Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00382

 

 

 

 

 

     

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/03689 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч ЗГ-т холбогдуулан гаргасан, концессын гэрээний үлдэгдэл төлбөр 10,928,624,101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, концессын гэрээний 1.6, 1.10, 1.11, 1.13, 1.15.2, 1.15.3-т заасныг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, илүү шилжүүлсэн 61,491,993,077 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь 2019 оны 05 сарын 09-ний өдөр ҮГ-тай Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг барих-шилжүүлэх Концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж, төслийн ажлыг гүйцэтгэхээр болсон. Уг концессын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр манай компани Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг 2020 оны 10 сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн. Бид гэрээнд заасан 2020 оны 10 сарын 20-ны өдөр замын барилга угсралтын ажлыг чанарын өндөр үзүүлэлттэйгээр дуусган замын зорчих хөдөлгөөнийг бүрэн нээж, ашиглалтад оруулсан. М ХХК-ийн хувьд 2015 онд Э ХХК болон ЗГ хооронд байгуулагдсан байсан концессын гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, тус концессын эрхийг шилжүүлэн авсан. Цаг хугацааны хувьд гэрээ байгуулагдсанаас хойш 4 жил өнгөрсний дараа гэрээнд оролцохоор хүлээн авсан боловч гэрээний үнийн дүн, нөхцөлд аливаа өөрчлөлт оруулалгүйгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээнд оролцсон болно. М ХХК нь концессын эрхийг 2019 оны 05 сарын 09-ний өдөр шилжүүлэн авах үед Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын ажил 4,555,343,539 төгрөгийн гүйцэтгэлтэй байсан. Газар шорооны ажил хийгдсэн, ойролцоогоор 2,9 хувийн ажлын гүйцэтгэлтэйгээр зогссон байсныг хүлээн авч, концессын гэрээнд заасан хугацааны дотор буюу эхний 30 км замыг 2019 оны 12 сарын 31-ний өдөр, дараагийн ээлжийн 30 км замыг 2020 оны 09 сарын 02-ны өдөр, үлдэх 66.7 км замыг 2020 оны 12 дугаар 19-ний өдөр тус тус Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад оруулах ажлын хэсгийн акт, дүгнэлтийн дагуу хүлээлгэн өгч, концессын гэрээний үүргийг чанарын өндөр түвшинд 100 хувь бүрэн гүйцэтгэсэн. ЗГ-аас концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 1.2-т заасан концессын зүйлийн хөрөнгө оруулалтын нийт төлбөр болох 76,963,494 ам.доллартай тэнцэх төлбөрөөс 2022 оны 12 сарын 20-ны өдөр төлөх үлдэгдэл төлбөрөөс нийт 5,229,268 ам.доллартай тэнцэх төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй. Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төслийн концессын гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэл буюу Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавралтын 1.1.3-т тусгагдсан концессын хөрөнгө оруулалтын үлдэгдэл 5,229,268 ам.доллартай тэнцэх буюу 10,928,624,101 төгрөгийн төлбөрийг ЗГ-с гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч тал хариу тайлбартаа: ЗГ-ын 2015 оны 03 сарын 09-ний өдрийн 87 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөлд зарцуулах 76,936,494 ам.доллартай тэнцэх төгрөг байхаар тогтоосон байдаг. Ингээд Э ХХК болон ҮГ, М ХХК нар харилцан тохиролцоод эрх, үүргийг шилжүүлэн авсан. 2009 онд батлагдсан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно" гэж заасан. Концессын гэрээний 1.3-т концессын төлбөрийг 76,963,494 ам.доллартой тэнцэх төгрөг байна гэж тохиролцсон нь дээрх хуульд нийцээгүй. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 02 сарын 05-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний 1.2-т Концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгч, хөрөнгө оруулалтаа 4 жилийн хугацаанд М газраас доорх хуваарьт заасан ам.доллартой тэнцэх төгрөгөөр нөхөж авна гэж гэрээний үнэ нь төгрөг болохыг дахин тодотгож гэрээнд заасан. Иймд ам.доллараар гэрээний үүрэг шаардсан М ХХК-ийн нэхэмжлэл нь илт үндэслэлгүй. Гэрээний бодит гүйцэтгэлийг аудитаар тогтооход 146,924,411,968 төгрөг болсон. Үүний зөрүү 9,282,646,495 төгрөг болж байгаа. Гэтэл 2021 онд 131,389,600,000 төгрөг, 2022 онд 75,708,667,036 төгрөг, нийт 207,098,267,036 төгрөгийг М ХХК-д олгосон байгаа. Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын төсөл Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд зааснаар 131,389,000,000 төгрөг, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд зааснаар 87,593,000,000 төгрөгийг төсөвлөсөн. Улсын төсөвт үлдсэн дүнг гэрээний төлбөрийн үлдэгдэл гэж шаардах нь үндэслэлгүй. Аудитын тайлангаар бодит гүйцэтгэлийг 9,282,646,495 төгрөгөөр илүү тайлагнасныг баталгаажуулсан байгаа. Иймд М газраас М ХХК-д төлөх төлбөргүй. Түүнчлэн ЗГ-ын 2019 оны 04 сарын 10-ны өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 1.1-д зааснаар М ХХК-тай концессын нэмэлт гэрээ байгуулан шилжүүлэх тухай даалгасан. М ХХК-тай 2019 оны 05 сарын 09-ний өдөр байгуулсан концесс эзэмшигчийн эрх, үүргийг шилжүүлэх тухай концессын нэмэлт, өөрчлөлтийн гэрээний үндэслэх хэсэгт ЗГ-н 2019 оны 04 сарын 10-ны өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийг удирдлага болгон хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь концессын үндсэн гэрээнд өөрчлөлт оруулсан нь уг төсөлтэй холбогдуулан шүүхийн аливаа маргаан үүсгэхгүй байх талаар анхнаасаа харилцан тохиролцсон байна. Мөн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар хэргийн харьяалал зөрчсөн байна. Иймд М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: Концессын гэрээний 1.6, 1.11, 1.13, 1.15.2, 1.15.3-т заасан зохицуулалт нь ЗГ-ын 2015 оны 87 дугаар тогтоол, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1, 4.2-т заасныг тус тус зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар "Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн барих-шилжүүлэх (ВТ) концессын гэрээний 1.6, 1.10, 1.11, 1.13, 1.15.2, 1.15.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. ЗГ-ын 2015 оны 87 дугаар тогтоолын дагуу гэрээний нийт төлбөр 144,479,811,447 төгрөг байх бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 08 сарын 01-ний өдрийн А/63 дугаар тушаалаар баталгаажсан АГГ-2022/125-ШТА-ГА дугаар аудитын дүгнэлтэд 146,924,411,968 төгрөгөөр концессын төслийг хэрэгжүүлсэн болох нь тогтоогдсон байна. Ингэснээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар гэрээний үнийн дүнг гадаад валютаар тооцож олгосон бүх зүйлээ буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийг ЗГ хүлээнэ. Иймд М газрын эрх бүхий этгээдийн зүгээс концессын гэрээний төлбөрт нийт 208,416,405,045 төгрөг олгосон байх тул Үндэсний аудитын газраас тогтоосон бодит гүйцэтгэл болох 146,924,411,968 төгрөгийг хасч, илүү шилжүүлсэн 61,491,993,077 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ. 

4.   Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ЗГ, түүнийг төлөөлөн ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ХЗ болон Э ХХК-ийн хооронд Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийг барих-шилжүүлэх концессын гэрээг 2015 оны 06 сарын 05-ны өдөр байгуулсан. Тухайн гэрээг байгуулах үндэслэл болсон дээр дурдсан тогтоолууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. ЗГ-ын 2015 оны 03 сарын 09-ний өдрийн 87 дугаар тогтоолын 2 дахь заалтад ...76,963,494 ам.доллартай тэнцэх төгрөгийг ... эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг... гэж тухайлан концессын гэрээ байгуулах үнийг тодорхойлсон. Энэ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасанд хамаарахгүй. Тодруулбал, хуулийн уг зохицуулалт нэг удаагийн гэрээний үнэ тогтоох агуулгыг илэрхийлэхгүй бөгөөд харин олон удаагийн давтамжтай, Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан гэрээний стандарт нөхцөлд хамаарах зохицуулалт юм. Концессын гэрээний дагуу эргэн төлөлтийг концессын гэрээний 1.10, 1.11-д заасныг үндэслэн М ХХК-д тухай бүр төгрөгөөр тооцон шилжүүлж байсан. Хэрэгт авагдсан баримтуудаар Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийг барих-шилжүүлэх концессын гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч 2015 оноос хойш 4 жил бүрэн зогссон төслийг богино хугацаанд өөрийн санхүүжилтээр, бизнесийн эрсдлийг бүрэн хариуцан ЗГ-ын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Иймд манай компанийн зүгээс 61,491,993,077 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасан нөхцөл үүсээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5-д заасныг баримтлан ЗГ-аас 7,998,998,035 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,929,626,066 төгрөгийг, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хоорондох Концессын гэрээний 1.6, 1.10, 1.11, 1.13, 1.15.2, 1.15.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, илүү төлсөн 61,491,993,077 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,801,071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 40,152,940 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

6.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.  Нэхэмжлэгч М ХХК нь 126,7 км зам барьж шилжүүлэн өгөх үүргээ бүрэн биелүүлэн М газарт 2020 оны 10 сард хүлээлгэн өгсөн. Концессын зүйл болох авто замыг хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл ЗГ нь гэрээний зүйлийн чанар, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гомдол, шаардлага огт гаргаагүй. Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийг барих-шилжүүлэх концессын гэрээний 1.6-д заасны дагуу концессын зүйлийн хөрөнгө оруулалтын төлбөрийг 2018 оны 02 сарын 05-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээний дагуу М газар нь 2021, 2022 онуудад нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан.

6.2.  Хариуцагч ЗГ нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зөрчих болсон үндэслэлээ Үндэсний аудитын газраас "Улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын барих шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлсэн Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төслийн хэрэгжилтэд хяналт хийсэн аудитын тайлан гэж тайлбарлаж, маргасан. Харин талуудын хооронд байгуулсан Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийг барих-шилжүүлэх концессын гэрээний гүйцэтгэлийг Үндэсний аудитын газрын тайлангаар баталгаажуулах тухай ямар нэгэн зохицуулалт гэрээнд байхгүй.

6.3.  Концессын гэрээний дагуу болон 2022 оны төсвийн тухай хуульд заасны дагуу 2022 онд М ХХК-д олгох ёстой байсан төлбөрийн үлдэгдэл 11,884,432,963 төгрөгт хариуцагч маргаагүй. Анхан шатны шүүх гэрээний үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөлийг барих-шилжүүлэх концессын гэрээ болон түүний нэмэлт гэрээний дагуу гүйцэтгэх ёстой гэж дүгнэсэн атлаа хариуцагчийн төлбөр гүйцэтгэх үүргийн үлдэгдлийг гэрээний үнийн дүнгээр бус харин Үндэсний аудитын газрын дүгнэлт, тайланд тусгагдсан 9,283,646,495 төгрөгөөр тооцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон.

6.4.  Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хяналтын зөвлөх компанид төлөх төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх талаар маргаагүй буюу хэрэгт энэ талаар баримтыг гаргаж өгөөгүй атлаа хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад 1,283,648,460 төгрөгийг ЗГ-т концесс эзэмшигч нь шилжүүлэх үүрэгтэй гэж тайлбарласан. Энэ шилжүүлэх үүрэг нь талуудын хооронд байгуулсан гэрээний болон хуульд заасан аль үндэслэлээр шаардах эрхтэйг дурдаагүй.

6.5.  Түүнчлэн манай компани нэхэмжлэл гаргахдаа хяналтын зөвлөх компанид төлөх төлбөрт 955,808,862 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, авах ёстой төлбөрөөсөө хасаж тооцсон байхад шүүх хариуцагчийн тайлбарт дурдагдсан 1,283,648,460 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс бүхэлд нь хасаж тооцсон нь үндэслэлгүй.

6.6.  Шүүх хариуцагчийн гүйцэтгэх ёстой үүргийг гэрээний дагуу төлөгдөх төлбөрийн үлдэгдлээс бус Үндэсний аудитын газрын дүгнэлт, тайланд дурдагдсан 9,283,646,495 төгрөгөөс тооцсоноос гүйцэтгэх ёстой үүргийн гүйцэтгэл 2,929,626,066 төгрөгийг үндэслэлгүйгээр хасаж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу нотлох баримтуудыг харьцуулан үнэлж дүгнээгүйн улмаас тоо тооцооллын зөрүүтэй байдлыг үүсгэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь илтэд үндэслэлгүй болсон тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 7.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

7.1.  Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолын 5.1-д хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй гэж тайлбарласан. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн 8.2-т дээрх хуулийн тайлбарыг хуульд заасан тодорхой нэг журмыг зөрчсөн болгон хүчин төгөлдөр бус хэлцэл болох учиргүй гэж дүгнэх байдлаар буруу тайлбарлаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосон. Гэтэл концессын гэрээний 1.6, 1.10, 1.11, 1.13, 1.15-д гэрээний үнийн дүнг ам.доллараар тогтоосон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1, 4.2-т заасан хориглосон хэм хэмжээг зөрчиж байгуулсан тул Улсын Дээд шүүхийн 17 дугаар тогтоолын 5.1-д заасантай бүрэн нийцэж байна. Тухайлбал, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолын 5.1-д заасан нь хоёр үндсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд хориглох хэм хэмжээг зөрчсөн болон агуулгын хувьд байж болох хэлцэл мөн эсэх асуудал юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.2-т хийсэн дүгнэлт нь энэ гэрээний заалтууд нь агуулгын хувьд байж болох хэлцэл тул хүчин төгөлдөр гэж үзсэн. Ингэж дүгнэхдээ ямар үндэслэлээр, хэрхэн тайлбарлан дүгнэж агуулгын хувьд байж болох хэлцэл гэж үзсэн талаараа дурдаагүй. Хууль зөрчсөн, хууль нь илтэд хориглосон хэм хэмжээг тогтоосон байхад Иргэний хуулийн дээрх зохицуулалт болон Улсын Дээд шүүхийн тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагчийн зүгээс тухайн концессын гэрээ-г бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах бус Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар концессын гэрээний 1.6, 1.10, 1.11, 1.13-д заасан заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хэлцэл бүхэлдээ эрх зүйн үндэслэлтэй, хүчин төгөлдөр байх эсэхэд нөлөөлөхгүй. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.3-т хийсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь гэрээний талууд заавал мэдсэн байх, эсхүл мэдэх боломжтой байхыг шаарддаггүй болно.

7.2.  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д концессын гэрээний харилцаанд ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг нөхөн тохируулж хэрэглэж дүгнэсэн байна. Гэтэл Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ-ний хэрэгжилт, тэдгээрийн санхүүжилттэй холбоотой харилцаа нь тухайн харилцааг зохицуулсан нарийвчилсан хэм хэмжээний зохицуулалт нэн тэргүүнд хэрэглэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, концессын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой харилцаанд Концессын тухай хуулийн 4.1.2, 20-27 дугаар зүйл, Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хэм хэмжээ хамаарна. Тиймээс концессын гэрээ нь Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээтэй харьцуулахад хэрэглэгдэх хэм хэмжээ, гэрээ байгуулах үе шат, шаардлага, гэрээний нөхцөл, хугацаа, гэрээний хэрэгжилт, үр дагавар зэрэг ялгаатай тул шууд ажил гүйцэтгэх гэрээтэй адилтгаж, тус гэрээний зохицуулалтыг ашиглах боломжгүй болно. Иймд анхан шатны шүүх "Барих-шилжүүлэх" төрлөөр байгуулсан концессын гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ талуудын хооронд үүссэн гэж буруу дүгнэсэн байна.

7.3.  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-1-д концессын гэрээний 1.11 дэх хэсгийг гэрээний стандарт нөхцөл биш гэж дүгнэсэн мөртөө, уг заалтыг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.4-д заасныг үндэслэн гэрээний салшгүй хэсэг байх бөгөөд хүчин төгөлдөр байна гэж ойлгомжгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

7.4.  Концессын гэрээний 4.1.2-т зааснаар М ХХК нь гэрээт ажлыг 2020 оны 10 сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөнөөр төслийн хэрэгжилтэд аудит хийгдсэн. Ингээд Үндэсний аудитын газрын 2022 оны 08 сарын 01-ний 198/А0160091, АГГ-2021/25-ШТА-ГА дугаар Төлбөр барагдуулах тухай акт-аар 9,282,646,495 төгрөгийг Төрийн санд төвлөрүүлэхийг даалгасан. Иймд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтад тусгагдсан Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийг барих-шилжүүлэх концессын гэрээний дагуу 2022 оны улсын төсөвт суугдсан 87,593,100,000 төгрөгийн санхүүжилтээс 9,282,646,495 төгрөгийг Төрийн сан дахь Аудитын шалгалтын орлогын 1009000000601 дугаар дансанд шилжүүлсэн. Тус АГГ-2021/125-ШТА-ГА дугаар Үндэсний аудитын тайлан, 2022 оны 08 сарын 01-ний өдрийн А/63 дугаар Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал, 198/А0160091, АГГ-2021/25- ШТА-ГА дугаар Төлбөр барагдуулах тухай акт нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэ актаар 9,282,646,495 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй эсэх талаар хариуцагч тал тайлбар өгөх боломжгүй, мөн иргэний шүүхийн харьяаллын маргаан биш болно. Түүнчлэн нэхэмжлэгч Үндэсний аудитын газрын дүгнэлт, акттай холбоотойгоор холбогдох шүүхэд маргаагүй. Гэтэл шүүх нэхэмжлэгч тал ажлын бодит гүйцэттэлээс илүү тайлагнасантай холбогдуулан гаргасан 9,282,646,495 төгрөгийн Аудитын төлбөр барагдуулах акт-тай маргаагүй байхад уг акттай холбогдох 7,998,998,035 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

7.5.  Хариуцагчаас Улсын төсвөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэхдээ ЗГ-ын 2021 оны 160 дугаар тоггоолын хавсралтаар батлагдсан Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам-ыг баримтлах ёстой гэж маргасан. Тус журмын 4.5.2-т зааснаар бодит гуйцэтгэлээр санхүүжүүлэх-ээр тусгасан бөгөөд Үндэсний аудитын дүгнэлтээр 146,924,411,968 төгрөгийн бодит гүйцэтгэлтэй байгааг тодорхойлсон тул Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн барих-шилжүүлэх концессын гэрээний төлбөрийг бүрэн шилжүүлж дууссан гэж маргадаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх журам нь 2021 онд батлагдсан байх тул 2015 оны гэрээнд буцаан хэрэглэхгүй гэж дүгнэсэн. Концессын гэрээ 2015 онд байгуулагдсан боловч гэрээний төлбөрийг 2021-2022 онд шилжүүлсэн тул санхүүжилт хийгдэх үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмыг баримтлах нь зүйтэй. Тус журам 2021 онд батлагдсан хэдий ч 2015 онд тухайн гэрээг байгуулагдах үед Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалаар батлагдсан Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам мөрдөгдөж байсан бөгөөд тус журмын 3.12-т санхүүжилтийг бодит гүйцэтгэлээр гаргахаар зохицуулсан байдаг. Иймд шүүх заавал гэрээнд тусгасан бол дагаж мөрдөх бөгөөд гэрээнд тусгаагүй бол холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага хамаарахгүй, талууд дагаж мөрдөх үүрэггүй байдлаар тайлбарлаж, хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

7.6.  Анхан шатны шүүх гэрээт ажлын гүйцэтгэлийн талаар маргаагүй гэж хариуцагч талын байр суурийг үндэслэлгүйгээр буруу тодорхойлж, буруу дугнэсэн. Гэрээний зүйл буюу Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг улсын комисс 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 10/17/19 тоот, 2020 оны 09 сарын 02-ны өдрийн 10/10/20 тоот, 2020 оны 12 сарын 19- ний өдрийн 06/20/20 тоот актаар хүлээн авсан бөгөөд талууд тухайн авто замын чанар байдалд маргаагүй гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь талуудын маргааны зүйлийг нэхэмжлэгч болох концесс эзэмшигч нь 156,207,058,463 төгрөгөөр дүгнэсэн ба харин Үндэсний аудитын газрын дүгнэлтэд тусгагдсан бодит гүйцэтгэлийн дүн буюу 146,924,411,968 төгрөгөөр хариуцагч санхүүжилтийг олгосонтой холбоотой зөрүүтэй маргаан байхад тус авто замыг хүлээн авсан нь замын чанартай маргаагүй байна гэж буруу дүгнэсэн. Дээр дурдсанаар хариуцагчаас Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам-ын 4.5.2-т зааснаар бодит гүйцэтгэлээр санхүүжүүлэх-ээр заасны дагуу санхүүжилтийг олгосон. Мөн Үндэсний аудитын газраас концессын гэрээний зүйлийг ажлын бодит гүйцэтгэлээс илүү тайлагнасан 9,282,646,495 төгрөгийг Үндэсний аудитын газрын дансанд төвлөрүүлэхээр 2022 оны 08 сарын 01-ний өдрийн 198/Ө0160091, АГГ-2021/25ШТА-ГА тоот төлбөр барагдуулах акт тогтоосон үйл баримтад нэхэмжлэгчийг маргаагүй гэж дүгнэсэн нь аудитын дүгнэлтийг хүчин төгөлдөр байдлыг зөвшөөрсөн байна. Гэвч шүүх шийдвэр гаргахдаа Үндэсний аудитын дүгнэлтээр хасагдсан 9,282,646,495 төгрөгөөс 7,998,998,035 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

7.7.  Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар 131,389,600,000 төгрөгийг М ХХК-д олгосон бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад талууд энэ талаар маргаагүй. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар 87,593,100,000 төгрөг тусгагдсанаас 2022 онд 75,708,667,036 төгрөгийг М ХХК-ийн дансанд болон тус компанийн төлөх ёстой Хөгжлийн банк, бусад татварын өрөнд суутган шилжүүлсэн. Харин дээрх Улсын төсөвт туссан санхүүжилтээс 1,318,138,008 төгрөгийг Эдийн засаг, хөгжлийн яамны техник хяналтын зардлын дансанд шилжүүлсэн. Концесс эзэмшигчээс авто замын хяналтын зөвлөх компанийн зардлыг дараах байдлаар эрх бүхий этгээдийн дансанд шилжүүлсэн байна. Иймээс 2022 оны улсын төсөвт тусгагдсан 87,593,100,000 төгрөгийн санхүүжилтээс концесс эзэмшигчид өөрт нь түүний зайлшгүй төлөх ёстой төлбөр нийт 77,026,805,044 төгрөгийн санхүүжилтийг олгосон. Улсын төсөвт суугдсан санхүүжилтээс Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 08 сарын 01-ний өдрийн А/63 тушаалын хоёрдугаар хавсралтад туссан аудитын шалгалтаар тогтоосон актын төлбөр 9,282,646,495 төгрөгийг Үндэсний аудитын газрын дансанд шилжүүлсэн, ЭЗХЯ-ны дансанд байхгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 181/Ш32022/18009 дугаар захирамжаар үлдсэн 1,243,660,000 төгрөгийг барьцаа хөрөнгийн дансанд байршуулсан.

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулав.

2.   Нэхэмжлэгч М ХХК концессын гэрээний үлдэгдэл төлбөр 10,928,624,101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ЗГ бүхэлд нь эс зөвшөөрч, концессын гэрээний 1.6, 1.10, 1.11, 1.13, 1.15.2, 1.15.3-т заасныг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, илүү шилжүүлсэн 61,491,993,077 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган талууд маргажээ. /1хх 1-3, 63-67/

3.   Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.  ЗГ, түүнийг төлөөлж ХГ нь Э ХХК-тай 2015 оны 06 сарын 05-ны өдөр Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн барих-шилжүүлэх (BT) концессын гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХК нь Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг 2 үе буюу 8 см-ээр өөрийн зардлаар барьж гүйцэтгэж 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулах, ЗГ нь гэрээний төлбөр нийт 76,963,494 ам.доллартай тэнцэх төгрөгийг 2017 оны 12 сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 сарын 20-ны өдрийн хооронд 4 хуваан нөхөж төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. / 1 хх 72-85/

3.2.  Улмаар, Э ХХК болон М ХХК-иуд 2019 оны 04 сарын 22-ны өдөр Концессын зүйл шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр концесс эзэмшигч Э ХХК нь концессын эрхийг М ХХК-д шилжүүлсэн. /1хх 15-20/

3.3.  Үүнтэй холбоотойгоор, ЗГ, түүнийг төлөөлж ҮГ нь концессын эрх шилжүүлэн авагч М ХХК-тай 2019 оны 05 сарын 09-ний өдөр Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн концесс эзэмшигчийн эрх, үүргийг шилжүүлэх тухай концессын нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХХК нь Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг 2 үе буюу 8 см-ээр өөрийн зардлаар барьж гүйцэтгэж 2019 оны 12 сарын 01-ний өдрийн дотор ашиглалтад оруулах, М газар нь гэрээний төлбөрийг М ХХК-ийн Голомт банк дахь 1105266669 тоот дансанд шилжүүлэх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /1хх 21-22/

3.4.  Дараа нь, ЗГ, түүнийг төлөөлж ҮГ нь концессын эрх шилжүүлэн авагч М ХХК-тай 2020 оны 02 сарын 13-ны өдөр Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр авто замыг ашиглалтад оруулах хугацааг 2020 оны 10 сарын 31-ний өдрөөс өмнө гэж өөрчилсөн. /1хх 23/

3.5.  Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад оруулах ажлын хэсгийн 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 10/17/19 дугаар дүгнэлтээр 126.7 км хатуу хучилттай авто замын 30 км авто замыг, 2020 оны 09 сарын 02-ны өдрийн 10/10/20 дугаар дүгнэлтээр 126.7 км хатуу хучилттай авто замын 2 дахь хэсгийн 30 км авто замыг, 2020 оны 12 сарын 19-ний өдрийн 06/20/20 акт, дүгнэлтээр 126.7 км хатуу хучилттай замын үлдэх 66.7 км хатуу хучилттай замыг ашиглалтад авахаар тус тус шийдвэрлэсэн. /1хх 24-27, 28-31, 32-36/

3.6.  Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын төслийн төсөвт өртгийг Монгол Улсын 2021, 2022 оны төсвийн тухай хуулиудад нийт 218,982,700,000 төгрөг гэж тусгаж, үүнээс 2021 онд 131,389,600,000 төгрөгийн санхүүжилт хийхээс 131,389,600,000 төгрөгийн санхүүжилтийг, 2022 онд 87,593,100,000 төгрөгийн санхүүжилт хийхээс 75,708,667,037 төгрөгийн санхүүжилтийг, нийт 207,098,267,037 төгрөгийн санхүүжилтийг М газраас М ХХК-д олгосон. /1хх 37, 38, 39/

Зохигчид дээрх үйл баримтын тухайд маргаагүй.

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсэн, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч ЗГ-аас хэлэлцэн тохирсон хөлсийг шаардах эрхтэй. /1хх 24-27, 28-31, 32-36/

 5.   Ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй маргаан нь Иргэний шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарах тул ...хэргийн харьяалал зөрчсөн..., ...концессын гэрээний харилцаанд ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн... гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан ...эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх... эрхийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан ...эрхээ хамгаалуулахаар ... шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх... эрхийг гэрээний тохиролцоогоор хязгаарлах боломжгүй тул ...уг төсөлтэй холбогдуулан шүүхийн аливаа маргаан үүсгэхгүй байх талаар анхнаасаа харилцан тохиролцсон... гэх хариуцагч талын татгалзал мөн үндэслэлгүй.

6.   Концессын гэрээний 1.6, 1.10, 1.11, 1.13, 1.15.2, 1.15.3-т заасныг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Талууд гэрээний үнийг ...тэнцэх төгрөг байна гэж төгрөгөөр илэрхийлж, эргэн төлөлтийг төгрөгөөр гүйцэтгэсэн байх тул концессын гэрээний 1.6, 1.10, 1.11, 1.13, 1.15.2, 1.15.3-т заасныг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т тус тус заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, талууд ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга, журам, хугацааг харилцан тохиролцож тодорхойлсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасантай нийцжээ.

Иймд анхан шатны шүүх гэрээний холбогдох заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

7.   Магадлалын 3.6-д дурдсанчлан, 218,982,700,000 төгрөгийн санхүүжилтээс 207,098,267,037 төгрөгийн санхүүжилт олгогдсон тул үлдэгдэл санхүүжилт 11,884,432,963 төгрөг байна.

Нэхэмжлэгч М ХХК нь үүнээс зөвлөх үйлчилгээний зардал 955,808,862 төгрөгийг хасч, үлдэх 10,928,624,101 төгрөгийг хариуцагч ЗГ-аас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан зохицуулалтад нийцжээ.

Иймд уг дүнг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

8.   Хариуцагч тал ...барилга угсралтын ажлын төсөвт өртөг 146,924,411,968 төгрөг болох нь Үндэсний аудитын газрын тайлангаар тогтоогдсон... гэж маргадаг.

8.1.  Дээрх аудитын тайлангаар аудитаар илрүүлсэн зүйл, аудитын дүгнэлтэд үндэслэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ЗГ, Эдийн засаг, хөгжлийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдад тус тус зөвлөсөн байна. /1хх 95-118/ Үүний дагуу Үндэсний аудитын газрын 2022 оны 08 сарын 01-ний өдрийн 198/А0160091 дугаар Төлбөр барагдуулах тухай актаар ажлын гүйцэтгэлээс илүү тайлагнасан 9,282,646,495 төгрөгийг Үндэсний аудитын газрын Төрийн сан банкин дахь дансанд төвлөрүүлэхийг ЭЯ-д даалгасан байна. /1хх 147-148/

8.2.  Дээрх үйл баримт нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж, баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж бичгээр байгуулсан тохиролцоо буюу концессын гэрээний үнийн дүнг бууруулах үндэслэл болохгүй.

Үндэснийн аудитын газар нь концессын гэрээний нэг тал биш тул гэрээний үнийг тодорхойлох эрхгүй.

8.3.  Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 13 дугаар зүйлийн 13.1, 206 дугаар зүйлийн 206.1-д тус тус зааснаар төр нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцох бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч болохын хувьд гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч, шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй.

8.4.  Магадлалын 8.1-д дурдсан Үндэсний аудитын газрын тайлан, акт нь ЗГ, Эдийн засаг, хөгжлийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдад тус тус хамааралтай буюу ажил гүйцэтгэгч М ХХК-д хаяглагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд ...М ХХК нь Үндэснийн аудитын газрын актад гомдол гаргаагүй... гэсэн хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

9.   Концессын гэрээний үлдэгдэл төлбөр 10,928,624,101 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор илүү шилжүүлсэн 61,491,993,077 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.  

10.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон атлаа үүргийн харилцаанд хамааралтай Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан зохицуулалт, мөн нэрлэгдээгүй гэрээнд хамааралтай Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан зохицуулалтыг тус тус баримталж маргааныг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

11.   Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/03689 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ЗГ-аас 10,928,624,101 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул концессын гэрээний 1.6, 1.10, 1.11, 1.13, 1.15.2, 1.15.3-т заасныг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, илүү шилжүүлсэн 61,491,993,077 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...40,152,940 төгрөг... гэснийг ...54,801,070 төгрөг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 14,806,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

Д.НЯМБАЗАР