Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 152/ШШ2024/00004

 

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч:  ХААК ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: ХХ ХХК-д холбогдох,

    Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 355,716,135 төгрөг гаргуулах тухай үндсэн, ХХ ХХК-ийн 2017 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын 31-ний хооронд 375.4 тонн буудай хадгалсан, буулгасан зардалд 23,665,093 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд оролцогчид:

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б/цахимаар/,

    Хариуцагч: Л.М,

    Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Уянга,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Нэхэмжлэгч ХААК ТӨХК нь хариуцагч ХХ ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 355,716,135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

    1.1. Нэхэмжлэгч ХХАА, ХҮЯ-ны ХААДС-ийн гүйцэтгэх захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймаг, Улаангом хот, х баг хаягт орших ХХ ХХК-ийн агуулахад 2017, 2018 онуудын намрын ургацын 375,426 тонн хүнсний улаан буудайг түр хадгалуулахаар тохирсон байдаг. ХХ ХХК нь 2019 онд 19,07 дугаар албан бичгээр өөрийн хадгалж байгаа 375,426 тонн хүнсний улаан буудайг зээлээр худалдан авах, хадгалалтын хөлс тооцуулах тухай хүсэлт гаргасан байдаг. Тухайн үед хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 100 хувь үнийг төлөх нөхцөлөөр худалдан авч болох тухай хариу илгээсэн байдаг. Гэвч уг компани нь эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 2020 оны 6-8 дугаар саруудад өөрийн үйлдвэртээ хэрэглэсэн байна. Манай байгууллагаас 2021, 2022 онуудад биет төлөөлөгч томилон Увс аймагт ажиллуулан төлбөрийг уян хатан боломжийн нөхцөлөөр төлөх тухай санал оруулсан боловч ямар нэгэн тохиролцоонд хүрч чадахгүй өнөөдрийг хүрлээ. Иймд ХААДС-ийн 375,426 тонн хүнсний улаан буудайг 2022 онд иргэн аж ахуйн нэгжээс хүнсний улаан буудай худалдан авах тухай ХХААХҮ-ийн сайдын А-343 дугаар тушаалаар баталсан үнийн дундаж үнэ болох нэг тонн хүнсний улаан буудайг 947 500 төгрөгөөр тооцон 355,718,135 төгрөг ХХ ХХК-иас гаргуулж өгнө үү.

    Жич: Тус сан ХХААЯ-ны харьяа төсөвт байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно гэжээ.

     2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ ХХК нь 2019 онд 19.07 дугаар албан бичгээр өөрийн хадгалж байгаа 375,426 тонн хүнсний улаан буудайг зээлээр худалдан авах, хадгалалтын хөлс тооцуулах тухай хүсэлт гаргасан байдаг. Тухайн үед хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 100 хувь үнийг төлөх нөхцлөөр худалдан авч болох тухай хариу илгээсэн байдаг. Гэвч уг компани нь эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 2020 оны 6-8 дугаар саруудад улаан буудайг өөрийн үйлдвэртээ хэрэглэсэн байна. Манай байгууллагаас 2021, 2022 онуудад биет төлөөлөгч томилон Увс аймагт ажиллуулан төлбөрийг уян хатан боломжийн нөхцлөөр төлөх тухай санал оруулсан боловч ямар нэгэн тохиролцоонд хүрч чадахгүй өнөөдрийг хүрлээ. Иймд ХААДС-ийн 375,426 тонн хүнсний улаан буудайг 2022 онд иргэн аж ахуйн нэгжээс хүнсний улаан буудай худалдан авах тухай ХХААХҮ-ийн сайдын А-343 дугаар тушаалаар баталсан үнийн дундаж үнэ болох нэг тонн хүнсний улаан буудайг 947,500 төгрөгөөр тооцон 355,718,135 төгрөг ХХ ХХК-иас гаргуулж ХААК ТӨХК-д олгож өгнө үү... гэжээ.

     3. Хариуцагч Л.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХ ХХК нь Увс аймгийн Улаангом сумын х багт хүнсний үйлдвэрлэл эрхэлж ажилладаг. Манай компани 2016 оноос гурилын үйлдвэрлэлийн түүхий эдийн хэрэгцээнд зориулан ХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2017 оны 8 дугаар 30-ны №АҮ/2017/_60_тоот гэрээ байгуулан хүнсний улаан буудайг худалдан авах гэрээ байгуулан ажиллаж гэрээг 100% биелүүлж хаасан болно. 2018 оны 11 дүгээр сард манай компанид ТЭДСангийн ахлах мэргэжилтэн эрх бүхий төлөөлөгч Ч.Б хүрэлцэн ирж тооцоо тулгаад 2017 оны ургацын 63,2 тонн, үрийн 38,49 тонн буудайг орон нутагт нь буюу Баруунтуруун суманд хадгалах нөхцөл алга, тиймээс танайд хадгалуулъя гэж хүсэлт тавьсан. Тэгэхдээ тус сангаас буудайг хадгалах, ачиж буулгах, хатаах үйлчилгээнд хөлс тооцох тушаал гарсан, тиймээс танайд хадгалалтын хөлс, ачилт буулгалтын хөлсийг тооцож олгоно гэж тайлбарласан байдаг. Тухайн 2018 онд тус сангийн үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай гүйцэтгэх захирал В.Ү-ын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний А/102 тоот тушаал гарсан үнэн бөгөөд бидэнд бидэнд бичиг баримтын дотроос хувилсан тушаалыг сангийн ахлах мэргэжилтэн Ч.Б өгсөн. Энэ тушаал гарсантай холбогдуулан биднийг хүсэлтээ гаргаад ачилт буулгалт болон хадгалалтын хөлсөө тооцуулж аваарай, мөн худалдан авах хүсэлтээ гаргаарай гэсний дагуу манай компани 2018 оны 12 дугаар сарын 03-ны 18/31 тоот хүсэлтийг ТЭДСанд илгээсэн. Увс аймгийн Баруунтуруун сумын тариаланчдаас манайд тушаах таваарын 3 дугаар ангиллын улаан буудайн нийлүүлэлт 2017 оны намраас 2019 оны 12 дугаар сарыг дуустал үргэлжилсэн бөгөөд нийт буудайн хэмжээ 375,426 кг болсон. Мөн ачилт, буулгалтын зардал 1,689,417 төгрөг болов. 2016-2019 онд буудайн үнэ тогтоохдоо ХХААХҮ-ийн сайдын 2016 оны А/15, 2017 оны A122, 2018 оны А/164 тоот тушаалын хавсралт дахь үнийг мөрдөж байсан болно. Манай компаниас ТЭДСангийн ахлах мэргэжилтэн Ч.Б-д агуулахад буулгасан буудайн баримтыг тухай бүр мэйлээр илгээж, гэрээ байгуулахыг шаардсаар байсан. Ч.Б нь 2017 оны намрын ургац хураалт, 2018 оны хаврын тариалалт, 2019 оны намрын ургац хураалтын үеэр ирж тухай бүр тооцоо тулгаж баримтжуулан явсан. Бид дахин 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 19.07 тоот хүсэлтээр ТЭДСангийн захирал В.Ү-д хүсэлт гаргаж 2017 болон 2018, 2019 оны нийт 375,426 кг буудайн гэрээ байгуулах, хадгалалтын хөлс тооцох, мөн урьдчилгаа төлбөртэй худалдан авалт хийх хүсэлт хүргүүлсэн. Гэвч ТЭДСангаас 2019 оны 02 сарын 12-ны 01/40 тоот мэдэгдлээр 2017 оны 63,2 тонн хүнсний улаан буудайн үнийг 100% төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан худалдан авах, мөн хадгалах хадгалуулах тухай гэрээ, орлогын маягт үндэслэн тооцох боломжтой тул анхан шатны материалыг тулган тооцоо нийлэхийг мэдэгдсэн хариу өгсөн. Энэ хариу ирмэгц манай компани анхан шатны бүх баримтыг дахин илгээж гэрээ байгуулахыг хүлээсэн боловч гэрээ байгуулаагүй, хариу өгөөгүй. Ингээд 2020 оны 5 дугаар сард ТЭДСангийн ахлах мэргэжилтэн Ч.Б манай компанид ирэхэд хадгалагдаж буй буудайг үзүүлж манайх худалдан авах хүсэлтийг уламжлан гэрээ байгуулах, төлбөрийн нөхцөлийг тохирох талаар ярилцсан. Дээш яриад хэрэглэж болно гэсэн чиглэл өгсөн гээд бидэнд хэрэглэхийг зөвшөөрсөн үүднээс 2020 оны 6-8 саруудад үйлдвэрлэлд оруулсан. Үүнээс хойш ТЭДСангаас ямар нэгэн тооцоо шаардлага тавиагүй бөгөөд манай компаниас 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 21.02 тоотоор ХААДСгийн гүйцэтгэх захирал О.С-д хандан дахин тайлбар хүсэлт гаргасан. Мөн тухайн үеийн баримтуудыг дахин илгээж хандсан. ХААДСангаас ямар нэг албан бичиг хариу ирүүлэхгүй шалгаж байгаа нэрийдлээр цаг хугацаа өнгөрүүлсэн. Мөн 2021 оны намар тус сангийн мэргэжилтэн Ц.М, Д нар Улаангомын Сарнай буудалд ирж уулзаарай гэсний дагуу манай компанийн нягтлан бодогч Э.Б-г дагуулан миний бие өөрөө очиж болсон бүх процесс болон тооцооны баримтыг хэвлэн өгч гэрээ байгуулах, хадгалалтын хөлс тооцуулах талаар дахин хүсэж уулзалтын протоколд гарын үсэг зурж өгч явуулсан. 2022 оны хавар ХААДСангийн Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын дарга Б.Э болон хуулийн мэргэжилтэн Н.Б нартай ажил дээр нь биечлэн уулзаж хүсэлтээ дахин илэрхийлж, гэрээ байгуулах, хадгалалтын хөлс, ачилт буулгалтын зардал тооцуулах талаар санал солилцож, тэдний зүгээс шалгаж байгаад шийдвэрлэх боломжтой гэсэн хариу сонссон. Мөн үйлдвэр эрхлэгчийн хувьд энэ тодорхойгүй байдлын улмаас манай компани аливаа зээл санхүүжилт авахад энэ нь хүндрэл үүсгэж тус сангаас дэмжихгүй байдал удаа дараа гарч байгааг уламжилж асуудалд зөв талаас нь хандаж саад учруулж байгаа гэрээ хэлцэл хийгээгүйн бурууг зөвхөн манай компани хүлээх боломжгүй гэсэн саналыг гаргасан болно. Гэвч ХААДСан энэ талаар ямар нэг шийдвэр гаргахгүй байсан учир бидний зүгээс ХААДСангаас гэрээ хэлцлийн шийдвэр гарахыг хүлээх эсвэл шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байгаагаа тус сангийн захирал О.С болон хуулийн мэргэжилтэн Н.Б-д удаа дараа илэрхийлсэн. Манай компанийн зүгээс ХААДСангаас ирүүлсэн нэхэмжлэлд дурдсан тооцоог магадлан гэрээ хэлцэл хийж, баримтжуулан шийдвэрлэх боломжтой байсан гэж үздэг. Тийм учраас:

    1. Манай компани өөрийн эзэмшлийн агуулахад буусан буудайн хэмжээг үнэн зөв гаргаж, буудайг хадгалах гэрээ байгуулахыг хүссэн.

   2. Хадгалах хугацаанд тооцогдох хөлсийг ТЭДСангийн захирлын А/102 тоот 2018 оны 09 сарын 14-ний тушаалыг баримтлан тооцоод өгөөч гэж хүссэн. Бид уг тушаалыг баримталж тооцсон тооцоо баримтаар ачилт, буулгалтын зардал 1,689,417 төгрөг, хадгалалтын зардал 19,768,888 төгрөг, тээврийн зардалд 1,206,900 төгрөг, нийт 22,665,205 төгрөгийн зардал гарсныг албан бичигт тусгаж өгсөн.

   3. Бид ХААДСанд 2021.04.08-ны 21.02 тоот, дахин 2021.10.26-ны 21.17 тоот хүсэлтийг илгээж, хадгалалтын хөлс тооцох, худалдан авах гэрээ байгуулах саналыг тавьсан боловч ямар нэг шийдвэр өнөөдөр хүртэл ирүүлээгүй.

    4. Тус сангаас ирүүлсэн нэхэмжлэлд авагдсан 2017, 2018, 2019 онд аж ахуйн нэгж, иргэдээс манай компанид нийлүүлсэн улаан буудайн үнийг тухайн үед баримталж байсан үнээр тооцогдож гэрээ, баримт үйлдэгдсэн байхад түүнээс хожим хойно 2022 онд гарсан Хүнс, хөдөө аж ахуй сайдын А/343 тоот тушаалын үнээр тооцож, нэхэмжилж буй нь гэрээ хэлэлцээр байгуулаагүй мөртлөө 2 тал эрх ашгаа харилцан тэгш тохиролцох нийтлэг үндэслэл зарчмыг зөрчиж, тулган хүлээлгэх төрийн байгууллагын нэрээр дарангуйлах хандлагыг илэрхийлсэн гэж үзэж байна. Иймд болсон үйл явдал, тайлбар, харилцан үйлдэл бүрийг баримтжуулан Увс аймгийн иргэний анхан шатны шүүхэд гаргасан ХААДСангийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны 01/150 тоот нэхэмжлэлийг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.

    3.1. Хариуцагч Л.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үедээ тооцоо нийлэх талаар удаа дараа санал тавьсан боловч огт тооцоо нийлж байгаагүй. Ямар хэмжээний буудай байгааг ч өөрсдөө мэдэхгүй хэмжээний байдалтай байгаа. Ч.Б гэдэг мэргэжилтэн Увс аймгийн Баруунтуруун сумаас буудай өр төлбөрт авах үйл ажиллагааг хариуцаж ирсэн. Тухайн сан нь өр авлагаа аж хауй нэгжүүдээс авахад нь тусалж ажиллаж байсан. 2017 оноос хойш В.Ү захирал улаан буудайн ахлах мэргэжилтэн Ч.Б өөрийн биеэр манай компани дээр ирж буудай хадгалуулах талаар хэлж, тухайн үедээ гэрээгээ хийсэн. Ахлах мэргэжилтэн Ч.Б, улаан буудайг цуглуулаад хадгалах газар байхгй байгаа учраас танай компанитай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлье, буудайгаа хадгалуулъя гэдэг саналыг тавьсан. Манай зүгээс буудай хадгалалтын үнэ мөнгийг яах вэ? гэхэд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын тушаал гарсан, үүнд хадгалалтын үйлчилгээний үнэ тарифыг тогтоосон байгаа. Үүний дагуу 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж олгох боломжтой гэсэн. 2018 оны 10 дугаар сараас буудайг авах ажилд орсон. Буудайгаа авчихаад тооцоогоо нийлмээр байна гэхэд тооцоо нийлдэггүй. Энэ талаар илгээсэн мэйлээ ч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Нөгөө тал энэ асуудалд хойрго хандсанаас буудай хадгалалтын явцад хөгцөрч муудаж байсан, зарим тохиолдолд сангийн мэргэжилтэнтэй холбогдсоны дагуу анхны нийлүүлэгчид нь буцааж өгөх тохиолдол ч гарч байсан. Хэрэгт нэхэмжлэгч талаас өөрөө тооцоо нийлээд ХХ ХХК-д хэр хэмжээний буудай байгаа талаар ямар ч баримт хэрэгт өгөөгүй, хэрэгт байгаа санхүүгийн баримтууд бүгд манай талаас гаргаж өгсөн баримтууд байгаа юм. Нэхэмжлэгч байгууллага хадгалалтын явцад манай талаас илгээсэн мэйлүүдэд хариу өгч байгаагүй. Гэнэт ковидын өмнө тухайн байгууллагаас танайд 500 гаруй тонн буудай байгаа юм байна гэж холбогдохоор нь манай талаас тооцоог гаргаж, нийт 375,4 тонн буудай хадгалагдаж байгаа тухай хэлсэн. Манай компани ч бусдаас улаан буудайг худалдаж авч үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл манай агуулахыг сангийн буудайгаар дүүргэж, манай буудай худалдан авах нөхцлийг бууруулчихаад, хадгалалтын нөхцөл муудаж байгаа эрсдлийг хараад манай компанийг буудайг хэрэглэж болно, бид очоод гэрээгээ явуулъя гэж хэлсэн. 2020 онд Ч.Б-ийг өөрөө ирэхэд хадгалалтын журмыг харуулсан. 2022 онд өр төлбөр барагдуулахаар ирсэн мэргэжилтнүүдийг нь компани дээр ирж хадгалалтын нөхцөл байдалтай танилц гэхэд ирээгүй бид Сарнай буудалд очиж гэрээнд гарын үсэг зурж байсан. Тэр үед ямар нэгэн байдлаар төлбөр төлөх болон өөр яриа үүсээгүй. Тухайн үеийн төлбөр тооцоо 2017-2018 оны хууль журмын дагуу тооцогдож төлөгдөх ёстой, одоогийн зах зээлийн үнээр нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд тус сангаас улаан буудайн ачилт буулгалтын хөлсөнд 23,665,093 төгрөгийн нэхэмжлэх үүсгэсэн байгааг шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

    4. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 63 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэж харж байна. Яагаад гэвэл хадгалж байгаа улаан буудайн хэмжээтэй 2 тал маргадаггүй, нэг тонныг нь хэдэн төгрөгөөр тооцох вэ? нийт төлбөр хэд вэ? гэдэг үйл баримт дээр маргадаг. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо нэхэмжлэл гаргасан цаг хугацаа буюу 2022 онд мөрдөгдөж байсан үнэ тарифаар тодорхойлсон. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/343 дугаартай Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын тушаалаар үр тариа болон хүнсний улаан буудайн үнийг тогтоосон. Тухайн үед ХХ ХХК-ийн худалдаж авсан улаан буудай 3 дугаар зэргийн ангилалд хамаардаг. А/343 дугаартай тушаалын дагуу 3 дугаар зэргийн ангилалд хамаардаг буудай 940,000 төгрөгөөр тогтоосон ба энэ үнийн дүнгээр тооцож нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл худалдах худалдан авах гэрээ буюу ХХ ХХК хадгалж байсан улаан буудайг 2017 оноос 2020 оны 6 дугаар сар хүртэл хадгалаад 2020 оны 6 дугаар сараас 2020 оны 8 дугаар сар хүртэл 2 сарын хугацаанд ашигласан. Гэрээний харилцаа нь хадгалалтын гэрээнээс худалдах худалдан авах гэрээ рүү шилжээд байна. Худалдаж авах процесс хэзээ явагдаад байгаагаар тухайн цаг хугацаагаар үнийг тодорхойлно. Ийм учраас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тухайн улаан буудайг ашиглах үед мөрдөгдөж байсан эрх бүхий этгээдийн үнэ тогтоосон тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг тушаал дээр 3 дугаар зэрэглэлийн улаан буудайг худалдах үнэ нэг тонн тутам нь 500,000 төгрөг байна гэж үнийг тогтоосон байна. Хэдий бичгээр гэрээ байгуулаагүй болов иргэний эрх зүйн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, манай талд мэдэгдээгүй гэх тайлбарыг бичгээр болон шүхийн хэлэлцүүлэгт гаргасан. Гэтэл улаан буудайн үр тариа нь хөдлөх хөрөнгө ба хөдлөх хөрөнгийн хувьд гэрээг заавал бичгээр хийх шаардлага тавигддаггүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээг амаар болон бичгээр аль ч төрлөөр нь хийж болдог. ХХ ХХК-ийн захирал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал В.Ү нарын хооронд улаан буудай худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна. 2017-2020 оны хооронд Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1-д заасан Барааны агуулахад эд хөрөнгө хадгалах гэрээ байгуулагдсан. Энэ 3 жилийн хугацаанд 374,5 тонн улаан буудайг ХХ ХХК-ийн агуулахад хадгалуулсан. 2020 оны 6-8 дугаар сарын хооронд агуулахад хадгалж байсан улаан буудай нь хүнсний зориулалттай учраас хадгалах стандарт гэж байдаг. Тухайн үед мөрдөгдөж байсан стандартын дагуу 1 жилийн хугацаанд хадгалах ёстой. Гэвч 3 жилийн хугацаанд хадгалсан тул алдагдал гарах, өнөөдрийнхөөс илүү эрсдэл гарах байсныг ХХ ХХК улаан буудайг хэрэглэснээрээ харин ч бууруулсан гэж харж байна. Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.6д Хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгө нь өөрийн үнэ цэнийг алдахуйцаар гэмтэж өөрчлөгдсөнийг хадгалагч эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ийнхүү мэдэгдэх цаг хугацаа хүрэлцэхгүй буюу мэдэгдэх боломжгүй бол түүнийг худалдах эрхтэй гэж заасан. Хадгалах хугацаа алдагдсаны улмаас хариуцагч байгууллага улаан буудайг үйлдвэрлэлдээ ашигласан. Гэрээг бичгээр байгуулаагүй учраас улаан буудайны үнийг нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар тооцоод байна. Бичгээр гэрээ байгуулаагүй ч амаар тохиролцохдоо 2018 оны сайдын тушаалын дагуу үнэ тарифаа тохиролцсон тухайгаа хариуцагч тайлбартаа хэлсэн. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж заасны дагуу 2018 оны Хөдөө аж ахуйн сайдын тушаалын дагуу улаан будайны үнийг тодорхойлох боломжтой. Хархираан хагжил ХХК-ийн худалдаж авч үйлдвэрлэлдээ ашигласан улаан буудайны тооцоог 2018 оны тушаалын дагуу 374,5 тонн улаан буудайг тонн тутмыг 500,000 төгрөгөөр тооцвол 187,700,000 төгрөг болж байгаа ба нэхэмжлэгч тал 2022 оны сайдын ташаадын дагуу тонн тус бүрийг 947,500 төгрөгөөр тооцож 355,718,135 төгрөг нэхэмжилж байгаагаас 168,018,135 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байна гэж үзэж байна. Гэрэний харилцаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан ба талууд хүсэл зоригоо илэрхийлэх үед буюу 2020 онд үнийн тухай тохиролцсон. Нэхэмжлэгч тал 2022 оны сайдын тушаалын дагуу үнийг тооцож нэхэмжилсэн боловч 2022 онд ХХ ХХК тус сангаас улаан буудай худалдаж авсан, тохиролцсон үйл баримт байхгүй. Иймд 2022 оны тушаалаар тооцож нэхэмжлэх боломжгүй.

    Сөрөг нэхэмжлэлийн тухайд талуудын хооронд Иргэний хуулийн 428 дугаар зүйлд заасан барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ 2017 онд байгуулагдсан. Талууд нь эд хөрөнгө хадгалуулсан, хэдий хэмжээний буудай хадгалуулсан үйл баримт дээр огт маргадаггүй бөгөөд тооцоо нийлээгүй, үнийг тооцох асуудал дээр маргаж байгаа. 3 жилийн хугацаанд улаан буудайгаа хадгалуулсан ба гэрээний дагуу хадгалалтын хөлсийг төлөх үүрэгтэй боловч тус сан нь хариуцагч талтай тооцоо нийлж, хадгалалтын хөлсийг төлөөгүй нөхцөл байдал байгаа. Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.7-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээнд хадгалалтын гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан ба тус хуулийн 422.2-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байх бөгөөд хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ гэж заасан ба тухайн үеийн буюу 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/102 тоот Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын тушаалын дагуу хадгалалтын хөлсийг тооцох үнэ тарифыг тогтоосон байсан. Хадгалалтын журмын дагуу хоног тутам 80 төгрөгөөр тогтоосон ба манай талаас 2017 оны 10 дугаар сард анхны улаан буудайг авч эхэлсэн, 2017 оны 10 дугаар сараас хойш 2020 оны 5 дугаар сарын 30 хүртэл буюу ашиглах хүртэл хугацаанд нийт хэдэн тонн буудайг хэр хугацаанд ашигласан бэ гэдгийг нарийн тооцсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хүлээж авсан буудайны хэмжээ болон хадгалсан хоног тус бүр өөр өөр байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатаа нийт хоногийг тооцсон дэлгэрэнгүй хүснэгт гаргаж, хадгалатын хөлс, ачилт буулгалтын зардалд нийт 23,665,093 төгрөгийг Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.4.1, 422.4.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагаас гаргуулж өгнө үү... гэжээ.

   5. Хариуцагч ХХ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

    5.1. ХХ ХХК нь ХААДС-ийн хүсэлтээр 2017 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын хооронд өөрийн компанийн агуулахад ХААД сангийн иргэн, хуулийн этгээдээс авсан улаанбуудайг хадгалсан. Тухайн үед улаанбуудайг хадгалуулах хөлсний талаар тохиролцохдоо Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын А/102 Үйлчилгээний үнэ, тариф тогтоох тухай тушаалаар тогтоосон үнэлгээний дагуу буудай хадгалалтын хөлсийг 1 тонн хоногт 80 төгрөгөөр тооцохоор тогтоосон үнэлгээний дагуу тооцож хөлсийг олгохоор харилцан тохирсон. Мөн дээрх тушаалын дагуу ирсэн улаанбуудайг хүлээн авч, буулгах зардлыг 1 тонн тутамд 4,500 төгрөг байхаар заасан тул манай компани буудайг хүлээн авч, тус үнэлгээгээр буулгаж байсан. 2017 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийтдээ 375.4 тонн буудайг барааны агуулахдаа хадгалсан бөгөөд А/102 тоот тушаалын дагуу тус буудайг нийт хадгалсан хугацаагаар нь тооцож хадгалалтын хөлсийг бодох ёстой. Үүний дагуу тооцож 19,768,888 төгрөг болсон. Тухайн 375.4 тонн буудайг хүлээн авч буулгасан зардал нь 1,689,417 төгрөг болсон. Мөн ХААД сангийн Ч.Б буудай буулгахдаа хоол болон тээврийн зардалд нийт 2,206,900 төгрөгийг хадгалалтын хөлс дээрээ нэмэлтээр гаргаж өгнө гээд манай компаниар төлүүлсэн байдаг. Гэтэл ХААД сан нь өнөөдрийг хүртэл манай компанид буудай хадгалуулсан хөлс болон буулгалтын зардал зэргээ төлөөгүй байна. Манай компаний зүгээс буудайг хадгалсан цагаас бичгээр гэрээ хийх талаар байнга албан тоот, хүсэлт зэргийг явуулдаг байсан ч ХААД сангийн зүгээс гэрээ байгуулахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Иймд ХААД сангаас 2017 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын 31-ний хооронд 375.4 тонн буудай хадгалсан, буулгасан зардалд нийт 23,665,093 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

    6. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:

    6.1. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын А/102 тоот тушаалын дагуу хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин ачилт буулгалтын зардлыг 375,4 тонн буудайг 4500 төгрөгөөр тооцож, 1,687,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой. ХХ ХХК улаан буудайг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэсэн учраас хадгалалтын зардлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд 23,665,093 төгрөг гаргуулах шаардлагаас 1,687,500 төгрөгийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

    7. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/102 дугаар Үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох тухай тушаал, №АҮ/2017/60 дугаартай хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ, ХХ ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ХААДС-ийн гүйцэтгэх захирал О.С танаа гэх хүсэлт, ХХ ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Ү танаа гэх хүсэлт, ХХ ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Ү танаа гэх хүсэлт, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаангомд хүлээн авсан улаан буудай гэх баримт, 2018 оны 05 дугаар сарын 11-нд ТЭДСангаас хүлээн авсан улаанбуудай, 2018 онд ТЭДСанд нийлүүлсэн улаанбуудай, 00828 орлогын баримт, тооцоо нийлсэн болон буудай тушаах зөвшөөрлийн хуудас №0000828, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орлогын баримт, тооцоо нийлсэн болон буудай тушаах зөвшөөрлийн хуудас №0000870, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орлогын баримт, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн орлогын баримт, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орлогын баримт, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн орлогын баримт, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн орлогын баримт, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/343 дугаартай Үр тарианы үрийн болон хүнсний улаанбуудай үнэ тогтоох тухай тушаал, уг тушаалын 1, 2-р хавсралт, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр ХААДС-ийн ажлын албыг татан буулгах тухай тогтоол, Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/349 дүгээр Татан буулгах комисс томилох тухай тушаал, ХААК ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай Гүйцэтгэх захирлыг томилох тухай тогтоол, итгэмжлэл, ХААК ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

     8. Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №АҮ/2017/60 дугаартай хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээний №01 хавсралт, харилцагчийн тооцооны жагсаалт, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/102 дугаар Үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох тухай тушаал, ХХ ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Ү танаа гэх хүсэлт, төсөл явууллаа гэх мейлийн зураг, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Ү танаа гэх хүсэлт, материалын гүйлгээний жагсаалт, 2017 онд ТЭДСанд нийлүүлсэн улаанбуудай, улаангомд хүлээн авсан улаан буудай, 2018 оны 05 дугаар сарын 11-нд ТЭДС-с хүлээн авсан улаанбуудай, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ХХ ХХК-нд хүргүүлсэн мэдэгдэл, ХХ ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Ү танаа гэх хүсэлт, материалын гүйлгээний жагсаалт, 2018 онд ТЭДС-д нийлүүлсэн улаанбуудай, орлогын баримт 00828, тооцоо нийлсэн болон буудай тушаах зөвшөөрлийн хуудас №0000828, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орлогын баримт, тооцоо нийлсэн болон буудай тушаах зөвшөөрлийн хуудас №0000870, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орлогын баримт, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн орлогын баримт, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орлогын баримт, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн орлогын баримт, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн орлогын баримт, тооцоо нийлсэн болон буудай тушаах зөвшөөрлийн хуудас №0000891, зарлагын баримт, ХХ ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ХААДС-ийн гүйцэтгэх захирал О.С танаа гэх хүсэлт, ХХ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ХААДС-ийн гүйцэтгэх захирал О.С танаа гэх хүсэлт, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн кассын зарлагын ордер №46089, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар, 8 ширхэг мейл илгээсэн талаарх баримт, 16 ширхэг шинжилгээний хариу, Сангийн яамны 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шалгалтын тайлан, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын аргачлал батлах тухай 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №А-80 тушаал, уг тушаалын хавсралт, Сангийн яамны 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шалгалтын тайлан, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ХХ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ХААДС-ийн гүйцэтгэх захирал О.С танаа гэх хүсэлт, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн улаанбуудайн хадгалалт, буулгалтын хөлс тооцсон тооцоо, 44.7 тн буудайн тээврийн хөлс Б-д 1,206,900 гэх баримт, бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар, УХ ХК-иас мөнгө хүссэн өргөдөл, ХХ ХХК-ийн Хаан банкны депозит дансны хуулга 2 ширхэг, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/152 дугаар Үрийн болон хүнсний улаанбуудайн үнэ тогтоох тухай тушаал, уг тушаалын 1, 2 дугаар хавсралт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

     ХААДС нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус сангийн нэхэмжлэлд шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор ХААДС-ийн ажлын албыг татан буулгаж, тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг энэ тогтоол батлагдсан өдрөөр тасалбар болгон ХААК төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Б, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /Б.Ц/-т тус тус даалгасан. ХААК төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай хурлын тогтоолоор тус ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Ц-г томилжээ.

    1. Нэхэмжлэгч ХААК ТӨХК-ийн хариуцагч ХХ ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 355,716,135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

     2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

    ... ХХ ХХК нь 2019 онд 19.07 дугаар албан бичгээр өөрийн хадгалж байгаа 375,426 тонн хүнсний улаан буудайг зээлээр худалдан авах, хадгалалтын хөлс тооцуулах тухай хүсэлт гаргасан байдаг. Тухайн үед хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 100 хувь үнийг төлөх нөхцлөөр худалдан авч болох тухай хариу илгээсэн байдаг. Гэвч уг компани нь эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 2020 оны 6-8 дугаар саруудад улаан буудайг өөрийн үйлдвэртээ хэрэглэсэн байна. Манай байгууллагаас 2021, 2022 онуудад биет төлөөлөгч томилон Увс аймагт ажиллуулан төлбөрийг уян хатан боломжийн нөхцлөөр төлөх тухай санал оруулсан боловч ямар нэгэн тохиролцоонд хүрч чадахгүй өнөөдрийг хүрлээ. Иймд ХААД-гийн 375,426 тонн хүнсний улаан буудайг 2022 онд иргэн аж ахуйн нэгжээс хүнсний улаан буудай худалдан авах тухай ХХААХҮ-ийн сайдын А-343 дугаар тушаалаар баталсан үнийн дундаж үнэ болох нэг тонн хүнсний улаан буудайг 947,500 төгрөгөөр тооцон 355,718,135 төгрөг ХХ ХХК-иас гаргуулж ХААК ТӨХК-д олгож өгнө үү гэжээ.

    3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

    Тухайн үедээ тооцоо нийлэх талаар удаа дараа санал тавьсан боловч огт тооцоо нийлж байгаагүй. Ямар хэмжээний буудай байгааг ч өөрсдөө мэдэхгүй хэмжээний байдалтай байгаа. Ч.Б гэдэг мэргэжилтэн Увс аймгийн Баруунтуруун сумаас буудай өр төлбөрт авах үйл ажиллагааг хариуцаж ирсэн. Тухайн сан нь өр авлагаа аж хауй нэгжүүдээс авахад нь тусалж ажиллаж байсан. 2017 оноос хойш В.Ү захирал улаан буудайн ахлах мэргэжилтэн Ч.Б өөрийн биеэр манай компани дээр ирж буудай хадгалуулах талаар хэлж, тухайн үедээ гэрээгээ хийсэн. Ахлах мэргэжилтэн Ч.Б, улаан буудайг цуглуулаад хадгалах газар байхгй байгаа учраас танай компанитай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлье, буудайгаа хадгалуулъя гэдэг саналыг тавьсан. Манай зүгээс буудай хадгалалтын үнэ мөнгийг яах вэ? гэхэд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын тушаал гарсан, үүнд хадгалалтын үйлчилгээний үнэ тарифыг тогтоосон байгаа. Үүний дагуу 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж олгох боломжтой гэсэн. 2018 оны 10 дугаар сараас буудайг авах ажилд орсон. Буудайгаа авчихаад тооцоогоо нийлмээр байна гэхэд тооцоо нийлдэггүй. Энэ талаар илгээсэн мэйлээ ч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Нөгөө тал энэ асуудалд хойрго хандсанаас буудай хадгалалтын явцад хөгцөрч муудаж байсан, зарим тохиолдолд сангийн мэргэжилтэнтэй холбогдсоны дагуу анхны нийлүүлэгчид нь буцааж өгөх тохиолдол ч гарч байсан. Хэрэгт нэхэмжлэгч талаас өөрөө тооцоо нийлээд ХХ ХХК-д хэр хэмжээний буудай байгаа талаар ямар ч баримт хэрэгт өгөөгүй, хэрэгт байгаа санхүүгийн баримтууд бүгд манай талаас гаргаж өгсөн баримтууд байгаа юм. Нэхэмжлэгч байгууллага хадгалалтын явцад манай талаас илгээсэн мэйлүүдэд хариу өгч байгаагүй. Гэнэт ковидын өмнө тухайн байгууллагаас танайд 500 гаруй тонн буудай байгаа юм байна гэж холбогдохоор нь манай талаас тооцоог гаргаж, нийт 375,4 тонн буудай хадгалагдаж байгаа тухай хэлсэн. Манай компани ч бусдаас улаан буудайг худалдаж авч үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл манай агуулахыг сангийн буудайгаар дүүргэж, манай буудай худалдан авах нөхцлийг бууруулчихаад, хадгалалтын нөхцөл муудаж байгаа эрсдлийг хараад манай компанийг буудайг хэрэглэж болно, бид очоод гэрээгээ явуулъя гэж хэлсэн. 2020 онд Ч.Б-г өөрөө ирэхэд хадгалалтын журмыг харуулсан. 2022 онд өр төлбөр барагдуулахаар ирсэн мэргэжилтнүүдийг нь компани дээр ирж хадгалалтын нөхцөл байдалтай танилц гэхэд ирээгүй бид Сарнай буудалд очиж гэрээнд гарын үсэг зурж байсан. Тэр үед ямар нэгэн байдлаар төлбөр төлөх болон өөр яриа үүсээгүй. Тухайн үеийн төлбөр тооцоо 2017-2018 оны хууль журмын дагуу тооцогдож төлөгдөх ёстой, одоогийн зах зээлийн үнээр нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэжээ.

    4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ХХ ХХК нь ХААДС-ийн хүсэлтээр 2017 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын хооронд өөрийн компанийн агуулахад ХААД сангийн иргэн, хуулийн этгээдээс авсан улаанбуудайг хадгалсан. Тухайн үед улаанбуудайг хадгалуулах хөлсний талаар тохиролцохдоо Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын А/102 Үйлчилгээний үнэ, тариф тогтоох тухай тушаалаар тогтоосон үнэлгээний дагуу буудай хадгалалтын хөлсийг 1 тонн хоногт 80 төгрөгөөр тооцохоор тогтоосон үнэлгээний дагуу тооцож хөлсийг олгохоор харилцан тохирсон. Мөн дээрх тушаалын дагуу ирсэн улаанбуудайг хүлээн авч, буулгах зардлыг 1 тонн тутамд 4,500 төгрөг байхаар заасан тул манай компани буудайг хүлээн авч, тус үнэлгээгээр буулгаж байсан. 2017 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийтдээ 375.4 тонн буудайг барааны агуулахдаа хадгалсан бөгөөд А/102 тоот тушаалын дагуу тус буудайг нийт хадгалсан хугацаагаар нь тооцож хадгалалтын хөлсийг бодох ёстой. Үүний дагуу тооцож 19,768,888 төгрөг болсон. Тухайн 375.4 тонн буудайг хүлээн авч буулгасан зардал нь 1,689,417 төгрөг болсон. Мөн ХААД сангийн Ч.Б буудай буулгахдаа хоол болон тээврийн зардалд нийт 2,206,900 төгрөгийг хадгалалтын хөлс дээрээ нэмэлтээр гаргаж өгнө гээд манай компаниар төлүүлсэн байдаг. Гэтэл ХААД сан нь өнөөдрийг хүртэл манай компанид буудай хадгалуулсан хөлс болон буулгалтын зардал зэргээ төлөөгүй байна. Манай компаний зүгээс буудайг хадгалсан цагаас бичгээр гэрээ хийх талаар байнга албан тоот, хүсэлт зэргийг явуулдаг байсан ч ХААД сангийн зүгээс гэрээ байгуулахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Иймд ХААД сангаас 2017 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын 31-ний хооронд 375.4 тонн буудай хадгалсан, буулгасан зардалд нийт 23,665,093 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

    5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын А/102 тоот тушаалын дагуу хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин ачилт буулгалтын зардлыг 375,4 тонн буудайг 4500 төгрөгөөр тооцож, 1,687,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой. ХХ ХХК улаан буудайг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэсэн учраас хадгалалтын зардлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд 23,665,093 төгрөг гаргуулах шаардлагаас 1,687,500 төгрөгийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... хэмээн маргасан.

     6. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

    Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ХХ ХХК-ийн хооронд нарын хооронд 2020 оны 06 дугаар сард худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ХХ ХХК нь 375,426 тонн хүнсний улаанбуудайг худалдан худалдан авахаар тохиролцжээ.

    7. Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ хүлээнэ гэж заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзэх үндэслэлтэй байна.

    Нэхэмжлэгч хариуцагч нар нь 375,426 тонн хүнсний улаанбуудайн хэмжээний талаар маргаагүй, харин үнийн талаар маргасан болно.

    Нэхэмжлэгч талаас Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/343 дугаартай Үр тарианы үрийн болон хүнсний улаанбуудай үнэ тогтоох тухай тушаалын дагуу тонн нь 947,500 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн ба хариуцагчийн Тухайн үед ХХ ХХК-ийн худалдаж авсан улаан буудай 3 дугаар зэргийн ангилалд хамаардаг. А/343 дугаартай тушаалын дагуу 3 дугаар зэргийн ангилалд хамаардаг буудай 940,000 төгрөгөөр тогтоосон ба энэ үнийн дүнгээр тооцож нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл худалдах худалдан авах гэрээ буюу ХХ ХХК хадгалж байсан улаан буудайг 2017 оноос 2020 оны 6 дугаар сар хүртэл хадгалаад 2020 оны 6 дугаар сараас 2020 оны 8 дугаар сар хүртэл 2 сарын хугацаанд ашигласан буюу худалдах худалдан авах гэрээ 2020 онд байгуулагдсан. Иймд Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/152 дугаартай Үрийн болон хүнсний улаанбуудайн үнэ тогтоох тухай тушаалын дагуу тонн нь 500,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэх ёстой гэх тайлбар үндэслэлтэй.

     Учир нь Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж заасны дагуу Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/152 дугаартай Үрийн болон хүнсний улаанбуудайн үнэ тогтоох тухай тушаалын дагуу улаан будайны үнийг тодорхойлох боломжтой гэж үзлээ. Иймд 375,426 тонн улаанбуудай х 500,000 төгрөг=187,713,000 төгрөг болж байна. Иймд 187,713,000 төгрөгийг хариуцагч ХХ ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч ХААК ТӨХК-нд олгож, үлдэх 168,003,135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     Нэхэмжлэлийн үнийн дүнг тооцоход 355,716,135 төгрөг байгаа бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнг нэхэмжлэл гаргахдаа 355,718,135 төгрөг хэмээн бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурдав.

   8. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасннаар хариуцагч ХХ ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 187,713,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААК ТӨХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 168,003,135 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

    9. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1, 422.4.1, 422.4.2-т зааснаар ХААК ТӨХК-иас барааны агуулахад улаанбуудай хадгалуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,665,093 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

    Талуудын хооронд 2017 онд Иргэний хуулийн 428 дугаар зүйлд заасан барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын А/102 тоот тушаалын дагуу хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин ачилт буулгалтын зардлыг 375,4 тонн буудайг 4500 төгрөгөөр тооцож, 1,687,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой. ХХ ХХК улаан буудайг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэсэн учраас хадгалалтын зардлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд 23,665,093 төгрөг гаргуулах шаардлагаас 1,687,500 төгрөгийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... хэмээн маргасан ба ямар үндэслэлээр хадгалалтын хөлс төлөх үндэслэлгүй болохыг нотлох баримтаар нотлоогүй.

     Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.7-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээнд хадгалалтын гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан ба тус хуулийн 422.2-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байх бөгөөд хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ гэж заасан ба тухайн үеийн буюу Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/102 тоот Үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох тухай тушаалын дагуу хадгалалтын хөлсийг тооцох үнэ тарифыг тогтоосон байсан. Хадгалалтын хөлсийг 1 тонн /хоногт 80 төгрөг, буудай хүлээн авалт болон ачилтын зардлыг 1 тонн тутамд 4500 төгрөгөөр тус тус тогтоожээ. Иймд 2017 оны 10 дугаар сараас хойш 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 375.4 тонн буудай хадгалсан, буулгасан зардалд нийт 23,665,093 төгрөгийг ХААК ТӨХК-иас гаргуулан ХХ ХХК-нд олгож шийдвэрлэв.

    10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХААК ТӨХК улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 187,713,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,096,515 төгрөгийг хариуцагч ХХ ХХК-иас гаргуулан төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 276,276 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХААК ТӨХК-иас 276,275 төгрөг гаргуулж хариуцагч ХХ ХХК-нд олгох нь зүйтэй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасннаар хариуцагч ХХ ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 187,713,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААК ТӨХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 168,003,135 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хуулийн 428 дугаар зүйлинй 428.1, 422.4.1, 422.4.2-т зааснаар ХААК ТӨХК-иас барааны агуулахад улаанбуудай хадгалуулах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 23,665,093 төгрөг гаргуулж ХХ ХХК-нд олгосугай.

   3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХААК ТӨХК улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар улсын тэмдэгтийн хураамж 1,096,515 төгрөгийг хариуцагч ХХ ХХК-иас гаргуулан төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 276,276 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХААК ТӨХК-иас 276,275 төгрөг гаргуулж хариуцагч ХХ ХХК-нд олгосугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.БОЛОР