Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 133/ШШ2023/00567

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын 4-р баг Харзат, **** тоотод оршин суух Х овгийн Д-ийн Н,

нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын 4-р баг, Харзат *** тоотод оршин суух О овгийн Н-ийн Б нарын нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын Жинст баг, *** тоотод оршин суух Г-ын М-д холбогдох

Хүчин төгөлдөр бус хэлцэлээр шилжүүлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, Индэрт **** тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай **** дугаартай эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.М-аас буцаан шаардах, тус үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н, Н.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагч Г.М, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Хүчин төгөлдөр бус хэлцэлээр шилжүүлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, Индэрт ****тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай ****дугаартай эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.М-аас буцаан шаардах, тус үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Д.Н миний бие Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт 8-р багт нэгж талбарын **** дугаар бүхий 310 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 12 жилийн хугацаатай Газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг. Миний бие анх 150 м.кв газрыг дуудлага худалдаагаар худалдан авч эзэмшиж байгаад 2022 онд газрынхаа хэмжээг сунгаж 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Газрын хэмжээгээ сунгахаас өмнө тус газар буюу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт 8-р баг **** тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болох сэндвичэн барилгыг 2021оны 04 дүгээр сард барьж ашиглалтанд оруулан авто угаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед газрын гэрчилгээ гараагүй учир үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ аваагүй байсан. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр иргэн Г.М нь надтай уулзаж сэндвичэн барилгаа зарчих гэж гуйсаар 60 сая төгрөгөөр зарахаар аман хэлцэл хийсэн. Тухайн үед эхнэр бид хоёр гэрээгээ нотариат дээр очоод батлуулъя гэтэл хэрэггүй удахгүй гэрчилгээ гарахаар үлдэгдэл төлбөрийг чинь өгчихнө гэж байсан. Анх төлөх байсан төлбөрөөсөө 44 сая төгрөгийг уван цувуулан хуваан урьдчилж өгч маргаан бүхий эд хөрөнгийн газрын гэрчилгээг гарахаар нь үлдэгдэл 16 сая төгрөгийг төлж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түүний нэр дээр шилжүүлж өгөхөөр тохирсон. Г.М нь бидний сэндвичэн үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 09 дүгээр сарын 20-нд  хүлээн авч сэндвич дотор лангуу засаад барилгын материал зарсаар өдийг хүргэсэн. 2022 оны 04 дүгээр сарын 19-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт 8-р багт нэгж талбарын **** дугаар бүхий 310 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 12 жилийн хугацаатай Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч миний бие Г.М-тай гэрийнх нь гадаа очиж уулзаж үлдэгдэл төлбөрөө авая 150 м.кв газрын гэрчилгээг нь нэр дээр нь шилжүүлж өгье гэтэл мөнгө байхгүй байна гэсэн ба удаа дараа нэхэхэд өгөхгүй шалтаг тоочсоор өдийг хүрсэн. Энэ хугацаанд М нь үлдэгдэл төлбөрөө өгье гэрчилгээгээ авья гэж нэг ч удаа ирж уулзаагүй 2 жил явсан. Би мөнгөний хэрэг гараад М-аас үлдэгдэл төлбөрөө авч чадаагүй учир газрын гэрчилгээгээ барьцаанд тавьж зээл авсан зээлийн хүү төлбөр нэмэгдэж амьдралд хүндрэл учирсан. М нь биднийг эзгүйд манай үйл ажиллагаа явуулдаг гутал засварын барилгын зүүн талд байрлалтай манай аавынх амьдардаг байшингийн хундаамд тулгаж барилгын ажил эхлүүлсэн байсан. Тухайн үед миний үлдэгдэл төлбөрийг өгөх боломжтой хэрнээ өгөхгүйгээр барилгын ажил эхлүүлсэн. Манай аавын амьдарч байгаа бидний өмчлөлийн эд хөрөнгийг зориулалтын дагуу эзэмших ашиглах өмчлөх эрхэд саад учируулж, гэр лүүгээ орох боломгүй болгож барилга зэрэгцүүлэн барихаар хундаам цутгаж, мөн гэрлийн утас тогийг тасдаж, миний урьд зохих зөвшөөрлийн дагуу авсан 380 вт-ын тогны техникийн нөхцөлийг миний зөвшөөрөлгүй өөр дээрээ гаргуулан авч бидний эрх ашгийг зөрчсөөр байна. Миний хувьд энэ хүн биднийг 2 жил хууран мэхэлж миний үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж, ашиг орлого олж, надад өгөх байсан үлдэгдэл төлбөрөө төлөөгүйгээс би банкнаас өндөр хүүтэй зээл авч төлөх болж улмаар бусад барилга байгууламжаа зохих зориулалтын дагуу эзэмшиж өмчлөхөд саад учруулж бидний эрх ашгийг зөрчиж байна. Бид банкнаас зээл авахдаа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн газрын гэрчилгээг тавьсан байсан учир хүнээс мөнгө зээлж тус зээлээ төлж дуусган Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, Индэрт 10 гудамж 26- 3 тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай ****дугаартай сэндвич барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2023 оны 9 дүгээр сарын 27-нд гаргуулж авсан. Бид Г.М болон түүний эхнэртэй уулзаж, утсаар ярьж сэндвичэн үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлж авмаар байна урьдчилгаанд өгсөн мөнгийг чинь буцааж өгне гэхэд хэл амаар доромжилж учир зүгээ олж чадаагүй. Хариуцагч болон бидний хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хзсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авахтай холбоотой хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56.5 дугаар зүйлд зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх буюу надад урьдчилгаа болгож өгсөн 44 сая төгрөгийг Г.Мд буцааж, бид өөрийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, Индэрт ****тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай ****дугаартай эрхийн гэрчилгээтэй, барилгыг Г.М-аас буцаан авахыг шаардаж байна. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, Индэрт ****тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай ****дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул Г.М-ны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч мөнгөө өгөөд барилгаа ав гэхэд аваагүй. Тэгээд 2 жилийн дараа тухайн мөнгөө өгөөд авъя гэж байна. Би банкны зээл авах гэж байна гэж хэлсэн. Гэрчилгээг банкны зээлийн барьцаанд тавьсан байгаа. Мөнгө нь болохгүй байна гээд 2 жилийн хугацаанд явж байхад нь болохоороо өгөх байх гэж бодоод явж байсан. Зээлийн хэмжээ нэмэгдээд байсан. Г.М ах мөнгөө өгөхөөр зээлээ даръя гээд яваад байсан. Тэгсэн мөнгөгүй биш худлаа хэлээд явж байсан байна лээ. Хот явсан ардуур манай ажлын байр луу тулгаад нэг барилгын ажил эхлүүлсэн байсан. Анх худалдаж авахдаа мөнгө өгнө гэсэн хугацаандаа үлдэгдэл мөнгийг өгөөгүй. 2 жилийн дараа ирээд мөнгө өгнө гэхээр нь 70 сая төгрөг болгож авна гэж хэлсэн. Үлдсэн 20 сая төгрөгийн хүү нь тийм болж байгаа. Би банкны барьцаанд тавьсан байгаа хүүтэй нь цуг өгөөрэй гэж хэлсэн. Өгсөн мөнгийг нь буцааж өгөөд Сэндвичэн барилгаа чөлөөлүүлж авмаар байна. Анх хэлцэл хийхдээ наториат оръё гэсэн боловч хүнгүй үед нь очно гээд гэрээ хийгээгүй өдийг хүрсэн. Анх 2021 онд хэлцэл хийгдэхдээ сэндвичэн барилгаа зараад 40 сая төгрөгийг нь эхэлж өгөөд 20 сая төгрөгийг нь газрын гэрчилгээ гарахаар өгье гэсэн аман хэлцэл хийгдсэн гэв.

4. Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сэндвичэн барилга нь ажлын байрнаас үргэлжлүүлээд барьсан барилга байгаа. Одоо сэндвичэн барилгаа зармааргүй байна. Г.М ах манай ажлын байрны зүүн талд барилгын ажил хийж байгаа. Манайхаас худалдан авсан сэндвичэн барилга дээрээ мөн барилгын ажил хийвэл манай ажлын хана нурахаар байгаа. Тиймээс сэндвичэн барилгаа чөлөөлүүлж авмаар байна. Г.М сэндвичэн барилга дотор барилгын материал зарж байгаа. Түүнээс нь чөлөөлж өгнө үү гэв.

5. Хариуцагчийн хариу тайлбар: Сендвичэн барилгын газрын зөвшөөрөл нь 10*10 буюу 10 мкв юм, газрын гэрчилгээг 10*15 болгож сунгаж өгнө. Одоо 45,000,000 төгрөг өгчих 15,000,000 төгрөгийг бүх гэрчилгээ гарсны дараа өгөхөөр тохиролцсон. 44,000,000 төгрөгийг цувуулж өгөөгүй. 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг, тус оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөгийг өгсөн. Нийт 40 сая төгрөгийг 5 хоногийн хугацаанд өгсөн. Дараа нь 4,000,000 төгрөгийг өгсөн. Сэндвичэн барилгыг нурааж барилгын ажил эхлүүлнэ гэж яриагүй надад тийм зүйл хийх шаардлага байхгүй. Би гэрээнд заасны дагуу явж байгаа. Би мөнгөө өгөөд үл хөдлөхийн гэрчилгээгээ авмаар байна. Надад үл хөдлөхийн гэрчилгээ асар их хэрэгтэй байгаа. Сүүлдээ банкинд 70 сая төгрөгийн барьцаанд байгаа. Гэрчилгээг гаргаж өгч чадахгүй юм байна, больё гэсэн. Ярьсан тохирсондоо байгаад гэрчилгээгээ гаргаад өгөөч. Мөнгө бэлэн гэж хэлж байсан. 2021 оны 11 дүгээр сард коронавирус гарч байхад таараад урдаас ачаа оруулж ирж байна гээд жил болсон. 2022 оны 6,7 сард бүр дампуурсан. Түүнээс хойш ажиллаагүй. Одоо очоод үзвэл хуруу зузаан тоостой байгаа. Миний зүгээс гэрээний үүргээ зөрчөөгүй гэрчилгээ гараад ирвэл шууд мөнгийг өгнө. 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр газрын гэрчилгээ гарсан байгаа. Хил ам бага болохоор газрын хэмжээг сунгаж өгнө гэсэн та түр хүлээж байгаач гэсэн. Тэгээд би ахиж нэхээгүй. Газрын гэрчилгээ гарсан хойно дундуур нь хувааж, сэндвичний гэрчилгээг гаргаж надад өгөх ёстой болохоор би хүлээж байсан. Нэхэмжлэгчид газраа сунгаад авчихсан юм байна лээ. Гэрчилгээ гаргаж өгөхгүй 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл явчхаж байгаа юм. 16 сая төгрөгөөс илүү гэрчилгээ маш чухал байгаа. Би энэ 2 хүүхдийг 3 жил хүлээж байгаа. Сүүлдээ манай гэрийн гадаа ирээд зарахгүй гээд манай эхнэртэй маргалдаад зөндөө юм болсон. Эхнэр бид 2 шүүхэд өгөх үү гээд ярьж байсан. Би Төгрөг суманд барилгын ажилтай энэ оны 12 дугаар сард хүлээлгэж өгөх гэж байгаа болохоор аргагүй эрхэнд чадахгүй байсан. 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрчилгээ нь гараад, 10 дугаар сарын 2-ны өдөр нэхэмжлэл гаргасан байсан. Энэ хооронд гэрчилгээ гарсан төлбөрөө дуусга гэсэн бол би төлбөрийг баяртайгаар өгөх байсан гэв.

6. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ,

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, Индэрт ****тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай ****дугаарт бүргэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

“Алтай-Улиастайн эрчим хүчий систем” ТӨХК-д 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан өргөдөл, Хас банкны авлагын бүртгэл, гэрэл зураг.

 

7. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Гэрэл зураг,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Д.Н, Н.Б нар нь Г.М-д холбогдуулан Хүчин төгөлдөр бус хэлцэлээр шилжүүлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, Индэрт ****тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай ****дугаартай эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.М-аас буцаан шаардах, тус үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.  

3. Хариуцагч Г.М нь “...Сендвичэн барилгыг 60,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл хийж, 45,000,000 төгрөг өгч, 15,000,000 төгрөгийг бүх гэрчилгээ гарсны дараа өгөхөөр тохиролцсон. Нийт 44,000,000 төгрөгийг өгсөн. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж авмагцаа 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй атлаа үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзаж байгаа байдал нотлогдож байна. Миний зүгээс худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчөөгүй...” гэж татгалзжээ.

Үүнээс үзэхэд тухайн эд хөрөнгийн эзэмшил хууль ёсны эсэх үйл баримт нь зохигчийн маргааны зүйл болжээ.

4. Талууд 2021 онд хэлцэл хийж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, Индэрт ****тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай сэндвичэн барилгыг 60,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон талаар талууд маргадаггүй.

Мөн гэрээ байгуулснаас хойш худалдах, худалдан авах гэрээний үнийг хариуцагч 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөгийг, дараа нь 4,000,000 төгрөг, нийт 44,000,000 төгрөг өгсөн. Харин үлдэгдэл 16,000,000 төгрөгийг дараа өгч, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Г.Мы нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон талаар талууд харилцан зөрүүгүй тайлбарлаж, маргадаггүй болно.

 

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч Г.М болон нэхэмжлэгч Д.Н, Н.Б нарын хооронд 2021 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, Индэрт 10 гудамж, *** тоот хаягт байршилтай, 150 мкв талбайтай, сэндвичэн барилгыг 60,000,000 төгрөгөөр худалдах, худалдах авах талаар хэлцэл хийгдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

5. Маргааны үйл баримтын талаар хариуцагч Г.М нь “...маргааны зүйл болж буюу үл хөдлөх эд хөрөнгийг 2021 онд 60,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 44,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гарахаар өгөхөөр тохирсон. Тухайн сэндвичэн барилгыг хууль ёсоор эзэмшиж байгаа...” гэж тайлбарлаж, нэхэмжлэгч Д.Н, Н.Б нар нь “...газрын гэрчилгээ гарахаар үлдэгдэл 16,000,000 төгрөгийг авч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түүний нэр дээр шилжүүлж өгөхөөр тохирсон. Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй” гэж харилцан зөрүүтэй тайлбар гаргаж мэтгэлцжээ.

6. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Учир нь нэг талаас эд хөрөнгө шилжүүлэх, нөгөө талаас үнийг төлөх үүрэг бүхий тохиролцоо хийгдсэн үйл баримт бий болсон нь тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд авч үзвэл Иргэний хуулийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Талуулдын хооронд хийгдсэн хэлцлийн зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байх ба энэ тохиолдолд газар болон үл хөдлөх хөрөнгө нь эрхийн зөрчилгүй худалдагчийн өмчлөлийн хөрөнгө болохыг нотолсон гэрчилгээг шилжүүлэн өгөх, худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээн аваад үнийг төлөх үндсэн үүрэгтэй юм. Үл хөдлөх хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан гэрээ байгуулагдах ёстой хэдий ч тухайн эд хөрөнгийг худалдах худалдан авах тохиролцоо нь хэлцлийн түвшинд тодорхой хэмжээгээр үүрэг биелэгдсэн хүчинтэй хэвээр байна.

7. Худалдах, худалдан авах гэрээ нь үүргийн буюу суурь хэлцэл юм. Уг хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгийн өмчлөх эрх шууд үүсэхгүй, харин эд хөрөнгийг харилцан солилцох үүрэг үүсдэг.

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь мөнгөн хөрөнгийн өмчлөх эрхийг худалдагчид шилжүүлэх үйлдлийг тус тус гүйцэтгэх ёстой үүнийг Иргэний хуулийн 109-111 дүгээр зүйлд тус тус заажээ.

8. Харин үүрэг үүсгэх хэлцэлд хамаарах худалдах, худалдан авах гэрээ болон хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэлд хуулиар тусгайлсан хэлбэрийн шаардлага тавиагүй байна.

Энэхүү нөхцөл байдал нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийн хэлцэл буюу худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл болохгүй юм.

9. Маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг Иргэний хуулийн 109 дугаар зүйлийн 109.2 дахь хэсэгт ... Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж,

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт ...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан хэлбэрээр хийгдээгүй нь нэхэмжлэгч нараас хамааралтай байна.

Учир нь худалдах, худалдах авах гэрээний дагуу эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбогдох баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх нь худалдагчийн үүрэг байдаг.

 

10. Гэвч нэхэмжлэгч Д.Н, Н.Б нар нь хариуцагч Г.М-д маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй, улмаар бодитоор эзэмшиж ашиглаж буй хариуцагч Г.М-аас үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр маргажээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.3 дахь хэсэгт Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заажээ.

 

Хуулийн дээрх заалтад дурдсан шаардах эрх нь уг шаардлагыг гаргах эрх бүхий этгээд нь өмчлөгч байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь эзэмшигч байх, хариуцагч этгээд нь уг эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу хууль бусаар эзэмшиж байх гэсэн урьдчилсан нөхцөлтэй.

 

Үүнээс уг шаардлагыг гаргах эрх бүхий этгээд нь өмчлөгч байх, хариуцагч этгээд нь уг эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх гэсэн урьдчилсан нөхцөл нэхэмжлэгч Д.Н, Н.Б нарын нэхэмжлэлтэй хариуцагч Г.М-д холбогдох “хүчин төгөлдөр бус хэлцэлээр шилжүүлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, Индэрт ****тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай сэндвичэн барилгыг хариуцагч Г.Маас буцаан шаардах, тус үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухайнэхэмжлэлд хангагдахгүй байна.  

 

Худалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр шилжүүлж авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан нь хариуцагчийг хууль бус эзэмшигч гэж буруутгах үндэслэл болохгүй юм.

11. Нөгөө талаар хэдийгээр нэхэмжлэгч нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэгдсэн байгаа хэдий ч, хариуцагчийн “...15,000,000 төгрөгийг гэрчилгээ гарсны дараа өгөхөөр тохиролцсон.  Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэх тайлбар болон ****дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд нэхэмжлэгч Д.Н, Н.Б нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, Индэрт 10 гудамж, *** тоот хаягт байршилтай, 150 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэгдсэн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар нь хариуцагчид үлдэгдэл төлбөр болох 16,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгөх боломж олгоогүй буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ болон шинэ өмчлөгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүйгээс худалдан авагч үүргийн зарим хэсгийг биелүүлээгүй байгааг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал хариуцагч Г.М нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, хэлцлийн үндсэн дээр буюу худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээрх өөрийн мэдэлдээ авсан хууль ёсны эзэмшигч болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

12. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч Д.Н, Н.Б нар нь худалдах, худалдан авах гэрээний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Г.М-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч нарын тухайд хариуцагчийг тухайн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэх байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд баримтаар нотолсонгүй.

 

13. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ болон шинэ өмчлөгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасан журмын дагуу биелүүлээгүй явдал нь хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч Г.М-д холбогдох Хүчин төгөлдөр бус хэлцэлээр шилжүүлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, Индэрт ****тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай ****дугаартай эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.М-аас буцаан шаардах, тус үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Н, Н.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг баримтлан хариуцагч З овгийн Г-н М-д холбогдох, Хүчин төгөлдөр бус хэлцэлээр шилжүүлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, Индэрт ****тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай ****дугаартай эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.М-аас буцаан шаардах, тус үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Х овгийн Д-ийн Н, О овгийн Н-ийн Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                        

 

                        

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ