Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2022/00001/И |
Дугаар | 152/ШШ2023/00546 |
Огноо | 2023-12-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 152/ШШ2023/00546
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х овогт Г.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э овогт Л.О,
Хариуцагч: ХЦДА-д тус тус холбогдох,
Хариуцагч Л.О болон ХЦДА-н хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, хариуцагч ХЦДА-ас 21,800,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, ХЦДА-н худалдах, худалдан авах гэрээний дагуу байрны өмчлөх эрхийн шилжүүлж өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.А,
Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Уянга,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
Хариуцагч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуагч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Л.О болон ХЦДА-н хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, хариуцагч ХЦДА-с 21,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие х тоот хаягт байрлах, 36 м.кв талбайтай, улсын бүртгэлийн х дугаар бүхий 2 өрөө орон сууцыг хууль ёсоор өмчлөх эрхтэй. Үүнийг монгол улсын Улсын бүртгэлийн газраас албан ёсоор гэрчилж гэрчилгээ олгосон байдаг. Миний бие анх 1999 онд тус байрны үнэ болох 800.000 төгрөгийг Ж.Ш-д төлсөн ч гэсэн байрны ордерыг хүнд өгсөн гээд нэр дээрээ шилжүүлэн авч чадаагүй байж байгаад 2008 оны 3 дугаар сард даралт харваж эмчлүүлж байгаад Улаанбаатар хот руу 2009 онд нүүх шаардлага гарсан. Тухайн үед ажиллаж байсан Х дугаарангийн жижүүр Д.Д-т онгоц нисэх болсон тул байрны түлхүүрээ үлдээсэн. Ингээд олон жил эмчилгээ хийлгэж байгаад байрны өмчлөлийн асуудлаар шүүхээр орж миний бие Ж.Ш-д 2003 онд 228.022 төгрөг нэмж төлсөн ба 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрээр тус орон сууцыг өмчлөх эрхтэй болсон. Миний бие Улаанбаатар хотод олон жил эмчилгээ хийлгэж байсан тул орон сууцандаа очиж чадаагүй явсаар байгаад орон сууцандаа очиж амьдрах гэтэл миний орон сууцанд Л.О гэж хүн 2 жилийн өмнөөс амьдарч байгаа болно. 2021 оны 12 дугаар сарын эхээр өөрийн байрандаа амьдрахаар Увс аймагт очиж Л.О-г миний орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардахад чөлөөлж өгөхгүй гэсэн. Уг байрны өмчлөлийн асуудлаар тухайн үед ямар нэгэн маргаан үүсэж байгаагүй, Хилийн цэргийн ангид орон сууцаа хүлээлгэж өгөөгүй бөгөөд орон сууц хүлээлгэж өгсөн ямар нэгэн баримт байхгүй байдаг. Би өвчин зовлонтой, үхэл хагацал үзэж гэр бүлийн хүнээ алдсан, өөрөө цус харваж ухаантай, ухаангүй байх үед Хилийн цэргийн нэг ангийн захирагчийн шийдвэрээр хувь хүний өмчийг хууль бусаар эзэмшиж байгаад гүнээ харамсаж гомдож байна. Би ойлгохдоо орон нутагт зах хязгаар газар томилолтоор ирж байгаа албан хаагчид нэг нь ч гэсэн миний байранд амьдарч түрээсийн хэдэн төгрөг өгвөл эм тариа, эмчилгээний зардалд хэрэгтэй болов уу гэж бодож итгэж найдаж байсан юм аа. Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92,1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.1-д 106.1.Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй 106.2-д "Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй" 106.3-д "Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, ... бусад тохиолдолд нүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна" гэж заасны дагуу Л.О, түүний гэр бүл, хамаарал бүхий этгээдийн хууль бус эзэмшлээс миний орон сууцыг бүхэлд нь албадан чөлөөлж, Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байр чөлөөлөх ажиллагааг даатгаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аав Г.Г нь Увс аймгийн Улаангом сумын х тоотод оршин суудаг байсан. 1999 онд иргэн Ж.Ш-аас худалдаж аваад 2009 он хүртэл амьдарч байсан. 2008 онд ажлаа хийж явахдаа одоогийн Боршоо боомтод даралт харваж, хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан. Тухайн үед тэтгэврийн нас нь болоогүй байсан учраас хэлж ярих чадвараа алдсан байсан ч ажлаа хийж байсан. Ээж минь 2003 онд нас барсан. Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн ажиллаж байсан үеийн лавлагааг шинээр гаргаж өгч байна. Тухайн үеийн ангийн захирагч чи ажлаа хийж чадахгүй, хэлж, бичиж чадахгүй байна, байнгын эмчилгээнд явдаг ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажлаа өг гэдэг байдлаар дарамталж байсан. Удалгүй Багануурын цэргийн ангид томилогдоод 5 өнчин хүүхдээ тэжээхийн тулд, мөн нэгдсэн эмнэлэгтээ ойрхон байх үүднээс тушаал бууруулж ч хамаагүй Улаанбаатар дахь анги руу шилжүүлээд өгөөч гэх хүсэлтээ гаргаж, Багануурын цэргийн ангид шилжин ажилласан. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад миний аав 2008 онд даралт харваж хөдөлмөрийн чадвараа алдсан, гэтэл ажлаас нь энэ тал дээр ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй учраас би маш гомдолтой байна. Аав минь 2011 онд тэтгэвэрт гарсан гарсан. Шилжиж явахдаа ангийн жижүүрээр тэр өдөр гарч байсан Д.Д гэдэг хүнд байрныхаа түлхүүрийг хүлээлгэж өгөөд би эргэж ирээд орно, ашиглаж байж болно гэдгийг захиад явсан. ХЦДА байгууллагын санхүүгийн баримтдаа уг байрыг бүртгээд яваад байсан учраас уг байрыг байгуллагын өмч гэж хууль бусаар эзэмшиж бусдад буюу албан хаагч нар түрээсэлж байсан. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг зах зээлийн хамгийн бага хэмжээний дүнгээр тооцож 21,800,000 төгтөг нэхэмжилсэн. Иймд хариуцагч Л.О болон ХЦДА-н хууль бус эзэшлээс орон сууцыг чөлөөлж, хариуцагч ХЦДА-с 21,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нэхэжлэл гаргасан. Маргаан бүхий орон сууц Г.Г-ын өөрийн эзэмшлийн орон сууц мөн эсэх нь хэрэгт авагдсан баримт болон шүүхээс гарсан актуудаар тогтоогддог. Нэхэмжлэгч нь 2008 онд даралт харваж харьяа газрын эмнэлэгт ойрхон байх шаардлагатай болсон тул байгууллагадаа хүсэлт гаргаж Багануурын цэргийн анги руу шилжин ажилласан. 2003 онд эхнэр нь нас барж 5 өнчин хүүхэдтэй үлдсэн тул тэрээр эрүүл мэндийн шалтгаантай байсан ч ажлаа хийж хүүхдүүдээ тэжээх зайлшгүй шаардлагатай болсон. 2013 онд эрүүл мэндийн байдал нь сайжирч өөрийн эзэмшлийн орон сууцаа авах гэхэд тус орон сууцыг байгууллагын санхүүгийн баримтад бүртгэж албан хаагчид тухай бүр оршин сууж байсан. Г.Г нь ажил үүргээ гүйцэтгэж яваад харвалт өгсөн. Харвалт авснаар эрүүл мэндэд нь үүсээд эрүүл мэндээ эмчлүүлэх үүднээс харьяа газрын эмнэлгийг бараадаж Улаанбаатар хот руу явж ажиллахаар хүсэлт гаргасан гэдгийг бол тайлбарлаж байгаа. Харвалт гэдэг өвчин бол бусад хүний тархитай холбогдолтой, хэл яриа үг хэлэх боломжгүй болох гар хөл саажилт үүсэх одоо бусдын гаднын хэн нэгэн хүний тусламж авдаг ийм хүнд өвчин. Орон сууцын маргааны хувьд бол 2009 оноос 2013 оны хооронд явсны хугацаанд тогтмол эмчийн хяналтад, мөн физик эмчилгээ болон бусдын асрамжид байж байгаад эрүүл мэндийн байдал нь сайжраад 2013 онд өөрийнхөө одоо эзэмшлийн орон сууцын талаар орон нутагтаа ирж за ингээд харьяа байгууллагадаа хандсан. Тухайн үед байгууллага нь гаднаас ирсэн, томилогдож ирж байгаа албан хаагч болон бусад цэргийн ангийн ажилтанд эзэмшүүлж амьдруулж байсан ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч нь Д.Д-д түлхүүрээ үлдээж явахдаа захиран зарцуулах тал дээр санал гаргаагүй байхад өөрийн байгууллагын бүртгэлд бүртгэж аваад албан хаагч нарыг байрлуулан ажиллуулж үр шимийг хүртэж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү... гэжээ.
4. Хариуцагч Л.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Увс аймаг, Улаангом сум, х тоот хаягт оршин суух Л овогтой О миний бие иргэн Г.Г-с гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар хилийн х дугаар ангийн захирагчийн орлогч, Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны даргаар томилогдон одоог хүртэл тус ангид ажиллаж байна. Увс аймаг, Улаангом сум, х тоот хаягт байрлах 36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд 2020 оны 07 дугаар сараас одоог хүртэл албан тушаалын байранд амьдарч байгаа бөгөөд тус байр нь хилийн х дугаар ангийн албаны мэдлийн орон сууц тул иргэн Г.Г-с гаргасан нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй татгалзаж байна гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, А.А нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Г-ын гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч Л.О-д холбогдох ХЦДА-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, А.А нар дараах тайлбарыг гаргаж байна. ХЦДА иргэн Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Г.Г нь 1998-2009 оны хооронд хилийн х дугаар ангид Захирлийн орлогч, соёл сурталчилгааны албаны дарга, Захирагчийн орлогч, ар тал хангалтын даргаар тус тус ажиллаж байсан. Учир нь Г.Г нь 1999 онд цэргийн хүнсэнд мал өгнө гээд тус ангиас бэлэн мөнгө авсан байх бөгөөд Сагил сумын Боршоо багийн зусланд зусаж байсан хүргэнээсээ 3 тэмээ авсан байдаг. Тухайн үед 2 тэмээ нь 1 км хүрэхгүй газар яваад буцаж зугтан өөрийн сүрэгтээ нийлснийг тэмээний эзэнд хэлээд 1 тэмээг цааш авч явсан. Улмаар оны эцэс болж тооцоо хийгдэхэд Г.Г нь манай байгууллагад өртэй гарч, уг өрөндөө 2 өрөө орон сууцаа өөрөө хүлээн зөвшөөрч өгсөн. 1999 оны өвөл манай албанаас 300,000 төгрөгийн зөрүү мөнгийг өгсөн ба нэхэмжлэгч ч үүнийгээ нэхэмжлэл болон тайлбартаа хэлсэн байдаг. Энэ байр манай ангийн дансанд 1999 оноос одоог хүртэл 24 жил болж байна. Тухайн үед ХЦДА-д Г.Г нь даргын зөвлөлийн гишүүн, удирдах албан тушаалд ажиллаж байр эзэмших эрхтэй албан тушаалуудыг хашиж байсан тул тэрээр ажлаа хийж байх хугацаандаа Албаны байрандаа амьдарч байгаад 2009 оны 6 дугаар сард шилжин явахдаа байраа хүлээлгэн өгсөн. Уг байранд 2009 оноос хойш ХЦДА-н сургалтын албаны дарга, дэд хурандаа Д.Д, ахмад Б.П, Эрүүл мэндийн төвийн дарга, ахлах дэслэгч Х.А, Цэргийн сургалт сахилга, албаны зохион байгуулалтын тасгийн дарга, ахмад Б.Э нар амьдарч байсан одоогоор Захирагчийн захиргаа хариуцсан орлогч, дэд хурандаа Л.О гэрээ байгуулж тус байранд орж өнөөг хүртэл амьдарч байна гэжээ.
6. Хариуцагчийн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Г.Г захирагчийн орлогч ар талын хангалтын даргаар ажиллаж байсан. Хил хамгаалах ерөнхий газрын хурандаа Б гэж хүнтэй хамт комисст орж томилогдоод мал маханд явсан. Ингэхдээ 700,000 төгрөгөөр тэмээ аваад айлдаа тэмээгээ буцааж өгсөн. Албан тушаалын үүргийн дагуу Г.Г хагас жил жил эцсийн тооллогын комиссын даргаар томилогдон ажилласан. Шилжиж явахдаа өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхгүй, түлхүүрээ өгөөд явсан. Д.Д хурандаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой тайлбарласан байсан. Уг байр 1999 оноос хойш нийт 24 жил манай байгууллагын эд хөрөнгөд бүртгэлтэй байна. Өмнөх шүүх хурлуудаар ХЦДА миний байрыг булааж авсан гэх тайлбар гаргаж байсан боловч манай талаас нотлох баримт гаргаж өгсөний дараа өвчний улмаас ирж чадаагүй гэх тайлбар гаргаж байна. Тухайн үеийн жилийн эцсийн тооллогоор Г.Г-д байгууллагын эд хөрөнгө хариуцдагийн хувьд өртэй гарсан учраас тэмээний 700,000, байрны зөрүү 300,000 нийт 1,000,000 төгрөг өгсөн. Байрныхаа мөнгийг бүрэн төлсөн, үүний дараа Г.Г-с мөнгө авсан зүйл байхгүй. Г.Г нь ар тал хангалтын дарга учраас албан тушаалын хувьд байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байдаг. Байгууллагад уг хөрөнгийг шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй. Шилжүүлээгүй явсаар байрж 2014 онд өөрийнх нь нэр дээр гэрчилгээ гарангуут өөрт ашигтай байдлаар төрийн өмч хөрөнгийг шамшигдуулж байна гэж үзэж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд уг маргаан бүхий байрыг ХЦДА-н зүгээс тэмээний 700,000 төгрөг, зөрүү 300,000 төгрөг өгч үнийг нь төлж 1999 онд манай байгууллагын эзэмшилд шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг нь шилжүүлээгүй. Учир нь Г.Г уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Ж.Ш-аас өөрийн нэр дээр шилжүүлээгүй байгаа, шилжүүлж авсаныхаа дараа Хилийн х дугаар ангийн өмчид шилжүүлж өгнө гэж хэлсэн. Г.Г нь маргаан бүхий байрны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байх тул Хилийн х дугаар ангитай байгуулсан гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй. Иймд Г.Г-с худалдах худалдах авах гэрээний дагуу тухайн байрны өмчлөх эрхийг шилжүүлж өгнө үү... гэжээ.
7. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйийн 106.1-д зааснаар байрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Г.Г нь 1999 онд тэмээнийхээ өрөнд уг байрыг ХЦДА-д зарж, тухайн үеийн ханшаар үнийг нь авсан. Энэ тухай аль аль тал нь маргадаггүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгч өөрөө хууль ёсны өмчлөгч, эзэмшиж байгаа хүний эзэмших эрх нь хууль бус байх ёстой гэх урьдчилсан нөхцөл хангагдах ёстой. ХЦДА-н зүгээс Г.Г-г хууль бусаар дарамталж байж уг байрыг авсан тухай баримт хэрэгт авагдаагүй. Г.Г өөрөө ХЦДА-д тухайн байрыг хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай аавыг Хилийн х дугаар анги дарамталдаг байсан гэх тайлбарыг гаргаж байна. Хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Нотлох баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдлын талаар тайлбар гаргах шаардлагагүй. Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн хувьд шалтгаантай байсан боловч ажлаа хийж байсан, Хилийн Х дугааранги руу шилжиж ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Ийм учраас тасралгүй эрүүл мэндийн шалтгаантай байсан, ирж байраа буцааж авах боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар тухайн баримтуудаар няцаагдаж байна. Тухайн байрны эзэмшил хуулийн дагуу юм уу, хууль бус гэдэг дээр тайлбар гаргахад ХЦДА-д Г.Г өөрөө байраа хүлээлгэж өгсөн. Байрны үнийг хүлээж авсан, үнийг төлсөн эсэх дээр маргахгүй атлаа миний байрыг хууль бусаар эзэмшиж байна гэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Өөрийнх байрыг хууль бусаар авсан гэж үзэж байгаа юм бол яагаад тухайн үед ХЦДА-с 1,000,000 төгрөг авсан юм. Г.Г өөрөө түлхүүрээ авч ирж өгснөөр ХЦДА өөрийн хөрөнгийн бүртгэлд бүртгэж авах нөхцөл бүрдэж, одоогийн байдлаар тухайн байрыг 24 жил эзэмшсэн. ХЦДА болон Л.О нарын хувьд албаны бусад байрыг яаж эзэмшиж ашигладаг, түүнтэй адил эзэмшиж байгаа учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан хууль бус эзэмшлээс чөлөөлүүлье гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэл хангахдахгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хүн тухайн эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших ямар ч эрхтэй байж болно. Тухайн хүний өмчлөл эзэмшлийн эд хөрөнгийг өмчлөгч биш этгээд дураараа ашиглаад яваад байгаа үед заавал улсын бүртгэлийн гэрчилгээ шилжсэний дараа гэлтгүй түүнээс өмнө нь бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Яагаад гэвэл зөвхөн өмчлөх эрхтэй этгээд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргадаггүй, эзэмших эрхтэй этгээд ч хуулийн дагуу хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх эрх байдаг. Г.Г 1999 оноос 2014 он хүртэл өмчөх эрхийг гэрчилгээ гаргах хүртэл хугацаанд хууль ёсны эзэмшигч байсан юм бол гуравдагч этгээд буюу ХЦДА Л.О нарын хувьд өмчлөгчтэй адил эрх үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болж чадаж байсан. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эрүүл мэндийн баримтуудаас Г.Г ийм удаан хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэх үйл баримт тогтоогддоггүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн хувьд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацаа тоологддог. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүсэн үеэс эхэлж тоолно гэж заасан. 2009 оноос хойш Х дугаар анги тухай байрыг эзэмшиж ашиглаж эхэлснээрээ Г.Г-ын эзэмших эрхийг зөрчиж эхэлсэн. Тухайн хугацаанаас тоолвол 2019 онд хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараагаас нэхэмжлэл гаргасан байгаа учраас хэрэгсэхгүй болгох боломжтой. Иргэний хуулийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан. Д.Д мэдүүлэгтээ намайг байрыг харж эргэж бай гэж байрны түлхүүрээ өгсөн гэж мэдүүлдэггүй. Г.Г нь явахдаа түлхүүрээ хүлээлгэж өгч байгаа үйлдэл нь тус байр ХЦДА-н өмчлөл гэдгийг үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Шүүхийн хэлэлцүүлэгт миний гаргаж өгсөн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 283 дугаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Тухайн хэрэг маргааныг 2003 онд шийдвэрлэж байхад нэхэмжлэгч Г.Г хариуцагчаар оролцож, шүүх хуралдаан дээр бичгээр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дээр хариуцагчаар оролцож тайлбар гаргахдаа тухайн үеийн нэхэмжлэгч Ж.Ш-д Одоо би байраа өгч чадахгүй. 2000 онд х дугаар ангид өрөндөө өгсөн гэх тайлбарыг гаргасан. Уг тайлбарыг үндэслээд шүүхээс зөрүү мөнгийг Г.Г-с гаргуулах шийдвэр гаргаж уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. 1999 болон 2009 оноос аль альнаас нь эхэлж тоолсон ч нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ХЦДА өмчлөх эрхийн гэрчилгээгүй боловч хуулийн дагуу эзэмшиж байгаа нөхцлийг нэхэмжлэгч дуугүй байснаараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл тогтоогдож байна. Иймд байр албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Байрны түрээсийн төлбөрт 21,800,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Яагаад гэвэл ХЦД-н алба хаагч нар нь байнга томилолтоор, шилжин ажилладаг, тухайн байгууллагын дотоод журмаар шилжиж ирсэн алба хаагчийг байраар хангах журамтай. Уг журмын дагуу Л.О ХЦДА-н захирагч Д.А гэдэг хүнтэй албаны орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулаад эзэмшиж байсан. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т Эрх бүхий этгээд эд хөрөнгийг буцааж авах хүртэл эд хөрөнгө болон эрхийн үр шим өмнөх эзэмшигчийнх байна гэж заасан. Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар албан хаагчдыг албаны орон сууцаар хангах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу ХЦДА Л.О-д эзэмшүүлээд явж байгаа. Г.Г болон тухайн үеийн байгууллагын удирдлагууд хоорондоо тохиролцоод өрөндөө байраа өгөөд зөрүү мөнгөө авсан. Уг тохиролцоог хүчин төгөлдөр бусад тооцуулсан шүүхийн шийдвэр байхгүй өөрөөр хэлбэл тухайн үед тохиролцсон тохиролцоо өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр гэж ойлгохоор байгаа учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэх урьдчилсан нөхцөл хангагдахгүй байна. Мөн тухайн шаардлагын нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байгаа юм. Увс аймгийн Статистикийн хэлтсээс 200,000 төгрөг гэх судалгаа гэх баримт аваад ирчихсэн. Гэтэл тэр баримт нь юунд үндэслэж, яаж гаргасан баримт гэдэг нь тодорхойгүй. Байрны үнэлгээг албан ёсоор тогтоосон баримт биш. Иймд байрны түрээсийн төлбөрт 21,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 1999 онд байрыг шилжүүлэхдээ гэрээ байгуулсан гэж байгаа боловч гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар шаардсан. Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.
8. Хариуцагч ХЦДА шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
8.1. Г.Г нь манай цэргийн ангид ажиллаж байх хугацаандаа буюу 1999 онд Увс аймгийн Улаангом сумын х тоот хаягт байрлах, 36 м2 талбайтай байрыг х дугаар ангид худалдаж, хөлсөнд тухайн үеийн ханшаар тэмээний төлбөрт 600,000 төгрөг, сүүлд зөрүү болгож 300,000 төгрөг нийт 900,000 төгрөг авсан. Ингээд тус байрыг 1999 онд ХЦДА-н эзэмшилд шилжүүлэн өгсөн боловч өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй. Учир нь тухайн үед байрыг худалдсан Г.Г нь байрны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр болгож аваагүй байгаа тул байрны эзэмшлийг шилжүүлэн өгөөд, өмчлөх эрхийг анх байрыг худалдан авсан Ж.Ш гэх хүнээс өөрийн нэр дээр шилжүүлж авчихаад өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэж хэлсэн. Г.Г нь тухайн маргаан бүхий байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2014 онд гаргуулан авч, одоо байрны өмчлөгч болсон байх тул манай ХЦДА-тай байгуулсан гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүрэгтэй байна. Иймд иргэн Г.Г-с Худалдах худалдан авах гэрээ-ний дагуу Увс аймгийн Улаангом сумын х тоот хаягт байрлах, 36 м2 талбайтай, байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
9. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:
9.1. Хил хамгаалах газрын Хипийн х дугаар ангиас иргэн Г.Г-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний дагуу байрны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.
1. Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн х дугаар анги нь иргэн Г.Г-тэй 1999 онд Увс аймгийн Улаангом сумын х тоотод байрлах 36м2, 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх боловч талуудын хооронд байгуулсан гэрээ, Хилийн х дугаар ангиас 2 тэмээний оронд дээрх орон сууцыг авсан тухай акт, тэмдэглэл зэрэг баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Иймд талуудын хооронд тухайн үед худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна. Мөн 1997 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 3.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болж тухайн үл хөдлөх хөрөнгийг гэрээний үндсэн дээр өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүснэ гэж заасан байх тул энэ тохиолдолд Хилийн х дугаар анги болон иргэн Г.Г нарын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбоотой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 124/ШШ/2023/0002 шийдвэрийн 9 дүгээр нүүрэнд ...Гэтэл Г.Г нь 1999 онд иргэн Ж.Ш-аас түүний өмчлөлд шилжээгүй (Ж.Ш-д 2003 онд өмч хувьчлах товчооны шийдвэрээр байрыг хувьчилснаар) байрыг худалдан авсан, улмаар Г.Г-д хуульд зааснаар өмчлөх эрх үүсээгүй байхад байрыг ХЦДА-д өрөндөө шилжүүлсэн. Г.Г болон ХЦДА-н хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, Хилийн х дугаар ангийг өмчлөгч, эзэмшигчээр тогтоосон ямар нэг шийдвэргүй, холбогдох төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөл, шийдвэргүй байхад үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эд хөрөнгийн дансандаа тусгаж, албаны байрны зориулалтаар ашиглаж ирснийг ХЦДА-д х тоот орон сууцыг өмчлөх, эзэмших эрх хуульд зааснаас үүссэн гэж үзэхгүй... гэж дүгнэжээ. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэснээр тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул иргэн Г.Г болон Хилийн х дугаар ангийн хооронд Увс аймгийн Улаангом сумын х тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, тус байрыг хилийн х дугаар анги өмчлөх эрхтэй эсэх үйл баримтыг иргэний хэргийн шүүхэд дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байна. 3. Мөн Хилийн х дугаар ангийн зүгээс Увс аймгийн Улаангом сумын х тоот орон сууцны өмчлөх эрхийг 1999 онд байгуулагдсан худалдах, худалдах авах гэрээний дагуу шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Иймд Х дугаар ангиас Г.Г-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
10. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000229684 гэрчилгээ, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Г.Г-ын эмнэлгээс гарах шилжих үеийн эпикриз, Г.Г-ын үзлэгийн баримт /АШУҮИС-ийн эмнэлэг/, Г.Г-ын 2010 оны 12 сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Г.Г-ын 2010 оны 06 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Г.Г-ын 2009 оны 05 сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Г.Г-ын 2008 оны 6 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, А.Д-ын нас барсны бүртгэлийн лавлагаа, БХХСАХНЭ-ийн мэдрэлийн тасгийн эрхлэгч, эмч Б.М-ийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 229 дүгээр шийдвэр, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, эмч Б.М-ийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 22 дугаартай албан тоот, уг албан тоотын хавсралт /түрээсийн үнийн судалгаа/, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 159 дүгээр магадлал, итгэмжлэл, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
11. Хариуцагчаас Х дугаар ангийн захирагчийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/31 дүгээр Журам батлах тухай тушаал, уг туаалын хавсралт албаны мэдлийн орон сууц ашиглах, эзэмших журам, хилийн заставуудад албаны орон сууцаар хангагдах албан тушаалтнуудын нэрс, ангийн төвийн албаны орон сууцаар хангагдах албан тушаалтнуудын нэрс, албаны орон сууц эзэмшигчтэй байгуулсан гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Х дугаар ангийн албаны орон сууцанд байрлах албан тушаалтны жагсаалт, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр албаны орон сууц эзэмшигчтэй байгуулсан гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр албаны орон сууц эзэмшигчтэй байгуулсан гэрээ, 2021 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын бүртгэл, 2020 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын бүртгэл, 2019 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын бүртгэл, 2018 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын бүртгэл, Барилга, байгууламжийн хэмжээсийн 2018 оны бүртгэл, тооллогын бүртгэл, 2016 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын бүртгэл, 2015 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын бүртгэл, 2014 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын бүртгэл, Х дугаар анги 2012 оны 12 сарын 30 барилга байгууламжийн бүртгэл, Х дугаар ангийн 2012 оны 12 сарын 11-ний өдрийн эд хөрөнгийн тооллогын бүртгэл, Увс аймгийн Улаангомын Дулааны 2 дугаар станц ТӨХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 25 дугаар Х дугаар ангид гэх албан бичиг, х тоот гэх 2 хуудас баримт, х тоот 2010-2021 оны цэвэр бохир усны төлбөрийн жагсаалт, Увс Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн хэрэглэгчийн /Л.О/ дансны дэлгэрэнгүй тайлан /2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл/, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн өмгөөлөл хуувь зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, итгэмжлэл, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ХЦДА-н улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөрийн даалгаврын баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 283 дугаар шийдвэр, Хилийн цэргийн төв архиваас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан дугаар а/1468 архивын лавлагаа, ХЦДА-с 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 11/78 дугаартай албан тоот зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
12. Шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дүгээр хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжийн дагуу ирүүлсэн Х дугаар ангиас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн 11/31 дүгээр албан бичиг, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр В.М, Л.Б, Д.Д нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Г-ын хариуцагч Л.О болон ХЦДА-н хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, хариуцагч ХЦДА-с 21,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...Манай аав Г.Г нь Увс аймгийн Улаангом сумын Х тоотод оршин суудаг байсан. 1999 онд иргэн Ж.Ш-аас худалдаж аваад 2009 он хүртэл амьдарч байсан. 2008 онд ажлаа хийж явахдаа одоогийн Боршоо боомтод даралт харваж, хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан. Тухайн үед тэтгэврийн нас нь болоогүй байсан учраас хэлж ярих чадвараа алдсан байсан ч ажлаа хийж байсан. Ээж минь 2003 онд нас барсан. Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн ажиллаж байсан үеийн лавлагааг шинээр гаргаж өгч байна. Тухайн үеийн ангийн захирагч чи ажлаа хийж чадахгүй, хэлж, бичиж чадахгүй байна, байнгын эмчилгээнд явдаг ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажлаа өг гэдэг байдлаар дарамталж байсан. Удалгүй Багануурын цэргийн ангид томилогдоод 5 өнчин хүүхдээ тэжээхийн тулд, мөн нэгдсэн эмнэлэгтээ ойрхон байх үүднээс тушаал бууруулж ч хамаагүй Улаанбаатар дахь анги руу шилжүүлээд өгөөч гэх хүсэлтээ гаргаж, Багануурын цэргийн ангид шилжин ажилласан. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад миний аав 2008 онд даралт харваж хөдөлмөрийн чадвараа алдсан, гэтэл ажлаас нь энэ тал дээр ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй учраас би маш гомдолтой байна. Аав минь 2011 онд тэтгэвэрт гарсан гарсан. Шилжиж явахдаа ангийн жижүүрээр тэр өдөр гарч байсан Д.Д гэдэг хүнд байрныхаа түлхүүрийг хүлээлгэж өгөөд би эргэж ирээд орно, ашиглаж байж болно гэдгийг захиад явсан. ХЦДА байгууллагын санхүүгийн баримтдаа уг байрыг бүртгээд яваад байсан учраас уг байрыг байгуллагын өмч гэж хууль бусаар эзэмшиж бусдад буюу албан хаагч нар түрээсэлж байсан. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг зах зээлийн хамгийн бага хэмжээний дүнгээр тооцож 21,800,000 төгтөг нэхэмжилсэн. Иймд хариуцагч Л.О болон ХЦДА-н хууль бус эзэшлээс орон сууцыг чөлөөлж, хариуцагч ХЦДА-с 21,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
...Тухайн үед Г.Г захирагчийн орлогч ар талын хангалтын даргаар ажиллаж байсан. Хил хамгаалах ерөнхий газрын хурандаа Б гэж хүнтэй хамт комисст орж томилогдоод мал маханд явсан. Ингэхдээ 700,000 төгрөгөөр тэмээ аваад айлдаа тэмээгээ буцааж өгсөн. Албан тушаалын үүргийн дагуу Г.Г хагас жил жил эцсийн тооллогын комиссын даргаар томилогдон ажилласан. Шилжиж явахдаа өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхгүй, түлхүүрээ өгөөд явсан. Д.Д хурандаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой тайлбарласан байсан. Уг байр 1999 оноос хойш нийт 24 жил манай байгууллагын эд хөрөнгөд бүртгэлтэй байна. Өмнөх шүүх хурлуудаар ХЦДА миний байрыг булааж авсан гэх тайлбар гаргаж байсан боловч манай талаас нотлох баримт гаргаж өгсөний дараа өвчний улмаас ирж чадаагүй гэх тайлбар гаргаж байна. Тухайн үеийн жилийн эцсийн тооллогоор Г.Г-д байгууллагын эд хөрөнгө хариуцдагийн хувьд өртэй гарсан учраас тэмээний 700,000, байрны зөрүү 300,000 нийт 1,000,000 төгрөг өгсөн. Байрныхаа мөнгийг бүрэн төлсөн, үүний дараа Г.Г-с мөнгө авсан зүйл байхгүй. Г.Г нь ар тал хангалтын дарга учраас албан тушаалын хувьд байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байдаг. Байгууллагад уг хөрөнгийг шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй. Шилжүүлээгүй явсаар байрж 2014 онд өөрийнх нь нэр дээр гэрчилгээ гарангуут өөрт ашигтай байдлаар төрийн өмч хөрөнгийг шамшигдуулж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Г.Г нь манай цэргийн ангид ажиллаж байх хугацаандаа буюу 1999 онд Увс аймгийн Улаангом сумын Х тоот хаягт байрлах, 36 м2 талбайтай байрыг Х дугаар ангид худалдаж, хөлсөнд тухайн үеийн ханшаар тэмээний төлбөрт 600,000 төгрөг, сүүлд зөрүү болгож 300,000 төгрөг нийт 900,000 төгрөг авсан. Ингээд тус байрыг 1999 онд ХЦДА-н эзэмшилд шилжүүлэн өгсөн боловч өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй. Учир нь тухайн үед байрыг худалдсан Г.Г нь байрны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр болгож аваагүй байгаа тул байрны эзэмшлийг шилжүүлэн өгөөд, өмчлөх эрхийг анх байрыг худалдан авсан Ж.Ш гэх хүнээс өөрийн нэр дээр шилжүүлж авчихаад өмчлөх эрхийн гэрчилгэзг шилжүүлж өгнө гэж хэлсэн. Г.Г нь тухайн маргаан бүхий байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2014 онд гаргуулан авч, одоо байрны өмчлөгч болсон байх тул манай ХЦДА-тай байгуулсан гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүрэгтэй байна. Иймд иргэн Г.Г-с Худалдах худалдан авах гэрээ-ний дагуу Увс аймгийн Улаангом сумын Х тоот хаягт байрлах, 36 м2 талбайтай, байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг Хил хамгаалах ерөнхий газрын Х дугаар анги нь иргэн Г.Г-тэй 1999 онд Увс аймгийн Улаангом сумын Х тоотод байрлах 36м2, 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх боловч талуудын хооронд байгуулсан гэрээ, Х дугаар ангиас 2 тэмээний оронд дээрх орон сууцыг авсан тухай акт, тэмдэглэл зэрэг баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Иймд талуудын хооронд тухайн үед худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна. Мөн 1997 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 3.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болж тухайн үл хөдлөх хөрөнгийг гэрээний үндсэн дээр өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүснэ гэж заасан байх тул энэ тохиолдолд Х дугаар анги болон иргэн Г.Г нарын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбоотой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 124/ШШ/2023/0002 шийдвэрийн 9 дүгээр нүүрэнд ...Гэтэл Г.Г нь 1999 онд иргэн Ж.Ш-аас түүний өмчлөлд шилжээгүй (Ж.Ш-д 2003 онд өмч хувьчлах товчооны шийдвэрээр байрыг хувьчилснаар) байрыг худалдан авсан, улмаар Г.Г-д хуульд зааснаар өмчлөх эрх үүсээгүй байхад байрыг ХЦДАд өрөндөө шилжүүлсэн. Г.Г болон ХЦДА-н хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, Х дугаар ангийг өмчлөгч, эзэмшигчээр тогтоосон ямар нэг шийдвэргүй, холбогдох төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөл, шийдвэргүй байхад үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эд хөрөнгийн дансандаа тусгаж, албаны байрны зориулалтаар ашиглаж ирснийг ХЦДА-д Х тоот орон сууцыг өмчлөх, эзэмших эрх хуульд зааснаас үүссэн гэж үзэхгүй... гэж дүгнэжээ. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэснээр тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул иргэн Г.Г болон Х дугаар ангийн хооронд Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, Х тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, тус байрыг Х дугаар анги өмчлөх эрхтэй эсэх үйл баримтыг иргэний хэргийн шүүхэд дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байна. 3. Мөн Х дугаар ангийн зүгээс Увс аймгийн Улаангом сумын тоот орон сууцны өмчлөх эрхийг 1999 онд байгуулагдсан худалдах, худалдах авах гэрээний дагуу шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Иймд Х дугаар ангиас Г.Г-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх үндэслэлээр няцаасан.
6. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Г.Г-г Улаангом сумын 5-р баг Х тоотод байршилтай 36 м.кв орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн х дугаарт бүртгэж х дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 03 сарын 11-ний өдөр олгожээ.
Мөн ХЦДА нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн улсын ахлах бүртгэгч Г.Б-д холбогдуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Г.Г-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн х дугаар гэрчилгээ бичиж олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, х дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаартай шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар үйлийн 18.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ХЦДА-с Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Г.Б-д холбогдуулан гаргасан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн иргэн Г.Г-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн х дугаар гэрчилгээ бичиж олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, х дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 159 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Ийнхүү нэхэмжлэгч Г.Г нь Увс аймгийн Улаангом сумын 5-р баг, Х тоот, 36 мкв хэмжээтэй, орон сууц, х дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх бөгөөд хариуцагч ХЦДА болон Л.О нар нь уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа болох нь дээр дүгнэснээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Г.Г-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд орон сууцны байршлыг Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, ХЦДА-н эд хөрөнгийн бүртгэлд орон сууцны байршлыг Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг гэж багийг зөрүүтэй тэмдэглэсэн байх боловч тухайн газар нь 5 дугаар багт харьяалагдаж байгаад 11 дүгээр баг болж харьяалал өөрчлөгдсөн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэрэгжүүлэх хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, мөн хуулийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Г.Г-ын бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлөхийг шаардах эрх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.4-т заалтад хамаарахгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий 10 жилийн хугацаа үйлчлэхээр байна.
Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу нэхэмжлэгч Г.Г-ын бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлөхийг шаардах хөөн хэлэлцэх 10 жилийн хугацааг түүний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авсан 2014 оны 03 сарын 11-ний өдрөөс эхлэн тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Г-ын Увс аймгийн Улаангом сумын 5-р баг, Х тоот, 36 мкв хэмжээтэй, орон сууц, Ү-х дугаартай, гэрчилгээний х дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ХЦДА болон Л.О нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч ХЦДА-д холбогдуулан миний байранд томилолтоор ирсэн ажилтнуудаа төлбөртэйгээр байрлуулж, орон сууц хөлслөх зардлаа хэмнэж, орлого үр шимийг нь хүртсэн тул 2014 оны 1 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ашигласан төлбөрт нийт 21,800,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч нотлох баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс гаргасан түрээсийн үнийн судалгаа гэх баримт нь юунд үндэслэж, яаж гаргасан баримт гэдэг нь тодорхойгүй. Байрны үнэлгээг албан ёсоор тогтоосон баримт биш байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.
Иймд Г.Г-ын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Хариуцагч ХЦДА-н зүгээс Г.Г-д холбогдуулан Худалдах худалдан авах гэрээ-ний дагуу Увс аймгийн Улаангом сумын Х тоот хаягт байрлах, 36 м2 талбайтай, байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү гэх сөрөг нэхэмжлэл гаргасан ба Г.Г нь манай цэргийн ангид ажиллаж байх хугацаандаа буюу 1999 онд Увс аймгийн Улаангом сумын Х тоот хаягт байрлах, 36 м2 талбайтай байрыг Х дугаар ангид худалдаж, хөлсөнд тухайн үеийн ханшаар тэмээний төлбөрт 600,000 төгрөг, сүүлд зөрүү болгож 300,000 төгрөг нийт 900,000 төгрөг авсан. Ингээд тус байрыг 1999 онд ХЦДА-н эзэмшилд шилжүүлэн өгсөн боловч өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй. Учир нь тухайн үед байрыг худалдсан Г.Г нь байрны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр болгож аваагүй байгаа тул байрны эзэмшлийг шилжүүлэн өгөөд, өмчлөх эрхийг анх байрыг худалдан авсан Ж.Ш гэх хүнээс өөрийн нэр дээр шилжүүлж авчихаад өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэж хэлсэн. Г.Г нь тухайн маргаан бүхий байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2014 онд гаргуулан авч, одоо байрны өмчлөгч болсон байх тул манай ХЦДА-тай байгуулсан гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүрэгтэй байна. Иймд иргэн Г.Г-с Худалдах худалдан авах гэрээ-ний дагуу Увс аймгийн Улаангом сумын Х тоот хаягт байрлах, 36 м2 талбайтай, байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч Г.Г нь 1999 онд иргэн Ж.Ш-аас түүний өмчлөлд шилжээгүй /Ж.Ш-д 2003 онд өмч хувьчлах товчооны шийдвэрээр байрыг хувьчилснаар өмчлөх эрх үүссэн/ байрыг худалдан авсан, улмаар Г.Г-д хуульд зааснаар өмчлөх эрх үүсээгүй байхад байрыг ХЦДА-д өрөндөө шилжүүлсэн, Г.Г болон ХЦДА-н хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, ХЦДА-г өмчлөгч, эзэмшигчээр тогтоосон ямар нэгэн шийдвэргүй байна.
Иймд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг баримтлан ХЦДА-н худалдах худалдан авах гэрээний дагуу Увс аймгийн Улаангом сумын Х тоот хаягт байрлах, 36 м2 талбайтай, байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,650 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн 14,500 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, 337,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХЦДА болон Л.О нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-д олгож, хариуцагч ХЦДА-н сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Г-ынУвс аймгийн Улаангом сумын 5-р баг, Х тоот, 36 мкв хэмжээтэй, орон сууц, Ү-х дугаартай, гэрчилгээний х дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ХЦДА болон Л.О нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ХЦДА-с 21,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг баримтлан ХЦДА-н худалдах худалдан авах гэрээний дагуу Увс аймгийн Улаангом сумын Х тоот хаягт байрлах, 36 м2 талбайтай, байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,650 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн 14,500 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, 337,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХЦДА болон Л.О нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-д олгож, хариуцагч ХЦДА-н сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР