Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00743

 

 

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00743

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/00425 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон хоёр албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэнхүү, гуравдагч этгээд БСБ финанс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 181/Ш32021/08484 тоот захирамжаар А-ээс 290,000,000 төгрөг гаргуулах, эвлэрлийн гэрээгээр хүлээсэн хугацаанд төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Майхан толгойн зуслангийн Зүүн хэсэгт байрлах 532 м.кв талбай бүхий 3 давхар хувийн сууц, мөн миний эзэмшлийн тус хаягт байрлах 699 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх хувийн сууц, газрын хамт үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилж, 752,475,100 төгрөгөөр үнэлсэн болохыг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн. Уг үнэлгээтэй танилцаж чадаагүй бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээг миний санал өгсөн 1,000,000,000 төгрөгөөс багаар буюу 752,475,100 төгрөгөөр тогтоож, улмаар надад мэдэгдээгүй.

Түүнчлэн хөндлөнгийн үнэлгээ тогтоосон шинжээч албан ёсоор манай гэрт үзлэг хийхгүйгээр үнэлгээ тогтоосон нь эргэлзээтэй, үнэн зөв гэж үзэх боломжгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг наадмын амралтуудыг тохиолдуулан, хэт нэг талыг барьж явуулсан гэж үзэж байна.

1.2. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар барьцаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг 378,250,000 төгрөгөөр худалдсан болохыг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн албан тоотоор мэдэгдсэн.

Түүнчлэн наадмын амралтуудыг тохиолдуулан дуудлага худалдааны талаар нийтэд нээлттэй мэдээлсэн эсэх нь эргэлзээтэй, дуудах үнэ өсөөгүй, төлбөр авагч тал худалдан авсан гэх мэдээлэл байгаа нь эргэлзээ бүхий байх тул хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.

Энэ талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан боловч 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4/44 тоот тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдлыг мөн хангахаас татгалзаж шийдвэрлэснийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан болно.

1.3. Иймд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч "Б" ХХК, А- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Майхан толгойн зуслангийн зүүн хэсэгт байрлах 532 м.кв талбай хувийн сууц, тус газарт байрлах 699 м.кв газрын хамт битүүмжлэн, хураасан.

Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоож, үнэлгээний тайланг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч А-т танилцуулан тайлангийн хуулбар болон үнэлгээний мэдэгдлийг гардуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Үнэлгээнд гомдол гаргах хугацаа дууссан.

Үнэлгээ бага гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ч түүнийгээ нотлосон баримтгүй. Анхны албадан дуудлага худалдааг төлбөр төлөгчид 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэж, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр явагдсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаа хуульд зааснаар явагдсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд анхнаасаа А- өөрөө оролцоод, хураах битүүмжлэх, үнэлгээ тогтооход оролцсон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ББСБ" ХХК-ийн тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Хоёр дахь албадан дуудлага худалдааны дараа гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Гуравдагч этгээд Б ХХК-аас тайлбар ирүүлээгүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 66 дугаар зүйлийн 66.3, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 181/Ш32021/08484 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас 2022 оны 07 дугаар сарын 08, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлсэн, хүлээлгэн өгсөн байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас А-ийг 8997**** дугаарын утсанд залгаж анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг гардаж авна уу гэж зарлан дуудахад би барилга дээр завгүй ажилтай байна хүү С-г явууллаа түүнд гардуулчих гэж хэлсний дагуу түүний хүү С-д анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг гардуулж, гарын үсэг зуруулж, тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг танилцуулж гарын үсэг зуруулж тэмдэглэл хөтөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Үнэлгээтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт аль нэг тал маргаасан зүйл байхгүй. Харин дуудлага худалдааг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг хэргийн 124 дүгээр хуудсанд авагдсан баримтыг үндэслэж нэхэмжлэгч маргасан.

Хариуцагч нь анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг төлбөр төлөгч А-т мэдэгдсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй.

Дуудлага худалдааг явуулахдаа нийтэд зарлах ёстой гэж тайлбарласан. Хэргийн 102 дахь талд авагдсан зарын сонинд зар тавьсан гэж тайлбарладаг боловч нотлох баримтын шаардлага хангаагдаагүй, зарласан гэдэг нь тогтоогдоогүй. Хариуцагч тал тайлбартаа дуудлага худалдаанд хэн ч орж болно гэж тайлбарласан. Иймд хариуцагч нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ББСБ" ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гомдлыг дэмжиж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг буруу тогтоосон байна.

 

4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 181/Ш32021/08484 дугаар захирамжаар А- нь 290,000,000 төгрөгийг Х ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, А-ийн өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Майхан толгойн зуслангийн зүүн хэсэгт байрлах 532 м.кв талбай бүхий 3 давхар хувийн сууц, мөн дээрх хаягт байрлах түүний эзэмшлийн 699 м.кв талбай бүхий газар, Б ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж 48 дугаар байр 301б тоот хаягт оршин байх 59.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ.

 

4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дүгээр сарын 06-ны өдрийн албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Майхан толгойн зуслангийн зүүн хэсэгт байрлах 532 м.кв талбай бүхий 3 давхар хувийн сууц, мөн тус хаягт байрлах 699 м.кв талбай бүхий газрыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр битүүмжилж, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хураасан.

 

4.2. Талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6/170 дугаартай тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээчин Б.Эрдэнэбаатарыг шинжээчээр томилж, шинжээч нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дээрх хувийн сууц болон газрыг 752,475,100 төгрөгөөр үнэлсэн байна.

 

4.3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцүүлж гүйцэтгэсэн, уг ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй.

Хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар зохигч тохиролцоогүй тул хариуцагч нь үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна.

 

4.4. Үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч Г.Баттүшиг тэмдэглэл үйлджээ. /хх 95-98/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч нь үнэлгээний талаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7/30 тоот тогтоолоор А-ийн өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Майхан толгойн зуслангийн зүүн хэсэгт байрлах 532 м.кв талбай бүхий 3 давхар хувийн сууц, мөн дээрх хаягт байрлах түүний эзэмшлийн 699 м.кв талбай бүхий газрыг зах зээлийн үнэ болох 752,475,100 төгрөгийн 70 хувь буюу 526,732,570 төгрөгөөр дуудах үнийг тогтоож, анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулахаар товложээ /хх 106/.

 

5.1. Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт заасан журмын дагуу төлбөр төлөгч А-т утсаар мэдэгдсэн талаар шийдвэр гүйцэтгэгч Г.Алтансувд нь тэмдэглэл үйлдсэнийг тогтоолыг мэдэгдээгүй, хууль бус ажиллагаа явуулсан гэж үзэхгүй. /хх 99/

Мөн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолд төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаагүй тул шүүх уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

5.2. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасан нь уг ажиллагааг явуулах дээд хугацааг заасан асуудал бөгөөд төлбөр төлөгч нь үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолтой танилцаад өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай санал гаргаагүй байна.

 

5.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх нь шүүхэд мэдүүлэх эрх, мэтгэлцэх зарчмыг зөрчиж 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсний улмаас шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

6. Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8/21 тоот тогтоолоор 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэжээ.

Уг тогтоолыг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4-151/13788 тоот мэдэгдлээр А-т 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн /хх 107-108/.

 

6.1. Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээг багаар тогтоосон, наадмын амралтыг тохиолдуулан дуудлага худалдааг зарлахдаа нийтэд мэдээлсэн нь эргэлзээтэй, дуудах үнэ өсөөгүй, төлбөр авагч тал худалдан авсан мэдээлэл байгаа гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн байр суурийг баримтаар нотлоогүй.

Хоёр дахь албадан дуудлага худалдааны зарыг хариуцагч нь Өнөөдөр сонины 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дугаарт нийтлүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар нийтэд мэдэгдсэн байх ба хариуцагч нь хоёр дахь албадан дуудлага худалдааг мөн хуулийн 69, 70, 71 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж явуулсан гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

6.2. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4/44 дугаар тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03/2063 тоот албан бичгээр хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гаргасан төлбөр төлөгчийн гомдлыг хангахаас татгалзсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт нийцсэн гэж үзэв.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/00425 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биөлүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ