Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01243

 

2023 06 23 210/МА2023/01243

О.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/01047 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М д холбогдох,

гэрээний хохирол 12,218,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

гэрээний хохирол 16,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: О.Б нь ОХУ-ын К ХХК-тай байгуулсан франчайзийн гэрээний дагуу 2021 оны 06 сарын 16-ны өдөр Д.М тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэтэл Д.М ОХУ-ын К ХХК-ийн шаардлагын нэгдүгээрт тавигддаг технологийн картын дагуу бүтээгдэхүүнийг үйлдвэрлээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, гэрээний 5.2.4-т заасны дагуу нийт ажилчидтай нууц хадгалах гэрээг байгуулаагүй байх бөгөөд шинээр ажилтан авах бүрдээ гэрээний 4.2.5-д заасан сургалтыг аваагүй, гэрээний 3.1.2-т заасан тогтмол төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй. Мөн өөрийн салбарын олж буй зарлагын тайланг А талд улирал бүр танилцуулах үүргээ зөрчсөн нь гэрээнд заасны дагуу ноцтой зөрчилд тооцогдож байна. Иргэний хуулийн 338 дугаар зүйлийн 338.2 дахь хэсэгт ...Эрх хүлээн авагч франчайзийн гэрээний үүрэгтэй холбоотой эрх шилжүүлэгчид учруулсан хохирол, зардлыг түүнд нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу, мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч тал нэхэмжлэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй. Иймд гэрээний дагуу төлөх төлбөр 8,354,400 төгрөг, хууль зүйн зөвлөгөө авсны төлбөр 2,000,000 төгрөг, зар сурталчилгааны төлбөр 1,864,400 төгрөг, нийт 12,218,800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Түүнчлэн, 2021 оны 06 сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээг цуцлах, тус гэрээг цуцалснаас хойш барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт албан ёсны эрх, гэрээгүйгээр эрхлэхгүй байх баталгааг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хамтран ажиллах гэрээ гэсэн нэршилтэй боловч талуудын хүсэл зориг нь оюуны өмчөөр хамгаалагдсан бараа, ажил, үйлчилгээний тэмдэг, загвар, баглаа, боодол, удирдлагын тогтолцоо, бараа бүтээгдэхүүнийг нэг талаас шилжүүлж, нөгөө тал нь холбогдох төлбөрийг төлөх хүсэл зорилготой байсан. Иргэний хуулийн 333 дугаар зүйлд заасан франчайзийн гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Франчайзийн гэрээний үндсэн шаардлага нь эрх шилжүүлэгч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн эрхийн шударга эзэмшигч байх ёстой байдаг. О.Б нь ОХУ-ын хуулийн этгээд болох К ХХК-тай байгуулсан франчайзийн гэрээний дагуу оюуны өмчийг ашигладаг ба тухайн эрхийг бусдад шилжүүлэх эрхтэй гэж тайлбарлан, талууд анх гэрээ байгуулсан. Д.М гэрээний төлбөр болох 25,000,000 төгрөг болон бусад төлбөрийг О.Б оор дамжуулан ОХУ-ын К ХХК-д шилжүүлж, НӨАТ-ын баримтыг авахаар талууд тохиролцсон боловч тухайн төлбөр хэрхэн шилжсэн талаар Д.М д мэдэгдээгүй, энэ талаар удаа дараа мэдээлэл хүссэн боловч өгөөгүй болно. Тухайн гэрээний дагуу франчайзийн эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэй эсэхийг удаа дараа Д.М тодруулсан боловч нэг ч удаа баримтаар нотолж байгаагүй. Гэхдээ бид гэрээг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид энэ гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа гэжээ.

 

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Эрх шилжүүлэгч тал О.Б ын франчайз гэрээний үүргээ зөрчсөн үйлдлийн улмаас өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, зээлийн хүү 10,500,000 төгрөг, 7 сарын түрээсийн төлбөр 3,500,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2022 оны 06 сарын 10-ны өдөр О.Б оос М ХХК-д ...Д.М нь гэрээнийхээ үүргийг зөрчиж, франчайз гэрээ дуусгавар болсон тул танай байгууллага мөн үйл ажиллагааны бусад эрсдэлээс сэргийлэх үүднээс тус газартай хийсэн гэрээгээ дуусгавар болгож, бидний эзэмшлийн лого, хаяг зэргийг буулгах, үйл ажиллагааг зогсоох, адил төстэй үйл ажиллагаа явуулахгүй байх тал дээр анхаарч, бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэх албан бичгийг хүргүүлсний дагуу М ХХК 2022 оны 06 сарын 21-ний өдөр 193 тоот албан бичгийн 2 дахь хэсэгт ...Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг МВС-ийн харилцагч үйлчилгээний албанд мэдэгдэх... гэх агуулгатай албан бичиг ирүүлсэн хугацаанаас эхлэн Д.М бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон ч түрээсийн талбайгаа хадгалж үлдэхийн тулд түрээсийн төлбөрийг төлсөөр байгаа. Д.М 2021 оны 06 сарын 12-ны өдрийн *** тоот түрээсийн гэрээг М ХХК-тай байгуулсан бөгөөд сарын түрээсийн төлбөр 500,000 төгрөг болно. Талуудын хооронд байгуулсан франчайзийн гэрээний дагуу гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгох нөхцөл байдал бий болоогүй. О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 3 сарын хугацаанд франчайзийн төлбөр төлөөгүй гэсэн. Гэтэл 2022 оны 06 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2022 оны 05 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг тус тус шилжүүлсэн нь банкны дансны хуулгаар тогтоогдож байгаа. Мөн 2021 оны 06 сарын 08-ны өдөр Д.М бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэхийн тулд У.Х тай зээлийн гэрээ байгуулж, тус гэрээний 2.2-т зааснаар зээлийн хүүд сарын 3 хувь буюу 1,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж байна. Энэхүү шүүхийн маргааны улмаас Л.С надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөнд 2,000,000 төгрөг төлсөн. Иймд О.Б ын гэрээний үүргээ зөрчсөн үйлдлийн улмаас Д.М д учирсан хохирол нийт 16,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1, 334 дүгээр зүйлийн 334.2.2, 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2, 229 дүгээр зүйлийн 229.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.М эс франчайзийн гэрээний төлбөрт 5,600,000 төгрөг, алданги 1,600,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Б т олгож, мөн нэхэмжлэгч О.Б оос гэрээнээс учирсан хохиролд 3,500,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.М д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хамтран ажиллах гэрээг цуцлах, тус гэрээг цуцалснаас хойш барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт албан ёсны эрх, гэрээгүйгээр эрхлэхгүй байх баталгааг гаргуулах, мөн алданги 1,154,400 төгрөг, зар сурталчилгааны төлбөр 1,864,400 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 5,018,000 төгрөг гаргуулах тухай шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10,500,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,550 төгрөг, хариуцагч Д.М ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М ээс 130,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Б т, нэхэмжлэгч О.Б оос 70,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.М д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.а. Д.М өөрийн сайн дурын үндсэн дээр, харилцан зөвшилцөөд байгуулсан гэрээний үүргийг ноцтой зөрчсөн байхад хамтран ажиллах гэрээг цуцлах, тус гэрээг цуцалснаас хойш барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт албан ёсны эрх, гэрээгүйгээр эрхлэхгүй байх баталгааг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

6.б. Иргэний хуулийн 338 дугаар зүйлийн 338.3 дахь хэсэгт Эрх шилжүүлэгч нь франчайзийн гэрээний үр дүнд эрх хүлээн авагчийн олох орлогын талаар баталгаа гаргахгүй, хариуцлага хүлээхгүй гэж, түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээнд болон О.Б ын К Б ХХК-тай байгуулсан үндсэн гэрээнүүдэд тодорхой заасаар байхад эрх шилжүүлэгчээс гэрээнээс учирсан хохирол гэх нотлох баримт огт байхгүй 3,500,000 төгрөгийг гаргуулах нь туйлын үндэслэлгүй, илт хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.     Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.     Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Д.М д холбогдуулан гэрээний хохирол 12,218,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний хохирол 16,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1-2, 38-39, 40-42, 72, 107-108, 158-159, /

Нэхэмжлэгчийн тодорхойлсон ...гэрээг цуцлах, цуцалснаас хойш барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг эрхлэхгүй байхыг даалгах... гэх шаардлага нь бие даасан шаардлага бус харин шаардлагын үндэслэл, шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээс үүсэх үр дагавар байна.

Түүнчлэн, шүүх гэрээний нэг тал биш учир гэрээг цуцлах асуудлыг шийдвэрлэхгүй, гагцхүү гэрээний талууд гэрээг цуцалсан эсэх, цуцалсан нь үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх учиртай.

 

3.     Талууд 2021 оны 06 сарын 16-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, О.Б нь ОХУ-ын К Б барааны тэмдэг, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүний орц найрлага, жор, үйлдвэрлэх арга, технологи, үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт зэрэг эдийн бус хөрөнгийг ашиглуулах, Д.М нь эрх олж авсны төлбөрт 25,000,000 төгрөг төлөх, сар бүр тогтмол 800,000 төгрөг төлөх, үйл ажиллагааны цэвэр ашгийн 5 хувьтай тэнцэх шагнал олгох нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 5-7/

 

4.     Нэхэмжлэгч нь дээрх гэрээг ОХУ-ын К ХХК-тай байгуулсан 2019 оны 09 сарын 15-ны өдрийн 24 тоот Түншлэлийн гэрээ, 2021 оны 06 сарын 01-ний өдрийн 24 тоот түншлэлийн гэрээний нэмэлт заалтууд зэргийг үндэслэн байгуулсан гэж тайлбарлаж байна. /хх 88-93, 94-98, 100, 101/

 

5.     Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 331 дүгээр зүйлийн 333.1 дэх хэсэгт заасан франчайзийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ О.Б болон ОХУ-ын К ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ, түүний нэмэлт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал:

5.а.Магадлалын хянавал хэсгийн 4-т дурдагдсан 24 тоот Түншлэлийн гэрээ, *** тоот түншлэлийн гэрээний нэмэлт заалтууд зэргээр ОХУ-ын К ХХК-аас нэхэмжлэгч О.Б т К Б бараа буюу ажил, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, баглаа, боодол, түүнчлэн удирдлагын тогтолцоо, төлөвлөлт зэрэг эдийн бус хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэн ашиглуулах эрхийг олгоогүй байна. /88-93, 94-98, 100, 101/

5.б.Нэхэмжлэгч нь 2021 оны 06 сарын 01-ний өдрийн *** тоот түншлэлийн гэрээний нэмэлт заалтууд-ын 1-т дурдсанаар К Б франчайз эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэн ашиглуулах эрхтэй гэж тайлбарлах боловч уг заалт нь ...гуравдагч этгээдтэй хамтарч ажиллаж болно... гэсэн агуулгатай байна. /хх 100, 101/

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн утгыг шууд анхаарах бөгөөд франчайзийн гэрээг гуравдагч этгээдэд шилжүүлэх болон гуравдагч этгээдтэй хамтарч ажиллах нь хууль зүйн хувьд хоёр тусдаа ойлголт юм.

 

6.     Иймд нэхэмжлэгч О.Б ыг Иргэний хуулийн 334 дүгээр зүйлийн 334.2.4-т эрх шилжүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр лиценз болон франчайзийн гэрээг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх гэснийг зөрчиж хариуцагч Д.М тэй 2021 оны 06 сарын 16-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзнэ.

Улмаар, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-д хамаарч байх тул хүчин төгөлдөр бус байна.

 

7.     Аливаа хүчин төгөлдөр бус гэрээ нь гэрээний эрх, үүрэг шаардах эрхийг үүсгэхгүй тул анхан шатны шүүх хариуцагчаас франчайзийн гэрээний төлбөр 5,600,000 төгрөг, алданги 1,600,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Гэсэн хэдий ч хариуцагч тал уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул диспозитив зарчим, гомдол гаргасан талын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмын үүднээс шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

8.     Түүнчлэн, анхан шатны шүүх өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10,500,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

9.     Харин ...нэхэмжлэгчээс 3,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэсэн нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Учир нь, хариуцагч Д.М нь ...нэхэмжлэгч О.Б ын буруутай үйл ажиллагааны улмаас М ХХК-д 3,500,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж хохирсон гэж тайлбарлах боловч уг тайлбартаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан М ХХК-аас Д.М д хаягласан 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 193 тоот мэдэгдэл-ээс хойшхи цаг хугацаанд хариуцагч Д.М нь 3,500,000 төгрөгийг төлж хохирсон болох нь баримтаар нотлогдохгүй байх тул анхан шатны шүүх уг дүнг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. /хх 57/

 

10.  Хариуцагч Д.М нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Крэйзи Б бараа буюу ажил, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, баглаа, боодол, түүнчлэн удирдлагын тогтолцоо, төлөвлөлт зэрэг эдийн бус хөрөнгийг ашиглах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

11.  Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/01047 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.М ээс 7,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Б т олгож, үлдэх 5,018,800 төгрөгт холбогдох шаардлага болон нэхэмжлэгч О.Б оос 16,000,000 төгрөг гаргуулах Д.М ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...нэхэмжлэгч О.Б оос 70,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.М д тус тус... гэснийг хасч,

нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАДРАХ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.НЯМБАЗАР