Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/05014

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 16 101/ШШ2023/05014

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- ************ тоотод оршин суух, М-ын Ц-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- *********** тоотод оршин суух, Д-н Нд холбогдох,

59,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Хариуцагч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Б /ӨНБД-****/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагчаар Д.Нг тодорхойлон татаж, түүнд холбогдуулан ******** дүүрэг, 20-р хороо, Эмээлт захад байрлах 948 м.кв талбайтай агуулахын үнэд төлсөн 46,800,000 төгрөг, банкинд төлсөн тэмдэгтийн хураамж 550,000 төгрөг, Тэсийн хурд ХХК-иас худалдан авсан хашааны үнэнд төлсөн 13,000,000 төгрөг, нийт 60,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч М.Ц нь түүхий эд худалдан авах ажил эрхэлж байхдаа 5 ажилтантай байсан, түүний нэг нь хариуцагч Н байсан.

Түүхийн эдийн агуулах худалдан авах зорилгоор Анхбаяр, Энхбаяр нартай уулзаад ******** дүүрэг 20-р хороо, эмээлт захад байрлах 5000 м.кв газар, хашааг 13 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч гэрээ хийхэд Н газар, хашааг авчих, газрын албан дээр гэрчилгээ шилжүүлэх ажилд би итгэмжлэл аваад оролцоно гээд Н итгэмжлэл авсан бөгөөд Ц компанитай гэрээ хийсэн байсан. Худалдан авсан тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь Хадгаламж банкны барьцаанд байсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тухайн объект нь 46,800,000 төгрөгөөр зарагдахаар байгаа талаар Н нь Ц руу залгаж хэлснээр 46,800,000 төгрөгийг үйлчилгээний хураамж 550,000 төгрөгийн хамт нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан байдаг. Дараа нь уг төлбөрийг Н хадгаламж банк руу шилжүүлээд банкнаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эхлээд Ц компаний нэр дээр гарна дараа нь танайх руу шилжүүлнэ гэснийг Цд хэлсэн байдаг, энэ хугацаанд Н, Ц нар хадгаламж банк дээр уулзсан бөгөөд Н нь Цг төлөөлөн төлбөр төлсөн гэдэг утгаараа Хадгаламж банкнаас Ц компанид шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч Н нь тухайн нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан шалтгаан нь Ц компаний захирал Цээпилтэй хариуцагч Н нь хуйвалдаж тус компаниас объектын үнэнд төлсөн 46,800,000 төгрөгийг авсан гэх баримт гаргасан байсан. Үүний дараа Ц өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ц компани Хадгаламж банкны хооронд байгуулсан гэрээ хууль бус, 46,800,000 төгрөгийг Ц өөрөө төлсөн гээд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс 46,800,000 төгрөг бол шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр худалдсан үнэ байсан, үүнийг шүүх тогтоосон байгаа.

Хариуцагчид 46,800,000 төгрөгийг нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг авахаар шилжүүлж байгаа боловч гэрээ хийхийг даалгаж байгаа үндэслэл тогтоогдохгүй байна гээд хариуцагч тус хөрөнгийн эзэн болоод дууссан. Гэхдээ хариуцагч нь залилан мэхлэх гэмт хэрэг хийсэн. Ц компаниас энэ хөрөнгийг худалдан авч байгаа хуурамч гэрээ хийсэн, дараа нь олон компани руу шилжүүлэх процесс явагдсан. Гэтэл 11 жилийн дараа гэхэд ******** дүүргийн шүүхэд хэрэг шийдвэрлэгдэх явцад хариуцагч нь агуулахыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг.

46,800,000 төгрөгийг Н нь Цд шилжүүлсэн, зээл, төлбөр байсан гэж тайлбарладаг. Тус тайлбар ******** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн **** дугаар шийдвэр гарсан шүүх хуралдаан дээр яригддаг. Тийм ч учраас шүүхэд 46,800,000 төгрөг төлсөн гэдэг баримтыг ******** дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн архиваас тамга тэмдэг даруулж тус үйл баримтыг хянан хэлэлцсэн гэдгийг нотлохын тулд энэ шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн зүгээс гаргасан 61 хуудас баримт буюу шүүхийн шийдвэрүүд нь манай нэхэмжлэлтэй хамааралгүй. 46,800,000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзсан учраас энэ нь хариуцагчийн мөнгө гэж тайлбарладаг. 2018 оны баримтаас хойш агуулахын төлбөрт 46,800,000 төгрөг төлсөн гэдэг баримт хянан хэлэлцэгдсэн. 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Хариуцагч нь хууран мэхэлж залилж тус хөрөнгийн эзэн болсон.

Газрын төлбөрийг мөн Цгаар Н нь төлүүлсэн, гэрээг хийлгүүлсэн. Агуулахын доорх газрын төлбөрийг нэхэмжлэгч төлсөн. Газар дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч болсон. ******** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгохдоо 46,800,000 төгрөгөө нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй гэж дурдсан байгаа. 46,800,000 төгрөг бол Цгаас Нд шилжүүлсэн, Н нь Ц компаниас буцаан авсан боловч нэхэмжлэгч Цд буцааж өгөөгүй болохыг давж заалдах шатны шүүх тогтоосон.

Хариуцагч нь гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тиймээс иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Өнөөдрийн хувьд эрүүгийн хэрэг үүссэн зүйл байхгүй. Хүн чанартай байдаг бол тус үйл баримтыг хариуцагч Н зөвшөөрөх ёстой. Хариуцагч нь хамтран ажиллах журмыг хариу тайлбартаа хийх байх. Манай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамтран ажиллах журам хамаарахгүй. Нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн агуулахын төлбөр болох 46,800,000 төгрөг, газрыг хашааны хамт хариуцагч ашиглаж байгаа, хашааг 13,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч авсан тул нийт 59,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж тодорхойлсон.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа миний бие Цтай хамтран бизнес эрхэлж, хамтран ажиллаж 14 жил болсон. Би Цтай хамтран бизнес эрхэлж хамтын үйл ажиллагаа явагдах хугацаанд дарга ба ажилчин гэсэн байр суурьтай байгаагүй. Хамтрагч, хамтран ажиллах гол зарчим бол зорилгодоо хүрэхийн тулд гар нийлэн, тус бүртээ өөр өөрийн үүрэгтэй, хариуцлагатай, бие биедээ итгэж найдаж, амжилт, гэр бүлийн асуудлыг хамтран даван туулах зарчимтай ажиллаж амьдарч 14 жил болсныг Монгол Улсын шүүхээс хамтран ажилласан болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан.

Нэхэмжлэгч Ц нь удаа дараа намайг гүтгэн доромжилж, цагдаад хүртэл гомдол гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч шиг шүүх хурал болгон дээр элдвээр доромжилж, 10 жил шүүх цагдаагийн байгууллагаар явж байна. 2001 онд Говь-Алтай аймагт зуд болж Ц бид хоёр бизнесийн мөнгөгүй болоод ******** дүүргийн 1 дүгээр хороо, 32 дугаар байранд байдаг байсан миний ах байраа зарахад миний ахаасаа 10,000,000 төгрөг зээлэн авч бизнесээ эхэлж байсан. Бид хоёрыг бизнес хийгээд явж байгаад миний аав Говь-Алтай аймгийн ахуй үйлчилгээний жолооч хүн байсан тул аавдаа хэлж газар ухдаг н.Жадамбаа гэдэг хүнийг гуйж байгаад бид Говь-Алтай аймгийн төвийн дээд уулын бэлд байдаг ногоон шавраас татаж, үнс татаж, блок хийж, хийсэн блокоороо түүхий эд худалдан авах агуулах бариад, тэр агуулахдаа Өгөөж төв гэж нэр өгөөд, агуулахын ханан дээр Ц бид хоёрын утасны дугаар бичээд түүхий эд авч 2000 оноос байр сууриа олж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

2001 онд Цгийн ээж хорт хавдар болоод Улаанбаатар хотод ирэхэд очих айл байхгүй, би ахындаа аваачаад хоёулаа хавдар судлалын эмнэлгээр дагуулж явдаг байсан. Тэр хүнийг эмчилгээ хийлгэхэд Ц бид хоёр хоёулаа байдаг байсан. Манай ах хоёулаа энд байснаас нэг нь түүхий эдээ ав, нэг нь эндээ хүнээ сахивал яасан юм гэснээр Ц надад чи энд манай ээжтэй байж бай гээд би нэхэмжлэгчийн ээжтэй хамт 1 дүгээр хорооллын 32 дугаар байранд байрлаж, өглөө эрт ээжийг нь эмнэлэгт аваачиж үзүүлээд, үдээс хойш нь Хятад хүмүүстэй уулзаж түүхий эдийнхээ үнэ ханшийг сонсож, нэхэмжлэгч рүү тэрийг тэдэд аваарай, тэрийг ач гэж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Миний ахаас 10,000,000 төгрөг аваад хятадуудад нэхий бэлдэж өгнө гээд нэхий бэлдэх мөнгийг шилжүүлэн авч нэхэмжлэгч рүү шилжүүлж, нэхий бэлдэж өгөөд сүүлдээ бид хоёр ноолуур руу орж ажилласнаар хөрөнгө бий болсон.

Цгийн оруулсан мөнгө төгрөг, хөрөнгө гэж байгаагүй, хоёулаа нийлж тэр агуулахыг барьж хүйтэнд хөрж, халуунд халж, би ачаагаа аваад наашаа Улаанбаатар хотод ирж зардаг, Ц Говь-Алтай аймагтаа түүхий эдээ бэлдэж наашаа ачуулдаг үйл ажиллагаатай байсан. Говь-Алтай аймгаас ирсэн түүхий эдийг зарах гэхээр жишээлбэл 3000 арьс байлаа гэхэд 50-60 арьс үлддэг, ханш унаад хонох шаардлага гарвал арьсаа буулгах шаардлага гардаг байлаа.

Тэгээд Улаанбаатар хотод агуулах авсан нь дээр юм байна гэж үзээд би эмээлтэд агуулах зарна гэсэн зарын дагуу очиж манаачтай нь уулзахад нэг утасны дугаар өгснөөр Ц компаний эзэн Цээпэлмаа гэдэг хүнтэй утсаар холбогдож, Улаанбаатар хот руу орж ирээд уулз гэсний дагуу уулзаж тэр агуулахыг авахаар болоход Хадгаламж банкны барьцаанд байгаа гэсэн. Ингээд Хадгаламж банк дээр очиж уулзахад Ц компаний зээлийн төлбөр 46,800,000 төгрөг байгаа, та хэрэв авахаар бол 46,800,000 төгрөгийг төлөөд авч болно гэсэн тул тэндээсээ гараад Ц руу залгаж яриад түүхий эд авхуулахаар Ц руу 48,000,000 төгрөг шилжүүлсэн байсан тул агуулахын объект авахаар болсон талаараа хэлж мөнгө шилжүүлээрэй гэхэд 46,800,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Ингэж би агуулахыг авах болоод хүнтэй уулзаад 2010 оны 12 дугаар сард агуулахыг суллаж авсан.

Тэр үеэс эхэлж үйл ажиллагаа явуулж байтал Ц эмнэлэгт биеэ үзүүлэхээр Улаанбаатар хотод ирээд эмээлтийн агуулахыг надад өгчих, Говь-Алтай аймагт байгаа агуулахыг чи ав гэсэн асуудал гаргахад тийм юм байхгүй, энд чи надтай булаацалдах юм байхгүй шүү гэхэд эмээлтийн агуулахыг авна гэж маргалдсанаар намайг зодож цагдаад эрүүгийн хэрэг үүссэн байсан. Тэр үед Ц нь уйлаад чи бид хоёр ингэж нүдний булай болоод яахав хийдэг юм аа хийе, дахиж ингэхгүй гэж хэлснээр би гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгснөөр цагдаа дээр байсан Цд холбогдох хэрэг хаагдсан байдаг.

Би эмээлтийн агуулахыг авах гээд 46,800,000 төгрөгөө тушаагаад Хадгаламж банкны хүн нь Цэцэг төв дээр хүрээд ир гэсэн, нотариатаар орсон, хуучин эзэн Ц компаниас төлөөлөгч ирсэн боловч Хадгаламж банкны худалдан авах хурлын протокол байхгүй байна, үл хөдлөх хөрөнгийн протокол байхгүй байна, Ц.Нд шилжихгүй юм байна та яар ч байна уу гэхэд нь би нэгэнт мөнгөө шилжүүлсэн учир яарч байна гэхэд тэгвэл Ц компани руу шилжүүлж өгөөд маргааш тань руу шилжүүлж өгье гэхэд нь би болдог л юм байна гэж бодоод за тэгье гэж зөвшөөрсөн, маргааш нь гэрчилгээгээ авахаар очсон, нөгөө хүмүүс ирсэн байсан, ахлагчтай уулз гээд уулзахад наад компани чинь 2 гэрчилгээтэй юм байна, 1 гэрчилгээ нь МТ компаний шатахуунд барьцаалсан, 1 гэрчилгээ нь Хадгаламж банкинд барьцаалсан гэсэн асуудал гарснаар би Хадгаламж банкинд итгэж мөнгөө шилжүүлсэн, энэ асуудлаар өдийг болтол яагаад хэлээгүй юм бэ, би энэ асуудлыг мэдэхгүй гэхэд та санаа зовох асуудалгүй, Хадгаламж банкинд байгаа тус гэрчилгээ албан ёсны орги гэрчилгээ, эд нар мэдэгдэхгүйгээр Ц компаний Цээпилийн нөхөр бас нэг гэрчилгээ гаргуулаад шатахуун зээлээр авсан байна гэсэн тул би Захиргааны хэргийн шүүхэд хандсан байхад Ц нь эмээлтийн агуулахыг булаацалдаж орж ирснээр энэ маргаан бөөн юм болсон.

Ингээд өгсөн авснаа буцаая, бүх үйл ажиллагаагаа зогсооё, шүүхээр шийдвэрлүүлэхгүй бол болохгүй юм байна гээд 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Ц бид хоёрын асуудал шүүхээр явж эхэлсэн.

Гэтэл Ц нь өнөөдөр газар аваарай гэж шилжүүлсэн 46,800,000 төгрөгөө авна гэж хүн чанаргүй аашилж нэхэмжилж байна. Намайг удаа дараа залилан хийдэг гэж гүтгэж, цагдаагийн байгууллагад ханддаг. Монгол Улсын шүүх үнэн зөвийг шийдэж миний хөрөнгийг хэвээр үлдээсэнд би баярладаг. Өмнө нь ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөн адил нэхэмжлэл гаргаж байсан ба тухайн үед би тайлбар баримтуудаа өгч байх үед нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч байсан. Удаа дараа залилан хийдэг гэж гүтгэдэг, төдийгөөс өдийг хүртэлх үйл ажиллагааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэхгүй байж хурал болгон дээр орж ирээд намайг гүтгэдэг. 13,000,000 төгрөгийн шаардлагын тухайд нэхэмжлэгч над руу шилжүүлээгүй, нэхэмжлэгчийн ах нь над руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Учир нь нэхэмжлэгчийн ах нь гурил зардаг байсан, надаас дандаа мөнгө зээлдэг байсан. Тус зээлсэн мөнгөө л буцаж төлдөг байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

4. Нотлох баримтын тухайд

4а. нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-3/, ******** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5000 м.кв газрын 5 жилийн хугацаатай түүхий эдийн аж ахуйн хашаа зориулалтаар эзэмшүүлэхээр Тэсийн хурд ХХК-нд 2005-3-22-ны олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ /1-р хх-5/, Нийслэлийн ******** дүүргийн 20-р хороо, Эмээлт /18400/ 83 тоот хаягт байршилтай, 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ц ХХК бүртгэгдсэн 2014-8-19-ний өдрийн гэрчилгээ /1-р хх-6/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Чингэлтэй дүүргийн прокурорт хаягласан 2012-01-26-ны өдрийн албан бичиг /1-р хх-7-8/, Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2013-12-31-ны өдөр гаргасан хариу тайлбар /1-р хх-9/, Д.Нн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд гаргасан 2014-02-10-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага /1-р хх-9-р хуудас арын нүүр 10/, ******** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 184/ШШ2021/**** дугаартай шийдвэр /1-р хх-11-20/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1734 дугаартай магадлал /1-р хх-21-36/, төлөөлөгч томилсон 2022-11-21-ний огноотой итгэмжлэл /1-р хх-99/, өмгөөлөгч Ж.Этай байгуулсан өмгөөллийн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хх-121-122/, Хаан банк ХХК-ний 2013-8-26-ны өдрийн огноотой тодорхойлолт /1-р хх-154/, М.Цгийн ************* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-155/, Д.Нн 2013-8-30-ны өдөр гараар бичсэн бичвэр /1-р хх-156/, Д.Нн 2019-9-25-ны өдөр ******** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар /1-р хх-157/, Хаан банкны 2010-10-12-ны өдрийн 48,000,000 төгрөгийн орлогын мэдүүлэг баримт /1-р хх-158/, Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2013-9-4-ний өдрийн 484 дугаартай иргэн Цд хаягласан тайлбар /1-р хх-159/, Д.Нн 2013-7-22-ны өдөр гараар бичсэн бичвэр хуулбар /1-р хх-160/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нийн өмгөөлөгч Ж.Этай 2023-5-29-ний өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хх-170-171/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан.

 

4б. Хариуцагчаас өмгөөлөгч Б.Бтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хх-43/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бийн тайлбар /1-р хх-44-45/, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 10-р сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/***** дугаартай хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол /1-р хх-47/, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 001/ШХТ2022/****** дугаартай хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол /1-р хх-48/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 210/МА2022/***** дугаартай магадлал /1-р хх-49-67/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/***** дугаартай шийдвэр /1-р хх-68-98/, хариуцагч Д.Нн хариу тайлбар /1-р хх-101-105/, хариуцагчийн хариу тайлбар /1-р хх-161-162/, М.Цгийн 2013-10-31-ний огноотой бичвэрийн хуулбар /1-р хх-186, 211, 225/, Хаан банкны 2017-7-18-н өдрийн тус шүүхэд хаягласан албан бичиг /1-р хх-190/, М.Цгийн данс руу шилжүүлсэн мөнгө нэртэй графикийн хуулбар /1-р хх-210/, Д.Нн дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 2014-11-3-ны өдөр гаргасан тайлбар /1-р хх-212-214/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9-р сарын 9-ний өдрийн **** дугаартай шийдвэр /1-р хх-215-218/, өмгөөлөгч Б.Бүрнээгийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд 2015-3-23-ны өдөр гаргасан тайлбар /1-р хх-219/, Ц ХХК-ний 10 дугаартай тодорхойлолтын хуулбар /1-р хх-220/, Эрүүгийн ************ дугаартай хэрэг үүсгэх тухай 2013-10-01-ний өдрийн тогтоол /1-р хх-221/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ****** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-222-223/, Д.Нн Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар /1-р хх-224/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11-р сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/****** дугаартай тогтоол /1-р хх-226-234/, Хаан банкны Баянзүрх дүүргийн шүүхэд хаягласан 2013-12-18-ны өдрийн албан бичиг /1-р хх-235/, Хаан банкны ************* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-236-250, 2-р хх-1-15/, өмгөөлөгчөөр Б.Бийг оролцуулах хүсэлт /2-р хх-16/, М.Цгийн 2018-03-15-ны өдрийн гараар бичсэн бичвэрийн хуулбар /2-р хх-21/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /2-р хх-22-50/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/****** дугаартай шийдвэр /2-р хх-51-68/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6-р сарын 8-ны өдрийн 1345 дугаартай магадлал /2-р хх-69-81/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

 

4в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Хаан банк ХК-иас 2010-10-12-ны өдрийн 48,000,000 төгрөгийн орлогын мэдүүлэг баримт /1-р хх-119-120/, Хаан банк ХК-иас М.Ц, С.Сүхбаатар нарын ************* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-179-182/, Д.Нн ********** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-183/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Ц нь Д.Нд холбогдуулан ******** дүүрэг, 20-р хороо, Эмээлт захад байрлах 948 м.кв талбайтай агуулахын үнэд төлсөн 46,800,000 төгрөг, банкинд төлсөн тэмдэгтийн хураамж 550,000 төгрөг, Тэсийн хурд ХХК-иас худалдан авсан хашааны үнэнд төлсөн 13,000,000 төгрөг, нийт 60,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.

 

2. Нэхэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг итгэмжлэл олгосон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр төлөөлөгч Д.Нт олгосон байна /1-р хх-99/.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ******** дүүрэг, 20-р хороо, Эмээлт захад байрлах 948 м.кв талбайтай агуулахын үнэд төлсөн 46,800,000 төгрөг, газрын үнэнд төлсөн 13,000,000 төгрөг, нийт 59,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлсон шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцүүлсэн болно.

 

4. Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ ...хариуцагчид шилжүүлсэн агуулахын төлбөр болох 46,800,000 төгрөгийн өмчлөгч нь нэхэмжлэгч М.Ц учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өөрийн хөрөнгөө хариуцагчаас шаардаж байна гэж, хариуцагч Д.Нн худалдан авсан хашааны үнэнд 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Ц төлсөн учраас... гэж тодорхойлсон.

 

5. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Цтай хамтран бизнес эрхэлж, хамтран ажиллаж 14 жил болсон. Бид хамтрагч, хамтран ажиллах гол зарчим бол зорилгодоо хүрэхийн тулд гар нийлэн, тус бүртээ өөр өөрийн үүрэгтэй, хариуцлагатай, бие биедээ итгэж найдаж, амжилт, гэр бүлийн асуудлыг хамтран даван туулах зарчимтай ажиллаж амьдарч байсан, М.Ц нь Говь-Алтай аймагт байрлах түүхий эд худалдан авч Улаанбаатар хот руу ачуулах, ингэж ачуулсан түүхий эдийг би хүлээн авч худалдан борлуулах, урьдчилан захиалга авсан захиалагч нарт тоолж хүлээлгэн өгөх ажил гүйцэтгэж байсан, Улаанбаатар хотод ачиж авчирсан түүхий эд борлогдохгүй, үнэ ханш унасан тохиолдолд хүлээх шаардлага гарч байсан тул хотод агуулах авахаар болж ******** дүүргийн 20-р хороо Эмээлтэд байрлах агуулахын үнэнд 46,800,000 төгрөгийг Хадгаламж банкинд төлсөн, тухайн агуулахын өмчлөх эрх шилжүүлэх асуудал маргаан гарснаар бидний хооронд маргаан гарч шүүхээр олон жил явж, Монгол Улсын шүүхээс биднийг хамтран ажилласан болохыг тогтоосон. 13,000,000 төгрөгийг Ц над руу шилжүүлээгүй, түүний ах над руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Учир нь Цгийн ах нь гурил зардаг байсан, надаас дандаа мөнгө зээлдэг байсан тул зээлсэн мөнгөө л буцааж төлдөг байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан маргасан.

 

6. Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7а. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/****** дугаар шийдвэрээр М.Цгийн нэхэмжлэлтэй, Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч, Г.Цээпилмаа, С ХХК, Б.У нарт холбогдох,

Хадгаламж банкны тусгай активын хэлтсийн ********* тоот дансанд 2010 оны 12-р сарын 20-ны өдөр тушаагдсан 46,800,000 төгрөг нь нэхэмжлэгч М.Цгийн хөрөнгө мөн болохыг тогтоолгох, Хадгаламж банк, Ц ХХК-ийн хооронд 2010 оны 12-р сарын 20-ны өдөр байгуулсан 4-4/555 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ц ХХК ба С ХХК-ийн хооронд 2014 оны 8-р сарын 19-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, С ХХК ба Болдбаатарын Уын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ******** дүүргийн 20-р хороо, эмээлт /18400/ 83 тоот хаягт байршилтай, 948 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-************* дугаарт бүртгэж, Ц ХХК-д 2014 оны 8-р сарын 19-ний өдөр олгосон ************ дугаартай, 2014 оны 8-р сарын 19-ний өдөр С ХХК-д олгосон *********** дугаартай, 2016 оны 9-р сарын 23-ны өдөр Б-ын Ут олгосон *********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бүртгэлийн үйл ажиллагааг хүчингүй болгуулах, ******** дүүргийн 20-р хороо, эмээлт /18400/ 83 тоот хаягт байршилтай 948 м.кв талбайтай, 8 агуулах бүхий өмчлөгч нь М.Ц болхыг тогтоож, уг объектын өмчлөх эрхийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг М.Цгийн нэр дээр бичиж олгохыг ******** дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /2-р хх-51-68/.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1345 дугаар магадлалаар дээрх Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ****** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна /2-р хх-69-81/.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/****** дугаар тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1345 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна /1-р хх-226-234/.

 

Дээрх шаардлага бүхий хэрэг маргаан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаад нэхэмжлэгч М.Ц шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг нь буцаасан болохыг, М.Ц дараа нь ******** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан болохыг шүүх хуралдаанд оролцогч талууд тайлбарлаж, нэхэмжлэгч тал маргаагүй.

 

7б. ******** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 184/ШШ2021/**** дугаар шийдвэрээр М.Цгийн нэхэмжлэлтэй, Хадгаламж банк ХХК-ийн банкны эрх хүлээн авагч, Н ХХК, С ХХК, Болдбаатарын У, Дарамзагдын Н, Бархаагийн Б, Батхүүгийн Н, Гүнчинсүрэнгийн Л нарт холбогдох,

******** дүүргийн 20-р хороо, эмээлт /18400/ 83 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх, уг хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Хадгаламж банк ХХК болон Ц ХХК /Н ХХК/ нарын хооронд байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ, Ц ХХК /Н ХХК/ С ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, С ХХК-Б.У нарын хооронд байгуулсан 2016 оны 9-р сарын 21-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Б.У-Д.Н, Б.Н, Б.Б нарын хооронд байгуулсан 2019 оны 8-р сарын 9-ний өдрийн арилжааны гэрээ, Д.Н, Б.Н, Б.Б-Г.Л нарын хооронд байгуулсан 2019 оны 10-р сарын 9-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ******** дүүргийн 20-р хороо, Эмээлт /18400/ 83 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М.Цг тогтоож шийдвэрлэсэн байна /1-р хх-11-20/.

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1734 дүгээр магадлалаар ******** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 184/ШШ2021/**** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Хадгаламж банкны эрх хүлээн авагч, Н ХХК, С ХХК, Б.У, Д.Н, Б.Б, Б.Н, Г.Л нарт холбогдуулан ******** дүүргийн 20-р хороо, Эмээлт /18400/ 83 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох, уг хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай М.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /1-р хх-21-36/.

 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 001/ШХТ2022/****** дугаар тогтоолоор ******** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 184/ШШ2021/**** дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1734 дүгээр магадлалтай иргэний хэрэгт нэхэмжлэгч М.Ц, түүний төлөөлөгч Д.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна /1-р хх-48/.

 

7в. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/***** дугаар шийдвэрээр хариуцагч М.Цгаас 408,719,256 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 389,100,540 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /1-р хх-68-98/.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 210/МА2022/***** дугаар магадлалаар дээрх 101/ШШ2022/***** дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна /1-р хх-49-67/.

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/***** дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/***** дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 210/МА2022/***** дугаар магадлалтай иргэний хэрэгт хариуцагч М.Ц, төлөөлөгч Ж.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна /1-р хх-47/.

 

7г. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн **** дугаар шийдвэрээр М.Ц, Мобиком корпораци ХХК-д холбогдох, ********* дугаарын шударга эзэмшигч болохоо тогтоолгох тухай Д.Нн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /1-р хх-215-218/.

 

7д. Хаан банк ХК-иас ирүүлсэн баримтаар М.Цгийн ************* тоот дансанд 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 48,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, гүйлгээний утга хэсэгт Н-с орлого гэж бичигдсэн /1-р хх-119-120/, Д.Нн Хаан банкинд эзэмшдэг ********** дугаартай дансанд 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 46,800,000 төгрөгийн орлогын гүйлгээ ************* тоот данснаас хийгдэж, гүйлгээний утга хэсэгт шилжүүлэг Сүхбаатар-с гэж бичигдсэн байна /1-р хх-183/.

 

8. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1734 дугаартай магадлалын хянавал хэсгийн сүүлийн догол мөрөнд хэргийн баримтаас үзэхэд М.Цгаас Д.Нд шилжүүлсэн 46 800 000 төгрөгийг Д.Н нь Ц ХХК-аас буцаан авсан, М.Цд буцааж өгөөгүй үйл баримт тогтоогджээ. Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авахаар бэлтгэл үе шат явагдаж байсныг үгүйсгэхгүй юм. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг үүссэн эсэх, 46 800 000 төгрөгийн асуудлаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй гэжээ /1-р хх-35-36/.

9. Харин, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/***** дугаар шийдвэрээр Д.Нн нэхэмжлэлтэй, М.Цд холбогдох, хамтран ажилласан болохыг тогтоолгож, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашгаас 797,819,796.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд Д.Н, М.Ц нарыг 1999 оноос 2013 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтран ажиллаж байсан /1-р хх-85 доороос хоёр дахь догол мөр/, ажил үүргийн хуваарь нь эхэндээ буюу 1999 оноос 2003 он хүртэлх хугацаанд Говь-Алтай аймагт хамтдаа түүхий эд худалдан авч, Улаанбаатар хот руу ачиж ирж, худалдан авагч нарт худалддаг байсан боловч үүнээс хойш хугацаанд М.Ц нь Говь-Алтай аймгаас түүхий эд авч, Улаанбаатар хот руу ачуулахад нь Д.Н нь хотод хүлээн авч, худалдан авагч нарт тоолж хүлээлгэн өгдөг байсан /1-р хх-87/, ашиг, алдагдал нь ...хэдийгээр зохигчид өнгөрсөн хугацаанд бие, биедээ болон бусад этгээдэд тодорхой төрлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан байсан боловч энэ нь зардал бус, харин тэдгээрт үлдэж буй хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл талуудад хуваарилах 817,438,512.00 төгрөгийг ашгаас зохигч нарын урьд өмнө авсан эд хөрөнгийг хасах шаардлагагүй. Учир нь, эдгээр эд хөрөнгийн үнийн дүнгээр зохигч нарын хамтын үйл ажиллагааны явцад олсон ашгийн хэмжээ /үнэ цэнэ/ нэмэгдэнэ /1-р хх-95 доороос 3 дахь догол мөр/ гэж дурджээ.

 

10. Нэхэмжлэгч М.Ц, хариуцагч Д.Н нар түүхий эдийн бизнесийн чиглэлээр хамтарч ажиллаж байсан болохыг, Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот руу ачуулсан малын түүхий эдийг хадгалах худалдан борлуулах зорилгоор агуулах худалдан авсан болохыг зохигч талууд тайлбарлаж, маргаагүй боловч нэхэмжлэгч нь агуулахын объект худалдан авахаар хариуцагчийн дансанд 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 46,800,000 төгрөг нь миний өмч гэж тодорхойлсон.

 

11. Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Д.Н-с 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч М.Цгийн ************* тоот дансанд 48,000,000 төгрөгийг орлого гэж шилжүүлсэн, харин М.Цгийн ************* тоот данснаас 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 46,800,000 төгрөгийг хариуцагч Д.Нн дансанд шилжүүлэг Сүхбаатар гэж шилжүүлсэн, Д.Н нь ******** дүүргийн 20-р хороо эмээлт захад байрлах агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар Ц ХХК-ний зээлийн төлбөрт 46,800,000 төгрөгийг 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн болохыг Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч тодорхойлсон үйл баримт тогтоогдож байна.

 

12. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулж хуулийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан. Хуулийн энэ зохицуулалтын дагуу шаардах эрхийг тодорхойлохдоо шаардах эрх бүхий этгээд нь эд хөрөнгийн өмчлөгч байх, үүрэг бүхий этгээдийн эзэмшил нь хууль бус байх гэсэн урьдчилсан нөхцөлүүдийг шалгаж тогтоох учиртай.

 

13. Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нар хамтран ажилласан цаг хугацаанд хамтын үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор ******** дүүргийн 20-р хороо, эмээлт /18400/ 83 тоот хаягт байршилтай, 948 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар болж төлбөрийг Хадгаламж банк ХХК-нд төлсөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлээр шилжүүлж аваагүй байна.

 

14. Зохигчийн худалдан авсан гэх ******** дүүргийн 20-р хороо, эмээлт /18400/ 83 тоот хаягт байршилтай, 948 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдуулан нэхэмжлэгч М.Ц нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, ******** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Д.Н болон бусад гуравдагч этгээдүүдэд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь Хадгаламж банкны тусгай активын дансанд 2010-12-20-ны өдөр тушаагдсан 46,800,000 төгрөг нь өөрийн хөрөнгө мөн болохыг тогтоолгох, ******** дүүргийн 20-р хороо, эмээлт /18400/ 83 тоот хаягт байршилтай, 948 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талаар хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ******** дүүргийн 20-р хороо, эмээлт /18400/ 83 тоот хаягт байршилтай, 948 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх, өмчлөх эрхийг шилжүүлэх даалгах, уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

15. Харин зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтууд болон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/***** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлага болох 46,800,000 төгрөг нь нэхэмжлэгч, хариуцагч нар малын гаралтай түүхий эд худалдан авах, худалдан борлуулж хамтран ажилласан цаг хугацаанд тэдгээрийн хооронд харилцан шилжүүлсэн мөнгөн хөрөнгө байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй буюу 46,800,000 төгрөгийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар М.Ц, Д.Н нарт холбогдох хамтран ажилласан үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж үзнэ.

 

17. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах шаардах эрхийн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байх бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т зохицуулсан.

 

18. Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/****** дугаар шийдвэрээр М.Цгийн нэхэмжлэлтэй, Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч, Г.Цээпилмаа, С ХХК, Б.У нарт холбогдох, 46,800,000 төгрөг нь нэхэмжлэгч М.Цгийн хөрөнгө мөн болохыг тогтоолгох, ******** дүүргийн 20-р хороо, эмээлт /18400/ 83 тоот хаягт байршилтай, 948 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх, уг хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч М.Ц гаргасан.

 

19. Харин хариуцагч Д.Нн нэхэмжлэгч М.Цд холбогдуулан хамтран ажилласан болохыг тогтоолгож, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашгаас 797,819,796.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрлэсэн байна.

 

20. Нэхэмжлэгч М.Ц нь 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн данснаас шилжүүлсэн 46,800,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийн талаар хариуцагч Д.Нд холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

21. Түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагчид 13,000,000 төгрөгийг ямар газрын төлбөрт хэзээ хэрхэн шилжүүлсэн болох нь, тухайн газар нь хариуцагчийн өмчлөлд шилжсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй.

 

23. Иймд дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

24. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Д.Нд холбогдуулан ******** дүүрэг, 20-р хороо, Эмээлт захад байрлах 948 м.кв талбайтай агуулахын үнэд төлсөн 46,800,000 төгрөг, газрын үнэнд төлсөн 13,000,000 төгрөг, нийт 59,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч М.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ЯНЖИНДУЛАМ