Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 119/ШШ2023/0020

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ОА-ийн ЗДТГ

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ОА-ийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Б

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Н

            Хариуцагч: ОА-ийн УБХ

            Хариуцагч: УБ Э.О

            Гуравдагч этгээд: “Д” олон улсын байгууллага

            Гуравдагч этгээд “Д” олон улсын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

            Гуравдагч этгээд: “ОА-ийн ЕЧ” шашны байгууллага

            Гуравдагч этгээд “ОА-ийн ЕЧ” шашны байгууллагын төлөөлөгч: Б.Б                                                      

            Гуравдагч этгээд “ОА-ийн ЕЧ” шашны байгууллагын өмгөөлөгч: Б.С

            Гуравдагч этгээд: “КБ”

            Гуравдагч этгээд “КБ”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрдэнэт салбарын захирал З.Э нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Д олон улсын байгууллага” ХХК гэсэн улсын бүртгэлд байхгүй хуулийн этгээдэд “Х төв” 226.86 м.кв талбайтай барилгад 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Y-2101019... тоот дангаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон ОА-ийн УБХ, УБ Э.Оын захиргааны үйл ажиллагаа /акт/ нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч ОА-ийн ЗДТГын өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Y-21010197... тоот гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н, хариуцагч Э.О, гуравдагч этгээд “Д” олон улсын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд “ОА-ийн ЕЧ” шашны байгууллагын өмгөөлөгч Б.С/цахимаар/, гуравдагч этгээд “КБ”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ОА-ийн ЗДТГ нь ОА-ийн УБХ, УБ Э.О-д холбогдуулан “Д олон улсын байгууллага” ХХК гэх байхгүй этгээдэд “Х төв”-ийн барилгад 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Y-2101019... тоот гэрчилгээ олгосон ОА-ийн УБХ, УБ-ийн захиргааны үйл ажиллагаа /акт/-ыг хууль бусад тооцож, Y-2101019... тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Д олон улсын байгууллага” ХХК гэсэн улсын бүртгэлд байхгүй этгээдэд “Х төв” 226.86 мкв талбайтай барилгад 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Y-2101019... тоот дангаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон ОА-ийн УБХ, УБ Э.О-ын захиргааны үйл ажиллагаа /акт/ нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч ОА-ийн ЗДТГ /орон нутгийн өмч/-ын өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодруулан тайлбарлаж, маргав.

 3. Маргаан бүхий Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багт байрлах “Х төв”-ийн 226.86 мкв талбай бүхий барилгыг Д олон улсын байгууллагын хүмүүнлэгийн зорилтын хүрээнд хэрэгжих “Эрдэнэт орон нутгийн хөгжил хөтөлбөр”-ийн хүрээнд 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Засаг дарга, Хотын захирагчийн албатай “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу барьж байгуулсан.

4. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад Д олон улсын байгууллага 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Х төв”-ийн барилгыг дангаар өмчлөх эрхээ бүртгүүлж, Y2101019... тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болохыг мэдсэн гэж шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн.

5. Д олон улсын байгууллага 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “ОА-ийн ЕЧ” шашны байгууллагатай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн мэдүүлгийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэс хүлээн авч “Х төв”-ийг “ОА-ийн ЕЧ” шашны байгууллагын өмчлөлд бүртгэж, 0008206.. тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.

6. “Х төв”-ийн өмчлөгчөөр бүртгүүлсэн “ОА-ийн ЕЧ” шашны байгууллага нь уг барилгыг барьцаалж 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр КБ-тай 3052-2021/166 дугаартай зээлийн гэрээ, 3052-2021/166-1 дугаартай барьцааны гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3054-2022/009 дугаартай зээлийн гэрээ, 3054-2022/009-1 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулжээ.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд: 1) 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Д Э ОНХХ” гэсэн нэрээр бүртгэлийн мэдүүлэг гаргасан, УБ “Д олон улсын байгууллага” ХХК гэсэн нэрээр өмчлөх эрх олгосон байна. Ирүүлсэн материалд энэ хоёр нэрээр хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг гэрчилсэн ямар ч гэрчилгээ, баримт байхгүй байхад ийнхүү гэрчилгээ олгосон нь тухайн үед мөрдөж байсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.7 дахь заалтыг зөрчсөн.

2) Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэгт хавсаргасан баримтад уг үл хөдлөх эд хөрөнгийг анх улсын комиссоор ашиглалтад хүлээн авсан 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн комиссын актад захиалагч, ашиглагчийг “Д ОУБ Э ОНХХ”, ОА-ийн ЗДТГ гэж тодорхойлсон байхад түүнийг үл харгалзан ОА-ийн ЗДТГ-аас зөвшөөрөл аваагүй нь мөн хуулийн 13.3 дахь заалтыг зөрчсөн.

3) Мэдүүлэгт хавсаргасан газар ашиглах эрхийн 000342... тоот гэрчилгээнд “Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 заалт, Засаг даргын захирамжаар олгосон хугацааг зөрчин 15 жилийн хугацаатай, хүчингүй шинжтэй гэрчилгээ олгосон баримт ирүүлсэн байхад түүнийг хянаж үзээгүй.” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багт байрлах “Х төв”-ийн 226.86 м.кв талбай бүхий барилгыг Д олон улсын байгууллагын хүмүүнлэгийн зорилтын хүрээнд хэрэгжих “Эрдэнэт орон нутгийн хөгжил хөтөлбөр”-ийн хүрээнд 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Засаг дарга, Хотын захирагчийн албатай “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу зохих хэмжээний хөрөнгө оруулж, газрын асуудлыг үнэ төлбөргүй шийдвэрлэж барьж байгуулсан. Тухайн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багт байрлах “Х төв”-ийн барилгын ажил хийж гүйцэтгэх гэрээг захиалагч талаас Орхон аймгийн Засаг дарга нөгөө талаас Д олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгч нар байгуулсан. “М” ХХК барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан тухайн гэрээний 12 дугаар зүйлд төлбөр тооцооны асуудлыг зохицуулсан байдаг. 12.1-т гэрээний нийт дүн 272.986.557 төгрөг бөгөөд Д олон улсын байгууллага болон “Эрдэнэт нутаг хөгжлийн хөтөлбөрийн төсвийн хөрөнгөөр 252.986.557 төгрөг, Орхон аймгийн нутгийн төсвийн хөрөнгөөр 20.000.000 төгрөгөөр тус тус санхүүжүүлнэ гэж гэрээнд тусгагдсан. Ингээд хоёр талаас хөрөнгө оруулалт хийж барилгыг ашиглалтад оруулсан. 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын комиссын актаар баталгаажиж тус барилга ашиглалтад орсон байдаг. Хамтран ажиллах гэрээний 3.2-т заасны дагуу уг барилгын нэг хэсэгт Бүрэнбүст баг үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл явуулж байгаа. 2021 онд ОА-ийн “ЕЧ” шашны байгууллагад барилгыг худалдсан тул байрыг чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдлийг Орхон аймгийн Засаг даргад ирүүлсэн. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад Д олон улсын байгууллага 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Хтөв”-ийн барилгыг дангаар өмчлөх эрхээ бүртгүүлж, Y-2101019... тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болохыг мэдсэн. Тухайн гэрчилгээг бүртгэхдээ одоо болон тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль, дүрэм, журмыг зөрчсөн гэж үзээд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр уг гэрчилгээг хүчингүй болгуулахаар УБ-д хандсан боловч албан бичгийн хариуг улсын байцаагч ирүүлээгүй харин Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.О гарын үсэг зурж ...”улсын бүртгэл буруу ташаа бүртгэл хийгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү”.... гэх утгатай 2023 оны 01 дүгээр сар 26-ны өдрийн 110 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. Үүний дагуу захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. ОА-ийн УБХ, УБ Э.О нарт холбогдох “Д Э ОНХХ” этгээдийн мэдүүлгийг үндэслэн “Хтөв” 226.86 м.кв талбайтай барилгад 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Y-2101019.... тоот дангаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон ОА-ийн УБХ, УБ Э.О-ын захиргааны үйл ажиллагаа /акт/ нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч ОА-ийн ЗДТГ /орон нутгийн өмч/-ийн өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д олон улсын байгууллагын эд хөрөнгийн мэдүүлгийг хүлээн авч өмчлөгчийн гэрчилгээг олгохдоо Улсын бүртгэлийн эрхийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс хамтран өмчлөх эрхтэй этгээд ОА-ийн ЗДТГ-ын хамтран өмчлөх эрхийг зөрчсөн. Нэг дэх үндэслэл нь Д олон улсын байгууллагыг яагаад дангаар бүртгэсэн бэ гэдэг асуудал. Улсын бүртгэлийн хувийн хэрэгт “Х төвийн барилгыг хүлээж авсан улсын комиссын акт байгаа. Улсын бүртгэлийг хийхдээ тухайн барилгыг ашиглагч, захиалагч гэж хоёр байгууллагыг дурдсан баримтыг хүлээж авсан байна. Хоёр байгууллага байхад яагаад нэг байгууллага мэдүүлэг гарсан бэ гэдгийг хянаж үзэх ёстой байсан. Тухайн үед мөрдөгдөж байсан 2009 оны Улсын бүртгэлий ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3-т зааснаар зөрчилтэй мэдүүлгийг буцаах үндэслэл байсан. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Сая шүүх хуралдааны явцад УБ-ээс Д олон улсын байгууллагыг дангаар өмчлөгч гэдгийг яаж тодорхойлсон бэ гэдэг асуултад УБ тодорхой хариулт өгч чадсангүй. Мэдүүлгээс харахад Д олон улсын байгууллага нь бүртгэл хийлгэх үед хоёр регистрийн дугаартай байсан. Хоёр этгээд дурдагдаад байгаа учир хамтарсан мэдүүлэг гарга эсвэл Засаг даргын Тамгын газар нь хамтран өмчлөгчөөр оролцохгүй гэж байгаа бол дангаар өмчлөгч болохыг зөвшөөрсөн албан бичгийг авч ир гэсэн шаардлагыг тавих ёстой байсан. Ажил гүйцэтгэх гэрээ, улсын комиссын акт зэрэг баримт дээр хоёр этгээдийн нэр дурдагдсан байхад дур мэдэж дангаар гэрчилгээ олгох боломжгүй. Захиалагч гэдгийг Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлд тодорхойлсон байна. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12-т “Барилгын үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан зохицуулж, санхүүжилтийг тогтоосон хугацаанд хийх” гэж заасан. Захиалагч этгээд нь хөрөнгө гаргаж тухайн үл хөдлөх хөрөнгийг бариулах этгээд гэж ойлгоно. Бүртгэл хийлгэхэд хууль зөрчсөн заалт байх юм бол бүртгэхээс татгалзах эрхтэй байдаг. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Бүртгэлийн мэдүүлэг гаргаж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг шалгаж тогтоох ёстой. 2015 оны Улсын бүртгэлийн тухай хуулийн 4, 5, 8 дугаар зүйлийн 8.1.12-т заасны дагуу хуулийн этгээд бүртгүүлдэг. Иргэний хуулийн 26, 29 дүгээр зүйлд зааснаар хуулийн этгээдийн эрх зүйн чадамж гэрчилгээ авснаар үүсдэг. Улсын бүртгэлийн хэлтэс гэрчилгээг бүртгэхдээ хуулийн этгээдийн эрх зүйн чадамжийг шаардах ёстой байсан. Монгол улсад олон улсын болон бусад төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар зөвшөөрсөн байсан. Хариуцагч байгууллага үүнийг үндэслэл болгосон. Энэ зөвшөөрөл дээр...”Д олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрыг 2 жилийн хугацаагаар нээн ажиллуулах зөвшөөрөл олгов”.:. гэсэн байна. Энэ зөвшөөрлийн бичиг нь зүгээр Монгол улсад салбар нээхийг зөвшөөрсөн бичиг болохоос биш улсын бүртгэлээс гэрчилгээ авахад хэрэглэнэ гэсэн зүйл биш юм. ОАУБХ тухайн үед систем дээр “ОУБ” гэсэн нэршил байгаагүй ХХК гэсэн нэршил байдаг байсан учир “Д олон улсын байгууллага” ХХК гэж бүртгэсэн гэж тайлбарласан. Улсын бүртгэлийн ерөнхий хууль, бусад хуульд улсын бүртгэлийн системд захирагдаж үйл ажиллагаагаа явуулна гэсэн ямар ч тийм хууль зүйн зохицуулалт байхгүй. Цахим системд байхгүй бол шивж олгох боломж байсан. Б.М төлөөлөгчөөс яагаад нэг хуулийн этгээд ийм 3 регистрийн дугаартай байдаг талаар асуухад мэдэхгүй гэж байна. Энэ олон улсын байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол улсын хууль, дүрэмд захирагдах ёстой. Эрх зүйн байдал тодорхойгүй байхад улсын бүртгэлийн хэлтэс бүртгэсэн ийм асуудал байгаа. Д олон улсын байгууллага дангаар өмчлөгч гэдгийг нотолсон баримт байсан уу гэдгийг гуравдагч этгээд болон хариуцагч тал хэлж чадахгүй байгаа. УБ-ийн зайлшгүй шалгаж үзэх ёстой нэг зүйл нь газрын эрхийн асуудал байсан. Газар ашиглуулах гэрээг олгоход Газрын тухай хуулиар 5 жилээр нэг удаа дахиад 5 жилийн хугацаагаар сунгаж олгоно гэсэн зохицуулалт байгаа. Гэтэл хууль зөрчиж 15 жилийн хугацаатай газар ашиглах эрх өгсөн байсан. Улсын бүртгэлийн ийм туршлагатай ажилтан газар ашиглах хугацаа хэд байдаг талаар мэдэж байх учиртай, яагаад 15 жилээр газар ашиглах эрх олгосон байдаг билээ гэж холбогдох газраас нь асуух ёстой байсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар улсын бүртгэлийн гэрчилгээг бүртгэхэд өгдөг мэдүүлэг холбогдох баримтууд нь хууль, дүрэм, журамд нийцэж байна уу гэж хянаж, шалгах энэ үүргээ биелүүлээгүй нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /тухайн үед мөрдөгдөж байсан/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.2-т заасан энэ заалтуудыг зөрчсөн. Шүүхийн мэтгэлцээний явцад хэргийн оролцогчдын гаргаж ирсэн нэг асуудал бол 2008 онд барилга ашиглалтад орж, 2016 онд үл хөдлөх эрхийн гэрчилгээ гарсан байна, танайх өмчлөх эрхтэй гэдгээ хэзээ мэдсэн бэ, 2021 онд иргэний хэргийн маргаан явж байх үед мэдсэн юм биш үү гэсэн асуудлыг хөндөж байна. ОА-ийн ЗДТГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагчаас Д олон улсын байгууллага сүүлд 2 дахь хариуцагчаар “ОА-ийн ЕЧ” шашны байгууллага орж ирсэн ийм маргаан явж байгаа. Энэ хэргийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс нотлох баримт цуглуулах зорилгоор ОАУБХ албан бичиг явуулж нотлох баримт авч байсан зүйл бий, мөн хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт гаргуулж байсан. Энэ нь улсын бүртгэл ямар баримтыг үндэслэсэн, хувийн хэрэгт ямар баримт байгаа гэдгийг бүрэн шалгахаар баримтуудыг авсан. Улсын бүртгэлийн хэлтэс хувийн хэрэгт байгаа материалыг хуулбарлаж явуулсан байсан. Манайхаас УБ-д нь өргөдөл гаргасан гэтэл тасгийн дарга нь хариу албан тоотоор ...“бид нар хууль, журмын дагуу бүртгэл хийсэн, маргаантай байгаа бол шүүхэд хандаж болно”... гэсэн хариуг өгсөн. Нэхэмжлэгч байгууллага уг барилгад хөрөнгө оруулалт хийж, газрыг үнэгүй олгож, хамтарч барилгыг бариулж, хамтарч улсын комисст хүлээлгэж өгч, хамтран ашигласан. Иргэний хуулиар тухайн өмчийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээд гуравдагч этээдийн хувьд шууд өмчлөгч байна гэж заасан байдаг. Тухайн барилга ашиглалтад орж эхэлснээс хойш Бүрэнбүст баг барилгын нэг хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл 2021 онд “ОА-ийн ЕЧ” шашны байгууллагаас энэ барилгыг манайх худалдаж авсан учир барилгыг чөлөөлж өгнө үү гэсэн албан бичиг ирэхээр нь яагаад ийм байдалд хүрсэн талаар судлаад үзэхээр 2016 оны улсын бүртгэлийн гэрчилгээ гарч ирсэн. Улсын бүртгэлийн бүртгэгч тухайн байгууллагыг Д олон улсын байгууллага нь дангаар өмчлөгч гэдгийг тогтоосон баримт байхгүй, мэдүүлэг гаргагчийн эрх зүйн байдлыг тогтоогоогүй, уг барилгын газар илт эрхийн зөрчилтэй байхад бүртгэсэн захиргааны акт нь хууль бус байгаа учир актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна” гэв.

10. Хариуцагч ОА-ийн УБХ, УБ Э.О хариу тайлбартаа: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /тухайн үед мөрдөгдөж байсан/-ийн 13 дугаар зүйлд заасан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтыг мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул Д олон улсын байгууллага /10311../-ын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан мэдүүлгийг хүлээн авч Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5 хороолол 13 дугаар байрны урд, 11а байрны урд байрлах “Х төв” тоот үл хөдлөх эд хөрөнгийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2101019.... дугаарт бүртгэж 0004171... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим сан ЕРRS-2 систем анх нэвтэрч тухайн үед хуулийн этгээдийн сонголтод Олон улсын байгууллага гэх мэдээлэл тусгагдаагүй байснаас систем өмчлөх эрхийн гэрчилгээ “ХХК” гэх сонголтоор өмчлөгч нь “Д олон улсын байгууллага” /10311../ ХХК гэж гэрчилгээнд хэвлэгдсэн. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр №252 дугаартай нотариатч Б.Энхчимэг гэрчилсэн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх тухай журмын зургаа дахь хэсгийг үндэслэн, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан татгалзах үндэслэл байхгүй тул мэдүүлгийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч “ОА-ийн ЕЧ” /10405../ шашны байгууллагын өмчлөлд бүртгэж, өмчлөх эрхийн 000820.. тоот гэрчилгээ олгосон байна. ОА-ийн ЗДТГ-ын нэхэмжлэлээр тухайн бүртгэлийг хянан үзэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.4 дэх хэсэгт заасан буруу ташаа гэх үндэслэл тогтоогдохгүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан эрхийн улсын бүртгэлийг хаах, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

11. ОАУБХ нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “ОА-ийн ЗДТГ-ын нэхэмжлэлтэй ОА-ийн УБХ, УБ Э.О-д холбогдох захиргааны хэрэгт авагдсан Д олон улсын байгууллагын тус улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий эрх зүйн баримт бичгийг 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас олгосон ба 2013 оноос Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим сан ЕРRS-2 систем анх нэвтэрч тухайн үед уг системд хуулийн этгээдийн сонголтод Олон улсын байгууллага гэх мэдээлэл тусгагдаагүй байснаас өмчлөх эрхийн гэрчилгээ “Д олон улсын байгууллага” /10311../ ХХК гэх төлвөөр хэвлэгдсэн. Монгол улсад олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл, холбогдох гэрчилгээг Гадаадын иргэн харьяатын газраас олгодог.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/395 дугаар тушаалын 2 дугаар хавсралт /Маягт №Э-3/-аар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааг улсын бүртгэлийн цахим сангаас олгодог ба тухайн лавлагаанд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2101019.... дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5 хороолол 13 дугаар байрны урд 11а байрны урд байрлах “Х төв” тоот үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр “Д олон улсын байгууллага” /10405../ шашны байгууллагын өмчлөлд шилжиж, өмчлөх эрхийн 0008206.. тоот гэрчилгээ олгогдсон талаар мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2101019... дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст 5 хороолол 13 дугаар байрны урд, 11а байрны урд байрлах “Х төв” тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “ОА-ийн ЕЧ” /10405../ шашны байгууллага бүртгэгдсэн байх бөгөөд КБ-тай 2021.08.31-ний өдөр байгуулсан №3054-2022/009 тоот зээлийн гэрээний барьцаанд үүрэг ногдуулсан бүртгэлтэй байна.

ОА-ийн ЗДТГ-ын нэхэмжлэлээр тухайн бүртгэлийг хянан үзэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухайн хуулийн 6.4 дэх хэсэгт заасан буруу ташаа гэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч талын өмчлөх эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан эрхийн улсын бүртгэлийг хаах, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

12. Хариуцагч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны бүртгэлтэй холбоотой маргаан явж байгаа. Маргаанд дурдагдаад байгаа өмчлөх эрхийн гэрчилгээ нь дараагийн өмчлөгчид шилжсэнээр хүчингүй болдог. Тухайн нэхэмжлэлийн шаардлага тодруулахад манай зүгээс тодорхой тайлбар өгсөн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /тухайн үед мөрдөгдөж байсан/-ийн 13 дугаар зүйлд заасан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтыг үндэслэн мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул Д олон улсын байгууллага /10311../-ын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан мэдүүлгийг хүлээн авч Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5 хороолол 13 дугаар байрны урд, 11а байрны урд байрлах “Х төв” тоот үл хөдлөх эд хөрөнгийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-21010197.. дугаарт бүртгэж 0004171.. дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Өмнө нь бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцож байна” гэв.  

13. Гуравдагч этгээд ОА-ийн ЕЧ шашны байгууллага хариу тайлбартаа: “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан байх тул манай байгууллага нь шударга өмчлөгчийн хувьд Монгол Улсын Иргэний хуулиар хамгаалагдсан гэж үзэж байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3. “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заажээ. Бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн хувьд нэхэмжлэгч байгууллага болох ОА-ийн ЗДТГ-ыг төрийн үйл ажиллагааг бүс нутагтаа хэрэгжүүлэгч “Төр” гэж бодож хүндэтгэж явдаг билээ. Гэтэл өмчлөгчийн эрхийг хамгаалаад явах учиртай төр буюу ОА-ийн ЗДТГ нь төрийн байгууллага болох улсын бүртгэлийн байгууллагын цахим сан гэх ЕРRS-2 систем нэвтэрч байх тухайн цаг хугацаа буюу программын шинэчлэлийн үед /хэрэгт авагдсан баримтад үндэслэн бичив/ хуульд заасны дагуу өмчлөх эрхээ бүртгүүлсэн манай байгууллагын эрх ашгийг хөндөж, иргэний хуулийн дагуу хэлцэл хийж, гэрээний үүргээ хуулийн дагуу биелүүлж /бид уг обьектыг авах гэж тавьсан өрөө одоог хүртэл төлж дуусгаагүй байгаа/ олж авсан хөрөнгийн маань бүртгэлийг хүчингүй болгуулж өөрийн болгох санаа агуулж байгаа” нь үндэслэлгүй бөгөөд төрийн байгууллагыг ажлаа хуулийн дагуу шударга хийдэг гэдэгт итгэдэг жирийн нэгэн хуулийн этгээдийг хохироох гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн түүнчлэн “ОА-ийн ЕЧ” шашны байгууллага нь Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5 дугаар хороолол 13 дугаар байрны урд 11 а байрны урд байрлах “Х төв” тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчилж байгаа нь нэхэмжлэгчийн ямар, эрх ашиг сонирхлыг хөндөөд байгаа нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өмчлөгч миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөхгүй байхыг хүсье.” гэжээ.

14. Гуравдагч этгээд “ОА-ийн ЕЧ” шашны байгууллагын өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүд байна гэсэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын гаргасан тайлбартай санал нэг байсан. Хариуцагч талаас үндэслэл бүхий хариу тайлбараа өгсөн байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл байна гэж харж байна. Одоогийн байдлаар иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасны дагуу гуравдагч этгээд Д олон улсын байгууллагын өмчлөх эрх дуусгавар болж Орхон аймгийн “ЕЧ” шашны байгууллагын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчийн хуульд заасан ямар эрх ашиг сонирхол хөндөгдсөн бэ?, энэ нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахын тулд нэхэмжлэлийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн талаар авч үзэх ёстой байдаг. Өнөөдрийн байдлаар захиргааны хэргийн шүүх, иргэний хэргийн шүүх дээр нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэдэг нь тогтоогдохгүй хэвээр байгаа. Манай талаас танай эрх ашгийг хөндөөгүй гэдэг байдлаар маргах гэхээр ашиг сонирхол нь яг юунаас болж хөндөгдөөд байгаа гэдгээ нэхэмжлэгч тал тодорхойлж чадахгүй байгаа. Хоёр хуулийн этгээд өмчлөх эрхийн гэрчилгээгээ хуулийн дагуу шилжүүлэхэд энэ захиргааны байгууллагын ямар эрх ашгийг нь хөндсөн гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа. “ОА-ийн ЕЧ” шашны байгууллага нь Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5 дугаар хороолол 13 дугаар байрны урд 11а байрны урд байрлах “Х төв” тоот үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж байгаа нь нэхэмжлэгчийн ямар, эрх ашиг сонирхлыг хөндөөд байгаа нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

15. Гуравдагч этгээд “Д олон улсын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д олон улсын байгууллага нь Орхон аймагт 2001-2018 он хүртэл үйл ажиллагаагаа явуулсан. Ингэхдээ Орхон аймгийн 2 сумын 12 багт 5.638.000 ам долларын санхүүжилтийн ажлыг хийсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тухайн орон нутгийн төрийн байгууллагатай хамтарч ажилладаг. Газар эзэмших эрх, барилга байгууламж барих гэх мэт бүхий л зүйл дээр холбогдох хууль, журмын дагуу зөвшөөрлийг авч төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 2021 онд төсөл хаагдаж цаашилбал өөрсдийн үйл ажиллагаа явуулж байсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад орж ирсэн мөнгөөр эргээд энэ нутаг оронд зарцуулахаар шийдвэрлэж худалдан борлуулсан. 2007 онд Д олон улсын байгууллага нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн санхүүжилтийг босгож бариулсан. ОА-ийн ЗДТГ нь 2021 оны 02 дугаар сард анх Орхон аймгийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...“Д олон улсын байгууллагын нэр дээр Ү-21010197... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон байна гэж”  нэхэмжлэлдээ дурдсан байсан. Тэгэхээр 2021 онд захиргааны энэ үйл ажиллагааг нэхэмжлэгч мэдэж байсан байна гэж харж байгаа. Засаг дарын Тамгын газар нь ОАУБХ рүү албан бичиг явуулж мөн шүүхээр дамжуулж улсын бүртгэлийн хувийн хэрэгт байсан энэ тухай баримтыг авч иргэний хэрэгт хавсаргасан байсан. Яагаад энэ бүртгэлийг мэдсэнээс хойш 2 жилийн дараа маргаж байгаа юм бэ гэдэг асуудал яригдах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлүүдэд ямар хугацаанд нэхэмжлэл гаргах талаар заасан байдаг. Энэ маргааны асуудал нь нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхлыг хөндөгдсөн үү. Үндсэн энэ маргааныг шийдэхэд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг хөндөгдсөн үү гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу” эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандана гэж байгаа. Эдгээрийн алинд нэхэмжлэгч хамаарч байгаа вэ гэдгийг асуумаар байна. Өнөөдрийн миний гаргаж байгаа тайлбарын үндэслэл нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай байгаа. 2 дахь үндэслэл нь хөөн хэлэлцэх хугацаа байгаа. ОА-ийн ЗДТГ-ыг нэхэмжлэгчээр татах хууль зүйн үндэслэл байгаа юм уу?. Энэ байгууллага чинь хувь хүн, хуулийн этгээдийн аль нь ч биш. Иргэний хуулийн 33 дугаар зүйлд хуулийн этгээдийн төрлийг заасан байдаг. Мөн нийтийн ашиг сонирхлыг төлөөлж нэхэмжлэл гаргаагүй. Төрийн байгууллага нэхэмжлэл гаргахын тулд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 3.1.3-т заасан хүн, хуулийн этгээдийн аль нэг нь байх ёстой. Гэтэл энэ байгууллага алинд ч хамаарахгүй байгаа. Төрийн захиргааны байгууллага нэхэмжлэл гаргахын тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4-т заасан “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг” гэж тодорхой заасан байгаа. Улсын бүртгэлийн үйл ажиллагааг нь нийтийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд саад болсон зүйл байхгүй. 3 дахь үндэслэл буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлээгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулиараа Улсын бүртгэлийн байгууллага, улсын ахлах бүртгэгч буюу дарга, УБ нарын чиг үүргүүдийг тус тусад нь хуульчилсан байдаг. Субъектүүд нь доод шатны байгууллагын чиг үүргийг хянадаг, хууль зөрчсөн байвал доод шатны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа хянаж үзээд зөрчсөн байвал өөрчлөх, хүчингүй болгох бүрэн эрх нь байдаг. Ийм байдлаар буюу дээд шатны байгууллагад нь хандаагүй. Энэ 3 үндэслэлийг шүүх давхардуулж хэрэглэхгүй, эрэмбийнхэн хүрээнд шийдэх байх гэж бодож байна. Хэрэг үүсгэснээс хойш 3 удаа нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гээд нэхэмжлэгч талаас тодруулсан боловч өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагадаа ..”Х төв” 226.86 м.кв талбайтай барилгад 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Y-21010197.. тоот дангаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон ОА-ийн УБХ, УБ Э.О-ын захиргааны үйл ажиллагаа /акт/ нь хууль бус”...гэсэн байсан. Захиргааны үйл ажиллагаа гэдэг нь ямар байдлаар илэрч байгаа. Бичгээр гарч байгаа баримт юм уу, эс үйлдэхүй юм уу, үйл ажиллагаа юм уу?, яг юутай маргаж байгаа вэ тодруулбал хэний үйл ажиллагааг буруутгаад байгаа вэ?. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд Улсын бүртгэлийн байгууллагын бүтэц, хэрэгжүүлэх бүрэн эрхийг заасан байгаа. Улсын бүртгэлийн байгууллага, УБ хоёрын чиг үүргийг давхцуулаагүй байдаг. Энэ бүртгэлийг УБ хийгээд байгаа юм уу, улсын бүртгэлийн байгууллага хийгээд байгаа юм уу? ойлгомжгүй нэхэмжлэл гаргаад, үүнийг шүүх ялгаж салгана биз гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаж болох юм уу. Үүнийг дагаад хариуцагч болон гуравдагч этгээд нарын тайлбар өгөх мэтгэлцэх эрх давхар зөрчигдөж байна. Нэхэмжлэлийн үндэслэлдээ Д олон улсын байгууллага “ХХК” гэх юун мэдэхгүй байгууллагын нэр дээр гэрчилгээ гарсан байна гэсэн байсан. Үүн дээр маш тодорхой ойлгомжтой хариуг хариуцагч талаас тайлбар өгсөн байсан. Ийм хэлбэрийн шаардлага нь нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг зөрчөөд байгаа гэжээ. Хэрвээ Д олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар гээд бичсэн байсан бол эрх нь зөрчигдөх байсан уу?. Шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх ёстой, хууль бус байх ёстой энэ хоёрын уулзвар дээр захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болдог. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хичнээн ч хуулийг зөрчсөн байж болно. Гэхдээ хууль зөрчсөн үйл ажиллагаа нь хэн нэгэн юм уу нэхэмжлэгчид сөрөг үр дагавар, нөлөөлөл бий болж байвал нэхэмжлэл гаргана гэсэн хууль зүйн зохицуулалт байгаа. Энэ техникийн алдаа нь нэхэмжлэгчийн эрхтэй шууд холбогдохгүй учир нэхэмжлэлийн үндэслэл өөрөө ойлгомжгүй, утгагүй байна гэж үзэж байна. Манайх өмчлөгч гэж маргадаг. Өмчлөгч гэдгийг нь ямар байгууллага тогтоогоод байгаа. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 3 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байсан. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэргийн шүүх хамтран өмчлөгч биш байна гэдгийг удаа дараа тогтоосон. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож байгаа үндэслэл нь дандаа хэрэг хянан шийдвэрлэх процесстой холбоотой үндэслэлээр хэрэг буцсан. Өнөөдрийг хүртэл өмчлөгч гэдгийг тогтоогоогүй байхад манайх өмчлөгч гэж маргаад байгаа нь үндэслэлгүй байна. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд хууль бус захиргааны актуудыг дурдсан байгаа. Энэ улсын бүртгэлийн акт нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох 5 үндэслэлийг дурдсан байгаа. 1 дэх заалтад заасан актаас бусад захиргааны актыг 5 жилийн дотор хүчингүй болгож болно гэж заасан байгаа. 2016 оны захиргааны үйл ажиллагаатай холбоотой акттай маргаж байгаа бол 5 жилийн дотор энэ асуудлыг шийдэх боломжтой байсан. Улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь хуульд нийцсэн, хэн нэгний болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, гуравдагч этгээдүүдийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шүүх эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж өгнө үү, хэрвээ дүгнэж шийдэхэд хүрвэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна” гэв.  

16. Гуравдагч этгээд КБ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “КБ-ны Эрдэнэт салбартай байгуулсан зээлдэгч Б.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.С нарын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3052-2021/166 тоот зээлийн гэрээ, 3052-2021/166-1 тоот дугаартай барьцааны гэрээнд ОА-ийн ЕЧ шашны байгууллага /РД: 10405../ нь өөрийн эзэмшлийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5 хороолол 13 дугаар байрны урд 11а байрны ард байрлах “Х төв” нэртэй 226.86 м.кв талбайтай, сургалтын төвийн зориулалттай, Улсын бүртгэлийн Ү-2101019... дугаартай, 0008208.. тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. Мөн тус банкны салбартай байгуулсан зээлдэгч Б.Б, хамтран үүрэгч гүйцэтгэгч Д.С нарын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3054-2022/009 тоот зээлийн гэрээ, 3054-2022/009-1 тоот дугаартай барьцааны гэрээнд ОА-ийн ЕЧ шашны байгууллага /РД: 1040../ нь өөрийн эзэмшлийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5 хороолол 13 дугаар байрны урд 11 а байрны ард байрлах “Х төв” нэртэй 226.86 м.кв талбайтай, сургалтын төвийн зориулалттай, Улсын бүртгэлийн Ү-2101019... дугаартай, 000820... тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, Б.Б нь Булган аймаг Хангал сумын 2-р баг Хангал бизъяагийн ам гудамж 82 м.кв улсын бүртгэлийн Ү-04130004.. дугаартай 0008238.. тоот гэрчилгээтэй хувийн сууц болон Булган аймаг Хангал сумын 2-р баг Хангал бизъяагийн ам гудамж 82 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг тус тус банкны барьцаанд тавьсан болно.” гэжээ.

17. Гуравдагч этгээд КБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““КБ-ны Эрдэнэт салбартай зээлдэгч Б.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.С нар нь 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3052-2021/166 тоот зээлийн гэрээ, 3052-2021/166-1 тоот дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан. Энэ зээлийг олгохдоо энэ маргаан болоод байгаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Тухайн үед энэ эд хөрөнгө нь ямар нэгэн өмчлөгчийн маргаан байгаагүй. Одоо зээлийн үлдэгдэл 90.000.000 төгрөг гаран байгаа. Зээлийн төлөлт хэвийн хийгээд явж байгаа. Энэ хөрөнгийн маргаан яаж шийдэгдэхээс хамаарч зээлдэгч нь зээлээ төлөх эсэх асуудал гарч магадгүй гэж үзэн манайхыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан байх. Манай байгууллагын зүгээс энэ нь зөв, буруу гэж маргах зүйл байхгүй байна. Шүүх эрх хэмжээний хүрээнд шийдэх байх, өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ОА-ийн ЗДТГ нь “Д олон улсын байгууллага” ХХК гэх байхгүй этгээдэд “Х төв”-ийн барилгад 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Y-2101019... тоот гэрчилгээ олгосон ОА-ийн УБХ, УБ-ийн захиргааны үйл ажиллагаа /акт/-ыг хууль бусад тооцож, Y-2101019... тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ““Д олон улсын байгууллага” ХХК гэсэн улсын бүртгэлд байхгүй этгээдэд “Х төв” 226.86 мкв талбайтай барилгад 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Y-2101019... тоот дангаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон ОА-ийн УБХ, УБ Э.О-ын захиргааны үйл ажиллагаа /акт/ нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч ОА-ийн ЗДТГ /орон нутгийн өмч/-ын өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгох” гэж;

мөн “Өмчлөх эрхийг шилжүүлэх замаар Ү-21010197.. тоот гэрчилгээ хүчингүй болсон байх тул энэхүү гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагаас татгалзаж байна” гэж нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн ба шүүх хуралдаанд “Ү-21010197.. тоот гэрчилгээ гэдэг нь өмчлөх эрхийн 0004171.. дугаартай гэрчилгээ” гэдгийг тодруулан тайлбарласан болно.

3. Шүүх хуралдаанд гуравдагч этгээд “ОА-ийн ЕЧ” шашны байгууллагын төлөөлөгч Б.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд өмгөөлөгч Б.С нь “Б.Б-ыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой, өмгөөлөгчийн хувьд төлөөлөөд шүүх хуралдаанд оролцоно. Би хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зургаар авч танилцсан, хавтаст хэрэгтэй заавал очиж танилцах шаардлагагүй, хавтаст хэрэгтэй танилцсан баримтыг цахимаар авч гарын үсэг зурж хүргүүлэхээр шүүгчийн туслахтай ярьсан” гэсэн тул гуравдагч этгээдийн хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх эрхийг зөрчихгүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.

4. Гуравдагч этгээд нарын “Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хэд хэдэн үндэслэл байхад татгалзаагүй” гэх үндэслэлийн тухайд: Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Б.С нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны явцад “Шүүх анхнаасаа нэхэмжлэлийг хүлээн авсан нь буруу,  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэж тайлбарлан маргасан.

4.1. Хариуцагчийг буруу тодорхойлсон гэх үндэслэлийн тухайд: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтан, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнаас бүрдэнэ”, 15.2-т “Улсын бүртгэлийн байгууллага нь нэгдмэл тогтолцоо, төвлөрсөн удирдлагатай байна” гэж зааснаар орон нутгийн улсын бүртгэлийн байгууллага, уг байгууллагыг төлөөлөн шууд үйлчилгээ үзүүлж байгаа УБ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан захиргааны байгууллага байна.

4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь ОА-ийн УБХ, уг байгууллагыг төлөөлөн бүртгэл хийсэн УБ-ийг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасныг буруутгах үндэслэлгүй, маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох хариуцагч мөн гэж шүүх үзэв.

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хариуцагчийг солих, өөрчлөх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, ОАУБХ хамтран хариуцагчаар оролцож байгаа УБ Э.О-д 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/05 дугаартай тушаалаар итгэмжлэл олгосон. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хамтран хариуцагчид нь ашиг сонирхлын зөрчилгүй, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл хэн нэгийгээ томилон өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулж болно.” гэж зааснаар бүртгэл хийсэн УБ-д төлөөлөх эрх олгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчихгүй.  

4.4. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлийн тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч улсын бүртгэл хийсэн захиргааны байгууллагад өөрт нь гомдол гаргаж холбогдох хариу авсан байна.   

4.5. Тодруулбал, ОА-ийн ЗДТГ-ын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн  03/111 тоот албан бичгээр гаргасан гомдолд ОАУБХ 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 110 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байх бөгөөд уг хариу хүргүүлсэн албан бичгийг эс зөвшөөрч 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлээ ирүүлсэн. /Хавтаст хэргийн 31-33 дахь тал/

4.6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

4.7. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргаанаар шүүхэд нэхэмжлэлээ гаргах ба тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагад гомдлоо гаргаж урьдчилан шийдвэрлүүлснийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

4.8. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх үндэслэлийн тухайд: Шүүх анх нэхэмжлэлийг хүлээн авахдаа ОА-ийн ЗДТГ нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэж уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Учир нь ОА-ийн ЗДТГ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 17 дугаар зүйлийн 17.3-т тус тус заасан “Хуулийн этгээд” гэдэгт хамаарна.

4.9. Хуулийн этгээд гэж Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заасан этгээдийг ойлгох ба мөн хуулийн 25.2-т “Хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болно”, 25.3-т “Хуулийн этгээд нь нийтийн, хувийн, холимог өмчийн байна” гэж тус тус хуулийн этгээдийн төрлийг тодорхойлжээ.

4.10. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар хуульд заасан журмаар байгуулагдсанаар үүсч, татан буугдсанаар дуусгавар болох бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд бусад оролцогчтой адил тэгш эрхтэй оролцоно” гэж зааснаар ОА-ийн ЗДТГ нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хуулийн этгээд гэж үзнэ.

4.11. Нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу төрийн байгууллага нь захиргааны чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд бус хүн, хувийн эрх зүйн хуулийн этгээдийн нэгэн адил захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгч байж болно.

4.12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд захиргааны байгууллагын хувьд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгаа ч нэхэмжлэгч нь тухайн орон нутгийн өмчийн хувьд өмчлөх эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргаж байгаа нь нэхэмжлэгч хуулийн этгээд гэдэгт хамаарах тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх үндэслэлгүй.

4.13. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

5. ““Д олон улсын байгууллага” ХХК гэсэн улсын бүртгэлд байхгүй этгээдэд “Х төв” 226.86 мкв талбайтай барилгад 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Y-21010197... тоот дангаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон ОА-ийн УБХ, УБ Э.О-ын захиргааны үйл ажиллагаа /акт/ нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч ОА-ийн ЗДТГ /орон нутгийн өмч/-ын өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

5.1. ОАУБХ /УБ/ нь “Д Э” ОНХХ-ийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан улсын бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтуудыг үндэслэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5-р хороолол, Х төв буюу сургалтын зориулалт бүхий 226.86 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж, 0004171.. дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг “Д олон улсын байгууллага” ХХК /Р-10311../-д олгожээ. /Хавтаст хэргийн 46-61 дэх тал/

5.2. Улмаар тухайн үл хөдлөх хөрөнгийг 2021 он 02 дугаар сарын 19-ний өдөр эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлгээр худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр “ЕЧ” шашны байгууллагад шилжүүлсэн байх бөгөөд одоо уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “ЕЧ” шашны байгууллага улсын бүртгэлд бүртгэлтэй, 0008206.. дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй байна. /Хавтаст хэргийн 65-77 дахь тал/

5.3. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн УБ шинээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-д зааснаар тухайн бүртгэлийг хөтлөхөд зайлшгүй тодруулах ажиллагаа, нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлээгүй шийдвэр гаргаснаас өнөөдөр тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн асуудлаар маргаан үүссэн байна.

5.4. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “Улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах”, 11 дүгээр зүйлийн 11.5.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 11.5.2-д “Энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” 11.5.3-д “Энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж тус тус заасан чиг үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийг “Д олон улсын байгууллага” дангаар өмчлөх эрхтэй этгээд гэдгийг хангалттай нотлоогүй байна.

5.5. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно” гэж зааснаар “Д Э” ОНХХ гэсэн нэрээр улсын бүртгэлийн мэдүүлэг гаргасныг мэдүүлэг гаргах эрхгүй этгээд гэж шууд дүгнэх үндэслэлгүй.

5.6. Учир нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн улсын бүртгэлийн мэдүүлэгт “Д олон улсын байгууллага”-ын гэрчилгээ, түүний орчуулга, итгэмжлэл зэргийг хавсаргасан байх ба хариуцагчаас “Д олон улсын байгууллага” ХХК гэж өмчлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн үндэслэлээ тодорхой тайлбарласан ба тухайн байгууллагыг хуурамч баримт бүрдүүлж бүртгэл хийлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

5.7. Харин Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн УБ нь мэдүүлэгт хавсаргасан баримт болох Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д “Тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” гэж заасан баримтуудын хүрээнд хамаарах нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ”, 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол УБ нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ” гэж тус тус зааснаар өмчлөх эрхийг бүртгэх шийдвэр гаргажээ.

5.8. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын хавсралтаар баталагдсан ““Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4-т заасан баримтуудыг бүрэн шаардаж гаргуулаагүй байна. Тодруулбал, тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй холбоотой гэрээ, хэлцэл, барилгыг бариулахад хөрөнгө оруулсан этгээд байгаа эсэхийг тодорхой тусгасан өргөдөл, холбогдох баримтуудыг гаргуулах, уг үл хөдлөх хөрөнгийг “Д олон улсын байгууллага”-аас гадна өөр хамтран өмчлөх эрхтэй этгээд байгаа эсэх талаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн байна.  

5.9. Тухайлбал, Барилгыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актад 06 тоот гэрээний дагуу 274.9 сая төгрөгөөр дансандаа тусгаж авах талаар дурьдсан, уг гэрээгээр хэн уг үл хөдлөх хөрөнгийг дансандаа тусгах, өмчлөх эрхтэй болох нь 06 тоот гэрээнд тусгагдсан байж болзошгүй байхад уг гэрээг нотлох баримтаар гаргуулж аваагүй, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч нь Д олон улсын байгууллагаас гадна ОА-ийн ЗДТГ байхад тухайн байгууллага өмчлөх эрхтэй эсэх талаар нотлох баримт, тодруулах ажиллагааг хийгээгүй зэрэг зөрчлүүдийг гаргажээ. /Хавтаст хэргийн 6-12, 55-57 дахь тал/

5.10. Гэхдээ дээрх асуудлыг тодруулаагүй алдаа буюу шийдвэр гаргах ажиллагааны журмын зөрчил нь уг бүртгэлийг хүчингүй болгох, ОА-ийн ЗДТГ-ыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй этгээд буюу уг үл хөдлөх хөрөнгийн тодорхой хувийг өмчлөх эрхтэй этгээд гэдгийг нотлох үндэслэл болохгүй.

5.11. ОА-ийн ЗДТГ-ын нэхэмжлэлтэй “Д олон улсын байгууллага”, “ЕЧ” шашны байгууллагад холбогдох иргэний хэргийн шүүхэд хэлэлцэгдэж байгаа гэрээ хэлцэл, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэнээр ОА-ийн ЗДТГ уг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй эсэх нь тогтоогдохоор байна. /Хавтаст хэргийн 94-103, 220-224 дэх тал/

5.12. Иймд ОА-ийн ЗДТГ нь тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй болох нь тогтоогдохгүй байх тул ОА-ийн УБХ, УБ-ийн хийсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгө өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэв.

6. Нэхэмжлэгч нь “Өмчлөх эрхийг шилжүүлэх замаар өмчлөх эрхийн 0004171..  дугаартай гэрчилгээ хүчингүй болсон байх тул энэхүү гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсан тул татгалзлыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.1. Нэхэмжлэгч ОА-ийн ЗДТГ нь “Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хүргүүлэх тухай” 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/1232 дугаартай албан бичгээрээ “Өмчлөх эрхийг шилжүүлэх замаар Ү-2101019... тоот гэрчилгээ хүчингүй болсон байх тул энэхүү гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагаас татгалзаж байна” гэдгээ бичгээр илэрхийлсэн.

6.2. Шүүх хуралдааны явцад “Ү-2101019... тоот гэрчилгээ гэдэг нь өмчлөх эрхийн 0004171.. дугаартай гэрчилгээ” гэдгийг тодруулан тайлбарласан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаар дурьдсан “Ү” дугаар, гэрчилгээний дугаарын ялгааг тодруулан “нэгэнт хүчингүй болсон өмчлөх эрхийн гэрчилгээг дахин хүчингүй болгуулах шаардлагагүй учраас энэ шаардлагаас татгалзаж байна” гэж тодруулан тайлбарласан.

6.3. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэлийн зарим шаардлага болохӨмчлөх эрхийн 000417.... дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009-06-25/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.2, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч ОА-ийн ЗДТГ-ын ОА-ийн УБХ, УБ Э.О-д холбогдуулан гаргасан ““Д олон улсын байгууллага” ХХК гэсэн улсын бүртгэлд байхгүй хуулийн этгээдэд “Х төв” 226.86 м.кв талбайтай барилгад 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Y-21010197... тоот дангаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон ОА-ийн УБХ, УБ Э.О-ын захиргааны үйл ажиллагаа /акт/ нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч ОА-ийн ЗДТГ-ын өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч ОА-ийн ЗДТГ нь ОА-ийн УБХ-т холбогдуулан гаргасан “Өмчлөх эрхийн 0004171... дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.3-т  зааснаар нэхэмжлэгч ОА-ийн ЗДТГ-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.УУГАНЦЭЦЭГ