Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2023/03254

 

 

 

 

 

 

 

 

               2023       11        17

182/ШШ2023/03254

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: М.Т-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Арвай Сууц Өмчлөгчдийн Холбоонд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны засварын зардалд 1,185,000 төгрөг, орон сууцны дээврийн засварын зардалд 8,080,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 2,220,750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,

Хариуцагч Арвай Сууц Өмчлөгчдийн Холбооны итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгч М.Т нь Арвай Сууц Өмчлөгчдийн Холбоонд холбогдуулан орон сууцны засварын зардалд 1,185,000 төгрөг, орон сууцны дээврийн засварын зардалд 8,080,000 төгрөг, нийт 9,265,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 47 дугаар байрны 5 давхрын 29 тоот мансардтай 3 өрөө байрыг Хаан банкны Ипотекийн зээлд хамрагдан 2013 онд худалдаж авсан байдаг. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд сард 1,200,000 төгрөгийн зээл төлдөг. 2014 оноос эхлээд дээврээс ус гоожиж байрны дээврээс борооны ус ихээр нэвтэрсний улмаас хананы обой хууларч, паркет нь шал ховхорч, таазны гипсэн хавтан их хэмжээгээр норж, ихэнх нь нурж унан маш их хэмжээний хохирол амссан. Тухайн үеийн Сууц Өмчлөгчдийн Холбооны даргаар Н.Т гэдэг хүн байсан. Сууц өмчлөгчдийн холбооны дарга болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга гээд холбогдох хүмүүстэй уулзаж шаардлага гаргаж, ярилцаад Сууц Өмчлөгчдийн Холбоо цөөхөн айлтай, ямар нэгэн төлбөр мөнгө өгөх боломжгүй гэсэн нөхцөл байдлын хүн хүрээнд бид Сууц Өмчлөгчдийн Холбооноос ямар нэгэн төлбөр нэхэмжлэхгүйгээр даатгалаар өөртөө учирсан хохирлоо барагдуулаад явсан.

 1.2. Үүний дараагаар дээвэртэй холбоотой засварыг тухайн үеийн хажуу талын 28 тоот айлын Л гэх ахтай ярилцаад бид нар 3,000,000 төгрөг гаргаад хар цаасаар сольж байсан. 2017 оноос хойш дахиад ус гоожоод эхэлсэн. 2017 онд бид нар ус гоожоод байгаа хэсэг дээр хар цаас давхарлаж нааж байсан. Түүнээс хойш 2020 онд  мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаад 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гарсан. Дүгнэлтээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах орон сууцны 47 дугаартай байрны барилгын ашиглалтын төлөв байдал нь “Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалтын хугацаанд иж бүрэн их засвар хийгдээгүй, техникийн үйлчилгээ, урсгал засварыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгээгүй, норм нормативын баримт бичгийн шаардлагыг мөрдөж ажиллаагүйгээс Дээврийн хучлага, БНБД 31-02-03 дүрмийн 3.11 дэх заалт хангагдахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга Т гэдэг хүнд хувийг нь явуулсан. 2021 онд энэ асуудал юу болсон бэ гээд тодруулахад Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга солигдсон гэдэг асуудал яригдаж байсан. Дээврийн асуудлаар 2017-2022 онуудад тухай бүр Сууц Өмчлөгчдийн Холбооны даргад байнга шаардлага тавьдаг боловч хөрөнгө мөнгөгүй гэх шалтгаанаар дээврийг огт засварладаггүй байсан.

1.3. Бид дээврийн засварын ажлыг 2014 онд хажуу талын 28 тоотын Л гэдэг ахтай нийлж байгаад 3,000,000 төгрөг гаргаад тухайн хоёр айлын дээврийн хэсэгт засвар хийлгэсэн. 2017 онд нэг удаа хувь хүнд 500,000 төгрөг өгөөд дээврийн яг манай дээд талын ус тогтоод байгаа хэсэгт хар цаас наалгаж байсан гэв.

1.4. Ингээд нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сард Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга С.Т-тэй биечлэн уулзаж дээврээс жил бүр ус гоожиж хохирол учруулж байгааг хэлж, дээврийн засварын ажлын талаар тодруулахад тус Сууц Өмчлөгчдийн Холбоо хөрөнгө мөнгөгүйн улмаас дээврийн ажлыг гүйцэтгэж чадахгүй байгаа талаар учирлаж, засварын зардлыг урьдчилан гаргах санал тавьсан. Бид харилцан тохиролцож дээврийн хэсэгчилсэн засварын ажлыг Сууц Өмчлөгчдийн Холбооны даргын санал болгосон Г гэх хүнээр гүйцэтгүүлэхээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь уг ажлын хөлс материалын зардалд нийт 1,700,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төлж, ажлын гүйцэтгэлийг Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга хүлээж авсан.  Уг засварын ажилд тус байрны дээврийн ус зайлуулах хоолойн ойр орчмын хэсэг болон хананаас нэвчин ус гоожиж байгаа зарим хэсэгт мембрам дээврийн хэсэгчилсэн ажил хийж гүйцэтгэхээр болсон бөгөөд нэхэмжлэгч нь мэргэжлийн хүн биш учир тус ажлыг хийснээр дээврээс ус гоожихгүй болно гэж итгэж байсан.

1.5. Дээврээ зассаны дараа 2023 оны 04 сарын 04-ний өдөр дотоод заслаа хийлгээд дотор рам, гипсэн тааз хийлгэсэн. Үүнээс хойш 3,4 хоногийн дараа дээврээс ус гоожоод эхэлсэн. Засвар хийсэн бүх таазнууд маань нураад ирсэн. Тэгээд бид нар мэргэжлийн хүн засвар хийхгүй байгаа юм байна гээд бид нар дээвэр.мн-д хандаад Ризолин гэдэг компани дээврийн ажлыг нь хийдэг байсан. Тэр компаниар тухайн үед дээвэр дээрээ гаргаад, тухайн үедээ Т даргад хэлж байсан. Жоохон өндөр хөлстэй байж магадгүй, гэхдээ олон жил ингээд жижиг жижиг засвар хийгээд хохироод явж байснаас нэг дор мэргэжлийн чанартай газраар засвар хийлгэх юм бол 60 жилийн баталгаа өгөх Оросын Ризолин гэдэг дэвшилтэт технологи бүхий газартай ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулаад төлбөр мөнгийг нь өөрсдөө гаргаад хийлгүүлсэн. Тухайн үед ийм ажил хийгдэх гэж байна. Та хариуцна гэсэн гэхэд Т дарга би бол чадахгүй, Сууц Өмчлөгчдийн Холбооны мөнгө төгрөг байхгүй. Өөрсдөө хийлгэчих, төлбөр мөнгийг нь хуваагаад Сууц Өмчлөгчдийн Холбооны мөнгөнөөс хасуулаад ч юм уу төлнө гэснийг нь хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Тэгээд эхний 3,380,000 төгрөгийг бэлэн төлөөд үлдсэн ажил дууссаны дараа үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөгийг нь дансаар төлсөн байгаа. Энэ засвар хийгдсэнээс хойш 6, 7, 8 сарын борооноор үерт автаагүй, дусал ус ч гоожоогүй.

1.6. Иймд бид дотор заслын ажлыг хийлгэхэд төлсөн 1,185,000  төгрөг, Сууц Өмчлөгчдийн Холбооны даргын олж өгсөн дээвэрт засвар хийлгүүлсэн Г гэх хүнд төлсөн 1,700,000 төгрөг,  Ризолин ХХК-д төлсөн 6,380,000 төгрөг, нийт 9,265,000 төгрөгийг Арвай Сууц Өмчлөгчдийн Холбооноос гаргаж өгнө үү. Сууц Өмчлөгчдийн Холбоо үүргээ гүйцэтгээгүй учраас надад 1,185,000 төгрөгийн хохирол учирсан. Дээврийн засварыг Сууц Өмчлөгчдийн Холбоо гүйцэтгэх ёстой байсан үүргийг бид нар өмнөөс нь гүйцэтгэсэн учир нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна гэв.

 

 2. Хариуцагч Арвай Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. М.Т нь 2013 оноос эхлэн Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөрийг огт төлдөггүй байсан ба Сууц Өмчлөгчдийн Холбооны захирал Б.Т надтай тохиролцон Сууц Өмчлөгчдийн Холбоо төлбөр чөлөөлж М.Т засвараа өөрөө хариуцахаар болж 2 удаагийн хүсэлтээр Төрийн банк дахь Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөрийн нэхэмжлэлийг жагсаалтаар хасуулж 2023 оны 01 сар хүртэлх бүх төлбөрөөс чөлөөлсөн.

2.2. Энэ байранд дүүргийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн журмаар аль нэг байранд нэг удаадаа дээврийн бүрэн шинэчлэлт хийх боломж байдаг. Түүгээр нь 2015 оны 10 сард манай байрны дээврийг бүрэн шинэчилсэн байгаа. Тэр шинэчилсэн компани нь 3 жилийн баталгаат хугацаа өгсөн байгаа. 2015 оноос 3 жилийн баталгаат хугацаа гэдэг нь 2018 оны 10 сар хүртэл. Дээврийн бүрэн шинэчлэлт засвар хийгдсэний дараа 3 жилийн хугацаанд Сууц Өмчлөгчдийн Холбоотой биш засвар хийсэн компанид баталгаат хугацаанд нь хандах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч тал тэр үүргээ биелүүлээгүй.   

2.3. Нэхэмжлэгч өөрөө өөрийн хүсэлтээр гаднаас хүмүүс авч ирж дээврийн засвар хийсэн. Тэр нь өндөр өртөгтэй засвар хийгдсэн байсан. Гэхдээ би засвар хийсний дараа харсан. Хэрвээ энэ айл журмын дагуу Сууц Өмчлөгчдийн Холбоонд мөнгө төлөөд явж байсан бол бид нар удирдах болон хяналтын зөвлөлөөр хуралдаад дээврийн засварт тодорхой хэмжээний мөнгийг төсөвлөөд явсан бол ном журмаараа явах байсан асуудал. Энэ нь өртөг өндөртэй ажил байсан учраас хүлээн зөвшөөрөхгүй. Засварын дараа ямар байдлаар мөнгөө тохирох талаар нэхэмжлэгчтэй уулзаад 3 жилийн Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөрөөс чөлөөлөөд танайхаас ямар нэгэн мөнгө төгрөг авахгүй. Энэ хугацааны засвар үйлчилгээг бусад айлын төлбөр мөнгөнөөс шийдээд явъя гэсэн. Бид нарт бэлэн мөнгө гаргаад явах боломж байхгүй гэдгээ тодорхой хэлж байсан.

2.4. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13.2 дугаар зүйлийн 13.2.4-т Өөрийн сууцны доторх засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх гэж байгаа. Тэгэхээр өөрийнхөө байранд засвар үйлчилгээ хийхийг эзэмшигч маань өөрөө хариуцахаар тодорхой заагаад өгчихсөн байна. Нэхэмжлэгч тал өөрийн эрхээ яриад байдаг. Өөрийнхөө үүрэг гэдэг зүйлийг энэ байрыг авсан цагаас хойш хэрэгжүүлээгүй.  Даатгалын журмаар мөн адил засвар хийлгэх боломж байсан ч ашиглаагүй.

2.5. Угтаа бол энэ айлын нэг өрөөний дээврээс л ус гоожиж байгаа. Тэр нь 12 м.кв талбай. Тэгээд бусад айлын дээвэр дээр засвар хийсэн нь яг ямар зорилгоор хийсэн нь мэдэгдэхгүй байна. 110 м.кв дээвэр хийлгэсэн байна. Энэ айлын байр өөрсдөө гэрчилгээгээр 80 гаруй м.кв л байгаа. Өөрийнх нь гэрийн дотоод заслыг 10 жилийн дотор хийсэн байх ёстой. Гэтэл тэр засварыг заавал Сууц Өмчлөгчдийн Холбоогоор төлүүлэх гээд байгаа нь хачирхалтай байна. Бид хариуцахгүй. Ажлын хөлсөнд 3,000,000 төгрөг дансаар 3,380,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж байна. Би энийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй гэж үзэж байна гэв.

 

3. Хариуцагч Арвай Сууц Өмчлөгчдийн Холбоо нь нэхэмжлэгч М.Т холбогдуулан  Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөрт 2,220,750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирал Б.Т-тэй тохиролцон Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөрөөс чөлөөлж, нэхэмжлэгч засвараа өөрөө хариуцахаар болж 2 удаагийн хүсэлтээр Төрийн банк дахь Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөрийн нэхэмжлэлийг жагсаалтаар хасуулж 2023 оны 1 сар хүртэлх бүх төлбөрөөс чөлөөлүүлсэн. Өдөө өрөөндөө хийсэн засварын төлбөрийг нэхэмжилсэн тул Сууц Өмчлөгчдийн Холбоо төлөгдөөгүй төлбөр 2014 оны 05 дугаар сараас 2021 оны 05 дугаар сар хүртэлх төлбөр 887,750 төгрөг, 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх төлбөр 325,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэлх 225,000 төгрөг болон 2022 оны 04, 05, 08 саруудад Сууц Өмчлөгчдийн Холбооноос дээвэрт зарлагадсан 783,000 төгрөг нийт 2,220,750 төгрөгийг гаргуулж өгнө үү.

3.2. Т гэдэг хүний хувийн дансаар 800,000 төгрөгийг Сууц Өмчлөгчдийн Холбооны мөнгө гэж өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй зүйл байна. Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөрийг бүх оршин суугч нар заавал Төрийн банкны данс руу хийсэн байх учиртай. Тэр данс руу хийгээгүй учраас тэрийг төлсөнд тооцохгүй. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн13 дугаар зүйлийн 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.4.1 болон Иргэний хуулийн Иргэний хуулийн 147 дугаар зүйлд зааснаар Сууц Өмчлөгчдийн Холбооны мөнгө төлөх ёстой. Гэтэл байраа түрээсэлсэн хугацаандаа ч мөнгө төлөөгүй. Би 3 жилийн хугацаанд яг энэ айлын дээвэр дээр тугалга хайлуулж ахуйн ажлууд хийж байсан. Нэхэмжлэгч М.Т сайн мэдэж байгаа. Ханыг нь дагаж урсдаг байсан цоргыг нь би таглаад өөр газар шинээр нүх гаргасан. Өөр газар нүх гаргаад хаялгыг нь өөрчилж ханаа дагаж урсдаг байсан усыг зогсоосон. Түүний дараа жил хавар цас хайлах үеэр 2 хавар дараалан хар лак хайлуулж дээвэр дээр нь янзалсан. Тэр жилдээ бол зүгээр зуссан байгаа гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

4.1. 2013 оны 05 дугаар сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл 887,750 төгрөгийг Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөрт төлөөгүй гэсэн байна. Энэ хамаарах онд нь 800,000 төгрөг хуримтлагдсан гээд Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга Т гэж хүн нэхэмжилсний дагуу түүний үүрэг болгосноор Т гэдэг хүний данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн баримтаар төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа.

4.2. 2021 оны 05 дугаар сар хүртэл төлбөрийг төлсөн. 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл 325,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл 225,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийн Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөр төлөгдөөгүй нь үнэн. Учир нь дээврийн засварын ажил хийгдэхгүй бид нар өөрсдөө хохирсон байгаа учраас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн буруутай үйлдлийн улмаас хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байгаа. Энэ асуудал шийдэгдсэний дараагаар Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөр төлөх үүргээ биелүүлэх бүрэн боломжтой.

4.3. Сууц Өмчлөгчдийн Холбооны дээврийн засварын ажил хийхдээ 783,000 төгрөг гаргасныг манайхаас гаргуулна гэсэн байна. Дээврийн засварын ажлыг Сууц Өмчлөгчдийн Холбоо хуульд заасан үүргийнхээ дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй. Дээврийн засварын ажилд зарцуулсан 783,000 төгрөгийг хамаарах баримтыг харсан чинь 2021 оны 06 дугаар сараас 12 дугаар сар хүртэл ажлын тайлан гээд өөрсдөө гаргаж өгсөн тайлан байна. Үүнтэй холбоотойгоор анхаарал татаж байгаа хоёр санхүүгийн баримт байгаа. Тодруулсан байгаа баримтууд нь Сууц Өмчлөгчдийн Холбооны дээврийн ажил гэхээсээ илүү цахилгааны асуудал байсан. Дээврийн хар цаасанд зарцуулсан мөнгө нь 700,000 төгрөг хүрэхээргүй тайлан гаргаад өгсөн байна лээ. Энэ бол нотлох баримтын шаардлага хангахгүй, дээврийн зардалд зарцуулсан эсэх нь тодорхойгүй гэж үзэж байна. Зарлагын баримтаар авагдсан байгаа хоёр баримт дээр ямар ч дээврийн засвар хийсэн бараа материалтай холбоотой зүйл харагдахгүй байсан. Подвалын ажлын засвар үйлчилгээ, будаг, цахилгаан, цахилгааны тоолуур гээд ямар зүйлд зарцуулсан нь тодорхойгүй санхүүгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 783,000 төгрөгийг дээврийн ажилд зарцуулсан гэж харагдахгүй байгаа. Тийм учраас гурван шаардлагаас хоёрыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг шаардлагын хувьд бол хэрэг маргаан шийдэгдсэний дараа төлөх боломжтой гэв. 

 

5.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

5.1. Итгэмжлэл /хх 3/

5.2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4, 49/

5.3. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 5/

5.4. Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02-07-136/700 дугаар улсын байцаагчийн дүгнэлт /хх 6-7/

5.5. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 309 дүгээр тодорхойлолт /хх 8/,

5.6. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1116 дугаар тодорхойлолт /хх 9/,

5.7. Бат Дулаан Өргөө ОНӨААТҮГ-н 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/157 дугаар тодорхойлолт /хх 10/,

5.8. Дээврийн фото зураг /хх 11-14/,

5.9. Орон сууцны доторх байдлын фото зураг /хх 15-19/,

5.10. Нэхэмжлэх, М.Т-аас Э.М-д 1,185,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх 20-21/,

5.11. 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ /хх 22-25/,

5.12. М.Т-аас Д.Г руу 1,700,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 50/

5.13. М.Т Ризолин ХХК нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ /хх 51-54/

5.14. М.Т-аас Ц.Арслан руу шилжүүлсэн 3,000,000 төгрөгийн баримт /хх 55/

5.15. М.Т-аас Н.Т руу 800,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 78/ зэрэг баримтууд болно.

 

6.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

6.1. Арвай Сууц Өмчлөгчдийн Холбооны гэрчилгээ /хх 29/,

6.2. Хэрэглэгчийн 2007040047000290 кодтой Төрийн банкны дансны хуулга /хх 37-46/,

6.3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 61/

6.4. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 47 дугаар байрны дээвэр засварын ажлын гэрээ болон Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын хуулбар /хх 62-68/,

6.5. Арвай Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирал Б.Т-ийн 2021.06.01-2022.12.31-ний өдөр хүртэл гүйцэтгэсэн ажлын тайлан /хх 69-70/,

6.6. Арвай Сууц Өмчлөгчдийн Холбооны кассын тайлан /хх 71-73/,

6.7. Гэн төмөрт ХХК зарлагын тайлан /хх 74/ зэрэг болно.

 

7. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний гаргасан Видео бичлэг бүхий си-ди-д үзлэг хийж бэхжүүлж, дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд:

7.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 3/2451 тоот албан бичиг /хх 87/

7.2. Арвай Сууц Өмчлөгчдийн Холбооны гэрчилгээний хуулбар /хх 89-90/

7.3. Гэрчилгээ хүлээн авсан баримт /хх 91/

7.4. Арвай Сууц Өмчлөгчдийн Холбоог шинэчлэн, бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан тухай 2021.06.14-ний тогтоол /хх 92/

7.5. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу 47 дугаар байрны бүх оршин суугчдын зөвлөлийн хурлын 2021.06.13-ны өдрийн шийдвэр, холбогдох баримтууд /хх 93-111/ зэрэг болно.

 

 Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Т-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.1. Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Арвай Сууц Өмчлөгчдийн Холбоо нь дээврийг засах үүргээ биелүүлээгүй, дээврийн чанаргүй байдлаас борооны ус нэвтэрч өөрийн өмчлөлийн орон сууцанд учир хохирлыг арилгахад гарсан зардалд 1,185,000 төгрөг, орон сууцны дээврийг засварлуулсан зардалд 8,080,000 төгрөг  гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

1.2. Хариуцагч Арвай Сууц Өмчлөгчдийн Холбоо нь орон сууцны доторх засварыг өмчлөгч өөрөө хариуцах ёстой, Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, 2015 онд дээврийг засварласан компанийн баталгаат хугацаанд хандаж засварлуулаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 47 дугаар байрны 49 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч М. Т болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар Сууц Өмчлөгчдийн Холбооны гишүүн байна.

 

2.2. Хариуцагч “Арвай” Сууц Өмчлөгчдийн Холбоо нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 47 дугаар байрыг харьяалдаг болох нь Чингэлтэй дүүргийн Засаг даргаас олгогдсон гэрчилгээгээр нотлогдож байна.

 

2.3. Нэхэмжлэгч М.Т нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 47 дугаар байрны дээврээс борооны ус ихээр нэвтэрдэг, тус дээврийн засварын ажлыг Н.Г гэх хүнээр 1,700,000 төгрөгөөр, Ризолин ХХК-иар 6,380,000 төгрөгөөр хийлгүүлсэн, энэхүү төлбөрүүдийг нэхэмжлэгч өөрөө төлсөн, нэхэмжлэгч талд дээврийн борооны ус нэвтэрсний улмаас гэрт таазны гипсэн хана нурж, хананы обой хууларч, паркетан шал ховхорч хохирол учирсны улмаас 1,185,000 төгрөгөөр гэртээ засвар хийсэн” гэж тайлбарласан ба энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй тул маргаагүй үйл баримтын талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

2.4. Харин хариуцагч тал нь дээрх төлбөрүүдийг хариуцах үндэслэлгүй гэж маргаж байна.

 

2.5. Орон сууцны дээврийн засварын зардалд 8,080,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

1.  Сууц өмчлөгчдйн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн дээвэр, дээврийн хонгил зэрэг эд хөрөнгө нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь ...нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үүрэгтэй байна.

 

Арвай сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны дээврийн засвар үйлчилгээг зохих ёсоор хийгээгүй нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 47 дугаар байрны ашиглалтын төлөв байдлын талаар гаргасан Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02-07-136/700 дугаар дүгнэлт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан фото зураг, видео бичлэгээр болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Харин нэхэмжлэгч М.Т нь зардал гарган орон сууцны дээврийг засварлуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагч талаас няцаан үгүйсгээгүй.

 

Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн “Сууц Өмчлөгчдийн Холбооны даргын зааж өгсөн Д.Г гэх хүнээр дээврийн засвар хийлгүүлж түүнд 1,700,000 төгрөг төлсөн, Д.Г-тай гэрээ хэлцэл хийх, дээвэр засах, дээвэр зассан ажлыг хүлээж авах үүргийг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцахаар тохиролцсон гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Тухайлбал нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Д.Г руу 1,700,000 төгрөгийг 47-29 тоотын дээврийн засварын хөлс, материал гэх утгаар шилжүүлжээ.

 

Мөн хариуцагч Арвай Сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Т нь шүүх хуралдаанд “Г-ын ажлын үр дүнг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцна гэсэн. Яг тэр хүний хийсэн хэсгээр бороо нэвчээгүй. Г-аар дээврийн дотор талын босоо ханийн хажуу талд хар цаас хөвхийгөөд голоор нь бороо ороход бэлэн болчихсон байсан. Тэрийг нь мембрамаар хучаад бүтэн бүрээд, балконы саравч хэсгийг бүрэн бүрсэн байгаа. Тэр нь бол доошоо нэвчиж байсныг зогсоосон. Борооны хаялгыг шинээр гарсан нүхний цоргыг ус нэвчихээргүй болгож сайжруулж хийсэн. Төлбөрийг М.Т, Д.Г нар хоорондоо тохирсон. Сууц өмчлөгчдийн холбоо ямар нэгэн төлбөрийн чадамжгүй гэдэг үнэн байдлаа хэлсэн” гэх тайлбарыг гаргасан бөгөөд талууд Д.Г-аар дээврийн засварын ажил хийлгүүлсэн, нэхэмжлэгч нь 1,7000,000 төгрөгийн засварын хөлс төлсөн талаар хэн аль тайлбарласан.

 

2. Мөн нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ризолин ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 47-29 тоотод байрлах 110 м.кв ризолин наах дээвэр засварын ажлыг 6,380,000 төгрөгөөр хийлгүүлсэн гэж тайлбарласан.

 

 Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1.Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 6,380,000 төгрөгийн гэрээ байгуулсан байх хэдий ч хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн баримтаар 3,000,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Харин нэхэмжлэгчээс 3,380,000 төгрөгийг бэлнээр төлсөн талаар ажил гүйцэтгэх гэрээнд гараар бичиж тэмдэглэсэн байх боловч үүнийг нотолсон баримтгүй буюу 3,380,000 төгрөгийн зардал  гарсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч М.Т нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 47 дугаар байрны дээврийг засварлуулахад 4,700,000 төгрөгийн зардал гаргасан болох нь тогтоогдож байна.

 

2.6. Орон сууцны засварын зардалд 1,185,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: 

 

 Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.Т  нь өөрийн өмчлөлийн орон сууцанд учирсан хохирлыг арилгахад 1,185,000 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчээс Хаан банкны шилжүүлгийн баримтыг нотлох баритмаар өгсөн ба тус баримтад М.Т-аас Н.М рүү 1,185,000 төгрөгийг munherdene zaswar гэх утгаар шилжүүлсэн байгаа ч тус орон сууцанд засвар хийхэд гарсан зардал болох нь тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны дээврийн засварын зардалд 4,700,000 төгрөгийг хангаж, үлдэх 3,380,000 төгрөг болон орон сууцны засварын зардал 1,185,000 төгрөг, нийт 4,565,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

3.1. Арвай Сууц өмчлөгчдийн холбоо нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч М.Т нь Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөр 2014 оны 05 дугаар сараас 2021 оны 05 дугаар сар хүртэлх төлбөр 887,750 төгрөг, 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх төлбөр 325,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэлх 225,000 төгрөг тус тус төлөөгүй, 2022 оны 04, 05, 08 саруудад Сууц Өмчлөгчдийн Холбооноос дээвэрт 783,000 төгрөг зарцуулсан, нийт 2,220,750 төгрөгийг гаргуулж гэж тодорхойлсон.

 

            3.2. Нэхэмжлэгч М.Т нь 2013 оны 05 дугаар сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл 887,750 төгрөгийг Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга Т байхад 800,000 төгрөг төлсөн, 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөр төлөгдөөгүй нь үнэн. Дээврийн засварын ажил хийгдэхгүй бид нар өөрсдөө хохирсон. Дээврийн засварын ажлыг Сууц Өмчлөгчдийн Холбоо хуульд заасан үүргийнхээ дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй гэж маргаж байна.

 

            Шүүхээс дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            4. Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн дээвэр, дээврийн хонгил зэрэг эд хөрөнгө нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь ...нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үүрэгтэй тул дээвэрт зарцуулсан гэх 783,000 төгрөгийг Арвай сууц өмчлөгчдийн холбоо нь шаардах эрхгүй юм.

 

5. Орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй ба Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх учиртай.

 

Хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн баримтаар М.Т нь Н.Т руу 800,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ч 4 хороо 47-29 тоот хуримтлагдсан СӨХ төлбөр гэх утгаар шилжүүлсэн, 1999 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Арвай Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Н.Т байсан болох нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн баримтаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгч биш гэж маргаагүй, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээнд маргаагүй ба харин Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа буюу дээврээ засварлаагүйгээс шалтгаалж өөрт хохирол учирсан гэж маргасан, энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч М.Т-аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 637,750 төгрөгийг гаргуулж Арвай Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,583,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            6. Шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 178,665 төгрөг (2022.07.25-нд 34,435 төгрөг, 2023.08.04-нд 144,230 төгрөг)-ийг, хариуцагчийн 2023.08.31-ний өдөр төлсөн 50,482 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 19,782.50 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 90,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Арвай Сууц өмчлөгчдийн холбооноос 4,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Т-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 4,565,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Т-аас 637,750 төгрөг гаргуулан Арвай Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, сөрөг нэхэмжлэлээс 1,583,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 178,665 төгрөг (2022.07.25-нд 34,435 төгрөг, 2023.08.04-нд 144,230 төгрөг)-ийг, хариуцагчийн 2023.08.31-ний өдөр төлсөн 50,482 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 19,782.50 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 90,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            О.АЗЗАЯА