Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01408

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  07  19  210/МА2023/01408

 

 

С.*******-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/01312 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.*******-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн ******* ******* ******* ******* ******* ТБАГУТҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч С.*******-******* нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс зураг технологийн багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй.

1.2. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хичээлийн цагаар гэнэт намайг ажлаас халах гэж зохион байгуулалттай хуралд дуудаж оруулсан. Энэ хурлаар Захиргааны зөвлөлийн гишүүд Энэ удаа ажлаас халахгүйгээр ядахдаа 20% авъя гэсэн боловч захирал заавал хална гэсэн. Би Та нар өөрөөсөө 2 сая гаран төгрөг оруулаад анги танхим тохижуулаад байхад тэр мөнгийг өгөхийн оронд арга хэмжээ аваад хална гэснийг би хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд гарсан. Энэ үйлдэл нь засварт орсон мөнгийг өгөхгүй байх санаа агуулсан зохион байгуулалттай үйл явдал болсон гэж үзэж байна.

1.3. Ажлаас халсан тушаалд удаа дараа хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэж бичсэн байдаг. Хариуцагчаас актлагдсан хөрөнгийг дур мэдэн зарцуулсан, ажил тасалсан гэсэн 2 зөрчлийг тайлбарладаг. Гэтэл байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан зүйл байхгүй, хохирол учирсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Түүнчлэн уг асуудлыг эрүүгийн журмаар цагдаагийн байгууллагаас шалгаад хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан нь хэрэгт авагдсан байгаа.

1.4. Мөн ажил тасалсан гэж байгаа ч ямар баримтаар ийнхүү тайлбарлаж байгаа нь тодорхойгүй. Хэрэгт авагдсан жижүүрийн цагийн бүртгэлийг нэг хүн хөтөлсөн байх тул уг баримтаар ажил тасалсан нь тогтоогдохгүй. Дотоод журамд жижүүр цагийн бүртгэлийг хөтлөх эрх үүрэг байхгүй. Цалингийн баримтаас харахаар нэг өдрийн л цалин хассанаас бусдаар нэхэмжлэгчийн цалин хөлсийг ажилласан хугацаанд нь тооцож олгосон.

1.5. Манай байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй тул хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд хандаж гомдол гаргасан.

Иймд ажлаас үндэслэлгүй халсан тул урьд эрхэлж байсан зураг технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс шүүх хуралдаан хүртэл 263 хоногийн олговорт дундаж цалин хөлс нэг сарын 1,559,641 төгрөг, нэг өдрийн 70,892 төгрөгөөр тооцон 18,148,352 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. С.*******-Эрдэнийг Нийслэлийн ******* ******* ******* ******* сургуулийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/59 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Энэ тушаал Хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.3, 5.5, 5.7 дахь заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалт, сургуулийн Захиргааны зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл, Өмч хамгаалах зөвлөлийн хурлын тэмдэглэл, цагийн бүртгэл зэргийг үндэслэсэн.

2.2. Түүний гаргасан зөрчлийг 2 удаагийн Захиргааны зөвлөлийн хурлаар ярьж тогтоосон. Сургуулийн өмч хөрөнгийг зөвшөөрөлгүй зарсан асуудал нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг эрүүгийн журмаар шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн явдал нэхэмжлэгчийг зөвшөөрөлгүйгээр актлагдсан хөрөнгийг зарсан үйлдлийг зөвтгөхгүй.

2.3. Багшийн өдөр тутмын хичээлийг сургуулиас өгсөн дэвтэрт бүртгэдэг. Гэтэл нэхэмжлэгч тухайн дэвтрийг хөтөлдөггүй, харин өөрөө хувийн журнал хөтөлдөг гэж тайлбарлаж байна. Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоног ажил тасалсан бол ажлаас чөлөөлөхөөр Хөдөлмөрийн дотоод журамд заасан. Хэрэгт ажлын цаг бүртгэсэн бүртгэлийг нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэгчийн цалинг бүтэн олгосон гэж тайлбарлаж байгаа ч гэрчүүд энэ талаар мэдүүлсэн. Иймд тушаал хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Нийслэлийн ******* ******* ******* ******* ******* ТБАГУТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18,148,352 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч С.*******-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс тушаалын үндэслэл болгосон сургуулийн мөнгө, эд зүйлийг хувьдаа завших ашиглах зэргээр байгууллагад хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй, харин удаа дараа ажил тасалсан зөрчил гаргасан гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагч тал тушаалын үндэслэлээ сургуулийн хөрөнгийг зөвшөөрөлгүй зарцуулсан, удаа дараа хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэж тайлбарласан байхад шүүхээс удаа дараа гэдгийг ямар хуулийн ойлголтоор ойлгож байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл удаа дараа ажил тасалсан, ажил тасалсан гэдэг нь жижүүрийн дэвтрээр нотлогдож байна гэсэн, хариуцагчийн гаргаж өгсөн жижүүрийн дэвтрийн бүртгэл гэх баримт нь хэн гэдэг жижүүр, ямар ээлжээр гардаг, хэдэн багшийг бүртгэдэг, хэзээнээс хэдий хугацааны цагийн бүртгэлийг бүртгэсэн эсэх нь тодорхойгүй, нэг өнгийн балаар нөхөж бичсэн, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлсэн, мөн сургуулийн жижүүр нь багш нарын цагийг бүртгэхгүй, багшийн ажлын цагийг бүртгэх журмаар сургуулийн менежер бүртгэхээр тодорхой заасан байхад шүүгч хэрэгт цугларсан баримтаас тухайн хэрэгт ач холбогдолтой баримтыг үнэлэхгүйгээр баримтын шаардлага хангахгүй, ач холбогдолгүй баримтыг үнэлж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

4.2. Нэхэмжлэгч С.*******-******* нь ажлаа таслаагүй, цалин бүтэн орсон, цалингийн хуулгаар нотлогдож байгаа, ажлын цагийн бүртгэлийг нэхэмжлэгч талаас хүсэлт тавьж, шүүгчийн захирамжаар нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлсэн, энэ баримтыг шүүгч үнэлээгүй, ажлаа тасалсан хүнд цалин бүтэн орох боломжгүй, мөн сургалтын менежер багш нарын цагийн бүртгэлийн тооцоог бодоод нягтлан болон тухайн багш нар руу нь мэйл хаягаар явуулсан цагийн бүртгэлээр ажил таслаагүй гэдэг нь нотлогдон тогтоогдож байгаа.

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан 2 гэрчийн нэг нь ... С.*******- ******* хичээлээ ороогүй гэж, нөгөө нь ... хичээл бүрэн орж байсан ажлаа таслаагүй гэж мэдүүлсэн байхад шүүхээс нэг гэрчийн мэдүүлгийг нь үнэлж, шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн атлаа нөгөө гэрчийн мэдүүлгийг яагаад үнэлэхгүй байгаа талаар бичээгүй. Хэрэгт ач холбогдолтой үнэн зөв баримтыг хэргийн бодит байдалд нийцүүлээгүй шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч С.*******-******* нь хариуцагч Нийслэлийн ******* ******* ******* ******* ******* ТБАГУТҮГ-т холбогдуулан зураг технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. С.*******-******* нь Нийслэлийн ******* ******* ******* ******* сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар зураг технологийн багшаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан талаар зохигчид маргаагүй.

4. Хариуцагч байгууллагын захирлын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/59 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1.1, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.3, 123.2.5, Бага, дунд ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, 12.3.2, 12.3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн С.*******-******* нь удаа дараа хөдөлмөрийн гэрээ зөрчсөн үндэслэлээр түүнийг технологийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

Хариуцагч нь дээрх тушаалд заасан удаа дараа хөдөлмөрийн гэрээ зөрчсөн үндэслэлээ ... нэхэмжлэгч сургуулийн өмч хөрөнгийг зөвшөөрөлгүй зарсан, 2022 оны 04, 05 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, хөдөлмөрийн гэрээний 5.3, 5.5, 5.7-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой 2 зөрчил гаргасан гэж тайлбарлажээ.

Ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн дагуу Эд хөрөнгийн хохирол нөхөн төлүүлэх, 12.1.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, 12.3.2-т Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан мөнгө, эд зүйлийг хувьдаа завших, ашиглах, зарцуулалтын тухай мэдээ, тайланг санаатайгаар буруу гаргах, будлиантуулах, зохих журмын дагуу хадгалахгүй, зарцуулалтад хяналт тавихгүй байх зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан, байгууллагад хохирол учруулсан үйлдэл гаргасан нь тогтоогдсон, 12.3.3-т Багш, ажилчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 3 ба түүнээс дээш өдөр, нэг жилийн дотор нийлбэрээрээ 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэж тус тус заажээ.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрөөр болон 3 өдрийн цагтай тэнцэхүйц хугацаагаар хоцорсон, тасалсан, 5.5-д сургуулийн дотоод журмын 14.2.1-14.2.5, 14.3.1, 14.3.2, 14.3.10, 14.3.12-д байгаа заалтуудыг зөрчсөн, мөн 5.7-д өмч хөрөнгө болон санхүүгийн ноцтой хохирол учруулсан-ыг тус тус хөдөлмөрийн гэрээг цуцлах зөрчилд тооцохоор тусгажээ.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийг өмч хөрөнгө болон санхүүгийн ноцтой хохирол учруулсан зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5.1. Нэхэмжлэгч С.*******-******* нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр сургуулийн захиргаанд өргөдөл гаргаж, ангид байгаа актлагдсан багажуудыг зарах боломжтойг зарж, үлдсэнийг төмөрт тушаах замаар төсөв босгоод ангийг султгаж засвар хийх тухай санал гаргасан, улмаар хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/60 дугаар тушаалаар Өмч хамгаалах байнгын зөвлөлийг шинэчлэн байгуулж, тус зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар С.*******-Эрдэнийн саналыг хэлэлцээд эвдэрсэн эд хөрөнгийг бүртгэж, засах боломжтойг засаж, боломжгүйг ашиглалтын хугацааг шалгаж зохих журмын дагуу акталж эд хөрөнгөөс хасалт хийхээр шийдвэрлэжээ.

5.2. Тухайн цаг хугацаанд сургуулийн захирлын албан тушаалыг хавсарч ажилласан Т.*******ын гэрчийн мэдүүлэгт ... С.*******-******* багш танхимдаа байсан шаардлагагүй тоног төхөөрөмжийг акталж өгөөч гэсэн хүсэлт өгсөн, захирлын дэргэдэх зөвлөл хуралдаад нягтлан бодогч Л.Мөнхгэрэлээс санхүүгийн хувьд боломжгүй, харин актлагдсан хөрөнгийг зарж борлуулаад анги танхим засварлахад болохгүй юм байхгүй. Өмч хамгаалах зөвлөлд хариуцуулаад асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн. Дотоод хяналтын ажилтан С.*******мягмарыг даргаар томилж ажлын хэсэг байгуулсан. Холбогдох дүрэм журмыг сайн судлаад боломжтой бол зарж борлуулаад засвар хийж болно гэж яригдсан ... Нягтлан актлагдсан үнийн 70 хувиас багагүй үнээр зарж болох юм байна гэж хэлсэн. С.*******-******* багшаас асуухад 700 орчим мянган төгрөгөөр зарсан гэж хэлсэн,

Өмч хамгаалах зөвлөлийн ахлагч С.*******мягмарын гэрчийн мэдүүлэгт ... зөвлөлөөс ангид засвар хийх нь зүйтэй, хөрөнгө актлагдсан гэдгийг шалгасан, ... С.*******-******* багш ангидаа засвар хийсэн,

нягтлан бодогч Л.Мөнхгэрэлийн гэрчийн мэдүүлэгт ... хөрөнгийг актлах зөвшөөрөл 2018 оны 10 дугаар сард ирсэн. 2018 оны 12 дугаар сарын жилийн эцсийн тооллогоор данснаас хасалт хийж бичсэн ... Тухайн үед комисс зарж борлуулаад тэр мөнгөөр засвар хийхээр төлөвлөсөн байсан. Надад амаар 700,000 орчим төгрөг болсон гэж хэлсэн ... Сургуульд засвар хийсэн, байгууллагаас мөнгө гаргаагүй гэжээ.

5.3.  ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0/26 дугаар тодорхойлолтод 29-р сургуулийн багш С.*******-*******тэй 2021 оны 11 сарын 28-ны өдөр сургуулиас томилогдсон комиссын шийдвэрийг үндэслэж актлагдсан тоног төхөөрөмжийн бартерт 1 толь 200,000 төгрөг, бэлэн мөнгө 100,000 төгрөг, дансаар 400,000 төгрөг шилжүүлж, нийт 700,000 төгрөгөөр худалдан авч 2 ш мотор салган авч засварлан зарсан бусад зүйлийг төмөрт тушаасан гэжээ.

5.4. Хариуцагч нь С.*******-******* актлагдсан хөрөнгийг зарж борлуулсан гэх боловч мөнгийг сургуулийн дансанд тушаагаагүй хувьдаа завшсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан боловч уг асуудлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1487 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.

Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийг өмч хөрөнгө болон санхүүгийн ноцтой хохирол учруулсан зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлтэй байх ба ийнхүү дүгнэсэнд хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй болно.

6. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан аваад шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч 2 өдрийн ажлын 8 цаг ажил тасалсан ... ажил тасалсан асуудал дээр 4, 5 дугаар сарын цагийн бүртгэл байна. 4, 5 дугаар сард С.*******-******* тасалсан гэж байна. 2 өдөр 16 цаг гэж гаргасан гэж тайлбарласан бол нэхэмжлэгч нь 04 дүгээр сард ажил таслаагүй, 05 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа очоогүй гэж маргажээ.

6.1. Хариуцагч байгууллагын Захиргааны зөвлөлийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар тэмдэглэлд багш С.*******-Эрдэнийн талаар хэлэлцэж, түүнийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Уг хуралд захирал Д.Оюунсувд нь С.*******-******* хүндэтгэн үзэх шалтгаангүй 2 хоног, 16 цаг ажил тасалсан гэж танилцуулжээ.

6.2. Хариуцагч нь сургуулийн жижүүрийн хөтөлсөн цагийн бүртгэлийн дэвтрийн нэхэмжлэгчид холбоотой гэх хэсгийг хуулбарлаж ирүүлсэн байх ба хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам, Багш ажилтанд шагнал, урамшуулал, тэтгэмж, тусламж олгох журам, Захирлын дэргэдэх зөвлөлийн ажиллах журам, Жижүүрийн ажиллах журам, Жижүүр багшийн ажиллах журам тус тус авагджээ. Хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т зааснаар багш, ажилтан нь ажилдаа ирэх, тарахдаа тогтоосон журмын дагуу бүртгүүлэх ба Жижүүр багшийн ажиллах журамд заасан жижүүр багшийн хүлээх үүргийн 2-т багш, сурагчдын ирцийг шалган дүгнэж, ирцийн мэдээг сургалтын менежерт нэгтгэн танилцуулахаар заажээ. Харин Жижүүрийн ажиллах журамд жижүүр нь багш, ажилтны цагийн бүртгэлийг хөтлөх талаар тусгагдаагүй байна.

6.2.а. Хариуцагч талаас ирүүлсэн хэргийн 1 дэх хавтсын 173 дахь талд авагдсан нэхэмжлэгчийн нэр бүхий 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэсэн огноотой бүртгэлд 06-ны өдөр тасалсан гэж бичигджээ. Уг өдөр нэхэмжлэгч ажилдаа ирээгүйг үгүйсгээгүй.

6.2.б. Харин хэргийн 171 дэх талд авагдсан бүртгэлд он, сар, өдөр гэсэн хэсгийг бөглөөгүй, хоосон орхисон байх ба үүнийг өмнөх талд нь авагдсан цагийн бүртгэл 4-сар 2022 он гэсэн нүүр хэсэгт холбоотой гэж шууд үнэлэх боломжгүй. Үүнээс гадна уг баримтад 05, 06, 08, 14-ний өдрүүдэд тасалсан гэсэн нь хариуцагчийн татгалзлаас зөрүүтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх ба цагийн бүртгэлийг жижүүр хөтлөх чиг үүрэг байгууллагын дотоод журмаар зохицуулагдаагүйгээс гадна хэзээ үйлдсэн нь тодорхойгүй эргэлзээтэй баримт байна.

6.3. Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарт хамаарахгүй цаг хугацааны үйл баримтын талаарх гэрч Г.Амарсанаа, С.*******мягмар, Т.******* нарын мэдүүлэг болон 2022 оны 02, 03 дугаар саруудын цагийн бүртгэлийг үнэлсэн нь нотлох баримт үнэлэх журам болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчимд нийцээгүй.

Дээр дурдсаныг дүгнэхэд, нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа ирээгүй болох нь тогтоогдсон, харин 2022 оны 04 дүгээр сард ажил тасалсан гэх байдал баримтаар тогтоогдоогүй тул түүнийг хөдөлмөрийн гэрээний 5.3-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрөөр болон 3 өдрийн цагтай тэнцэхүйц хугацаагаар хоцорсон, тасалсан зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй үндэслэлээр шүүхэд хандсаныг хариуцагч маргаагүй байна.

8. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан С.*******-Эрдэнийг Нийслэлийн ******* ******* ******* ******* ******* ТБАГУТҮГ-т зураг технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

9. Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал 11 сар 16 хоногийн хугацаанд Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэг сарын дундаж цалинг 1,559,641 (1,306,195+1,862,342+1,510,387=4,678,924:3) төгрөг, нэг өдрийн дундаж цалинг 77,982 (4,678,924:(17+22+21)) төгрөгөөр тус тус тооцон нийт 18,013,853 (1,559,641*11+77,982*11) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар энэ мөнгөн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/01312 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******-Эрдэнийг Нийслэлийн ******* ******* ******* ******* ******* ТБАГУТҮГ-ын зураг технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн ******* ******* ******* ******* ******* ТБАГУТҮГ-аас 18,013,853 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******-*******д олгож, нэхэмжлэгч С.*******-Эрдэнийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Нийслэлийн ******* ******* ******* ******* ******* ТБАГУТҮГ-д даалгасугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...дурдсугай гэснийг дурдаж, хариуцагч Нийслэлийн ******* ******* ******* ******* ******* ТБАГУТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 318,219 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА