Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2023/03768

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 27 181/ШШ2023/03768

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...........................тоотод оршин суух,П.А  /Регистрийн дугаар:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........................... байрлах, Э.М ГХОХХК /Регистрийн дугаар:...../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 27.001.091 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.А нь Э. М ГХОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаарджээ. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Пүрэврагчаа овогтой Ариунтуяа миний бие Э. М ГХОХХК-д 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс Оюу толгой уурхайн талбар дах гүний уурхайд инженер засварчингаар ажиллаж эхэлсэн. Гэтэл тус компанийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 23/123 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан шалтгаанаар ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, сайн ажиллаж байсан. Харин ч жил шахам хоёр хүний ажлыг би ганцаараа хийж байсан удаатай. Надад удирдлагаас бэлгийн дарамт шахалт үүсгэж байсан, үүнийг би журмын дагуу удирдлагадаа хэлсэн ч тоогоогүй. Анх нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2-т гэрээний хугацааг Оюу толгой ХХК-тай байгуулсан гэрээний хугацаагаар буюу төслийн үргэлжлэх хугацаагаар тооцож хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний хугацааг сунгаж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэхдээ өмнөх заалтыг дордуулсан. Анхны гэрээнд үйл явдлаар хөдөлмөрийн гэрээний хугацааг тодорхойлсон байсныг өөрчилж хоногоор болгож 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 6 сар хэмээн хавсралтад зааж өгсөн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хуульд нийцээгүй зохицуулалт болсон. Ийм заалт оруулсныг нэхэмжлэгч тухайн үедээ мэдээгүй, сүүлд мэдсэн.

Шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан үндэслэлээр ажилтантай хугацаатай гэрээ байгуулах тохиолдолд үйл явдлаар хугацааг тодорхойлохоор, харин огноо-гоор тодорхойлогдохгүй байхаар зохицуулсан. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг шинэчлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасныг зөрчсөн. Үүнээс гадна Оюу толгой ХХК, Э. М ГХОХХК-ийн хоорондох гэрээ буюу төсөл дуусгавар болоогүй, нэхэмжлэгчээс бусад ажилтнууд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа. Мөн нэхэмжлэгч ростерийн ээлжээс буусан өдөрт нь түүний ажиллаж байсан ажлын байранд шинээр ажилтан авахаар сонгон шалгаруулалт зарласан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т хугацаатай байгуулсан гэрээний нийт хугацаа хоёр жил өнгөрсөн бол гэрээг хугацаагүй байгуулагдсан гэж үзэхээр заасан. Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд ... хөдөлмөрийн гэрээнд ... өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж зааснаар ажилтанд ашигтайгаар тайлбарлах ёстой. Иймд хуулийн дээрх зохицуулалтыг хууль шинээр хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш тоолохгүй, харин анх байгуулсан хугацаанаас тооцох ёстой. Энэ болзлыг нэхэмжлэгч бүрэн хангасан тул түүнтэй байгуулсан гэрээ хугацаагүй байгуулагдсан.

Иймд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 23/123 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 6-11 дүгээр сард тооцож 27.001.091 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн эрхийн гурван талт хорооны шийдвэрийг авсан даруйдаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэдгээ сүүлд мэдэгдсэн даруйд дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, гаргасан тайлбартаа: Э. М ГХОХХК нь уул уурхайн тоног төхөөрөмжийн борлуулалт, лизинг, түрээс засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Оюу толгой ХХК-иас жил тутам зарладаг тендерт өрсөлдөн шалгарч уурхайн өрөмдлөгийн багаж хэрэгсэлийн засвар үйлчилгээ явуулах тодорхой хугацаатай гэрээ байгуулан ажилладаг. Энэхүү гэрээний хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгон Оюу толгойн уурхайн талбар буюу Далд уурхайн өрөмдлөгийн багаж хэрэгслийн засвар үйлчилгээний хэлтсийн ажлын байранд ажиллах ажилтануудтай хөдөлмөрийн гэрээг хугацаатайгаар байгуулдаг. Өөрөөр хэлбэл Оюу толгой ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа буюу санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүргийн хугацаагаар байгуулдаг. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ энэ тухайгаа тодорхой дурдсан байдаг. Үүнд:

Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаагаар Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны хууль/ 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэж, Оюу толгой ХХК болон Э. М ХХК-ийн хооронд 2019 оны 11-р сарын 28-ны өдөр байгуулсан Өрөмдлөгийн багаж хэрэгсэл нйилүүлэх болон дагалдах үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний хугацаагаар байгуулсан.

2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасныг үндэслэж, 2023 оны 5 дугаар сарын 21-нийг дуустал хугацаагаар байгуулсан.

Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох байсан боловч Оюу толгойгоос зарласан тендерийн дараагийн шалгаруулалтын хариу хүлээгдэж байсан тул Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгах саналыг П.Агийн цахим шуудангийн /[email protected]/ хаягаар 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн. П.А тухайн саналыг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр цахим хаягаар ирүүлсэн. Энэ хугацаанд П.А Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т заасны дагуу 14 хоногийн уртын ээлж /ростер/-ийн амралттай байсан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр уртын ээлж /ростер/-ийн хуваарийн дагуу Оюу толгойн уурхайн талбар дээр очих байсан.

Ингээд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул П.Аг Улаанбаатар хот дахь төв оффист дуудан уулзаж хөдөлмөрийн гэрээг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс дуусгавар болгох тухай урьдчилан мэдэгдсэн. Ийнхүү уулзаж мэдэгдэхдээ буцаж Оюу толгойн уурхайн талбарлуу ростерийн хуваарийн дагуу явах шаардлагагүй болсон талаар танилцуулж, түүний ажиллах ёстой байсан 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны цалинг ажилласнаар тооцож олгох тухайгаа хэлсэн байдаг. П.А нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буйг хүлээн зөвшөөрч, чөлөөлөгдөх үеийн компанид өгөх өглөг болох 818.000 төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжээс өгч барагдуулах тухай хүсэлтийг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр цахим шуудангаар ирүүлсэн байдаг.

Анх П.Атай Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцож хугацаатайгаар төслийн ажлын санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой уялдуулан байгуулсан байдаг. Энэ нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасанд нийцүүлсэн. Түүнийг ажлаас халаагүй, харин анхнаасаа хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг үндэслэн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Хууль буцаан хэрэглэхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасан хоёр жилийн хугацаа-г 2021 оны хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойшхи хугацаанд хамаарна. Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хугацаа хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш тоолоход хоёр жил болоогүй. Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д гэрээний хугацааг хуанлийн жил, сар, өдрөөр эсхүл зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлохоор заасан тул 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд хугацаагаар тодорхойлж заасан. Зөвхөн үйл явдлаар тодорхойлох ёстой тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Үүнээс гадна хэрэв дээрх гэрээг зөвшөөрөхгүй, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзсэн бол энэ тухайгаа шүүхэд гомдол гаргах боломжтой байсан. Нэхэмжлэгч гомдол гаргаж байгаагүй тул хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд одоо маргах үндэсгүй.

Түүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар гурван талт хорооны шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гурван талт хорооны хариуг авсан хэрнээ шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хандсан байх тул хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн.

Тус байгууллага Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хугацаатай хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн захирлын тушаал хуулбараар, Хугацаатай хөдөлмөрийн гэрээнүүдийн англи болон монгол хэл дээрх гарын үсэг зурагдаагүй хуулбарууд, ажлын байрны тодорхойлолтын хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, захирамж гардаж авсан тухай баримт зэргийг ирүүлжээ. /хх 3-40, 133-134, 215-217/

Хариуцагчаас баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2023 оны 5, 6 дугаар сарын цалингийн мэдээлэл, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 09-ний хүртэлх харилцсан цахим захидлууд, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 23/123 тоот захирлын тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 22/519 тоот захирлын тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ, түүний хавсралтаар ажлын байрны тодорхойлолт, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 21/020 тоот захирлын тушаал, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ, компанийн бодлого журмыг хүлээн авсан нотолгоо бас зөвшөөрсөн тухай баримт, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын тодорхойлолт, ажилтны хувийн мэдээллийн маягт, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний мэдэгдэл англи хэл дээр хуулбараар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Оюу толгой ХХК, Э. М ХХК нарын хоорондох алхан өрмийн материал нийлүүлэх CW2133530 тоот гэрээ, түүний өөрчлөлтийн гэрээ №5-ний эхний нүүр хэсэг англи болон монгол хэлээр, 2023 оны 5 дугаар сарын ростерийн хуваарь, Хөдөлмөрийн дотоод журам англи, монгол хэлээр ирүүлжээ. /хх 46-48, 56-104, 108-109, 150-166, 197-212/

Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2023/16001 шүүгчийн захирамжийн дагуу цахим мэйлд хийсэн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн хүсэлтээр 181/ШЗ2023/18255 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хийсэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хариуцагчаас баримтаар гаргуулсан 2023 оны 6 дугаар сарын ростерын хуваарь зэргийг бүрдүүлжээ. /хх 120-131, 177-196, 213/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч П.А нь Э. М ГХОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 27.001.091 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа үйл явдлаар хугацааг тодорхойлох хуульд заасан шаардлагыг зөрчсөн, Оюу толгой төсөл дуусгавар болоогүй, нэхэмжлэгчээс бусад ажилтнууд ажиллаж байгаа, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т зааснаар гэрээг хугацаагүй байгуулсанд тооцогдох тул тушаал үндэслэлгүй гэв.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: анхнаасаа харилцан тохиролцож хөдөлмөрийн хугацаатай гэрээг байгуулсан, гэрээний хугацаа дуусгавар болсон тул тушаал хууль зүйн үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-д заасан нөхцөл бүрдээгүй гэж тайлбарлав.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Э. М ГХОХХК-ийн захирлын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 21/020 тоот тушаалаар П.Аг тус компанийн гүнийн уурхайнд RDD хэлтсийн гүний уурхайн инженер засварчин албан тушаалд мөн өдрөөс эхэлж 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаагаар томилон ажиллуулахаар шийдвэрлэж талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсчээ. /хх 87/

4.2.Тус компанийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 22/519 тоот тушаалаар П.Аг мөн өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаагаар томилон ажиллуулахаар шийдвэрлэж, улмаар мөн өдрөө хугацааг 6 сараар сунгасан Хөдөлмөрийн хугацаатай гэрээг шинэчлэн байгуулжээ. /хх 76-86/

Ажил олгогчоос дахин гэрээний хугацааг 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуусталх хоёр долоо хоногийн хугацаагаар сунгах саналыг нэхэмжлэгчид 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр цахимаар хүргүүлсэн, нэхэмжлэгч саналыг хүлээн зөвшөөрсөн хариуг 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр буцаан ирүүлснээр зохигчид харилцан тохиролцож цахим хэлбэрээр гэрээг байгуулж сунгасан үйл баримтад маргаагүй, шүүхээс цахим захидалд хийсэн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. /хх 6-7, 69-72, 120-126/

4.3.Тус компанийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 23/123 тоот тушаалаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Хугацаатай хөдөлмөрийн гэрээний 3.1, хавсралт 1-ний үндсэн нөхцлийн 3, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт зэргийг баримтлан П.Атай байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /хх 197/

4.4.Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байранд 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажилтан авахаар нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан үйл баримтад зохигчид маргаагүй, шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

5.Зохигчид дээрх 23/123 тоот тушаалын хууль зүйн үндэслэлд, түүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4, 50.5-д заасан зохицуулалтыг хэрхэн ойлгож хэрэглэх талаар маргаж байна.

Маргааны зүйл болсон 23/123 тоот тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэж,

2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хугацаатай хөдөлмөрийн гэрээний 3.1-д ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь хавсралтад заасан хүчинтэй хугацаанаас эхлэн дуусах өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй байна. Оюу толгой ХХК болон компанийн хооронд байгуулсан газар доорх өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээ-ний хэрэгжилтийн явц, бусад төлөв, нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү хугацаатай хөдөлмөрийн гэрээ нь дахин 11 сараас сунгагдах, эсхүл хугацаанаасаа өмнө цуцлагдаж болно гэж,

хавсралт 1-ний үндсэн нөхцлийн 3-т гэрээний хугацаа 6 сар, дуусах хугацаа 2023 оны 5 дугаар сарын 21-нд гэж, цахимаар байгуулагдсан 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гэрээнд хугацаа 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дуустал гэж заажээ.

5.1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хөдөлмөрийн гэрээ хугацаатай буюу хугацаагүй байна гэж, 23.2.2-т талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж тус тус заасан. Ажил олгогч хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажилтантай хугацаатай гэрээ байгуулах тохиолдолд ийнхүү хугацаатай байгуулах болсон тодорхой үндэслэл, шалтгаан бий болсон байх, улмаар ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр тохиролцсон байхыг шаардана.

Талуудын хоорондох 2021 онд байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр зохигч хэн алин нь шүүхэд ирүүлээгүй тул энэ гэрээг хугацаатай байгуулах болсон үндэслэл хуульд нийцсэн эсэх талаар шүүх дүгнэлт өгөх боломжгүй. Гэвч нэхэмжлэгч талаас 2021 онд анх гэрээг харилцан тохирч хугацаатай байгуулсан үйл баримтад маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хуралдааны явцад гаргаж байхаас гадна маргааны зүйл болсон тушаалд сүүлд байгуулсан 2022 оны гэрээг үндэслэл болгосон байх тул шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзсэн болно.

5.2.Харин нэхэмжлэгч 2022 онд хугацаатай гэрээг шинэчлэн байгуулахдаа гэрээний хугацааг үйл явдлаар бус он, сар, өдрөөр заасан явдал Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6, 50.5-д нийцээгүй гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Хөдөлмөрийн гэрээг дор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гэж заахдаа хугацаатай байгуулж болох 6 нөхцлүүдийг нэрлэн заасан, түүн дотроос 50.1.6-д санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх тохиолдолд гэрээг хугацаатай байгуулж болохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгчтэй 2022 онд хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2022 оны 22/519 тоот тушаалын үндэслэлд баримталсан байдлаар тогтоогдсон. Үүнд маргаагүй болно.

Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж, 50.5Хөдөлмөрийн гэрээний хугацааг хуанлийн жил, сар, өдрөөр, эсхүл энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлно гэж заажээ.

Хууль тогтоогч энэ заалтад эсхүл гэсэн холбоос үг хэрэглэх замаар хоёр нөхцлийг нэг өгүүлбэрт холбосон байх тул хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тохиолдолд хугацааг он, сар, өдрөөр гэрээнд заах замаар тодорхойлох, эсхүл ирээдүйд зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлох замаар хугацааг тогтоох боломжтой гэж үзнэ.

Иймд хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан нөхцлөөр гэрээ байгуулах тохиолдолд зөвхөн үйл явдлаар хугацааг тодорхойлох ёстой, хууль зөрчсөн тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хугацаатай гэрээг хуульд нийцээгүй, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл комисст гаргаж байгаагүй, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гаргах хуульд заасан хугацаа өнгөрчээ. Үүнээс гадна тус хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т зааснаар шүүхэд шаардлага гаргаагүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

5.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т Энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно гэж заажээ.

Нэхэмжлэгч тус компанид 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс ажиллаж эхэлсэн, маргааны зүйл болсон 23/123 тоот тушаал гарах хүртэл тасралтгүй ажилласан үйл баримтад зохигчид маргаагүй тул гэрээг дуусгавар болгосон 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нэхэмжлэгч нийтдээ тус байгууллагад 2 жил 2 сар ажиллажээ. Иймд хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний нийт хугацаа хоёр жилээс дээш байх тул талуудын хоорондох Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагчаас хуулийн дээрх зохицуулалт шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшх хоёр жилийн хугацаанд хамаарна, хууль буцаан хэрэглэх ёсгүй гэж маргасан.

Хуулийн дээрх заалтад анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр гэж зааснаас үзвэл энэ хуулийн зохицуулалт шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнөх хугацаанд ч байгуулсан гэрээнд нэгэн адил хамаарах агуулгатай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж заасан. Мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно гэж зааснаас гадна Хөдөлмөрийн тухай хуулинд хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад тухайн хуулийн зорилт оршихоор тодорхойлсон тул шүүх дээрх байдлаар ажилтанд ашигтайгаар тайлбарлан хэрэглэнэ.

6.Нэгэнт дээр дурдснаар талуудын хоорондох гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг баримталж гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 23/123 тоот тушаал үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах нь зүйтэй.

7.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад гомдол гаргах хуульд заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн эсэхэд талууд маргасан.

Хэргийн баримтаар нэхэмжлэгчид 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тушаалыг хэзээ гардуулсан талаарх баримт авагдаагүй боловч нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд хандсныг 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 80 дугаар тэмдэглэлээр дуусгавар болгожээ. Тус шүүхэд 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасныг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, улмаар дахин 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр энэ нэхэмжлэлийг гаргасан болох нь тогтоогдож байх тул шүүх гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж үзэв.

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан нөхөх олговрын тухайд: нэхэмжлэгч тушаал гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх хугацаагаар тооцон 27.001.091 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5-т зааснаар ажилтны сүүлийн гурван сарын цалин хөлсний дундажаас /6.151.312+4.826.178+1.545.928/ тооцвол нэг өдөрт 194.161 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 05-наас өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх ажлын 118 хоногт тооцож 22.910.998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

10.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан П.Аг Э. М ГХОХХК-ийн Гүний уурхайн өрөмдлөгийн багаж сэлбэг хэрэгслийн засвар үйлчилгээний хэлтсийн гүний уурхайн инженер засварчингийн ажилд эгүүлэн тогтоож, нөхөх олговорт 22.910.998 /хорин хоёр сая есөн зуун арван мянга есөн зуун ерэн найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.090.093 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 272.505 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ