Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2023/00425

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2023/00425

Улаанбаатар хот

 

 

 

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэлтэй: ...............тоотод оршин суух, Я.Б /Регистрийн дугаар: .........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:......................байранд байрлах, ННШШГт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Га, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, гуравдагч этгээд “БСБ финанс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, гэрчээр М трейд” ХХК-ийн үнэлгээчин Б.Эр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Я.Б нь ННШШГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2021/08484 тоот захирамжаар Я.Б надаас 290,000,000 төгрөг гаргуулах, эвлэрлийн гэрээгээр хүлээсэн хугацаанд төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2202007390 дугаартай, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Майхан толгойн зуслангийн Зүүн хэсэгт байрлах 532 мкв талбай бүхий 3 давхар хувийн сууц, мөн миний эзэмшлийн тус хаягт байрлах нэгж талбарын 1501202895 дугаартай 699 мкв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Гэвч авч ажиллаж буй тендерийн ажлын санхүүжилт хойшилсоор зохих төлбөрийг гэрээний дагуу төлж чадаагүйн улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, миний данснаас 60,000,000 төгрөгийг татан авч үлдэх төлбөрт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа явуулж байна.

ННШШГ нь Я.Б миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202007390 дугаартай, 532 мкв талбай бүхий 3 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 1501202895 дугаартай 699 мкв талбай бүхий газрын хамт шинжээч томилж 752.475.100 төгрөгөөр үнэлсэн болохыг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн юм. Уг үнэлгээг хэргийн материалаас танилцаж чадаагүй бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээг миний санал өгсөн 1,000,000,000 төгрөгөөс багаар буюу 752,475,100 тогтоож, улмаар надад албан ёсоор мэдэгдээгүй нь миний эрхийг зөрчиж байна.Түүнчлэн хөндлөнгийн үнэлгээ тогтоосон шинжээч албан ёсоор манай гэрт үзлэг хийхгүйгээр үнэлгээ тогтоосон нь эргэлзээтэй, үнэн зөв гэж үзэх боломжгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг наадмын амралтуудыг тохиолдуулан, хэт нэг талыг барьж явуулсан гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 20-нд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 752,475,100 тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Улмаар 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгч Я.Бийн өмчлөлийн 1 тэрбум орчим төгрөгийн үнэлгээ бүхий барьцаа үл хөдлөх хөрөнгүүдийг 378,250,000 төгрөгөөр худалдсан болохыг 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн албан тоотоор мэдэгдсэн. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийн дагуу 290,015,000 төгрөг төлөхөөс дансанд дахь 60,000,000 орчим төгрөг татуулж, үлдэгдэл 230 орчим сая төгрөгийн төлбөртэй байхад 1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг худалдан борлуулсан нь төлбөр төлөгчид хэт хохиролтой байна.

Түүнчлэн наадмын амралтуудыг тохиолдуулан дуудлага худалдааны талаар нийтэд нээлттэй мэдээлсэн эсэх нь эргэлзээтэй, дуудах үнэ өсөөгүй, төлбөр авагч тал худалдан авсан гэх мэдээлэл байгаа нь эргэлзээ бүхий байх тул дуудлага худалдааг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна. Энэ талаар ННШШГт гомдол гаргасан боловч 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4/44 тоот тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдлыг мөн хангахаас татгалзаж шийдвэрлэснийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан болно.

Үнэлгээг хийхдээ 2020 онд батлагдсан үнэлгээний журмыг баримтлаагүй, хэмжилт хийгээгүй. Тухайн байр гэрчилгээнд 28 мкв гэж тусгагдсан ч хана хийсэн өөрчилснөөр талбайн хэмжээ илүү байдаг. Гэтэл бодитоор хэмжиж үзэлгүйгээр үнэлгээг хийсэн. Нэхэмжлэгч талаас үнэлгээнд гомдол гаргаад явж байтал дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулсан байдаг. Дуудлага худалдааг эхлэхээс 14 хоногийн өмнө сонины зар тавигдсан зүйл байгаагүй. Хэрэгт ирүүлсэн баримт өөрөө хуульд заасан шаардлага хангахгүй байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгчөөс нэг дор сүүлд нь нөхөж гарын үсэг зуруулсан. Хүүхдэд мэдэгдлийг гардуулсан гэж байгаа ч ийм баримт хэрэгт алга. Гэрч үнэлгээг гаргахдаа хэмжилт хийх тусгай зөвшөөрөлгүй, өөрсдөө хэмжиж 532 мкв талбайгаас багаар үнэлсэн гэдгээ хуралдааны явцад мэдүүлж байна. Иймд үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ННШШГ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 8484 дүгээр шүүгчийн захирамжаар "Атимос трейд" ХХК, Я.Б нараас 290.015.000 төгрөгийг гаргуулж "БСБ финанс ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч "Атимос трейд" ХХК, Я.Б нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Y-2202007390 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Майхан толгойн зуслангийн зүүн хэсэгт байрлах 532 мкв талбай хувийн сууц, тус газарт байрлах нэгж талбарын 1501202895 дугаарт бүхий 699 мкв газрын хамт битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоож, үнэлгээний тайланг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч нэхэмжлэгч Я.Бт танилцуулан тайлангийн хуулбар болон үнэлгээний мэдэгдлийг гардуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасны дагуу үнэлгээнд гомдол гаргах хугацаа дууссан. Үнэлгээ бага гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ч түүнийгээ нотлосон баримтгүй.

Анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 6 дугаар сарын 24-ны өдөр мэдэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр явагдсан. Хоёр дах дуудлага худалдаанд 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр орж худалдан борлогдсон. Дэнчинтэй холбоотой 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дуудлага худалдаанд орж байгаа хүн дэнчингээ байршуулсан. 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгчид мэдэгдэл болон тэмдэглэлээр мэдэгдэж шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд анхнаасаа Я.Б өөрөө оролцоод, хураах битүүмжлэх, үнэлгээ тогтооход оролцоод явсан. Үнэлгээ, дуудлага худалдаатай холбоотой гомдлоо нотлох баримтаар нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “БСБ финанс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг дэмжиж дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Нэхэмжлэгч үнэлгээнд гомдол гаргасан байна. Үнэлгээг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Эрхээ хэрэгжүүлээгүй байна. Бидний зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбартай санал нэг байна. Анхны дуудлага худалдаа явагдах эсхүл үнэлгээ мэдэгдсэн өдөр асуудлыг хөндсөн бол байж болох байсан. Гэтэл дуудлага худалдаа явагдаад эд хөрөнгө дамжаад зарагдсаны дараа гомдол гаргаж байгаа нь өр төлбөрөөс зайлсхийх байдал харагдаж байна. Төлбөр төлөгч өөрөө мэдэгдлээ авдаггүй. Баталгаат шуудангаар явсан бүх мэдэгдлийг хүлээн авсанд тооцдог. Авсан бүх мэдэгдлээ аваагүй мэт тайлбарлаж байна. 2 дахь дуудлага худалдааны дараа гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Атимос трейд” ХХК-иас шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй болно.

5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-150/13034 тоот мэдэгдэл, тус шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2021/08484 дүгээр шүүгчийн захирамж, 181/ШЗ221/08956 тоот албадан гүйцэтгэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007390 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 000008630 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 4/44 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн гомдлын хариу зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 4-14, 126-127/

Хариуцагчаас нотлох баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 21280768 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс

тус шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2021/08484 дүгээр шүүгчийн захирамж, 181/ШЗ221/08956 тоот албадан гүйцэтгэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 21280768 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 21280768/03 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 21280768 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Ү-2202007390 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 21280768/08 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 21280768/09 тоот мэдэгдэх хуудас, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 22/1203 дугаартай “БСБ ФИНАНС ББСБ” ХХК албадан дуудлага худалдааны үнийн санал өгөх тухай тоот, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Я.Бээс ирүүлсэн үнийн санал, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 6/170 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Шинжээчид хууль тайлбарласан тэмдэглэл, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 21/Ш дугаартай “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийн үнэлгээний тайлан, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4-151/12275, 4-150/13034 тоот мэдэгдэл, мөн өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,  2022 оны 6 дугаар сарын 24-ний Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 7/30 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дуудлага худалдааны тэмдэглэл, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 4-151/13788 тоот мэдэгдэл, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8/21 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дуудлага худалдааны тэмдэглэл, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 4-151/14530 тоот мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 8/7 дугаартай  Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 16, 25-122, 153/

Гуравдагч этгээд “Атимос трейд” ХХК, “БСБ финанс ББСБ” ХХК нараас нотлох баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх 147, 149,150, 170/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч Я.Б нь ННШШГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардсан.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд: үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн, бодитоор талбайн хэмжээ илүү, талбайн хэмжээг хэмжих эрхгүй этгээд дүгнэлтийг гаргасан. Түүнчлэн дуудлага худалдаа хуульд нийцээгүй, мэдэгдэлийг хүлээн аваагүй гэж тайлбарлав.

Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

3.Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Тус шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29ий өдрийн 181/ШЗ2021/08484 дүгээр шүүгчийн захирамжаар Я.Б 290.000.000 төгрөгийг хэсэгчлэн “БСБ финанс ББСБ” ХХК-д төлж барагдуулах, хугацаандаа  төлөөгүй тохиолдолд Я.Бийн өмчлөлийн улсын бүртгэлийн 2202007390 дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Майхан толгойн Зуслангийн Зүүн хэсэгт байрлах 532 мкв талбайтай гурван давхар хувийн сууц, мөн Я.Бийн эзэмших эрхийн 000008630 дугаар гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой хаягт байрлах нэгж талбарын 1501202895 дугаар бүхий 0.0699 мкв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай газар, Атимострейд ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203024060 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж 48 дугаар байр 301б тоот хаягт байршилтай 59.5 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталгаажуулжээ. /хх 25-31/

3.2.Тус газар 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг гардуулж, улмаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2/28076/04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор барьцаа хөрөнгө болох Я.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007390 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Майхан толгойн Зуслангийн Зүүн хэсэгт байрлах 532 мкв талбайтай гурван давхар хувийн сууц, тус газарт байрлах Я.Бийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой хаягтай нэгж талбарын 1501202895 дугаар бүхий 699 мкв талбайтай газрыг битүүмжилж, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 21280768/08 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураажээ. /хх 32-43/

Дээр дурдсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн байхаас гадна нэхэмжлэгч дээрх ажиллагаанд гомдол гаргаагүй.

4.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Я.Бээс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 1.007.600.000 төгрөгөөр үнийн саналаа өгсөн, төлбөр авагч “БСБ финанс ББСБ” ХХК-иас 110.000.000 төгрөгөөр саналаа ирүүлсэн байна.

Хариуцагч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 6/170 тоот тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээчин Б.Эрдэнэбаатарыг шинжээчээр томилжээ. /хх 44-46, 47-49/

5.Шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-иас эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007390 дугаартай хувийн сууц болон нэгж талбарын 1501202895 дугаартай газрыг нийт 752.475.100 төгрөгөөр үнэлснийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4-151/12275 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч Я.Бт хүргүүлж, энэ тухай тэмдэглэл үйлджээ.  /хх 50-93/

Үнэлгээний мэдэгдлийг мөн өдрөө хүлээлгэн өгсөн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэгдсэн, тухайн баримтын болон үнэлгээний тайлангийн доод хэсэгт “хүлээн авлаа Батцэцэг” гэж зурсан байна. Нэхэмжлэгч тухайн баримтуудыг сүүлд нөхөж зуруулсан гэж тайлбарласан ч дэмжих баримт авагдаагүй тул үнэлгээг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн гэж үзэхээр байна.  /хх 95-97/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо ... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан хуульд заасан хугацааг хэтрүүлж тус шүүхэд 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр 9.2.3-т заасан үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагыг хангаагүй гэх байдал тогтоогдоогүйгээс гадна үнэлгээ хэт бага, тодорхой бус, эрхгүй этгээд хийсэн талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

6.Тус газраас 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 7/30 тоот тогтоолоор шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар буюу 526.732.570 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, энэ тухай 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4-150/13034 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдэн, энэ тухай мөн өдрөө шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн баримт хэрэгт авагдсан.

/хх 98-106/

Улмаар 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8/21 тогтоолоор шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар буюу 376.237.550 төгрөгөөр тооцон 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд орууулахаар шийдвэрлэж, энэ тухай 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн мөн өдрийн тэмдэглэлийн огноо, тогтоолын доод буланд төлбөр төлөгчийн гарын үсэг зурахдаа бичсэн огноо зэргээр тогтоогдож байна. Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар дуудлага худалдааны оролцогч Ж.Хуягбаатар ялагчаар тодорч, хөрөнгө 378.250.000 төгрөгөөр худалдан борлогдсон болох нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх 107-116/

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажиллагааг явуулахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой дэс дарааллыг баримтлан явуулна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууллийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг ... төлбөр төлөгчид хүргүүлнэ”. гэж заасан.

Хэргийн баримтаар анхны албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг төлбөр авагчид гардуулсан гэж үзэх боломжгүй. Тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн талаарх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд “хүү Ц.Содхүүд тогтоол мэдэгдлийг гарын үсэг зуруулж хүлээлгэн өгч түүний иргэний үнэмлэхийг хуулбарлан хавсаргав” гэж тусгагдсан байх боловч хэрэгт энэ талаарх баримтыг хариуцагч ирүүлээгүй. Анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийн доор төлбөр авагч хүлээн авсан талаар тэмдэглэгдсэн, харин төлбөр төлөгчид хүргүүлсэн, хүлээлгэн өгсөн байдал тогтоогдохгүй байна. /хх 98, 99/

Мөн үнэлгээг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн, анхны албадан дуудлага худалдаа 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр явагдсан байдлаас үзвэл төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах хуульд заасан боломжийг олгосон гэж үзэх боломжгүй.

Мөн хэргийн баримтаар дуудлага худалдааны ялагч болох Ж.Хуягбаатарын төлбөл зохих 340.626.245 төгрөгийг төлбөр авагч болох “БСБ финанс ББСБ” ХХК түүний өмнөөс төлсөн байдал тогтоогдож байна. /хх 121/

Иймд шүүх анхны албадан дуудлага худалдааг явуулахдаа төлбөр төлөгчид мэдэгдээгүй гэж үзсэн тул түүнээс хойш явагдсан ажиллагааг хуульд нийцүүлэн зөвтгөн явуулах нь зүйтэй тул анхны болон хоёр дах дуудлага худалдааг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 66 дугаар зүйлийн 66.3, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар тус шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2021/08484 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас 2022 оны 7 дугаар сарын 08, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн анхны болон хоёр дах дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.”Хүсэлт шийдвэрлэх тухай” тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШЗ2022/11277 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОДГЭРЭЛ