Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2023/01270

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 4 24 181/ШШ2023/01270

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ........................... хороо, Х......................... оршин суух, А.А/Регистрийн дугаар: ./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................... тоотод байрлах СК ХХК /Регистрийн дугаар: 6164587/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 34.944.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.А нь СК ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 34.944.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Талуудын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр урьдчилгаа 20.000.000 төгрөг, нэмж 12.000.000 төгрөг тус тус өгсөн. Гэрээнд зааснаар биокомбинатад амины орон сууцыг 2022 оны 8 дугаар сарын 01-нд хүлээлгэж өгөх нөхцөлтэй байсан. 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гүйцэтгэгч компаний хүмүүс ирж бетон суурийн хэмжээ аваад явсан боловч ажил эхлээгүй. Хэд хоног хүлээгээд гүйцэтгэгч компаний нягтлан руу хэдэн өдөр залгасан утсаа аваагүй. 9 дүгээр сарын 09-ний өдөр гүйцэтгэгч компаний захирал Ц.Энхбаатар руу ярьсан, нягтлантай яриад хариу өгнө гээд салгасан. 2 хоногийн дараа гүйцэтгэгч компаний нягтлан өөрөө залгаад одоогоор цементний хомсдол үүссэн түр хүлээж бай гэсэн. 9 дүгээр сарын 23-ны өдөр оффис дээр нь очиход удирдлагууд нь байгаагүй, менежер нь солигдсон байсан. Тэр менежер ажлын төлөвлөгөөгөө үзээд танай барилгын суурь 10 дугаар сарын 10-ны өдөр буюу хамгийн сүүлийн оочер дээр хүлээгдэж байна гэсэн. 10 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэгч компаний менежер рүү залгаж асуухад удахгүй суурийн ажил эхлэх гэж байгаа гэсэн. 10 дугаар сарын 18-ны өдөр гүйцэтгэгч компанийн нягтлан өөрөө залгаад танайх хувиарийн дагуу төлбөрөө төлнө үү, төлбөр төлөх хугацаа хэтэрсэн байна. Чанаргүй зээлдэгчээс болоод дараа дараагийн айлууд хохирдог, урьдчилгаа болох 32 сая төгрөгөөр байшин барих боломжгүй гэж хэлсэн. Манай зүгээс байшин барих ажил эхлээгүй учраас нэмж төлбөр төлөх боломжгүй гүйцэтгэгч гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг сануулсан. Гүйцэтгэгч компаний нягтлангийн зүгээс 2 жилийн хугацаатай хүүгүй зээл, төлбөр төлөх хувиар чинь улиралаар байна, сараар болгомоор байна гэсэн тайлбар хэлсэн, манай зүгээс татгалзах зүйлгүй өөрчилж болно гэж хэлээд гэхдээ зээлийн графикийн дагуух 9.342.500 төгрөг төлөлт одоо хийхгүй гэдгээ хэлэхэд уурлаж хүлээж авсан. Тэгээд утсаа салгаад суурийн ажил хийхгүй гэдэг зурвас илгээсэн байсан. Энэ бүх хугацаанд захиалагч талаас маш хүлээцтэй бөгөөд харилцааны өндөр соёлтой хүсэлт шаардлага тавьж байсан. Гүйцэтгэгч талаас харилцааны элдэв асуудал гаргаагүй ч гэсэн утсаа авдаггүй, хариу өгдөггүй, хэлсэндээ хүрдэггүй энэ мэт нь өнгөрсөн хугацаанд маш их стресс үүсгэж байсан. Ажлаа огт хийгээгүй тул захиалагч талаас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэгч талын менежерийн цахим хаягаар 11 дүгээр сарын 01-ний дотор мөнгөө буцаан шилжүүлэх 7 хоногийн хугацаа олгосон боловч хариу өгөөгүй.

Иймд урьдчилгаа төлбөр болох 32.000.000 төгрөг болон алданги 2.944.000 төгрөг нийт 34.944.000 төгрөгийг СК ХХК-аас гаргуулж өгнө үү. Захиалагч тал ямар ч буруугүй, хариуцагч өөрөө ажлыг огт хийгээгүйгээс гэрээг цуцласан. Алдангийг хугацаа хэтрүүлсэн хоногоос хойш гэрээ цуцлах хүртэлх хугацаанд тооцсон гэв.

2.Хариуцагч СК ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 32.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Манай компанийн зүгээс нэхэмжлэгч А.Атэй 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 56/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, бетон суурьтай, 60 мкв хэмжээтэй байшин, 9мкв талбайтай террас бүхий амины орон сууц барих ажлыг хийж гүйцэтгэх, ажлыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд буюу нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон ба төлбөр 69.370.000 төгрөгөөр тохирсон бөгөөд төлбөрийг урьдчилгаа 45 хувь буюу 32.000.000 төгрөгийг урьдчилан төлөх, үлдэгдэл 37.370.000 төгрөгийг график гарган 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.

Захиалагч буюу нэхэмжлэгч А.Аийн зүгээс урьдчилгаа 32.000.000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу төлөөгүй тул гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болж, уг гэрээ цуцлагдсан болно.

Манай зүгээс ажил гүйцэтгэх хугацаатай зэрэгцэн баяр наадам таарч, ажилчид маань хөдөө яваад машин тэрэг нь эвдэрч, удаан хугацаагаар саатах, мөн Дарханы замын ажилтай холбоотойгоор Монгол Улс даяар цементийн хомсдол бий болсон зэрэг шалтгаануудаар ганц нэхэмжпэгчийн ажил бус урьд нь авсан байсан захиалгат ажлууд бүгд гүйцэтгэх хугацаа хойшлогдсон байсан ба урьд нь авсан ажлуудаа эхэлж хүлээлгэж өгч, дараа дараагийн ажпуудаа захиалга авсан дарааллын дагуу гүйцэтгэж, хүлээлгэж өгч байсантай холбоотойгоор нэхэмжпэгчийн байшингийн тухайд гэрээнд заасан хугацааг 1-2 сарын хугацаа хойшлогдсон.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцалж байшингаа бариулахаа больж, урьдчилгаа мөнгөө буцааж авах талаар 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэл ирүүлснийг манайх хүлээн зөвшөөрч гэрээ цуцлагдсан. Нэхэмжлэгч өөрөө анх гэрээ цуцлах саналыг тавьсан. Гэрээнд зааснаар цуцлах тохиолдолд 20 хувийг суутгаж төлбөрийг 60 хоногт буцаан төлнө гэж заасан. Гэрээ цуцлагдсан тул алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн алданги тооцохдоо хэзээнээс хэзээ хүртэлх хугацаанд аль дүнгээс тооцсон нь тодорхойгүй байна. Харин урьдчилгаа төлбөрт төлсөн 32.000.000 төгрөгийн тухайд нэгэнт ажил хийгдээгүй, гэрээ цуцлагдсан тул буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, 2022 ны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний эргэн төлөлт хийх хуваарь, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, мэйлээр хүргүүлсэн мэдэгдэл хуулбараар, фэйсбүүк группээс хэвлэсэн зураг, чат, Хаан банкны дансны хуулга, Голомт банкны дансны хуулгууд, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, урдчилгаа 32 сая төгрөгийг бүрдүүлэхэд оролцсон хадгаламж барьцаалсан зээлийн хүү болон хуримтлалын хадгаламжийн алдагдал, дансны хуулгууд, зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 4-22, 30, 38-40, 44-45, 49-55/

Хариуцагчаас баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 26-27/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч А.А нь СК ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 34.944.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажлын хөлсөд 32.000.000 төгрөгийг төлсөн ч гүйцэтгэгч ажлыг огт гүйцэтгээгүйгээс гэрээг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс цуцласан тул ажлын хөлсийг алдангийн хамт гаргуулна гэв.

3.Хариуцагч ажлын хөлс 32.000.000 төгрөг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч маргасан. Татгалзлын үндэслэлээ: гэрээг цуцласан тул алданги шаардах үндэслэлгүй гэж тайлбарлав.

4.хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нэг талаас А.А, нөгөө талаас СК ХХК нар 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр харилцан тохирч, Гүйцэтгэгч нь захиалагчийн даалгавраар Биокомбинатад 60 мкв талбайтай байшин, 9 мкв талбайтай террас бүхий дөрвөн улирлын амины орон сууцыг барьж гүйцэтгэхээр, Захиалагч нь хөлс 69.370.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр 56/05 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. /хх 5-9/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

4.2.Гэрээний 3.2.1-д заасны дагуу урьдчилгаа 32.000.000 төгрөгийг хүлээн авсан, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч гэрээ цуцлах саналыг хүргүүлж энэ өдрөөс гэрээ цуцлагдсан үйл баримтад зохигчид маргаагүй. /хх14, 19-22/

4.3.Түүнчлэн гэрээний 2.4-т заасны дагуу ажлыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор барьж дуусган актаар хүлээлгэн өгөхөөр тохирсон ч гэрээ цуцлах хүртэл огт ажил хийгдээгүй үйл баримтад маргаагүй. Улмаар үндсэн төлбөрт төлсөн 32.000.000 төгрөгйг буцаан олгоход хариуцагч маргаагүй.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээнд оролцогч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зохицуулсан. Талуудын хоорондох гэрээгээр ажил гүйцэтгэх эцсийн хугацааг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байхаар тохирсон ч гэрээ цуцлагдах 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар цуцласан нь хуульд нийцжээ.

5.Харин алданги төлөх эсэхэд талууд маргасан.

Талуудын хоорондох гэрээний 6.1-д гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлөх-өөр заасан, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч гэрээ цуцлах хүртэлх алдангийг шаардах эрхтэй.

Иймд хугацаа хэтрүүлсэн 84 хоногт /2022.08.01-ний өдрөөс 2022.10.24 өдөр хүртэлх/ ногдох алданги 2.688.000 /32.000.000 *0,1 % = 32.000 *84 хоног/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гэрээнээс учирсан хохирол буюу төлсөн зээлийн хүү, хадгаламжийн хүүгийн алдагдалын талаар тайлбарласан ч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд алданги шаардсан, харин гэрээнээс учирсан хохирлыг шаардаагүй тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 34.688.000 төгрөгийг /32.000.000 +2.688.000/ гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан СК ХХК-иас 34.688.000 /гучин дөрвөн сая зургаан зуун наян найман мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 256.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 331.390 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ