Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2023/01312

 

з 

 

 

 

 

 

 

 

 

 2023 5 01 181/ШШ2023/01312

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ......... оршин суух, С.Б /Регистрийн дугаар:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................байранд байрлах, НЕБХЕС ТБАГУТҮГ /РД:.../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Б нь НЕБХЕСТБАГУТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч С.Б миний бие тус сургуульд 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүмүүжүүлэгч багшаар ажилд орсон бөгөөд хэвийн ажиллаж байтал 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үндэслэлгүйгээр ажлаас халагдаж шүүхээр явсны эцэст ялаад 2020 оны 1 дүгээр сард ажилдаа эргэж орсон. Энэ үед тухайн захирал менежер байсан ч гэсэн тухайн үеийн захиралтай найз байсан бөгөөд түүний захиалгаар ажлаасаа халагдсан гэж би өөрөө үздэг болно. Ингээд ажиллаж байгаад 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс зураг технологийн багшаар ажилд орсон бөгөөд ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй.  Хэвийн байтал өмнө нь захирлаар ажиллаж байгаад авлигын хэргээр ажлаасаа халагдсан Д.Оюунсувд гэнэт коридорт тааран хүрч ирээд "Чи сургуулийн тоног төхөөрөмж хувьдаа завшсан байна" гэж гүтгэн загнахаар нь "Би тэрийг чинь зараад танхимаа тохижуулах хөрөнгө гаргасан. Акт падаан нь байгаа өмнөх удирдлага хий гээд түүний заавраар хийсэн, сайн дураараа хийгээгүй шүү гэхэд тэрээр ажлаас чинь хална зайл гэж сүрдүүлсэн. Цаашлаад ажлаа хийгээд явж байхад 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хичээлийн цагаар гэнэт намайг ажлаас халах гэж зохион байгуулалттай хуралд дуудаж оруулсан байдаг. Энэ хурлаар удирдах зөвлөлийн гишүүд "Энэ удаа ядахдаа 20% авъя, ажлаас халахгүйгээр" гэсэн боловч захирал энэ хүнийг заавал хална гэсэн. Энэ үед би хүлээн зөвшөөрөлгүй "Та нар өөрөөсөө 2 сая гаран төгрөг оруулаад анги танхим тохижуулаад байхад тэр мөнгийг нь өгөхийн оронд арга хэмжээ аваад хална гээд байхдаа яадаг юм бэ би хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд хандаж оруулсан мөнгөө авна шүү гэж хэлээд гарсан. Өмнөх удирдлага намайг анги танхимаа тохижуул гээгүй бол би юу гэж мөнгө гаргаад тохижуулж байх вэ, хэзээ захирал ангиа тохижуул гэж тушаал шийдвэр гаргадаг байсан юм. Дандаа л амараа шийдвэр гаргадаг. Түүнийг нь биелүүлээд явдаг. Харин мөнгөө өгөх болохоороо өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Энэ бол засварт орсон мөнгийг өгөхгүй байх санаа агуулсан зохион байгуулалттай үйл явдал болсон гэж миний бие үзэж байна. Мөн манай байгууллага дээр Хөдөлмөрийн тухай хулийн156 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй, мөн тус хуулийн 158.2-д "Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2.-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ. 158.2.2-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан" гэж заасны дагуу шууд шүүхэд хандаж гомдол гаргаж байна.

Тушаалд удаа дараа хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэж бичсэн байдаг. Хариуцагчаас тушаалд ажил тасалсан, актлагдсан хөрөнгийг дур мэдэн зарцуулсан гэсэн хоёр зөрчлийг тайлбарладаг. Гэтэл хариуцагч байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан зүйл байхгүй, 700.000 төгрөгний хохирол учирсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Түүнчлэн уг асуудлыг эрүүгийн журмаар цагдаагийн байгууллагаас шалгаад хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан хэрэгт авагдсан байгаа. Мөн ажил тасалсан гэж байгаа ч ямар баримтаар ажил тасалсан гэж тайлбарлаж байгаа нь тодорхойгүй. Хэрэгт баримтаар авагдсан жижүүрийн цагийн бүртгэлийг нэг хүн хөтөлсөн байх тул уг баримтаар ажил тасалсан нь тогтоогдохгүй. Мөн журмаар жижүүр цагийн бүртгэлийг хөтлөх эрх үүрэг алга. Цалингийн баримтаас харахаар нэг өдрийн л цалин хасагдснаас бусдаар нэхэмжлэгчийн цалин хөлсийг ажилласан хугацаанд нь тооцож олгосон харагддаг.

Иймд тушаал хууль зүйн үндэслэлгүй тул урьд эрхэлж байсан зураг технологийн багшийн ажилд эгүүлэн томилж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нэг сарын дундаж цалин хөлс 1.559.641 төгрөг, нэг өдрийнх 70.892 төгрөг байх тул ажлаас халагдсан 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 263 хоногт, нийт 18.148.352 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: С.Бат-Эрдэнийг Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/59 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Энэ тушаал Хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.3, 5.5, 5.7-р заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалт, сургуулийн захиргааны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл, Өмч хамгаалах зөвлөлийн хурлын тэмдэглэл, цагийн бүртгэл зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

Түүний гаргасан зөрчлийг 2 удаагийн захиргааны зөвлөлийн хурлаар яригдсан тогтоогдсон. Өмч хамгаалах зөвлөлийн хурлын тэмдэглэл хэрэгт баримтаар авагдсан байгаа.

 

Эхний зөрчилд сургуулийн өмч хөрөнгийг зөвшөөрөлгүй зарсан асуудал байгаа. Хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэл болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Мөн нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг эрүүгийн журмаар шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн явдал нэхэмжлэгчийг зөвшөөрөлгүйгээр актлагдсан хөрөнгийг зарсан үйлдлийг зөвтгөхгүй. Дараагийн асуудал ажил тасалсан. Багшийн өдөр тутмын хичээлийг сургуулиас өгсөн дэвтэрт бүртгэдэг. Гэтэл нэхэмжлэгч тухайн дэвтрийг хөтөлдөггүй, харин өөрөө хувийн журнал хөтөлдөг гэж тайлбарлаж байна. Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоног ажил тасалсан бол ажлаас чөлөөлөхөөр Хөдөлмөрийн дотоод журамд заасан байгаа. Дээрх үндэслэлээр чөлөөлсөн байгаа. Хэрэгт баримтаар ажлын цаг бүртгэсэн баримтыг өгсөн. Уг баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй. Нэхэмжлэгчийн цалинг бүтэн олгосон гэж тайлбарлаж байгаа ч гэрчүүд энэ талаар мэдүүлсэн. Иймд тушаал хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/259 тоот тушаал, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2021/23 тоот Хөдөлмөрийн гэрээ, тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01969 дүгээр шийдвэр, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ГХ2019/00956 тоот гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2022/15666 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/1191 тоот хариу, Тод дэлгэц ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тайлбар, цалингийн мэдээлэл, гэрэл зургууд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1026 дугаар шийтгэх тогтоол, өөрийн хөтөлсөн хувийн ногоон өнгийн Дунд ангийн журнал зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 1-17, 37, 86, 186-208/

Хариуцагчаас баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Монгол Улсын Боловсролын сайдын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/19 тоот тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Захиргааны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэл, Багш, ажилчдын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр хурлын тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн сургуулийн өмч хамгаалах зөвлөлийн тэмдэглэл, Хөдөлмөрийн дотоод журам, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/02 тоот Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, захирлын дэргэдэх зөвлөлийн ажиллах журам, сургуулийн жижүүрийн журам, 2021-2022 оны хичээлийн жилийн 6-12 дугаар ангийн багшийн журнал, Тус сургуулийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаас шинэчилэн баталсан Хөдөлмөрийн дотоод журам, урамшуулал, тэтгэмж, тусламж олгох журам, жижүүр багшийн ажиллах журам, захирлын дэргэдэх зөвлөлийн ажиллах журам, жижүрийн ажиллах журам, багшийн албан тушаалын тодорхойлолт, тус сургуулийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/100 тоот тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/89 тоот тушаал, Нэхэмжлэгчийн захиргаанд гаргасан 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хүсэлт, Сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/60 тоот тушаал, сургуулийн өмч хамгаалах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл, зарлагын баримтууд, ажиллагсдын хэрэглэж байгаа тавилга, эд хогшлын бүртгэл, 2022 оны 2-5 дугаар сарын цагийн бүртгэл, Т.Мөнхбатын бичсэн тодорхойлолт, Захирлын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/66 тоот тушаал,

Сайдын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/07 тоот тушаал зэргийг баримтаар ирүүлжээ.  /хх 24, 87-181, 184-185/

Шүүхийн журмаар: хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2023/04849 дүгээр шүүгчийн захирамжаар шүүхийн тамгын газраас нэхэмжлэлийг буцаасан тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2022/15666 дугаар шүүгчийн захирамжтай хэргээс ирүүлсэн баримтууд /үүнд шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжууд, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гэрч Г.Амарсанаа, Т.Ундрал, Л.Мөнхгэрэл нарын мэдүүлэг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрч С.Батмягмарын мэдүүлэг зэрэг/

тус шүүхийн 2023 оны 181/ШЗ2023/05031 дүгээр шүүгчийн захирамжаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ирүүлсэн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1777 тоот хариу, хариуцагчаас ирүүлсэн цалингийн тооцоо,

хариуцагч талын хүсэлтээр Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулиас ирүүлсэн 2022 оны Б/71 тоот, 2023 оны Б/50 тоот тушаалууд, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 311 тоот хариу зэргийг бүрдүүлжээ. /1хх 43-82, 222-230/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч С.Б нь НЕБХЕСТБАГУТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18.148.352 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шаардах эрхийн үндэслэлээ: ноцтой болон давтан зөрчил гаргаагүй, хөрөнгө завшсан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж үндэслэлгүй болохыг тогтоосон, ажлын цагийг жижүүр бүртгэхгүй, ажил олгогч зөрчил гаргасан болохыг баримтаар нотлоогүй тул тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлав.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэгч сургуулийн өмч хөрөнгийг дур мэдэн зарсан, гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн явдал зохих зөвшөөрөлгүй сургуулийн хөрөнгийг дур мэдэн зарсан асуудлыг зөвтгөхгүй, мөн удаа дараа ажил тасалсан нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан гэрээг захиргааны санаачилгаар цуцласан гэв. 

4.хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нийслэлийн ерөнхий боловсролын хорин ес дүгээр сургуулийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/100 тоот тушаалаар С.Бат-Эрдэнийг зураг технологийн багшаар томилсон, улмаар талууд мөн өдрөө 2021/23 тоот Хөдөлмөрийн гэрээг байгуулж талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэнд маргаагүй. /хх 3, 6-8/

4.2.Тус сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/59 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1.1, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.3, 123.2.5, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, 12.3.2, 12.3.3 дах заалтуудыг баримтлан удаа дараа хөдөлмөрийн гэрээ зөрчсөн үндэслэлээр түүнтэй байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар мөн өдрөөс цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /1хх 5/

Хариуцагч тушаалын үндэслэлд сургуулийн хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр зарцуулсан, удаа дараа хичээл тасалсан хоёр зөрчил хамаарна, уг хоёр зөрчил ноцтой зөрчил-д хамаарна гэж тайлбарласан.

5.Хэрэгт баримтаар авагдсан тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлд хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн багш, ажилтанд хүлээлгэх хариуцлагыг заажээ. Тушаалд баримталсан Хөдөлмөрийн дотоод журмын 12.1-д ..багш ажилтанд Хөдөлмөрийн тухай хууль, сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн сахилгын шийтгэлийг сонгож ногдуулахаар заажээ. Мөн журын 12.3-т ноцтой зөрчилд тооцох зөрчлүүдийг нэрлэн зааснаас 12.3.2-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан мөнгө, эд зүйлийг хувьдаа завших, ашиглах, зарцуулалтын тухай мэдээ, тайланг санаатайгаар буруу гаргах, будлиантуулах, зохи журмын дагуу хадгалахгүй, зарцуулалтад хяналт тавихгүй байх зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан, байгууллагад хохирол учруулсан үйлдэл гаргасан бол гэж, 12.3.3-т багш, ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгэр дараалан 3 ба түүнэс дээш өдөр, нэг жилийн дотор нийлбэрээрээ 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ноцтой зөрчилд хамаарахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр3 ба түүнээс дээш өдрөөр болон 3 өдрийн цагтай тэнцэхүйц хугацаагаар хоцорсон, тасалсан бол, мөн 5.7-д өмч хөрөнгө болон санхүүгийн ноцтой хохирол учруулсан бол ноцтой зөрчилд тооцохоор тусгажээ.

5.1.Хариуцагчаас сургуулийн актлагдсан хөрөнгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн захиран зарцуулсан, холбогдох баримтыг захиргаанд өгөөгүй гэж, харин нэхэмжлэгчээс өмч хамгаалах зөвлөлийн зөвшөөрлөөр актлагдсан байсан ашигладаггүй нэр бүхий хөрөнгийг бусдад шилжүүлж тухайн мөнгөн дээр өөрөөс нэмж анги танхимаа тохижуулсан гэж тайлбарлав.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч сургуулийн захиргаанд 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээж авсан анги танхимд засвар хийх шаардлагатай, ангид байгаа актлагдсан багажуудыг зарах боломжтойг зарах үлдэх хэсгийг төмөрт тушаах замаар төсөв босгоод засвар хийх тухай хүсэлтийг гаргасан, улмаар сургуулийн өмч хамгаалах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар ашиглах боломжгүй эд зүйлсийг тулгалт хийж цэгцлэх талаар хэлэлцжээ.

Хариуцагч байгууллагаас С.Бат-Эрдэнийг өөрийн ангид байсан актлагдсан нэр бүхий хөрөнгийг ачиж авч яваад зарж борлуулсан гэх боловч мөнгийг сургуулийн дансанд тушаагаагүй хувьдаа завшсан асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан, тухайн асуудлыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1487 дугаар прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. Уг тогтоолд: технологийн багш С.Б актлагдсан тоног төхөөрөмжийг сургуулийн санхүүгийн албаар дамжуулахгүйгээр өөрөө дур мэдэн Тод дэлгэц ХХК-д 700.000 төгрөгөөр худалдан борлуулж технологийн кабинетыг тохижуулсан болох нь тогтоогдсон, сургуулийн эд хөрөнгийг хувьдаа завшсан гэж үзэх үндэслэлгүй тухай дурджээ. Түүнээс гадна хэрэгт баримтаар авагдсан гэрч Т.Ундрал, Л.Мөнхгэрэл, С.Батмягмар нараас ангид засварыг С.Б багш хийсэн, сургуулиас мөнгө гаргаагүй талаар мэдүүлсэн тул шүүх талуудын хоорондох гэрээний 5.7-д заасан өмч хөрөнгө болон санхүүгийн ноцтой хохирол учруулсан, Хөдөлмөрийн дотоод журмын 12.3.2-т заасан мөнгө эд зүйлийг хувьдаа завших, ашиглах зэргээр байгууллагад хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй гэж үзэв.

5.2.Удаа дараа ажил тасалсан зөрчлийн тухайд:

Хариуцагч талаас баримтаар 2022 оны 2, 3, 4, 5 дугаар сарын цагийн бүртгэлээс нэхэмжлэгчид холбогдох хэсгийг баримтаар ирүүлсэн. Дээрх цагийн бүртгэлд нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийг 2022 оны 2 дугаар сард 11, 17-ны өдөр ажил тасалсан гэж, 3 дугаар сард 3, 4, 16, 18, 30-ны өдрүүдэд ажил тасалсан гэж, 4 дүгээр сард 5, 6, 8, 14-ний өдрүүдэд ажил тасалсан гэж, 5 дугаар сард 6-нд тасалсан гэж тус тус бүртгэжээ.

Нэхэмжлэгч цагийн бүртгэлийг жижүүр хийх ёсгүй, нэг хүний бүртгэсэн бүртгэл тул зөвшөөрөхгүй, түүнчлэн цалин хөлсийг олгохдоо цагийн бүртгэлийг бүрнээр тооцож хөлсийг олгосон гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан тус сургуулийн жижүүрийн ажиллах журмын 2.9-д хичээлийн болон дотуур байранд орж, гарч байгаа гадны хүмүүст хяналт тавих ба гадагш гаргаж байгаа, дотогш оруулж байгаа эд зүйлийг хянана... гэж заасан байна.

Нэхэмжлэгчээс баримтаар ирүүлсэн 2021-2022 оны хичээлийн жилийн ногоон өнгийн өөрийн хувийн журналын тэмдэглэлд 2022 оны 4 дүгээр сарын дээрх өдрүүдэд хичээл орсон тухай тэмдэглэгээ огт алга байна. Өөрөөр хэлбэл тухайн дэвтэрт 8в ангид 2022 оны 4 дүгээр сарын 11, 13, 15, 18, 20, 22, 25, 27, 29-д хичээл орсон талаар тэмдэглэгдсэн, 7а ангид 2022 оны 4 дүгээр сарын 11, 15, 18, 22, 25, 29-нд хичээл орсон гэж, 8а ангид 4 дүгээр сарын 12, 13, 19, 20, 21, 26, 27, 28-нд хичээл орсон гэж, 6б ангид 4 дүгээр сарын 13, 20, 27-нд орсон гэж, 6г ангид 4 дүгээр сарын 13,15, 20, 22, 27, 29-нд орсон гэж тэмдэглэсэн байна.

Түүнчлэн гэрч Г.Амарсанаа нэхэмжлэгчийн өмнөөс хичээл олон удаа орсон, хуваарийн дагуу долоо хоногт 27 цаг орох ёстой байтал 33, 35 цаг ороод байхаар нь хичээлийн хуваариа эцэслэн батлахыг менежерт хэлсэн. Намайг орсон цагаа тэмдэглээд бай гэсний дагуу тэмдэглэж эхэлсэн, Миний тэмдэглэснээр нэг долоо хоногт 10 цаг, нэг долоо хоногт 6 цаг гэх мэтээр би С.Б багшийн орох ёстой хичээлийг түүний өмнөөс орсон, миний тэмдэглэснээр түүний өмнөөс би 56 цаг хичээл нөхөн орсон, бас багш н.Гансүх ээлжилж нөхөн орж байсан, С.Б багшийн ороогүй цагийг цалингаас нь хасч өгнө гэсэн боловч өгөөгүй, Би энэ талаар 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн захирлын дэргэдэх өргөтгөсөн хуралдаанд хэлсэн гэж, гэрч С.Батмягмар ажил тасалсан тухай яригдаж байсан, Энэ асуудлыг захирлын зөвлөлийн хурлаар ч хэлэлцэж байсан. Би өөрөө болон хариуцсан менежер ч түүнд сануулж байсан гэж, гэрч Т.Ундрал жижүүрүүд бол ирсэн цагийн бүртгэл хийнэ. Хариуцсан менежер бол хичээл орсон эсэхийг бүртгэл хөтөлнө, хичээлийн жил эхэлсний дараа 9 билүү 10 сард бол хичээл орохгүй байгаа талаар яригдсан гэж мэдүүлсэн. Түүнчлэн цалин хөлс олгосон бүртгэлд бүх ажилтнуудыг бүтэн цаг ажилласнаар тооцож хөлсийг олгосон баримтыг хариуцагчаас шүүхэд баримтаар ирүүлсэн, гэрч Т.Ундрал мэдүүлэхдээ бүтэн ажилласнаар бүртгэл орж ирж цалингаа авч байсан талаар мэдүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн дээрх тайлбарууд үндэслэлгүй.

Тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журам болон талуудын хоорондох хөдөлмөрийн гэрээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрөөр болон 3 өдрийн цагтай тэнцэхүйц хугацаагаар тасалсан, хоцорсон бол ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар гэрээг дуусгавар болгохоор тусгагдсан, хэргийн баримтаар нэхэмжлэгч ажил тасалсан үйл баримт тогтоогдсон тул 2022 оны Б/59 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцнэ.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.    

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

   1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар НЕБХЕСТБАГУТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18.148.352 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдсугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ОДГЭРЭЛ