Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/03673

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/03673

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Х.П,

Нэхэмжлэгч:  Ө.Х нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  А констракшн ХХК-д холбогдох,

Орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алданги 26.353.600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, талуудын хооронд байгуулагдсан **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээний үүрэгт 33.720.000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Хатанбаатараас гаргуулах, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр байгуулсан *** дугаартай орон сууц захилан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Х.П-ийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн өмгөөлөгч Д.А, гэрч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Х.П, Ө.Х нар хариуцагч А констракшн ХХК-д холбогдуулан Орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алданги 26.353.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Манай гэр бүл амьдарч байсан газраа чөлөөлж, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр А констракшн ХХК-тай хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах тухай *** тоот гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Дээдсийн өргөө хотхоны 1 дүгээр ээлжийн орон сууцны А блок, 7 дугаар давхарын наран талдаа цонхтой 3 өрөө байрыг захиалсан. Мөн шинээр 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц захиалан бариулах 20/01 тоот гэрээг байгуулан, орон сууцны байрлалыг өөрчилж, тус хотхоны А блок байрны 6 дугаар давхарын 3 өрөө бүхий орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Миний бие байрандаа 2021 оны 11 дүгээр сард орсон ба тухайн үедээ хариуцагч байгууллага орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгч, ямар нэгэн тооцоогүй гэсэн. Ингээд өмчлөх эрхийн гэрчилгээг авах гэхэд Танайх төлбөрийн үлдэгдэлтэй байна хэмээн гэрчилгээг шилжүүлэн өгөхөөс татгалзаж байна. Иймээс хариуцагч А констракшн ХХК-иас орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, мөн гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулаагүй тул хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт төлбөрийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцож, 182 хоногийн алданги 26.353.600 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч А констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дээдсийн өргөө нэртэй орон сууцны төслийг **** оноос хэрэгжүүлж байгаа. Уг төслийг хэрэгжүүлэх явцдаа иргэн Ө.Х-тай хамтран ажиллах гэрээг **** оны ** дүгээр сарын **-ний өдөр байгуулж, уг гэрээний дагуу Ө.Х нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Арцат ** дугаар гудамж, ** тоот хаягт байрлах, 30,6 м.кв талбай бүхий газрыг манайд олгож, манай компани өөрийн хөрөнгө, хүн хүч, материалаар Дээдсийн өргөө орон сууцны хотхоны барилгыг барьж, Ө.Х-т 73,35 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөх, мөн уг орон сууц болон газрын үнийн зөрүү 33.720.000 төгрөгийг манай компанид төлж барагдуулсны дараа бид орон сууцны өмчлөх эрхийг түүнд болон түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлэн өгөхөөр тус тус тохиролцсон. Ингээд Ө.Х-ын хүсэлтийн дагуу түүний хүү Х.П-той **** оны ** дүгээр сарын **-ний өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэтэл энэхүү гэрээг байгуулах үед манай компанийн борлуулалтын ажилтан Э.О бичиг, техникийн алдаа гаргаж, ноцтой төөрөгдөн, орон сууц захиалгын гэрээнд ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй хэмээн тусгасныг бид нэхэмжлэл гардан аваад мэдлээ. Бид цар тахалын хүнд нөхцөлд өөрсдийн нөөц боломж, хүч хөдөлмөрөө зарцуулан барилгын ажлыг түргэн шуурхай гүйцэтгэн, барилгыг ашиглалтад оруулсан бөгөөд Х.П-д орон сууцны ашиглалтыг шилжүүлэн өгсөн байхад гэрээнд заасан зөрүү төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байж, үндэслэлгүй зүйл бичиж, шүүхэд хандсанд гомдолтой байна. Иймд Ө.Х-аас Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээний дагуу 33.720.000 төгрөгийг гаргуулах, Х.П-той байгуулсан **** оны ** дүгээр сарын **-ний өдөр байгуулсан *** тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Х.П-ийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Дээдсийн өргөө хотхоны *** дүгээр байрны ** тоотод байрлах, ** өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж **** төгрөг төлсөн баримт, Ө.Х, Х.П нараас Г.Ө-т олгосон итгэмжлэл, **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн ** тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, улсын тэмдэгтийн хураамж 289.718 төгрөг төлсөн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, Зэндмэнэ гэгээ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ө.Х, С.О нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, дэлгүүрийн зураг, хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, аж ахуйн нэгж байгууллагын **** оны тооллогын баримт, Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Ө.Х болон Э.М нарын хооронд *** оны ** дүгээр сарын **-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ө.Х-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Арцатын ** дугаар гудамж, ** тоотод байрлах, ** м.кв талбай бүхий хувийн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-д олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж ****** төгрөг төлсөн баримт, **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ, **** оны ** дугаар сарын **-ны өдрийн Гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, А констракшн ХХК-иас Г.Х-д олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Д.А-г оролцуулах тухай хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж ****** төгрөг төлсөн баримт, ***** төгрөг болон ****** төгрөг төлсөн баримт зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ө.Х болон хариуцагч А констракшн ХХК-ийн хооронд **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн ** тоот Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний дагуу А констракшн ХХК-ийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй Дээдсийн өргөө хотхоны барилгын ** дүгээр ээлжийн А блокын ** дугаар давхрын, наран талдаа цонхтой, *** м.кв талбай бүхий ** өрөө орон сууц болон ** дугаар ээлжийн D блок барилгын ** м.кв талбай бүхий үйлчилгээний талбай, мөн блокоос 1 автомашины дулаан автозогсоолыг Ө.Х хүлээн авах, нэхэмжлэгч Ө.Х нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Арцатын ** дугаар гудамж, ** тоотод байрлах ** м.кв талбай бүхий газар болон тухайн газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхээр тус тус тохиролцжээ.

Гэрээний 3.1.3 болон 3.2.4-т зааснаар Ө.Х-ын шилжүүлж өгсөн газар, байшингийн үнэ болон А констракшн ХХК-ийн Ө.Х-т шилжүүлэн өгөх орон сууцны үнэ нь 146.700.000 төгрөг байхаар тогтоосон байгааг дурдах нь зүйтэй.

Энэхүү гэрээний дараа талууд дахин гэрээнд өөрчлөлт оруулж, **** оны ** дугаар сарын **-ны өдрийн гэрээг байгуулахдаа өмнөх гэрээний 3.2.2 дахь заалтад Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Дээдсийн өргөө орон сууцны хотхоны барилгын ** дүгээр ээлжийн А блокын ** дугаар давхрын F тип, ** м.кв талбай бүхий ** өрөө орон сууц ** ширхэг гэж өөрчлөлт оруулжээ.

**** оны **** тоот гэрээний 3.1.2-т заасны дагуу Ө.Хатанбаатар нь А констракшн ХХК-ийн төлөөлөгч Эрдэнэсайханы Мадинад хөрөнгө оруулалтын зүйлийг шилжүүлэхээр заасан байх ба хэрэгт **** оны ** дүгээр сарын **-ний өдөр иргэн Ө.Х болон Э.М нарын хооронд байгуулагдсан *** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Ө.Х-ын өмчлөлийн тус хорооны Арцатын ** дугаар гудамж, ** тоотод байрлах, ** м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Э.М-д шилжсэн байна.

Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны Засаг даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тодорхойлолтод **** оны ** дугаар сард дахин төлөвлөлтөд хамрагдаж, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан барилгыг буулгаж, газар чөлөөлсөн гэж, мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон иргэн М.Б нь Ө.Х-ынх газраа **** оны 6-7 дугаар сарын үед чөлөөлж өгсөн гэсэн мэдүүлэг өгснөөс үзэхэд нэхэмжлэгч нь газраа **** оны ** дугаар сард чөлөөлж өгсөн нь тогтоогдсон.

Ингээд А констракшн ХХК болон иргэн Х.П нарын хооронд **** оны ** дүгээр сарын **-ний өдөр *** тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Д өргөө хотхоны ** блокын ** дугаар давхрын ** тип, *** м.кв талбай бүхий ** өрөө орон сууцыг нэхэмжлэгч Х.П захиалан бариулах, мөн **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн ** тоот Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ-ний төлбөрт тухайн орон сууцыг шилжүүлэн авах, гүйцэтгэгч нь орон сууцыг *** оны ** дугаар улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Дээрх гэрээнүүдийн зорилго, агуулгаас харахад талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба талууд **** оны ** тоот гэрээний 3.2.3-д заасан 33.720.000 төгрөгийг төлсөн, хариуцагч төлөөгүй хэмээн маргасан.

Хариуцагч А констракшн ХХК нь нэхэмжлэгч Ө.Х-аас гэрээний дагуу дутуу төлөгдсөн гэх 33.720.000 төгрөг гаргуулах, Х.П-ийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр *** тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар ноцтой төөрөгдсөн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэгч нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэлийг гаргадаг.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сүүлийн гэрээний 2.1-д зааснаар *** тоот гэрээний төлбөрт тооцож, орон сууц шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд гэрээний 3.23-т зааснаар орон сууцны үнийг бүрэн төлсөн тул манайх орон сууцны түлхүүрийг гардан авч, **** оны ** дүгээр сард байрандаа орж, ашиглаж эхэлсэн хэмээн тайлбарласан.

Талууд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ байгуулж, Ө.Х-с үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн авахдаа газрыг хэдэн төгрөгөөр тооцсон болох нь тодорхойгүй, харин дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байсан ** м.кв талбай бүхий хувийн сууцыг Э.М-д 10.000.000 төгрөгт тооцон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, талууд газар болон барилгыг хэд, хэдэн төгрөгөөр тооцон хүлээлгэн өгч, хүлээн авч байгаагаа актаар баталгаажуулаагүйгээс маргаан үүссэн байна.

Хэрэгт авагдсан 2 гэрээнд дурдсан үнийн дүн харилцан адилгүй, тухайлбал, *** тоот гэрээний 3.1.3, 3.2.4-т тус тус зааснаар газар болон хувийн орон сууцыг 146.700.000 төгрөгөөр тооцон, нөгөө тал орон сууцны үнийг мөн 146.700.000 төгрөгөөр тогтоосон, харин 20/01 тоот гэрээний 1.3-т 72.684.137 төгрөг гэж, 1.4-т 144.800.000 төгрөг гэж, 2.1-д төлбөр төлөгдсөн тухай тус тус дурджээ.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх ба талууд хөлсний хэмжээгээ тохиролцон тодорхойлдог.

Тэгэхээр дээр дурдсанчлан талууд хөлсийг 146.700.000 төгрөг, 72.684.137 төгрөг, 144.800.000 төгрөг хэмээн янз бүрээр тодорхойлсон байгаа нөхцөлд хариуцагч талаас Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасны дагуу Ө.Х-ас шилжүүлэн авсан газрын болон барилгатай дүйцэхүйц өөр этгээдийн газар болон байшинг тооцон хүлээн авсан тухай, жишиг болохуйц баримтыг шүүхэд ирүүлэх боломжтой байсан. Гэтэл ийм баримт ирүүлээгүй учир нэхэмжлэгч нарыг гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нөгөө талаар сүүлд байгуулсан гэрээ нь өмнө байгуулсан гэрээний үндсэн дээр хийгдсэн, өмнөх гэрээний харилцааг дуусгавар болгож, өөр этгээдтэй гэрээ байгуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүх Х.П-той байгуулсан **** оны *** тоот гэрээг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Мөн тухайн захиалсан орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн хэмээн гэрээндээ тусгасан тул дуусгавар болсон гэрээний дагуу нэхэмжлэгч Ө.Х-т холбогдуулан гаргаж байгаа хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 33.720.000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч А констракшн ХХК нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн *** тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэлээ Борлуулалтын менежерээр ажиллаж байсан Э.О бидний өмнө байгуулсан гэрээний агуулгыг мэдээгүй, сайн ойлгоогүй байхдаа дараагийн гэрээг Х.П-той байгуулахдаа ноцтой төөрөгдөн ямар нэгэн төлбөр тооцоогүй талаар гэрээнд тусгасныг шүүхээс нэхэмжлэл гардан аваад мэдсэн. Иймд хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү хэмээн тайлбарласан.

Гэвч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д зааснаар төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлж хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хуульд заасан нэн даруй гэх хугацааг тухайн тохиолдолд мэдэгдэх боломжтой ердийн хугацаанд гэж ойлгодог.

Хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** оны ** дугаар сарын **-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан аваад, **** оны ** дугаар сарын **-ны өдөр дээрх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нөгөө талдаа нэн даруй мэдэгдсэн гэж үзэх үндэслэлд хамааруулах боломжгүй гэж үзлээ.

Нөгөө талаар, талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаар харилцан тохиролцож тухайн гэрээгээ бичгээр байгуулсан нөхцөлд хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийж, ноцтой төөрөгдсөн гэж энэ тохиолдолд үзэх боломжгүй тул хариуцагчийн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хэлцлийг хийх хүсэл зоргийн илэрхийллээ андуурсан, буруу ташаа ойлгосноос үүдэн ноцтой төөрөгдсөн гэх боловч хариуцагч А констракшн ХХК нь уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримт ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Түүнчлэн Х.П нь гэрээний үндсэн дээр орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар түүнийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхгүй ба мөн хуулийн 106.2-т зааснаар хууль бус эзэмшлээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

3. Талуудын хооронд байгуулагдсан **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн *** тоот гэрээний 3.7-д Гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж гүйцэтгэж чадаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн төлсөн нийт төлбөрийн 0,1 хувьдтай тэнцэх хэмжээний алдангийг үл маргах журмаар захиалагч талд төлөх үүрэгтэй гэж заасан байх ба нэхэмжлэгч нар алданги 23.353.600 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хэдийгээр талуудын байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байгаа боловч мөн хуулийн 232.8-д зааснаар хэргийг нөхцөл байдлыг харгалзан анзын хэмжээг багасгах эрхийг шүүхэд олгожээ.

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалын улмаас улс хоорондын ачаа тээвэр зогссон, тэр тусмаа барилгын материалын эргэлт удааширч, үнэ нэмэгдсэн, хил гааль хаалттай байсан, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор **** оны ** дугаар сарын **-ний өдөр хүртэл хугацаанд хот хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байсан зэрэг нь нийтэд илэрхий үйл баримт учир алдангийн хэмжээг багасган тогтоосон болно.

Ийнхүү багасгахдаа нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги 23.353.600 төгрөгийн 30 хувь буюу 7.006.080 төгрөгийг хариуцагч А констракшн ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Х.П-д олгож, үлдэх 16.347.638 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Мөн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Д өргөө хотхоны ** дүгээр байрны ** тоотод байрлах, ** м.кв талбай бүхий ** өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Х.П-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч А констракшн ХХК-д даалгаж шийдвэрлэв.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Х.П-с 70.200 төгрөг болон 289.718 төгрөг, нийт 359.918 төгрөг төлсөн, хариуцагч А констракшн ХХК-иас 326.550 төгрөг, 194.821 төгрөг, 70.200 төгрөг, 521.371 төгрөг, нийт 1.112.942 төгрөгийг тус тус төлсөн.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан *** тоот Орон сууц захиалан бариулах гэрээг үндэслэн шийдвэр гаргасан тул гэрээнд дурдсан үнэ 144.800.000 төгрөгөөс зохих хураамжийг төлөх нь зүйтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах шаардлагын хувьд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70.200 төгрөг, мөн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагын хувьд мөн хуулийн 7.1.1-д зааснаар 144.800.000 төгрөгт ногдох 881.950 төгрөг, алданги 23.353.600 төгрөгт ногдох 274.718 төгрөг, нийт 1.226.860 төгрөгийг төлөхөөс 359.918 төгрөгийг төлсөн, зөрүү 866.950 төгрөгийг нэхэмжлэгч Х.П, Ө.Х нараас хувь тэнцүүлэн нөхөн гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулна.

Харин хариуцагч А констракшн ХХК-иас гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлд ногдох буюу 144.800.000 төгрөгт ногдох 881.950 төгрөг, 33.720.000 төгрөгт ногдох 326.550 төгрөг, орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлд ногдох 70.200 төгрөг, нийт 1.278.700 төгрөгийг төрийн санд төлөх үүрэгтэй байгаагаас хариуцагч 1.112.942 төгрөгийг төлсөн тул зөрүү 165.758 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд нөхөн төлүүлэх, мөн нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 1.079.197 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.П-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Х.П-г Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Д өргөө хотхоны *** дүгээр байрны ** тоотод байрлах, ** м.кв талбай бүхий ** өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Х.П-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч А констракшн ХХК-д даалгасугай.

2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч А констракшн ХХК-иас алданги 7.006.080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16.347.638 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 343 дугаар зүйлийн 343.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Х-т холбогдуулан гаргасан Гэрээний үүрэгт 33.720.000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Х.П-д холбогдуулан гаргасан Гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч А констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.П-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359.918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зөрүү 866.950 төгрөгийг нэхэмжлэгч Х.П, Ө.Х нараас хувь тэнцүүлэн гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд, хариуцагч А констракшн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.112.942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зөрүү 165.758 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж, мөн 1.079.197 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.П-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА