Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 140/ШШ2023/00542

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул, шүүгч Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын баг С. *******ын хэсэг******* тоотод оршин суух *******гийн *******,

Хариуцагч: Завхан аймгийн сумын ******* багт оршин суух *******гийн ,

Хариуцагч: Завхан аймгийн сумын ******* багт оршин суух гийн ,

Хариуцагч: Завхан аймгийн сумын ******* багт оршин суух гийн нарт холбогдох

хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 16.754.577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. /цахимаар/, хариуцагч Л.*******, хариуцагч Б. /цахимаар/, хариуцагч Н., хариуцагч Л.*******гийн өмгөөлөгч Б., иргэдийн төлөөлөгч Б., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Л.*******, Б., Б., Н. нарт холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 6.242.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн хариуцагч Л.*******, Б., Б., Н. нараас 16.754.577 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид болох Л.*******, Б., Б., Б. нарт холбогдуулж Төрийн албаны зөвлөлөөс 16.754.577 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Завхан аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хуралдаанаараа хэлэлцэж 33 дугаартай тогтоолыг гаргаж, уг тогтоолоор тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, Э.г төрийн албанаас түр чөлөөлөх тухай тогтоол гаргасан. 6 сарын хугацаатай төрийн албанаас чөлөөлөх тухай 33 дугаартай тогтоолын дагуу Э. ажилдаа эргэж орж ажиллах тухай хүсэлтийг удаа дараа ИТХ-ын Тэргүүлэгчдэд гаргахад таныг энэ албан тушаалд буцааж томилох боломжгүй гэдэг эс үйлдэхүй үүсгэсний дагуу Э. захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгож  Э.г албан тушаалд нь эгүүлэн томилох тухай захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийн дагуу Э.г буцааж ажилд томилсны дараа захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,  болон давж заалдах шатны шүүхийн магадлалууд гарсан. Улсын Дээд Шүүхийн хяналтын гомдол хэлэлцэхээс татгалзсан шийдвэр гарсан. Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 320 дугаартай шийдвэрээр Э.д ажилгүй байсан хугацааны цалин хөлс 16.754.577 төгрөгийг гаргуулж олгохыг даалгаж шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу Завхан аймгийн сумын ИТХ-ын ажлын албанаас 2022 оны 10 дугаар сарын 28-нд 6.242.400 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10.512.177 төгрөгийг олгосон. Нийт 16.754.577 төгрөг буюу иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг Э.д олгосон. Иймд төрд учирсан хохирлыг Л.*******гаас 4.188.644,25 төгрөг, Б.ээс 4.188.644,25 төгрөг, Б.гаас 4.188.644,25 төгрөг, Н.гаас 4.188.644,25 төгрөг нийт 16.754.577 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт хариуцагчаар оролцож байгаадаа хувь хүний хувьд гэмшиж байна. Энэ асуудал нь  Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э.тай холбоотой. Э.гийн талаар хэдэн зүйлийг хэлэх ёстой гэж бодож байна. Э. нь Завхан аймгийн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 2009 онд томилогдсон. Ингэж ажилд томилогдохдоо ашиг сонирхлын зөрчилтэй томилогдсон. Энэ талаар тухайн үеийн дээд шатны байгууллага дүгнэлт гаргасан байсан, тэр нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баримт бичигт байдаг байсан. Э.г гэдэг хүн ажилд томилж байсан, тэр нь Э.гийн нагац ах нь томилсон ... Авлигатай тэнцэх газраас ирүүлсэн зөвлөмж бичиг, Төрийн албаны төв зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 02/559 дугаартай албан тоот бичгийг үндэслэж Э.г ажилд нь томилоогүй ... бид бүхэн буруутай дээрх нэхэмжилж байгаа мөнгийг төлөх дээрээ тулах юм бол Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэнцэх газар хувааж төлөх ёстой. Төрийн албаны зөвлөл өөрөө ийм албан бичиг ирүүлчхээд тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаад дараагийн хүнийг ажиллуулчхаад, томилогдсоны дараа өөр бусад баримт бичгийг бүрдүүлдэг, мөн Авлигатай тэнцэх газраас мэдүүлэг хянуулж байсан. Ийм байхад өнөөдөр давхардуулж цалин нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн дээд шатны шүүх нь доод шатныхаа шийдвэрийг үгүйсгээд явсан байгаад харамсаж байна. Үнэхээр бид бүхэн буруутай юм бол Төрийн албаны зөвлөл хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна гэв.

Хариуцагч Б. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр 2016 онд сонгогдсон. 2019 онд Э. гэдэг хүн Солонгос улс руу явж суралцана гээд чөлөө авсан, бид хуулийн дагуу чөлөөг нь өгөөд явуулсан. Бид Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийн дагуу ажлаа хийсэн. Миний хувьд 4 жил Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч хийчхээд төлбөр төлнө гэдэг асуудал хэцүү байна. Би өндөр насны тэтгэвэртэй сарын 500.000 төгрөгийн орлоготой. Төрийн албаны салбар зөвлөл муу ажилласнаас болоод бид бүхэн энэ хэмжээний төлбөрт орлоо гэж үзэж байна. Бид хөдөөгөөс сонгогдсон, хууль дүрмийн мэдлэггүй далимдуулан ийм асуудал гаргаж байна гэж үзэж байна. Ийм байхад хөдөө орон нутагт төрийн албанд сайн дураараа ажиллах боловсон хүчин ховор болох байх. Шүүхээс бид бүхнийг буруутай төлбөр төлөх ёстой гэж шийдвэрлэх юм бол Төрийн албаны зөвлөлтэй хувааж төлмөөр байна гэв.

Хариуцагч Н. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 2019 онд гэдэг хүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга байсан. Би гэдэг хүнээс ажлыг нь авч ажиллаж байсан. Тухайн үед сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар гэдэг хүн ажиллаж байсан. дарга Э.г хуулийн сургууль төгсөж ирсэн залуу хүн урчаас Э.г ажилд авна тэргүүлэгчдээрээ хуралдаад намайг ажлаас гаргаад Э.г ажилд авч байсан. Э. ингэж ажилд томилогдохдоо төрийн албан хаагчийн шалгалт өгөх ёстой байсан юм байна лээ. Анхнаасаа хууль бусаар томилогдсон учраас би хууль журамд заасны дагуу ажиллуулах нь зүйтэй гэдэг бичгийг өгч  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд саналаа гаргаж байсан. Үүнээс гадна бид нар Э. Солонгос улсад суралцах гэж байгаа гэж хэлээд чөлөө авсан. Ингээд Солонгос явж ирэхдээ ямар ч суралцсан баримтгүй ирсэн, мөн манай сумынхан Э.г ажиллаж байгаад ирсэн гэдэг яриа байдаг. Миний хувьд одоо өндөр насны тэтгэвэрт байдаг. 4 жил ИТХ-ын Тэргүүлэгч хийгээд авсан цалингүй байж одоо нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй. Тухайн үед сум орон нутгаа бодож буруу зүйлийг засаж залруулах шийдвэр гаргаж байснаас ийм төлбөрт орно гэж бодоогүй явж байсан гэв.

Иргэдийн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.*******, Б., Н., Б.д нарыг энэ хэрэгт гэм буруугүй гэж үзэж байна. Учир нь гэвэл тухайн цаг үеийн хуулийг хүчин төгөлдөр мөрдөж ажиллаж байсан гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч талаас: Төрийн албаны зөвлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дугаартай “Төрийн албаны зөвлөлийн даргаар улируулан томилох тухай” тогтоолын хуулбар, Төрийн албны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02/329 дугаартай “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 010 дугаартай “Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх тухай” тогтоолын хуулбар, Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай “Үүрэгт ажлаас түр чөлөөлөх тухай” тогтоолын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн төлбөрийн хүсэлт, Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 140/ШШ2021/00320 дугаартай шийдвэрийн хуулбар, Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 205/МА2021/00023 дугаартай магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 001/ШХТ2022/00128 дугаартай тогтоолын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаартай тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

Хариуцагч Л.*******гаас: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбар, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 437 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаартай тогтоолын хуулбар, Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулах тухай” албан бичгийн хуулбар, Монгол Улс Авлигатай тэмцэх газрын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/1892 дугаартай “Хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” албан бичгийн хуулбар, Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай “Албан мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай “Асуудал шийдвэрлүүлэх хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, Монгол Улс Авлигатай тэмцэх газар 2018 оын 3 дугаар сарын 28-ны өдрийн 05/2627 дугаартай “Гомдол шилжүүлэх тухай” албан бичгийн хуулбар, Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаартай “Захиалга хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 118/ШШ2020/0011 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 490 дугаартай магадлал зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

Шүүхээс нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.гийн хүсэлтээр  тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 140/ШЗ2023/00015 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжаар Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас Э.д ажилгүй байсан хугацааны цалин 10.512.177 олгосон тухай төлбөрийн хүсэлтийг тус тус хэрэгт хавсаргасан байна.

Шүүхээс хариуцагч Л.*******гийн өмгөөлөгч Б.ийн хүсэлтээр  тус шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 140/ШЗ2023/00017 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжаар Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 02/559 дугаартай албан бичиг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШЗ2023/6450 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийн хуулбарыг тус тус хэрэгт хавсаргасан.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Л.*******гаас 4.188.644,25      төгрөг, Б.ээс 4.188.644,25 төгрөг, Б.гаас 4.188.644,25 төгрөг, Н.гаас 4.188.644,25 төгрөг нийт 16.754.577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Л.*******, Б., Н. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Харин хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад хариу тайлбараа гаргаж өгөөгүй болно.   

Хариуцагч Л.*******, Б., Н., Б. нар нь Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, гишүүдээр ажиллаж байхдаа 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 33 дугаартай “Үүрэгт ажлаас түр чөлөөлөх тухай” тэргүүлэгчдийн тогтоол гарган “Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э.г шинэ дадлага, туршлага эзэмших сургалтанд бэлтгэгдэх болж мэргэжил дээшлүүлэхээр 6 сарын хугацаатай явж байгаа тул 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас түр чөлөөлж сургалтын ээжлийн амралтын үе буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үүрэгт ажилдаа ирж ажиллаж байгаад ахин суралцах чөлөө олгохыг зөвшөөрсөн” байна. /хх-ийн 8/

Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 33 дугаартай “Үүрэгт ажлаас түр чөлөөлөх тухай” тогтоолд хурлын дарга Л.******* гарын үсэг зурсан боловч Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд “хуралд тэргүүлэгч Б., Н., Б., Л.******* нар ирж ирц 57.1 хувьтай байна” гээд “хэлэлцэх асуудлын 4-т Э.д чөлөө олгох асуудлыг хэлэлцэж тогтоол гаргав” гэжээ. /хх-ийн 84-87/

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан 2006 оны/ хуулийн 22 дугаар зүйлд “Хурлын даргын нийтлэг бүрэн эрх”-ийг тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 22.1.2-т “тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж, мөн хуулийн 22.1.6-д “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэж, мөн хуулийн 25 дугаар 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Л.*******, Б., Б., Н. нар нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж 33 дугаартай тогтоол гарган хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э.д 6 сарын хугацаатай түр чөлөө олгосон шийдвэрийг гаргасан атлаа Э.гийн чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилдаа орох тухай хүсэлт гаргасныг нь хүлээн аваагүй, ажилд нь буцаан томилоогүй эс үйлдэхүй гаргасан болох нь хэрэгт авагдсан дараахь бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э. нь мэргэжил дээшлүүлэхээр авсан чөлөөний хугацаа нь дуусахаас өмнө ажилдаа орох тухай хүсэлтээ гаргасан боловч Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь түүнийг үүрэгт ажилд нь томилоогүй тул тэрээр Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 118/ШШ2020/0011 дугаартай шийдвэрээр “Э.г Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилохгүй байгаа тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргуулахыг даалгах, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш хугацааны цалин, нэмэгдлүүдийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ. /хх-ийн 47-51/

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 он 8 дугаар сарын 12-ны өдрийн 490 дугаартай магадлалаар “Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э., түүний өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон” байна. /хх-ийн 52-57/

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаартай тогтоолоор “Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 118/ШШ2020/0011 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 он 8 дугаар сарын 12-ны өдрийн 490 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолын дагуу хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилохгүй байгаа Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.г Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж, Э.гийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдийг буруутай этгээдээр бүрэн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна. /125-127/

Улмаар Э. нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 140/ШШ2021/00320 дугаартай шийдвэрээр “Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэхэмжлэгч Э.гийн ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын    13-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор болох 16.754.577 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 947.147 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 10-15/

Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Очирбат нь эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 205/МА2021/00023 дугаартай магадлалаар “Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 320 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн байна. /хх-ийн 16-18/

Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оын 01 дүгээр сарын 31-ний өдрийн 001/ШХТ2022/00128 дугаартай тогтоолоор “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсугай” гэж буцаасан байна. /хх-ийн 19/

Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр ажиллаж байсан Л.*******, Б., Б., Н. нар нь Э.г хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Э.г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх хуулийн 40 дүгээр зүйлийн  40.4-т зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж хуульчилсан байна.

Хуулийн дээрхи заалтын дагуу Э.г Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилохгүй байгаа тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргуулахыг даалгаж шийдвэрлэсэн үйл баримтыг иргэний хэргийн шүүх дахин нотлохгүй юм.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 140/ШШ2021/00320 дугаартай шийдвэрээр Э.д ажилгүй байсан хугацааны олговорт 16.754.577 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд түүнд Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 6.242.400 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10.512.177 төгрөг, нийт 16.754.577 төгрөг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлбөрийн хүсэлтийн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 9, 191/   

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэж заасан нь хариуцагчид хуулиар хүлээлгэж байгаа үүрэг болно.

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн    65.1-т “Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл мөн” гэж тус тус  хуульчилсан байна.

Иймээс Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Э.д ажилгүй байсан хугацааны цалин олговорт нийт 16.754.577 төгрөг олгосныг төрд учирсан хохирол гэж үзнэ.

Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид болох Л.*******, Б., Н., Б. нар нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 33 дугаартай тогтоол гаргаж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлаас Э.г үүрэгт ажлаас 6 сарын хугацаатай түр чөлөөлж, 6 сарын дараа ажилдаа буцаж орж ажиллаж байгаад ахин суралцах чөлөө олгохыг зөвшөөрсөн атлаа Э.г буцаж ажилдаа орох хүсэлт гаргахад нь түүнийг ажилд нь томилохгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэм буруутай байна.

Иймд хамтын шийдвэрээр Э.г ажлаас нь чөлөөлөх тогтоол гаргасан боловч уг тогтоолынхоо 2 дахь заалтыг биелүүлэхгүй эс үйлдэхгүй гаргасан Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.*******, тэргүүлэгчид болох Б., Б., Н. нараас төрд учирсан хохирлыг гаргуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Иймээс хариуцагч Л.*******гаас 4.188.644,25 төгрөг, Б.ээс 4.188.644,25 төгрөг, Б.гаас 4.188.644,25 төгрөг, Н.гаас 4.188.644,25 төгрөг нийт 16.754.577 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн  77.2-т заасны дагуу хариуцагч Б.д шүүх хуралдааны товыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн байна.  

Хариуцагч Б. нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд “тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй иргэн Л.*******, Б., Н., Б. нарт холбогдох хурал 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт болох бөгөөд уг хуралд миний бие 2023 оны жилийн эцсийн мал тооллогод явж байгаа учир оролцох боломжгүй байна” гэх хүсэлт ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч Л.*******, Б., Н. нар нь “хариуцагч Б.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байх тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна” гэх тайлбар гаргасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.г шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэдийн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Хариуцагч Л.*******, Б., Н., Б.д нарыг энэ хэрэгт гэм буруугүй гэж үзэж байна. Учир нь гэвэл тухайн цаг үеийн хуулийг хүчин төгөлдөр мөрдөж ажиллаж байсан гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно. 

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Л.*******, Б., Б., Н. нараас улсын тэмдэгтийн хураамжид 114.828 төгрөг гаргуулж төрийн сангийн тоот дансанд оруулах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч *******гийн *******гаас 4.188.644,25 төгрөг, *******гийн ээс 4.188.644,25 төгрөг, гийн гаас 4.188.644,25 төгрөг, гийн гаас 4.188.644,25 төгрөг нийт 16.754.577 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлого /Төрийн албаны зөвлөл, төрийн сангийн тоот данс/-д оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвдлөл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.*******гаас 81.968 төгрөг, Б.ээс 81.968 төгрөг, Б.гаас 81.968 төгрөг, Н.гаас 81.968 төгрөг тус тус гаргуулж төрийн сангийн тоот дансанд оруулсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Э.ОЮУН-ЭРДЭНЭ

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ш.ОДОНЗУЛ

                                   ШҮҮГЧ                                               Т.БАЛЖИННЯМ