Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00339

 

П.А*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03768 дугаар шийдвэртэй,

П.А*******гийн нэхэмжлэлтэй, Э******* ГХОХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 27,001,091 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би Э******* ГХОХХК-д 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс О******* уурхайн талбар дахь гүний уурхайд инженер засварчингаар ажиллаж эхэлсэн. Гэтэл тус компанийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би ажиллах хугацаандаа 2022 онд rockstar буюу байгууллагын шилдэг ажилтан, багуудын сайжруулалтын шилдэгээр тус тус шалгарч байсан. Гэтэл надад удирдлагаас бэлгийн дарамт шахалт үүсгэж байсан тул би журмын дагуу удирдлагадаа хэлсэн ч тоогоогүй.

1.2. Хөдөлмөрийн гэрээний 3.2-т гэрээний хугацааг О******* ХХК-тай байгуулсан гэрээний хугацаагаар буюу төслийн үргэлжлэх хугацаагаар тооцож хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний хугацааг сунгаж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэхдээ өмнөх заалтыг дордуулсан. Анхны гэрээнд үйл явдлаар хөдөлмөрийн гэрээний хугацааг тодорхойлсон байсныг өөрчилж хоногоор болгож 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 6 сар хэмээн хавсралтад зааж өгсөн нь хуульд нийцээгүй зохицуулалт болсон. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан үндэслэлээр ажилтантай хугацаатай гэрээ байгуулах тохиолдолд үйл явдлаар хугацааг тодорхойлохоор, харин огноо-гоор тодорхойлогдохгүй байхаар зохицуулсан. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэхдээ дээрх хуулийн заалтыг зөрчсөн.

1.3. О******* ХХК, Э******* ГХОХХК-ийн хоорондох гэрээ болон төсөл дуусгавар болоогүй, нэхэмжлэгчээс бусад ажилтнууд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа. Мөн нэхэмжлэгч ростерийн ээлжээс буусан өдөрт нь түүний ажиллаж байсан ажлын байранд шинээр ажилтан авахаар сонгон шалгаруулалт зарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т хугацаатай байгуулсан гэрээний нийт хугацаа хоёр жил өнгөрсөн бол гэрээг хугацаагүй байгуулагдсан гэж үзэхээр заасан. Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд ... хөдөлмөрийн гэрээнд ... өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж зааснаар ажилтанд ашигтайгаар тайлбарлах ёстой. Хуулийн дээрх зохицуулалтыг хууль шинээр хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш тоолохгүй, харин анх байгуулсан хугацаанаас тооцох ёстой. Энэ болзлыг нэхэмжлэгч бүрэн хангасан тул түүнтэй байгуулсан гэрээ хугацаагүй байгуулагдсан гэж үзнэ.

Иймд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 27,001,091 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Э******* ГХОХХК нь уул уурхайн тоног төхөөрөмжийн борлуулалт, лизинг, түрээс засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. О******* ХХК-аас жил тутам зарладаг тендерт өрсөлдөн шалгарч уурхайн өрөмдлөгийн багаж хэрэгсэлийн засвар үйлчилгээ явуулахаар тодорхой хугацаатай гэрээ байгуулж ажилладаг. Энэхүү гэрээний хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгон Оюу толгойн уурхайн талбар буюу Далд уурхайн өрөмдлөгийн багаж хэрэгслийн засвар үйлчилгээний хэлтсийн ажлын байранд ажиллах ажилтануудтай хөдөлмөрийн гэрээг хугацаатайгаар байгуулдаг. Өөрөөр хэлбэл, О******* ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа буюу санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүргийн хугацаагаар байгуулдаг. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ энэ тухайгаа тодорхой дурдсан. Үүнд:

Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаагаар Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны хууль/ 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн, О******* ХХК болон Э******* ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Өрөмдлөгийн багаж хэрэгсэл нйилүүлэх болон дагалдах үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацаагаар байгуулсан. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасныг үндэслэн, 2023 оны 5 дугаар сарын 21-нийг дуустал хугацаагаар байгуулсан. Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох байсан боловч Оюу толгойгоос зарласан тендерийн дараагийн шалгаруулалтын хариу хүлээгдэж байсан тул хөдөлмөрийн гэрээний хугацааг 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгах саналыг П.А*******гийн цахим шуудангийн ******* хаягаар 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн. П.А******* тухайн саналыг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр цахим хаягаар ирүүлсэн.

Энэ хугацаанд П.А******* Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т заасны дагуу 14 хоногийн уртын ээлж /ростер/-ийн амралттай байсан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр уртын ээлж /ростер/-ийн хуваарийн дагуу Оюу толгойн уурхайн талбар дээр очих байсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул П.А*******г төв оффист дуудан уулзаж хөдөлмөрийн гэрээг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс дуусгавар болгох тухай урьдчилан мэдэгдсэн. Ингэхдээ Оюу толгойн уурхайн талбарлуу ростерийн хуваарийн дагуу явах шаардлагагүй болсон талаар танилцуулж, түүний ажиллах ёстой байсан 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны цалинг ажилласнаар тооцож олгох тухайгаа хэлсэн. П.А******* нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буйг хүлээн зөвшөөрч, чөлөөлөгдөх үеийн компанид өгөх өглөг болох 818,000 төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжээс өгч барагдуулах тухай хүсэлтийг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр цахим шуудангаар ирүүлсэн.

2.2. Анх П.А*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцож хугацаатайгаар төслийн ажлын санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой уялдуулан байгуулсан. Энэ нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасанд нийцүүлсэн. Түүнийг ажлаас халаагүй, харин анхнаасаа хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг үндэслэн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Хууль буцаан хэрэглэхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасан хоёр жилийн хугацааг 2021 оны хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойшхи хугацаанд хамаарна. Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хугацаа хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш тоолоход хоёр жил болоогүй. Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д гэрээний хугацааг хуанлийн жил, сар, өдрөөр эсхүл зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлохоор заасан тул 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд хугацаагаар тодорхойлж заасан тул нэхэмжлэгчийн үйл явдлаар тодорхойлох ёстой гэх тайлбар үндэслэлгүй. Дээрх гэрээг зөвшөөрөхгүй, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзсэн бол энэ тухайгаа шүүхэд гомдол гаргах боломжтой байсан. Нэхэмжлэгч гомдол гаргаж байгаагүй тул хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд одоо маргах үндэслэлгүй. Түүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар гурван талт хорооны шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гурван талт хорооны хариуг авсан хэрнээ шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хандсан байх тул хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн.

Иймд манай компани Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан П.А*******г Э******* ГХОХХК-ийн гүний уурхайн өрөмдлөгийн багаж сэлбэг хэрэгслийн засвар үйлчилгээний хэлтсийн гүний уурхайн инженер засварчингийн ажилд эгүүлэн тогтоож, нөхөх олговорт 22,910,998 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,090,093 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 272,505 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь хэсэгт заасан нөхцөлөөр гэрээ байгуулах тохиолдолд үйл явдлаар хугацааг тодорхойлох ёстой гэж маргаж буй нь үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч тус байгууллагад нийтдээ 2 жил, 2 сар ажилласан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж заасан. Мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно гэж зааснаас гадна Хөдөлмөрийн тухай хуулинд хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад тухайн хуулийн зорилт оршихоор тодорхойлсон тул шүүх дээрх байдлаар ажилтанд ашигтайгаар тайлбарлан хэрэглэнэ гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж эхэлснээс хойш хугацаанд буюу 2022 оны 11 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээ болон 2023 оны 05 дугаар сарын 21-ний байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт хугацаатай гэрээ нь ажилтаны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцлийг дордуулсан зүйл заалт байдаггүй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байвал шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно гэж заасан байгаа нь Хөдөлмөрийн гэрээний талууд болох ажил олгогч болон ажилтаны хэн алин нь харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шинээр баталсан хууль тогтоомжийг буцаан хэрэглэж болохоор зохицуулсан заалт бөгөөд зөвхөн гэрээний нэг талын ашиг сонирхолд нийцүүлэн хууль буцаан хэрэглэх зохицуулалт биш. Мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй, 5.2-т шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, гэрээний аль нэг талд хохирол учруулахаар байгаа тохиолдолд хууль буцаан хэрэглэж болохгүй гэсэн зохицуулалттай байгааг шүүх хууль хэрэглээний хувьд анхаараагүй. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт хуульд заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж заасан.

4.2. Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд хандсаныг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 80 дугаар тэмдэглэл /шийдвэрээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон бөгөөд тэрээр 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр энэхүү маргаан бүхий хэргийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэтэл шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй тус шүүхэд 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, улмаар дахин 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргахдаа ирүүлсэн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлж эхлэх хүртэл хугацаанд дээр дурдсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хэрэгт нотлох баримтаар өгөөгүй. Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам илэрхий зөрчиж шүүх хуралдааны дундуур нэхэмжлэгч талаас тухайн захирамжийг гаргуулан авч хэрэгт хавсаргаж хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчиж нотлох баримтаар хэрэгт авсан баримтыг анхан шатны шүүхийн шийдвэрт тусгаж, үндэслэл болгон шийдвэр гаргасан байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр П.А*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нэмэлтээр гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д заасны дагуу ажил олгогч ажил үүргээр хангах үүрэгтэй. Гэтэл П.А*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөр цуцалсан. П.А*******г 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ростероос буугаад хотод ирээгүй байхад түүний ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан нь ойлгомжгүй байна.

5.2. 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, ажилтны эрх зүйн байдал болон хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулж болохгүй. Хугацааг хуанлийн өдрөөр заасан нь ажилтны эрхийг дордуулж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт анх байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэмэлт гэрээний хугацаа 2 жилээс  илүү байвал хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзнэ гэж заасан. Талууд гэрээ байгуулахдаа гарын үсгээ зурж, харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно гэж заасан. Дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэж заасан.

Түүнчлэн, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө П.А******* ажлаас чөлөөлсөн. Дээд шүүхийн зөвлөмжийн 3.2-т ...ажил үүргээр хангаагүй нь ажлаас халагдсантай адилтгаж үзнэ гэж заасан. Хэргийн 182-189 дүгээр талд П.А*******гийн ажлын байранд шинээр сонгон шалгаруулалт зарласан талаарх баримт байгаа. Үүнээс харахад Э******* ГХОХХК-ийн О******* ХК-тай байгуулсан төслийн хугацаа дууссан эсэхэд эргэлзээ төрж байна. Одоог хүртэл Э******* ГХОХХК-ийн Оюу толгой ХК-тай байгуулсан төслийн хугацаа дуусаагүй байна гэжээ. 

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч П.А******* нь хариуцагч Э******* ГХОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.а. Нэхэмжлэгч П.А******* нь хариуцагч Э******* ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, Гүний уурхайн инженер засварчнаар ажилд орсон байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 3.1-т энэхүү гэрээ нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байхаар талууд харилцан тохиролцсоноор тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. / хх-ийн 87-90/

3.б. Хариуцагч байгууллагын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн захирлын 22/519 тоот тушаалаар нэхэмжлэгчтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2022 оны 11 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 6 сарын хугацаагаар сунгасан үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /хх-ийн 76-86/

3.в. Дээрх хөдөлмөрийн гэрээнд 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 04-нийг өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар сунгах саналыг нэхэмжлэгчид 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр цахимаар хүргүүлснийг нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зөвшөөрч байна гэх хариуг буцаан хүргүүлсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон байна. /хх-ийн 69-72/

3.г. Хариуцагч байгууллагын захирлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23/123 тоот тушаалаар хугацаатай хөдөлмөрийн гэрээний 3.1, хавсралт 1-ийн үндсэн нөхцөлийн 3 болон 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найргуулга/-ийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн тус компанийн Гүний уурхайн өрөмдлөгийн багаж, сэлбэг хэрэгслийн засвар үйлчилгээний хэлтсийн гүний уурхайн инженер засварчин П.А*******тай 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дуусгавар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ. /хх-ийн 75/

4.Ажил олгогчийн зүгээс ажилтан П.А*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан гэж маргасан байна.

4.а Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт Энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно гэж заасан.

4.б. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан байх ба нийтдээ 2 жил, 2 сарын хугацаанд ажиллажээ. Иймд хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний нийт хугацаа хоёроос дээш жил байх тул талуудын хооронд хөдөлмөрийн гэрээг хугацааагүй байгуулсанд тооцно гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

4.в. Мөн ажилтны ажилласан хугацааг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хүрээнд хязгаарлахгүйгээр ажилтны бодитоор ажилласан хугацаагаар тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт нийцжээ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч П.А*******г Э******* ГХОХХК-ийн Гүүний уурхайн өрөмдлөгийн багаж сэлбэг хэрэгслийн засвар үйлчилгээний хэлтсийн гүний уурхайн инженер засварчины ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг зөв тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж баталгаажуулахыгхариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн байна.

5. Харицагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийн зохицуулалт шинэ хуулиар бий болсон тул хууль хэрэгжсэн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилтны ажилласан хугацааг тоолно, харин хууль буцаан хэрэглэхгүй гэж маргажээ.

5.а. Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж заасан.

5.б. Анхан шатны шүүх дээрх Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон  Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, мөн хуулийн зорилт зэргийг үндэслэн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүйгээр ажилтанд ашигтайгаар тайлбарлан хэрэглэнэ гэж дүгнэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 5 дугаар зүйлд заасан иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэнэ гэсэн нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулан дүгнэв. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч талууд харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр уг ажиллагаа дуусгавар болсон нь тус хорооны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэлээр нотлогдож байна. Улмаар нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2023/12238 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Харин 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2023/14190 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /хх-ийн 8-9, 41, 215-216/

Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

7. Түүнчлэн, шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2023/12238 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд дээрх захирамжийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч талд танилцуулсан, энэ талаар хариуцагч талаас хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй болох нь тухайн өдрийн шүүх хуралдааныг тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э******* ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 272,505 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ