүүд 30,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

8.2.Алдангид 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

8.2.1.Талуудын хооронд байгуулагдсан “Ногоон тэжээл худалдаж борлуулж өгөх гэрээ”-ний 3.8-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна. Анзын гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.5-д заасан шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч Э.Ц  нь хариуцагч Г. Б аас тохиролцсон хэмжээгээр алданги шаардах эрхтэй байна.

8.2.2.Гэрээгээр тохиролцсон хугацаа буюу 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн дотор “1 боодол ногоон тэжээлийг 10,000 төгрөгөөр” зарж борлуулж мөнгийг өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч Г. Б зөрчсөнөөс хойш 428 хоногийн хугацаа өнгөрсөн байна.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар төлөх үүрэг үүссэн гэж дүгнэлээ.

8.2.3.Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо шилжүүлэн өгсөн мөнгө 70,000,000 төгрөг, хүү 30,000,000 төгрөг, нийт гүйцэтгээгүй үүрэг нь 100,000,000 төгрөг гэж тооцон, алдангид 50,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагчид 30,000,000 төгрөгийг төлөх үүрэг үүсээгүй учир гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн 70,000,000 төгрөгөөс тооцон, 35,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

9.Шүүх, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 406 дугаар зүйлийн 406.1, 406.6, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Г. Б аас 105,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ц д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас 682,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 406 дугаар зүйлийн 406.1, 406.6, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Г. Б аас 105,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ц д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Э .Ц ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Г. Б аас 682,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ц д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.МӨНХБҮРЭН