Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2023/01771

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 6 05 181/ШШ2023/01771

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .............................. байрлах БШӨ ААТҮГ /Регистрийн дугаар:../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................суух, Д.М /Регистрийн дугаар: ....../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 10.994.873 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов. Зохигчдын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч БШӨ ААТҮГ нь Д.Мад холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 10.994.873 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Тус байгууллагад хог тээврийн жолооч албан тушаалд ажиллаж байсан Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэний улмаас М.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор 10.994.873 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1023 дугаар шийтгэх тогтоолоор манай байгууллагаас гаргуулж, хохирогч М.Б олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дагуу тус байгууллага 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр уг төгрөгийг М.Бт шилжүүлсэн.

Байгууллагын ажилтны илтэд болгоомжгүй үйлдлээр бусдад учруулсан гэм хорыг ажил олгогч хариуцах, мөн тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах тухай тус тус зохицуулсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4-т заасны дагуу буюу гэм буруугүйгээр гэм хор хариуцан арилгасан манай байгууллага өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах нь хуульд нийцнэ. Иймд Д.Маас байгууллагад учирсан хохирол болох 10.994.873 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Тус байгууллагад Д.М анх манаачаар томилогдсон ч 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс жолоочоор ажиллах саналыг байгууллагаас тавьсныг хүлээн зөвшөөрч, эсэргүүцээгүй. Осол болохын өмнөх өдрөөс жолоочоор ажиллаж эхэлсэн байсан. Тээврийн хэрэгслийг манайх 2019 онд худалдан авсан байсан. Шинжээчийн дүгнэлтээр шинэ гэмтэл гэж тогтоосон тул тээврийн хэрэгсэл эвдрэлтэй байсан тухай тайлбар үндэслэлгүй. Манаачийн хувьд хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй, харин жолоочийн хувьд гэрээ байгуулж амжаагүй тул байхгүй. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг түүнд өгсөн байсан. Д.Маас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хувьд манайх даатгалтай тул нэхэмжлэхгүй гэж эрүүгийн хэрэгт мэдүүлж байсан. Харин гуравдагч этгээдэд учруулсан хохирлын тухайд нэхэмжлэхгүй гэж хэлээгүй гэв.

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

Д.М миний бие тус байгууллагад харуулаар ажилд орсон бөгөөд ажлаа хийж байх тэр үед тус байгууллагын эрх бүхий албан тушаалтан дуудаж хог зөөх машины жолооч амарсан тул та оронд нь гарч ажиллаж хог зөөж хүргэж асга гэсэн үүрэг өгсөний дагуу тэр машиныг жолоодон замд явж байх зуур гэнэт тоормос нь ажиллахаа больж, ямар ч жолоодлогогүйгээр эсрэг урсгал руу орж нэгэн машиныг мөргөж зогссон юм. Үүний улмаас хохирогчид учирсан 10.944.873 төгрөгийн хохиролыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт заасны дагуу тормос бариагүй машины эзэмшигч, одоогийн нэхэмжлэгч болох БШӨ хот тохижилтын байгууллагаас төлж барагдуулах шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1023 дугаар шийтгэх тогтоол гарсан болно. Энэ шийтгэх тогтоолоор надад 600.000 төгрөгийн торгууль төлөх шийтгэл ногдуулсан ч хохирол төлөх нь надад хамааралгүй гэдгийг тогтоож өгсөн гэж ойлгож байгаа.

Иймд өөр ажил үүрэг гүйцэтгэж байсан намайг тоормоз барьдаггүйгээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон байсан машинаар хог зөөх үүрэг өгч ажилд гаргахдаа тэр машины тоормозны доголдлын талаар надад мэдэгдээгүй, би түүнийг нь шалгаж нягтлах цаг хугацааны боломж надад олгоогүй шууд ажилд гаргасан зэрэг надаас үл хамаарах нөхцөл шалтгааны улмаас дээрх хохирол учирч тэр нь надаас биш осол гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигчээр төлөгдөхөөр шүүхийн тогтоол гарч хэрэгжсэн. Би өндөр насны тэтгэвэрт байдаг бөгөөд надаас үл хамаарсан хохирлыг нөхөн төлөх боломжгүй болно.

Эрүүгийн хэрэгт анх шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэсэн дүгнэлт гарч байсан. Дахин шинжээч томилж байж дүгнэлт гаргасан. Машины урд тоормос ажиллахгүй байсан гэдэг нь жолооч Ганболдын мэдүүлэгт тусгагдсан байгаа. Нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт надаас хохирол нэхэмжлэхгүй гэж байсан хэрнээ одоо мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Надад ямар нэг аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Мын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1023 дугаар шийтгэх тогтоол хуулбараар, Хаанбанкны шилжүүлэг, шилжүүлгийн мэдээлэл, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 3-16, 22/

Хариуцагчаас: хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, эрүүгийн хэргийн тусгай архиваас авсан нэг хуудас хуулбар баримт зэргийг ирүүлжээ. /хх 26-27/

Шүүхийн журмаар: Хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2023/05815 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Эрүүгийн хэргийн тусгай архиваас ирүүлсэн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 218 тоот хариу, түүний хавсралтуудыг бүрдүүлжээ. /хх 33-57/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч БШӨ ААТҮГ нь Д.Мад холбогдуулан гэм хорын хохиролд 10.994.873 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: ажилтны бусдад учруулсан хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу түүний өмнөөс барагдуулсан тул ажилтнаас гаргуулна гэж тайлбарлав.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Жолооч биш харуулаар ажилладаг хүнд бүрэн бус тээврийн хэрэгслээр ажил үүрэг гүйцэтгүүлснээс осол гарахад нөлөөлсөн тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

4.Хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1023 дугаар шийтгэх тогтоол баримтаар авагдсан. /хх 33-37/

Энэ шийтгэх тогтоолоор: хариуцагч Д.М 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт CLW-5060 маркийн 21-57 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан ...эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж М.Бын жолоодож явсан Тоёота ипсум маркийн 36-24 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, М.Бын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар ажил олгогч болох Баянгол дүүргийн БШӨ ААТҮГ-аас гэм хорын хохиролд 10.99.873 төгрөгийг гаргуулж хохирогч М.Бт олгохоор шийдвэрлэсэн байна. Шийтгэх тогтоолын хуулийн хүчин төгөлдөр болсонд маргаагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

Шийтгэх тогтоолын дагуу ажил олгогч байгууллагаас ажилтны бусдад учруулсан эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

5.Хариуцагч гуравдагч этгээд М.Бт хохирол учруулсан гэм бурууд маргаагүй, харин хохирлыг ажил олгогчийн өмнө хариуцан арилгах эсэхэд маргасан. Түүнчлэн осол болоход ажил олгогчийн буруутай үйлдэл буюу тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ажил үүрэгт хамааралгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн эсэхэд тус тус маргаж байна.

5.1.Хэрэгт авагдсан баримтаар БШӨ ОНӨААТҮГ-ийн захирлын 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/71 тоот тушаалаар Д.Мыг тус байгууллагад харуулаар томилжээ. Нэхэмжлэгчээс осол болохын өмнөх өдрөөс эхлэн жолоочоор ажиллаж эхэлсэн гэж тайлбарласан ч дээрх тайлбарыг дэмжих баримт авагдаагүйгээс гадна шийтгэх тогтоолын 3, 4 дэх хуудаст эрх бүхий албан тушаалтан нь тухайн үед харуулын албан тушаалд томилогдон ажиллаж байсан Д.Мыг тээврийн хэрэгслийн хариуцсан жолооч ээлжийн амралт авсан гэсэн шалтгаанаар уг тээврийн хэрэгслийг жолоодуулан ажил гүйцэтгүүлсэн, ажилд гарахыг даалгасан үйл баримт тогтоогдсон талаар тухайлан дурдсан байна.

5.2.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3013 дугаар шинжээчийн дүгнэлтэд маргаанд хамаарах 21-57 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн

-нүүрний хаалт, урд бамбай, бүхээг өргөгч, баруун хаалга, ... баруун урд тоормосны хий дамжуулах хаймар гуурс зэрэг эд ангиуд эвдрэлтэй, дээрх эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн шинэ гэмтлүүд тул осолд нөлөөлөхгүй,

-тоормос хийн дамжуулгатай, энгийн тоормосны системтэй битүүмжлэл алдагдсан тул ажиллагааг шалгах боломжгүй, автомашин явахгүй тул тоормосны мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй,

-спидометр бүрэн, ил харагдах гэмтэлгүй ... спидометр жолоочид автомашины хөдөлгөөний хурдны талаар мэдээлэл өгөх үүрэгтэй тул осолд шууд нөлөөлөхгүй гэж дүгнэжээ.

Гэвч энэ шинжээчийн дүгнэлтийн 5 дугаар хуудаст зураг 86, 87-д үзүүлсэн зүүн урд барбаны дотор хана элэгдэж ховил суусан, гадаргуу зэвэрсэн нь ашиглалтын явцад барбан, накладканы хооронд гадаргууд үрэлт явагдахгүй удаан байх үед төмөрлөг эдлэл агаартай урвалд орж зэврэлт үүссэн байх үндэслэлтэй. Эндээс зүүн урд дугуйн тоормос ажиллахгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй. Энэ гэмтэл тоормосны замыг уртасгаж, огцом тоормослох үед баруун дугуйн тоормос ажиллах үед урд тэнхлэгт харилцан адилгүй тоормослолт явагдаж жолоо баруун тийш булаах зэрэг зам тээврийн осолд нөлөөлж болох үндэслэлтэй гэж дурдсан байна. Эрүүгийн хэргийн явцад дээрх 3013 тоот шинжээчийн дүгнэлтэд маргаагүй, дахин шинжилгээ хийлгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Дээрх баримтаас үзвэл ажил олгогч болох БШӨ ААТҮГ нь ажилтан Д.Мад чиг үүрэгт хамаарахгүй ажил үүрэг гүйцэтгүүлэх явцад осол гарсан, түүнчлэн тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаж шалгалгүй ажилтанд өгч гаргасан, тухайн тээврийн хэрэгслийн зүүн урд тоормос ажиллахгүй байснаас осолд нөлөөлсөн байж болзошгүй байдал шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байна.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж зааснаар хэргийн баримтын хүрээнд хохирлыг талуудад 40/60 хувиар тооцон хариуцуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасан нөхцөл бүрдээгүй тул хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөх, хохирлыг хариуцахгүй тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүйг дурдав.

Дээрхийг нэгтгээд хариуцагч Д.Маас түүний өмнөөс ажил олгогчийн бусдад төлсөн гэ хорын хохирлын 40 хувьд ногдох 4.397.949 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй нь зүйтэй болгов.

6.Томилогдсон иргэдийн төлөөлөгч О.Бат-Эрдэнэ, Ж.Цэрэннадмид нарт өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул шүүх зохигчдын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу эзгүйд шийдвэрлэсэн болно.

7.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр гаргуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан Д.Маас 4.397.949 /дөрвөн сая гурван зуун ерэн долоон мянга есөн зуун дөчин есөн/ төгрөг гаргуулж БШӨ ААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.596.924 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 85.317 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

С.ХИШИГБАТ