Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 223/МА2022/00011

 

                                                          

 

 

 

 

 

Д.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2021/00982 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Тгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Б, Б.Д нарт холбогдох,

2 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын өмгөөлөгч М.Өлзийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Дамдиндорж овогтой Төв аймгийн Зуунмод суманд байрлах Буянт зоогийн газрыг түрээслэхээр болж 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэг сарын 700,000 төгрөг буюу 3 сарын 2,100,000 төгрөгийг түрээслэгч Б.Дгийн нөхөр Бын дансанд шилжүүлсэн. Түрээслэгч Б.Дгийн дансанд шилжүүлэх гэтэл төрийн албан хаагч учир дансандаа авахгүй, нөхрийн дансанд хийчих гэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн цайны газраа ажиллуулаад 5 дахь хоног дээр нь УлаанБ хотоос ажилдаа ирэх гэтэл цар тахлын үетэй холбоотойгоор Монгол улсад 28 хоногийн хөл хорио тогтоосон. Ингээд 12 дугаар сард хэд хоног ажиллаад, үндсэндээ 10-14 хоног л түрээсийн мөнгө өгөөд ажилласан. Үүнээс хойш 1, 2, 3, 4, 5 дугаар саруудад Улсын онцгой байдлын комиссоос гаргаж буй удаа дараагийн хөл хорионоос болж ажиллаагүй. Төв аймгийн онцгой байдлын комиссын зөвхөн орон нутгийн харьяалалтай иргэдийг PCR шинжилгээгээр нэвтрүүлнэ гээд УлаанБын харьяатай би Төв аймагт ирэх бүрэн боломжгүй болсон. Ингээд 3 дугаар сард ирээд 2-3 хоног нээлттэй байж байгаад УлаанБ хот руу буцаад эргээд ирэх гэтэл вакцинжуулалт хийлгээгүй бол Төв аймаг руу нэвтрүүлэхгүй шийдвэр гарсан. Тэгээд 2 дахь тунгаа хийлгэсэн иргэн орон нутаг руу нэвтэрнэ гээд 5 дугаар сарын 22-ны өдөр 2 дахь тунгаа хийлгээд ажиллаж эхэлтэл Б.Д та нарыг хөл хорионд орохыг мэдсэн бол дэлгүүрт түрээсэлдэг байж, одоо ер нь дахиж цайны газар ажиллахгүй гэж байна. Та нар гар л гэсэн, бид тэгвэл ажиллаагүй 2 сарынхаа түрээс аваад гарна гэсэн. Б.Д түрээслэгч тэгнээ, гэхдээ одоо та нарт өгөх мөнгө алга, дараагийн хүнд нь түрээсэлчихээд араас чинь шилжүүлье гээд 4 сар гаран болж байна. Уг нь Б.Дтай анхны хөл хорионы үед утсаар ярилцаж тохиролцсон түрээсээ өгөөд ажиллаж чадаагүй байхад ингээд хөл хорионд орчихлоо, түрээс мөнгө төлсөн нь юу болох вэ? гэхэд түрээс чинь хойшлогдоод явна, санаа зоволтгүй гэсэн. Гэтэл олон сар түрээсийг чинь буцааж өгнө гээд худал яриад байгаа тул Б.Дгаас 2,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Нэхэмжлэгч ба хариуцагчийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан шаардлагыг хангаагүй гэрээ тул 318 дугаар зүйлийн 318.4-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ болно. Иймд хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас Ц.Б, Б.Д нарт шилжүүлэн өгсөн 2,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгож өгөхийг хүсье” гэжээ.

 

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Дгаас 2,100,000 төгрөг нэхэмжилснийг эс зөвшөөрч тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Буянт зоогийн газар нь манай нөхөр Ц.Бын эзэмшлийнх бөгөөд тус зоогийн газрыг түрээслэх гэрээ нь иргэн Ц.Б, Б.Т нарын хооронд байгуулагдсанаас үзэхэд миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан хариуцагч биш байна.

2. Дээрх зоогийн газрыг манай нөхөр Ц.Б иргэн Б.Тд 1 жилийн хугацаагаар түрээслүүлж эхний 3 сарын түрээсийн төлбөр болох 2,100,000 төгрөгийг авсан бөгөөд түрээслүүлэгчийн зүгээс түрээслэгчид түрээслүүлсэн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хязгаарлаагүй. Монгол улсад тархаад буй коронавирус /covid19/-т цар тахлын улмаас Улсын онцгой комисс, Зуунмод сумын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийн дагуу үйл ажиллагаа нь тодорхой хугацаагаар тасалдсан асуудал байхыг үгүйсгэхгүй бөгөөд үүнээс үүдэн гарсан алдагдал, хохирлыг түрээслэгч талаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

3. Буянт зоогийн газар нь огт ажиллаагүй, үйл ажиллагааг явуулаагүй гэдэг нь ор үндэслэлгүй зүйл юм. Тухайлбал: Тус зоогийн газарт ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн мэдэгдэл, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн зөвлөмж зэрэг төрийн байгууллагын баримт бичгийг нэхэмжлэгч өөрөө гардаж, гарын үсэг зурж авч байсан, одоо хариуцагч гэгдээд буй иргэн миний тус зоогийн газраар үйлчлүүлж тооцоог түрээслэгчийн дансруу шилжүүлсэн дансны хуулга /2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 38,000, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 35,500, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 6,500 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 140,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 9,000 төгрөг/ зэргээр нэхэмжлэгч Б.Т түрээсэлсэн зоогийн газарт үйл ажиллагаа явуулж байсан нь нотлогдоно.

4. Хэдийгээр бид 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс Буянт зоогийн газрын 3 сарын түрээсийн төлбөр 2,100,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан боловч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан уян хатан хандаж /3 сарын түрээсийн төлбөр төлсөн хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 07-оос 2021 оны 02 дугаар сарын 07-нд дууссан байхад/ 2021 оны 5 дугаар сарыг дуустал түрээсийн төлбөр авалгүй /түрээсийн гэрээнд заасан тог, цахилгааны төлбөрийг бид төлж байсан/ 3-аас 4 cap ажиллуулсан байхад эсрэгээрээ огт ажиллаагүй мэтээр нэхэмжлэл гаргаж түрээсийн төлбөрт төлсөн бүх мөнгөө буцаан нэхэмжилж байгаа нь харамсалтай.

5. Нэхэмжлэлд дурдсан вакцин хийлгэх, хотоос ирж, очих зэрэг нь бүүр ч хамаагүй, хувийн шинжтэй асуудал байна. Үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ц.Б нь шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: “Ц.Б нь Ттэй 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр уулзаад цайны газрын зориулалттай байрыг түрээслэх тохиролцоо хийгээд 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулан ажиллах нөхцөлөөр нь ханган тухайн өдрөөс түлхүүр болон бусад эд хөрөнгийг өгсөн. Тухайн гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусах ёстой байсан боловч уян хатан нөхцөлөөр харж үзэн цааш түрээсгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр өөрсдийн юмыг аваад нүүгээд явсан байсан. Би энэ хүнтэй гэрээ байгуулаад гэрээний дагуу төлбөрөө авсан. Тухайн хүн УлаанБаас ирж очих, ажлаа яаж хийх нь надад хамааралгүй бөгөөд зөвхөн тухайн хүний хувийн асуудал юм. Мөн дээрх хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байсан нь тухайн үеийн цахилгааны төлбөр төлсөн баримт болон миний өөрийн биеэр хоол авч идэж байсан зэргээр нотлогдоно. Бид гэрээ хийгээд үйл ажиллагаа явуулж байсан болохоос биш огт гэрээ байхгүй зүйл биш гэж үзэж байна. Гэрээ байгуулсан бол гэрээний дагуу л явах ёстой. Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасныг баримтлан хариуцагч Ц.Баас 2,100,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Тд олгож, хариуцагч Б.Дд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 48,550 төгрөгийг хариуцагч Ц.Б нараас гаргуулж, нэхэмжлэгч Д.Тд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Б давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2021/00982 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

 

1. Нэхэмжлэгч анх түрээсийн гэрээний төлбөрөө буцааж авна гэж маргаж байгаад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг. Шүүх уг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 7.1 хэсэгт зааснаар түрээслэгч болон түрээслүүлэгчийн аль нэг нь түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр харьяа бүртгэлийн байгууллагад хандан мэдүүлэг гаргах ёстой. Уг мэдүүлэгт:

Түрээсийн гэрээний эх хувь /хуулбар бол нотариатаар баталгаажуулсан байх/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргах

Гэтэл уг түрээсийн объект нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй, гэрчилгээтэй эсэх талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, хариуцагч тал гэрчилгээг гаргуулан авч чадаагүй байгаа талаараа тайлбарладаг.

 

2. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй учраас түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй юм.

Гэтэл түрээсэлж буй эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй байхад түүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна.

 

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2021/00982 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч М.Өлзийцэцэг давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2021/00982 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

 

1. Нэхэмжлэгч анх түрээсийн гэрээний төлбөрөө буцааж авна гэж маргаж байгаад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг. Шүүх уг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч болон түрээслүүлэгчийн аль нэг нь түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр харьяа бүртгэлийн байгууллагад хандан мэдүүлэг гаргах ёстой. Уг мэдүүлэгт:

Түрээсийн гэрээний эх хувь /хуулбар бол нотариатаар баталгаажуулсан байх/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргах үүрэгтэй.

Гэтэл уг түрээсийн объект нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй, гэрчилгээтэй эсэх талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, хариуцагч тал гэрчилгээг гаргуулан авч чадаагүй байгаа талаараа тайлбарладаг.

 

2. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй учраас түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй юм.

Гэтэл түрээсэлж буй эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй байхад түүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна.

 

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2021/00982 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан  үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Т нь үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг байгуулаад ажиллаж чадаагүй учраас гэрээний төлбөрт төлсөн 2 100 000 төгрөгөө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус гэрээг байгуулахдаа хуульд заасан шаардлага хангаагүй буюу түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус учир төлсөн 2 100 000 төгрөгөө гаргуулахаар шаардаж, хариуцагч Ц.Б, Б.Д нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа улсын бүртгэлд бүртгэгдээгүй, Ц.Бын эгчийн өмчлөлийн хөрөнгө бөгөөд түүний зөвшөөрлөөр Д.Тд түрээслүүлсэн, нэхэмжлэгч нь тодорхой хугацаанд ажиллаж байсан, түүний үйл ажиллагаагаа явуулаагүйд хариуцагч нар буруугүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Ц.Бтай Төв аймгийн Зуунмод суманд байрлах 2 өрөө 40 м.кв байр бүхий “Буянт” цайны газрыг тоног төхөөрөмжийн хамт 1 жилийн хугацаагаар цайны газрын зориулалтаар эзэмшиж, түрээсийн төлбөрийг сарын 700 000 төгрөгөөр тохирч “Түрээсийн гэрээ” бичгээр байгуулж /хх-32-33/, гэрээний дагуу түрээсийн төлбөрт 2 100 000 төгрөг шилжүүлсэнд /хх-5/ талууд маргаангүй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт дээрх шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Т хариуцагч Ц.Б нарын хооронд байгуулсан “Буянт” цайны газрыг түрээслэх гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 Дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасны дагуу Төв аймгийн Зуунмод суманд байрлах 2 өрөө 40 м.кв байр бүхий “Буянт” цайны газар нь үл хөдлөх эд хөрөнгө байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлж гэрчилгээ авснаар уг хөрөнгийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаж хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулах боломжтой болох учраас хариуцагч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын “түрээсэлж буй эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ байхгүй байхад түүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй” гэх гомдол нь үндэслэлгүй байна.

 

Шүүх маргааны үйл баримтад хамааралтай хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийгдсэн  хүчин төгөлдөр бус хэлцэл байх  тул зохигчид хэн алинаасаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгийг гэрээний бус үүргийн  эрх зүйн зохицуулалтын дагуу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй.

 

   Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Д.Ттэй хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан  цайны газрын түрээсийн мөнгийг 3 сараар урьдчилан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудаар нотлогдож байх тул уг мөнгийг гаргахдаа шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлаагүй нь буруу байна.

 

Дэлхий даяар Ковид-19-ийн цар тахал дэгдэж, улмаар Монгол улсын хэмжээнд нийслэл, орон нутгийн хоорондын автозамын хөдөлгөөнд хөл хорио тогтоосны улмаас Төв аймгийн Зуунмод сумын нутагт түрээсэлсэн “Буянт” цайны газрыг 14 хоногоос илүү хугацаагаар ажиллуулж чадаагүй гэх тайлбарыг нэхэмжлэгч Д.Т гаргасан нь байна.

 

Иймд  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Тгээс үл хөдлөх эд хөрөнгө ашигласан хугацааны төлбөрийг тооцохдоо  нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа түрээсийн хугацаанд ажилласан 14 хоногийн /700 000/30*14=326 667/ 326 667 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө ашигласны  төлбөрт тооцож  2 100 000 төгрөгөөс хасаж үлдэх 1 773 333 төгрөгийг хариуцагч Ц.Баас гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгох нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2021/0982 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5, 318 дугаар зүйлийн  318.4-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Буянт зоогийн газрыг түрээслэх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Ц.Баас 1 773 333 төгрөгийг  гаргуулан”, нэхэмжлэгч Б.Тд олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 326 667 төгрөгийг болон хариуцагч Б.Дд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн т тогтоох хэсгийн 2 дахь заалтын “48,550 төгрөгийг хариуцагч Ц.Б нараас гаргуулж” гэснийг “43 324 төгрөгийг хариуцагч Ц.Баас гаргуулж” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАА

                   ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

                                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ