Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00541

 

 

 

Б.Аны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2022/02460 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Аны хариуцагч Г- НҮТББ, Г БСБ, О.Т, О.Ю нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43,52 тоот хаягт баригдсан хоорондоо дамждаг 5 давхар 2 барилгын Б блок барилгын ажил бүрэн дуусаж коридорын будгийн ажил хийгдэх үед (2010.02.01) О.Т хамтран ажиллахаар болсон үйл явдлыг тогтоолгох, А блок барилга буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-220324071 дугаарт бүртгэлтэй 1,944 м.кв талбайтай барилгын өмчлөгч болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 52 тоот, Г-2203003751 дугаарт бүртгэлтэй 773 м.кв газрын өмчлөх эрхийг Б.Аны нэр дээр шилжүүлэхийг хариуцагч О.Тад даалгах, Б блок барилгын 1 дүгээр давхар болон 2 ширхэг машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, 43 тоот газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж 150,000,000 төгрөг буцаан гаргуулах, Б блок барилгын 1 давхрын нийт талбайг Б.Ан болон О.Т нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, 1 давхраас ногдох байсан 50 хувийн талбайн оронд Б блок барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайг Б.Аны өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, ийнхүү шилжүүлсний дараа газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийг Б.Анд даалгуулах,12 давхар Б блок барилгыг бүрэн барьж дуусгаж ХААН банк ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусгавар болсны дараа иргэн Б.Анд Б блок барилгын 1 дүгээр давхрыг өмчлөх эрх үүсэх болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 52 тоотод байрлах А блок барилгыг барьж дуусгах бүх хөрөнгө оруулалт Б.Б-нийн дансаар орж, тухайн хөрөнгөөр барьж дуусгасан болохыг тогтоож, хариуцагч О.Т А блок барилгад зориулж хөрөнгө шилжүүлээгүйг тогтоолгох тухай гуравдагч этгээд Б.Б-нийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лут, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, хариуцагч О.Т, түүний өмгөөлөгч Д.Оросоо, хариуцагч О.Ю-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, гуравдагч этгээд Б.Б-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Б.Ан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, барилгачдын 3 дугаар гудамжны 43, 52 тоот хаягт байрлах өмчлөх эрхтэй газруудыг худалдан авахаар О.Ю-ад төлбөрийг шилжүүлж түүний нэр дээр газрын өмчлөх эрхийг шилжүүлж, Б.Б-нэд барилга барих ажлыг хариуцуулсан. Б.Б-нэ барилгыг барьж дууссаны дараа 3 дугаар давхрыг өмчилж өгөхөөр тохиролцсон болно. Барилга баригдаж дуусах үед О.Т Манай Г-, сургалтын төв нь Гэрэл төвд 1 сард 9,000,000 төгрөг түрээс төлдөг учир таны барилгад сургалтын үйл явуулж, үргэлжлүүлээд Б блокийг барья" гэсэн санал гаргасныг зөвшөөрсөн. О.Т барилга засварын сүүлчийн ажил болох коридор, хаалганы будгийг хийсэн. 2010 онд Г- сургалтын төвийг нүүлгэн оруулсан. О.Т нь манай барилгад нүүж орсноор сар бүр төлдөг байсан түрээсийн 9,000,000 төгрөгөөс чөлөөлөгдөж Б Блокийг барих боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, О.Т нь А блокийг барихад оролцоогүй зөвхөн коридор, хана, хаалгыг будсан ба харин түрээснээс чөлөөлөгдөж зээл авч Б блокийг барьсан. Б.Ан А блок барилгын газрын төлбөр болон барилга барих зардлыг гаргасан.Гсургууль БСБ 2014 онд байгуулагдан 2017 онд гэрчилгээ авсан тул үүсгэн байгуулагдаагүй сургууль барилгын захиалагч байх боломжгүй. Б.Ан А блок барилгыг 2008 онд эхлүүлж, Б.Б-нийн 100 хувийн өмчлөлийн компаниар мөнгийг дамжуулж 2010 оны 01 дүгээр сард дуусгасан. 52 тоот газрын өмчлөх эрхийн гэрчилгээг О.Ю-ын нэрээр авсан. Уг газрын үнийг Б.Ан төлснийг О.Ю- мэдүүлсэн. Газрыг худалдан авсан гэрээнд үнийг 5,000,000 төгрөг гэсэн ч 20,000,000-30,000,000 төгрөг, 50,000,000 төгрөгөөр худалдан авсан. Б.Анаас барилгын зардалд 586,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтад хийсэн.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол Ногоон нуур гудамж, 51 тоот хаягт байршилтай 1,944 м.кв талбайтай Ү-2203024071 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн /А блок/ барилгын ажил бүрэн дуусаж коридорын будгийн ажил хийгдэх үед буюу 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс О.Т нь хамтран ажиллахаар болсон үйл явдлыг тогтоолгож, 1,944 м.кв талбайтай Y-2203024071 бүртгэлийн дугаартай ул хөдлөх хөрөнгийн (А блок) өмчлөгч Б.Ан болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Аны нэр дээр шилжүүлэхийг Глобал удирдагч их сургууль, О.Т нарт даалгуулах, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 52 тоот Г-2203003751 дугаартай, нэгж талбарын 18643312360698 дугаартай 773 м.кв газрын өмчлөх эрхийг Б.Аны нэр дээр шилжүүлэхийг О.Тад даалгуулах, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, барилгачдын 3 дугаар гудамжны 44, 45 тоот газар дээр баригдсан Б блок барилгын 1 дүгээр давхрын өмчлөгчөөр тогтоолгох, Б блок барилгыг О.Т нь А блок барилгаас түрээсийн хэмнэгдсэн мөнгө, ХААН банк ХХК-ийн зээлээр барьсан ба хоорондын гэрээгээр 1 ба 11 дүгээр давхрыг Б.Анд шилжүүлэх үүрэгтэй.

2 ширхэг автомашины гараашийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна. 43 тоот газрыг 52 тоот газарт нэгтгэсэн тул шаардлагагүй. А блок барилгын өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг О.Т болон Г БСБ-д холбогдуулан гаргасан. Газар шилжүүлэхийг даалгах шаардлагыг О.Тад холбогдуулж гаргасан. Г- НҮТББ-д холбогдох шаардлагагүй. О.Ю-ад холбогдуулан шаардсан зүйлгүй. Газрын өмчлөлийг анх шилжүүлсэн тул хамтран хариуцагчаар оролцуулсан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г- НҮТББ, Г БСБ, О.Т нарын тайлбар, татгалзлын агуулга:

А блок барилгаГсургуулийн өмчлөлийн барилга бөгөөд тус сургууль үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203024071 тоот гэрчилгээгээр А блок барилгын хууль ёсны өмчлөгч болох нь нотлогдож байна. Уг барилгыг барихад Б.Ан хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд тус А блок барилга О.Т банкны зээлээр баригдсан. А блок барилгын зураг төслийг Гандирс Од ХХК хийж гүйцэтгэж, барилга барих Ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниар Уян сервис ХХК ажиллаж, уг барилгыг барьж дуусгасан. Эдгээр компаниуд Б.Ан, гуравдагч этгээд Б.Б-нэ нартай хамааралгүй, өөр компаниуд бөгөөд барилгыг Б.Б-нэ бариагүй. Б.Б-нийн 100 хувийн өмчлөлийн компаниар бариулаагүй. Энэ нь 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2014/484 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар нотлогддог. Тус Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад А блок барилгын захиалагч ньГсургууль, барилгын Ерөнхий болон туслан гүйцэтгэгч Уян сервис ХХК, зураг төсөл боловсруулсан Гандирс Од ХХК гэж тодорхой бичсэн. А блок барилгад Б.Ан хөрөнгө оруулаагүй болох нь "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийнГсургуулийн А блок хичээлийн А байрны барилгын барилга угсралтын ажлын төсвийн гүйцэтгэлийн үнэлгээний тайлангаар нотлогддог. Уг үнэлгээний тайлангаар тухайн үед буюу барилгыг баригдаж байх үед 2010 оны байдлаар барилга угсралт заслын ажилд 1,049,666.0 төгрөг, дулааны гадна шугам 122,850.3, цэвэр усан хангамжийн гадна шугам 21,038.4, бохир ус зайлуулах гадна шугам 10,790.4, цахилгааны гадна шугам, дэд өртөөний өргөтгөлийн хамт 51,152.0 буюу нийт 1,255,000,000 төгрөгөөр барьсан.

Б.Ан барилгад хэдэн хөрөнгийн хөрөнгө оруулалтад хийсэн нь тодорхойгүй, хөрөнгө оруулсан гэх тайлбараа нотлоогүй. А блок барилгаГсургуулийн хууль ёсны өмч болох нь нотлогдож байгаа бөгөөд өмчлөх эрхээ 8 жилийн турш хэрэгжүүлж байна. Иймд уг эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчөөс шаардах хууль зүйн үндэслэлгүй. Уг барилгад Б.Ан хөрөнгө оруулалт хийгээгүй. 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хамтран ажиллах гэрээ нь 52 тоот газар, А блок барилгад хамааралгүй, 45 тоот газартай хамааралтай юм. Талууд 44, 45 тоот газарт 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 150,000,000 төгрөг, Б блок барилгын 1, 2 дугаар давхрыг өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Талууд анх үйлчилгээтэй орон сууц барихаар тохирч байгаадГсургуулийн өөрийн хөрөнгөөр, ХААН банк ХХК-ийн зээлээр А блок барилгыг барьсан, тус барилга 100 хувьГсургуулийн өмчлөлийн барилга юм.

А Блок барилгыг барихад, О.Т, Б.Ан нар 200,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулахаар тохиролцсон бөгөөд Б.Ан уг газарт барилга бариулж байгаа давуу эрхээр 1 болон 2 дугаар давхруудыг авахаар тохирсон. Б.Аны А блок барилгад оруулсан өөрийн хөрөнгө оруулалт 80,000 фунт стерлинг болон 43 болон 52 тоот газрууд О.Тад зээлсэн 90,000 фунт стерлинг гэж нэхэмжилж байсан. О.Т нь хувь хүнийхээ хувьд Б.Анаас 2008-2010 он хүртэл хугацаанд гэрээ хийж нийт 166,600 фунт стерлинг зээлж ашиглаж байсан бөгөөд тухайн үеийн ханшаараа 391,692,128 төгрөг болно. О.Т нь 2010-2018 он хүртэл хугацаанд Б.Анаас зээлсэн 166,600 фунт стерлинг буюу энэ мөнгийг буцааж төлсөн. Санхүүгийн баримтаар Б.Анаас биш Англи улсын THE ACADEMY OF GLOBAL EDUCATION гэх байгууллагаас О.Тад шилжүүлсэн тул Англи улсын байгууллага нэхэмжлэл гаргах байсан.

Б.Ан болон О.Т нар 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж А блок буюуГсургуулийн барилга барих, уг барилгын 1, 2 давхрыг өгөхөөр тохиролцоогүй. THE ACADEMY OF GLOBAL EDUCATION-ны зээлж байсан мөнгийг А блок барилгын хөрөнгө оруулалт гэж үзэхгүй бөгөөд түүний зээлсэн мөнгийг буцааж төлсөн.

Б.Ан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 52 тоот 773 м.кв газрыг худалдан авч барилга барихаар болж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, барилгачдын 3 дугаар гудамжны 43, 52 өмчлөх эрхтэй газруудыг худалдан авахаар О.Ю-ад газар худалдан авах мөнгийг шилжүүлж газрыг О.Ю-ын нэр дээр гаргуулсан гэх тайлбарласан. О.Ю- Б.Ан нь над руу мөнгө явуулж 43, 52 тоот газруудыг өмнөөс нь худалдаж авч өөрийн нэр дээр байлгаж байсан нь үнэн гэж үндэслэлгүй тайлбар гаргасан. Б.Ан О.Ю-ад газрын мөнгө гэж шилжүүлсэн баримт байхгүй. Б.Ан 43,52 тоот газрыг худалдан авах эрхийг О.Ю-ад олгосон итгэмжлэл байхгүй. О.Ю- болон О.Т нар 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж дээрх газрыг О.Тад шилжүүлсэн.

О.Т нь 43, 52 тоот хаягт байрлах газрыг 14 жилийн турш өмчилж байгаа. О.Ю- уг бэлэглэлийн гэрээний талаар маргаж шаардлага гаргаж байгаагүй. Иймд Б.Ан 43, 52 тоот газрын өмчлөгч байгаагүй, 52 тоот газрын өмчлөх эрхийг Б.Анд шилжүүлээгүй.

О.Т, Б.Ан нар 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр О.Т, Б.Ан нарын хамтын өмчлөл бүхий Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 44 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 652 м.кв газрын өөрт ногдох хэсгээ иргэн Б.Ан нь О.Тад гэрээнд заасан нөхцөлөөр шилжүүлэхээр тохирсон. Уг гэрээнд 20х24 хэмжээтэй 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг барих, иргэн Б.Анд барилгын 1 давхраас өгөх, мөн 150,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэрээний 7-д худалдан авагч тал нь тус газар дээр барилга бариулж дуусмагц тухайн барилгын 1-р давхрын өмчлөх эрхийг худалдагч талд шилжүүлэх буюу бусад холбогдох бичиг баримтыг яаралтай гаргаж өгнө. Ийнхүү өмчлөл шилжсэний дараа худалдагч тал нь тус газрын хамтран өмчлөлөөс хасагдах хэлцэл хийлгэн тус газрын гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр гаргуулна гэж заасан. Гэрээний дагуу О.Таас Б.Анд 150,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Уг газарт 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг ХААН банк ХХК-ийн зээлээр барьж байгаа бөгөөд гэрээний 3-д Мөн худалдан авагч тал нь тус газар дээр баригдах барилгыг 10 жил дотор бариулж дуусгаад 1-р давхраа худалдагч талын өмчлөлд шилжүүлнэ гэж тохирсон. Мөн гэрээгээр 12 давхар барилгыг баригдаж дуусмагц 1 давхрыг шилжүүлнэ гэж заасан. Эдгээр нөхцөлүүд бүрэн хангагдаагүй байгаа. Мөн уг барилгын 1 дүгээр давхрыг барилгыг бүрэн барьж, улсын комисс хүлээн авч, албан ёсоор ашиглалтад орсны дараа Б.Анд өгөх боломжтой гэжээ.

 

3.Хариуцагч О.Ю-ын тайлбар, татгалзлын агуулга:

Б.Ан О.Ю- руу мөнгө шилжүүлж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43, 52 тоотуудын газрыг худалдан авсан.. О.Т, Б.Б-нэ Б.Аны зөвшөөрлөөр газрын өмчлөгчөөр О.Ю-, О.Т, Б.Б-нэ нэмж бүртгүүлж хамтран барилга барихаар тохирсон боловч Б.Ан хүүхэд төрүүлсэн байсан тул О.Т, Б.Б-нэ нарын нэр дээр шилжүүлэн, өмчлөгчөөс О.Ю- хасагдсан. Газрыг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

4. Хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр 12 давхар барилгыг бүрэн барьж дуусгаж ХААН банк ХХК-тай байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дуусгавар болсны дараа Б.Анд Б блок барилгын 1 дүгээр давхрыг өмчлөх эрх үүснэ.Гсургуулийн үүсгэн байгуулагч, захирал О.Т, Б.Ан нар нь 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 20х24 хэмжээтэй 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг барих, Б.Анд барилгын 1 давхраас өгөх, мөн 150,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу О.Таас Б.Анд 150,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. О.Т нь барилгыг ХААН банк ХХК-ийн зээлээр барьж байгаа барилгын ажил дуусаагүй. ХААН банк ХХК-аас авсан зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй нөхцөлд Б блок барилгын өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх боломжгүй. Б.Ан зээлийн санхүүжилтээр баригдаж байгаа, барьцааны гэрээгээр барьцаанд байгаа эд хөрөнгө, эрхийн талаар тэргүүн ээлжинд шаардах эрхгүй.

Талууд 2013 оны04 дүгээр сарын 19-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хариу төлбөртэй байхаар тохиролцсон. Гэвч талууд гэрээний үнийг тохиролцоогүй, урьдчилгаа 150,000,000 төгрөг гэж гэрээнд заасан. Гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй учраас талуудын хооронд үл ойлголцол үүссэн. Мөн уг гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно. Гэтэл энэ хуулийн шаардлагыг хангаагүй, талууд гол нөхцөлийн талаар тохиролцоогүй. Талууд өгсөн, авсан зүйлээ буцаах ёстой, энэ газрын өмчлөгч Б.Ан, О.Т нар юм. Иймд өмчлөгч гэрээ хийгээд хууль зөрчсөн. Иймд 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хэлцлээр нэхэмжлэгчид шилжсэн 150,000,000 төгрөгийг Б.Анаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

О.Т нь урьдчилгаа төлбөр өгч Б.Аны өмчлөлийн газар дээр барилга барьсан. Гэтэл гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж өгсөн, авснаа буцаана гэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, 150,000,000 төгрөг төлбөл газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлнө гэх сөрөг нэхэмжлэл гаргасан. А блок барилга барихад оролцоно гэсэн боловч оролцоогүй. О.Т Гэрэл төвд сард 9,000,000 төгрөгийн түрээс төлдөг байснаа 2012 оны 02 дугаар сард Б.Ан, Б Бат-Эрдэнэ нарын барьсан барилгад нүүн орж түрээсийн төлбөр 9,000,000 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж энэ хөрөнгөөр Б блок барилгыг барихад хөрөнгө оруулсан. Хариуцагч 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баригдсан барилгад 2014 онд байгуулагдсан сургууль 2018 онд зээл авч хөрөнгө оруулсан гэх тайлбар цаг хугацааны хувьд үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Б.Ан сургууль байгуулахад О.Тын диплом болон гэрчилгээг ашигласан. Б.Ан барилгыг О.Тад хариуцуулсан. Б.Б-нийн дансаар мөнгийг шилжүүлж барилга барьсан талаар Н.Бархүү мэдүүлсэн. О.Т 2009 онд барилга барихад оролцсон. Барилгыг барихад 6 хүн оролцсон. Б.Аны нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Б.Аны мөнгөөр 2009 онд А блок барилгыг барьж 2010 оны 02 дугаар сарын 01-нд барьж дуусгасан. О.Т нь А блок барилгыг барихад хөрөнгө оруулах болон бусад байдлаар оролцоогүй. Б блок барилгыг барихад Б.Б-нэ оролцоогүй бөгөөд 150,000,000 төгрөг авч газрыг чөлөөлнө гэсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б-нийн шаардлагын агуулга:

Б.Ан, Б.Б-нэ, О.Т нар 600,000,000 төгрөгөөр барилга барьж, 200,000,000 төгрөгийг тус бүр гаргахаар тохиролцож Б.Б-нээс гаргах 200,000,000 төгрөгийг Б.Ан гаргаж 200,00,000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцохоор тохиролцсон. Б.Аны хөрөнгөөр тухайн барилгын барьсан. О.Т хөрөнгө оруулаагүй. Иймд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж 52 тоот хаягт байрлах А-блок барилгыг барьж дуусгах бух хөрөнгө оруулалт Б.Б-нийн дансаар орж, тухайн хөрөнгөөр барьж дуусгасан болохыг тогтоож, О.Т А-блок барилгад зориулан хөрөнгө шилжүүлээгүйг тогтоож өгнө үү гэжээ.

 

8. Бие даасан шаардлагад гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамж, 52 тоот газар дээр баригдсан 5 давхар А Блок барилга нь бүхэлдээ сургуулийн хууль ёсны өмчлөлийн барилга, уг барилгыг барихад нэхэмжлэгч Б.Ан, гуравдагч этгээд Б.Б-нэ нар ямар нэгэн байдлаар хөрөнгө, мөнгө оруулж хамтран ажиллаагүй. Б.Б-нэ А блок сургуулийн барилга барих ажилд хөлсөөр ажилласан.Гсургуулиас түүний ажлын хөлсөнд 45,000,000 төгрөгийг төлсөн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Тус барилгыг барихад Б.Ан, Б.Б-нэ нар 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, Б.Ан Б.Б-нийн өмнөөс 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар баримтгүй. Иймд Б.Б-нийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХААН банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

ХААН банк ХХК нь Г БСБ, О.Ттай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 1,650,000,000 төгрөгийг 84 сарын хугацаатай, жилийн 16,2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Үүргийн гүйцэтгэлд маргаанд хамаарах А блок барилга, 52, 44, 45 тоот газруудыг барьцаалсан. Зээлийн гэрээний 4.2.18-д Хөрөнгө оруулалтын зээлийн хувь уг санхүүжилтээр бий болсон эсхүл бий болох хөрөнгийг банкинд барьцаална гэж заасны дагуу зээлдэгч нь банкны зээлийн хөрөнгөөр баригдаж буй Б блок барилгын гэрчилгээ гаргахад банкинд барьцаалуулах үүрэгтэй. Мөн гэрээний 4.2.17-д зааснаар зээлдэгч аливаа өр төлөгдөөгүй байгаа тохиолдолд банкны урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр барьцааны зүйлийг худалдах, эсхүл түүнтэй холбоотой гуравдагч этгээдийн эрх, барьцааны эрх бий болгох буюу бий болгохыг зөвшөөрөхийг хориглоно. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 06 дугаар сард дуусах тул барилга, газар болоод барилгын тодорхой хэсгийг өөр этгээдүүдэд өмчлөхийг барьцаалуулагчийн хувьд зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг бий болоход хөрөнгө оруулсан гэдгээ нотлоогүй. Талуудын хооронд үүссэн маргааны ХААН банк ХХК-ийн эрх хөндөгдөх учиргүй гэжээ.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

11.1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан О.Т, Г БСБ-д холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43, 52 тоот газрууд дээр баригдсан хоорондоо дамждаг 2 барилгын А блок барилгын ажил бүрэн дуусаж коридорын будгийн ажил хийгдэх үед буюу 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс О.Т нь хамтран ажиллахаар болсон үйл явдлыг тогтоолгох, А блок барилга буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024071 дугаарт бүртгэлтэй 1,944 м.кв талбайтай барилгын өмчлөгчөөр тогтоолгох, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 52 тоот, Г-2203003751 дугаарт бүртгэлтэй 773 м.кв газрын өмчлөх эрхийг Б.Аны нэр дээр шилжүүлэхийг даалгах, Б блок барилгын 1 дүгээр давхрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Аны нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул Б.Анд холбогдуулан гаргасан 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, төлсөн 150,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, Б блок барилгын 1 давхрын нийт талбайг Б.Ан болон О.Т нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, 1 давхраас ногдох байсан 50 хувийн талбайн оронд Б блок барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайг Б.Аны өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, ийнхүү шилжүүлсний дараа газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийг Б.Анд даалгуулах, барилгыг бүрэн барьж дуусгаж ХААН банк ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусгавар болсны дараа иргэн Б.Анд Б блок барилгын 1 дүгээр давхрыг өмчлөх эрх үүсэх болохыг тогтоолгох тухай хариуцагч О.Т, Г БСБ-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг, А блок барилгыг барьж дуусгах хөрөнгө оруулалт иргэн Б.Б-нэ миний дансаар орж баригдаж дууссаныг тогтоолгох, О.Т А блокод зориулан хөрөнгө шилжүүлээгүйг тогтоолгох тухай гуравдагч этгээд Б.Б-нийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

11.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Т, Г БСБ-д холбогдох 2 ширхэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, мөн Г- ТББ, О.Ю- нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Ан тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

11.3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,907,400 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,041,200 төгрөг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Б.Ан маргаан бүхий А блок барилгын газар худалдан авах болон барилга барих мөнгийг гаргасан. Б.Б-нэ барилгын бүх мөнгийг зарцуулсан. О.Т 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө А блок барилгад ямар ч хөрөнгө оруулаагүй ба Б.Ан хөрөнгө оруулсан болох нь санхүүгийн баримтаар тогтоогдсон. Гэрч Н.Бархүү үүнийг нотолсон ба хариуцагч үгүйсгээгүй. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэлт хийсэн тул өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Б.Ан, Б.Б-нэ, О.Т, О.Ю нарын хооронд хамтран ажилласантай холбоотой маргаан үүссэн. Б.Ан мөнгөн гаргаж О.Ю- газар худалдан авсан. Мөн Б.Ан барилга барих мөнгийг гаргаж Б.Б-нэ А блок 6 давхар барилгыг бариулсан. Н.Бархүү А блок барилгын инженерээр ажилласан. О.Т барилга барьж дууссаны дараа хөрөнгө оруулалгүйгээр эзэмшиж, ашиглаад, өмчлөгч болсон.

Нэхэмжлэгч 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор барилга барьж дуусгасан энэ хугацаанд хариуцагч хөрөнгө оруулаагүй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хариуцагч 2018 онд ХААН банк ХХК-аас авсан зээлээр 2009 онд хөрөнгө оруулаад 2014 онд сургууль баригдсан гэж зөрүүтэй тайлбар гаргасан. Б.Ан хөрөнгө оруулснаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн. Б.Ан, Б.Б-нэ, О.Т хөрөнгө оруулсан гэж мэдүүлсэн, мөн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. Б блок барилгын маргааныг гэрээнд зааснаар шүүх шийдвэрлэх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

14. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн 150,000,000 төгрөгийг Б.Анаас гаргуулах, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр 12 давхар барилгыг бүрэн барьж дуусгаж ХААН банк ХХК-тай байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дуусгавар болсны дараа Б.Анд Б блок барилгын 1 дүгээр давхрыг өмчлөх эрх үүсэх болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

О.Т, Б.Ан нар нь 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 44 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 652 м.кв газрын өөрт ногдох хэсгээ Б.Ан нь О.Тад гэрээнд заасан нөхцөлөөр шилжүүлэхээр тохирсон. Мөн уг гэрээгээр 20x24 хэмжээтэй 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг барих, Б.Анд барилгын 1 давхраас өгөх, мөн 150,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Талууд дээрх маргаан бүхий гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хариу төлбөртэй байхаар тохиролцсон. Гэвч талууд гэрээний зүйлийн нийт үнийг тохиролцоогүй, урьдчилгаа 150,000,000 төгрөг гэж гэрээнд заасны дагуу О.Т уг мөнгийг Б.Анд төлсөн. Гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүйгээс талуудын хооронд маргаан үүссэн. Мөн уг гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байна. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно. Гэтэл энэ хуулийн шаардлагыг хангаагүй, талууд гол нөхцөлийн талаар тохиролцоогүй тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Б.Ан, О.Т нар өмчлөгчид юм. Иймд өмчлөгч гэрээ хийхдээ хууль зөрчсөн байна, энэ алдааг залруулах шаардлагатай. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасныг Улсын Дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хуулийг буруу хэрэглэсэн.

Талууд гэрээний 7-д Худалдан авагч тал нь тус газар дээр барилга бариулж дуусмагц тухайн барилгын 1 дүгээр давхрын өмчлөх эрхийг худалдагч талд шилжүүлэх, ийнхүү өмчлөл шилжсэний дараа хариуцагч тал тус барилгын хамтран өмчлөлөөс хасагдах хэлцэл хийж тус гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр гаргуулна гэж заасан. О.Т, Глобал удирдагч их сургууль БСБ барилгыг ХААН банк ХХК-ийн зээлээр барьж байгааг Б.Ан зөвшөөрсөн. Барилгын ажил дуусаагүй байгаа.Гсургууль БСБ нь ХААН банк ХХК-аас 1,650,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлийн төлбөрийг төлөөгүй нөхцөлд Б блок барилгын өмчлөх эрхийг шилжүүлэх эрхгүй. Мөн зээлийн гэрээний барьцааны 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр Ү-2203024071 улсын бүртгэлийн дугаартай, 1,944 м.кв талбайтай,Гсургууль БСБ-ын барилга, Г-2203003751 улсын бүртгэлийн дугаартай, СБД, 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 52 тоот, 773 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний О.Тын өмчлөл бүхий газар, мөн хаягт байрлах Г-2203002592 улсын бүртгэлийн дугаартай, 44 тоот, 652 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний О.Т, Б.Аны өмчлөл бүхий газар барьцаанд байгаа тул барьцааны гэрээнд ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт оруулахыг барьцаалагчийн зүгээс зөвшөөрөхгүй болохыг мэдэгдсэн. Б.Ан зээлээр баригдаж байгаа барилгын өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхгүй. Анхан шатны шүүх ... нэхэмжлэгчийн гаргасан Б блок барилгын 1 давхрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд талууд гэрээгээр ийнхүү тохиролцсон, уг тохиролцоог шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэсэн боловч гэрээнд барилгыг 10 жилийн дотор багтаан барьж дуусгах болзол заасан уг болзол хангагдаагүй, мөн тухайн барилгыг улсын комисс хүлээж аваагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул өмчлөлийн маргааныг шийдвэрлэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь энэ шаардлагаа тухайн барилгыг улсын комисс хүлээн авч болзол хангагдсаны дараа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон, үүнийг дэмжиж байгаа болно. Харин манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Учир нь манай сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болох банкны зээл төлөгдөж, барьцаа хөрөнгө чөлөөлөгдсөний дараа хөрөнгийг өмчлөх эрх үүсэх болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлтэй байсан юм.

Б блок барилга нь Г БСБ-ын сургалтын үйл ажиллагааны зорилгоор ашиглагдана. Б блок барилгын 1 давхрыг бүхэлд нь бусдад шилжүүлэх, гуравдагч этгээдийн өмчлөлд очсон тохиолдолд тус сургууль нь үндсэн орц, гарцгүй болж үйл ажиллагаа явуулах боломжгүй, барилгад нэвтрэх, дамжин өнгөрөх болон бусад хэрэгцээнд ашиглах зориулалттай нийтийн эзэмшлийн талбайгүй болно. Иймд уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус юм. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны бодит нөхцөл байдлыг зөв тогтоогоогүй. Талууд гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан байхад анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж зөвшөөрсөн гэх агуулгатай дүгнэлт хийсэн. Шүүх гэрээний үндсэн шинж, гэрээний зүйл, үнэ, талуудын эрх, үүргээс хамааран хуульд заасан хэлбэрийн шаардлага хангагдаагүй гэсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаар хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн. Тухайлбал, худалдах, худалдан авах гэрээний үнэ тодорхой бус, үнийг шаардахад хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй нөхцөл байдлыг шүүх анхаараагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Нэхэмжлэгч Б.Ан, хариуцагч Г- НҮТББ, Г БСБ, О.Т, О.Ю нарт холбогдуулж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43,52 тоот хаягт баригдсан хоорондоо дамждаг 5 давхар 2 барилгын Б блок барилгын ажил бүрэн дуусаж коридорын будгийн ажил хийгдэх үед (2010.02.01) О.Т хамтран ажиллахаар болсон үйл явдлыг тогтоолгох, А блок барилга буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-220324071 дугаарт бүртгэлтэй 1,944 м.кв талбайтай барилгын өмчлөгч болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 52 тоот, Г-2203003751 дугаарт бүртгэлтэй 773 м.кв газрын өмчлөх эрхийг Б.Аны нэр дээр шилжүүлэхийг хариуцагч О.Тад даалгах, Б блок барилгын 1 дүгээр давхар болон 2 ширхэг машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, 43 тоот газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч нараас нэхэмжлэгчид холбогдуулж, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж 150,000,000 төгрөг буцаан гаргуулах, Б блок барилгын 1 давхрын нийт талбайг Б.Ан болон О.Т нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, 1 давхраас ногдох байсан 50 хувийн талбайн оронд Б блок барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайг Б.Аны өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, ийнхүү шилжүүлсний дараа газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийг Б.Анд даалгуулах,12 давхар Б блок барилгыг бүрэн барьж дуусгаж ХААН банк ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусгавар болсны дараа иргэн Б.Анд Б блок барилгын 1 дүгээр давхрыг өмчлөх эрх үүсэх болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл,

Гуравдагч этгээд Б.Б-нэ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 52 тоотод байрлах А блок барилгыг барьж дуусгах бүх хөрөнгө оруулалт Б.Б-нийн дансаар орж, тухайн хөрөнгөөр барьж дуусгасан болохыг тогтоож, хариуцагч О.Т А блок барилгад зориулж хөрөнгө шилжүүлээгүйг тогтоолгох тухай бие даасан шаардлага тус тус гаргажээ.

1. Зохигчид шаардлага ба татгалзлын үндэслэлээ өөрсдөө тодорхойлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй боловч шүүх талуудын маргаж байгаа зүйл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулснаар маргаантай эрх зүйн харилцааны төрлийг тодорхойлох, улмаар тухайн маргааныг зохицуулсан хуулийг зөв хэрэглэж маргааныг үндэслэлтэй шийдвэрлэх учиртай.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үйл баримт тогтоолгох шаардлага нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн шаардлагын үндэслэлд хамаарах учир бие даасан шаардлага болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч талуудын маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөв тодорхойлж, үйл баримтыг бүрэн тогтоож чадаагүй байна.

Түүнчлэн, шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан бүртгэл үнэн зөв байх зохицуулалтыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгохдоо хариуцагч өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх, бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан эсэх үйл баримтын талаар зохигч маргах эрхтэйг анхаараагүй байна.

2.Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгаас үзэхэд талуудын маргааны зүйл нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, /14180/, Ногоон нуур гудамж, 51 дүгээр гудамжны 52 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024071 дугаартай, 1944 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө буюу А блок барилгад болон уг барилгатай залгаа Б блок дуусаагүй барилгад хэн, хэзээ, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан, улмаар дундаа хамтран эсхүл хэсгээр болон дангаар өмчлөх эрхийн талаар болон тэдгээрийн доорх газрын өмчлөлийн талаар маргасан гэж үзэхээр байна.

Энэ талаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2021/01409 дугаартай тогтоолд дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан ...Б.Ан оруулсан хөрөнгийнхөө хувь хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах боломжтой байсан... гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, эрх зүйн дүгнэлт хийх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэхболовч зохигчдын анхан шатны шүүхэд гаргаагүй үйл баримт, талууд мэтгэлцээгүй шаардлага, үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар О.Ю-ыг оролцуулахаар шаардлагаа өөрчилснөөр тэрээр хэргийн оролцогч болсон байх боловч маргааны зүйлийн талаар ...газрыг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй... гэсэн тайлбар гаргаснаас өөрөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд маргаан бүхий газрын эзэмших эрх анх О.Ю-ын нэр дээр байсан, маргаан бүхий барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зураг түүний нэр дээр гарсан, нэхэмжлэгчээс О.Ю-ын дансанд мөнгө хөрөнгө шилжүүлж байсан зэргээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг оролцуулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан ...О.Ю-ыг хариуцагчаас чөлөөлж байна... гэсэн бичгийн баримтаар хариуцагчаар оролцуулахаас татгалзсан тохиолдолд гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг шүүхээс тодруулаагүйгээс хэргийн ямар оролцогч болсон нь тодорхой бус болжээ. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалангийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлтэй.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн оролцогчдын эрх зүйн байдал тус тус тодорхой бус, маргааны зүйл болж байгаа А болон Б блок барилга, түүний доорх газрын өмчлөлийн талаарх маргаанд оролцвол зохих этгээдүүдийг бүрэн оролцуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

3. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул ....анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаар хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн....худалдах, худалдан авах гэрээний үнэ тодорхой бус, үнийг шаардахад хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй нөхцөл байдлыг шүүх анхаараагүй....сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулж өгөх-ийг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2022/02460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээд Б.Б-нийн төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Б.Аны төлсөн 3,907,400 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,049,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Н.БАТЗОРИГ