Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 215/МА2024/00002

 

 

Д.Н, Н.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00567 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн .............. сумын ... дүгээр багийн .......-ын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух ............... овгийн Д.Н,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн .................... сумын ... дүгээр багийн, ..............-ын ... дугаар гудамжны ... тоотод оршин суудаг .......... овгийн Н.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн .................. сумын .......... багийн ... - ... тоотод оршин суудаг Г.М-д холбогдох

Хүчин төгөлдөр бус хэлцэлээр шилжүүлсэн Говь-Алтай аймгийн .............. сумын ... дугаар багийн, ....................-ийн ... дугаар гудамжны ... - ... тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай Ү-******** дугаартай эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.М-аас гаргуулах, тус үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, Н.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Г.М, түүний өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүчин төгөлдөр бус хэлцэлээр шилжүүлсэн Говь-Алтай аймгийн ............. сумын ... дугаар багийн, .........-ийн ... дугаар гудамж ... - ... тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай Ү-******** дугаартай эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.М-аас гаргуулах, уг үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Говь-Алтай аймгийн ......... сумын ... дугаар баг ... дугаар гудамжны ... - ... тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болох сэндвичэн барилгыг 2021 оны 04 дүгээр сард барьж ашиглалтанд оруулан авто угаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед газрын гэрчилгээ гараагүй байсан учир үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ аваагүй байсан. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр иргэн Г.М нь надтай уулзаж сэндвичэн барилгаа зарчих гэж гуйсаар 60 сая төгрөгөөр зарахаар аман хэлцэл хийсэн. Тухайн үед эхнэр бид хоёр гэрээгээ нотариат дээр очоод батлуулъя гэтэл хэрэггүй удахгүй гэрчилгээ гарахаар нь үлдэгдэл төлбөрийг чинь өгчихнө гэж байсан. 44 сая төгрөгийг урьдчилан хуваан өгч маргаан бүхий эд хөрөнгийн газрын гэрчилгээг гарахаар нь үлдэгдэл 16 сая төгрөгийг төлж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түүний нэр дээр шилжүүлж өгөхөөр тохирсон.

Г.М нь бидний сэндвичэн үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 09 дүгээр сарын 20-нд хүлээн авч сэндвич дотор лангуу засаад барилгын материал зарсаар өдийг хүргэсэн. 2022 оны 04 дүгээр сарын 19-нд Говь-Алтай аймгийн ................... сумын ... -р багт нэгж талбарын .............. дугаар бүхий 310 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 12 жилийн хугацаатай Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч миний бие Г.М-тай гэрийнх нь гадаа очиж уулзаж үлдэгдэл төлбөрөө авъя 150 м.кв газрын гэрчилгээг нь нэр дээр нь шилжүүлж өгье гэтэл мөнгө байхгүй байна гэсэн ба удаа дараа нэхэхэд өгөхгүй шалтаг тоочсоор өдийг хүрсэн.

Миний хувьд энэ хүн биднийг 2 жил хууран мэхэлж миний үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж, ашиг орлого олж, надад өгөх байсан үлдэгдэл төлбөрөө төлөөгүйгээс би банкнаас өндөр хүүтэй зээл авч төлөх болж улмаар бусад барилга байгууламжаа зохих зориулалтын дагуу эзэмшиж өмчлөхөд саад учруулж бидний эрх ашгийг зөрчиж байна. Бид банкнаас зээл авахдаа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн газрын гэрчилгээг тавьсан байсан учир хүнээс мөнгө зээлж тус зээлээ төлж дуусган Говь-Алтай аймгийн ........... сумын ...-р баг, ....... гудамж ... - ... тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай Ү-******** дугаартай сэндвичэн барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2023 оны 9 дүгээр сарын 27-нд гаргуулж авсан.

Бид Г.М болон түүний эхнэртэй уулзаж, утсаар ярьж сэндвичэн үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлж авмаар байна урьдчилгаанд өгсөн мөнгийг чинь буцааж өгье гэхэд хэл амаар доромжилж учир зүгээ олж чадаагүй. Хариуцагч болон бидний хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авахтай холбоотой хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56.5 дугаар зүйлд зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх буюу надад урьдчилгаа болгож өгсөн 44 сая төгрөгийг Г.М-д буцааж, бид өөрийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн .......... сумын ... -р баг, ......... гудамж ... - ... тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай Ү-******** дугаартай эрхийн гэрчилгээтэй, барилгыг Г.М-аас буцаан авахыг шаардаж байна. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн .............. сумын ... -р баг, ...... гудамж ... - ... тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай Ү-******** дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул Г.М-ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч мөнгөө өгөөд барилгаа ав гэхэд аваагүй. Тэгээд 2 жилийн дараа тухайн мөнгөө өгөөд авъя гэж байна. Би банкны зээл авах гэж байна гэж хэлсэн. Гэрчилгээг банкны зээлийн барьцаанд тавьсан байгаа. Мөнгө нь болохгүй байна гээд 2 жилийн хугацаанд явж байхад нь болохоороо өгөх байх гэж бодоод явж байсан. Зээлийн хэмжээ нэмэгдээд байсан. Г.М ах мөнгөө өгөхөөр зээлээ даръя гээд яваад байсан. Тэгсэн мөнгөгүй биш худлаа хэлээд явж байсан байна лээ. Хот явсан ардуур манай ажлын байр луу тулгаад нэг барилгын ажил эхлүүлсэн байсан. Анх худалдаж авахдаа мөнгө өгнө гэсэн хугацаандаа үлдэгдэл мөнгийг өгөөгүй. 2 жилийн дараа ирээд мөнгө өгнө гэхээр нь 70 сая төгрөг болгож авна гэж хэлсэн. Үлдсэн 20 сая төгрөгийн хүү нь тийм болж байгаа. Би банкны барьцаанд тавьсан байгаа хүүтэй нь цуг өгөөрэй гэж хэлсэн. Өгсөн мөнгийг нь буцааж өгөөд Сэндвичэн барилгаа чөлөөлүүлж авмаар байна. Анх хэлцэл хийхдээ наториат оръё гэсэн боловч хүнгүй үед нь очно гээд гэрээ хийгээгүй өдийг хүрсэн. Анх 2021 онд хэлцэл хийгдэхдээ сэндвичэн барилгаа зараад 40 сая төгрөгийг нь эхэлж өгөөд 20 сая төгрөгийг нь газрын гэрчилгээ гарахаар өгье гэсэн аман хэлцэл хийгдсэн гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэндвичэн барилга нь ажлын байрнаас үргэлжлүүлээд барьсан барилга байгаа. Одоо сэндвичэн барилгаа зармааргүй байна. Г.М ах манай ажлын байрны зүүн талд барилгын ажил хийж байгаа. Манайхаас худалдан авсан сэндвичэн барилга дээрээ мөн барилгын ажил хийвэл манай ажлын хана нурахаар байгаа. Тиймээс сэндвичэн барилгаа чөлөөлүүлж авмаар байна. Г.М сэндвичэн барилга дотор барилгын материал зарж байгаа. Түүнээс нь чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Сендвичэн барилгын газрын зөвшөөрөл нь 10*10 буюу 10 мкв юм, газрын гэрчилгээг 10*15 болгож сунгаж өгнө. Одоо 45,000,000 төгрөг өгчих 15,000,000 төгрөгийг бүх гэрчилгээ гарсны дараа өгөхөөр тохиролцсон. 44,000,000 төгрөгийг цувуулж өгөөгүй. 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг, тус оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөгийг өгсөн. Нийт 40 сая төгрөгийг 5 хоногийн хугацаанд өгсөн. Дараа нь 4,000,000 төгрөгийг өгсөн. Сэндвичэн барилгыг нурааж барилгын ажил эхлүүлнэ гэж яриагүй надад тийм зүйл хийх шаардлага байхгүй. Би гэрээнд заасны дагуу явж байгаа. Би мөнгөө өгөөд үл хөдлөхийн гэрчилгээгээ авмаар байна. Надад үл хөдлөхийн гэрчилгээ асар их хэрэгтэй байгаа. Сүүлдээ банкинд 70 сая төгрөгийн барьцаанд байгаа. Гэрчилгээг гаргаж өгч чадахгүй юм байна, больё гэсэн. Ярьсан тохирсондоо байгаад гэрчилгээгээ гаргаад өгөөч. Мөнгө бэлэн гэж хэлж байсан. 2021 оны 11 дүгээр сард коронавирус гарч байхад таараад урдаас ачаа оруулж ирж байна гээд жил болсон. 2022 оны 6, 7 сард бүр дампуурсан. Түүнээс хойш ажиллаагүй. Одоо очоод үзвэл хуруу зузаан тоостой байгаа. Миний зүгээс гэрээний үүргээ зөрчөөгүй гэрчилгээ гараад ирвэл шууд мөнгийг өгнө. 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр газрын гэрчилгээ гарсан байгаа. Хэл ам бага болохоор газрын хэмжээг сунгаж өгнө гэсэн та түр хүлээж байгаач гэсэн. Тэгээд би ахиж нэхээгүй. Газрын гэрчилгээ гарсан хойно дундуур нь хувааж, сэндвичний гэрчилгээг гаргаж надад өгөх ёстой болохоор би хүлээж байсан. Нэхэмжлэгчид газраа сунгаад авчихсан юм байна лээ. Гэрчилгээ гаргаж өгөхгүй 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл явчихаж байгаа юм. 16 сая төгрөгөөс илүү гэрчилгээ маш чухал байгаа. Би энэ 2 хүүхдийг 3 жил хүлээж байгаа. Сүүлдээ манай гэрийн гадаа ирээд зарахгүй гээд манай эхнэртэй маргалдаад зөндөө юм болсон. Эхнэр бид 2 шүүхэд өгөх үү гээд ярьж байсан. Би Төгрөг суманд барилгын ажилтай энэ оны 12 дугаар сард хүлээлгэж өгөх гэж байгаа болохоор аргагүй эрхэнд чадахгүй байсан. 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрчилгээ нь гараад, 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан байсан. Энэ хооронд гэрчилгээ гарсан төлбөрөө дуусга гэсэн бол би төлбөрийг баяртайгаар өгөх байсан гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг баримтлан хариуцагч .......... овгийн Г.М-д холбогдох, Хүчин төгөлдөр бус хэлцэлээр шилжүүлсэн Говь-Алтай аймгийн ............ сумын ... -р баг, ......... гудамж ... - ...тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай Ү-******** дугаартай эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.М-аас буцаан шаардах, тус үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ................ овгийн Д.Н, ................... овгийн Н.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, Шүүхийн шийдвэр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарна гэснийг зөрчсөн.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа гаргаж өгсөн, харин хариуцагч хариу тайлбарын шаардлагаа нотлоогүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хэргийн бодит байдалд нийцүүлж үнэлнэ гэдгийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримтын үнэлгээтэй холбоотой үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Н, Н.Б нар Говь-Алтай аймгийн ............. сумын ... дугаар багийн ............. дугаар гудамжны ... - ... тоот хаягт байршилтай, Ү-******** дугаарт бүртгэлтэй, 150 метр квадрат талбайтай, үл хөдлөх хөрөнгө хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжсэн гэж үзэж хариуцагч Г.М-ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан байна.

 

            3. Хариуцагч Г.М нь нэхэмжлэгч Д.Н, Н.Б нараас 100 метр квадрат газрын гэрчилгээтэй, сэндвичэн барилгыг 60,000,000 төгрөгөөр худалдаж авахаар амаар тохиролцож, 44,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн  16,000,000 төгрөгийг газрын хэмжээг сунгаж 150 метр квадрат газрын гэрчилгээ болон сэндвичэн барилгын гэрчилгээ гарсны дараа шилжүүлэхээр тохиролцсон. Би гэрээний үүргээ зөрчөөгүй гэж маргасан байна.

            4. Талууд 100 метр квадрат газар бүхий сэндвичэн барилгыг 60,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, Г.М нь 44,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Д.Н, Н.Б нар нь уг барилгыг Г.М-ы эзэмшилд шилжүүлсэн, үлдэх 16,000,000 төгрөгийг гэрчилгээ гарсны дараа шилжүүлэхээр тохиролцсон гэдэгтэй зохигч маргаагүй байна.

5. Харин нэхэмжлэгч нар нь газрын гэрчилгээ гарсны дараа Г.М үлдэгдэл 16,000,000 төгрөгөө өгөхөөр тохиролцсон ч газрын гэрчилгээ гарчихлаа одоо үлдэгдэл 16,000,000 төгрөгөө шилжүүл гэхэд одоогоор мөнгөгүй байна гээд шилжүүлээгүй гэж тайлбарлаж байна.

 

6. Гэтэл хариуцагч нь уг барилгын газрын гэрчилгээг нэхэмжлэгч нар 150 метр квадрат болгож томруулж жинхэнэ хэмжээгээр нь гаргуулж, улмаар уг барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсний дараа үлдэгдэл 16,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Гэрчилгээнүүдийг гаргуулж өгвөл гэрээний дагуу 16,000,000 төгрөгөө өгөхөд бэлэн байна гэж зөрүүтэй тайлбарлаж байна.

 

7. Өөрөөр хэлбэл маргаж байгаа үл хөдлөх хөрөнгө нь хүчин төгөлдөр хэлцлийн дагуу нэхэмжлэгчийн эзэмшилд шилжсэн эсэх, хариуцагч уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа эсэх нь зохигчийн маргааны зүйл болжээ. 

 

8. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ уг хэлцлийг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул сэндвичэн барилгыг худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж хэлцлээр өгсөн авсан зүйлээ харилцан буцаан авах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

9. Харин хариуцагч нь хүчин төгөлдөр хэлцлийн дагуу уг үл хөдлөх хөрөнгийг эзэмшилдээ авсан тул буцаан өгөх үндэслэлгүй гэж хариу тайлбарлажээ.

 

10. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

            11. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан.

12. Худалдах-худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулахыг, бичгээр байгуулаагүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байхаар тухайлан арилжааны гэрээний адилаар зохицуулаагүй байна.

            13. Аливаа хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд үүргийн болон өмчийн хэлцэл давхар хийгддэг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө болох газар, барилга байгууламжийг эзэмших, өмчлөх эрхийг  худалдах-худалдан авах үүргийн хэлцэлд хэлбэрийн тусгайлсан шаардлага тавигдаагүй байна.  

            14. Харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх харилцаанд тухайлсан шаардлага тавигдах бөгөөд энэ харилцааг Иргэний хуулийн 109, 110, 111 дүгээр зүйлээр зохицуулжээ.

15. Гэвч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэлд тавигдах нөхцөл, шаардлага хангагдсан эсэх нь зохигчийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах үүргийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэл болохгүй, харин өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл хийгдсэн эсэхийг дүгнэхэд харгалзан үзэх үндэслэл болно.

16. Тухайлбал үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх зохицуулалтыг тусгасан Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэхээр заасан байна.

17. Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалт нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийг  өмчлөх эрхийг нэг этгээдээс нөгөөд шилжүүлэхэд шаардлагатай нөхцлийг тодорхойлж байгаа болохоос үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний хэлбэрт тавигдах шаардлага, гэрээний үүргийг тодорхойлсон зохицуулалт биш юм.

18. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

19. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах хэлцлийг бүртгүүлснээр шинэ өмчлөгч нь худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасан өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бодит боломж бүрдэх боловч энэ зохицуулалт нь өмчлөх эрхийг худалдах худалдан авах гэрээний үүргийн шаардах эрхийн үндэслэл болохгүй.

20. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хэлцэл хийгдэх үед уг үл хөдлөх эд хөрөнгө 150 метр квадрат хэмжээтэй боловч 100 метр квадрат газрын гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй байсан ба нэхэмжлэгч нар уг барилгад 150 метр квадрат газрын гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч хариуцагчид эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцсон. Энэ талаар талууд маргаагүй болно.

21. Тиймээс уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

22. Нэхэмжлэгч нар нь уг сэндвичэн барилгыг худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосны үндсэн дээр, уг барилгыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс буцаан авч 44,000,000 төгрөгийг хариуцагчид буцаан өгөхөөр шаардаж байна.

23. Тиймээс нэхэмжлэгч нар зохигчийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө  худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг, уг барилгыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгааг болон уг барилгыг буцаан авах үндэслэлээ тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэгч нар эдгээр байдлуудыг нотлож чадаагүй байна.

24. Харин хариуцагчийн уг хэлцэл хүчин төгөлдөр бөгөөд гэрээний үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд үлдэгдэл төлбөрөө төлж гэрээний үүргээ биелүүлэхэд бэлэн байгаа талаарх татгалзал үндэслэлтэй байна.      

25. Тиймээс нэхэмжлэгч нарын хамтран гаргасан Говь-Алтай аймгийн .......... сумын  ... дугаар багийн .......... дугаар гудамжны ... - ... тоот хаягт байршилтай, Ү-******** дугаарт бүртгэлтэй, 150 метр квадрат талбайтай, үл хөдлөх хөрөнгийг Г.М-ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.   

 

26. Нэхэмжлэгч нар нь 2022 оны 04 дүгээр сард газрын гэрчилгээ гарсны дараа хариуцагч Г.М-ыг барилгын үнийн үлдэгдэл 16,000,000 төгрөгөө өгөхийг шаардахад мөнгөгүй гээд өгөөгүй тул Х банкнаас 2022 оны 06 дугаар сард зээл авсан гэж тайлбарлаж уг байдлыг нотлохоор Д.Н нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөгийн, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээл авсан талаарх мэдээлэл бүхий лавлагаа, Д.Н нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Х банкнаас зээл авахаар хүсэлт гаргаж байхдаа Г.М-аас 16,000,000 төгрөгийн авлагатай талаараа тусгасан авлагын бүртгэл зэргийг шүүхэд ирүүлсэн байна. /хх 46, 65/

 

27. Мөн гэрч Х.Д-ийн “Манай хүүхдүүд 2021 онд сэндвичэн барилгаа зарна гэж хэлсэн. Би мөнгө төгрөгийг нь авсны дараа гэрчилгээгээ шилжүүлдэг юм шүү гэж хэлсэн. Тэгээд манай хоёр хүүхэд Г.М гэдэг хүн 40 саяыг нь одоо өгөөд 20 саяыг нь дараа бичиг баримт шилжүүлэхээр нь өгье гэхээр нь зарчихлаа гэж хэлсэн. Газрын гэрчилгээ гараагүй байсан. Газрын гэрчилгээ гарахаар нь шилжүүлж нэр дээр нь болгоё гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байна. /хх 74/     

 

28. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Д.Н-ийн зээлийн мэдээллийн лавлагаа, гэрч Х.Д-ийн мэдүүлэг зэрэг нь нэхэмжлэлийн үндэслэлийг өөрөөр хэлбэл хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг болон хариуцагч маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгааг, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн болохыг шууд нотлоогүй байна.

 

29. Д.Н нь Г.М-аас авлагатай талаараа тусгасан Х банкны зээлдэгчийн авлагын бүртгэл нь талуудын маргаагүй үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлоогүй байна.

30. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн бөгөөд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

31. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Н, Н.Б нарын өмгөөлөгч Ж.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.О

    ШҮҮГЧИД                            Ш.Б

                                           Ч.Э