Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01055

 

2023.05.22 210/МА2023/01055

Л.Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00778 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Л.Б

Хариуцагч: Н ХХК

Хариуцагч: Е ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 14,144,915 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б , хариуцагч Е ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академийн зарын дагуу Н ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар сарын 1,500,000 төгрөгийн цалинтай ажиллахаар Н ХХК-тай тохиролцсон.

2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Төв аймаг дахь Нацагдоржийн нэрэмжит төв номын сангийн барилга дээр ажилласан. Захирал Э.Г д удаа дараа хөдөлмөрийн гэрээ хийхийг шаардсан боловч байгуулаагүй. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл, СУИС-ийн 2 дугаар байрны засварын ажилд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, нийт 12 сар ажилласан.

1.2 Ажиллах хугацаанд нийт 18,633,333 төгрөгийн цалин олгохоос 6,450,000 төгрөг олгосон. Үлдэх 11,183,333 төгрөгийг олгоогүй.

1.3 Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлсийг хугацаандаа олгоогүй тул алданги 0,3 хувиар бодож 2,961,582 төгрөг болсон.

Иймд ажлын хөлс 11,183,333 төгрөг, алданги 2,961,582 төгрөг, нийт 14,144,915 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Манай компани нь Л.Б тэй ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй. Харин манай туслан гүйцэтгэгч компани болох Е ХХК-тай нэхэмжлэгч гэрээ байгуулж, Төв аймаг дах номын сангийн барилгын ажилд оролцсон.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Е ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Манай компани нь Л.Б тэй хэсэг хугацаанд хамтарч ажилласан. Тэрээр 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг дуустал Төв аймгийн номын сангийн барилгын ажилд ажилласан. Нэхэмжлэгчтэй бичгээр байгуулаагүй. Нэг сард 1,500,000 төгрөг олгохоор амаар тохирч хөлсөөр ажилласан. Түүнтэй байнгын ажлын байранд ажиллуулах талаар тохироогүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан харилцаа үүсээгүй тул алданги тооцох үндэслэлгүй.

3.2 Нэхэмжлэгч 2021 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын хооронд ажилласан гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй. Манай зүгээс нэхэмжлэгчийг ажиллах хугацааны ажлын хөлс нийт 5,660,000 төгрөгийг олгосон гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Н ХХК, Е ХХК нараас ажлын хөлс 7,050,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.094.915 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 127.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2022/08344, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2023/01855 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

 

5.1 Миний бие 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг дуусгаад Төв аймгаас явсан бөгөөд Улаанбаатар хотод 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажилласан. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан.

Иймд 2021 оны 04 дүгээр, 05 дугаар сарын цалин 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Е ХХК-ийн хариу тайлбарын агуулга:

6.1 Нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Нэхэмжлэлийг Н ХХК хариуцах үндэслэлгүй. Манай компани нь Н ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажилласан гэх үйл баримт нь нотлогдоогүй учраас гомдол үндэслэлгүй гэжээ.

7. Хариуцагч Н ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга:

7.1 Манай компани нь Е ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр хэдийг төлөөд, хэд үлдсэн байгаа нь, нэхэмжлэгч Л.Б ийн ажлын хөлсөө нэхэмжилж буй харилцаанд хамааралгүй. Е ХХК нь Л.Б т ажлын хөлсөө бүрэн өгсөн эсэх нь 2 компанийн хоорондын төлбөр тооцооны асуудалтай шалтгаант холбоогүй. Үүнээс болоод манай компани ажлын хөлсийг хамтран хариуцах үүрэгтэй этгээдэд тооцогдохгүй.

7.2 Е ХХК нь хэдэн онд үүсгэн байгуулагдаад, хэн нь хувьцаа эзэмшигч, хэн нь захирлаар бүртгэгдсэн нь яагаад манай компани Л.Б ийн ажлын хөлсний асуудлыг хамтран хариуцах болсон нь ойлгомжгүй.

7.3 Манай компани нь Төв аймгийн нийтийн номын сангийн барилгыг засварлах тендер шалгаруулалтад оролцохдоо тендерийн материалдаа барилгын техникчээр Э.Г ыг мэдүүлсэн. Э.Г нь Е ХХК-ийн захирал боловч манай компанид барилгын техникчээр ажилладаг, хөлсөөр ажиллах гэрээтэй. Энэ байдал нь манай компани хамтран хариуцах үндэслэл болохгүй. Мөн Улсын комиссын актад үндсэн гүйцэтгэгч компанийн нэр бичигддэг. Е ХХК-ийн нэр бичигдээгүй нь Л.Б ийн ажлын хөлсийг манай компани хариуцах үндэслэл болохгүй.

 

7.4 Е ХХК нь Монголын хүний нөөцийн удирдлагын академиас ХАБЭА ажилтны захиалга хийхдээ манай компанийн нэрийг барьж захиалга хийсэн. Манай компанийн нэр дээр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан боловч Л.Б нь Е ХХК-д ажилласан. Үүнийг ч тус компани өөрөө зөвшөөрч байна. Л.Б өөрөө аль компаниас ажлын хөлсөө нэхэмжлэхээ сайн мэдэхгүй, аль компанитай харилцаанд орсноо ойлгохгүй манай компанийг хамтран хариуцагчаар татсан. Гэтэл шүүх үүнийг нь ялгаж салгаж шийдвэрлэх ёстой атал хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй, биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч болон 2 хариуцагч нарын хоорондох харилцааг зөв тодорхойлоогүйгээс манай компанийг хамтран хариуцах этгээд гэж үзсэн байна. Туслан гүйцэтгэгч компанийн ажилтан бүрийг ерөнхий гүйцэтгэгч компанийн ажилтан мэтээр харилцааг ингэж тодорхойлон шийдвэрлэж болохгүй.

 

Иймд шийдвэрийн Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээн, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч Е ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга:

 

8.1 Ажлын хөлсийг хэрхэн тооцож хариуцагчаас гаргуулж байгаа талаар шийдвэрт тодорхой тусгаж 7,050,000 төгрөг төлөх хууль зүйн үндэслэл гаргаагүй.

 

8.2 Хэрэгт ач холбогдолгүй 2 хуулийн этгээдийн хооронд үүссэн харилцааны талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

 

8.3 Манай компани нэхэмжлэгчийг хөлсөөр ажиллуулсан талаар маргаагүй, уг харилцааны үр дагаврыг Н ХХК хариуцах үндэслэлгүй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

 

9.1 Тендер авахад бүрдүүлсэн баримтаас үзвэл Э.Г тус компанийн ажилтан гэж бичсэн байгаа тул Н ХХК хариуцлага хүлээх ёстой. Би Н ХХК-д ажиллаж байсан гэж үзэж хариуцагчаар татсан. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэргэжлийн хяналтад хүлээлгэж өгсөн. Би 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг дуусгаад Төв аймгаас явсан бөгөөд Улаанбаатар хотод 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажлын нотлох баримт хангалттай байсныг нотлох баримт хангалтгүй гэж дүгнэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хугацаанд би энэ хүнийг дагаж явж, Зайсанд байрлалтай барилгын заслын ажлыг хийж, Тэрэлж явж үнийн судалгаа хийсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Н ХХК, Е ХХК-д холбогдуулан ажлын хөлс 11,183,333 төгрөг, алданги 2,961,582 төгрөг, нийт 14,144,915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н ХХК эс зөвшөөрч ...манай компанитай Л.Б тэй эрх зүйн харилцаанд ороогүй, хариуцагч биш, манай компанийн туслан гүйцэтгэгч Е ХХК-ийн захирал Э.Г тай тохиролцож Төв аймаг дах номын сангийн засварын ажилд оролцсон тул хамааралгүй гэж, хариуцагч Е ХХК эс зөвшөөрч ...нэхэмжлэгч манай компанитай тохирч 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Төв аймаг дах засварын ажилд оролцсон, ажлын хөлсийг тухай бүрд нь олгосон, түүнтэй хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй, хөлсөөр ажиллах гэрээг амаар тохирч байгуулсан тул алданги тооцох үндэсгүй гэж тус тус үгүйсгэн маргасан.

3. Хэрэгт Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Н ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хамтран ажиллах гэрээ авагдсан. Гэрээний 1.2-т гэрээний зорилго нь орон нутгийн иргэдийг ажилд авах, иргэдийг ажилд зуучлах, тэдгээрийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад чиглэгдэнэ гэжээ. /2хх 133-136/

3.1 Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 158 дугаар тодорхойлолтоор нэхэмжлэгчийг 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Н ХХК-ийн захиалгаар ажилд зуучилсан гэжээ. /1хх 11/

3.2 Нэхэмжлэгчийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сар дуусталх хугацаанд хариуцагч Н ХХК-ийн ажил гүйцэтгэж буй Төв аймаг дахь Нацагдоржийн нэрэмжит төв номын сангийн барилгын ажилд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажилласан үйл баримтыг хариуцагчид үгүйсгээгүй.

4. Хариуцагч Е ХХК нь ...нэхэмжлэгчид төлөх ажлын хөлсийг сарын 1,500,000 төгрөгөөр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй.

Иймд анхан шатны шүүх дээрх үйл баримт болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнээд тэдний хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Харин хариуцагч Н ХХК нь Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академид захиалга өгсөн. Захиалгын дагуу нэхэмжлэгч нь Н ХХК-ийн ажил гүйцэтгэж байсан Төв аймаг дахь Нацагдоржийн нэрэмжит төв номын сангийн барилгын ажилд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажилласан үйл баримт тогтоогдсон. Хариуцагч Е ХХК нь нэхэмжлэгчийг хөлсөөр ажиллуулсан үйл баримтын талаар маргаагүй.

5. Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр хариуцагч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хариуцагч Н ХХК-ийн ...нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй гэх, хариуцагч Е ХХК-ийн ...нэхэмжлэлийн шаардлагыг Н ХХК хариуцахгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр, 05 дугаар саруудад хөлсөөр ажилласан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас уг хугацаанд хамаарах ажлын хөлсийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн 2021 оны 04 дүгээр, 05 дугаар сарын ажлын хөлс нийт 3,000,000 төгрөг гаргуулах давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Нэхэмжлэгчийн 2020 оны 06 дугаар сараас 2021 оны 03 дугаар сар дуусталх хугацааны буюу нийт 9 сарын ажлын хөлс 13,500,000 төгрөг болж байх бөгөөд үүнээс хариуцагч Е ХХК-аас нэхэмжлэгчид төлсөн 6,450,000 төгрөгийг хасаад, үлдэх 7,050,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт нийцсэн байх тул хариуцагч Е ХХК-ийн ...7,050,000 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлийг гаргаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги 2,961,582 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00778 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн, хариуцагч Е ХХК-ийн төлөөлөгчийн, хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.Б ээс төлсөн 62,950 төгрөгийг, хариуцагч Н ХХК-ийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Е ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 127,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН