Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2023/00028

 

 

 

 

 

 

 

2023            6             08                                                  223/МА2023/00028

 

 

Э.Цийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2023/00304 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э. Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б-д холбогдох,

150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э.Цийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...хариуцагч Г.Бад зээлдүүлсэн 70,000,000 төгрөг, хүү 30,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг нийт 150,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Э.Ц, хариуцагч Г.Б нар  Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5-д заасан заалтад нийцүүлэн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Ногоон тэжээл худалдаж, борлуулж өгөх тухай “ гэрээ байгуулсан.

Гэрээний зорилго нь Э.Ц 70,000,000 төгрөгийг Г.Бад өгөх, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Г.Б 100,000,000 төгрөг болгож Э.Цд буцааж өгөх, хэрэв гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги тооцохоор тохирсон.

Тодруулбал, хариуцагч Г.Б нь ногоон тэжээл хямд үед 1 боодлыг 7,000 төгрөгөөр тооцож 10,000 боодол ногоон тэжээлийн үнэ 70,000,000 төгрөгийг аваад, хавар ногоон тэжээл үнэд орох үед 1 боодол ногоон тэжээлийг 10,000 төгрөгөөр тооцож борлуулаад, 100,000,000 төгрөг буцааж өгөх байсан.

Ингээд хариуцагч Г.Бтай гэрээ байгуулаад 70,000,000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөгийн хүү тооцож өгөхөөр болсон.

Талуудын байгуулсан гэрээ нь Ногоон тэжээл худалдаж, борлуулж өгөх тухай боловч агуулгын хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан заалттай нийцэж байгаа.

Гэрээний 2.1, 2.2 дахь заалтууд нь Г.Б 1 боодол нь 7,000 төгрөгөөр үнэлэгдэх 10,000 ширхэг боодол тэжээлийг 70,000,000 төгрөгөөр худалдан борлуулж буй мэт боловч өөрт хэрэгтэй байсан 70,000,000 төгрөгийг авах, ногоон тэжээл Э.Цийн өмчлөлд ирэхгүй, харин ногоон тэжээлийн үнэ өсөх үед Г.Б 1 боодлыг 10,000 төгрөгөөр худалдаж, 10,000 боодол тэжээлийн үнэ 100,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгөх үүрэг хүлээсэн.

Г.Б нь гэрээний 2.1, 2.2-т заасны дагуу гэрээгээр тохирсон хугацаа болох үед 100,000,000 төгрөг буцааж өгөх үүргээ биелүүлээгүй. Э.Ц нь 70,000,000 төгрөгөө буцаан авч чадаагүй тул 2022 оны 2 сараас хойш зээлдүүлсэн мөнгөө буцаан авах боломжийг бүх талаар эрэлхийлж, өөрийн боломжоор Г.Бад тусалж, хэлсэн саналыг нь зөвшөөрч, ногоон тэжээл хураалтад нь хүртэл чадахаараа тусалж хугацаа олгосон.

Гэрээний 3.8-д “...гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж тохиролцсон.

2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 10 гаруй сарын хугацаа өнгөрсөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алданги тооцоход 50,000,000 төгрөг болж байна. Иймд хариуцагч Г.Баас нийт 150,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Харин талуудын 2021 онд байгуулагдсан гэрээнд өөрчлөлт оруулаагүй, үүргийг өөр үүргээр солихоор тохиролцоогүй. Мөн 2022 онд Г.Бад зээлдүүлсэн 9,000,000 төгрөгт 996 ширхэг ногоон тэжээл тооцож авсан болохоос рапс тарьж хамтран ажиллах талаар тохирсон зүйл байхгүй” гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хгийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Э.Ц нь Г.Быг газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг талаар мэдээд, ногоон тэжээлийг хямд үед худалдан аваад, үнэ хүрэх үед нь зарж ашиг олох зорилгоор санал тавьсан. Ингээд 1 боодлыг 7,000 төгрөгөөр тооцож, 10,000 боодол ногоон тэжээлийг зарахаар нэхэмжлэгч Э.Цтэй тохиролцсон.

Э.Ц  2022 оны 02 сарын 01-ний өдрийн дотор буюу ногоон тэжээлийн үнэ өссөж 10,000 төгрөг болох үед худалдаж өгөхийг Г.Баас хүссэн тул хадгалалт, хамгаалалтыг хариуцан хадгалж өгсөн. Гэрээг нэхэмжлэгч Э.Цийн хүссэний дагуу байгуулсан.

Харин 2022 оны 01 дүгээр сард ногоон тэжээлийн үнэ төлөвлөж байсан 10,000 төгрөгт хүрээгүй ба зах зээлийн үнэлгээ буурч 3,000 төгрөгийн ханштай болсон.

 Энэ талаар Э.Цд утсаар мэдэгдэж, алдагдалтай ч гэсэн ногоон тэжээлийг худалдан борлуулахгүй бол цаашид үнэ улам унах шинжтэй байгааг хэлсэн.

Э.Ц алдагдал хүлээж зарахаас татгалзаж, дахин хүлээсэн боловч ногоон тэжээлийн үнэ өсөлгүй байсаар хавар, зун болж алдагдал хүлээсэн. Ингээд Э.Ц “...рапс тарья чи зардлыг нь гаргачих, ямар нэгэн эрсдэл гарвал би өөрөө хариуцъя...” гэсэн санал тавьсан.

Г.Б рапс тарих нь эрсдэлтэй ногоон тэжээл тарих саналыг Э.Цд тавьсан боловч paпс нь илүү ашигтай худалдан авагч бэлэн байгаа гэсэн учир хүлээн зөвшөөрч 2022 оны 6 сард тариалалт хийсэн.

Дээрх тохиролцооны дагуу Төв аймгийн Цээл сумын нутаг Нүдэнгийн даваанд байрлах “Бугын ам” ХХК-ийн эзэмшлийн 197.32 га тариалангийн талбайг түрээслэн 2022 оны 6 сард тариалалт хийсэн.

Э.Ц рапс тарих үйл ажиллагаатай тухай бүр танилцаж байсан.  Рапс боломжийн хэмжээнд ургасан ба 40 орчим тонныг хурааж авсан. Мөн Г.Бын “ХААН банк” ХХК-ийн данс руу рапс тарихад гарсан зардлыг шилжүүлсэн.

2022 оны намар 10 сарын үед тонн paпс 2,000,000 орчим төгрөгийн үнэлгээтэй байсан боловч Хятад иргэдийг хүлээхээр үнэ хүргэж зарна гээд зараагүй.

Гэтэл Э.Ц хадгалаастай байгаа рапсаа авахгүй 2022 оны 12 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь рапсын зах зээлийн үнэлгээ унасантай холбоотой. Бидний дунд зээлийн гэрээ байгуулагдаагүй.

Э.Ц ногоон тэжээл худалдан авахын тулд 70,000,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Иймд нэхэмжлэлээс 70,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 406 дугаар зүйлийн 406.1, 406.6, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Г.Баас 105,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Цийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Г.Баас 682,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Цд олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...1.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ногоон тэжээлийг худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь:

 Э.Ц Г. Б нарын байгуулсан 2021 оны 7 сарын 09-ний өдрийн гэрээний зүйл нь 70,000,000 төгрөг бөгөөд Э.Ц 70,000,000 төгрөг Г.Бад шилжүүлэх, Г.Б нь шилжүүлэн авсан мөнгийг тодорхой хугацааны дараа буцааж өгөх ийнхүү буцааж өгөхдөө хэлэлцэн тохирсны дагуу 30,000,000 төгрөгийг нэмж өгөхөөр гэрээ байгуулж байгаа нь Иргэний хуулийн 281.1, 282.1-д заасантай илүү нийцнэ гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

Хэдийгээр гэрээний нэр “Ногоон тэжээл худалдаж борлуулж өгөх” гэж байгаа ч шүүх гэрээний нэрэнд хөтлөгдөхгүйгээр талуудын хооронд бодитоор үүссэн харилцааг хууль зүйн талаас зөв тодорхойлох ёстой. Гэвч шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй учир нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Тухайлбал, Э.Ц Г.Б нарын байгуулсан 2021 оны 7 сарын 09-ний өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. 406 дугаар зүйлд заасан Худалдах худалдан авах гэрээ, Хөрөнгө итгэмжлэх гэрээ биш болох нь дараах үндэслэлээр нотлогдоно.

1.Гэрээ байгуулсны дараа Г.Б нь Э.Цийн өмчлөлд төрлийн шинжээр тоологдох эд зүйл шилжүүлээгүй. Худалдах худалдан авах гэрээний гол шинж болох худалдагч тал эд хөрөнгийн доголдолгүй эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагч талын өмчлөлд шилжүүлж, худалдан авагч тал уг эд хөрөнгийг хүлээн авч үнийг төлөх харилцаа талуудын хооронд үүсээгүй.

Өөрөөр хэлбэл, Э.Ц мөнгө шилжүүлээд буцааж авахдаа 30,000,000 төгрөгөөр өсгөж авахаар Г.Бтай тохиролцсон. Худалдагч талд төлсөн мөнгөө буцааж авдаг авахдаа өсгөж авдаг худалдах, худалдан авах гэрээ гэж байхгүй.

Гэрээг хугацаатай байгуулсан. Худалдах худалдан авах гэрээний харилцаанд хугацааны талаарх ойлголт байхгүй. Худалдах худалдан авах гэрээнд худалдан авагч тал үнийг төлж, эд хөрөнгийн хүлээж авснаар эрсдэл ба үр шим худалдан авагч талд шилжиж гэрээ дуусгавар болдог. Гэтэл гэрээнд тодорхой хугацааны дараа буюу 2022 оны 02 сарын 12-ны дотор үүрэг гүйцэтгэх талаар заасан байгаа нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй болохыг нотолж байна. Э.Ц, Г.Баас ногоон тэжээл худалдаж аваагүй, ногоон тэжээлийг хүлээж аваагүй, Г.Бад хадгалуулъя ч гэж тохироогүй.

Шийдвэрийн 8 дугаар хуудасны 8.1.5-д “...үнийг нь төлсөн ногоон тэжээлийг Г.Бын талбайд үлдээхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1-д заасан Хөрөнгө итгэмжлэх гэрээ байгуулсан" гэжээ. Гэрээнд ногоон тэжээлийг Г.Бын талбайд үлдээхээр тохирсон талаар огт байхгүй. Шүүх ийнхүү гэрээнд байхгүй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарласан. Ногоон тэжээл үлдээх, хадгалуулах гэх мэт хүсэлт зориг илэрхийлсэн үг үсэг гэрээнд байхгүй. Хэрэв хөрөнгө итгэмжлэх гэрээний харилцаа байсан бол Э.Ц буюу нэхэмжлэгч уг ногоон тэжээлийн өмчлөгч байх байсан. Гэтэл анхнаасаа шилжүүлж аваагүй хөрөнгөд өмчлөх эрх үүсэхгүй нь ойлгомжтой. Өмчлөгч болоогүй учир хөрөнгөө итгэмжлэх харилцаа талуудын хооронд үүсэх боломжгүй.

Шийдвэрийн 8.1.7-д “...70,000,000 төгрөгийн үнэ бүхий ногоон тэжээлийг зарж 30,000,000 төгрөгийн үр шимийг хүртэхээр тохиролцоо хийгдсэн. Талууд ногоон тэжээлийн үнэ буурах тухай урьдчилан тохиролцоогүй байна" гэж шүүгч зөв дүгнэлт хийсэн атлаа шийдвэрийн 8.1.8 дахь хэсэгт “...30,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байна” гэж дүгнэхдээ хууль хэрэглээгүй байна.

 Шүүх шаардах эрхийн талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа бол хууль зүйн хувьд үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл зөрчилтэй дүгнэлт хийж хууль хэрэглэхгүйгээр 30,00,000 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж байгааг буруу гэж үзэж байна.

Шүүх Иргэний хуулийн 232.4-т зааснаар алданги гаргуулж шийдэж байгаа атлаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 70,000,000 төгрөг гэж 30,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэг үүсээгүй гэж дүгнэхдээ мөн адил хууль баримтлаагүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал гэрээнд зааснаар нөгөө талд төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж тодорхойлсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг нь 2.1-т зааснаар Г.Б 10,000 ногоон тэжээлийг 10,000 төгрөгөөр зарж нийт 100,000,000 төгрөгийг Э.Цд буцааж өгөхөөр тохиролцсон. Алданги гаргуулахдаа гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг гэрээнд зааснаар 100,000,000 төгрөг гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

2.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Шийдвэрийн 8.1.7 дахь хэсэгт "...Талууд ногоон тэжээлийн үнэ буурах тухай урьдчилан тохиролцоогүй байна гэж дүгнэсэн атлаа 8.1.8 гэсэн хэсэгт "...өвөл, хаврын улирлын цаг уур орчны шинжилгээний төвийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/38 тоот албан бичиг, Төв аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай албан бичиг, Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02/60 дугаартай албан бичгийг хариуцагч тал татгалзлын үндэслэл болгосон ба үүнийг нэхэмжлэгч тал няцаагаагүй, маргаагүй. Нэхэмжлэгч 30,000,000 төгрөгийн үр шимийг хүртэх боломжгүй...болсон болох нь нотлогдон тогтоогдож байна" гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлээгүй байна. Гэрээнд үнэ буурах, цаг агаар муудах зэрэг эрсдэлийг хуваарилсан зохицуулалт байхгүй. 70,000,000 төгрөг шилжүүлж 100,000,000 төгрөг болгож буцааж авах ганцхан тодорхой зүйлийн талаар тохирсон. Хариуцагч талыг 30,000,000 төгрөгийн үүргээс чөлөөлөх хангалттай тодорхой баримт гэж дээрх албан бичгүүдийг үнэлэх ямар ч боломжгүй.

Төв аймгийн нийт нутгийн өвөл хаврын улирлын мэдээ гэрээний үүрэгтэй хэрхэн уялдаж байгаа нь тодорхойгүй. Г.Б 500 га-гаас 1600 тн ургац хурааж авсан гэх баримт хариуцагчийг үүргээс чөлөөлөх харилцаанд ямар хамааралтай болох нь ойлгомжгүй байхад шүүх хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хэрэгт хамааралгүй баримтын талаар нэхэмжлэгч тал мэтгэлцээгүй нь шүүгч нэхэмжлэгч талыг маргаагүй гэж үзэх улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хасаж шийдвэрлэх үндэслэл болох учиргүй.

ИХШХШ тухай хуулийн 38.1-д зааснаар хариуцагч тал өөрийн татгалзлын үндэслэл болгож байгаа нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл шүүх хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй, татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байхад шийдвэрийн 8.1.8-д “...тохирсон хугацааны дараа ногоон тэжээлийн үнэ өсөх биш буурсан учир нэхэмжлэгч Э.Цд хэлэхэд зарахыг зөвшөөрөөгүй гэж тайлбарласан” гэж дүгнэжээ. Зарахыг зөвшөөрөөгүй гэх баримт хэрэгт байхгүй, зарахдаа зөвшөөрөл авах талаар заалт гэрээнд байхгүй. Шүүх хариуцагч талын татгалзлыг хүлээж авахдаа нотлох баримтад үндэслэж шийдвэрлээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Гэрээний 6.2-т "талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсвэл энэ тухай саналаа нөгөө талдаа мэдэгдэж харилцан тохиролцсоны дагуу нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж гарын үсэг зурах бөгөөд энэ нь гэрээний салшгүй хэсэг болно" гэж заасан. Шийдвэрийн 8.1.4-т “...талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар нотлох баримт байхгүй, талуудын тайлбараар нотлогдон тогтоогдохгүй байна" гэж бичсэн. Гэвч үнэ өөрчлөгдөж хямдарсан учир, цаг агаар өнөтэй байсан учир 30,000,000 төгрөгийн үр шимийг Э.Ц хүртэх боломжгүй нөхцөл байдал бий болжээ гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл,нөхцөл байдал өөрчлөгдсөн үед нэмэлт өөрчлөлт хийж гэрээндээ хавсаргана гэж талууд тохирсон боловч Г.Б энэ эрхээ хэрэгжүүлж нөхцөл байдал өөрчлөгдсөн учир нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулъя гэж санал гаргаагүй, талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа тул өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг талуудын гаргасан тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон ч шүүхийн шийдвэр гаргахдаа хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд хохиролтойгоор шийдвэр гаргасан. Тодруулбал хариуцагч тал нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 70,000,000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй. Харин хугацаа хэтрүүлсэн алданги 50,000,000 төгрөг болон гэрээний зүйлийн үр шим 30,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Анхан шатны шүүх хариуцагчийг гэрээнд заасан үр шимийг төлөх үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн атлаа хугацаа хэтрүүлсэн алдангийг хуульд заасан дээд хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Ирээдүйд ногоон тэжээлийн үнэ өсөх буурахыг хэн аль нь мэдээгүй байсан ба ногоон тэжээл худалдан борлуулах гэрээгээр тохиролцсон хугацаа болоход ногоон тэжээлийн үнэ өсөх бус буурсан нь нэхэмжлэгч талд хохиролтой байдал үүсгэсэн.

Тухайн хохирлыг харилцан зөвшилцөж нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран 2022 онд рапс буюу тосны ургамал тариалахад хариуцагчаас 100 гаруй сая төгрөгийн бодит зардал гаргасан. Тариалалт хийсэн ч нэхэмжлэгч тал тухайн тариалалтын үр шим өөрт нь ашиггүй гэж тооцоолон шүүхэд хандан шилжүүлсэн мөнгөө нэхэмжилсэн.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч тал 2 жил үргэлжилсэн харилцаанд оролцож явсныг нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан. Нэхэмжлэгч нь хэдийгээр хариуцагч руу 70,000,000 төгрөг шилжүүлсэн ч түүний хүсэл зориг ашиг олж 70,000,000 төгрөгөө өсгөх  байсан. Харин алдагдал хүлээх болсон болохоор харилцаанаас татгалзаж, гэрээгээр тохиролцоогүй хүү, алданги шаардаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг авсан нь үнэн. Гэхдээ өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулж ургуулсан ногоон тэжээлээ худалдсан.

 Мөн зохигч хамтран рапс тариалж 40 гаруй тонныг хураан авч нэхэмжлэгчид учирсан алдагдлыг нөхөх санаа зорилготой байсан ч нэхэмжлэгч тухайн ургацаа худалдан борлуулж мөнгийг гарган авахаас татгалзсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан хугацаа хэтрүүлсэн 428 хоног дээрх байдлаар үйл явдал өрнөж өнөөдрийг хүргэсэн болно. Хариуцагч хэрэв гэрээнд заасан хугацааг өөрийн буруутай үйлдлийн улмаас хэтрүүлсэн бол алдангийг төлөх нь зүйтэй.

 Гэтэл нэхэмжлэгчтэй удаа дараа хамтран үйл ажиллагаа явуулж ашиг олох хүсэл зорилгод нь туслалцаа үзүүлж явсны эцэст гэрээний хариуцлага хүлээж байгаад гомдолтой  байна. Харин хамтран ажиллаж байсан тул хэн аль нь адил хэмжээгээр хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцэн. Иймд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд бодит байдалд үнэн зөв дүгнэлт хийж, хариуцагчаас 35.000.000 төгрөгийн алданги гаргуулах хэсгийн 50 хувь буюу 17.500.000 төгрөгийн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч маргааны үйл баримтыг тогтоож, үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад дараах дүгнэлтийг хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Э.Ц нь “...хариуцагч Г.Бтай 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Ногоон тэжээл худалдаж, борлуулж өгөх тухай” гэрээ байгуулсан. Гэрээнд ногоон тэжээлийн 1 боодлыг 7,000 төгрөгөөр худалдан авч, хавар буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1 боодол ногоон тэжээлийг 10,000 төгрөгөөр борлуулж мөнгийг нь өгөх гэж бичсэн. Гэхдээ гэрээний зорилго нь худалдах худалдан авах гэрээ биш зээлийн гэрээ байсан. Учир нь хариуцагч тал 70,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дотор буцааж өгөх, хүүг 30,000,000 төгрөгөөр тооцох, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх тохиролцоо байсан. Харин Г.Бын хүлээсэн үүргийг өөр үүргээр сольж, рапс тариулахаар тохирсон зүйл байхгүй. 2022 онд 9,000,000 төгрөг шилжүүлж 996 ширхэг ногоон тэжээл авсан...” гэсэн үндэслэлээр үндсэн зээл 70,000,000 төгрөг, хүү 30,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг нийт 150,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Г.Б нь “...нэхэмжлэгч Э.Цтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Харин миний тарьсан ногоон тэжээлийг үнэ хямд байх үед буюу нэг боодлыг 7,000 төгрөгөөр тооцож 10,000 боодлыг худалдаж авахаар тохирч 70,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1 боодол ногоон тэжээлийг 10,000 төгрөгөөр борлуулж өгөхийг хүссэн. Ингээд 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Ногоон тэжээл худалдах, борлуулж өгөх тухай” гэрээ байгуулсан. Гэтэл ногоон тэжээлийн үнэ буурч нэг боодол нь 3,000 төгрөг болсон. Нэхэмжлэгч Э.Ц үнэ өсөхийг хүлээнэ гээд ногоон тэжээлээ заруулаагүй. Удалгүй зун болж ямар ч үнэгүй болсон тул ногоон тэжээлийг нь бусдад тараачихсан. Э.Ц алдагдлаа нөхөх зорилгоор рапс тариулах санал тавьсан. Би Төв аймгийн Цээл сумын нутаг Нүдэнгийн даваанд байрлах “Бугын ам” ХХК-ийн эзэмшил 197,32 га газрыг түрээслэн рапс тарьсан. Нэхэмжлэгч Э.Ц тариалалтын зардлаас 9,000,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч Э.Ц 40 тонн рапс хурааж авсан. Мөн рапсаа хятад хүмүүст үнэ хүргэж зарна гээд тонн нь 2,000,000 төгрөг байхад зараагүй. Одоо үнэ нь буурч алдагдал хүлээх болсон болохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хүү 30,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцжээ.

Харин хариуцагч Г.Б 70,000,000 төгрөгийг авсан талаар маргаагүй ба буцаан төлөхийг зөвшөөрсөн байна.

3.Зохигчид 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний хүсэл зоригийн талаар маргаж байгаа тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, 198 дугаар зүйлийн 198.1.-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 198.5.-д “Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна” гэж заасны дагуу тайлбарлаж эрх зүйн харилцааг тодорхойлно.

Зохигчид 2021 оны 7  дугаар сарын 09-ний өдөр “Ногоон тэжээл худалдаж, борлуулж өгөх тухай” гэрээ байгуулахдаа ногоон тэжээл худалдан өгч мөнгийг гаргуулан өгөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршин гэж зорилгоо тодорхойлсон.

Гэрээний 2.1.-т “Гэрээний зүйл: Ногоон тэжээл 10,000 боодол 1 боодол 7,000 /Долоон мянган/  төгрөгөөр худалдан авч хавар буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний дотор 1 боодол ногоон тэжээлийг 10,000 /Арван мянган/ төгрөгөөр борлуулж мөнгийг нь өгөхөөр тохиролцов”,

2.2.-т “Гэрээний зүйлийн талаарх бусад мэдээлэл: 10,000 ширхэг боодол ногоон тэжээлийн мөнгө болох 70,000,000 /Далан сая/ төгрөгийг Г.Б өгсөн бөгөөд ногоон тэжээлийг зарж борлуулан мөнгийг гаргаж өгөх үүргийг Г.Б хүлээнэ”,

3.3.-т “Үүргийн гүйцэтгэлийн чанар: Хэрэв чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй”,

4.11.-т “Үүрэг гүйцэтгэгч  хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”,

4.12.-т “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”,

 4.13.-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”,

6.2.-т “Талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүсвэл энэ тухай саналаа нөгөө талдаа мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж гарын үсэг зурах бөгөөд энэхүү гэрээний салшгүй хэсэг болно” гэж гэрээний гол зүйлийг тохиролцон заажээ. /хх-5 тал/

Уг гэрээнээс үзвэл, нутгийн онцлогтой холбоотой үг хэллэг, хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг зэргийг хэрэглээгүй, аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй гэх зүйлгүй байгаа тул дээрх хуульд заасны дагуу гэрээг үгийн шууд утгаар нь ойлгож тайлбарлах нь зүйтэй.

            4.Зээлийн болон худалдах худалдан авах гэрээний аль аль нь хоёр талт, хариу төлбөртэй гэрээ ч дараах шинжээр ялгаатай.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээг бичгээр болон амаар байгуулж болох ч гол нөхцөл нь зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг захиран зарцуулах эрхтэй ч буцаан төлөх үүрэг хүлээнэ. Ингэхдээ хүү, алданги тооцохоор тохиролцож болно. Гэхдээ гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд үндсэн үүргийн хүү, нэмэлт үүрэг болох алданги шаардах эрх үүсэх болно.

            Харин хариуцагч Г.Б 10,000 боодол ногоон тэжээл шилжүүлэн өгөх, нэхэмжлэгч Э.Ц тохирсон үнэ болох 1 боодол нь 7,000 төгрөгийн үнэ бүхий 10,000 ширхэгийн нийт үнэ 70,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Мөн эд хөрөнгийн чанарын талаар "хэрэв чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж тохиролцсон.

            Нэхэмжлэгч Э.Ц 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 70,000,000 төгрөгийг зээл бус ногоон тэжээлийн үнэ гэсэн утгаар хариуцагч Г.Бын  5099030499 тоот дансанд шилжүүлсэн нь маргаагүй үйл баримтаар тогтоогдсон байна.

            Иймд худалдагч тал ямар эд хөрөнгө шилжүүлэх,  худалдан авагч тал тохирсон үнэ төлөх үүргийн талаар тохиролцож хүсэл зоригоо хэн хэн нь илэрхийлсэн байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон гэж үзлээ.

            Мөн нэхэмжлэгч Э.Ц нь 30,000,000 төгрөгийн ашиг олох зорилгоор 1 боодлыг 7,000 төгрөгөөр худалдаж авсан 10,000 боодол ногоон тэжээлийн 1 боодлыг 10,000 төгрөгөөр заруулах,

            Хариуцагч  Г.Б өөрийн зарсан 10,000 боодол ногоон тэжээлийг хөлс авахгүйгээр, нэхэмжлэгч Э.Цийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дотор бусдад худалдах, мөнгийг нэхэмжлэгч Э.Цд шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1.-д заасан хөрөнгө итгэмжлэх гэрээний шинжийг агуулж байна. 

            Иймээс зохигчид нэг гэрээгээр хоёр өөр төрлийн харилцааны талаар тохиролцож холимог гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болов.

            5.Анхан шатны шүүх эхлээд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1.-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хуульд нийцжээ.

            Харин хөрөнгө итгэмжлэх гэрээний үүргийн биелэлт нь худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтээс шалтгаалан үүсч байхад "...Хариуцагч Г.Б нь 70,000,000 төгрөгийг Э.Цээс эхнэрийнх нь дансаар дамжуулан авсанд маргаагүй бөгөөд 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт шүүх дүгнэлт хийхгүй..." гэж үйл баримтад дүгнэлт өгөлгүй орхисон мөртлөө “...Нэхэмжлэгч Э.Ц 30,000,000 төгрөгийн үр шимийг хүртэх боломжгүй нөхцөл байдал талуудын хүсэл зоригоос үл шалтгаалан бий болсон, хариуцагч Г.Б нь ногоон тэжээлийг зарж борлуулаагүйгээс цаашид ашиглах боломжгүй болсон болох нь нотлогдон тогтоогдож байна...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь хэсэгт заасан заалтад нийцэхгүй байна.

 

            6.Давж заалдах шатны шүүх уг үйл баримтад дараах дүгнэлтийг хийлээ.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар нэхэмжлэгч Э.Ц 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу 10,000 боодол ногоон тэжээлийн үнэ 70,000,000 төгрөгийг шилжүүлэхээс гадна худалдан авсан ногоон тэжээлийг хүлээн авах үүрэгтэй.

            Хариуцагч Г.Б ногоон тэжээлийг гэрээ болон хуульд зааснаар шилжүүлж өгөх үүргийг хүлээнэ. Уг үүргээс хамаарч эрсдэл шилжих болно.

            Хариуцагч Г.Б 500 га газарт ногоон тэжээл тарьж, хурааж авснаа нотолж Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/38 дугаартай албан бичиг, “Төв аймгийн нийт нутгийн 2021-2022 оны өвлийн улирал, 2022 оны хаврын улирлын цаг уурын тойм мэдээ”-г хүргүүлсэн хавсралт, Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай албан бичиг “Цээл сумын иргэн Ганбатын Б 500га-д тэжээлийн ургамал тариалж 1600тн ургац хураан авсан. Аймгийн бүх сумдын нутгаар 2021-2022 онд өвөлжилт дулаахан өнтэй байсан учир таримал тэжээлийн үнэ өөрийн өртгөөсөө хямд байсан нь үнэн болно”-ээр, Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02/60 дугаартай албан бичиг “Тус суманд 2021-2022 онд шилжих өвөл олон жилийн дунджаас дулаан байсан тул өвс, ногоон тэжээлийн үнэ 1000-3000 төгрөгийн үнэтэй байсан болохыг тодорхойлов”-ээр, 2021 онд ногоон тэжээл хураасан зураг зэргийг шүүхэд өгсөн байгаа ч нэхэмжлэгч Э.Цд 10,000 ногоон тэжээлийг шилжүүлэн өгсөн гэх үйл баримтыг нотолж чадахгүй байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй.

            Иймд нэхэмжлэгч Э.Ц үүрэг зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж, үүсэх үр дагавар буюу хохирлыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, 227 дугаар зүйлийн 227.1-д "Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй" гэж заасны дагуу хариуцагч Г.Баас шаардах эрх үүссэн гэж үзлээ.

            Харин цуцлагдсан гэрээний үндсэн үүрэг болон алданги 50,000,000 төгрөг, үр шим болох 30,000,000 төгрөгийг давхар шаардахгүй. 

            7.Анхан шатны шүүхийн шийдвэрээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х 30,000,000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Г.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х 17,500,000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан тул давж заалдах шатны шүүх бусад үйл баримтыг диспозитив зарчимд нийцүүлэн маргаагүй үйл баримт гэж үнэлэв.

   Харин нэхэмжлэгч Э.Ц гэрээг цуцалсаны улмаас учирсан хохиролтой холбоотой баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т заасны дагуу цуглуулж шүүхэд гаргаж өгөөгүй тул 17,500,000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн гэж үзэж, хариуцагч Г.Баас 87,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Цд олгож, нэхэмжлэлээс 62,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

            Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхисон тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2023/000304 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 406 дугаар зүйлийн 406.1, 406.6, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Г.Баас 105,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 227 дугаар зүйлийн 227.1., 234 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Баас 87,500,000 наян долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62,500,000 /жаран хоёр сая таван зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “...682,950 төгрөгийг” гэснийг “...595,450 төгрөг” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн талын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 308,000 /гурван зуун найман мянган/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,150 /хоёр зуун дөчин долоон мянга нэг зуун тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

  ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

                                                                                    З.ТҮВШИНТӨГС