Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2023/03244

 

 

 

 

 

 

 

 

2023 11 17 182/ШШ2023/03244

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 39-3 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, ******* төвийн байранд байрлах, ******* ******* ХК /*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тушаал хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилтай ижил, төстэй ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалинг нөхөн олгохыг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай тушаалаар Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргаар томилогдон алдаа дутагдал гаргалгүй, хариуцлагатай ажиллаж ирсэн.

Гэтэл гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.5 дахь хэсэгт заасны дагуу тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь заалтыг баримтлаагүй.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд олгогч нотлох үүрэгтэй.

Гэвч ажил олгогч нь ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа урьдчилж мэдэгдэл өгөөгүй, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баасан гарагийн 16 цагт 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/737 тоот албадыг татан буулгаж, зарим албан тушаалтныг чөлөөлж, зарим албан тушаалтныг өөр албан тушаалд шилжүүлж байгаа утгатай тушаал уншиж танилцуулаад, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай ажлаас чөлөөлөх тушаал гардуулсан. Тушаалаа аваад өрөөндөө орж ирэхэд мэйл, бусад дотоод сүлжээг хаасан байдалтай, компьютерын файлыг хуулж аваад, ажил хүлээлцүүлээд шууд явуулахаар зохион байгуулсан байсан.

******* ******* ХК-д онцгой байдал зарлаж, Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилогдож ирсэн ба бидний зүгээс тэдний ажлыг ойлгож, хүндэтгэлтэй хандаж, богино хугацаанд бүх ажлаа тайлагнах, сүүлийн 5 жилийн төсөв, төсвийн гүйцэтгэл, төлөвлөгөө, төлөвлөгөөний хэрэгжилт зэрэг хүссэн бүх мэдээллийг нь цаг тухайд нь гаргаж өгч, уртасгасан цагаар хичээл зүтгэл гаргаж дэмжиж ажилласан.

Гэтэл албадыг татан буулгахдаа, зарим албаны даргыг өөр албан тушаалд шилжүүлэхдээ ямар үндэслэлээр, ямар шалгуураар шилжүүлсэн нь тодорхойгүйгээс харахад эрх, мэдэл албан тушаалын байдалтай холбоотой ялгаварлан гадуурхсан, тэгш бус, шударга бус шийдвэр гаргаж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Миний хувьд уул уурхайн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байгаа ба надад ямар нэгэн санал тавьж, урьдчилж ярилцсан зүйл байхгүй.

Иймд ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Т.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилтай ижил, төстэй ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

Хариуцагч БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг баримтлан ажлаас чөлөөлсөн, нийтлэг баримталдаг хуулийг баримтлахгүй гэх боловч дээрх хуульд бүх шатны удирдах ажилтныг томилох тохиолдолд тухайн хуулийг баримтлахаар тодорхой заасан. Үүнээс ажилтныг ажлаас чөлөөлөх тохиолдолд нийтлэг баримталдаг хуулийг хэрэглэх нөхцөл харагдаж байна. Засгийн газрын тогтоолд ажилтныг ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан үндэслэлээс гадна шаардлагатай бол гэж заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг чөлөөлөх ямар шаардлагатай нөхцөл үүссэн, түүнийгээ юугаар нотолсон нь тодорхойгүй байна.

Мөн намайг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлсөн ба 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болон 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдэд 2 тасалж миний цалин, ээлжийн амралтын цалинг олгож дуусгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д цалин хөлсний бүтцийг Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан. ******* ******* ХК нь 2022 оны үр дүнгийн урамшуулал гэж 6 сарын цалинтай тэнцэх урамшуулал, 13 дугаар сарын цалин нийт 7 сарын цалинтай тэнцэх цалин урамшууллыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгосон ба надад олгоогүй нь ажилгүй болгосны дээр давхар хохироосон шийдвэр гэж үзэж байна.

Иймд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 74,224,038 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, үр дүнгийн урамшуулалд 8,138,246 төгрөг, 13 дахь сарын цалин 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ******* таван толгой ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор "******* *******" ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон.

******* ******* ХК-д тогтоосон онцгой дэглэм нь 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Засгийн газарт эрх олгох тухай хуулиар зохицуулсан, тусгайлан эрх олгосон онцгой харилцаа бөгөөд онцгой дэглэм тогтоосон үед хийж хэрэгжүүлэх, авах арга хэмжээг шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байж болохоор зохицуулсан болно.

Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд ******* ******* ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах ажлыг шууд хариуцаж, гүйцэтгэхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгасан байна.

Үүний дагуу, Засгийн газраас өөрт олгосон эрхийн хүрээнд, Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Засгийн газрын 2022 оны 382 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 тоот тушаалаар компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч авч хэрэгжүүлсэн.

Тус тушаалаар, компанийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 13 албадыг татан буулгаж, зарим хамаарах албан тушаалыг орон тооноос хассан бөгөөд нэхэмжлэгч Т.*******гийн эрхэлж байсан Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба татан буугдаж, даргын орон тоо хасагдсан тул 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Т.*******г үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" тушаалаар Т.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн, Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд бүтэц, орон тоо шинэчлэн баталсны улмаас ажлын байр хасагдсан, алба, нэгж татан буугдсан үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа ажилтанд тэтгэмж олгох талаар зохицуулагдаагүй тул Т.*******д ажилласан хугацаанд ногдох тэтгэмжийг олгох үүднээс ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн тэтгэмж олгох зохицуулалтыг оруулсан.

"******* *******" ХК-ийн ажилтанд олгох үр дүнгийн урамшууллыг тоот Хамтын гэрээний 3.3.1-д заасны дагуу 4-6 сарын компанийн дундаж цалинтай хэмжээгээр олгохоор Үйлдвэрчний эвлэл болон компанийн Захиргаа тохиролцсон. Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн A/462 тоот тушаалаар батлагдсан Компанийн ажилтны ажил дүгнэх, шагнал урамшуулал олгох журам-аар үр дүнгийн урамшууллыг олгохдоо ажлын үр дүн, шалгуур үзүүлэлт, тайлагнаж, үнэлгээний хуудсаар тухайн ажилтанд олгох эсэхийг тус журмын 3.2-т заасны дагуу Гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэдэг.

"******* ******* ХК-ийн ажилтанд олгох 13 дахь сарын шагналт цалинг Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/394 тоот тушаалаар батлагдсан "Компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам"-аар зохицуулдаг бөгөөд шагнал, урамшуулал олгох шийдвэр гарах үед компанид ажиллаж буй үндсэн ажилтан л шагнал, урамшуулалд хамрагдах боломжтой болохыг дээрх эрх зүйн баримт бичгүүдээр зохицуулсан болно.

Иймд, Т.*******гийн "******* *******" ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1 Т.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/

3.2 ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаал /хх-5/

3.3 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №G/2022/0221 дугаартай Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ /хх-6-10/

3.4 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай ******* таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын Т.*******г үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-11/

3.5 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Т-23/06 дугаартай Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх-12-13/

3.6 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр /хх-14-17/

3.7 Т.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-213/

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1 ******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-31/

4.2 Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 тоот тогтоолын хуулбар /хх-32/

4.3 ******* ******* ХК-ийн дүрэм /хх-33-38/

4.4 "******* *******" ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /хх-39-47/

4.5 ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн A/288 тоот Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн батлах тухай" тушаал /хх-48-50/

4.6 Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 тоот тушаал /хх-51-52/

4.7 ******* ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тоот Т.*******г ажилт томилох тухай тушаал /хх-53/

4.8 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Т.*******тэй байгуулсан №G/2022/0221 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-54-56/

4.9 Ажлын байрны тодорхойлолт /хх-57-58/

4.10. Т.*******г үүрэгт ажлаас чөлөөлөх тухай дугаартай Бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тушаал /хх-59/

4.11. ******* ******* ХК-ийн Захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан -2 тоот Хамтын гэрээ /хх-60-68/

4.12. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/753 дугаар Ажилтнуудад шагналт цалин олгох тухай тушаал /хх-69, 163-168/

4.13 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752 дугаар Ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тушаал /хх-70, 157-162/

4.14 "******* ******* ХК-ийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам /хх-72-76/

4.15 Ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журам, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд /хх-77-84/

4.16 Компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлан тухай тушаал /хх-112-116/

4.17 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тушаал /хх-181-182/

4.18 Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол /хх-183-184/

4.19 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/260 дугаар Төв оффисын нэр орон тооны жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал /хх-195-196/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилтай ижил, төстэй ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалинг нөхөн олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь дээрх шаардлагыг дэмжин, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 74,224,038 төгрөг, үр дүнгийн урамшуулалд 8,138,246 төгрөг, 13 дахь сарын цалин 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж шаардлагаа тодруулсан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан зохицуулалтын аль үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн бол ажил олгогч нь энэ тухай 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн бүх шатны удирдах ажилтныг томилоход хэрэглэх БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн зохицуулалтыг ажилтныг ажлаас чөлөөлөхдөө хэрэглэсэн, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй гэж тайлбарлажээ.

 

3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуульд зааснаар тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгосны дагуу Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол гарч компанид онцгой дэглэм тогтоон, бүрэн эрхт төлөөлөгч томилж, байгууллагын зохион байгуулалт бүтцийг оновчтой шинэчлэн тогтоох, шаардлагатай тохиолдолд ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг олгосон. Уг эрхийн хүрээнд бүрэн эрхт төлөөлөгч нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан албыг татан буулгасан тул Т.*******г ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар Т.******* нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргаар томилогдон ажиллаж, улмаар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан захирлын тушаал, G/2022/0221 туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбар зэргээр нотлогджээ.

 

Ажил олгогч ******* ******* ХК нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дугаар тушаал гаргахдаа Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2, 3, 3.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 дугаар тушаалыг баримтлан Т.*******г Засгийн газрын Онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагатай үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Захиргааны хэлтсийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгосон байна.

 

4.2 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дэх заалтад Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай гэж,

2 дахь заалтад Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино: 1/.Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох... гэж хуульчилсан бөгөөд өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байна.

 

4.3 Дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн, Монгол Улсын Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоол гарган, ******* ******* ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, тодорхой бүрэн эрхийг олгожээ.

Уг тогтоолын 3.1 дэх заалтад компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад даалгаж, Монгол Улсын Их Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор онцгой дэглэмийн хугацааг 6 сарын хугацаагаар сунгаж, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өрийн 424 дүгээр тогтоолоор ******* ******* ХК-нд дахин 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоохоор тус тус шийдвэрлэсэн байна.

 

4.4. Хариуцагч ******* ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол, түүний хавсралтаар тус компани нь 9 газар, 21 хэлтэс, 3 алба, 3 хороо, 1 уурхай гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй байхаар батлагдсан бөгөөд үүний дагуу гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/288 дугаар Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаалаар Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албыг албаны дарга, ахлах шинжээч, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн гэсэн 7 орон тоотой ажиллахаар баталжээ.

 

5. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор ******* ******* ХКд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Ганбат нь байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А/737 дугаар Төв оффиссын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тушаал гарган, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албыг татан буулгаж, үүнтэй холбоотойгоор тус албаны дарга Т.*******тэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

 

 

6. Дээрхээс дүгнэвэл, хариуцагч ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал буюу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолд зааснаар онцгой дэглэмийн хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх талаар Монгол Улсын Засгийн газраас олгосон эрх хэмжээний хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А/737 дугаар тушаал гарган, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албыг татан буулгаж, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, түүнийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасан журмын дагуу ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй боловч тухайн хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд бий болсон онцлог нөхцөл байдал буюу хариуцагч компанид онцгой дэглэм тогтоогдсоны улмаас компанийн зохион байгуулалтын бүтэц, үүргийг оновчтой тогтоох, түүнтэй холбоотой харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль буюу нийтлэг баримталдаг хуулийн зохицуулалт хамаарахгүй гэж үзлээ.

Тиймээс нэхэмжлэгч талын ...ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй... гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй болно.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлсний бүрдэлд үр дүнгийн урамшуулал, шагналт цалин хамаарах бөгөөд цалин хөлс нь хоршоо утгатай, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрддэг, эдгээр нь бие биедээ харилцан хамааралтай, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үр дагавар байдаг онцлогтой.

 

Нэхэмжлэгч Т.*******гийн урьд эрхэлж байсан ажилтай ижил, төстэй ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой үр дагаврыг арилгуулахаар тодорхойлсон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 74,224,038 төгрөг, үр дүнгийн урамшуулалд 8,138,246 төгрөг, 13 дахь сарын цалин 5,000,000 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудад тухайлан дүгнэлт хийх шаардлагагүй, үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай /1991 он/ хуулийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХК-д холбогдох ******* ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилтай ижил, төстэй ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 74,224,038 төгрөг, үр дүнгийн урамшуулалд 8,138,246 төгрөг, 13 дахь сарын цалин 5,000,000 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ