Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01390

 

 

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01390

 

                                                А.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/01270 дугаар шийдвэртэй, А.А-ийн нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 34,944,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Талуудын хооронд 2022 оны 04 сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу 2021 оны 12 сарын 29-ний өдөр урьдчилгаа 20,000,000 төгрөг, нэмж 12,000,000 төгрөг өгсөн. Гэрээнд зааснаар Биокомбинатад амины орон сууцыг 2022 оны 08 сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх нөхцөлтэй байсан. 2022 оны 08 сарын 23-ны өдөр гүйцэтгэгч компаний хүмүүс ирж бетон суурийн хэмжээ авсан боловч ажил эхлээгүй. 2022 оны 09 сарын 09-ний өдөр гүйцэтгэгч компаний захирал Ц.Э руу ярьсан, нягтлантай яриад хариу өгнө гээд салгасан. 09 сарын 23-ны өдөр оффис дээр нь очиход удирдлагууд нь байгаагүй, менежер нь солигдсон байсан. Тэр менежер ажлын төлөвлөгөөгөө үзээд танай барилгын суурь 10 сарын 10-ны өдөр буюу хамгийн сүүлийн оочер дээр хүлээгдэж байна гэсэн. 10 сарын 10-ны өдөр гүйцэтгэгч компаний менежер рүү залгаж асуухад удахгүй суурийн ажил эхлэх гэж байгаа гэсэн. Гүйцэтгэгч компанийн нягтлан 10 сарын 18-ны өдөр залгаад “танайх хувиарийн дагуу төлбөрөө төлнө үү, төлбөр төлөх хугацаа хэтэрсэн байна. Чанаргүй зээлдэгчээс болоод дараа дараагийн айлууд хохирдог, урьдчилгаа 32 сая төгрөгөөр байшин барих боломжгүй” гэж хэлсэн. Манай зүгээс байшин барих ажил эхлээгүй учраас нэмж төлбөр төлөх боломжгүй, гүйцэтгэгч гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг сануулсан. Энэ хугацаанд захиалагч тал хүлээцтэй, харилцааны өндөр соёлтой хүсэлт шаардлага тавьж байсан ч гүйцэтгэгч тал харилцааны элдэв асуудал гаргаагүй боловч утсаа авдаггүй, хариу өгдөггүй, хэлсэндээ хүрдэггүй байсан. Ажлаа хийгээгүй тул захиалагч тал 2022 оны 10 сарын 24-ний өдөр гүйцэтгэгч талын менежерийн цахим хаягаар 11 сарын 01-ний дотор мөнгөө буцаан шилжүүлэх 7 хоногийн хугацаа олгосон боловч хариу өгөөгүй.

Иймд урьдчилгаа төлбөр 32,000,000 төгрөг, алдангид 2,944,000 төгрөг, нийт 34,944,000 төгрөгийг “С” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани нэхэмжлэгч А.А тэй 2022 оны 04 сарын 11-ний өдөр 56/01 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, бетон суурьтай, 60 м.кв хэмжээтэй байшин, 9 м.кв талбайтай террас бүхий амины орон сууц барих ажлыг хийж гүйцэтгэх, ажлыг 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр, төлбөр 69,370,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд урьдчилгаа 45 хувь буюу 32,000,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 37,370,000 төгрөгийг график гарган 2024 оны 04 сарын 11-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч А.А урьдчилгаа 32,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу төлөөгүй,гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болж, уг гэрээ цуцлагдсан болно.

Манай ажил гүйцэтгэх хугацаатай зэрэгцэн баяр наадам таарч, ажилчид хөдөө яваад машин нь эвдэрч, удаан хугацаагаар саатах, мөн Дарханы замын ажилтай холбоотой Монгол Улс даяар цементийн хомсдол бий болсон зэрэг шалтгаануудаар ганц нэхэмжлэгчийн ажил бус урьд нь авсан захиалгат ажлууд бүгд гүйцэтгэх хугацаа хойшлогдсон ба урьд нь авсан ажлуудаа эхэлж хүлээлгэж өгч, дараа дараагийн ажлуудаа захиалга авсан дарааллын дагуу гүйцэтгэж, хүлээлгэж өгч байсантай холбоотой нэхэмжлэгчийн байшинг гэрээнд заасан хугацааг 1-2 сараар хойшлогдсон.

Нэхэмжлэгчээс гэрээг цуцалж байшингаа бариулахаа больж, урьдчилгаа мөнгөө буцааж авах талаар 2022 оны 10 сарын 24-ний өдөр мэдэгдэл ирүүлснийг манайх хүлээн зөвшөөрч гэрээ цуцлагдсан. Нэхэмжлэгч анх гэрээ цуцлах саналыг тавьсан. Гэрээнд зааснаар цуцлах тохиолдолд 20 хувийг суутгаж, төлбөрийг 60 хоногт буцаан төлнө гэж заасан. Гэрээ цуцлагдсан тул алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн алданги тооцохдоо хэзээнээс хэзээ хүртэлх хугацаанд аль дүнгээс тооцсон нь тодорхойгүй байна.

Харин урьдчилгаа төлбөрт төлсөн 32,000,000 төгрөгийн ажил хийгдээгүй, гэрээ цуцлагдсан тул буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “С” ХХК-иас 34,688,000 /гучин дөрвөн сая зургаан зуун наян найман мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 256,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 331,390 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх алдангид 2,688,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаас үзэхэд анз буюу алданги нь хүчин төгөлдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болохыг заасан байна. Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь 2022 оны 10 сарын 24-ний өдөр цуцлагдсан, нэхэмжлэгч буюу захиалагчийн санаачилгаар цуцлагдсан үйл баримт тогтоогддог бөгөөд гэрээнд заасан хугацаанд ажил саатсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар зохигчид утсаар холбогдож, гэрээний хугацааг амаар тохиролцож, сунгасан зэрэг нөхцөл байдлууд болон баримтыг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй нь хуульд нийцэхгүй.

Нэхэмжлэгч гэрээний дагуу байшингаа бариулахаа больсон тул урьдчилгаа мөнгөө буцааж авах талаар нэхэмжлэл гаргасан, мөн 10 сарын 24-ний өдөр мэдэгдэл ирүүлсэн нь гэрээ цуцлагдаж байгаа асуудал бөгөөд энэ нь хууль зүйн хувьд гэрээнээс татгалзах, эсхүл гэрээгээ цуцалж байгаа асуудал тул нэгэнт цуцлагдсан гэрээний дагуу алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзэж хариуцагчаас тайлбараа гаргасан байтал анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 32,000,000 төгрөгийг нэгэнт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажил хийгдээгүй, гэрээ цуцлагдсан тул буцаан төлөхийг зөвшөөрч, шийдвэрийн энэ хэсэгт маргах шаардлагагүй гэж үзэж, гомдол гаргаагүй болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 256,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон дээр нэмж, 2,688,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 34,944,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч үндсэн төлбөр 32,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “С” ХХК нь Б-д 60 м.кв талбайтай байшин, 9 м.кв талбайтай терасс бүхий 4 улирлын амины орон сууцыг барих ажлыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор барьж, нэхэмжлэгч А.А ажлын хөлсөнд 69,370,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа 32,000,000 төгрөгийг хүлээн авсан боловч гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй, нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээ цуцлах санал гаргаж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлагдсан, хариуцагч урьдчилгаа 32,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх талаар маргаагүй, харин гэрээнд заасан алданги төлөхгүй гэж маргажээ.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. 

5. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ.”, 232.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ. 

Талууд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан, уг гэрээний 6.1-д “Гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээнд урьдчилан заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлөх”-өөр заасан байх тул үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөхөөр бичгийн гэрээгээр харилцан тохиролцсон гэж үзнэ.

5.1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг хуульчилсан байна.

Ажил гүйцэтгэх хариуцагчийн гүйцэтгэх үүргийн талаар гэрээний 2.4-т ажил гүйцэтгэх хугацаа нь 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл байхаар заасан байна.

5.2. Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан ба хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй талаар маргаагүй, харин гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч гэрээ цуцлах мэдэгдлийг 2022 оны 10 сарын 24-ний өдөр хариуцагчид хүргүүлсэн байх тул энэ хугацааны буюу гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй. Нэгэнт цуцлагдсан гэрээний дагуу алданги шаардах эрхгүй гэх хариуцагч талын татгалзал, гомдол хууль зүйн үндэслэлгүй. 

Иймд хариуцагч “С” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 32,000,000 төгрөг, алданги 2,688,000 төгрөг, нийт 34,688,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А-т олгож, үлдэх 256,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/01270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР              

                                           ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ           

                                                                                              Д.БЯМБАСҮРЭН