Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0478

 

 

 

 

 

 

 

 

2023            05           30                                      128/ШШ2023/0478

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.С******* /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.М*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:  Д.Ц*******

Хариуцагч: С дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  П.Б

Нэхэмжлэлийн шаардлага: С дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 дугаар захирамжийн Р.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Иргэн Р.С*******гийн нэхэмжлэлтэй, С дүүргийн Засаг даргад холбогдох 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Р.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай газрын маргааныг хянан шийдвэрлэв.

 

2.Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1.С дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн A/48 дугаар захирамжаар иргэн Р.С*******д С дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Р өртөөний хойно жимс жимсгэнэ тариалах зориулалтаар 50,000 м.кв газар эзэмших эрхийг олгож, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 0005 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн 186 дугаарт бүртгэгдсэн газар эзэмшүүлэх гэрээг тус тус байгуулжээ.

2.2.С дүүргийн Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 дугаар захирамжаар газрын төлбөрийг хугацаанд бүрэн төлөөгүй, газар эзэмших гэрээний нөхцлийг удаа дараа зөрчсөн, тухайн газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр иргэн Р.С*******гийн эзэмшлийн С дүүргийн 21 дүгээр хороо Р өртөөний хойно жимс жимсгэнэ тариалах зориулалттай 50.000 м.кв талбайтай, 1801904682 нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

2.3.Р.С******* нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн A/727 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг 2022 оны 10 сарын 10-ны өдөр мэдсэн гэх ба тухайн захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийхгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэмээн маргасан.

2.4.Нэхэмжлэгч Р.С******* нь Нийслэлийн Засаг дарга Д.С*******т хандан 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 13-ны 01-08/6087 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр “таны гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” талаар хариу ирүүлжээ.

2.5.Тус шүүх Р.С*******гийн “С дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 дугаар захирамжийн Р******* овогтой С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр С дүүргийн Засаг даргад холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.С******* нь С дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/48 дугаар захирамжаар 50.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай С дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Р өртөөний хойно жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар газар эзэмших эрхийг авсан. С дүүргийн газрын албанаас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 0005 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн 186 дугаарт бүртгэгдсэн Газар эзэмшүүлэх гэрээг байгуулан, 2016 оны 01 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 4.710.439 /Дөрвөн сая долоон зуун арван мянган/ төгрөгийн газрын төлбөрийг төлсөн. Гэтэл С дүүргийн Газрын алба болон С дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. С дүүргийн Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааны мэдэгдлийг ирүүлээгүй. Тухайн газар дээрээ "Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны тайланг хийлгэхээр 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, С дүүргийн газрын алба ороход, тус газар эзэмших эрхийг хүчингүй болгуулсан захирамжийг дүүргийн газрын албаны газар зохион байгуулагч гардуулан өгснөөр мэдсэн юм. С дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 дугаар захирамжийн Р******* овогтой С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэсэн нь Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зааснаар хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Уг захиргааны акт нь иргэн миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т Сонсох ажиллагааг явуулахдаа "хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх, гэсэн заалтыг үндэслэсэн боловч Р.С******* надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй болно. Мөн 2018 оны намар М ТББ-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тухайн газартаа чацаргана, үхрийн нүд зэрэг мод тариулахаар гэрээ байгуулсан байсан.

Мөн 2018 онд “А” ХХК-иар мод үржүүлгийн талаар загвар зураг хийлгэсэн. 2020-2021 онд Ковид-19 цар тахлын хол хориотой байсны улмаас тухайн газар дээрээ нөхөн сэргээлт хийгээгүй ба Р.С******* жирэмсэн болж 2018,2022 онд төрөөд дараа нь хүндээр өвдөж гадаад, дотоодод эмчилгээ хийлгэсэн. Иймд иргэн миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон С дүүргийн 2021 оны А/727 дугаар захирамжийн Р.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  Иргэн Р.С******* нь С дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/48 дугаар захирамжаар 50,000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшихээр гэрээ байгуулж, хугацаа 2030 онд дуусгавар болох байсан. Гэтэл С дүүргийн Засаг дарга нь 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 дугаар захирамжаар Р.С*******д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон бөгөөд ингэхдээ хэд хэдэн хуулийн заалтуудыг үндэслэл болгосон. Нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “21-ээс дээш тооны этгээдэд хандаж захиргааны акт гаргаж байвал заавал мэдэгдэх ёстой” гэж заасныг биелүүлээгүй буюу шуудангаар мэдэгдээгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дэх заалтуудыг тус тус үндэслэж газрын төлбөрийг бүрэн төлөөгүй, нөгөө талаар газар эзэмших гэрээг удаа дараа зөрчсөн, тухайн газрыг 2 жил зориулалтын дагуу хэрэглээгүй гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Гэтэл Р.С******* нь газрын төлбөрийг бүрэн төлж, С дүүргийн сүүлд ирүүлсэн албан бичигт дурдсанаар 770,000 гаруй төгрөгийн илүү төлөлттэй байна гэж дурдсан байсан. Тиймээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо хууль зүйн үндэслэлгүй заалтыг баримталсан байна. Газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн гэж тайлбарласан бөгөөд энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ талаар хавтаст хэрэгт баримт материал авчирч өгөөгүй байх тул үгүйсгэгдэж байгаа юм. Мөн газрыг хоёр жил дараалан ашиглаагүй гэх асуудал дурдагдсан бөгөөд тухайн үед эрүүл мэндийн шалтгаантай байсан талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар өгсөн баримтад 2018 онд “А” ХХК гэх компаниар зураг төсөл хийлгэсэн байх бөгөөд төсөлд тусгагдсанаар жимс жимсгэнийн мод, шар хайлс захаараа хийхээр төлөвлөгдсөн байсан. Үүний дагуу Р.С******* нь хашаа барьж шар хайлснууд тарьсан. Иймд газрыг 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үйл баримт үгүйсгэгдэж байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газрыг анх А*******гийн Н*******д С дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 116 тоот захирамжаар нэгж талбарын 186 дугаар 50000  м.кв газрын 5 жилийн хугацаатай төмс хүнсний ногооны зориулалтаар олгож 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэнтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, 0216423 дугаар гэрчилгээ олгосон.

Р.Н******* нь 2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр С дүүргийн Өмч газрын харилцааны албанд хандан “Эзэмшиж, ашиглаж байгаа СХД-ийн 21 дүгээр хороо, .....газрын гэрчилгээний хугацаа дууссан  тул сунгаж, зориулалтыг өөрчилж өгнө үү.” гэх хүсэлт ирүүлж дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар “газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай А/136 дугаар захирамжаар нэгж талбарын 186 дугаар 50000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Р өртөөний хойно жимс жимсгэнэ зориулалтаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 000******* дугаар гэрчилгээ олгосон.

Иргэн Р.Н******* нь 2015 оны 01  дүгээр сарын 10-ны өдөр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ иргэн Р******* С*******д шилжүүлэхээр хүсэлт гаргаж дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн A/48 дугаар захирамжаар нэгж талбарын 186 дугаар 50000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Р өртөөнд жимс, жимсгэнийн зориулалтаар газар эзэмших эрх олгож, 0005 дугаар гэрчилгээ олгож, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн иргэнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

Р.С******* нь 2015 оноос хойш 8 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй учир Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар 27.2.2-т заасны дагуу Өглөөний сонины 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Лхагва гаргийн №217(3522) дугаарт зарлуулж сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд хариу тайлбар нотлох баримт ирүүлээгүй тул газар эзэмших эрхийг 2021 оны А/727 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. “Р.С*******гийн эрх хууль, ёсны эрх ашгийг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” хэмээсэн байна.

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч “Газар эзэмших гэрээний нөхцөлийг  зөрчөөгүй, тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрөө бүрэн төлсөн байхад мэдэгдэх, сонсох ажиллагаа хийхгүйгээр маргаан бүхий актыг гаргасан” гэж, хариуцагч “Р.С******* нь 2015 оноос хойш 8 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй учир Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар 27.2.2-т заасны дагуу Өглөөний сонины 2021 оны 11 сарын 10-ны өдрийн Лхагва гаргийн №217(3522) дугаарт зарлуулж сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд хариу тайлбар нотлох баримт ирүүлээгүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэж тус тус маргажээ.

3.Маргаан бүхий газрыг анх С дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн “Газар эзэмших гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/136 дугаар захирамжаар С дүүргийн 21-р хороо Р өртөөний хойно жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар 5000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар Р.Н*******д эзэмшүүлсэн байна.

4. С дүүргийн Засаг даргын 2015 оны 02 сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, зориулалт, байршил өөрчлөх тухай” A/48 дугаар захирамжаар иргэн Р.Н*******н хүсэлтээр нэгж талбарын 186 дугаар, 50000 м.кв газрыг Р өртөөнд жимс, жимсгэнийн зориулалтаар олгосон газрыг иргэн Р******* С*******гийн нэр дээр шилжүүлж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэжээ.

5.Дээрх захирамжийг үндэслэн С дүүргийн газрын албанаас нэхэмжлэгч Р.С*******д 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 0005 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.

6.Нэхэмжлэгч Р.С******* нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн газрын албаны дарга, газар зохион байгуулагч нартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” гэрээг 15 жилийн хугацаатай байгуулжээ.

7.Нэхэмжлэгч Р.С******* нь дээрх байдлаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлж байхад нь  маргаан бүхий С дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/727 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

8.Маргаан бүхий С дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 дугаар захирамжаар нэхэмжлэгч Р.С*******г газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа зөрчсөн гэх үндэслэлүүдээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

9.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Р.С******* нь маргаан бүхий газраа бүрэн хашаалсан, газрын зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах талаар “Мод үржүүлгийн газар”-ын зураг, төслийг мэргэжлийн компаниар хийж гүйцэтгүүлсэн, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны тайлан боловсруулах гэрээг байгуулсан, нэхэмжлэгч Р.С******* нь “М” ТББ-тай Чацарганын 20 ширхэг, Үхрийн нүдний 20 ширхэг мод тарих гэрээг байгуулж, 11 ширхэг модыг тарьж, суулгасан үйл баримт тогтоогдож байна.

10.Дээрх ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн болох нь шүүхээс хийсэн газрын үзлэг, холбогдох санхүүгийн баримтуудаар давхар нотлогдож байна.

11.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд дээрх нөхцөл байдал үүсээгүй дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.

12.Тодруулбал, нэхэмжлэгч Р.С******* нь маргаан бүхий газраа хашаалж, газрыг зориулалтын дагуу ашиглах үүднээс тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн байхад зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

13.С дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 20/516 дугаар албан бичигт;“Иргэн Р.С******* (*******)-д дүүргийн Засаг даргын 2015 оны А/48 дугаар захирамжаар тус дүүргийн 21 дүгээр хороо, Р өртөөнд жимс, жимсгэнийн зориулалтаар 5 га газрыг эзэмшүүлсэн байна.

Тус нэгж талбарт 2015 оноос 2023 оныг дуустал газрын төлбөр 3,934,419 төгрөг төлөхөөс 4,711,167 төгрөгийг төлж 776,748 төгрөгийн илүү төлөлттэй байна. ...” гэжээ.

14.Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.“эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

15.Учир нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдгийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч нь газрын төлбөрөө илүү төлсөн байх тул дээрх хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр мөн үндэслэлгүй байна гэж үзэв.

16.Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.“эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” гэж заасан хуулийн үндэслэлтэй холбоотой тайлбар, баримт гаргаж ирүүлээгүй тул дээрх үндэслэлтэй холбоотойгоор дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 17.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/727 дугаар захирамжийн Р.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 тоот захирамжийн Р.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С дүүргийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ГАНБАТ