Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/03689

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/03689

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ........................ давхарт байрлах, М ХХК /Регистрийн дугаар: ..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:................., МУЗГ холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Концессын гэрээний үүрэгт 10.928.624.101 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний 1.6, 1.10, 1.11, 1.13, 1.15.2, 1.15.3 дах заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, илүү шилжүүлсэн 61.491.993.077 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхэмжлэгч М ХХК нь ММУЗГ холбогдуулан Концессын гэрээний үүрэгт 10.928.624.101 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсаны дагуу Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар болон Эрчим хүчний барилга угсралтын трест" ХХК-ийн хооронд Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7км хатуу хучилттай авто зам төсөл-ийг барих шилжүүлэх концессын гэрээг 2015 онд байгуулсан байдаг.

Тус гэрээний дагуу концессын зүйл болох 126.7 км хатуу хучилттай автозамыг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулахаар заасан байсан боловч 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Концессын гэрээнд талууд нэмэлт өөрчлөлт оруулан, авто замыг ашиглалтад оруулах хугацааг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө болгон хойшлуулж, концессын гэрээний хөрөнгө оруулалтыг буцаан олгох хуваарийг 2020 оны12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 5 хуваан хийхээр хуваарь, хугацааны хувьд өөрчлөлт оруулсан байсан.

Гэсэн хэдий ч тус Концессын гэрээний дагуу хийгдэх ажил хуваарийн дагуу цаг хугацаандаа хийгдэлгүй удааширч, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дөнгөж 11.2 хувийн гүйцэтгэлтэй гэсэн мэдээлэлтэй байсан.

Тухайн төсөл нь Монгол Улсын баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг, түүнчлэн БНХАУ, ОХУ-тай хиллэдэг боомтуудтай холбогдох стратегийн ач холбогдол бүхий замыг барих төсөл байсан бөгөөд Монгол Улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх дэд бүтцийн байгууламж юм.

Төслийн ажил бүрэн зогсоод жил гаруйн хугацаа өнгөрсөн, цаашид хэзээ эхлэх нь тодорхойгүй болсон үед 2019 оны 3 дугаар сард Концессын гэрээний талуудын хүсэлт, зөвшөөрлийн үндсэн дээр манай компани 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Концесс эзэмшигч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-тай концессын эрхийн шилжүүлэх гэрээгээр Концесс эзэмшигчийн эрхийг шилжүүлэх асуудлаар, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газартай Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7км хатуу хучилттай авто замыг барих-шилжүүлэх Концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулан төслийн ажлыг гүйцэтгэхээр болсон.

Концессын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр манай компани Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7км хатуу хучилттай авто замыг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн бөгөөд бид гэрээнд заасан хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр замын барилга угсралтын бүрэн ажлыг чанарын өндөр үзүүлэлтэйгээр дуусган замын зорчих хөдөлгөөнийг бүрэн нээж, ашиглалтад оруулсан.

Ийнхүү М ХХК нь концессын эрхийг шилжүүлэн авснаар Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулах үүргийг, Засгийн газар нь концессын зүйлийн хөрөнгө оруулалт болох 76.963.494 ам доллартай тэнцэх 156.207.058.463 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөх үүргийг харилцан хүлээсэн болно. Үүнд: 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15.392.698 ам.доллар, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 15.392.698 ам.доллар, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15.392.698 ам.доллар, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 15.392.698 ам.доллар, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15.392.698 ам.долларыг төсөв өргөн барих өдрийн Монгол банкны зарласан ханшаар хөрвүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон.

Тодруулбал, М ХХК-ийн хувьд 2015 онд Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК болон Засгийн газрын хооронд байгуулагдсан байсан Концессын гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, тус кснцессын эрхийг шилжүүлэн авсан бөгөөд цаг хугацааны хувьд гэрээ байгуулагдсанаас хойш 4 жил өнгөрсний дараа гэрээнд оролцохоор хүлээн авсан боловч гэрээний үнийн дүн, нөхцөлд аливаа өөрчлөлт оруулалгүйгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээнд оролцсон болно.

М ХХК нь концессын эрхийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэн авах үед Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэл (нийт 156.207.058.463 төгрөгийн ажлаас 4.555.343.539 төгрөгийн гүйцэтгэлтэй) газар шорооны ажил хийгдсэн, ойролцоогоор 2,9 хувийн ажлын гүйцэтгэлтэйгээр зогссон байсныг хүлээн авч, Концессын гэрээнд заасан хугацааны дотор буюу эхний 30 км замыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өдөр, дараагийн ээлжийн 30км замыг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, үлдэх 66.7 км замыг 2020 оны 12 дугаар 19-ний өдөр тус тус Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад оруулах ажлын хэсгийн акт, дүгнэлтийн дагуу хүлээлгэн өгч, Концессын гэрээний үүргийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, гэрээний үүргийн гүйцэтгэлийг 100 хувь бүрэн гүйцэтгэсэн.

Нэхэмжлэгч М ХХК-ийн хувьд Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор тогтоосон 126,7 км авто зам, замын байгууламжийг барьж гүйцэтгэн, ажлын үр дүнг чанар, стандартын шаардлага ханган, бүрэн хүлээлгэн өгч, улсын комиссын дүгнэлтээр баталгаажуулсны дээр өнөөдрийг хүртэл тус авто замын чанарт аливаа доголдол үүсэлгүй, баруун аймгийг холбосон авто замаар аюулгүй зорчих боломж нөхцөлийг хангагдсан.

Монгол Улсын Засгийн газраас Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 1.2-т заасан концессын зүйлийн хөрөнгө оруулалтын нийт төлбөр болох 76.963.494 ам.доллартай тэнцэх төлбөрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлөх үлдэгдэл төлбөрөөс нийт 5.229.268 ам.доллартай тэнцэх төлбөрийг төлөх үүрэгтэй боловч тус үүргээ хэрэгжүүлэхгүй байх нөхцөл байдал үүсээд байна.

Иймээс, Иргэний хуулийн 186 дугаар зуйлийн 186.1,189 дүгээр зүйлийн 189.5, Монгол Улсын Засгийн газар болон Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-ийн хооронд байгуулагдсан /2015 он/ Баянхонгор-Алтай чиглэлийн 1267 км авто зам төсөл-ийн Барих-Шилжүүлэх (ВТ) концессын гэрээний 1.10, тус концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний 1.2, Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК болон 'Макс Рөүд ХХК-дын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Концессын зүйл шилжүүлэх гэрээний 3.2.2, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Концессын нэмэлт гэрээний 1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7км хатуу хучилттай авто зам төсөл-ийн Концессын гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэл буюу Монгол улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавралтын 1.1.3-д тусгагдсан концессын хөрөнгө оруулалтын үлдэгдэл болох 5.229.268 ам доллартай тэнцэх буюу 10.928.624.101 төгрөгийн төлбөрийг Монгол Улсын засгийн газраас гаргуулж М ХХК-д гаргуулж өгнө үү.

2015 онд Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК төслийг авсан хэрнээ хэрэгжүүлээгүй удсанаас концесс цуцлагдах дээрээ тулсан байсан. Хэрэв концесс цуцлагдсан тохиолдолд байршуулсан баталгаагаа авч чадахгүйд хүрэх байсан. Мөн 2016-2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт энэ замыг ашиглалтад оруулах асуудал тусгагдсан, концесс цуцлагдаж дахин зарлавал цаг хугацаа их алдаж, 2020 оны сонгуулиас өмнө зам ашиглалтад орох боломжгүй болох байсан. Энэ нөхцөл байдлуудын улмаас Эрх шилжүүлэгч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК, Монгол Улсын засгийн газар, эрх шилжүүлэн авсан Макрөүд ХХК нарын эрх ашигт нийцсэн тул концессийг үнэ нэмэгдүүлэхгүйгээр шилжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг. М ХХК-ийн хувьд гэрээний үнэд итгэж концесст оролцсон. Мөн богино хугацаанд замын ажлыг чанарын төвшинд хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Концессын гэрээнд гүйцэтгэлээр санхүүжүүлэх тухай зохицуулалт анхнаасаа байхгүй, энэ талаар гэрээ хэрэгжих явцад ярьж тохирсон зүйлгүй. Гэтэл ажлыг бүрэн дуусч, хүлээн авсны дараа хариуцагч гүйцэтгэлээр гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Манайх гэрээний үнэд тулгуурлаж энэ концессийг хэрэгжүүлсэн. Мөн ажил дууссанаас хойш гэрээ байгуулагдах үед батлагдаагүй байсан Засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоолд заасан санхүүжилтийг гүйцэтгэлээр хангуулах журмын заалт 2015 оны гэрээнд буцаан хэрэглэх үндэслэлгүй. Манайх нэхэмжлэл гаргахдаа зөвлөх үйлчилгээний хяналтын зардалд төлөх ёстой үлдэгдэл 955.808.862 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцоод үлдэгдэл мөнгөө шаардсан байсан тул хяналтын зардлын мөнгө хамааралгүй гэв.

 

Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:

2.1. Засгийн газрын тогтоол, концессын гэрээний тухай: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар "Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн барих шилжүүлэх концессын гэрээ (хууль тогтоомжийн дагуу Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, 2 дахь заалтад гэрээний үнийг " ... төсөлд зарцуулах 76.936.494 ам.доллартай тэнцэх төгрөг" байхаар тогтоосон байдаг.

Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7км хатуу хучилттай авто зам төсөл-ийн барих-шилжүүлэх (ВТ) концессын гэрээг анх 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулж, тус гэрээнд 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр тус тус нийт 6 удаа Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ"-ээр үндсэн концессын гэрээний холбогдох заалтуудад нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, концесс эзэмшигч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК болон түүний эрх, үүргийг шилжүүлэн авсан М ХХК нар тус тус байгуулсан байна.

2009 онд батлагдаж өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөж буй Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно." гэж, мөн зүйлийн 4.2.-т Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно. гэж хуульд заасан.

Концессын гэрээний 1.3 дэх хэсэгт Энэхүү гэрээний концессын зүйл нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд: 1.3.1-т Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам /цаашид авто зам гэх/ гэж, 1.3.2-т Замын байгууламж гэж, 1.3.3-т Батлагдсан авто замын зураг төсөл-тг концессын зүйл байхаар талууд тохирч гэрээний үнийг 1.6-т Гэрээний үнэ буюу төслийн нийт хөрөнгө оруулалт нь 76.963.494 ам.доллартой тэнцэх төгрөг байна гэж тохиролцсоныг дээрх хуульд нийцүүлэн ойлгох нь зүйтэй.

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний 1.2-т Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн концессын гэрээний 1.10 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулав. Концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгч, хөрөнгө оруулалтаа 4 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас доорх хуваарьт заасан ам.доллартой тэнцэх төгрөгөөр нөхөж авна гэж гэрээний үнэ нь төгрөг болохыг дахин тодотгож гэрээнд заасан.

Иймд, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаартай тогтоол болон Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн барих-шилжүүлэх (ВТ) концессын гэрээнд гэрээний үнийг ам.доллартой тэнцэх төгрөг байхаар талууд анхнаасаа харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч Макс рөүд ХХК-ийн ам.долларын гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл нь илт үндэслэлгүй байна.

2.2. Гэрээний бодит гүйцэтгэлийн тухай

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 2 дахь талд "... Засгийн газар нь концессын зүйлийн хөрөнгө оруулалт болох 76.963.494 ам.доллартой тэнцэх 156.207.058.463 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөх үүргийг харилцан хүлээсэн болно ... гэж гэрээний дагуу төгрөгөөр төлөх төлбөр нь зохих ёсоор 156.207.058.463 төгрөг болохыг тодорхой дурдсан.

Түүнчлэн тус компани Үндэсний аудитын газрын хийсэн аудитын үйл ажиллагаатай холбоотойгоор барилга угсралтын ажлын төсөвт өртгийг дээрх дүнгээр тайлагнасан боловч бодит гүйцэтгэл нь энэхүү дүнгээс 9.282.646.495 төгрөгөөр бага болохыг мэргэжлийн шинжээч дүгнэж, энэхүү хөрөнгийг төлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн яаманд даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Тодруулбал, Аудитын тайлангийн 2.15-д гүйцэтгэлийг дараах байдлаар баталгаажуулсан ба ийнхүү баталгаажуулсан шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй, аудитын тайлан хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

Концессын зүйлийн барилга угсралтын ажлын төсөв

төгрөгөөр

Баталсан төсөвт өртөг

Гүйцэтгэл

Зөрүү

Концесс эзэмшигчийн тайлагнасан дүн

Аудитаар тооцоолсон дүн

156.207.058.463

156.207.058.463

146.924.411.968

9.282.646.495

Гэтэл аудит үйл ажиллагаа явуулж байх үед нэхэмжлэгч компанийн удаа дараа гаргасан хүсэлтийг харгалзан улсын төсвөөс 2021 онд 131.389.600.000 төгрөгийг, 2022 онд 75.708.667.036 төгрөг, нийт 207.098.267.036 төгрөгийг Макс рөүд ХХК-д олгосон байна.

2.3.Монгол Улсын 2021, 2022 оны төсвийн тухай хууль

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалт"-ыг баталсан байдаг.

Хууль

Хуулийн

дугаар

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил

Төсөвт өртөг /сая төгрөг/

Санхүүжих дүн /сая төгрөг/

Монгол улсын 2021 оны төсвийн тухай

1.1.1.5

Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл /Баянхонгор/

218.982

131.389

Монгол улсын 2022 оны төсвийн тухай

1.1.1.3

Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хүчилтгай авто зам төсөл

218.982

87.593

Дээрх төсөв зохиох үйл ажиллагаа нь Төсвийн тухай хууль тогтоомжид зааснаар явагдсан бөгөөд Концессын гэрээний төлбөрийн хэмжээг тогтоох, бодит гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул улсын төсөвт үлдсэн дүнг гэрээний төлбөрийн үлдэгдэл гэж шаардах нь үндэслэлгүй байна.

2.4.Аудитын тайлангийн тухай

Үндэсний аудитын газар нь Улсын Их хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1.7, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3, 9 дүгээр зүйлийн 9.1, УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны А/28, А/83 дугаар тушаалыг тус тус үндэслэн гүйцэтгэлийн аудитыг хийж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/63 дугаартай Аудитын тайланг баталгаажуулах тухай тушаалаар баталгаажуулсан.

Тус тайлангийн 2.16-д М ХХК тус төслийн барилга угсралтын ажлын бодит гүйцэтгэлийг 9.282.646.495 төгрөгөөр илүү тайлагнасныг баталгаажуулж, улсын төсөвт төвлөрүүлэх төлбөрийн акт тогтоохоор шийдвэрлэсэн болно гэж, Дүгнэлт хэсэгт: *Барилга угсралтын ажлын бодит гүйцэтгэл 146.924.411.968 төгрөг байна гэсэн дүгнэлт гарсан.

Иймд, улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлсэн Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төслийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайланг үндэслэж, концесс эзэмшигчид төлөх өр төлбөргүй байна.

2.5.Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй тухай

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 1.1-т Концессын төслийн төсөвт өртгийг нэмэгдүүлэхгүй, гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулах, төсөлтэй холбогдуулан шүүхийн аливаа маргаан үүсгэхгуй байх талаар холбогдох этгээдтэй харилцан тохиролцсоны ундсэн дээр Концессын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн концесс эзэмшигчийн эрх, үүргийг М ХХК-тай концессын нэмэлт гэрээ байгуулан шилжүүлэх тухай даалгасан.

М ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Концесс эзэмшигчийн эрх, үүргийг шилжүүлэх тухай концессын нэмэлт, өөрчлөлтийн гэрээний Үндэслэх хэсэгт Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийг удирдлага болгон талууд хүлээн зөвшөөрч, концессын үндсэн гэрээнд өөрчлөлт оруулсан нь уг төсөлтэй холбогдуулан шүүхийн аливаа маргаан үүсгэхгүй байх талаар анхнаасаа харилцан тохиролцсон байна.

2.6.Хэргийн харьяалал зөрчсөн тухай

М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дах заалт болон Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтын 1.1.1.3-д тусгагдсан үлдэгдэл ам.доллартой тэнцэх төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

Гэтэл Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол..., төсөв ... зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах...эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд энэ хууль үйлчлэхгүй. гэж,

Төсвийн тухай хуулийн зорилтод ...төсөв, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв зарцуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн З0.5-т Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээ нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна" гэж тус тус заасан байх тул энэхүү нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т зааснаар хэргийн харьяалал зөрчсөн байна.

Иймд "Макс рөүд ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Концессын гэрээний 2.17-т концесс эзэмшигч нь Монгол Улсад мөрдөгдөж буй аливаа хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг дагаж мөрдөнө гэж заасан тул гэрээнд заагдаагүй ч Улсын их хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1.7-д улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж аудитын дүгнэлт гартал хугацаанд санхүүжилтийг олгохгүй байх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан журмын 4.5.2 дах концессын гэрээний дагуу гүйцэтгэх ажил үзүүлэх үйлчилгээний төлбөрийг гэрээний үнийн дүнгээс хэтрүүлэхгүйгээс санхүүжүүлэх бөгөөд бодит гүйцэтгэл нь гэрээний үнийн дүнгээсээ бага бол эргэн төлөлтийг бодит гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ гэсэн заалт, Төсвийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.8-д төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийн дээд хэмжээг нийт дүнгээр гэж заасан зохицуулалтууд энэ Концессын гэрээнд үйлчилж, дагаж мөрдөх ёстой. М ХХК Концессын гэрээны эрхийг шилжүүлж авах үед 2017 оны Улсын их хурлын тогтоол гарсан, хэрэгжиж байсан тул тус тогтоолын дагуу гүйцэтгэлээр санхүүжинэ гэдгийг мэдэх ёстой, мэдэх бүрэн боломжтой гэв.

 

Гурав.Хариуцагч Монгол Улсын Засгийн газраас М ХХК-д холбогдуулан Концессын гэрээний 1.6, 1.10, 1.11, 1.13, 1.15.2, 1.15.3 дах заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, улсын төсвөөс илүү шилжүүлсэн 61.491.993.077 төгрөг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

3.1.Концессын гэрээний 1.6, 1.10, 1.11, 1.13, 1.15.2, 1.15.3 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг үндэслэн хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 87 дугаар Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолоор Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн барих-шилжүүлэх (ВТ) концессын гэрээ-г Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-тай байгуулах зөвшөөрлийг олгож, гэрээний үнийг 77.026.805.045 ам доллартай тэнцэх төгрөг буюу гэрээ байгуулагдсан өдөр /2015 оны 6 дугаар сарын 05/-ийн Монгол банкны зарласан ханш нь 1.877 төгрөг тул нийт гэрээний төлбөр 144.479.811.447 төгрөг байхаар тогтоосон.

Дээрх тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөрөнгө оруулалтын газар болон Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн барих-шилжүүлэх (ВТ) концессын гэрээг байгуулсан.

Гэтэл Концессын гэрээний 1.6-д Гэрээний үнэ буюу төслийн нийт хөрөнгө оруулалт 76.936.494 ам доллартай тэнцэх төгрөг гэж, 1.10-т төлбөрийг ам.доллар"-аар, 1.11-т Энэхүү гэрээний 1.10-т заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг улсын тухайн жилийн төсөвт тусгахдаа төсөвд өргөн барих тухайн үеийн өдрийн Монгол банкны зарласан ханшаар хөрвүүлж тооцно гэж, 1.13-т "Энэхүү гэрээний 1.10-т заасан хуваарийн дагуу хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс хөрөнгө оруулалтын эргэн төлөх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигчид ашиг гарах тохиолдолд дараагийн төлбөрөөс уг ашгийг хасаж тооцох бөгөөд хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс хөрөнгө оруулалтын эргэн төлөх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигчид алдагдал гарах тохиолдолд уг алдагдлыг дараагийн төлбөрт нөхөж тусгана гэж, 1.15.2-т төслийн барилга угсралтын зардлын 10 хувь буюу 6.070.291 ам долларыг Монгол Улсын аль нэг арилжааны банкин дахь өөрийн дансанд байршуулж төслийн зориулалтын дагуу зарцуулж эхэлсэн байх гэж, 1.15.3-т Авто замын хяналтын зөвлөх компанийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг 1.517.572 ам долларыг Эрх бүхий этгээдийн заасан дансанд тушаасан байх гэж тус тус зохицуулсан нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 87 дугаар тогтоол, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-т Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгуйгээр гадаад валют тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно" гэж, мөн зүйлийн 4.2.-т Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно. гэж заасныг тус тус зөрчсөн.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар "Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн барих-шилжүүлэх (ВТ) концессын гэрээний 1.6, 1.10, 1.11, 1.13, 1.15.2, 1.15.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү

3.2.Улсын төсвөөс илүү шилжүүлсэн 61.491.993.077 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 87 дугаар тогтоолын дагуу гэрээний нийт төлбөр нь 144.479.811.447 байх бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/63 дугаар тушаалаар баталгаажсан АГГ-2022/125-ШТА-ГА дугаар аудитын дүгнэлтэд 146.924.411.968 төгрөгөөр концессын төслийг хэрэгжүүлсэн болох нь тогтоогдсон байна.

Ингэснээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар гэрээний үнийн дүнг гадаад валютаар тооцож олгосон бүх зүйлээ буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийг Монгол Улсын Засгийн газар төлөх үүргийг хүлээнэ.

Иймд Монгол Улсын Засгийн газрын эрх бүхий этгээдийн зүгээс Концессын гэрээний төлбөрт нийт 208.416.405.045 төгрөг олгосон байх тул Үндэсний аудитын газраас тогтоосон бодит гүйцэтгэл болох 146.924.411.968 төгрөгийг хасаж, илүү шилжүүлсэн 61.491.993.077 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Дөрөв. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:

Төрийн өмчийн Концессын зүйлийн жагсаалт батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаар тогтоолын хавсралт, мөн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаар Концессын гэрээ байгуулах эрх олгох, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хөрөнгө оруулалтын газар болон Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-ийн хооронд Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийг барих-шилжүүлэх концессын гэрээг 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан байдаг.

Тухайн гэрээг байгуулах үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын дээр дурдсан тогтоолууд өнөөдрийн өдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаар тогтоолын 2 дахь заалтаар ...76,963,494.00 (далан зургаан сая есөн зуун жаран гурван мянга дөрвөн зуун ерөн дөрвөн) ам. доллартай тэнцэх төгрөгийг .... эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг... гэж тухайлан Концессын гэрээ байгуулах үнийг тодорхойлсон нь нэг удаагийн үйлчлэлтэй, тухайлсан нэг гэрээний үнэ бөгөөд энэ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн ...Бараа, ажил уйлчилгээний үнийг ... энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоохыг хориглоно гэсэн хамаарахгүй. Тодруулбал, хуулийн уг зохицуулалт нэг удаагийн гэрээний үнэ тогтоох агуулгыг илэрхийлэхгүй бөгөөд харин олон удаагийн давтамжтай, Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний сатндарт нөхцөлд хамаарах зохицуулалт юм.

Засгийн газрын 87 дугаар тогтоол болон гэрээний 1.6-т зааснаар тухайн гэрээний үнийг ам.доллартай тэнцэх төгрөг" гэж үндэсний мөнгөн тэмдэгтээр тодорхойлсон бөгөөд Концессын гэрээний дагуу эргэн төлөлтийг Концессын гэрээний 1.10, 1.11-д заасны үндэслэн М ХХК-д тухай бүр төгрөгөөр тооцон шилжүүлж байсан.

Хэрэгт авагдсан баримтуудаар Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийг барих-шилжүүлэх концессын гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэслэлгүй.

Монгол Улсьн Засгийн газар нь Концессын тухай хууль, Төсвийн тухай хууль, мөн өмнө гаргасан тогтоол, Концесс эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр төлбөрийн эргэн төлөх үүргийн дийлэнхи хэсгийг төлж гүйцэтгэж байсан бөгөөд хууль болон Засгийн газрын тогтоол, гэрээнд Аудитын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчих, саатуулах, төлбөрийг зогсоох болон буцаан төлүүлэх зохицуулалт байхгүй.

Нэхэмжлэгч 2015 оноос хойш 4 жил бүрэн зогссон төслийг богино хугацаанд өөрийн санхүүжилтээр, бизнесийн эрсдлийг бүрэн хариуцан Монгол Улсын Засгийн газрын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэснээр:

-БНХАУ, ОХУ-тай хиллэдэг боомтуудтай холбогдох стратегийн ач холбогдол бүхий зам бий болж Монгол Улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх дэд бүтцийн байгууламж ашиглагдаж эхэлснээр улс орны эдийн засагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна.

-Монгол Улсын баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн ард иргэд төдийгүй дотоодын болон гадаадын аялагчид, жуулчид тав тухтай, түргэн шуурхай, хямд зардлаар зорчих, байгаль орчны бохирдлыг бууруулах, тээвэр ашиглалтын зардлыг хэмнэх, бүс нутгийн уул уурхай болон бусад салбарын үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт татах боломжийг нээн өгч, орон нутаг, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөөг үзүүлж байгаа.

Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийг барих-шилжүүлэх концессын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул манай компанийн зүгээс 61,491,993,077 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56.4 дэх хэсэгт заасан нөхцөл үүсээгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Тав.Нэхэмжлэгчээс баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нарын хоорондох 2015 оны Концессын гэрээний хуулбар, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн концессын эрх шилжүүлэх гэрээ,2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн нэмэлт гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/17/19 тоот авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад оруулах ажлын хэсгийн дүгнэлт, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10/10/20 тоот авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад оруулах ажлын хэсгийн дүгнэлт, 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад оруулах ажлын хэсгийн дүгнэлт, 2021 оны 11 сарын 12-ны өдрийн Монгол улсын 2022 оны төсвийн тухай хуулийн холбогдох хэсэг, Концесссын санхүүжилтын тооцоо, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлжээ. /1хх 4-39, 43, 193/

Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаар тогтоол, Монол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс, 2015 оны Концессын гэрээ, 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн концесс эзэмшигчийн эрх, үүргийг шилжүүлэх тухай нэмэлт гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээ, Үндэсний аудитын газрын дүгнэлт гаргах ажлын тайлан, Эрчим хүч барилга угсралтын трест ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/73 дугаар санал хүргүүлэх тухай тоот, төсөвт өртгийн товчоо, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1/101 дугаартай үнийн санал хүргүүлэх тухай тоот, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн төсвийн тооцооллын тухай 1/74 тоот, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1/287 тоот, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/263 дугаартай улаан шугам хүлээн авах тухай албан тоот, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/286 дугаартай Концессын гэрээний төлбөрийн тухай албан тоот, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1/200 дугаартай ажил үргэлжлүүлэх тухай албан тоот, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1/201 дугаартай Концессын гэрээний хугацааг шинэчлэн тогтоох, гэрээнд өөрчлөлт оруулах санал хүргүүлэх тухай, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/259 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/027 дугаартай гэрээний тухай албан бичиг, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/031 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/034 зөвлөх үйлчилгээний тухай албан бичиг, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1/040 дугаартай Төлөвлөгөө хүргүүлэх тухай албан бичиг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/049 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний 1/082 дугаар Концессын гэрээний хэрэгжилтийн явцын тухай албан бичиг, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1/150 дугаартай төсөл хэрэгжүүлэх нэгжийн тухай албан бичиг, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 173 тоотын хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний 1/012 Концессын гэрээний хэрэгжилтийн явцын тухай албан бичиг, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/042 дугаартай 01/348 тоотын хариу албан бичиг, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны 43 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/046 хүсэлт гаргах тухай албан бичиг, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/047 дугаартай гэрээний тухай албан бичиг, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1/068 дугаартай мэдээлэл авах тухай албан бичиг, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1/083 дугаартай ажлын тоо хэмжээг эцэслэн тогтоон баталгаажуулах тухай албан бичиг, тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2017/09403 дугаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0898 дугаар нэхэмжлэгч зарим нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, үлдэх шаардлагад нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 06/03/2018 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар хуралдааны тэмдэглэлээс, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 5 дугаар хуралдааны тэмдэглэлээс, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлээс, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдааны 15 дугаар тэмдэглэлээс, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлээс, Сангийн яамны 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/4490 хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Концессын гэрээний гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцлийг хянасан тухай дүгнэлт, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хэрэгжилтийг судлан эрчимжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлт, Үндэсний хөгжлийн газрын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 01/623 дугаартай тодруулга авах тухай албан бичиг, дотоод бичиг, Үндэсний хөгжлийн газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/194 тоот, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01/253 тоот, 01/256 тоот, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 01/311 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 01/477 тоот, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 01/533, 01/534 тоот, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/1155 тоот, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 01/373 тоот, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 01/413 тоот, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01/595, 01/596 мэдэгдэл хүргүүлэх тухай тоотууд, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 01/1180, 01/1179, 01/1178, 01/1175 тоотууд, Зам, Тээврийн хөгжлийн яамны 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 06/2515 тоот, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 03/2674 тоот, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн авто замын талаар 03/3573 тоот, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 03/3133 тоот, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 06/1196 тоот, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 06/1257 тоот, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 03/3015 тоот, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 06/3599 тоот, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10/53 хүсэлт хүргүүлэх тухай тоот, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03/271 мэдэгдэл хүргүүлэх тухай тоот, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 01/873 тоот, Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай 75 тоот тушаал, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 06/1679 тоот, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 06/1878 тоот, Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн 2018 оны албан бичгүүд, 2017 оноос 2019 он хүртэлх байгууллагуудын санал хүргүүлэх тухай албан бичгүүдг, Аварга зам ХХК-ийн 2015 оноос 2019 он хүртэлх албан бичгүүд, Зам тээврийн хөгжлийн яамны 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 06/4275 дугаартай зураг төслийн өөрчлөлтийн тухай албан бичиг, Кадсүрвэй ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 06/4105 тоотын хариу, М ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1/115 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, Авзага зам ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 185 дугаартай албан бичиг, М ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1/123 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01/2757 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Авзага зам ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 166 дугаартай албан бичиг, М ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1/139,140 дугаартай албан бичиг, Авзага зам ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны 197 тоот хүсэлт, Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний 01/2644 дугаартай албан бичиг, Байгал орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13/7385 дугаартай ерөнхий дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, М ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/189 дугаартай албан бичиг, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны дөрийн 1а/73 дугаартай албан бичиг, Аварга зам ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 229 дугаартай зам ашиглалтад оруулах албан бичиг, М ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/188 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, Авзага зам ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай албан бичиг, М ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/36 дугаартай гэрээний хугацаа сунгах тухай албан бичиг, Аварга зам ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаартай гүйцэтгэлийн санхүүжилт хүсэх тухай албан бичиг, М ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/52 дугаартай албан бичиг, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/614 дугаартай хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, Үндэсний хөгжлийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/458 дугаартай албан бичиг, Аварга зам ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаартай гүйцэтгэлийн санхүүжилт гэрээний хугацаа сунгах тухай, М ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/93 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, М ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/101 дугаартай албан бичиг, Авзага зам ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 23 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Үндэсний хөгжлийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/941 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Зам, тээврйн хөгжлийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний дэмжлэг хүсэх тухай 01/1873 тоот албан бичиг, М ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/107 хүсэлт гаргах тухай албан бичиг, М ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1/168 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг,Арж капитал ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1/100 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, Аварга зам ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01/60 дугаартай нэмэлт гэрээг албажуулах тухай албан бичиг, М ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1/208 тоот албан бичиг, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 01-07-035/БХ-04/248 тоот албан шаардлага, М ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/214 албан бичиг, М ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1/286 дугаартай төслийн явцын талаар албан бичиг, Аварга зам ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай материал ирүүлэх тухай албан бичиг, М ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1/315 албан бичиг, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/380 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, Үндэсний хөгжлийн газрын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/1514 дугаартай албан бичиг, Монгол Улсын ерөнхий аудиторын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 184 мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, төлбөрийн нэхэмжлэхүүд,төлбөрийн хүсэлтүүд, Сангийн яамны 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 9/1456 санал өгөх тухай тоот, 2021 онд баталгаажсан авто замын төслийн төсөвт өртөг, Монгол Улсын хөгжлийн банкны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 3/160 тоот хүсэлт, М ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А-08-22/52 тоот хүсэлт, Дансны хуулга, М ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн А-08-22/90 тоот хүсэлт, М ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А-08-22/124 дугаартай тодорхойлолт хүсэх тухай албан бичиг, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А-08-22/156 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, Сангийн яамны 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2135 дугаартай суутган тооцох тухай албан бичиг, Татварын ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01/745 дугаартай татвар суутган тооцох тухай албан бичиг, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А-08-22/182 хүсэлт гаргах тухай албан бичиг, төлбөрийн хүсэлт, 2022 оны 6 дугаар сарын 02-ны А-08-22/196 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, Эдийн засгийн хөгжлийн яамны 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/489 дугаартай төслийн санхүүжилтийн тухай албан бичиг, төлбөрийн хүсэлт зэргийг ирүүлжээ. / 1хх 41, 42, 68-118, 2хх 71-250, 3хх 1-37 /

Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 181/ШЗ2022/18009 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Үндэсний аудитын газраас ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08/43 тоот хариу, түүний хавсралтууд, Үндэсний аудитын газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний 02/156 тоот хариу, түүний хавсралтаар дүгнэлт гаргах ажлын тайлан, шинжээчийн тайлан, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн гэрч Д.Энхболд, Х.Баярмаа, Б.Батчимэг, Б.Сандуйжав нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлжээ. /1хх143-191, 203-248, 2хх 1-64, 3хх 67-93/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч М ХХК нь ММУЗГ холбогдуулан Концессын гэрээний үүрэгт 10.928.624.101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Концессын гэрээний 1.6, 1.10, 1.11, 1.13, 1.15.2, 1.15.3 дах заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, илүү шилжүүлсэн 61.491.993.077 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: 2015 оны Концессын гэрээний эрх үүргийг 2019 онд харилцан тохиролцсноор шилжүүлж авсан, гэрээний дагуу замын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн тул хэлэлцэн тохирсон 76.963.494 ам доллараас төлөгдөөгүй үлдэгдлийг гаргуулна, анхнаасаа эрх шилжүүлж авах үед аудитаар баталгаажуулсан дүнгээр, эсхүл тухайн үеийн төгрөгт тооцон төлнө гэдгийг хэлсэн бол Концессын гэрээний эрх үүргийг хүлээж авахгүй байсан, энэ талаар эрх шилжүүлэх үед ч мэдэгдээгүй, Концессын эрх шилжүүлэх үед талуудын хүсэл зоригийн илэрхийлэл замаа хурдан шуурхай барих байснаас гэрээний үнэтэй холбоотой өөрчлөлт оруулаагүй. Үндэсний аудитын газрын акт М ХХК-д холбогдуулж гараагүй, нийт замын ажлын хэрэгжилтийг дүгнэсэн. Гэрээ байгуулагдах үед батлагдаагүй байсан Засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоолоор баталсан журмын зохицуулалт 2015 оны энэ гэрээнд буцаан хэрэглэх үндэслэлгүй, мөн гэрээнд энэ талаар нэмэлт өөрчлөлт ороогүй гэж тайлбарлав.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: М ХХК замын ажлыг хугацаа хожимдуулж 2020 оны 12 дугаар сард хүлээлгэн өгсөн, Үндэсний аудитын газраас замын ажлыг дүгнэж гэрээний төсөвт өртөг 156.207.058.463 төгрөг, бодит гүйцэтгэл 146.924.411.968 төгрөг болохыг тогтоосон, илүү тайлагнасан 9.282.646.495 төгрөгийг Үндэсний аудитын газрын актын төлбөр барагдуулах актын дагуу шилжүүлсэн, энэ хугацаанд нийт 207.098.267.036 төгрөгийг төлсөн, анхнаасаа гэрээнд ам доллартай тэнцэх төгрөг гэж тусгасан тул тухайн үеийн төгрөгөөр тооцно, Улсын Их хурлын 2017 оны 29 дүгээр тогтоол, Засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоол, Төсвийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.8-д заасан зохицуулалтууд энэ концессын гэрээнд үйлчилнэ, концессын гэрээний 2.17-д холбогдох дүрэм журмыг дагаж мөрдөнө гэж зааснаар илэрхийлэгдэнэ, мөн гэрээний эрхийг шилжүүлж авах үед 2017 оны Улсын их хурлын тогтоол хэрэгжиж байсан тул тус тогтоолын дагуу гүйцэтгэлээр санхүүжинэ гэдгийг нэхэмжлэгч мэдэх ёстой гэв. Мөн шүүх хэргийн харьяалал зөрчсөн гэж тайлбарлав.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: гэрээний холбогдох заалтуудад ам доллартай тэнцэх төгрөг гэж тусгасан нь анхнаасаа Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 87 дугаар тогтоол, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасан мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ гэснийг зөрчсөн, улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн үндэслэлд хамаарах тул илүү төлсөн мөнгийг буцаан гаргуулна гэж тайлбарлав.

5.нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Гэрээг байгуулах үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын тогтоолд ам доллартай тэнцэх төгрөг гэж заасан, уг тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасан ам доллараар гүйцэтгэхийг хориглоно гэсэн заалт, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарахгүй, төлсөн мөнгийг буцаан гаргуулах үндэслэлгүй гэж тайлбарлав.

6.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

6.1.Нэг талаас  Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөрөнгө оруулалтын газар, нөгөө талаас Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төслийн барих-шилжүүлэх концессын гэрээг байгуулжээ.

Гэрээгээр: Концесс эзэмшигч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагын дагуу өөрийн боломж, хөрөнгөөр санхүүжүүлж 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор барьж дуусган ашиглалтад оруулахаар, Засгийн газраас гэрээний үнэ 76.963.494 ам доллартай тэнцэх төгрөгийг хуваарийн дагуу 2017-2019 оны хооронд төлөхөөр тохирчээ. /1хх 72-85/

Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т Концессын гэрээ гэж концессыг хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээд, концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээг хэлнэ гэж, мөн хуулийн 4.1.2-т "Барих-шилжүүлэх" концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх гэж заажээ.

Дээрх гэрээг Улсын Их Хурлын 2009 оны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай 64 дүгээр тогтоол, Концессын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 37 дугаар тогтоол, Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай 317 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Концессын гэрээ байгуулах эрх олгох, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 87 дугаар тогтоолыг үндэслэж байгуулсан талаар гэрээний нийтлэг үндэслэлд дурдсан.

Хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаар тогтоолд Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн концессын гэрээг Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-тай байгуулах, төсөлд зарцуулах 76.963.494 ам доллартай тэнцэх төгрөгийг концессын гэрээнд заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгахыг холбогдох яамдад даалгажээ. /1хх 68-70/

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай тогтоолын[1] хавсралтын 9-д Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийг барих-шилжүүлэх төрлөөр уралдаант шалгаруулалт явуулах замаар хэрэгжүүлэх хэмээн тусгагдсан, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 87 дугаар тогтоолоор Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу гэрээг байгуулахаар шийдвэрлэсэн, зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын хувьд маргаагүй.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйгээр хэлцлийг байгуулж болно гэж заасан тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дэх хэсэгт зааснаар гэрээний харилцаа үүсчээ.

Энэ гэрээнд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулжээ. /1хх 86-89/

6.2.2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр М ХХК, Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нар харилцан тохирч, Эрх шилжүүлэгч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь 2015 оны концесс эзэмшигчийн эрх үүргийг бүхэлд нь М ХХК-д шилжүүлэхээр, эрх шилжүүлэн авагч нь хавсралтад заасан төлбөрийг эрх шилжүүлэгчид төлөхөөр тохиролцжээ. Улмаар Монгол Улсын засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлээр Концессын төслийн төсөвт өртгийг нэмэгдүүлэхгүй-гээр концесс эзэмшигчийн эрх, үүргийг М ХХК-тай гэрээ байгуулан шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, М ХХК-тай концесс эзэмшигчийн эрх, үүргийг шилжүүлэх тухай нэмэлт гэрээг байгуулжээ. Дээрх гэрээнд 2019 оны 6 дугаар сарын 26-нд, 2020 оны 02 дугаар сарын 13-нд, 2020 оны 9 дүгээр сарын 30-нд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулжээ. /1хх 15-23, 71, 92-94/

Ийнхүү Концессын гэрээний эрх үүргийг М ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн, түүнийг хэлцлийн нөгөө тал болох Монгол Улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрч эрх шилжүүлэн авагчтай нэмэлт гэрээг байгуулсан байх тул дээрх гэрээ Концессын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6, 124 дүгээр зүйлийн 124.2-д заасантай нийцнэ.

6.3.Гэрээний зүйл болсон Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг улсын комисс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10/17/19 тоот, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10/10/20 тоот, 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06/20/20 тоот акт, дүгнэлтээр хүлээн авч, байнгын ашиглалтад оруулснаар нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. Мөн тухайн барьсан авто замын чанар байдлын талаар зохигчид маргаагүй. /1хх 24-36/

6.4.Үндэсний аудитын газраас Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төслийн хэрэгжилтэд 2022 онд аудит хийж дүгнэлт гаргасан, аудитын дүгнэлтээр замын ажлыг концесс эзэмшигч 156.207.058.463 төгрөгөөр гүйцэтгэсэн гэж тайлагнасан ч аудитаар бодит гүйцэтгэл 146.924.411.968 төгрөг гэж тогтоосон, улмаар ажлын бодит гүйцэтгэлээс илүү тайлагнасан 9.282.646.495 төгрөгийг Үндэсний аудитын газрын дансанд төвлөрүүлэхээр 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 198/АО160091, АГГ-2021/25-ШТА-ГА тоот төлбөр барагдуулах акт тогтоосон үйл баримтад маргаагүй. /1хх 95-118, 144-148, 203-248, 2хх 1-64/

Энэ актыг нэхэмжлэгч хүлээн авсан, түүнчлэн уг актыг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.

7.Зохигчид концессын гэрээг байгуулсан, нэхэмжлэгч эрх шилжүүлж авсан, гэрээний дагуу замын ажлыг үргэлжлүүлэн барьж дуусган хүлээлгэн өгсөн, түүнчлэн замын ажлын чанар байдалд маргаагүй. Харин ажлын хөлсөд олгогдох мөнгөн дүн, олгосон мөнгөн дүнд тус тус маргасан.

8.Улмаар хариуцагч гэрээний дараах заалтыг ам доллараар буюу гадаад валютаар тооцсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх нөхцөл гэж сөрөг нэхэмжлэлээр шаардсан.

8.1.Концессын гэрээний 1.6-д гэрээний үнэ буюу төслийн нийт хөрөнгө оруулалт 76.963.494 ам доллартай тэнцэх төгрөг байна гэж, 1.10-т ... хөрөнгө оруулалтаа 4 жилийн хугацаанд Монгол Улсын засгийн газраас дараах хуваарьт заасан ам доллартай тэнцэх төгрөгөөр нөхөж авна. ... гэж, 1.11-т энэхүү гэрээний 1.10-т заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг улсын тухайн жилийн төсөвт тусгахдаа төсөв өргөн барих тухайн үеийн өдрийн Монгол банкны зарласан ханшаар хөрвүүлж тооцно гэж, 1.13-т энэхүү гэрээний 1.10-т заасан хуваарийн дагуу хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс хөрөнгө оруулалтын эргэн төлөх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигчид ашиг гарах тохиолдолд дараагийн төлбөрөөс уг ашгийг хасаж тооцох бөгөөд хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс хөрөнгө оруулалтын эргэн төлөх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигчид алдагдал гарах тохиолдолд уг алдагдлыг дараагийн төлбөрт нөхөж тусгана гэж, 1.15.2-т зардлын 10 хувь буюу 6.070.291 ам долларыг байршуулж төслийн зориулалтын дагуу зарцуулж эхэлсэн байх гэж, 1.15.3-т зөвлөх компанийн зардлын 50 хувьтай тэнцэх 1.517.572,5 ам долларыг дансанд тушаасан байх гэж заажээ.

8.2.Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно. Гэж, 4.2.-т Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно. гэж заажээ.

Улсын дээд шүүхийн 2010 оны Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн
зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай
17 дугаар тогтоолд хууль зөрчсөн гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл хамаарахгүй гэж тайлбарласан тул хуульд заасан тодорхой нэг журмыг зөрчсөн болгон хүчин төгөлдөр бус хэлцэл болох учиргүй. Өөрөөр хэлбэл тухайн хэлцлийг шууд хориглосон хэм хэмжээ байх, уг хориглосон хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуулинд тусгасан байхыг шаардана.

8.3.Гэрээг байгуулах эрх олгосон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаар тогтоолд 76.963.494 ам доллартай тэнцэх төгрөг гэж анх тусгасан, уг тогтоолыг үндэслэж 2015 онд гэрээг байгуулахдаа ам доллартай тэнцэх төгрөгөөр үнийг тооцохоор гэрээний холбогдох хэсгүүдэд тусгасан, түүнээс гадна 2009 онд батлагдсан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг гэрээ байгуулахдаа анхнаасаа хэрэгжүүлэх боломжтой байтал ам доллар-аар үнийг тусгажээ.

Иймд гэрээний дээрх зохицуулалтуудад мөнгөн дүнг ам доллараар буюу гадаад валютаар тусгасан хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх үндэслэлд хамаарахгүй.

Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

9.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан.

Ажил гүйцэтгэх гэрээгээр /Холимог гэрээний хувьд концессийн гэрээнд ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг нөхөн хэрэглэнэ/ ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх тул хариуцагч Монгол Улсын Засгийн газар гэрээгээр хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.

9.1.Гэрээгээр хөлс 76.963.494 ам доллартай тэнцэх төгрөг байхаар, мөн 1.11-д хөлсийг төлөхдөө эргэн төлөлтийг улсын тухайн жилийн төсөвт тусгахдаа төсөв өргөн барих тухайн үеийн өдрийн Монгол банкны зарласан ханшаар хөрвүүлж тооцох-оор гэрээгээр тухайлан тохиролцжээ.

Гэрээний дагуу Монгол Улсын 2021, 2022 оны төсвийн тухай[2] хуулиудад Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто зам төслийн нийт өртөг 218.982.700.000 төгрөг байхаар /гэрээний 1.11-д заасныг баримтлан нэг ам долларыг 2845,28 төгрөгт тооцож батлагдсан/, түүнээс 2021 онд олгох дүнг 131.389.600.000 төгрөг, харин 2022 онд олгох дүн 87.593.100.000 төгрөг байхаар хуулинд заажээ.

Талуудын хоорондох гэрээний 1.11-д заасан хөлсийг төлөхдөө төсөв өргөн барих тухайн үеийн өдрийн Монгол банкны зарласан ханшаар хөрвүүлж тооцох-оор тохиролцсон тохиролцоо гэрээг байгуулагч Монгол Улсын Засгийн газар талдаа ашиггүй, өөртөө хохиролтой нэмэлт эрсдэл /ирээдүйд ирэх ам долларын өсөлтийн эрсдэл/ үүсгэх нөхцлийг тусгасан, харин концесс эзэмшигч талдаа ашигтай /ам доллараас үүсч болох эрсдэлээс хамгаалагдах/ нөхцлийг үүсгэсэн заалт байна.

Гэвч гэрээг байгуулагч хоёр тал анхнаасаа дээрх нөхцлийг мэдсээр байж /мэдэх бүрэн боломжтой/ гэрээндээ тусгаж Монгол Улсын Засгийн газар өөртөө нэмэлт эрсдэл хүлээхээр тохирсон, түүнчлэн хэлцэл хийгч хоёр тал иргэний эрх зүйн хувьд аж ахуй эрхлэгчийн төрөлд хамаарах тул хэн алин нь эрсдэлээ тооцоолж байгуулсан, шүүх гэрээний дээрх заалтыг стандарт нөхцөл гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.4-д зааснаар гэрээний салшгүй хэсэг гэж үзнэ.

Түүнээс гадна дээр дурдснаар гэрээний дээрх заалтыг хэрэгжүүлж Монгол Улсын 2021, 2022 оны төсвийн тухай хуулинд төлбөл зохих мөнгөн дүнг 2021 оны байдлаарх Монгол төгрөгийн ам доллартай тэнцэх /2.845,28/ ханшаар тооцон тусгасан байдлаас үзвэл хариуцагч анхнаасаа өөрт ашиггүй заалт, түүнээс үүдэх эрсдэлийг мэдсээр байж хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ. Үүнээс гадна 2019 онд нэхэмжлэгч М ХХК концессын эрх, үүргийг шилжүүлж авах үед нэмэлт гэрээг байгуулахдаа ам доллараар тусгасан тохиролцоонд өөрчлөлт оруулах, төгрөгт тооцон шилжүүлэх болоод гэрээний 2.11-т заасан дээрх заалтыг хүчингүй болгох, өөрчлөх бүрэн боломжтой байсан. Мөн 2015-2020 оны хооронд гэрээнд 6 удаа нэмэлт өөрчлөлт оруулахдаа ч мөн адил үнэ төлөх талаарх дээрхи зохицуулалтуудад өөрчлөлт оруулаагүй байдлаас үзвэл хариуцагч Монгол Улсын засгийн газар өөртөө эрсдэлийг мэдсэн, мэдсээр байж хүлээн авсан болохыг илтгэж байна.

9.2.Төсвийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.8-д төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийн дээд хэмжээг нийт дүнгээр улсын төсөвт тусгахаар, Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 29[3] дүгээр тогтоолын 7улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын "барих-шилжүүлэх" төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулах-аар заажээ.

Дээрх Улсын Их хурлын тогтоол 2019 онд нэмэлт гэрээг байгуулж, концессын эрх үүргийг шилжүүлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан тул талууд энэ талаар гэрээндээ тусгах, өөрчлөлт оруулах эсхүл үнэ гүйцэтгэлээр бага гарсан тохиолдолд хасах талаар нэмэлтээр зохицуулах боломжтой байсан хэдий ч тохиролцоогүй, энэ талаар гэрээнд өөрчлөлт оруулаагүй байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 160 дугаар[4] тогтоолоор батлагдсан Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам-ын дагуу концессын санхүүжилтийг бодит гүйцэтгэлээр тооцохоор тусгагдсан, тухайн журмыг 2015 онд байгуулагдаж 2020 онд ажлыг бүрэн гүйцэтгэн хүлээлгэн өгсөн энэ маргааны хувьд буцаан хэрэглэхгүй тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй.

Иргэний эрх зүй гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд тулгуурлах бөгөөд үүнийг илэрхийлж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Гэрээнд тусгагдсан хэлэлцэн тохирсон хөлсний хэмжээ буюу үнэ өөрөө гэрээ байгуулагдсан гэж үзэх гол нөхцлийн нэгд хамаарна. Мөн Концессын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1Хууль тогтоомж, гэрээнд өөрөөр заагаагүй бол концессын гэрээг Монгол Улсын хуулийн дагуу байгуулж, тайлбарлах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгасан байвал зохино гэж, үүнд 21.1.3концессын зүйлийг ашиглуулсны болон үйлчилгээ үзүүлсний төлөө концесс эзэмшигчийн төлбөр авах эрх,  үнэ, төлбөр тогтоох, өөрчлөх аргачлал, түүнд хяналт тавих арга хэлбэр гэж заасан, түүнчлэн концесс шалгаруулах үйл явцад хуулиар үнэ-ийг голлох ач холбогдол өгч сонгон шалгаруулахаар зохицуулснаас үзвэл концессийн гэрээнд ч мөн адил үнэ гол нөхцөлд тооцогдоно.

Иймд аудитын тайлангаар тогтоосон илүү тайлагнасан ажлын хөлсийг олгох үндэсгүй тухай хариуцагчийн татгалзал, түүнчлэн ам долларын зөрүүнээс үүдэлтэй илүү төлсөн 61.491.993.077 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус үндэслэлгүй гэж үзэв.

10.Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно. Гэж, 52.2.3-т ...дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно гэж заасан.

Зохигчдын хоорондох гэрээний зүйлээр автозам шинээр бий болгох буюу дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгож байгаа агуулгаар нь нийтийн эрх зүйн хүсэл зоригийн илэрхийлэлд хамаарах захиргааны гэрээний шинжид хамаатуулж болох хэдий ч агуулгын хувьд иргэний эрх зүйн гэрээнд, түүн дундаас нэрлэгдээгүй гэрээний төрөлд, харин гүйцэтгэлийн тухайд ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтуудад илүү хамаарна. Зохигчид гэрээг байгуулсан процесс болоод замын ажлын гүйцэтгэл, чанарын талаар маргаагүй харин зөвхөн хэлэлцэн тохирсон хөлс төлөх асуудалд маргасан тул ердийн харьяаллын шүүх маргааныг харьяалан шийдвэрлэнэ. Иймд хэргийн харьяалал зөрчсөн тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

11.Зохигчид 2021 онд 131.389.600.000 төгрөг төлсөнд маргаагүй. Харин нэхэмжлэгч 2022 онд 75.708.667.037 төгрөг олгосон гэж, хариуцагч шүүхэд анх бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа 75.708.667.036 төгрөг олгосон гэж, сөрөг нэхэмжлэлдээ 77.026.805.045=208.416.405.045-131.389.600.000 төгрөг олгосон гэж, шүүх хуралдааны явцад 76.992.118.576 төгрөг олгосон гэж үнийн дүнг зөрүүтэйгээр тайлбарласан.

Гэвч хэргийг хэлэлцэх явцад 2022 онд нэхэмжлэгчид бодитоор шилжүүлсэн дүн 75.708.667.037 төгрөг гэдэгт хэлэлцүүлгийн явцад маргаагүй, талууд хүлээн зөвшөөрсөн. Харин энэ мөнгөн дүнд гэрээний 1.1.53-т зааснаар гуравдагч этгээд болох Аварга зам ХХК-д төлөх ёстой техникийн хяналтын зардлын үлдэгдэл 1.283.648.460 төгрөгийг нэхэмжлэгч Эдийн засаг, хөгжлийн яаманд төлөх ёстой, уг мөнгийг нэхэмжлэгчид олгосон үнийн дүнд нэмж тооцсон, түүнчлэн аудитын актад заасан 9.282.646.495 төгрөгийг Үндэсний аудитын шилжүүлсэн, үлдсэн 1.318.138.008 төгрөгийг Эдийн засгийн хөгжлийн яам өөртөө шилжүүлж авсан байгаа гэж тайлбарласан. /3хх 36, 37/

Нэхэмжлэгчээс 2021, 2022 онд нийт 207.098.367.037 /131.389.600.000 + 75.708.667.037/ төгрөг хүлээн авсан. Нийт 11.884.432.963 төгрөг төлөхөөс зөвлөх үйлчилгээний зардалд буюу Аварга зам ХХК-д төлөх ёстой үлдэгдэл 955.808.862 төгрөгийг хасч тооцон үлдэх 10.928.624.101 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан. /1хх 39/

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчдын өгсөн авсан үнийн дүнгийн маргаан зөвхөн техникийн хяналтын зардлын мөнгөн дүнгээс шалтгаалсан, бусдаар маргаагүй тул шүүх хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг хэрэглэж болохоор тайлбарласан. Энэ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч талаас хэн алин нь шинээр нотлох баримт шаардлагатай талаар тайлбар хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул шүүх баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Зохигч хэн алин нь техникийн хяналтын зардалд хэдэн төгрөг төлөх ёстойгоор хэдэн төгрөг төлсөн, үлдэгдэл хэдэн төгрөг байгаа талаарх дэмжих баримтыг ирүүлээгүй. Хариуцагчаас гэрээний 1.15.3-т зааснаар үлдэх 50 хувь болох 1.517.572 ам доллар-аас төлөгдөөгүй дүн 1.283.648.460 төгрөг байсан гэж тайлбарласан. Харин нэхэмжлэгч энэ мөнгөнөөс төлөгдөөгүй үлдсэн дүн 995.808.862 төгрөг байсан, анхнаасаа нэхэмжлэлийн үнийн дүнд ороогүй, хасч тооцсон байсан гэж тайлбарласан. Түүнчлэн нэхэмжлэгч техникийн хяналтын зардлыг хасаад үлдэгдэл 10.928.624.101 төгрөгийг авах ёстой гэж тайлбарласан.

Гэвч зохигчдын хэн алины дээрх тайлбарыг дэмжих баримт хэрэгт авагдаагүй тул шүүх энэ тохиолдолд аудитын дүгнэлтэд илүү тайлагнасан гэж тусган хасагдсан 9.282.646.495 төгрөгнөөс хариуцагчийн тайлбарыг үндэслэж техникийн хяналтын зардал 1.283.648.460 төгрөгийг олгох дүнгээс хасч, үлдэх 7.998.998.035 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

12.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5-д заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газраас 7.998.998.035 /долоон тэрбум есөн зуун ерэн найман сая есөн зуун ерэн найман мянга гучин таван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.929.626.066 төгрөгийг, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хоорондох Концессын гэрээний 1.6, 1.10, 1.11, 1.13, 1.15.2, 1.15.3 дах заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, илүү төлсөн 61.491.993.077 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.801.071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 40.152.940 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

 

 


[1] https://legalinfo.mn сайтад нийтэд нээлттэйгээр байршсан тул ИХШХШТХ 40.4 зааснаар нийтэд илэрхий үйл баримт гэж үзэх тул үнэлэв.

[2] www.legalinfo.mn цахим сайтад байршсан, нийтэд илэрхий үйл баримтад тооцогдоно.

[3] www.legalinfo.mn сайтад нээлттэйгээр байршсан.

[4] www.legalinfo.mn сайтад байршсан. Уг журмыг 2023 оны 278 тогтоолоор хүчингүй болгосон.