Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2022/02460

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2022/02460

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....тоотод оршин суух, Б.Б/Регистрийн дугаар:./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... тоот хаягт оршин суух, Б.О /Регистрийн дугаар: ./,

Хариуцагч: .. тоот хаягт байрлах,ГБС НҮТББ /Регистрийн дугаар: ./,

Хариуцагч: ....тоотод байрлах, ГУИСХ БСБ /Регистрийн дугаар: ., хуучин нэршлүүд: ГУДС, ГУДИС/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 18 дугаар байр, 22 тоотод оршин суух, Боржгон овогт Бархүүгийн Оюунбат /Регистрийн дугаар: ХН85031261/-д тус тус холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага:

-....тоот газрууд дээр баригдсан хоорондоо дамждаг 5 давхар 2 барилгын А блок барилгын ажил бүрэн дуусч коридорын будгийн ажил хийгдэх үед /2010.02.01/ Б.О нь хамтран ажиллахаар болсон үйл явдлыг тогтоолгох,

-А блок барилга буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-220324071 дугаарт бүртгэлтэй 1.944 мкв талбайтай барилгын өмчлөгч болохыг тогтоолгох,

-Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 52 тоот, Г-2203003751 дугаарт бүртгэлтэй 773 мкв газрын өмчлөх эрхийг Б.Бы нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Оад даалгах

-Б блок барилгын 1 дүгээр давхар, болон 2 ширхэг машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох,

- 43 тоот газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай,

 

Хариуцагч Б.О, ГУИС-ийн нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох

Сөрөг шаардлага: 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Газар худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, шилжүүлсэн 150.000.000 төгрөг буцаан гаргуулах,

-Б блок барилгын 1 давхрын нийт талбайг Б.Б болон Б.О нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, 1 давхраас ногдох байсан 50 хувийн талбайн оронд Б блок барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайг Б.Бы өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, ийнхүү шилжүүлсний дараа газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийг Б.Бд даалгуулах,

-12 давхар Б блок барилгыг бүрэн барьж дуусгаж Хаан банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусгавар болсны дараа иргэн Б.Бд Б блок барилгын 1 дүгээр давхарыг өмчлөх эрх үүсэх болохыг тогтоолгох тухай,

 

Гуравдагч этгээд:Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Маршал таун 103 дугаар байр 13 тоотод оршин суух,Б.Б /Регистрийн дугаар:../-ийн нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага: . тоотод байрлах А блок барилгыг барьж дуусгах бүх хөрөнгө оруулалт Б.Б миний дансаар орж, тухайн хөрөнгөөр барьж дуусгасан болохыг тогтоож, хариуцагч Б.О А блок барилгад зориулж хөрөнгө шилжүүлээгүйг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лут,

ХариуцагчГБС НҮТББ, ГУИСХ БСБ-г төлөөлж гүйцэтгэх захирал, хариуцагч Б.О, түүний өмгөөлөгч Д.Оросоо,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сг нар оролцов. Хариуцагч Б.О өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчГБС НҮТББ, ГУИСХ БСБ, Б.О, Б.О нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Б.Б анх өмчлөх эрхтэй газар худалдан авч барилга барихаар болж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, барилгачдын 3 дугаар гудамжны 43, 52 тоот өмчлөх эрхтэй газруудыг худалдан авахаар болж төрсөн дүү Б.Оад газар худалдан авах мөнгийг шилжүүлж газрыг Б.Оын нэр дээр гаргуулж ах Б.Бэр барилга барих ажлыг хариуцуулсан. Барилгын бүх ажлыг хариуцаж байгаа Б.Бэр барилгыг барьж дууссаны дараа 3 дугаар давхрыг өмчилж өгөхөөр тохиролцсон болно. Барилга баригдаад дуусах үед Б.О "МанайГБС, сургалтын төв нь Гэрэл төвд 1 сард 9 сая төгрөг түрээс төлдөг учир таны барилгад би сургуулиа үргэлжлүүлээд Б блокийг барья" гэсэн гуйлтын дагуу хүлээн зөвшөөрсөн. Б.Баас зөвшөөрөл авсан Б.О барилга засварын сүүлчийн ажил болох коридор, хаалганы будгийг хийгээд 2010 онд Б.Бэр бариулсан барилгад Б.О 2010 ондГБС сургалтын төвийг нүүлгэн оруулсан. Б.О нь манай барилгад нүүж орсноор сар бүр төлдөг байсан түрээсийн 9 сая төгрөгөөс чөлөөлөгдөж Б Блокийг барих боломжтой болсон. Өөрөөр хэлбэл Б.О нь А блокийг барихад огт оролцоогүй зөвхөн коридор, хана, хаалгыг будсан ба харин түрээснээс чөлөөлөгдсөн хөрөнгөн дээр зээл аван Б блокийг барьсан болно. Манай нэхэмжлэлийн шаардлага нь Б.Оад мөнгө шилжүүлсэн баримт, тодорхойлолт, архитектор төлөвлөлтийн даалгавар, Гэрэл төвийн түрээсийн гэрээ, Б.Бат-Эрдэнийн тайлбар зэргээр нотлогдоно.

А блок барилгын доорхи газрын мөнгийг 100 хувь Б.Б гаргасан. Барилгын хөрөнгийг ч 100 хувь Б.Б гаргаж 2010 оны 02 дугаар сарын 01-нд ашиглалтад орсон байдаг. Хэргийн баримтаар Глобал удирдагч дээд сургууль 2014 онд байгуулагдан 2017 онд гэрчилгээ авсан тул үүсгэн байгуулагдаагүй сургууль барилгын захиалагч байх боломжгүй. А блок барилгыг Б.Б 2008 онд эхлүүлж, Б.Бат-Эрдэнийн 100 хувийн өмчлөлийн компаниар мөнгийг дамжуулж 2010 оны 01 дүгээр сард уг барилгыг барьж дуусгасан.

52 тоот газар нь анх Б.Оын нэрээр өмчлөх эрхийн гэрчилгээ шилжиж гарсан. Түүний өгсөн тодорхойлолт, шүүхэд ирүүлсэн тайлбараар Б.О эгчийнхээ мөнгөөр авснаа мэдүүлсэн. Газрыг худалдан авсан гэрээнд үнийг 5 сая төгрөг гэж бичсэн ч 20-30 сая төгрөг, 50 сая төгрөг хүртэл үнээр тооцон маргаанд хамаарах газруудыг худалдан авсан. Айл бүрийн хаалгыг тогшиж тохиролцож худалдан авч байсан, үүнд Б.О оролцоогүй. Шүүхийн журмаар мэйлд үзлэг хийлгэсэн. Үүнд 2007 оноос эхлээд Б.Б өргөдлөө ингэж бич гэх мэтээр зааварласан байгаа нь харагдана. Б.Баас нийтдээ энэ барилгад 586 сая төгрөг хөрөнгө оруулалтад гаргасан бөгөөд газраа худалдан авсан, хашаа барьсан, манаачийн байр, 3 контейнер дүүрэн цемент, арматур, барилгад шаардлагатай бүх төхөөрөмж, миксер гэх мэт шаардлагатай тоног төхөөрөмж барилгын материалаар хөрөнгө оруулсан. Зээлсэн 90.000 фунт стерлинг үүнд хамаарахгүй тусдаа асуудал. Иймд

Нэг.Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол Ногоон нуур гудамж, 51 тоот хаягт байршилтай 1944 мкв талбайтай Ү-2203024071 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн /А блок/ барилгын ажил бүрэн дуусаж коридорын будгийн ажил хийгдэх үед буюу 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Б.О нь хамтран ажиллахаар болсон үйл явдлыг тогтоолгож, 1944 мкв талбайтай Y-2203024071 бүртгэлийн дугаартай ул хөдлөх хөрөнгийн (А блок) өмчлөгч Б.Б болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Бы нэр дээр шилжүүлэхийг ГУИС, Б.О нарт даалгуулах.

Хоёр.Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3-р гудамжны 52 тоот Г-2203003751 дугаартай, нэгж талбарын 18643312360698 дугаартай 773 мкв газрын өмчлөх эрхийг Б.Бы нэр дээр шилжүүлэхийг Б.Оад даалгуулах.

Гурав. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, барилгачдын 3-р гудамжны 44, 45 тоот газар дээр баригдсан Б блок барилгын 1-р давхрын өмчлөгчөөр тогтоолгох.

Б блок барилгыг Б.О нь А блок барилгаас түрээсийн хэмнэгдсэн мөнгө, Хаан банкны зээлээр барьсан ба хоорондын гэрээгээр 1 ба 11 дүгээр давхрыг Б.Бд шилжүүлэх үүрэгтэй болно.

Анх шүүхэд гаргасан 2 ширхэг автомашины гаражийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна. 43 тоот газрыг 52 тоот газарт нэгтгэсэн тул шаардлагагүй. А блок барилгын өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг хариуцагч Б.О болон ГУИСХ БСБ-д холбогдуулан гаргасан. Газар шилжүүлэхийг даалгах шаардлагыг хариуцагч Б.Оад холбогдуулж гаргасан.ГБС НҮТББ-д холбогдох шаардлага байхгүй. Б.Оад холбогдуулан шаардсан зүйлгүй. Газрын өмчлөлийг анх шилжүүлсэн тул хамтран хариуцагчаар оролцуулсан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.ХариуцагчГБС НҮТББ, ГУИСХ БСБ, Б.О нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд

Нэг.Нэхэмжлэгч Б.Баас гаргасан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7-р хороолол Ногоон нуур гудамж, 52 тоот хаягт байршилтай 1944 м.кв талбайтай Y-2203024071 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн барилгын ажил бүрэн дуусаж коридорын будгийн ажил хийгдэх үед /2010 оны 02 дугаар сарын 01/ Б.О нь хамтран ажиллахаар болсон үйл явдлыг тогтоолгож, 1944 м.кв талбайтай Y-2203024071 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн /А Блок/ өмчлөгч Б.Б болохыг тогтоолгож, гэрчилгээг Б.Бы нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн үндэслэлдээ "... А Блок барилгын газрын мөнгийг 100 хувь Б.Б гаргаж, барилгын хөрөнгийг ч 100 хувь Б.Баас гаргаж 2010 оны 02 дугаар сарын 01-нд ашиглалтанд орсон. А Блок барилгыг Б.Бат- Оюун 2008 онд эхлүүлж, Б.Бат-Эрдэнийн 100 хувийн өмчлөлийн компани 2010 оны 01 дүгээ сард уг барилгыг барьж дуусгасан..." гэжээ. Энэ нь үндэслэлгүй юм. А блок барилга Глобал удирдагч дээд сургуулийн өмчлөлийн барилга бөгөөд тус сургууль үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203024071 тоот гэрчилгээгээр А блок барилгын хууль ёсны өмчлөгч болох нь нотлогдож байгаа. Уг барилгыг барихад нэхэмжлэгч Б.Б ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд тус А блок барилга хариуцагч Б.Оын өөрийн мөнгө болон банкны зээлээр баригдсан. А блок барилгын зураг төслийг "Гандирс Од" ХХК хийж гүйцэтгэж, барилга барих Ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниар "Уян сервис" ХХК ажиллаж, уг барилгыг барьж дуусгасан болно. Эдгээр компаниуд нэхэмжлэгч Б.Б, гуравдагч этгээд Б.Б нартай ямарч хамааралгүй, өөр компаниуд бөгөөд маргаан бүхий барилгыг Б.Б бариагүй, Б.Бат-Эрдэнийн 100 хувийн өмчлөлийн компаниар бариулаагүй юм. Энэ нь 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2014/484 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар нотлогддог. Тус Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад А блок барилгын захиалагч нь Глобал удирдагч дээд сургууль, барилгын Ерөнхий болон туслан гүйцэтгэгч "Уян сервис" ХХК, зураг төсөл боловсруулсан "Гандирс Од" ХХК гэж маш тодорхой бичсэн байдаг. А блок барилгад Б.Б хөрөнгө оруулаагүй болох нь "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн "Глобал удирдагч" дээд сургуулийн /"А" блок/ хичээлийн "А" байрны барилгын барилга угсралтын ажлын төсвийн гүйцэтгэлийн үнэлгээний тайлангаар нотлогддог. Уг үнэлгээний тайлангаар тухайн үед буюу барилгыг баригдаж байх үед 2010 оны байдлаар барилга угсралт заслын ажилд 1049666.0 төгрөг, дулааны гадна шугам 122850.3, цэвэр усан хангамжийн гадна шугам 21038.4, бохир ус зайлуулах гадна шугам 10790.4, цахилгааны гадна шугам, дэд өртөөний өргөтгөлийн хамт 51152.0 буюу нийт 1 тэрбум 255 сая төгрөгөөр хариуцагч А блок барилгыг барьсан болох нь тодорхой байдаг.

Нэхэмжлэгч нь барилгын хөрөнгийг 100 хувь Б.Баас гаргаж 2010 оны 02 дугаар сарын 01-нд ашиглалтанд орсон, А Блок барилгыг Б.Б 2008 онд эхлүүлж, Б.Бат-Эрдэнийн 100 хувийн өмчлөлийн компани 2010 оны 01 дүгээр сард уг барилгыг барьж дуусгасан гэж огт үндэслэлгүйгээр маргаж байгаа бөгөөд барилгыг барихад Б.Баас ямар байдлаар хөрөнгө мөнгө оруулсан, хэдэн төгрөг, ямар дансаар, ямар хэлбэрээр хөрөнгө мөнгө оруулсан болох нь баримтаар нотлогддоггүй, энэ талаар ямар ч санхүүгийн баримт нотолгоо байхгүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь хөрөнгө оруулалт хийсэн гэх боловч үүнийгээ баримтаар нотолж чаддаггүй юм.

Мөн үл хөдлөх эд хөрөнгийн барилгын ажил бүрэн дуусаж коридорын будгийн ажил хийгдэх үед Б.О хамтран ажиллах болсон үйл явдлыг тогтоолгох гэжээ.

Нэхэмжлэлийн энэ шаардлага агуулгын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан зохицуулалтад хамаарахаа байгаа ба уг шаардлагаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй.

А блок барилга "Глобал удирдагч дээд сургуулийн хууль ёсны өмч болох нь нотлогдож байгаа бөгөөд өмчлөх эрхээ 8 жилийн турш хэрэгжүүлж байна. Иймд уг эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчөөс шаардах хууль зүйн үндэслэл байхгүй. Уг барилгад Б.Б хөрөнгө оруулалт хийгээгүй тул ийм шаардлага гаргах эрхгүй юм.

Мөн нэхэмжлэгч талаас 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг шүүхэд гарган өгч, уг гэрээг үндэслэл болгож 52 тоот газар минийх, би газраар А блок барилгад хөрөнгө оруулалт хийсэн гэж үндэслэлгүй тайлбарладаг. Уг гэрээ нь 52 тоот газар, А блок барилгад хамааралгүй, 45 тоот газартай хамааралтай юм. Талууд 44, 45 тоот газар дээрээ 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Худалдах худадан авах гэрээ хийгээд 150 сая төгрөг, Б блок барилгын 1, 2-р давхарыг өгөхөөр гэрээ хийж тохирсон. Энэ гэрээг хамтран ажиллах гэрээнээс 1 сарын дараа байгуулсан, уг гэрээг байгуулаад хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон, хэрэгжээгүй юм. Талууд анх үйлчилгээтэй орон сууц барихаар тохирч байгаад эцэстээ энэ нь бүтээгүй, хөрөнгө мөнгөгүй байгаад энэ төсөл хэрэгжээгүй, ингээд Глобал удирдагч дээд сургуулийн өөрийн хөрөнгөөр, Хаан банкны зээлээр А блок барилгыг барьсан, тус барилга 100 хувь Глобал удирдагч дээд сургуулийн өмчлөлийн барилга болно. Гэтэл нэхэмжлэгч хэрэгжээгүй, ажил хэрэг болоогүй гэрээ, баримт бичгийг гаргаж ирээд өөрөө хөрөнгө оруулалт хийж "А" блок барилгыг барьсан мэтээр бусдыг төөрөгдүүлж буруу тайлбарлаад байгаа юм.

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа "... А Блок барилгыг барихад, Б.О, Б.Б нар тус бүр 200.000.000 төгрөгөөр хөрөнгө оруулахаар тохиролцсон бөгөөд газар дээрээ барилга бариулж байгаа давуу эрхээрээ Б.Б би доод 2 давхраа буюу 1 болон 2 дугаар давхруудыг авахаар анхнаасаа тохирсон, Бат-Оюуны А блок барилгад оруулсан өөрийн хөрөнгө оруулалт: 80'000 фунт стерлинг болон 43 болон 52 тоот газрууд, Б.Оад зээлсэн мөнгө: 90'000 фунт стерлинг..." гэж нэхэмжилж байсан. Иргэн Б.О нь хувь хүнийхээ хувьд Б.Баас 2008-2010 он хүртэл хугацаанд ямар нэгэн бичгээр хийсэн гэрээ, хэлцэлгүйгээр аман тохиролцоогоор нийт 166.600 фунт стерлинг зээлж ашиглаж байсан бөгөөд энэ нь тухайн үеийн ханшаараа 391.692.128 төгрөг болдог. Б.О нь 2010-2018 он хүртэл хугацаанд иргэн Б.Баас зээлсэн 166.600 фунт стерлинг буюу энэ мөнгийг буцааж төлсөн, одоо ямар ч тооцоо байхгүй, тооцоо дууссан болно. Энэ нь Б.Баас зээлсэн мөнгөө 2010-2018 онд бэлнээр болон дансаар төлж байсан санхүүгийн баримтуудаар нотлогдож байгаа болно. Гэтэл нэхэмжлэгч тал уг мөнгийг А блок барилгад оруулж буй хөрөнгө оруулалт байсан мэтээр үндэслэлгүй тайлбарладаг. Түүнээс гадна энэ мөнгө нь санхүүгийн баримтаар бол иргэн Б.Баас биш Англи улсын THE ACADEMY OF GLOBAL EDUCATION гэх байгууллагаас Б.Оад шилжүүлсэн байдаг тул Англи улсын байгууллага нэхэмжлэл гаргах байсан гэж үзэх үндэслэлтэй. Нэгэнт буцаагаад төлсөн мөнгийг дахин нэхэмжлэх, хөрөнгө оруулалт гэж шаардах эрх байхгүй.

Б.Б болон Б.О нарын хооронд тус бүр 200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж "А" блок буюу "Глобал удирдагч дээд сургуулийн барилга барих, уг барилгын 1, 2 давхарыг өгөх талаар амаар болон бичгээр тохирсон гэрээ байгуулж байсан асуудал байхгүй юм.

Нэхэмжлэгч Б.Бы буюу "THE ACADEMY OF GLOBAL EDUCATION-ны зээлж байсан мөнгийг А блок барилгын хөрөнгө оруулалт гэж үзэх боломжгүй бөгөөд түүний зээлсэн мөнгийг буцааж төлсөн. Иймд өмчлөгч "Глобал удирдагч дээд сургуулийн А барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлэх боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ мэйлээр харилцсан баримтыг үндэслэл болгож тайлбарладаг. Шүүхээс 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Б.Бы мэйл хаягт үзлэг хийсэн. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хоорондын харилцсан уг мэйлээс үзэхэд талууд барилга барихаар ярилцаж, барилгыг ямар хөрөнгөөр яаж барих, хэн хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийх, барилга баригдаж дууссаны дараагаар хэн хэддүгээр давхарыг авах талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн, энэ асуудал нь зөвхөн санал солилцох хүрээнд байсан бөгөөд талууд албан ёсоор тохиролцоонд хүрээгүй, А Блок буюу Глобал удирдагч дээд сургуулийн барилгын 1 болон 2 дугаар давхарыг Б.Бд өгнө гэсэн албан ёсны үг өгүүлбэр байхгүй, энэ талаар байгуулсан амаар болон бичгээр тохирсон албан ёсны гэрээ, тохиролцоо байхгүй юм. Мөн Б.Б мэйл хаягаар 2008 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 05 цаг 44 минутанд "...Одоо харин хэрхэн хамтрах талаар ярилцах хэрэгтэй болоод байна. Ерөөсөө эхнээсээ 1/3 буюу тэнцүү гурван талаас хөрөнгө оруулж барина гэсэн гурвалсан гэрээтэй ажиллах хэрэгтэй байна. Эхний ээлжинд барилгаа нийт 600.000.000 дотор багтаан гэж тооцоольё. Тэгвэл 1 хүнээс 200.000.000 гарна гэсэн үг. Отгоо эхнийхээ 100.000.000-г өөрөө өгчихнө биздээ. Дараа нь мөнгө дутахын бол би зээлдүүлье. /хамгийн ихдээ 100 саяыг шүү/ гэж санал гаргасан байдаг бөгөөд хариуцагч Б.О нь хувь хүнийхээ хувьд Б.Баас ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр нийт 166.600 фунт стерлинг зээлж ашиглаж байсан, зээлсэн мөнгөө 2010-2018 онд бэлнээр болон дансаар төлж дуусгасан нь санхүүгийн баримтуудаар нотлогдож байгаа болно.

Шүүхээс үзлэг хийсэн уг мэйлд гуравдагч этгээд болох Б.Бат-Эрдэнийн хувьд уг "А", "Б" блок барилгуудыг барихад мөнгө төгрөг өгсөн, хөрөнгө оруулсан асуудал огт яригддаггүй бөгөөд бодит байдал дээр ч тэр гуравдагч этгээд уг барилгуудад хөрөнгө оруулалт хийсэн, барилгыг барьсан асуудал байхгүй. Хэрэв хөрөнгө оруулалт хийсэн гэж маргаж байгаа бол энэ талаар байгуулсан албан ёсны гэрээ хэлцэл, нотлох баримт байхгүй, мөн түүний өмнөөс 200.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б гаргаж А, Б блок барилгуудад хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг өгүүлбэр, тийм тохиролцоо, гэрээ хэлцэл байхгүй. Эцэст нь уг мэйлээр юу харагдах вэ гэхээр анх талууд хамтран ажиллахаар тохирч, үйлчилгээтэй орон сууц барихаар тохирч байгаад энэ нь бүтээгүй, хөрөнгө мөнгөгүй болоод энэ төсөл хэрэгжээгүй, эцэстээ худалдах худалдан авах гэрээ хийгээд Глобал удирдагч дээд сургуулийн өөрийн хөрөнгө болон банкны зээлээр А, Б" блок барилгыг барьж асуудал нэг талдаа гарсан. Нэхэмжлэгч тал бүр анхны хамтран ажиллах гэрээ, баримтыг гаргаж ирээд байгаа, тэр гэрээ хэрэгжээгүй, 2010 оны хэрэгжээгүй гэрээ, баримт бичгээр Глобал удирдагч дээд сургуулийн А блок барилгыг барьсан мэтээр буруу тайлбарлаад байна.

Уг мэйлд дурдсан асуудал нь саналын шинжтэй, нэхэмжлэгч Б.Бы тавьсан саналыг хариуцагч Б.О нь албан ёсоор хүлээн зөвшөөрсөн, түүнийг нотолсон зүйл харагдахгүй байгаа бөгөөд талуудын тохиролцоо бодит байдал дээр хэрэгжээгүй юм. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хоёр.Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 52 тоот 773 мкв, Г-2203003751 дугаартай газар өмчлөх эрхийг Б.Бы нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Б.Б би газар худалдан авч барилга барихаар болж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, барилгачдын 3 дугаар гудамжны 43, 52 өмчлөх эрхтэй газруудыг худалдан авахаар болж төрсөн дүү Б.Оад газар худалдан авах мөнгийг шилжүүлж газрыг Б.Оын нэр дээр гаргуулсан, газрын мөнгийг Б.Б 100 хувь гаргасан гэж тайлбарлаж маргадаг.

Хариуцагч Б.О энэ талаар өмнө нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан тодорхойлолтдоо болон сүүлд энэ хэрэгт хамтран хариуцагчаар орж ирсэнийхээ дараа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа "Миний эгч Б.Б нь над руу мөнгө явуулж, би 43, 52 тоот газруудыг өмнөөс нь худалдаж авч өөрийн нэр дээр байлгаж байсан нь үнэн." гэж үндэслэлгүй тайлбар хэлдэг болно. Хэрэгт Б.Б нь Б.Оад газрын мөнгө гэж мөнгө шилжүүлж байсан баримт хэрэгт байхгүй юм. Нэхэмжлэгч Б.Б нь уг газар дээр маргах гэж байгаа бол эхлээд газрыг өөрийн мөнгөөр худалдаж авсан талаар, газрыг худалдаж авсан мөнгийг Б.О руу шилжүүлсэн гэдгээ нотлох баримтаар нотлох ёстой.

Мөн Б.Баас Б.Оад олгосон өөрийн өмнөөс 43, 52 тоот газруудыг худалдаж авах итгэмжлэл байхгүй юм. Иргэн Б.О газар өмчлөх эрхийг Б.Оын нэр дээр шилжүүлсэн шалтгаанаа тайлбарлахдаа бичиг баримт хөөцөлдүүлэхэд хялбар болгох үүднээс өмчлөх эрхийг Б.Оын нэр дээр шилжүүлсэн гэсэн тайлбар бодит байдал тохирохгүй, худал тайлбар юм. Хэрвээ бичиг баримт хөөцөлдөх хялбар байх үүднээс шилжүүлэх байсан бол Б.Бы нөхөр Д.Лут, гуравдагч этгээд Б.Б нарын нэр дээр шилжүүлж болох л байсан, гэтэл тэгээгүй. Гэтэл Б.О гэнэт 14 жилийн дараа 43, 52 тоот газрууд миний газар биш, Б.Бы газар гэж байгаа нь илт нэг талыг барьсан, эгч Б.Быг хамгаалах гэсэн үндэслэлгүй тайлбар болно.

Б.О уг газраа өөрийн ах болох хариуцагч Б.Отай тохиролцон хариу төлбөргүйгээр 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр Б.Оад шилжүүлж, Б.О нь 43, 52 тоот газрын өмчлөх эрхийн гэрчилгээгээр хууль ёсоор өмчлөх эрхтэй бөгөөд өмчлөх эрхээ 14 жилийн турш хэрэгжүүлж байна. Б.О уг бэлэглэлийн гэрээний талаар огт маргадаггүй, үүнтэй холбоотойгоор гомдол, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй.

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн шийдвэр байхгүй, энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага ч энэ хэрэгт байхгүй юм. Хэрвээ Б.Б энэ гэрээний талаар маргаж байгаа бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгэтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б уг газрын асуудлаар шаардлага гаргах эрхтэй гэвэл хөөн хэлэлцэх хугацаа 2016 онд дууссан, уг хугацааг хуульд заасан журмын дагуу сэргээлгэсэн зүйл байхгүй байна. Мөн Б.Б шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэсэн байх ёстой, тэгж байж түүний 52 тоот газартай маргах эрх үүснэ. Мөн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөвд тооцогдоно. Иймд уг 43, 52 тоот газрын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Б анхнаасаа байгаагүй, өмчлөгч биш тул ийм шаардлага гаргах эрхгүй, 52 тоот газрын өмчлөх эрхийг Б.Бы нэр дээр шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Гурав Блок барилгын 1 дүгээр давхрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын талаар: Иргэн Б.О, Б.Б нар нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр Б.О, Б.Б нарын хамтын өмчлөл бүхий Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 44 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 652 мкв газрын өөрт ногдох хэсгээ иргэн Б.Б нь иргэн Б.Оад гэрээнд заасан нөхцлөөр шилжүүлэхээр тохирсон. Уг гэрээгээр 20х24 хэмжээтэй 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг барих, иргэн Б.Бд барилгын 1 давхраас өгөх, мөн 150.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэрээний 7-д Худалдан авагч тал нь тус газар дээр барилга бариулж дуусмагц тухайн барилгын 1-р давхарын өмчлөх эрхийг худалдагч талд шилжүүлэх буюу бусад холбогдох бичиг баримтыг яаралтай гаргаж өгнө. Ийнхүү өмчлөл шилжсэний дараа худалдагч тал нь тус газрын хамтран өмчлөлөөс хасагдах хэлцэл хийлгэн тус газрын гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр гаргуулна. гэж заасан. Гэрээний дагуу Б.Оаас Б.Бд 150.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Уг газар дээр 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг "Хаан банк"-ны зээлээр барьж байгаа бөгөөд Гэрээний 3-д "Мөн худалдан авагч тал нь тус газар дээр баригдах барилгыг 10 жил дотор бариулж дуусгаад 1-р давхараа худалдагч талын өмчлөлд шилжүүлнэ." гэж тохирсон. Мөн гэрээгээр "12 давхар барилгыг баригдаж дуусмагц 1 давхрыг шилжүүлнэ гэж заасан. Эдгээр нөхцлүүд бүрэн хангагдаагүй байгаа бөгөөд барилга барьж дуусах энэ 10 жилийн хугацаа дуусаагүй, барилгын ажил одоогоор дуусаагүй. Мөн уг барилгын 1 дүгээр давхрыг Б.Бд шилжүүлэх боломжтой болох нөхцөл бол барилгыг бүрэн барьж, улсын комисс хүлээн авч, албан ёсоор ашиглалтад орсны дараа өгөх боломж нөхцөл бүрдэнэ. Талууд анх үйлчилгээтэй орон сууц барих төлөвлөгөөтэй байсан, ийм тохиолдолд 1-р давхрыг нэхэмжлэгчид өгөхөд асуудалгүй, харин сургуулийн барилга барьж байгаа тохиолдолд 1 давхрыг бусдад өгөх юм бол сургууль зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Иймд хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан тул зөвшөөрөхгүй гэв.

 

3.Хариуцагч Б.О шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний эгч Б.Б над руу мөнгө явуулж, би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43, 52 тоотуудын газрыг өмнөөс нь худалдан авч өөрийн нэр дээр байлгаж байсан нь үнэн. Миний ах нар болох Б.О, Б.Б нарыг эгчийн зөвшөөрлөөр газар дээр өмчлөгчөөр нэмж, Б.Б, Б.О, Б.Б гээд гурван хүн хамтран барилга барихаар тохирсон боловч эгч маань хүүхэд төрүүлээд, бие нь сул байсан тул хоёр ахынхаа нэр дээр шилжүүлэн, өмчлөгчөөс би нэрээ татаж авсан. Миний зүгээс газрыг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй тул намайг оролцуулахгүй шүүх хурлаа хийж өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагч ГУИСХ БСБ, Б.О нар нэхэмжлэгч Б.Бд холбогдуулан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэг.2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр 12 давхар барилгыг бүрэн барьж дуусгаж Хаан банк-тай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дуусгавар болсны дараа иргэн Б.Бд "Б" блок барилгын 1-р давхарыг өмчлөх эрх үүсэх болохыг тогтоолгох тухай:

Глобал удирдагч дээд сургуулийн үүсгэн байгуулагч, захирал, иргэн Б.О, Б.Б нар нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр "Газар худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр 20х24 хэмжээтэй 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг барих, иргэн Б.Бд барилгын 1 давхараас өгөх, мөн 150.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэрээний 7-д Худалдан авагч тал нь тус газар дээр барилга бариулж дуусмагц тухайн барилгын 1-р давхарын өмчлөх эрхийг худалдагч талд шилжүүлэх. Ийнхүү өмчлөл шилжсэний дараа худалдагч тал тус газрын хамтран өмчлөлөөс хасагдах хэлцэл хийж тус газрын гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр гаргуулна." гэж заасан. Гэрээний дагуу Б.Оаас Б.Бд 150.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Б.О нь барилгыг "Хаан банк-ны зээлээр барьж байна, 12 давхар барилга өнөөдөр баригдаж дуусаагүй, банкнаас авсан зээлээ төлж дуусаагүй, уг газар болон барилга банкны барьцаанд байгаа болно. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.", 153.2-т Барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ." гэж заасан. Барилга болон уг газар нь Хаан банк"-ны барьцаанд байгаа талаар тус банкнаас 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5124/307 тоот албан бичгээр "Глобал удирдагч дээд сургууль" нь Хаан банкнаас 2018 оны 6 дугаар сарын 14-ны өдөр 1.650.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлээ бүрэн төлөөгүй нөхцөлд энэ зээлийн эх үүсвэрээр барьж буй "Глобал удирдагч" дээд сургуулийн өргөтгөлийн "Б" блок барилгыг аль нэгэн иргэн, байгууллага өмчлөх, өмчлөх эрхээ хуваарилж авах, ийнхүү тохиролцох, гэрээ, хэлцэл байгуулах эрх үүсэхгүй болно. Мөн зээлийн гэрээний барьцааны 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр Ү-2203024071 улсын бүртгэлийн дугаартай, 1944 м.кв талбайтай, "Глобал удирдагч" дээд сургуулийн сургалтын зориулалттай барилга, Г-2203003751 улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3-р гудамжны 52 тоот, 773 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний Б.Оын өмчлөл бүхий газар, мөн хаягт байрлах Г-2203002592 улсын бүртгэлийн дугаартай, 44 тоот, 652 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний Б.О, Б.Бы өмчлөл бүхий газар барьцаанд байгаа тул барьцааны гэрээнд ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт оруулахыг барьцаалагчийн зүгээс зөвшөөрөхгүй болохыг мэдэгдсэн мэдэгдэл, тодорхойлолт ирүүлсэн байдаг. Б.Бы зүгээс зээлийн санхүүжилтээр баригдаж байгаа, барьцааны гэрээгээр барьцаанд байгаа эд хөрөнгө, эрхийн талаар тэргүүн ээлжинд шууд шаардах эрхгүй гэж үзэж байна. Иргэн Б.О, Б.Б нар нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэний дараа буюу банкны зээлийн төлбөрийг бүрэн төлөөд эд хөрөнгөө өмчлөх эрх үүсэх, эд хөрөнгөө хувиарлах хоорондын асуудлаа шийдвэрлэх боломжтой юм. Зээлээ бүрэн төлж дуусаагүй байгаа энэ тохиолдолд уг дутуу баригдсан барилга нь банкны санхүүжилтээр баригдсан, банкны хөрөнгө, барьцааны хөрөнгө юм. Иймд хариуцагч тал "Б" блок барилгын 1 давхарын өмчлөх эрхийн гэрчилгээг болон талбайг одоогоор Б.Бд шилжүүлэх боломжгүй. Харин гэрээнд заасан нөхцөл бүрдэж барилга баригдаж дуусмагц, банкны зээлээ төлж, барьцаанаас газар болон барилга чөлөөлөгдсөн тохиолдолд уг үүргээ гүйцэтгэх боломжтой болох юм. Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр, дуусгавар болоогүй байгаа энэ тохиолдолд Б.Б "Б" блок барилгын давхрыг шаардах, өмчлөх эрх тогтоолгох, эд хөрөнгийг хуваарилах хууль зүйн боломжгүй гэж үзэж байна. Иймд 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр 12 давхар барилгыг бүрэн барьж дуусгаж, Хаан банктай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дуусгавар болсоны дараа иргэн Б.Бд "Б" блок барилгын 1-р давхрыг өмчлөх эрх үүсэх болохыг тогтоож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.

Хоёр: Б.Б, гуравдагч этгээд нарын гаргасан өөрчилсөн шаардлагатай холбогдуулан манай зүгээс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан шаардлагаа өөрчилж байна. 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн "Газар худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хэлцлээр нэхэмжлэгчид шилжсэн 150.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Баас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шаардлага нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой. Талууд дээрх маргаан бүхий гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хариу төлбөртэй байхаар тохиролцсон болно. Гэвч талууд гэрээний зүйлийн нийт үнийг тохиролцоогүй, урьдчилгаа 150.000.000 төгрөг гэж гэрээнд заасны дагуу хариуцагч Б.О уг мөнгийг Б.Бд төлсөн нь худалдах худалдан авах гэрээний гол нөхцлийг тохиролцоогүй гэж үзэх бөгөөд энэ үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ байгуулагдаагүй гэж үзэх хууль зүйн үр дагавар үүсч байна. Талууд гэрээний гол нөхцлийн талаар тохиролцоогүй учраас өнөөдрийн энэ маргаан, үл ойлголцол үүсэх шалтгаан болсон. Мөн уг гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй буюу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10, 56 дугаар зүйлийн 56.1.8-д "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасныг зөрчсөн байна. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болдог, гэтэл энэ хуулийн шаардлагыг хангаагүй, талууд гол нөхцлийн талаар тохиролцоогүй тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Талууд өгсөн, авсан зүйлээ буцаах ёстой, энэ газрын өмчлөгчид нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.О аль аль нь өмчлөгчид юм. Иймд өмчлөгч гэрээ хийгээд хууль зөрчсөн байна, энэ алдааг залруулах хэрэгтэй.

Иймд 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан "Газар худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хэлцлээр нэхэмжлэгчид шилжсэн 150.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Баас гаргуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.О нь Б.Бы газар дээр гэрээ байгуулж гэрээний урьдчилгаа төлбөрийг төлөөд барилга барьсан. Гэтэл сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилгаа төлбөрөө буцааж авна, барилгаа буулгаад аваад явна гэх утгатай хачин нэхэмжлэл гаргажээ. Өөрөөр хэлбэл шаардлага гэдэг нь 150.000.000 төгрөг төлбөл газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлнө гэж ойлгогдож байна. Уг нь А блок барилга барихад оролцоно гээд оролцоогүй, тул Б.Б, Б.Б нар 100 хувь хөрөнгө гаргаад 2010 оны 02 дугаар сарын 01-нйи өдөр гэхэд барьж дуусгасан энэ үйл явдлыг үгүйсгэх баримт хавтаст хэрэгт байхгүй. Б.О Гэрэл төвд сард 9.000.000 төгрөгний түрээс төлдөг гээд гуйж байгаад 2012 оны 02 дугаар сард Б.Б, Б Бат-Эрдэнэ нарын барьсан барилгад нүүн орж сарын 9.000.000 төгрөгний түрээсийн байрнаас илүү том талбайг эзэмших болж суралцагчдын тоог нэмэгдүүлж, хэмнэсэн ашгаараа үндэслэлгүйгээр хөрөнгөжиж энэ хөрөнгөөр Б блок барилгад хөрөнгө оруулсан гэрээтэй маргах баримт хариуцагчид байхгүй. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баригдсан барилгад 2014 онд байгуулагдсан сургууль 2018 онд зээл авч хөрөнгө оруулсан гэсэн цаг хугацаа орон зайны гажиг үүсгэсэн хачин тайлбар өгсөн байдаг. Иймд 150.000.000 төгрөг өгвөл Б блок барилгаа буулгаад аваад явна гэсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үндсэн нэхэмжлэлийг дэмжиж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Энэхүү барилга Н.Бархүү гэж хүний гэр бүлийнхэн оролцож барьсан барилга юм. Уян сервис ХХК-ийн захирал бол Н.Бархүүгийн дүүгийн компани. Нэг хүүхдээс бусад бүх хүүхдүүд тухайн барилгыг барихад оролцсон. Б.О орох оронгүй, Б.Бы байранд амьдардаг байсан. Сард 9 сая төгрөгийн түрээс төлж курс ажиллуулж байсан. Ингээд эгчээсээ 200 сая төгрөг зээлээч гэж гуйсан. Нэхэмжлэгч сургууль байгуулахад Б.Оын диплом гэрчилгээг ашигласан. Тэрээр хүүхэд нь Англи улсад байх зайлшгүй шаардлагын улмаас Монголд ирж чаддаггүй. Тухайн үед барилгын асуудал болоход Б.Б хүүхэд төрүүлсөн тул Б.Оад хариуцуулж бариулсан. Бичиг баримт бүрдүүлэхэд компани хэрэгтэй байдаг. Гэрч Н.Бархүү гуай мэдүүлэхдээ 100 хувь Б.Бат-Эрдэнийн дансаар мөнгийг шилжүүлж хариуцаж бариулсан гэдгийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. 2009 онд барилгаа бариад дууссаны дараа Б.О барилгад ажиллая гэж гуйснаар оруулсан байдаг. Барилга 2009 онд барьж дуусгасан гэдгийг гэрч Н.Бархүү мэдүүлсэн. Гэтэл сургууль сүүлд байгуулагдсан тул байгуулагдаагүй сургуулийн захиалгаар барина гэж байхгүй. Эдний гэрийнхний 6 хүн барилгыг барихад тодорхой хэмжээгээр оролцсон. Хариуцагч Төв аймагт барилга бариулсан мөнгөө Б.Бэр дамжуулсан, уг мөнгөө энэ хэрэгт хамааруулсан гэлээ. Гэтэл Төв аймаг дах барилга 2013 оноос анх эхэлсэн. Гэтэл энэ барилга тэрнээс өмнө баригдсан байсан. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Б.Б эгчийн мөнгөөр 2009 онд А блок барилгыг барьж 2010 оны 02 дугаар сарын 01-нд барьж дуусгасан. Б.О нь А блок барилгыг барихад мөнгөөр болон бусад байдлаар огт оролцоогүй. Харин Б блок барилгыг барихад Б.Б оролцоогүй бөгөөд 150.000.000 төгрөг өгвөл газрыг чөлөөлнө гээд байгааг ойлгохгүй байна. Иймд учир нь ойлгогдохгүй тайлбар учир нь ойлгогдохгүй сөрөг нэхэмжлэлийг өндөр боловсролтой захирал, өндөр чадвартай өмгөөлөгч нарын гаргаж байгааг бүүр ч ойлгохгүй байна гэв.

 

7.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б нь дараах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Тус шүүхэд хянагдаж байгаа иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул шаардлага гаргасан гуравдагч этгээдээс мөн шаардлагаа өөрчилж байна. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7-р хороолол, Ногоон нуурын гудамж 52 тоот хаягт байрлах А блок барилгыг барьж дуусгах бүх хөрөнгө оруулалт Б.Б миний дансаар орж, тухайн хөрөнгөөр барьж дуусгасан болохыг тогтоолгож, хариуцагч Б.Оаас А блок барилгад зориулан хөрөнгө шилжүүлээгүйг тогтоолгох.

Утга нь: Б.Б, Б.Б, Б.О бид гурав 600.000.000 төгрөгөөр барилга барьж, 200.000.000 төгрөгийг тус бүр гаргахаар тохиролцож Б.Бэс гаргах 200.000.000 төгрөгийг Б.Б гаргаж би 200.00.000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцохоор болсон. Тухайн барилга барьж дуусах хүртэл Б.Б 100 хувь хөрөнгө гаргасан ба Б.О болохоор Гэрэл төвд сарын 9 сая төгрөгийн түрээс төлж байгаа гэсэн үндэслэлээр хөрөнгө оруулж чадаагүй. Ингээд харилцан санал солилцсон ам хэлцэл нь хэрэгжээгүй өнгөрсөн. Маргаан шүүхээр явж байхад 2009-2010 онд баригдсан барилгад 2014 онд байгуулагдсан Глобал удирдагч дээд сургууль эзэмшигч болсон нь илэрхий зөрчилтэй байгаа учир энэхүү шаардлагаа гаргаж өмнөх шаардлагаа өөрчиллөө. Өөрөөр хэлбэл Б.Б, Б.Б нарын хооронд хийгдсэн хэлцэл нь Б.Бат-Эрдэнийн хөдөлмөрийн хөлс нь 200.000.000 төгрөг буюу барилгын тодорхой хувь болохоор тохирсон тэр тохиролцооны дагуу барилгын бүх ажлыг хариуцан хийж, хөрөнгө оруулалтыг хариуцан зарцуулсан үйл явдлыг тогтоолгосноор миний эрх нээгдэх болно. Иймд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7-р хороолол, Ногоон нуурын гудамж 52 тоот хаягт байрлах Алок барилгыг барьж дуусгах бух хөрөнгө оруулалт Б.Б миний дансаар орж, тухайн хөрөнгөөр барьж дуусгасан болохыг тогтоож, хариуцагч Б.О А-блок барилгад зориулан хөрөнгө шилжүүлээгүйг тогтоож өгнө үү гэв.

 

8.ХариуцагчГБС НҮТББ, ГУИСХ БСБ, Д.Отгонбат нараас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамж, 52 тоот газар дээр баригдсан 5 давхар А Блок барилга нь бүхэлдээ сургуулийн хууль ёсны өмчлөлийн барилга, уг барилгыг барихад нэхэмжлэгч Б.Б, гуравдагч этгээд Б.Б нар ямар нэгэн байдлаар хөрөнгө, мөнгө оруулж хамтран ажиллаагүй болно. Бодит байдал дээр гуравдагч этгээд Б.Б нь уг А блок сургуулийн барилга барих ажилд хөлсөөр ажиллагчийн хувиар оролцож, ажлын хөлс, төлбөртэйгөөр ажилласан болно. "Глобал удирдагч" дээд сургуулиас түүний ажлын хөлсөнд 45.000.000 төгрөгийг төлсөн. Энэ нь "Глобал удирдагч дээд сургуулиас Энхжаргалын Цэцэгээд шилжүүлсэн төлбөрийн даалгавраар нотлогдож байгаа. Мөн гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнийн компани болох "Гранд Стракче" ХХК-иас Глобал удирдагч дээд сургуульд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 17/4 тоот "... манай Гранд Стракче" ХХК ажлын хөлсөнд авсан танай сургуулийн барилгын 5 дугаар давхарт байрлах 507 тоот өрөөг .... танайд буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно, ... нийт 45,000,000 төгрөгийг 5062067525 тоот дансанд тушаан дээрх өрөөг танайх захиран зарцуулах эрхтэй болохыг дурдсан албан бичиг ирүүлсэн болно. Энэ албан бичгээр гуравдагч этгээд анхнаасаа тус барилгад ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй буюу барилгыг барихад ажлын хөлсөнд хариуцагчаас авсан дээрх өрөөг 45.000.000 төгрөгт тооцон хариуцагчид буцаан шилжүүлсэн нь тодорхой харагдаж байгаа болно. Тус барилгыг барихад Б.Б, Б.Б нар тус тус 200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаагүй, Б.Б нь Б.Бат-Эрдэнийн өмнөөс барилгад 200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд 200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тухай, уг барилга нь 100 хувь Б.Бы мөнгө, хөрөнгө оруулалтаар баригдсан тухай ямар ч нотлох баримт байхгүй. Иймд гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнийн бие даасан шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

9.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК-иас үндсэн нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дэмжиж дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Хаан банк ХХК нь ГУИСХ БСБ, Б.О нартай 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 1.650.000.000 төгрөгийг 84 сарын хугацаатай, жилийн 16,2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Үүргийн гүйцэтгэлд маргаанд хамаарах А блок барилга, 52, 44, 45 тоот газруудыг барьцаалсан. Зээлийн гэрээний 4.2.18-д Хөрөнгө оруулалтын зээлийн хувь уг санхүүжилтээр бий болсон эсхүл бий болох хөрөнгийг банкинд барьцаална гэж заасны дагуу зээлдэгч нь банкны зээлийн хөрөнгөөр баригдаж буй Б блок барилгын гэрчилгээ гармагц банкинд барьцаалуулах үүрэгтэй. Мөн гэрээний 4.2.17-д зааснаар зээлдэгч аливаа өр төлөгдөөгүй байгаа тохиолдолд банкны урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр барьцааны зүйлийг худалдах, эсхүл түүнтэй холбоотой гуравдагч этгээдийн эрх, барьцааны эрх бий болгох буюу бий болгохыг зөвшөөрөхийг хориглоно. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 6 дугаар сард дуусах тул барилга, газар болоод барилгын тодорхой хэсгийг өөр этгээдүүдэд өмчлөхийг барьцааалуулагчийн хувьд зөвшөөрөхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь шаардлагаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий үл хөдлөх болон газрыг бий болоход нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар хөрөнгө оруулсан гэдгээ нотлоогүй, энэ талаар эргэлзээгүй, тодорхой нотлох баримтууд байхгүй байна.

Мөн тухайн хөрөнгүүд зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагдсан тул зээл бүрэн төлөгдөж чөлөөлөгдөөгүй нөхцөлд уг хөрөнгүүд дээр хамтран өмчлөгчөөр тогтоох, гэрчилгээнд ямар нэгэн өөрчлөлт бичилт хийгдэх боломжгүй, барьцаалагчийн хувьд зөвшөөрөхгүй. Шүүхээс өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нөхцөлд зээлийн үүрэг дуусгавар болж барьцаанаас чөлөөлөгдсөн нөхцөлд уг асуудал хэрэгжих боломжтой. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын маргааны улмаас барьцааны эрхийг шударгаар, хууль ёсны дагуу олж авсан барьцаалагч буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХААН банкны барьцааны эрх хөндөгдөх учиргүй гэв.

 

10.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: иргэний үнэмлэх, 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, Г-2203003773 дугаарт бүртгэлтэй газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, Г-2203002592 дугаарт бүртгэлтэй газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Г-2203003773 дугаарт бүртгэлтэй газар худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Г-2203002592 дугаарт бүртгэлтэй газар худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Г-2203002592 дугаартай газарт хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Г-2203003773 дугаартай газарт хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 43,52 тоот газрын кадастрын зураг, Б.Бат-Эрдэнийн гараар бичсэн тодорхойлолт, Б.Оын гараар бичсэн тодорхойлолт, и-мэйлийн харагдах байдал, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Голомт банк дахь Эл Би Би Эй ХХК-ийн дансны хуулга, Жагар интернэшнл ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт, Б.Оын Голомт банк дах дансны хуулга, Эл Би Би Эй ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм,ГБСгийн 2014 оны 14/17 тоот албан бичиг, Б.Бд ирүүлсэн өр төлбөр нэхэмжилсэн баримт, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

/1хх 4-48, 67, 3хх 136-154, 168-176, 4хх 39, 40, 5хх 122, 150-152 /

ХариуцагчГБС НҮТББ, Глобал удирдагч дээд сургууль, Д.Отгонбат нараас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэлүүд, Ү-2203021071 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г-2203003751 дугаарт бүртгэлтэй газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, Б.Баас Б.Оад зээлсэн мөнгөний тооцоо, зээлийг төлсөн тооцоолол, мөнгө шилжүүлсэн төлбөрийн даалгаварууд болон бэлэн мөнгөний шилжүүлгийн баримтууд, тодорхойлолт, банкны орлогын ордерууд, глобал удирдагч дээд сургуулийн захирлын тушаал, үл хөдлөх хөрөнгийг харуулсан гэрэл зураг, хариуцагч Б.Оын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаанууд, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаанууд, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, Гранд стракчэ ХХК-д ажлын хөлс төлж барагдуулсан жагсаалт, төлбөрийн даалгавар, Хаан банкны барьцаа бүртгэлтэй тухай лавлагаа,ГБС-гийн Голомт банк дах дансны хуулга, 2008 онд Цэнхэр төхөм ХХК-ийн хийсэн эксиз зураг, 2009 оны №СБД 34 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, Глобал удирдагч их сургуулийн танилцуулга, Хаан банкнаас Глобал удирдагч дээд сургууль, иргэн Б.О, Б.Б нарт ирүүлсэн мэдэгдэл, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хийсэн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А байрны барилгын барилга угсралтын ажлын төсвийн гүйцэтгэлийн үнэлгээний тайлан, мөн өдрийн Б байрны барилгын барилга угсралтын ажлын төсвийн гүйцэтгэлийн үнэлгээний тайлан, байрыг харуулсан гэрэл зургууд, 2014 оны 2014/484 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн гэрч Н.Бархүүгийн бичсэн тодорхойлолт, гэрч Н.Бархүүгийн Сүхбаатар дүүргийн засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт, Глобал эдюкэйшн лимитэд академийн тодорхойлолт хуулбараар, түүний орчуулга, иргэн Ш.Алтанцэцэгийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хийсэн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 327 тоот дүгнэлт, мөн өдрийн 326 тоот 2009 оны байдлаар хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан, цэнхэр төхөм ХХК-ийн хийсэн 2008 оны эксиз зураг, 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Глобал удирдагч коллежийн улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/329 тоот сургуулийн ангилал өөрчлөх тухай тушаал, нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээ, Глобал удирдагч дээд сургуулийн 2015, 2012 оны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 288 тоот үүсгэн байгуулагчийн эрх шилжүүлэх тухай тушаал, улсын бүртгэлийн гэрчилгээний англи хэл дээрх орчуулга, бэлэн мөнгөний зарлагын баримт, 2013 оны архитектур төлөвлөлтийн 2013/922 тоот даалгавар, барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2014 оны 2014/484 тоот улсын комиссын акт, 2009 онд Глобал удирдагч дээд сургууль, Уянсервис ХХК нарын хооронд байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, Гандирс од ХХК-тай 2009 онд байгуулсан зураг төсөв боловсруулах гэрээ, Гандирс од ХХК-тай хийсэн барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ, Глобал удирдагч дээд сургуулийн 2009-2014 оны жилийн санхүүгийн тайлан, Шидэт сонголт аудит ХХК-ийн 2012 онд хийсэн аудитын тайлан, Интер аудит ХХК-ийн 2013 онд хийсэн аудиторын тайлан, Бисофт аудит ХХК-ийн 2014 онд хийсэн аудитлагдсан тайлан зэрэг баримтуудыг ирүүлсэн.

/1хх 54-56, 61-62, 72,73, 78-164, 192-194, 205-210, 214-231, 247-249, 2хх 106-210, 229-231, 233-237, 3хх 7-12, 16-71, 167, 4хх 156-250, 5хх 1-18/

Шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Бэс нотлох баримтаар: иргэний үнэмлэхний хуулбар, Гранд стракчө ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 17/4 тоот албан бичиг, 2010 оны 62/15 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хотын ерөнхий архитектороос өгсөн 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 тоот мэдэгдэл, Гранд стракчө ХХК-ийн барилгын угсралтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн. /1хх 184, 2хх 101-104, 232, 5хх 123 /

Шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК-иас баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэлүүд, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 12 тоот тогтоол зэргийг баримтаар ирүүлжээ. /1хх 236-239, 3хх 161-163, 4хх 12-14, 36-38, 87/

Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр 2019 оны 181/ШЗ2019/06288 дугаар шүүгчийн захирамжийн дагуу улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хариу 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 7/4323 тоот хариу, түүний хавсралт, нэхэмжлэгч талын хүсэлтээр 181/ШЗ2019/06597 дугаар шүүгчийн захирамжийн дагуу 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, 181/ШЗ2019/09812 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Итгэлт-эстимэйт ХХК-ийн хийсэн газар үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан,

Зохигчдын хүсэлтээр 181/ШЗ2022/07914 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Улсын бүртгэлийн газрын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 6/5568 дугаар албан бичиг түүний хавсралтууд, Хаан банк ХХК-иас ирүүлсэн 2022 оны 29/4620, 29/5253 тоот хариу албан бичгүүд, түүний хавсралтаар зээлийн болон барьцааны гэрээнүүд, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрч Н.Бархүүгийн мэдүүлэг, Хот байгуулалт хөгжлийн газрын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/3851 тоот хариу зэргийг бүрдүүлжээ.

/2хх 1-7, 8-85, 97-98, 3хх 112-129, 4хх 103-108, 108-145, 5хх 35-120, 121, 150/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Б.Б ньГБС НҮТББ, ГУИСХ БСБ, Б.О, Б.О нарт холбогдуулан

-Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43, 52 тоот газрууд дээр баригдсан хоорондоо дамждаг 2 барилгын А блок барилгын ажил бүрэн дуусч коридорын будгийн ажил хийгдэх үед буюу 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Б.О нь хамтран ажиллахаар болсон үйл явдлыг тогтоолгох,

-А блок барилга буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024071 дугаарт бүртгэлтэй 1.944 мкв талбайтай барилгын өмчлөгчөөр тогтоолгох,

-Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 52 тоот, Г-2203003751 дугаарт бүртгэлтэй 773 мкв газрын өмчлөх эрхийг Б.Бы нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Оад даалгах,

-Б блок барилгын 1 дүгээр давхар, болон 2 ширхэг машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох,

- 43 тоот газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад 2 ширхэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаас татгалзаж байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч энэ шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. ТүүнчлэнГБС НҮТББ болон Б.О нараас шаардсан зүйлгүй хэмээн тайлбарлаж тус тус татгалзаж байх тул шүүх тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Анх гаргасан 43 тоот газар нь 52 тоот газарт нэгтгэсэн тул бие даасан шаардлага биш, түүнчлэн А блок барилгын өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг Б.О, ГУИСХ-д холбогдуулан гаргасан, 52 тоот газрыг шилжүүлэх шаардлагыг зөвхөн хариуцагч Б.Оад холбогдуулж гаргасан гэж тодруулав.

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Б.Б Монгол Улсад ирэх боломжгүйгээс өөрийн дүү нарт мөнгийг шилжүүлэх замаар газрыг худалдан авахуулж барилгыг бариулсан, хөрөнгийг өөрөөс гаргасан байтал Б.О болон түүний сургууль өмчилсөн тул өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарласан.

3.Хариуцагч Б.О, ГУИСХ БСБ-иас нэхэмжлэгч Б.Бд холбогдуулан 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Газар худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, урьдчилгаанд төлсөн 150.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар,

-Б блок барилгын 1 давхрын нийт талбайг Б.Б болон Б.О нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, 1 давхраас ногдох байсан 50 хувийн талбайн оронд Б блок барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайг Б.Бы өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, ийнхүү шилжүүлсний дараа газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийг Б.Бд даалгуулах, барилгыг бүрэн барьж дуусгаж Хаан банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусгавар болсны дараа иргэн Б.Бд Б блок барилгын 1 дүгээр давхарыг өмчлөх эрх үүсэх болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Шаардах эрхийн үндэслэлээ: газар худалдах худалдан авах хоёр хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу үл хөдлөх эд хөрөнгө тул улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй, 2013 оны хамтран ажиллах гэрээ зөвхөн Б блок барилгын хувьд тохиролцсон байсан ч тухайн гэрээ хэрэгжээгүй, сургуулийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй нэгдүгээр давхар шаардлагатай, мөн барилга банкны барьцааны хөрөнгө гэж тайлбарласан.

4.Гуравдагч этгээд Б.Бэс нэхэмжлэгч болон хариуцагч Б.О нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 52 тоотод байрлах А блок барилгыг барьж дуусгах бүх хөрөнгө оруулалт Б.Б миний дансаар орж, тухайн хөрөнгөөр барьж дуусгасан болохыг тогтоолгох, хариуцагч Б.О А блок барилгад зориулж хөрөнгө шилжүүлээгүйг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан.

Шаардах эрхийн үндэслэлээ: Ийнхүү үйл явдлыг тогтоолгосноор нэхэмжлэгчтэй жич тусдаа тохиролцсон байгаа тул гуравдагч этгээдийн эрх ашиг сэргээгдэнэ, хэргийн баримт, гэрч Н.Бархүүгийн мэдүүлгээр мөнгөн хөрөнгө өөрийн дансаар дамжиж байсан нь нотлогдоно гэж тайлбарлав.

5.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

5.1.Маргааны зүйл болсон А блок барилга нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14180/, Ногоон нуур гудамж, 51 дүгээр гудамжны 52 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024071 дугаартай, 1,944 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох нь талуудын маргаангүй тайлбараар тогтоогдсон. Энэ хөрөнгийг анх 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга байхад Б.Оын өмчлөлд 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Глобал удирдагч дээд сургууль ТББ /РД:8149607/-ийн өмчлөлд, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хүсэлтээр хуулийн этгээдийн оноосон нэр, регистр солигдсонтой холбогдуулж ГУИСХ /РД:9779728/ өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн лавлагаагаар тогтоогдсон. /1хх 72, 223, 4хх 130,144, 5хх 35-37, 63-88/

5.2.Дээрх А блок барилгын доорхи газар буюу Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 52 тоот нэгж талбарын 18643312358711 дугаартай 340 мкв талбайтай газар нь анх 2007 онд эрхийн улсын бүртгэлийн Г-2203003751 дугаарт М.Эрдэнэбаатар нарын 5 хүний өмчлөлд бүртгэгдсэн, 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн газар худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч Б.Оын өмчлөлд шилжсэн, 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу Б.О, Б.Б нарын өмчлөлд шилжиж бүртгэгдсэн, 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн дагуу Б.Б өмчлөгчөөс хасагдаж, Б.Оын өмчлөлд шилжжээ. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаар тушаалаар иргэн Б.Оын хүсэлтийн дагуу энэ газарт 43 тоот 433 мкв талбайтай газрыг нэгтгэснээр талбайн хэмжээ, нэгж талбарын дугаарыг өөрчилжээ. Ийнхүү өөрчилснөөр Г-2203003751 дугаартай хөрөнгө нь нэгж талбарын 186433123360698 дугаартай 773 мкв талбайтай болж, өмчлөгчөөр Б.О 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн, өнөөг хүртэл өмчлөгчөөр бүртгэлтэй байна. / 1хх 78, 207, 4хх 139,140, 5хх 35-37, 51-62/

5.3.Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43 тоот нэгж талбарын 18643312361689 дугаартай 433 мкв талбайтай газар нь анх 2006 онд эрхийн улсын бүртгэлийн Г-2203002645 дугаарт Т.Эрдэнэбулган нарын дөрвөн иргэний өмчлөлд бүртгэгдсэн байсан, 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Б.Оын өмчлөлд бүртгэгдсэн, 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.О, Б.Б нарын өмчлөлд шилжсэн, 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн дагуу Б.Б өмчлөгчөөс хасагдаж, Б.Оын өмчлөлд 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шилжиж бүртгэгдсэн. Уг газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаар тушаалаар дээр дурдсан 52 тоот газарт нэгтгэснээр улсын бүртгэлийг хаажээ. /1хх 5хх 35-37, 38-50/

5.4.Маргааны зүйл болсон Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 44 тоот нэгж талбарын 18643312340701 дугаартай 652 мкв талбайтай газар нь анх 2006 онд эрхийн улсын бүртгэлийн Г-2203002592 дугаарт Ж.Биндэрьяа нарын дөрвөн иргэний өмчлөлд бүртгэгдсэн байсан, 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн газар худалдах худалдан авах гэрээгээр Б.Оын өмчлөлд бүртгэгдсэн, 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.О, Б.Б нарын өмчлөлд шилжсэн, 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн дагуу Б.Б өмчлөгчөөс хасагдаж, Б.Оын өмчлөлд 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шилжиж бүртгэгдсэн, 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хамтран өмчлөгчөөр Б.Быг нэмж оруулах хэлцлийн дагуу нэмэгдэж, улмаар 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрчилгээгээр Б.О, Б.Б нарын хамтран өмчлөлд өнөөг хүртэл бүртгэлтэй байна. /1хх 44, 22-23, 210, 4хх 137,141, 5хх 35-37, 89-98/

5.5.Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 45 тоот нэгж талбарын 18643312324699 дугаартай 466 мкв талбайтай газар нь анх 2007 онд эрхийн улсын бүртгэлийн Г-2203003773 дугаарт Г.Жамьяансүрэн нарын өмчлөлд бүртгэгдсэн байсан, 2009 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн газар худалдах худалдан авах гэрээгээр Б.Оын өмчлөлд бүртгэгдсэн, 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.О, Б.Б нарын өмчлөлд шилжсэн, 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн дагуу Б.Б өмчлөгчөөс хасагдаж, Б.Оын өмчлөлд 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шилжиж бүртгэгдсэн, 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлээр Б.Б нэмэгдэж, улмаар 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрчилгээгээр Б.О, Б.Б нарын хамтран өмчлөлд өнөөг хүртэл бүртгэлтэй байна. /1хх 9, 12,17, 20-21, 206, 4хх 137,142, 5хх 35-37, 99-120/

5.6. Дээрх нэр бүхий хөрөнгүүд бүгд Хаан банк ХХК болон Глобал удирдагч дээд сургууль, Б.О, Ж.Билгүүн нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний барьцааны зүйл, түүнчлэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024071, Г-2203003751 дугаарт бүртгэлтэй хөрөнгө буюу А блок барилга, 52 тоот газар нь 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн барьцаа буюу давхар барьцаатай болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, бүртгэх байгууллагаас ирүүлсэн лавлагаа зэргээр тогтоогдсон. / 1хх 79-88, 4хх 109-143, 5хх 35-37, 121/

5.7. Маргааны зүйл болсон Б блок барилга нь А блок барилгатай залгаа, 44, 45 тоот хаягт байрших газрууд дээр баригдсан 12 давхар барилга, өнөөгийн байдлаар уг барилга бүрэн баригдаж дуусаагүй улсын комисс хүлээж аваагүй, өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /2хх 102, 189-210, 146-165/

5.8.Дээрх баримтуудаас гадна нэхэмжлэгч Б.Б, Б.О нарын хооронд 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр, 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тус тус дээрх 44, 45 тоот газар дээр баригдах барилгад Хамтран ажиллах тухай гэрээг /1хх 5-7, 10-11/, мөн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 44, 45 тоот газрыг худалдах, худалдан авах хоёр гэрээг тус тус байгуулжээ. /1хх 15,18, 3хх 69-71/

Энэ гурван удаагийн хамтран ажиллах гэрээгээр Б.Б нь 44 болон 45 тоот газар дээрээ 12 давхар барилга бариулах, барилгын ажилд оролцохгүй байхаар, Б.О нь 100 хувь өөрийн зардлаар барилгыг барьж ашиглалтад оруулахаар, ашиглалтад ормогц барилгын 2 давхараас 200 мкв талбай, 1 болон 6 дугаар давхар, мөн 150.000.000 төгрөгийн урьдчилгааг өгөхөөр тусгажээ.

Харин худалдах худалдан авах гэрээгээр: Б.Б нь өөрийн 45 тоот газрын хамтран өмчилдөг хэсгийг Б.Оад шилжүүлэхээр, Б.О тухайн газарт 10 жилийн дотор барилга бариулж дуусган барилгын 11 дүгээр давхрыг Б.Бы өмчлөлд шилжүүлэхээр, 44 тоот газрын хувьд өмчлөлийг Б.Оад шилжүүлэх, баригдсан барилгын 1 дүгээр давхарыг 150 сая төгрөгийн хамт шилжүүлэхээр тус тус тохирчээ. Зохигчид дээрх гэрээнүүдийг байгуулсан үйл баримтад маргаагүй болно.

6.Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024071 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн тухайд: Энэ барилга 2010 оны 02 дугаар сард бодитоор баригдаж дуусч ашиглаж эхэлсэн ч 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр улсын комисс хүлээн авсан гэдэгт талууд маргахгүй байна. /4хх 201-203/

Дээр дурдснаар тухайн А блок барилгын өмчлөгч ГУИСХ БСБ байх бөгөөд зохигчид энэ барилгын өмчлөлд маргаж байна. Улмаар нэхэмжлэгчээс А блок барилгын ажил бүрэн дуусч коридорын будгийн ажил хийгдэх үед буюу 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Б.О хамтран ажиллахаар болсон үйл явдлыг тогтоолгох, уг хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг, гуравдагч этгээдээс А блок барилгыг барьж дуусгах бүх хөрөнгө оруулалт Б.Б миний дансаар орж, тухайн хөрөнгөөр барьж дуусгасан болохыг тогтоолгох, хариуцагч Б.О А блок барилгад зориулж хөрөнгө шилжүүлээгүйг тогтоолгох тухай шаардлагыг тус тус гаргасан.

Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан үйл явдлыг тогтоолгох тухай шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан шаардлагад нийцэхгүйгээс гадна бие даасан шаардлага бус харин тухайн хөрөнгийн өмчлөлд маргаж буй үндэслэл байна.

6.1.Хэрэгт авагдсан баримтаар: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.О, гуравдагч этгээд Б.Б нар 2007 оны сүүлээс амаар Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороонд байрлах дээрх 43, 52 тоот газарт хамтран барилга барихаар, хураамжид хүн тус бүр 200.000.000 төгрөг оруулахаар, оруулсан хэмжээгээр тооцон барилгыг дундаа хэсгээр өмчлөхөөр тохиролцож байсан болох нь шүүхээс талуудын хооронд харилцсан мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2007 онд Б.Баас Б.Оад олгож байсан итгэмжлэл зэргээр тогтоогдож байна. /1хх 24, 2хх 1-7/

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэж, 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг амаар буюу бичгээр хийнэ гэж, 43 дугаар зүйлийн 43.3-т нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр заасан. Мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр заасан тул талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсчээ.

Хариуцагчаас хэлцэл хийгдснийг үгүйсгээгүй ч хэлэлцэн тохирсон хураамжаа төлөөгүйгээс гэрээ хэрэгжээгүй хэмээн тайлбарласан. Гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнийн хувьд хураамжаа төлөөгүй буюу барилгад өөрөөс хөрөнгө оруулаагүй гэдэгт маргаагүй.

6.2.А блок барилгыг нэхэмжлэгч өөрөөс 586 сая төгрөг гаргаж бариулсан, энэ нь Б.Баас Б.Оад мөнгө шилжүүлж байсан баримтууд, Эл Би Би Эй ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдоно гэж тайлбарласан. Хариуцагч мөн өөрийн хөрөнгөөр барьсан, энэ нь барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, зураг төслийн гэрээ болоод хариуцагч компанийн жил жилийн санхүүгийн тайланд тусгагдснаар нотлогдоно гэж тайлбарласан. Мөн зээлсэн 166.000 фунт стерлингийг нэхэмжлэгчид буцаан төлсөн байтал уг мөнгийг хураамжид тооцож шаардсныг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч зээлийн мөнгө тусдаа, хураамжид тооцоогүй хэмээн тайлбарлав.

6.3.Хэрэгт авагдсан баримтаар: нэхэмжлэгчээс Б.Оын дансанд 2010 оноос хойш фунт стерлинг удаа дараагийн давтамжтайгаар шилжүүлж байсан, уг мөнгийг Б.О зарлагадсан, Б.Оаас нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн болох Д.Лутын эзэмшлийн компани Эл Би Би Эй ХХК руу мөнгийг шилжүүлсэн, тухайн компанийн данснаас камаз барилга, цемент гэх утгаар гүйлгээг гаргадаг байсан үйл баримтууд тогтоогдож байна. /3хх 136-140, 142-149, 150-153/

Гэвч талуудын тайлбараас үзвэл А блок барилгыг бодитоор хариуцагч сургууль 2010 оны 2 дугаар сард Гэрэл төвөөс нүүж орсноор тухайн барилгыг ашиглаж эхэлсэн үйл баримтад маргаагүй тул дээрх 2010 оны 3 дугаар сараас хойшхи хугацаанд гарсан гүйлгээний баримтуудыг шүүх маргааны зүйл болсон А блок барилгад орсон хөрөнгө оруулалт, нэхэмжлэгчийн хураамж гэж үзэх боломжгүй. /2хх 233-234, 3хх 141, 4хх 201-203/

Түүнчлэн уг данснаас 2010 оны 3 дугаар сарын 01-ны өдөр зургийн үнэ, 2010 оны 03 дугаар сарын 03-нд төв аймаг явах зардал зэрэг утгаар гүйлгээг гаргаж байсан байх бөгөөд А блок барилгаас гадна Төв аймагт нэхэмжлэгч тусдаа барилга барьсан үйл баримтад шүүх хуралдааны явцад маргаагүй тул А блокод оруулсан хөрөнгө гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн зүгээс Төв аймаг дах барилгыг 2013 оноос барьж эхэлсэн гэж зөвхөн цаг хугацааны хувьд маргасныг дурдав.

6.5.Хариуцагч ГУИСХ БСБ-ийн 2009, 2010 оны жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайланд эргэлтийн бус хөрөнгийн дуусаагүй барилга-хэсэгт 2009 онд 96.249.318, жилийн эцсийн дүнгээр 528.574.766 төгрөгийн өртөгөөр балансад бүртгэсэн, 2009 онд байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, зураг төсөв боловсруулах гэрээ, зохиогчийн хяналтын гэрээг Глобал удирдагч сургууль байгуулсан, анх 2008 онд эксиз зураг хийгдэхэд сургалтын төвийн барилга байна. /4хх 204-209, 239-240, 246-247/

6.6.Хэрэгт авагдсан баримтаар Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 288 дугаар тушаалаар Өлзийт коллеж-ийг Глобал удирдагч коллеж болж өөрчлөгдсөн, 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/329 дүгээр тушаалаар сургуулийн ангилал өөрчлөгдөж, Глобал удирдагч дээд сургууль болсон, дараа нь ГУИС, ГУИСХ БСБ болж хуулийн этгээдийн нэршил өөрчлөгдсөн болох нь тогтоогдож байх тул үүсгэн байгуулагдаагүй хуулийн этгээд барилгын захиалагч биш тухай нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын тайлбар үндэслэлгүй.

6.7.Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох өөр дэмжих баримтыг ирүүлээгүй, түүнчлэн 166.000 фунт стерлингийг барилгын хөрөнгөд оруулаагүй, тусдаа зээлийн асуудал гэж шүүх хуралдааны явцад анх бичгээр ирүүлсэн нэхэмжлэлд дурдсанаас өөрөөр тайлбарласан. Иймд шүүх нэхэмжлэгчийг А блок барилгад бодитоор мөнгөн хөрөнгө оруулсан болохоо баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

7.Эрхийн улсын бүртгэлийн Г-2203003751 дугаарт бүртгэлтэй 52 тоот /43 нэгтгэгдсэн/ газрын тухайд:

Хэргийн баримтаар 2007, 2008 онд хариуцагч Б.О тухайн газрын өмчлөгчөөр анх бүртгэгдсэн, улмаар Б.О, Б.Б нарт шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Тэрээр тухайн газрыг нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөөр худалдан авсан болохоо хүлээн зөвшөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.

Хариуцагч Б.Оын хувьд тухайн газрыг анх өөрөөс хөрөнгө гаргаж худалдан авснаа нотлоогүй, энэ талаар дэмжих баримтыг ирүүлээгүй тул газрын хувьд хариуцагчийг тухайн хөрөнгийн өмчлөлийг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй.

Гэвч маргааны энэ тохиолдолд газрыг Б.Оын зүгээс Б.О, Б.Б нарт 2009 онд бэлэглэлийн гэрээгээр шилжсэн, 2010 онд Б.Б хасагдах хэлцлээр хасагдаж зөвхөн Б.Оад шилжсэн, дээрх хэлцлүүд хүчин төгөлдөр байхаас гадна тухайн газар дээр баригдсан барилгын хувьд шүүх дээрх байдлаар хариуцагчийг өмчлөгч гэж үзсэн, хэдийгээр газар түүн дээр баригдсан хөрөнгө тус тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээтэй хөрөнгүүд боловч салгаж үл болох газартай холбоотой эрхүүд, нөгөөтэйгүүр бусдын газарт анхнаасаа тохиролцож барилгыг барьсан тул шүүх бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өмчлөлийг нэхэмжлэгчид олгох боломжгүй гэж үзлээ. Хэрэгт баримтаар тухайн газрыг үнэлсэн үнэлгээний тайлангууд авагдсан хэдий ч нэхэмжлэгч газрын хувьд зөвхөн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан, харин тухайн газрын үнийг шаардаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр шийдвэрлэсэн болно. Иймд энэ шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгов.

8. Б блок барилгын тухайд:

Энэ барилгатай холбогдуулан нэхэмжлэгчээс тус барилгын 1 дүгээр давхарын өмчлөгчөөр тогтоолгохоор, хариуцагчаас 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Газар худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, урьдчилгаанд төлсөн 150.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар, 1 давхрын нийт талбайг Б.Б, Б.О нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, 1 давхраас ногдох байсан 50 хувийн талбайн оронд Б блок барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайг Б.Бы өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, ийнхүү шилжүүлсний дараа газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийг Б.Бд даалгуулах, Б блок барилгыг бүрэн барьж дуусгаж Хаан банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусгавар болсны дараа иргэн Б.Бд 1 дүгээр давхрыг өмчлөх эрх үүсэх болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

Нэхэмжлэгч Б.Б, Б.О нар А блок барилгад залгаа 44, 45 тоот хамтран өмчлөлийн газартаа Б блок барилгыг хамтран барихаар 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр анх хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Улмаар гэрээний нөхцлийг өөрчилж 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн, 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр, нэхэмжлэгч Бат-Оюун нь хураамждаа өөрийн хамтран өмчлөлийн 44, 45 тоот газрынхаа өөрт ногдох хэсгийг өгч, тухайн газар дээр 12 давхар барилга бариулахаар, барилгын ажилд оролцохгүй байхаар, ашиглалтад орсны дараа барилгын тодорхой хэсгийг өмчлүүлэхээр, харин Б.О нь 100 хувь өөрийн зардлаар барилгыг барьж ашиглалтад оруулахаар, барилгаас бусад хэсгийг өмчлөхөөр, түүнчлэн Б.Оаас Б.Бд 150.000.000 төгрөгийг урьдчилгаанд мөнгөн хэлбэрээр төлөхөөр тус тус тохиролцжээ.

Үүний дараа 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хоёр удаагийн худалдах худалдан авах гэрээгээр 44, 45 тоот газрынхаа хамтран өмчлөх хэсгээ Б.Оад шилжүүлэхээр, Б.О тухайн газарт барилга барьж дуусахаар барилгын 1 болон 11 дүгээр давхрыг Б.Бы өмчлөлд шилжүүлэхээр, мөн 150.000.000 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлэхээр тус тус тохирчээ.

Энэ худалдах худалдан авах гэрээгээр талууд өмнөх хамтран ажиллахаар тохиролцсон хүсэл зоригоо өөрчилж, харин нэхэмжлэгч Б.Б өөрийн хамтран өмчлөлийн газрын ногдох хэсгээ хариуцагч Б.Оад худалдахаар тохирсон байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүсчээ.

Хариуцагчаас худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлбэрийн шаардлага хангаагүй буюу үл хөдлөх хөрөнгө тул улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж тайлбарласан.

Дээрх гэрээнүүдийн аль алинд нөхцөл заасан буюу 10 жилийн дотор барилга барина, барилга баригдаж А талд шилжүүлсний дараа газрыг шилжүүлнэ гэх зэргээр болзол заасан, тухайн болзол бүрдээгүй буюу Б блок барилга баригдаж дуусаагүй улсын комисс хүлээн аваагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус тухай хариуцагчийн сөрөг шаардлага үндэслэлгүй.

Хариуцагч Б блокын 1 давхарт сургуулийн үндсэн хаалга, орц, гарц, аюулгүйн гарц байрлаж байгаа, хэрвээ 1 давхраа бүхэлд нь Б.Бд өгвөл барилгын дээд давхарт байрлах сургалтын танхим, заал танхим руу сургуулийн оюутнууд орох боломжгүй болох зэрэг эрсдэлтэй, тухайн барилгад үйл ажиллагаа явуулах сургуулийн үйл ажиллагаа доголдох, орц гарцгүй болох сөрөг үр дагаварт хүргэнэ гэж тайлбарласан ч энэ нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна. Хариуцагч тохиролцоог хэрэгжих боломжгүй болсон гэж тайлбарласан ч гэрээг цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй байх тул шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлыг хариуцагчийн тайлбарласан дээрх үндэслэлүүдийн хүрээнд үгүйсгэх боломжгүй.

Мөн талууд тохиролцооны үндсэн дээр нэхэмжлэгч Б.Бд барилгын 1 давхарыг шилжүүлэхээр тохирсон тул шүүх хөндлөнгөөс талуудын тохиролцоонд шууд оролцох, өөрчлөх замаар 1 дүгээр давхарыг 50, 50 хувиар талбайг өмчлүүлэх, нэхэмжлэгчид өөр давхраас талбайг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй болно.

Үүнээс гадна хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд хоорондоо эрс зөрүүтэй. Эхний шаардлага болох 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шаардсан. Гэвч дараагийн шаардлага барилгыг бүрэн барьж дуусгаж, барьцаа дуусгавар болсны дараа Б.Бд Б блок барилгын 1 дүгээр давхарыг өмчлөх эрх үүсэх болохыг тогтоолгох гэж өмнөх шаардлагаа үгүйсгэсэн буюу хэлцэл хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай байна.

Нэхэмжлэгчийн гаргасан Б блок барилгын 1 давхарын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд талууд гэрээгээр ийнхүү тохиролцсон, уг тохиролцоог шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн боловч гэрээнд барилгыг 10 жилийн дотор багтаан барьж дуусгах болзол заасан уг болзол хангагдаагүй, мөн тухайн барилгыг улсын комисс хүлээж аваагүй тул шүүх бүртгэлд бүртгэгдээгүй хөрөнгөд өмчлөлийг шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно, гэж, 48 дугаар зүйлийн 48.3-т Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасныг дурдав. Нэхэмжлэгч нь энэ шаардлагаа тухайн барилгыг улсын комисс хүлээн авч болзол хангагдсны дараа шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Дээрхийг нэгтгээд үндсэн болон сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан Б.О, ГУИСХ БСБ-д холбогдуулан гаргасан

-Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43, 52 тоот газрууд дээр баригдсан хоорондоо дамждаг 2 барилгын А блок барилгын ажил бүрэн дуусч коридорын будгийн ажил хийгдэх үед буюу 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Б.О нь хамтран ажиллахаар болсон үйл явдлыг тогтоолгох, А блок барилга буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024071 дугаарт бүртгэлтэй 1.944 мкв талбайтай барилгын өмчлөгчөөр тогтоолгох, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 52 тоот, Г-2203003751 дугаарт бүртгэлтэй 773 мкв газрын өмчлөх эрхийг Б.Бы нэр дээр шилжүүлэхийг даалгах, Б блок барилгын 1 дүгээр давхарын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Бы нэхэмжлэлийн шаардлагыг,

-Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул Б.Бд холбогдуулан гаргасан 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, төлсөн 150.000.000 төгрөгийг буцаан гаргуулах, Б блок барилгын 1 давхрын нийт талбайг Б.Б болон Б.О нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, 1 давхраас ногдох байсан 50 хувийн талбайн оронд Б блок барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайг Б.Бы өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, ийнхүү шилжүүлсний дараа газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийг Б.Бд даалгуулах, барилгыг бүрэн барьж дуусгаж Хаан банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусгавар болсны дараа иргэн Б.Бд Б блок барилгын 1 дүгээр давхарыг өмчлөх эрх үүсэх болохыг тогтоолгох тухай хариуцагч Б.О, ГУИСХ БСБ-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг,

-А блок барилгыг барьж дуусгах хөрөнгө оруулалт иргэн Б.Б миний дансаар орж баригдаж дууссаныг тогтоолгох, Б.О А блокод зориулан хөрөнгө шилжүүлээгүйг тогтоолгох тухай гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Б.О, ГУИСХ БСБ-д холбогдох 2 ширхэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, мөнГБС ТББ, Б.О нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Б тус тус татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.907.400 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.041.200 төгрөг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ