Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00511

 

 

Х.Пж, Ө.Хар нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/03673 дугаар шийдвэртэй,

Х.Пж, Ө.Хар нарын нэхэмжлэлтэй,

“А” ХХК-д холбогдох,

Орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алданги 26,353,600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үүрэгт 33,720,000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Хараас гаргуулах,

20/01 тоот орон сууц захилан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцыг Х.Пжийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хй, түүний өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шардлага, үндэслэлийн болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Ө.Хар өөрийн амьдарч байсан газраа чөлөөлж 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “А” ХХК-тай хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах тухай 20/16 тоот гэрээг байгуулж, ** 3 өрөө орон сууц, үйлчилгээний талбай, автозогсоол авахаар захиалсан.

Х.Пж нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц захиалан бариулах 20/01 тоот гэрээ байгуулж дээрх гэрээнд заасан 3 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Байрандаа 2021 оны 11 дүгээр сард орсон ба тухайн үед хариуцагч төлбөрийн тооцоогүй гэсэн. Ингээд өмчлөх эрхийн гэрчилгээг авах гэхэд төлбөрийн үлдэгдэлтэй гээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гарган өгөхөөс татгалзсан. Иймд “А” ХХК-аас орон сууцны гэрчилгээ гаргаж өгөхийг даалгуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, мөн гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулаагүй тул хугацаа хэтэрсэн 182 хоногийн алданги 26,353,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн агуулга: Манай компани ** төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна. Иргэн Ө.Хартай хамтран ажиллах гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулж, Ө.Хатарбаатар нь өөрийн өмчлөлийн **10-7 тоот 30.6 м.кв талбайтай газрыг манайд олгож, бид Дээдсийн өргөө орон сууцны хотхоноос 73.35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өгөх, уг орон сууц болон газрын үнийн зөрүү 33,720,000 төгрөгийг Ө.Хар манайд төлсний дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон. Ө.Харын хүсэлтээр түүний хүү Х.Пжтой 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэрээ байгуулах үед манай компанийн ажилтан бичиг, техникийн алдаа гаргаж, ноцтой төөрөгдөн, орон сууц захиалгын гэрээнд ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй хэмээн тусгасныг бид нэхэмжлэл гардан аваад мэдсэн бөгөөд Х.Пж нь орон сууцыг шилжүүлэн өгсөн ба тэрээр үнийн зөрүү төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Манай компани нь Ө.Хараас Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээний дагуу төлөгдөөгүй 33,720,000 төгрөгийг гаргуулах, Х.Пжтой байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 20/01 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах, Х.Пжийн хууль бус эзэмшлээс ** 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгаа тул үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Пжийг Нийслэлийн ** 34 тоот, 72.40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Х.Пжийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч “А” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч А ХХК-иас 7,006,080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Пжид олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,347,638 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 343 дугаар зүйлийн 343.1, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Харт холбогдуулан 33,720,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Х.Пжид холбогдуулан Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Пжийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зөрүү 866,950 төгрөгийг нэхэмжлэгч Х.Пж, Ө.Хар нараас хувь тэнцүүлэн гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн ** тоот дансанд, хариуцагч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,112,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зөрүү 165.758 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн ** тоот дансанд оруулж, мөн 1,079,197 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Пжид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ хамтран гаргасан атлаа орон сууцны гэрчилгээг хэний нэр дээр шилжүүлэхийг даалгуулах нь тодорхой бус байхад шүүх орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгч Х.Пүрэворжид шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Талуудын маргааны зүйл болсон орон сууц нь Дээдсийн өргөө хотхоны 909/1 дүгээр байрны 34 тоот орон сууц мөн эсэхийг хөдөлбөргүй нотолсон баримтгүй, улсын бүртгэлд бүргэгдэж гэрчилгээ гараагүй байхад Дээдсийн өргөө хотхоны 909/1 дүгээр байрны 34 тоот орон сууц гэж тодорхойлон дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Х.Пж, хариуцагч "А" ХХК-ийн хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан байдаг. Уг гэрээгээр нэхэмжлэгч Ө.Хар нь ямар нэг эрх үүрэг хүлээгээгүй. Гэтэл уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээнд оролцогч тал биш гуравдагч этгээд Ө.Хар нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Талууд нэхэмжлэгч Ө.Хар, хариуцагч “А” ХХК-ийн нарын хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээний 3.2.3-т заасан 33,720,000 төгрөгийг төлсөн эсэх талаар талууд маргадаг. Нэхэмжлэгч нь гэрээний 3.2.3-т заасан үүргээ биелүүлж 33,720,000 төгрөгийг хариуцагчид төлснөө баримтаар нотлоогүй, Х.Пжтой байгуулсан гэрээнд орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн тухай зохицуулалт байхгүй байхад шүүх нэхэмжлэгч нарыг 33,720,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Орон сууц захиалан бариулах гэрээний үнийг 146,700,000 төгрөг, 72,684,137 төгрөг, 144,800,000 төгрөг гэж өөр өөрөөр тодорхойлсон байхад алдангийг 144,800,000 төгрөгөөс тооцсон нь ойлгомжгүй, шүүх үүнийг тайлбарлаагүй нь хууль зүйн үндэслэлгүй. Дурдсан 3 үнийн дүнгийн аль нь бодитой эсэхийг шүүх дүгнээгүй.

Хариуцагч нь Ө.Харын хүсэлтээр Х.Пжтой орон сууц захиалан бариулах гэрээг байгуулахдаа орон сууцны үнийн зөрүү 33,720,000 төгрөгийг тусгалгүй гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д заасан нөхцлийг бий болгосон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу захиалагч төлбөрөө бүрэн төлөөгүй тул уг орон сууцны өмчлөгч нь "А" ХХК мөн юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Ө.Хар нь 2020 онд хариуцагчтай байгуулсан гэрээгээр 3 өрөө байр авахаар болсон, байрны төлбөрийг төлсөн. Учир нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин гэрээ байгуулахад м.кв-ын зөрүү гарч гэрээнд заасан байрны байршил өөрчлөгдсөн. Нэхэмжлэгчид орон сууцыг шилжүүлэн өгөхийг шүүх даалгаж шийдвэрлэсэн нь зөв. Сүүлд байгуулагдсан гэрээний дагуу Х.Пж 2020 оны 11 сард байраа хүлээн аваад амьдарч байна. Ө.Хар нь өмнөх гэрээний оролцогч ба төлбөрийн нөхцөлийг тохиролцож өмнөх гэрээ дуусгавар болсон гэж тайлбарласан. Х.Пж 2020 оны 11 дүгээр сард гэрээний оролцогч болсон. Бид өмнөх гэрээг 2020 оны 11 сард дүгнэж, сүүлийн гэрээний 2.1-д зааснаар өмнөх гэрээний төлбөрийг бүрэн төлөв гэж заасан. Ийнхүү Х.Пж гэрээний оролцогч болж, гарын үсэг зурж, 2021 оны 11 дүгээр сард тухайн орон сууцандаа орж, одоог хүртэл амьдарч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Х.Пж, Ө.Хар нар хариуцагч “А” ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алданги 26,353,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Ө.Хараас гэрээний үүрэгт 33,720,000 төгрөг гаргуулах, Х.Пжтой байгуулсан 20/01 тоот орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Ө.Хар нь “А” ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 20/16 дугаартай “Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Ө.Хар нь өөрийн өмчлөлийн ** талбай бүхий газар болон тухайн газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх, “А” ХХК нь ** 1 дүгээр ээлжийн А блокын 7 дугаар давхрын 73.35 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон 2 дугаар ээлжийн D блок барилгын 45 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай, мөн блокоос 1 автомашины дулаан автозогсоолыг Ө.Харт хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээжээ. /хх26-29/

 

3.1. Дээрх гэрээнд талууд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрчлөлт оруулж, **А блокын 7 дугаар давхрын 73,35 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц 1 ширхэг” гэснийг “... 6 дугаар давхрын F тип, 72.40 м.кв ...” гэж өөрчлөлт оруулжээ. /хх30/

 

3.2. Мөн “А” ХХК, Х.Пж нар 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 20/01 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Ө.Хар, “А” ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 20/16 тоот гэрээний зүйл болох “** 72.40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц”-ыг гүйцэтгэгч “А” ХХК нь захиалагч Х.Пжид 2021 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, төлбөрийн нөхцөлийг 20/16 тоот гэрээний төлбөрт тооцохоор тохиролцсон байна. /хх6-8/

 

3.3. Нэхэмжлэгч Х.Пж тус 72.40 м.кв орон сууцыг 2021 оны 11 дүгээр сард хариуцагчаас хүлээн авсан болон орон сууцны төлбөрийн нөхцөлийн талаар зохигчид маргаагүй.

 

3.4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан залруулах боломжтой. Зохигчид хоёр талын хариу үүргийг эд хөрөнгөөр тооцон өмчлөлдөө шилжүүлэх, хөрөнгийн үнийн зөрүүг мөнгөн хэлбэрээр тооцохоор тохиролцсон нь нэхэмжлэгч Ө.Хар, Х.Пж, хариуцагч “А” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүсжээ.

 

4. Нэхэмжлэгч Х.Пж гэрээний үндсэн дээр орон сууцыг эзэмшиж байгаа нь түүнийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль бус эзэмшигч гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх бөгөөд хариуцагч “А” ХХК-ийг маргаж буй орон сууцны өмчлөгч гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж үйл баримтыг зөв тогтоожээ.

4.1. Нэхэмжлэгч Х.Пж, хариуцагч “А” ХХК нарын хооронд байгуулсан 20/01 дугаар  гэрээний 3.1-д зааснаар орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлсэн хэдий ч гэрээний 3.10-т зааснаар Х.Пжийг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч Ө.Хар нь 20/16 тоот гэрээний зүйл болох орон сууцыг өмчлөх болон шаардлага гаргах эрхээ Х.Пжид 20/01 дугаар гэрээгээр шилжүүлсэн учир хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Х.Пжид шилжүүлэх үүрэгтэй, нэхэмжлэгч Х.Пж шаардах эрхтэй.

Хариуцагч нь **ны 34 тоотод орших орон сууц нь маргаан зүйл болсон мөн эсэхийг нэхэмжлэгч тал нотлоогүй, шүүх тогтоогоогүй атлаа нэхэмжлэгч Х.Пжийг өмчлөгчөөр тогтоосон гэх гомдол үндэслэлгүй. Дурдсан хаягт орших 72.40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч эзэмшиж байгаа тухай тайлбарыг гаргасан, тус орон сууцнаас Х.Пжийг албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг хариуцагч шүүхэд гаргасан учир зохигч маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хаягийн талаар маргаангүй гэж үзнэ. Энэ тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

4.2. Нэхэмжлэгч Х.Пж, хариуцагч “А” ХХК нар 20/01 дугаар гэрээний төлбөрийг мөн гэрээний 2.1-д зааснаар шийдвэрлэсэн учир хариуцагч орон сууцны үнийг Х.Пжоос шаардах эрхгүй тул Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар Х.Пжийг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “А” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Нэхэмжлэгч Х.Пж өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь гэрээний үүргийг шаардах эрхийн үндэслэл болох тул анхан шатны шүүх Х.Пжийг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь буруу болсныг давж заалдах шатны шүүх залруулж, нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

4.3. Нэхэмжлэгч Ө.Хар нь хариуцагч “А” ХХК-аас маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг гаргуулахаар шаардах эрхгүй . Тэрээр 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцож, 06-ны өдөр нь нэхэмжлэгч Х.Пжийн дээрх шаардлагыг гаргажээ. Гэвч тэрээр өмнө дүгнэснээр 20/16 дугаар  гэрээгээр орон сууцыг өмчлөх болон шаардлага гаргах эрхээ Х.Пжид шилжүүлсэн учир нэхэмжлэгч Ө.Харын энэ шаардлагыг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгов. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ө.Харын энэ шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, орхигдуулсан байгааг давж заалдах шүүх залруулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Пж, хариуцагч “А” ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 20/01 дугаар гэрээний 3.7-д заасныг үндэслэн хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохыг тогтоож, алданги 23,353,600 төгрөг гаргуулах шаардлагын 30 хувь буюу 7,006,080 төгрөгийг хариуцагч “А” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Х.Пжид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Ө.Хар, хариуцагч “А” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 20/16 дугаартай гэрээний 3.1.3, 3.2.4-т зааснаар орон сууцны нэг м.кв болон нийт үнийг 146,700,000 төгрөгөөр анх тохиролцсон. Хожим Х.Пж, “А” ХХК нар 2020 оны 20/01 дугаартай гэрээний 1.4-т зааснаар орон сууцны үнийг 144,800,000 төгрөгөөр тодорхойлсныг үндэслэн нэхэмжлэгч алдангийг тооцон шаардсан нь бодитой, энэ дүнгээс тооцсон алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Энэ агуулгаар гэрээний үнийг шүүх дүгнээгүй, алдангийг аль дүнгээс тооцсон нь ойлгомжгүй гэх хариуцагчийн гомдлыг хүлээж авахгүй.

 

6. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч “А” ХХК, нэхэмжлэгч Х.Пжтой байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 20/01 дугаар  гэрээний үнэ бүрэн төлөгдөөгүй байхад төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн алдаа гаргасан нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасан үндэслэлд хамаарна гэж тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, улмаар Х.Пжийг маргаж буй 72.40 м.кв орон сууцнаас албадан чөлөөлүүлэх сөрөг шаардлага гаргажээ.

6.1. Нэхэмжлэгч Х.Пж, хариуцагч “А” ХХК нар нь 20/01 дугаар  гэрээний төлбөрийг мөн гэрээний 2.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Хар, хариуцагч “А” ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 20/16 дугаар  гэрээний үүргээр тооцсон байх тул хариуцагчийн 20/01 дугаар  гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэгчийг орон сууцнаас чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй.

Мөн хариуцагч “А” ХХК, нэхэмжлэгч Х.Пж нарын хооронд байгуулсан 2020 оны 20/01 дугаар гэрээг шүүх хүчин төгөлдөр бусд тооцсон нөхцөлд хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлсэн орон сууцыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрх үүснэ. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгч Х.Пжийг маргаан бүхий 34 тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардах эрхгүй байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар 2020 оны 20/01 дугаар гэрээг байгуулахдаа  хариуцагч хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. Иймд хариуцагчийн энэ тухай гомдлыг хангах боломжгүй.

 

6.2. Харин “А” ХХК нь Ө.Хараас 2020 оны 20/16 дугаар гэрээний 3.2.3-т зааснаар орон сууцны үнийн дүнгийн зөрүү 33,720,000 төгрөгийг Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна. Учир нь 20/16 дугаар гэрээний 3.1.1, 3.2.2-т заасан  зохигчдын харилцан өмчлөлдөө шилжүүлсэн хөрөнгийн үнийн зөрүү 33,720,000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Хар, хариуцагчид төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч Ө.Хараас 33,720,000 төгрөг гаргуулан хариуцагч “А” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Ө.Хар, Х.Пж нар 359,918 төгрөг, хариуцагч “А” ХХК 1,112,942 төгрөгийг төлжээ.

Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэгч Х.Пжийн “өмчлөгчөөр тогтоолгох” шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг “орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах” шаардлагад тооцож, нийт 1,156,668 төгрөгийг төлөхөөс дутуу төлсөн 796,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/03673 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан ** 72.40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Х.Пжийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “А” ХХК-д даалгасугай” гэж,

3 дахь заалтыг “Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Хараас 33,720,000 төгрөг гаргуулан хариуцагч “А” ХХК-д олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Х.Пжид холбогдох 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 20/01 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ** 34 тоот, 72.40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас Х.Пжийг албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

4 дэх заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х.Пжийн төлсөн 359,918 төгрөг, хариуцагч “А” ХХК-ийн төлсөн 1,112,942 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Пж, Ө.Хар нараас 796,750 төгрөгийг, хариуцагч “А” ХХК-аас 165,758 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “А” ХХК-аас 1,008,997 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Пжид, нэхэмжлэгч Ө.Хараас 326,550 төгрөг гаргуулан хариуцагч “А” ХХК-д тус тус олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,278,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.БАЯСГАЛАН

 

                  ШҮҮГЧИД                               Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                             Э.ЭНЭБИШ