Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00268

 

 

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00267

 

 

Т.Гүнжээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/03244 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Гүнжээгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэс Тавантолгой ХК-д холбогдох,

урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай ижил, төстэй ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалинг нөхөн олгохыг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Гүнжээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Банзрагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвэгмид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Т.Гүнжээ нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/499 дугаартай тушаалаар Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргаар томилогдон алдаа дутагдал гаргалгүй, хариуцлагатай ажиллаж ирсэн.

Гэтэл гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1455 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч нь ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа урьдчилж мэдэгдэл өгөөгүй.

Гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/737 тоот тушаалаар албадыг татан буулгахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаар ялгаварлан гадуурхсан, тэгш бус, шударга бус шийдвэр гаргаж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн.

Хариуцагч нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг баримтлахдаа нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх ямар шаардлагатай нөхцөл үүссэн, түүнийгээ хэрхэн нотолсон нь тодорхойгүй байгаа.

Эрдэнэс Тавантолгой ХК нь 2022 оны үр дүнгийн урамшуулал гэж 6 сарын цалинтай тэнцэх урамшуулал, 13 дугаар сарын цалин нийт 7 сарын цалинтай тэнцэх цалин урамшууллыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгосон ба эдгээрийг надад олгоогүй нь давхар хохироосон шийдвэр гэж үзэж байна.

Иймд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Т.Гүнжээг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Б/1455 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилтай ижил, төстэй ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 74,224,038 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, үр дүнгийн урамшуулалд 8,138,246 төгрөг, 13 дахь сарын цалин 5,000,000 төгрөгийг нөхөн олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон.

Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэм нь 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Засгийн газарт эрх олгох тухай хуулиар зохицуулсан, тусгайлан эрх олгосон онцгой харилцаа бөгөөд онцгой дэглэм тогтоосон үед хийж хэрэгжүүлэх, авах арга хэмжээг шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байж болохоор зохицуулсан болно.

Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах ажлыг шууд хариуцаж, гүйцэтгэхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгасан. Үүний дагуу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Засгийн газрын 2022 оны 382 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 тоот тушаалаар компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг авч хэрэгжүүлсэн.

Тус тушаалаар, компанийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 13 албадыг татан буулгаж, зарим хамаарах албан тушаалыг орон тооноос хассан бөгөөд нэхэмжлэгч Т.Гүнжээгийн эрхэлж байсан Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба татан буугдаж, даргын орон тоо хасагдсан тул 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Т.Гүнжээг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Түүнчлэн, Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд бүтэц, орон тоо шинэчлэн баталсны улмаас ажлын байр хасагдсан, алба, нэгж татан буугдсан үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа ажилтанд тэтгэмж олгох талаар зохицуулагдаагүй тул Т.Гүнжээд ажилласан хугацаанд ногдох тэтгэмжийг олгох үүднээс ажлаас чөлөөлөх Б/1455 тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн тэтгэмж олгох зохицуулалтыг оруулсан.

Үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин нь шагнал, урамшуулал олгох шийдвэр гарах үед компанид ажиллаж буй үндсэн ажилтанд хамааралтай асуудал юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай /1991 он/ хуулийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-д холбогдох Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1455 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилтай ижил, төстэй ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 74,224,038 төгрөг, үр дүнгийн урамшуулалд 8,138,246 төгрөг, 13 дахь сарын цалин 5,000,000 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Т.Гүнжээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч Т.Гүнжээгийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2-т үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтны томилох гэж тусгайлан зохицуулж өгсөн ба энэ хуульд ажилтныг ажлаас шаардлагатай бол чөлөөлөх гэж нэг ч агуулга, үг байдаггүй.

Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох нь хүний үндсэн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах үр дагаварт хүргэдэг тул хууль тогтоогч хуулийг батлахдаа энэхүү нөхцөл байдлыг хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлахгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлөх нөхцөлийг үүсгээгүй болно. Гэтэл анхан шатны шүүх Засгийн газарт ажилтныг шууд үндэслэлгүйгээр чөлөөлөх эрхийг хуулиар олгосон, тус эрхийг бүрэн эрхт төлөөлөгч хэрэгжүүлсэн нь үндэслэлтэй мэтээр тайлбарлаж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй.

Хэдийгээр Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолд шаардлагатай бол ажлаас чөлөөлөх гэж заасан боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлахгүйгээр шууд чөлөөлөх дур зоргын шинжтэй эрх олгоогүй гэдэг нь харагддаг.

Шүүх шийдвэрээ гаргахдаа шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй хуулийг нэг мөр, ойлгомжтой, гажуудуулахгүй тайлбарлаж хэрэглэх үүрэгтэй байтал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулсан тайлбар хийж эрх нь зөрчигдсөн иргэний эрхийг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэж байна.

Мөн шүүх Т.Гүнжээг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тушаал нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээгүй, харин зөрчиж гарсан болохыг анхаарч үзээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Т.Гүнжээгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Засгийн газраас онцгой дэглэм тогтоож бүтцийг оновчтой тогтоох, шаардлагатай тохиолдолд шинэчлэх гэх агуулгаар үүрэг өгсний дагуу бүрэн эрхт төлөөлөгч 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 737 дугаар тушаалаар зарим албыг татан буулгасан ба энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.

Ийнхүү онцгой дэглэмийн хугацаанд ажлаас чөлөөлсөн тул энэ тухай Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх ёсгүй.

Шийдвэр үндэслэл бүхий байх тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Т.Гүнжээ нь хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилтай ижил, төстэй ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 74,224,038 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, үр дүнгийн урамшуулалд 8,138,246 төгрөг, 13 дахь сарын цалин 5,000,000 төгрөгийг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Т.Гүнжээ нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

Улмаар түүнийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1455 дугаар тушаалаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 дугаар тушаалыг үндэслэн компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох шаардлагаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Дээр дурдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

3.1. Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Эрдэнэс Таван толгой ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг даалгасан байна /хх 32/. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолд зааснаар ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг хэрэгжүүлэх эрхтэй байна.

Дээрх тогтоолоор олгогдсон эрхийн хүрээнд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 дугаар тушаалаар Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албыг татан буулгаж, үүнтэй холбоотойгоор мөн өдрийн Б/1455 дугаар тушаалаар Т.Гүнжээг үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Иймээс хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг хэрэглэлгүй ажилтныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дэх заалт, 2 дугаар зүйлийн 1 дэх заалтад нийцжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэж дүгнэсэн нь техникийн шинжтэй алдаа байх ба уг алдаа нь шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

 

3.2. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1455 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн хүрээнд ажлаас чөлөөлсөн болох нь Эрдэнэс Таван толгой ХК-нд тогтоосон онцгой дэглэм, түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 дугаар тушаалаар Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албыг татан буулгаж, тухайн өдрөө нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үйл баримт, тушаалд дурдсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалтаар тогтоогдсон.

Харин ажлаас чөлөөлөх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан зохицуулалтыг давхар баримталсан нь хууль хэрэглээний хувьд зөрчилдөөнтэй байх боловч энэ нь онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн тогтоож, үүнтэй холбоотой ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

3.3.  Мөн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь БНМАУ-ын Засгийн газарт бүрэн эрх болгох тухай хуулийн 1 дэх заалтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэлгүй нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тул 13 дахь сарын цалин болон үр дүнгийн урамшуулал нөхөн олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Учир нь БНМАУ-ын Засгийн газарт бүрэн эрх болгох тухай хуулийн зохицуулалтын хүрээнд үүссэн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцаанд хамаарахгүй.

 

4. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/03244 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ