Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2021/00982

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Т

Хариуцагч: Б.Д

Хариуцагч:  Ц.Б.

2,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Т ,

хариуцагч Б.Д,

хариуцагч Ц.Б.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т  нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Төв аймгийн Зуунмод суманд байрлах Буянт зоогийн газрыг түрээслэхээр болж 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэг сарын 700,000 төгрөг буюу 3 сарын 2,100,000 төгрөгийг түрээслэгч Б.Д ийн нөхөр Б ын дансанд шилжүүлсэн. Түрээслэгч Б.Д ийн дансанд шилжүүлэх гэтэл төрийн албан хаагч учир дансандаа авахгүй, нөхрийн дансанд хийчих гэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн цайны газраа ажиллуулаад 5 дахь хоног дээр нь Улаанбаатар хотоос ажилдаа ирэх гэтэл цар тахлын үетэй холбоотойгоор Монгол улсад 28 хоногийн хөл хорио тогтоосон. Ингээд 12 дугаар сард хэд хоног ажиллаад, үндсэндээ 10-14 хоног л түрээсийн мөнгө өгөөд ажилласан. Үүнээс хойш 1, 2, 3, 4, 5 дугаар саруудад Улсын онцгой байдлын комиссоос гаргаж буй удаа дараагийн хөл хорионоос болж ажиллаагүй. Төв аймгийн онцгой байдлын комиссын зөвхөн орон нутгийн харьяалалтай иргэдийг PCR шинжилгээгээр нэвтрүүлнэ гээд Улаанбаатарын харьяатай би Төв аймагт ирэх бүрэн боломжгүй болсон. Ингээд 3 дугаар сард ирээд 2-3 хоног нээлттэй байж байгаад Улаанбаатар хот руу буцаад эргээд ирэх гэтэл вакцинжуулалт хийлгээгүй бол Төв аймаг руу нэвтрүүлэхгүй шийдвэр гарсан. Тэгээд 2 дахь тунгаа хийлгэсэн иргэн орон нутаг руу нэвтрэнэ гээд

5 дугаар сарын 22-ны өдөр 2 дахь тунгаа хийлгээд ажиллаж эхэлтэл Б.Д та нарыг хөл хорионд орохыг мэдсэн бол дэлгүүрт түрээслэдэг байж, одоо ер нь дахиж цайны газар ажиллахгүй гэж байна. Та нар гар л гэсэн, бид тэгвэл ажиллаагүй 2 сарынхаа түрээс аваад гарна гэсэн. Б.Д түрээслэгч тэгнээ, гэхдээ одоо та нарт өгөх мөнгө алга, дараагийн хүнд нь түрээслэчихээд араас чинь шилжүүлье гээд 4 сар гаран болж байна. Уг нь Б.Д тай анхны хөл хорионы үед утсаар ярилцаж тохиролцсон түрээсээ өгөөд ажиллаж чадаагүй байхад ингээд хөл хорионд орчихлоо, түрээс мөнгө төлсөн нь юу болох вэ? гэхэд түрээс чинь хойшлогдоод явна, санаа зоволтгүй гэсэн. Гэтэл олон сар түрээсийг чинь буцааж өгнө гээд худал яриад байгаа тул Б.Д аас 2,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч ба хариуцагчийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан шаарлагыг хангаагүй гэрээ тул 318 дугаар зүйлийн 318.4-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ болно. Иймд хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас Ц.Б , Б.Д нарт шилжүүлэн өгсөн 2,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т д олгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Дугармаагаас 2,100,000 төгрөг нэхэмжилсэнийг эс зөвшөөрч тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Буянт зоогийн газар нь манай нөхөр Ц.Б ын эзэмшлийнх бөгөөд тус зоогийн газрыг түрээслэх гэрээ нь иргэн Ц.Б , Б.Т  нарын хоооронд байгуулагдсанаас үзэхэд миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3заасан хариуцагч биш байна.

2.Дээрх зоогийн газрыг манай нөхөр Ц.Б  иргэн Б.Т д  1 жилийн хугацаагаар турээслүүлж эхний 3 сарын түрээсийн төлбөр болох 2,100,000 төгрөгийг авсан бөгөөд түрээслүүлэгчийн зүгээс түрээслэгчид түрээслүүлсэн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хязгаарлаагүй. Монгол улсад тархаад буй коронавирус /covid19/-т цар тахлын улмаас Улсын онцгой комисс, Зуунмод сумын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийн дагуу үйл ажиллагаа нь тодорхой хугацаагаар тасалдсан асуудал байхыг үгүйсгэхгүй бөгөөд үүнээс үүдэн гарсан алдагдал, хохирлыг түрээслэгч талаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

3.Буянт зоогийн газар нь огт ажиллаагүй, үйл ажиллагааг явуулаагүй гэдэг нь ор үндэслэлгүй зүйл юм. Тухайлбал: Тус зоогийн газарт ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн мэдэгдэл, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн зөвлөмж зэрэг төрийн байгууллагын баримт бичгийг нэхэмжлэгч өөрөө гардаж, гарын үсэг зурж авч байсан, одоо хариуцагч гэдээд буй иргэн миний тус зоогийн газраар үйлчлүүлж тооцоог түрээслэгчийн дансруу шилжүүлсэн дансны хуулга /2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 38,000, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 35,500, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 6,500 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 140,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 9,000 төгрөг/ зэргээр нэхэмжлэгч Б.Т түрээслэсэн зоогийн газарт үйл ажиллагаа явуулж байсан нь нотлогдоно.

4.Хэдийгээр бид 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс Буянт зоогийн газрын 3 сарын түрээсийн төлбөр 2,100,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан боловч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан уян хатан хандаж /3 сарын түрээсийн төлбөр төлсөн хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 07-оос 2021 оны 02 дугаар сарын 07-нд дууссан байхад/ 2021 оны 5 дугаар сарыг дуустал түрээсийн төлбөр авалгүй /түрээсийн гэрээнд заасан тог, цахилгааны төлбөрийг бид төлж байсан/ 3-аас 4 cap ажиллуулсан байхад эсрэгээрээ огт ажиллаагүй мэтээр нэхэмжлэл гаргаж түрээсийн төлбөрт төлсөн бүх мөнгөө буцаан нэхэмжилж байгаа нь харамсалтай.

4.Нэхэмжлэлд дурдсан вакцин хийлгэх, хотоос ирж, очих зэрэг нь бүүр ч хамаагүй, хувийн шинжтэй асуудал байна. Үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б  нь шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: Ц.Б нь Тэлмэнтэй 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр уулзаад цайны газрын зориулалттай байрыг түрээслэх тохиролцоо хийгээд 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулан ажиллах нөхцөлөөр нь ханган тухайн өдрөөс түлхүүр болон бусад эд хөрөнгийг өгсөн. Тухайн гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусах ёстой байсан боловч уян хатан нөхцөлөөр харж үзэн цааш түрээсгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр өөрсдийн юмыг аваад нүүгээд явсан байсан. Би энэ хүнтэй гэрээ байгуулаад гэрээний дагуу төлбөрөө авсан. Тухайн хүн Улаанбаатараас ирж очих, ажлаа яаж хийх нь надад хамааралгүй бөгөөд зөвхөн тухайн хүний хувийн асуудал юм. Мөн дээрх хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байсан нь тухайн үеийн цахилгааны төлбөр төлсөн баримт болон миний өөрийн биеэр хоол авч идэж байсан зэргээр нотлогдоно. Бид гэрээ хийгээд үйл ажиллагаа явуулж байсан болохоос биш огт гэрээ байхгүй зүйл биш гэж үзэж байна. Гэрээ байгуулсан бол гэрээний дагуу л явах ёстой. Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Б.Д д холбогдуулан гэрээний үүрэгт төлсөн 2,100,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 2,100,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлагын үндэслэлээ өөрчилж, хамтран хариуцагчаар Ц.Б ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно. /хх-1-2, 62/.

Нэхэмжлэгч Д.Т нь үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг байгуулаад ажиллаж чадаагүй учраас гэрээний төлбөрт төлсөн 2,100,000 төгрөгөө гаргуулахаар тайлбарлан шаардсаныгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус гэрээг байгуулахдаа хуульд заасан шаардлага хангаагүй буюу түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус учир төлсөн 2,100,000 төгрөгөө гаргуулахаар шаардаж, хариуцагч Ц.Б , Б.Д нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа улсын бүртгэлд бүртгэгдээгүй, Ц.Б ын эгчийн өмчлөлийн хөрөнгө бөгөөд түүний зөвшөөрлөөр Д.Т  д  түрээслүүлсэн, нэхэмжлэгч нь тодорхой хугацаанд ажиллаж байсан, түүний үйл ажиллагаагаа явуулаагүйд хариуцагч нар буруугүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Б.Дугармаагаас шаардах зүйл байхгүй гэж тайлбарлан, хариуцагч Ц.Баатараас 2,100,000 төгрөгийг бүхэлд нь шаарджээ.

Нэхэмжлэгч Д.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Ц.Б тай Түрээсийн гэрээ гэрээ байгуулан, гэрээний дагуу Төв аймгийн Зуунмод суманд байрлах Буянт цайны газрыг 1 жилийн хугацаагаар цайны газрын зориулалтаар эзэмшиж, түрээсийн төлбөрийг сарын 700,000 төгрөгөөр тохирч, талууд гарын үсэг зурсан буюу гэрээг бичгээр байгуулсан байна. /хх-32-33/

Тус гэрээний дагуу 3 сарын төлбөрт 2,100,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Ц.Б ын эзэмшлийн Хаан банк дахь ... дугаартай дансанд шилжүүлсэн байна. /хх-5/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, мөн зүйлийн 318.4-т энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Т гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй гэж шаардлагын үндэслэлийг тайлбарласныг хариуцагч нар нэг давхар цайны газар байсныг 2 давхар болгож өргөтгөөд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй, эгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг аман зөвшөөрлөөр гэрээг байгуулсан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь үнэн гэж хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй байна.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн эрхийг түрээслэгч, түрээслүүлэгчийн аль нэг талын гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгэхээр заасан бөгөөд энэ үүргээ гэрээний талууд биелүүлээгүй болохоо шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч байна.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-д буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг үүснэ.

Тухайн гэрээ байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр цайны газрын зориулалтаар түрээслэж буй нэг давхрын хэсгийн түлхүүрийг нэхэмжлэгч Д.Т д хүлээлгэн өгч, Д.Т ээс 2021 оны 5 дугаар сард буцаан авсан  талаар талууд маргаагүй.

Харин хариуцагч Ц.Б, Б.Д нар нь нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш хөл хорио тогтоосон хугацаанд зарим өдөр ирж ажиллаж, үйл ажиллагаа явуулж байсан, цар тахлын улмаас хөл хорио тогтоосонд хариуцагч тал буруугүй, тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулсан учраас тог цахилгааны зардал, ашиглалтын зардал зэргүүд гарсан, дэлгүүрээс цайны газрын нэрээр мах зээлсэн төлбөр нэхэгдэж байгаа, 2021 оны 5 дугаар сарыг дуустал түрээсийн төлбөр аваагүй ажиллуулсан зэргээр тайлбарлан маргах боловч хариуцагч нараас нэхэмжлэгчид холбогдуулан харилцан тооцох сөрөг шаардлагыг гаргаагүй болно.

Иймд Иргэний хуулийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасныг баримтлан хариуцагч Ц.Б аас 2,100,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Т д олгож, хариуцагч Б.Д д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 48,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 48,550 төгрөгийг хариуцагч Ц.Б аас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй учир талуудын эвлэрэх саналыг хэлэлцүүлж, нэхэмжлэгч Д.Т 1,500,000 төгрөгөөр эвлэрэх санал гаргасан боловч хариуцагч Ц.Б , Б.Д нар эс зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасныг баримтлан хариуцагч Ц.Б аас 2,100,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Т д олгож, хариуцагч Б.Д д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 48,550 төгрөгийг хариуцагч Ц.Б нараас гаргуулж, нэхэмжлэгч Д.Т  д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.МӨНХБҮРЭН