Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2023/00778

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2023/00778

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:................. тоотод оршин суух, Л.Б /Регистрийн дугаар: ./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:............тоотод байрлах, НӨ /Регистрийн дугаар:....../-д холбогдох,

Хариуцагч: .тоотод байрлах, Е.Ө.И ХХК /Регистрийн дугаар:./-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 14.144.915 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч НӨ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н., хариуцагч Е.Ө.И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Б нь НӨ, Е.Ө.И ХХК нарт холбогдуулан ажлын хөлс 11.183.333 төгрөг, алданги 2.961.582 төгрөг, нийт 14.144.915 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Л.Б миний бие 2020 оны 6 дугаар сард Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академид суралцаж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан сертификат авсан. 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академид НӨ-иас ажлын захиалга өгч Л.Б би ажиллахаар болсон. Ингээд НӨ-ийн гүйцэтгэх захирал Түвшинтэй уулзаж сар бүр тогтмол 1.500.000 төгрөгөөр цалинжуулахаар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллахаар тохиролцон 2020 оны 6 дугаар сарын 30-наас эхлэн Төв аймаг дах Нацагдоржийн нэрэмжит төв номын сангийн барилга дээр очиж ажилласан. Захирал Э.Гантулгад удаа дараа хөдөлмөрийн гэрээ хийхийг шаардсан боловч /мөн бусад ажилчдыг/ хотоос нэг ирэхдээ аваад ирье, мартсан байна, нягтлан ирж хийнэ гэх мэтчилэн цааргалсаар ирсэн. Би Төв аймаг дах барилгын номын сангийн ажилд улсын комисс ажлыг хүлээн авах 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилласан. Түүний дараа СУИС-ийн 2 дугаар байрны засварын ажилд бас 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажилласан. Тэнд би бараг ганцаараа будаг, заслын ажлыг хийсэн. Нийтдээ би 12 сарын турш ажилласан.

Надад 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 50.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 200.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 500.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 100.000 төгрөг 9 дүгээр сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.500.000, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 2.500.000 төгрөг, нийт 6.450.000 төгрөгний цалин авсан. Надад нийтдээ цалин 18.633.333 төгрөг олгох ёстойгоос олгосон 6.450.000 төгрөгийг хасч үлдэх 11.183.333 төгрөгийг нэхэмжилж байна. Би 12 сарын турш ажилласан тул 13 дах сарын цалин 1.433.333 төгрөг авах ёстой. Нэхэмжилж байгаа цалинд энэ мөнгийг оруулж тооцсон. Иймд ажлын хөлс болох 11.183.333 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлсийг хугацаандаа олгоогүй тул алданги 0.3 хувиар бодож 2.961.582 төгрөг, нийт 14.144.915 төгрөг гаргуулна.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч ажилтандаа аман болон бичгээр гэрээ хийгээгүй ч ажилтан тухайн ажлыг гүйцэтгэж дууссан бол гэрээ хийсэнтэй адил тооцож үзнэ. Анх гүйцэтгэх захирал хийж байсан н.Түвшин дуудаж уулзаад Нумт Өргөө ХХК байгаа юм. Манайх Төв аймаг номын сангийн их завсрын ажилд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан хэрэгтэй байна. Та хийх үү хөдөө орон нутагт хүмүүс дургүй байдаг гэж байсан. Би зөвшөөрөөд ажиллаж эхэлсэн. Ажил гүйцэтгэх явцад дандаа Нумт өргөө ХХК гэж ажлыг хийж байсан. Тусгай зөвшөөрөлгүй компанийг туслан гүйцэтгэгч гэж оруулсан. Шүүгчийн захирамжийн дагуу тендер авахад бүрдүүлсэн баримтаас үзвэл Э.Гантулга тус компанийн ажилтан гэж бичсэн байгаа тул Нумт Өргөө ХХК хариуцлага хүлээх ёстой. Би Нумт өргөө ХХК-д ажилласан гэж үзэж байгаа гэв.

2.Хариуцагч НӨ нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Манай компани иргэн Л.Бтэй ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй. Харин манай туслан гүйцэтгэгч компани болох Е.Ө.И ХХК-тай нэхэмжлэгч гэрээ байгуулж Төв аймаг дах номын сангийн барилгын ажилд оролцсон байдаг. Иймд манай байгууллагатай харилцаанд ороогүй тул манайд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч Е.Ө.И ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргажээ. Үүнд: Манай компанийн хувьд Л.Бтэй хэсэг хугацаанд хамтарч ажилласан. Тэрээр 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал Төв аймгийн номын сангийн барилгын ажилд ажилласан. Нэхэмжлэгчтэй бичгээр байгуулсан гэрээгүй. Нэг сард 1.500.000 төгрөг олгохоор амаар тохирч хөлсөөр ажилласан. Түүнтэй байнгын ажлын байранд ажиллуулах талаар тохироогүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан харилцаа үүсээгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасан алданги тооцох үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч 2021 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд янз бүрийн ижил хийсэн гэж ярих боловч шүүхэд гаргаж өгсөн баримт байхгүй. Манай зүгээс нэхэмжлэгчийг ажиллах хугацаанд хөлсийг тухай бүрт бүрэн олгосон, нийтдээ 5.660.000 төгрөгийн цалинг олгосон гэв.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Нийслэлийн мэргэжлийн хяналтын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02-02/3147 тоот албан бичиг, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 181/Ш32021/14704 тоот шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/00355 дугаар шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 26ё2-3/1258 тоот албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа, Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академийн 2020020082 тоот сертификат, тус академийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 158 тоот тодорхойололт, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, цахим сайт дах мэдээний хуулбар, фэйсбүүк чатны хуулбар, цагийн бүртгэлийн хуулбар, баримт, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгч байсан баримт хуулбараар, цалингийн тооцоолол, хийсэн ажлын тайлан хуулбараар, нийтийн номын сангийн ажлын зураг хуулбараар, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр ширхэг эх хувиар ирүүлжээ. /1хх 4-71, 99, 175-250, 2хх 1-6/

Хариуцагч Нумт өргөө ХХК-иас нотлох баримтаар: Шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, /1хх 81-82, 171-174/

Хариуцагч Е.Ө.И ХХК-иас баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Хаан банкны дансны хуулга зэргийг ирүүлжээ. /2хх 231-234, 239-249/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2022/08344 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, захирамжийн дагуу хариуцагч Нумт өргөө ХХК-ийн ирүүлсэн тайлбар, 181/ШЗ2022/09072 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хийсэн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, 181/ШЗ2022/09557 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Голомт банк ХХК-иас ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 29/5334 тоот хариу, хавсралтаар дансны хуулга, Хаан банк ХХК-иас ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 29/5334 тоот хариу, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 6566 тоот хариу, хавсралтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Төв аймаг дах Засаг даргын тамгын газраас ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 0/1346 тоот хариу, түүний хавсралтууд, гэрч Б.Наран-Эрдэнэ, Д.Цэрэндоной нарын мэдүүлэг,

Шүүхийн санаачилгаар: тус шүүхийн 181/ШЗ2022/13072 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Голомт банк ХХК-иас ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14/хх03-2534 тоот хариу, Төв аймаг дах Засаг даргын тамгын газраас ирүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 07/2049 тоот хариу, түүний хавсралтууд зэргийг бүрдүүлжээ.

/1хх 102-169, 170, 2хх 14-96, 109-143, 171-177, 182-224/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Б нь НӨ, Е.Ө.И ХХК-д холбогдуулан ажлын хөлс 11.183.333 төгрөг, алданги 2.961.582 төгрөг, нийт 14.144.915 төгрөг гаргуулахаар шаардсан.

2.Нэхэмжлэлийн үндэслэлээ: Нумт өргөө ХХК-д нэг сард 1.500.000 төгрөгөөр тохирч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сар дуустал 12 сар ажилласан, хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтантай гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй, цалин хөлсийг дутуу олгосон тул үлдэх цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав. Мөн Э.Гантулга захирал Нумт өргөө ХХК-ийн ажилтан, тус компанийн Төв аймгийн номын сангийн засварын ажилд ажилласан, Е.Ө.И ХХК-д ажиллаагүй тул Нумт өргөө ХХК давхар хариуцна гэж тайлбарлав.

3.Хариуцагч Нумт өргөө ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлаа: Манай компанитай эрх зүйн харилцаанд ороогүй, хариуцагч биш, манай компанийн туслан гүйцэтгэгч Е.Ө.И ХХК-ийн захирал Э.Гантулгатай тохиролцож Төв аймаг дах номын сангийн засварын ажилд оролцсон тул хамааралгүй гэж тайлбарлав.

4.Хариуцагч Е.Ө.И ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзлаа: Нэхэмжлэгч манай компанитай тохирч 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Төв аймаг дах засварын ажилд оролцсон, ажлын хөлсийг тухай бүрт тооцон олгосон, түүнтэй хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй, хөлсөөр ажиллах гэрээг амаар тохирч байгуулсан тул алданги тооцох үндэсгүй гэж тайлбарлав.

5.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

5.1.Нэхэмжлэгч Л.Бт Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академиас 2020 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан бэлтгэх сургалт төгссөнийг гэрчилж 2020020082 тоот сервификат олгожээ. /1хх 10/

5.2.Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академиас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 158 тоот албан бичгээр тус академийг төгссөн Л.Бийг 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Нумт өргөө ХХК-ийн захиалгаар ажилд зуучилсан болохыг тодорхойлжээ. /1хх 11/

5.3.Хариуцагч Нумт өргөө ХХК нь Төв аймгийн Засаг даргын тамгын газартай харилцан тохирч 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 03/2020 тоот гэрээг байгуулж, Төв аймгийн нийтийн номын сангийн барилгын их засварын ажлыг гүйцэтгэх болсон, улмаар 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр барилгын засварын ажлыг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон.

5.4.2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Нумт өргөө ХХК болон Е.Ө.И ХХК нар Төв аймгийн нийтийн номын сангийн их засварын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ.

5.5.Нэхэмжлэгч Л.Б 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Төв аймгийн нийтийн номын сангийн их засварын барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан-аар ажилласан, нэг сарын хөлсийг 1.500.000 төгрөгөөр тохирсон үйл баримтад хариуцагч Е.Ө.И ХХК маргаагүй хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Нумт өргөө ХХК-ийн зүгээс энэ үйл баримтыг мөн үгүйсгээгүй тул шүүх тогтоогдсон үйл баримт гэж үзэв.

6.Харин зохигчид хэн хэний хооронд эрх зүйн харилцаа үүссэн болох, хөлсийг хэнээс шаардах ёстой, түүнчлэн хөдөлмөрийн эсхүл хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэхэд маргасан.

Шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбараас дүгнэвэл Е.Ө.И ХХК-иас нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаа үүсгэсэн үйл баримтад маргаагүй хүлээн зөвшөөрсөн тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэг хүлээнэ.

Нэгэнт талууд нэг сарын хөлс 1.500.000 төгрөгөөр тохиролцсон, нэхэмжлэгч 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сар дуустал хугацаанд ажилласан маргаагүй тул хариуцагч хэлэлцэн тохирсон хөлс 9 сарын хөлс болох 13.500.000 төгрөг төлөх үүрэгтэй. Түүнчлэн нэхэмжлэгч энэ хугацаанд ажлын хөлс 6.450.000 төгрөг хүлээн авсан гэж, харин хариуцагч Е.Ө.И ХХК-иас ажлын хөлсөд 5.660.000 төгрөг олгосон гэж зөрүүтэй тайлбарласан ч шүүх нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хөлсийг төлбөл зохих хөлснөөс хасч үлдэх 7.050.000 төгрөгийг /12.000.000-6.450.000/ гаргуулах нь зүйтэй.

Харин 2021 оны 4-6 дугаар сард нэхэмжлэгчийг ажиллуулсан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

7.Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно. Гэж заасныг баримтлан алданги 2.961.582 төгрөг, мөн 13 дах сарын шагналт цалин гэж 1.433.333 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан.

Шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй, харин Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн тул дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Түүнчлэн талуудын хооронд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын тухай бичгээр байгуулсан тохиролцоогүй тул алданги шаардах үндэсгүй.

8.Түүнчлэн хэргийн баримтын хүрээнд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11-д зааснаар шүүх Нумт өргөө ХХК-г хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь:

8.1.Нумт өргөө ХХК болон Е.Ө.И ХХК нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан /ажлыг бүхэлд нь гүйцэтгэхээр тусгагджээ/ хэдий ч тухайн гэрээнд дурдсан ажлын хөлс болох 810.000.000 төгрөгнөөс гэрээ байгуулсан өдрөө нэг удаа 146.000.000 төгрөгийг гүйцэтгэгч Е.Ө.И ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, түүнээс хойш ажлын хөлсийг бодитоор шилжүүлсэн үйл баримт тогтоогдсонгүй. /1хх 171-174, 2хх 110, 172-177/

8.2.Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаагаар Е.Ө.И ХХК анх улсын бүртгэлд 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдаж бүртгэгдсэн, компани 1 хувьцаа эзэмшигчтэй, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Энхтүвшиний Гантулга гэж бүртгэгджээ. /2хх 113-129/

8.3.Төв аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн баримтаар анх Нумт өргөө ХХК тендерт оролцохдоо Энхтүвшин овогтой Гантулгыг өөрийн төслийг хэрэгжүүлэх удирдах болон мэргэжилтэн барилгын техникч гэж тодорхойлж түүнтэй байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээг хавсаргаж өгсөн. Мөн барилгын их засварын ажлыг ашиглалтад оруулах 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн улсын комиссын актад туслан гүйцэтгэгч компаниудын нэрсэд Е.Ө.И ХХК оролцоогүй /хэрэгт авагдсан гэрээгээр ажлыг бүхэлд нь гүйцэтгэхээр тусгагдсан ч актад байхгүй/ харин Энхтүвшиний Гантулгыг Нумт өргөө ХХК-ийн инженер гэж тусгагдсан, мөн гэрээ дүгнэсэн актад өөрийн байгууллагын ерөнхий инженер гэж тусгагдсан байна. /2хх 137, 142-143, 186-188, 189/

8.4.Түүнчлэн анх нэхэмжлэгчийг Нумт өргөө ХХК-ийн захиалгаар Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академиас тодорхойлсон, хэргийн баримтаар Нумт өргөө ХХК нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилтан зуучлах талаар Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан баримт авагдсан. /1хх11, 2хх 133-135/

Дээрх бүгдийг нэгтгээд шүүх Нумт өргөө ХХК-г хамтран хариуцах үүрэгтэй этгээд гэж үзсэн болно.

9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Нумт өргөө ХХК, Е.Ө.И ХХК нараас ажлын хөлс 7.050.000 /долоон сая тавин мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.094.915 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256.218 /193883+ 62.335/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 127.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2022/08344, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2023/01855 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ