Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/01047

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/01047

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.М-д холбогдох,

2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээг цуцлах, тус гэрээг цуцласнаас хойш барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт албан ёсны эрх, гэрээгүйгээр эрхлэхгүй байх баталгааг гаргуулах, гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргаснаас үүдсэн хохирол 12.218.800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс учирсан хохирол 16.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Д.М-д холбогдуулан 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээг цуцлах, тус гэрээг цуцласнаас хойш барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт албан ёсны эрх, гэрээгүйгээр эрхлэхгүй байх баталгааг гаргуулах, гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргаснаас үүдсэн хохирол 12.218.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. О.Б миний бие ОХУ-ын К ХХК-тай байгуулсан франчайзын гэрээний дагуу 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрээний Б тал болох Д.Мөнх-Эрдэнэтай хамтран ажиллах гэрээг байгуулсан ба тэрээр өдийг хүртэл доорх зөрчлүүдийг гаргасан. 1. Б тал нь ОХУ-ын К ХХК-ийн шаардлагын нэгдүгээрт тавигддаг технологийн картын дагуу бүтээгдэхүүнийг үйлдвэрлээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байгаа нь гэрээний 2.1.2, 5.1.1, 5.2.3-т тус тус заасныг зөрчсөн. 2. Б тал нь гэрээний 5.2.4-т заасны дагуу нийт ажилчидтай нууц хадгалах гэрээг байгуулаагүй байх бөгөөд шинээр ажилтан авах бүртээ гэрээний 4.2.5-д заасан сургалтыг аваагүй байгаа нь гэрээний 4.1.1-д заасныг зөрчсөн. 3. Б тал нь гэрээний 3.1.2-т заасан тогтмол төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлж байх үүргийг зөрчсөн. 4. Б тал нь гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлэх зорилгоор өөрийн салбарын олж буй зарлагын тайланг А талд улирал бүр танилцуулах үүргийг тус тус зөрчсөн нь гэрээнд заасны дагуу ноцтой зөрчилд тооцогдож байна. Тус гэрээ нь хамтран ажиллах буюу ОХУ-ын К ХХК-ийн эрхийг гэрээний үндсэн дээр хариуцагч талд шилжүүлсэн франчайзын гэрээ байх бөгөөд Иргэний хуулийн 338 дугаар зүйлийн 338.2-т заасан эрх хүлээн авагч франчайзын гэрээний үүрэгтэй холбоотой эрх шилжүүлэгчид учруулсан хохирол, зардлыг түүнд нөхөн төлөх үүрэгтэй, түүнчлэн тус хуулийн 204 дүгээр зүйлийн 204.4-т заасны дагуу хариуцагч тал нэхэмжлэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд гэрээний дагуу төлөх үүрэгтэй байсан төлбөр 8.354.400 төгрөг, хууль зүйн зөвлөгөө авсны төлбөр 2.000.000 төгрөг, зар сурталчилгааны төлбөр 1.864.400 төгрөг, нийт 12.218.800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Түүнчлэн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээг цуцлах, тус гэрээг цуцласнаас хойш барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт албан ёсны эрх, гэрээгүйгээр эрхлэхгүй байх баталгааг гаргуулж өгнө үү. Харин хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хамтран ажиллах гэрээ гэсэн нэршилтэй боловч талуудын хүсэл зориг нь оюуны өмчөөр хамгаалагдсан бараа, ажил, үйлчилгээний тэмдэг, загвар, баглаа, боодол, удирдлагын тогтолцоо, бараа бүтээгдэхүүнийг нэг талаас шилжүүлж, нөгөө тал нь холбогдох төлбөрийг төлөх хүсэл зорилготой байсан. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу талуудын хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлагаас үзэхэд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 333 дугаар зүйлд заасан франчайзын гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Франчайзын гэрээний үндсэн шаардлага нь эрх шилжүүлэгч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн эрхийн шударга эзэмшигч байх ёстой байдаг. О.Б нь ОХУ-ын хуулийн этгээд болох К ХХК-тай байгуулсан франчайзын гэрээний дагуу оюуны өмчийг ашигладаг ба тухайн эрхийг бусдад шилжүүлэх эрхтэй гэж тайлбарлан, талууд анх гэрээ байгуулсан. Д.М гэрээний төлбөр болох 25.000.000 төгрөг болон бусад төлбөрийг О.Б-оор дамжуулан ОХУ-ын К ХХК-д шилжүүлж, НӨАТ-ын баримтыг авахаар талууд тохиролцсон боловч тухайн төлбөр хэрхэн шилжсэн талаар Д.М-д мэдэгдээгүй, Д.М энэ талаар удаа дараа мэдээлэл хүссэн боловч өгөөгүй болно. Тухайн гэрээний дагуу франчайзын эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэй эсэхийг удаа дараа Д.М тодруулсан боловч нэг ч удаа баримтаар нотолж байгаагүй. Гэхдээ бид гэрээг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид энэ гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хамгийн сүүлийн байдлаар дараах байдлаар тодорхойж байна. Үүнд: Эрх шилжүүлэгч тал О.Б-н франчайз гэрээний үүргээ зөрчсөн үйлдлийн улмаас эрх хүлээн авагч Д.М-д учирсан хохирол 16.000.000 төгрөг буюу өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, зээлийн хүү 10.500.000 төгрөг, 7 сарын түрээсийн төлбөр 3.500.000 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Иргэний хуулийн 334 дүгээр зүйлийн 334.1-д зааснаар хамтын ажиллагааны хөтөлбөрийг гуравдагч этгээдийн оролцооноос хамгаалахаар зохицуулсан ба талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 2.1.1-д ... эдийн бус хөрөнгийг хэрхэн ашиглах, салбарын үйл ажиллагааг барааны тэмдгийн хүрээнд хэрхэн хөтлөн явуулах чиглэлээр мэргэжлийн удирдлагаар хангана гэж, мөн гэрээний 4.2.6-д ... тогтоосон стандартын дагуу хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад дэмжлэг, туслалцаа үзүүлэх гэж заасны дагуу холбогдох үүргийг эрх шилжүүлэгч тал болох О.Б нь хүлээсэн. Франчайзын гэрээний талуудын хүлээх нийтлэг үүрэг нь эрх шилжүүлэгч тал эрх хүлээн авагч талын үйл ажиллагаанд саад учруулах, эсхүл франчайзын гэрээнд заасан зөрчил гаргахгүй байх үүрэгтэй. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр О.Б-с М групп ХХК-д хүргүүлсэн Д.М нь гэрээнийхээ үүргийг зөрчиж, франчайз гэрээ дуусгавар болсон тул танай байгууллага мөн үйл ажиллагааны бусад эрсдэлээс сэргийлэх үүднээс тус газартай хийсэн гэрээгээ дуусгавар болгож, бидний эзэмшлийн лого, хаяг зэргийг буулгах, үйл ажиллагааг зогсоох, адил төстэй үйл ажиллагаа явуулахгүй байх тал дээр анхаарч, бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэх албан бичгийг хүргүүлсэн. Дээрх албан бичгийн дагуу М групп ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр **** тоот албан бичгийн 2 дахь хэсэгт Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг ***-ийн харилцагч үйлчилгээний албанд мэдэгдэх гэх утга бүхий албан бичиг ирүүлсэн хугацаанаас эхлэн Д.М нь бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон. Талуудын хооронд байгуулсан франчайзын гэрээний дагуу гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгох нөхцөл байдал бий болоогүй байдаг. О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 3 сарын хугацаанд франчайзын төлбөр төлөөгүй гэсэн. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 800.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 800.000 төгрөг тус тус шилжүүлсэн нь банкны дансны хуулгаар тус тус тогтоогдож байгаа. Д.М 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот түрээсийн гэрээг М групп ХХК-тай байгуулсан бөгөөд сарын түрээсийн төлбөр нь 500.000 төгрөг болно. О.Б албан бичиг явуулсан хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Д.М тухайн объектод үйл ажиллагаа явуулж чадаагүй боловч түрээсийн талбайгаа хадгалж үлдэхийн тулд түрээсийн төлбөрийг төлсөөр байгаа. Мөн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Д.М бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэхийн тулд У.Хулантай зээлийн гэрээ байгуулж, тус гэрээний 2.2.-т зааснаар зээлийн хүүнд сарын 3 хувь буюу 1.500.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж байна. Энэхүү шүүхийн маргааны улмаас Л.С надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөд 2.000.000 төгрөг төлсөн. Иймд О.Б-ын гэрээний үүргээ зөрчсөн үйлдлийн улмаас Д.М-д учирсан хохирол буюу түрээсийн төлбөр 3.500.000 төгрөг, 7 сарын хугацааны зээлийн хүү 10.500.000 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөгийг нэхэмжлэгч О.Б-с гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 188.222 төгрөг төлсөн баримт /хх-3, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ /хх-5-7/, талуудын иргэний үнэмлэхний хуулбар /хх-8/, О.Б-ын М групп ХХК-д хүргүүлсэн бичгийн хуулбар /хх-9/, О.Б-с С.М-д олгосон итгэмжлэл /хх-10/, өмгөөлөгч Д.Б-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-11-12/, О.Б-ын Хаан банк ХХК дахь дансны хуулга /хх-13-29/, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг төлсөн баримт /хх-30/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-72/, улсын тэмдэгтийн хураамж 53.350 төгрөг төлсөн баримт /хх-73/, К пицца-ийн франчайзын эрх эзэмшигч О.Б-ын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн В.Л-ийг үндсэн ажилтнаар томилох тухай тушаал /хх-80/, ажилд орохыг хүсэгчийн анкет /хх-81/, О.Б-ын В.Л-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-83-87/, ОХУ-ын К ХХК-тай О.Б-ын байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Түншлэлийн гэрээ /хх-88-99/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-107-108/, улсын тэмдэгтийн хураамж 68.978 төгрөг төлсөн баримт /хх-109/, ** тоот түншлэлийн гэрээний нэмэлт заалтууд гэсэн баримт /хх-110-111/ зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэл /хх-40-42/, улсын тэмдэгтийн хураамж 382.950 төгрөг төлсөн баримт /хх-43/, Д.М-ээс Л.С-т олгосон итгэмжлэл /хх-45/, талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ /хх-46-49/, Д.М-ийн М групп ХХК-тай байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ***** тоот Түрээсийн гэрээ /хх-50-51/, Д.М, У.Х нарын хооронд байгуулагдсан 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ /хх-52-54/, Д.М болон Л.С нарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх-55-56/, М групп ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар албан бичиг /хх-57/, О.Болорын албан бичгийн хуулбар /хх-58/, Д.М-ийн Хаан банк дахь дансны хуулга /хх-59-68/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага /хх-158-159/ зэргийг ирүүлсэн.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн буюу гэрч В.Л-ийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх-169-170/, Э ХХК болон Б.Т нарын хооронд байгуулагдсан нууцын гэрээ болон нууцын баталгаа /хх-175-178/, Э ХХК болон Э.Б нарын хооронд байгуулагдсан нууцын гэрээ болон нууцын баталгаа /хх-179-182/, Д.М-ийн Хаан банк дахь дансны хуулга /хх-183-226/ зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

2. Нэхэмжлэгч О.Б нь ОХУ-ын К ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр *** тоот Түншлэлийн гэрээ-г байгуулж, тус компанийн барааны тэмдэг ба үйл ажиллагааны чиглэлийг ашиглан өөрийн оронд дангаараа үйлдвэрлэл явуулах, ингэхдээ тус гэрээнд оруулсан нэмэлт гэрээний дагуу гуравдагч этгээдтэй хамтран ажиллах эрхтэй болох нь хэргийн 88-93, 110 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Улмаар нэхэмжлэгч О.Б, хариуцагч Д.М нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний дагуу А тал буюу О.Б нь ОХУ-ын К ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд заасан шалгуур, шаардлага, удирдлага, менежментийн тогтолцооны дагуу шинээр байгуулагдах салбарын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай эдийн бус хөрөнгийг хэрхэн ашиглах, салбарын үйл ажиллагааг барааны тэмдгийн хүрээнд хэрхэн хөтлөн явуулах чиглэлээр мэргэжлийн удирдлагаар хангах, Б тал буюу Д.М нь Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, М экспо, М волкинг стрийт дотор байрлах байранд А талын өгсөн удирдамж, хөтөлбөрийн дагуу К бродерс барааны тэмдэг бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах байр, хүний нөөц, эргэлтийн хөрөнгө гэх зэрэг салбарын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхий л хөрөнгө оруулалтын ажлыг хариуцаж, өдөр тутамын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаар, түүнчлэн хамтран ажиллах эрх олж авсны төлбөрт нэг удаа 25.000.000 төгрөгийг Б тал нь А талд төлөх, цаашид сар бүр тогтмол 800.000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдрийн дотор А талд төлж байхаар тус тус тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1-д Франчайзийн гэрээгээр эрх шилжүүлэгч нь өөрийн фирмийн нэр, бараа буюу ажил, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, баглаа, боодол, түүнчлэн ажил хэргийн удирдлагын тогтолцоо, төлөвлөлт, харилцаа холбоо, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ олж авах үндсэн чиглэл зэрэг эдийн бус хөрөнгийг ашиглуулахаар тогтоосон журмаар бүрдүүлсэн лицензийг эрх хүлээн авагчид олгох, эрх хүлээн авагч нь эрх шилжүүлэгчийн боловсруулсан тогтолцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж, түүнд зохих шагнал, хураамж, эсхүл орлогын тодорхой хувийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл талууд дээрх гэрээг Хамтран ажиллах гэрээ хэмээн нэрийдсэн байх боловч тухайн гэрээний зорилго, зохицуулсан харилцаанаас үзэхэд Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1-д заасан франчайзийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

3. Гэвч нэхэмжлэгч нь дараах 4 үндэслэл дурдаж, гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

 

3.1. Б тал нь ОХУ-ын К ХХК-ийн шаардлагын нэгдүгээрт тавигддаг технологийн картын дагуу бүтээгдэхүүнийг үйлдвэрлээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байгаа нь гэрээний 2.1.2, 5.1.1, 5.2.3-т тус тус заасныг зөрчсөн гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.2-т Б.тал А талын өгсөн удирдамж, хөтөлбөрийн дагуу К бродерс барааны тэмдэг бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, ... өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй гэж, 5.1.1-д Б тал салбарын үйл ажиллагааны өдөр тутмын үйл ажиллагааг барааны тэмдэгийн тогтоосон стандарт, А талын өгсөн удирдамж, зааврын дагуу гардан эрхлэнэ гэж, 5.2.3-т Б тал салбарын үйл ажиллагааг гардан эрхлэх явцдаа барааны тэмдэг болон барааны тэмдэг өмчлөгчийн зах зээлийн нэр хүндийг унагаах, хууль болон хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэгтэй. Үүний тулд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд баримтлах эрүүл ахуйн болон бусад эрх бүхий байгууллагаас тогтоосон стандартыг үйл ажиллагаандаа байнгын мөрдлөг болгож, хэрэглэгчийн гаргасан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой гомдлыг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх үүрэгтэй гэж заажээ.

Гэтэл хэрэгт хариуцагч Д.М яг ямар стандартын аль заалтыг зөрчсөн, ямар картын дагуу үйлдвэрлэх ёстой бүтээгдэхүүнийг үйлдвэрлээгүй болох тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх энэхүү гэрээний дээрх заалтын зөрчил гэх үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байна.

3.2. Б тал нь гэрээний 5.2.4-т заасны дагуу нийт ажилчидтай нууц хадгалах гэрээг байгуулаагүй байх бөгөөд шинээр ажилтан авах бүртээ гэрээний 4.2.5-д заасан сургалтыг аваагүй байгаа нь гэрээний 4.1.1-д заасныг зөрчсөн гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2.4-т Б тал салбарын ажилтнуудтай нууц хадгалах гэрээг тусгайлан байгуулж, гэрээг зөрчихгүй байх хариуцлагын болон бусад үр нөлөөтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Тухайлбал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш 3 жилийн хугацаанд өрсөлдөх төрлийн бизнес эрхлэхгүй байх, үүргээ зөрчсөн тохиолдолд хүлээлгэх торгуулийн хариуцлага гэрээнд тодорхой тусгасан байх гэх зэрэг гэж заасан байна.

Хариуцагч Д.М-ээс шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Эм хобби сольюшинс ХХК болон Б.Т нарын хооронд байгуулагдсан нууцын гэрээ болон нууцын баталгаа /хх-175-178/, Э сольюшинс ХХК болон Э.Б нарын хооронд байгуулагдсан нууцын гэрээ болон нууцын баталгаа /хх-179-182/ зэрэг баримт хэрэг ирсэн бөгөөд тухайн нууцын гэрээнүүдээс үзэхэд К франчайз эрхийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглэн ажилтан өөрийн компанид ажиллах хугацаандаа олж авсан аливаа мэдээллийг бусдад задруулахгүй байх үүргийг бүрэн хүлээсэн байна.

Түүнчлэн гэрч В.Л: 14 хоногийн сургалтыг Б /анхны ажилтан/, Тэнгис /дараа нь ажилд орсон/ нарт хичээл заасан. Нэг удаа л 14 хоногийн сургалт хийсэн. О.Б-ын даалгасны дагуу очиж пицца хийх жор, арга техникийг зааж өгсөн гэх мэдүүлэг өгсөн нь хэргийн 169-170 дугаар талд авагдсан.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2.4-т заасан нууцын гэрээг ажилчидтайгаа байгуулах, шинээр ажилтан авах бүртээ сургалт авах үүргээ хэрэгжүүлсэн байх тул уг гэрээний заалтыг зөрчсөн үйл баримт тогтоогдсонгүй.

 

3.3. Б тал нь гэрээний 3.1.2-т заасан тогтмол төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлж байх үүргийг зөрчсөн гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.2-т Б тал сар бүрийн тогтмол төлбөрт 800.000 төгрөгийг А талд төлөх бөгөөд уг төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлнө. А тал нь салбарын үйл ажиллагаа эхэлсэн эхний нэг сарын төлбөрөөс Б талыг чөлөөлнө гэж заажээ.

Хэргийн 61 дүгээр талд авагдсан баримтаар 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 800.000 төгрөг, хэргийн 62 дугаар талд авагдсан баримтаар 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 800.000 төгрөг, хэргийн 63 дугаар талд авагдсан баримтаар 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 800.000 төгрөг, хэргийн 64 дүгээр талд авагдсан баримтаар 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 800.000 төгрөг, хэргийн 65 дугаар талд авагдсан баримтаар 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 800.000 төгрөг, хэргийн 66 дугаар талд авагдсан баримтаар 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 800.000 төгрөг, хэргийн 67 дугаар талд авагдсан баримтаар 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 800.000 төгрөг, хэргийн 68 дугаар талд авагдсан баримтаар 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 800.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч О.Б-т шилжүүлсэн байна.

Тодруулбал, 2021 оны 10 дугаар сар, 11 дүгээр сар, 2022 оны 3 дугаар сар, 4 дүгээр сарын тус тус төлбөр төлөгдөөгүй байх бөгөөд үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа Нэхэмжлэгч О.Б нь Д.М-д пиццаны гурилыг нийлүүлдэг байсан ба тухайн үед ковидын хөл хорионы улмаас яг зориулалтын гурил нь ОХУ-аас ирэхгүй, тээвэрлэлтийн саатал гарсан гэх үндэслэлээр О.Б нь эхэндээ төлбөрийг хойшлуулахыг зөвшөөрдөг байсан. Энэ хугацаанд Монголд үйлдвэрлэгдсэн гурилаар пиццагаа хийхэд Яг өмнөх шигээ пицца гарахгүй байна гэдэг хэрэглэгчдийн санал гомдол ирдэг байсан тул үүнийг О.Б-т танилцуулж байсан. Ингээд энэ хоёр ярилцаад тухайн саруудын үйл ажиллагаа доголдсоныг хэн аль нь хүлээн зөвшөөрч, уг саруудын төлбөрийг хойшлуулж байсан гэдэг.

Гэхдээ талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5-д Б тал гэрээний 3.1.2-т заасан төлбөрийг төлөх үүргээ 3 буюу түүнээс дээш сарын хугацаагаар гүйцэтгээгүй бол А тал нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй гэсэн байх ба дээр дурдсанчлан Д.М дараалласан 2 сар төлбөрийг төлөөгүй, 3 дахь сар төлсөн, дахин дараалласан 2 сар төлөхгүй, 3 дахь сар төлсөн зэрэг үйл баримтаас дүгнэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Нэхэмжлэгч төлбөр төлөх хугацааг хойшлуулсан гэх тайлбар үндэслэл бүхий байна. Нөгөө талаар, энэхүү төлбөртэй холбоотой зөрчил нь үүргийн ялимгүй зөрчил байх тул гэрээг цуцлах ноцтой зөрчил болохгүй гэж үзлээ.

 

3.4. Б тал нь гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлэх зорилгоор өөрийн салбарын олж буй зарлагын тайланг А талд улирал бүр танилцуулах үүргийг зөрчсөн гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т Салбарын үйл ажиллагааны орлого тухайн улиралд 150.000.000 төгрөгөөс дээш гарсан тохиолдолд гэрээний 3.1.2-т заасан төлбөрөөс гадна тухайн улирлын үйл ажиллагааны цэвэр ашгийн 5 хувиар А талд шагнал олгоно гэжээ.

Хариуцагчийн Хаан банк ХХК дахь дансны хуулга хэргийн 183-226 дугаар талд авагдсан бөгөөд нэг улирлын хэмжээнд Д.М-ийн үйл ажиллагааны орлого нь 150.000.000 төгрөгөөс дээш давсан болох нь тухайн дансны хуулгаас тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хамтран ажиллах гэрээг дээрх үндэслэлүүдээр цуцлах үндэслэл болон хариуцагч гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үйл баримтууд тус тус тогтоогдоогүй болно.

 

4. Талуудын хооронд байгуулагдсан франчайзын гэрээ нь хоёр талын гэрээ буюу гэрээний талууд хоёулаа үүрэг хүлээж, хоёулаа эрх эдлэнэ. Үүний дагуу гэрээг цуцлахдаа мөн нэг нэгэндээ мэдэгдэх үүрэгтэй. Ингэхдээ ямар үндэслэлээр яагаад гэрээг цуцалж байгаагаа гэрээний нөгөө талдаа заавал тодорхой хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд тухайн мэдэгдлийг хүлээн авсан тал нь гэрээг цуцлах хугацааг тодорхойлохыг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2-т заасан.

 

Гэтэл нэхэмжлэгч О.Б хариуцагч Д.М-д гэрээг цуцлах тухай мэдэгдлийг өгөөгүй байх бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, харин О.Б-с М групп ХХК-д 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Д.М-тэй байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсон тухай бичиг хүргүүлсэн байна.

 

М групп ХХК нь гэрээний нэг тал биш тул тухайн компанид хүргүүлсэн мэдэгдлийг талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг цуцлах тухай мэдэгдэл гэж үзэхгүй.

 

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын Хамтран ажиллах гэрээг цуцлах, тус гэрээг цуцласнаас хойш барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт албан ёсны эрх, гэрээгүйгээр эрхлэхгүй байх баталгааг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

 

Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэрээг шүүх цуцлаагүй бөгөөд гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзнэ.

 

5. Харин хохирол 12.218.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа гэрээний дагуу төлөх үүрэгтэй байсан төлбөр 8.354.400 төгрөг, хууль зүйн зөвлөгөө авсны төлбөр 2.000.000 төгрөг, зар сурталчилгааны төлбөр 1.864.400 төгрөг хэмээн тодорхойлсон.

 

Гэрээний дагуу төлөх үүрэгтэй байсан төлбөр 8.354.400 төгрөгийн хувьд 2021 оны 10 дугаар сарын төлбөр 800.000 төгрөг, алданги 400.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын төлбөр 800.000 төгрөг, алданги 400.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын төлбөр 800.000 төгрөг, алданги 400.000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын төлбөр 800.000 төгрөг, алданги 400.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын төлбөр 800.000 төгрөг, алданги 400.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын төлбөр 800.000 төгрөг алданги 400.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын төлбөр 800.000 төгрөг, алданги 400.000 төгрөгийг гэрээний 3.1.2, 3.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжилсэн.

 

Үүнээс төлөх үүрэгтэй байсан төлбөр 2021 оны 10, 11, 2022 оны 3, 4 дүгээр сар болон шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаа буюу 2022 оны 7, 8, 9 дүгээр сарын төлбөр 800.000х7=5.600.000 төгрөг,

Харин алдангийн хувьд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны буюу 2022 оны 7, 8, 9 дүгээр сарын төлбөрт ногдох алдангийг тооцох үндэслэлгүй хэмээн үзэж, алдангид 1.600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, үлдэх 1.154.400 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б нь тухайн үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор зар сурталчилгаанд 1.864.400 төгрөг зарцуулсан хэмээн тайлбарлаж, үүнийг гаргуулахаар шаардаж байгаагаа тайлбарласан боловч хэзээ, хэрхэн, ямар зар сурталчилгаа хаана явуулсан болохоо баримтаар нотлоогүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болно.

 

6. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын үндсэн болон сөрөг нэхэмжлэлд дурдагдсан Өмгөөлөгчийн хөлсөд төлсөн 2.000.000 төгрөг гаргуулах тухай тус тусын нэхэмжлэлийн тухайд

 

Аливаа иргэн, хуулийн этгээд нь өөрийн эрхээ хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хуульд заасан журмын дагуу зохих байгууллагад хандахдаа мэргэжлийн хүнээс зөвлөгөө, мэдээлэл авах эрх нь нээлттэй бөгөөд энэхүү эрхээ эдлэх эсэх нь тэдний өөрийнх нь хүсэл зоригийн асуудал юм.

 

Тэр дундаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж, хууль зүйн туслалцаа авч, эд хөрөнгөөсөө тодорхой зардал гаргаж өмгөөлөгч оролцуулсны хөлс нь нэхэмжлэгч болон хариуцагч нарт учирсан хохирол биш бөгөөд энэхүү зардал нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т заасан хохирол гэдэгт хамаарахгүй болно.

 

Иймээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан тус тусын өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно.

 

7. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн хүү 10.500.000 төгрөгийн хувьд хэргийн 52-54 дүгээр талд авагдсан Д.М-ийн У.Х-тай байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ-ээс харахад Д.М нь У.Х-с 50.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авахдаа К ХХК-ийн франчайз эрхийг авч, цаашид үйл ажиллагаа явуулахад ашиглах зориулалтаар авч байгаагаа дурдсан байгаа боловч энэ нь нэхэмжлэгч О.Болорт хамааралгүй.

 

Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.2-т зааснаар Б тал буюу Д.Мөнх-Эрдэнэ нь салбарын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхий л хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцахаар үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү зээлийн эрсдлийг Д.М өөрөө хариуцах нь зүйн хэрэг ба нэхэмжлэгч О.Б-с зээлийн гэрээний дагуу 7 сарын хугацаанд төлсөн гэх хүүгийн төлбөр 10.500.000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзлээ.

 

Мөн тухайн зээлийн гэрээний талуудын гарын үсэг зурсан хэсгээс харахад Зээлдүүлэгч хэсэгт Д.М, Зээлдэгч хэсэгт У.Х тус тус гарын үсэг зурсан нь агуулгын болон бичиг техникийн зөрчилтэй гэрээ байгааг дурдах нь зүйтэй.

 

8. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдсан түрээсийн төлбөр буюу М групп ХХК-тай Д.М-ийн байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ****** дугаартай Түрээсийн гэрээ-ний дагуу хариуцагч нь сар бүр түрээсийн төлбөрт 500.000 төгрөг төлөхөөр бусдын өмнө үүрэг хүлээсэн байх бөгөөд хэдийгээр гэрээний хугацаа дуусгавар болсон байгаа боловч хэргийн 57 дугаар талд авагдсан М групп ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 193 дугаар албан бичгийн агуулгаас харахад тухайн гэрээний харилцааг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаа боловч О.Б, Д.М нарын хооронд үүссэн маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс шалтгаалан цаашид М групп ХХК нь түрээсийн гэрээний харилцааг үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлэхээр хариу хүлээж буйгаа илэрхийлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, өнөөг хүртэл хугацааг түрээсийн гэрээ цуцлагдсан тухай баримт хэрэгт авагдаагүй байгааг дүгнэхэд тухайн түрээсийн гэрээ сунгагдсан гэж үзэх бөгөөд О.Б-ын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдлээс үүдэн Д.М тухайн газартаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноос түүнд хохирол учирсан байх тул түрээсийн гэрээний төлбөр 3.500.000 төгрөгийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар нэхэмжлэгч О.Б-с гаргуулж хариуцагч Д.М-д олгохоор шийдвэрлэсэн болно.

 

9. Иймд Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1, 334 дүгээр зүйлийн 334.2.2, 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2, 229 дүгээр зүйлийн 229.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.М-с франчайзын гэрээний төлбөрт 5.600.000 төгрөг, алданги 1.600.000 төгрөг, нийт 7.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Болорт олгож, мөн нэхэмжлэгч О.Б-с гэрээнээс учирсан хохиролд 3.500.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.М-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Хамтран ажиллах гэрээг цуцлах, тус гэрээг цуцласнаас хойш барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт албан ёсны эрх, гэрээгүйгээр эрхлэхгүй байх баталгааг гаргуулах, мөн алданги 1.154.400 төгрөг, зар сурталчилгааны төлбөр 1.864.400 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, нийт 5.018.000 төгрөг гаргуулах тухай шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх Өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10.500.000 төгрөг, нийт 12.500.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310.550 төгрөг, хариуцагч Д.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-с 130.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Б-т, нэхэмжлэгч О.Бо-с 70.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.М-д тус тус олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1, 334 дүгээр зүйлийн 334.2.2, 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2, 229 дүгээр зүйлийн 229.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.М-с франчайзын гэрээний төлбөрт 5.600.000 төгрөг, алданги 1.600.000 төгрөг, нийт 7.200.000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Б-т олгож, мөн нэхэмжлэгч О.Болороос гэрээнээс учирсан хохиролд 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хариуцагч Д.М-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Хамтран ажиллах гэрээг цуцлах, тус гэрээг цуцласнаас хойш барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт албан ёсны эрх, гэрээгүйгээр эрхлэхгүй байх баталгааг гаргуулах, мөн алданги 1.154.400 төгрөг, зар сурталчилгааны төлбөр 1.864.400 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, нийт 5.018.000 төгрөг гаргуулах тухай шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх Өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10.500.000 төгрөг, нийт 12.500.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310.550 төгрөг, хариуцагч Д.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-с 130.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Б-т, нэхэмжлэгч О.Б-с 70.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.М-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА