Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00324

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 16 өдөр Дуга 210/МА2024/00324

 

 

М.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч, Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/03254 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Тын нэхэмжлэлтэй

Хариуцагч: А СӨХ-нд холбогдох,

 

Орон сууцны засварын зардалд 1,185,000 төгрөг, орон сууцны дээврийн засварын зардалд 8,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, СӨХ-ны төлбөр 2,220,750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбилэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Төмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 47 дугаар байрны 5 давхрын 29 тоот мансардтай, 3 өрөө байрыг Хаан банкны ипотекийн зээлд хамрагдан 2013 онд худалдаж авсан. 2014 оноос эхлээд байрны дээврээс борооны ус ихээр нэвтэрсний улмаас хананы обой хуурч, паркетин шал ховхорч, таазны гипсэн хавтан норж, нурж унан хохирол учирсан.

1.2. Үүний дараа дээвэртэй холбоотой засварыг тухайн үеийн хажуу талын 28 тоотын айлтай ярилцаж 3,000,000 төгрөгөөр засварын ажил хийж, хар цаасыг сольсон. 2017 онд дахин ус гоожиж эхэлсэн тул бид нар ус гоожоод байгаа хэсэг дээр хар цаас давхарлаж нааж байсан.

Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр ...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах орон сууцны 47 дугаартай байрны барилгын ашиглалтын төлөв байдал нь Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалтын хугацаанд иж бүрэн их засвар хийгдээгүй, техникийн үйлчилгээ, урсгал засварыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгээгүй, норм нормативын баримт бичгийн шаардлагыг мөрдөж ажиллаагүйгээс дээврийн хучлага, БНБД 31-02-03 дүрмийн 3.11 дэх заалт хангагдахгүй байна гэж А СӨХ-ны дарга Н.Түвшинжаргалд хувийг өгсөн.

1.3. Миний бие нь 2023 оны 03 дугаар сард СӨХ-ны шинэ дарга Б.Төмөртэй биечлэн уулзаж дээврээс жил бүр ус гоожиж хохирол учруулж байгааг хэлж, бид харилцан тохиролцож дээврийн хэсэгчилсэн засварын ажлыг СӨХ-ны даргын санал болгосон Н.Ганхуяг гэх хүнээр гүйцэтгүүлэхээр тохиролцож, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажлын хөлс, материалын зардалд нийт 1,700,000 төгрөгийг төлж, ажлын гүйцэтгэлийг СӨХ-ны дарга хүлээж авсан.

Н.Ганхуяг дээврийн засварын ажлыг гүйцэтгэсний дараа манайх байрны дотоод заслаа хийлгэж дотор рам, гипсэн тааз хийлгэсэн. Ингээд засвар хийснээс хойш 3, 4 хоногийн дараа дээврээс дахин ус гоожиж, засвар хийлгэсэн тааз нурсан тул бид нар Ризолин ХХК-тай ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулан төлбөр мөнгийг нь өөрсдөө гаргаж дахин дээврийн засварын ажлыг хийсэн.

1.4. Тухайн үед дээврийн засварын ажил хийгдэх гэж байгаа үүний зардлыг СӨХ хариуцах ёстой гэхэд Б.Төмөр дарга СӨХ-ны мөнгө төгрөг байхгүй тул хариуцаж чадахгүй гэсэн. Харин өөрсдөө хийлгэчих, төлбөр мөнгийг нь хуваагаад СӨХ-ны мөнгөнөөс хасуулаад ч юм уу төлнө гэснийг нь хүлээн зөвшөөрсөн. Тэгээд эхний 3,380,000 төгрөгийг бэлэн төлөөд үлдсэн ажил дууссаны дараа үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөгийг нь дансаар төлсөн байгаа. Энэ засвар хийгдсэнээс хойш 6, 7, 8 сарын борооноор үерт автаагүй, дусал ус ч гоожоогүй.

1.5. Иймд дотор заслын ажлыг хийлгэхэд төлсөн 1,185,000 төгрөг, СӨХ-ны даргын олж өгсөн дээвэрт засвар хийлгүүлсэн Н.Ганхуяг гэх хүнд төлсөн 1,700,000 төгрөг, Ризолин ХХК-д төлсөн 6,380,000 төгрөг, нийт 9,265,000 төгрөгийг А СӨХ-ноос гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. М.Т нь 2013 оноос эхлэн СӨХ-ны төлбөрийг огт төлдөггүй байсан ба СӨХ-ны захирал Б.Төмөр надтай тохиролцсоны дагуу СӨХ-ны төлбөрөөс чөлөөлж, М.Т засвараа өөрөө хариуцахаар болсон. Ингээд 2 удаагийн хүсэлтээр Төрийн банк дахь СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэлийг жагсаалтаар хасуулж, 2023 оны 01 cap хүртэлх бүх төлбөрөөс чөлөөлсөн.

2.2. Тус байранд дүүргийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн журмаар аль нэг байранд нэг удаа дээврийн бүрэн шинэчлэлт хийх боломж байдаг. Энэ хөрөнгө оруулалтаар 2015 оны 10 сард манай байрны дээврийг бүрэн шинэчилсэн. Тухайн компани нь 3 жилийн баталгаат хугацаа өгсөн ба энэ баталгаат хугацаа нь 2018 оны 10 cap хүртэл дуусна. Дээврийн бүрэн шинэчлэлт засвар хийгдсэний дараа 3 жилийн хугацаанд СӨХ-той биш засвар хийсэн компанид баталгаат хугацаанд нь хандах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч тал тэр үүргээ биелүүлээгүй.

2.3. Нэхэмжлэгч өөрөө өөрийн хүсэлтээр гаднаас хүмүүс авчирч өндөр өртөгтэй засвар дээврийн засвар хийлгэсэн. Би засвар хийсний дараа дээврийн засварыг харсан. Хэрвээ энэ айл тухай бүр СӨХ-ны мөнгөө төлөөд явж байсан бол бид нар удирдах болон хяналтын зөвлөлөөр хуралдаад дээврийн засварт тодорхой хэмжээний мөнгийг төсөвлөөд журмын дагуу явах байсан асуудал.

Гэтэл нэхэмжлэгчийн хийлгэсэн засварын өртөг өндөр байсан учраас хүлээн зөвшөөрөхгүй. Засварын дараа ямар байдлаар мөнгөө тохирох талаар нэхэмжлэгчтэй уулзаж 3 жилийн СӨХ-ны төлбөрөөс чөлөөлөөд танайхаас ямар нэгэн мөнгө төгрөг авахгүй, энэ хугацааны засвар үйлчилгээг бусад айлын төлбөр мөнгөнөөс шийдээд явъя гэсэн боловч зөвшөөрөөгүй. СӨХ бэлэн мөнгө гаргаад өгөх боломж байхгүй гэдгээ тодорхой хэлсэн.

2.4. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13.2 дугаар зүйлийн 13.2.4-т Өөрийн сууцны доторх засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх гэж байгаа. Тэгэхээр өөрийнхөө байранд засвар үйлчилгээ хийхийг эзэмшигч маань өөрөө хариуцахаар тодорхой заагаад өгчихсөн байна. Нэхэмжлэгч тал өөрийн эрхээ яриад байдаг. Өөрийнхөө үүрэг гэдэг зүйлийг энэ байрыг авсан цагаас хойш хэрэгжүүлээгүй. Даатгалын журмаар мөн адил засвар хийлгэх боломж байсан ч ашиглаагүй.

2.5. Угтаа бол энэ айлын нэг өрөөний дээврээс л ус гоожиж байгаа. Тэр нь 12 м.кв талбай. Гэтэл бусад айлын дээвэрт яг ямар зорилгоор засвар хийсэн нь тодорхойгүй. 110 м.кв дээвэр хийлгэсэн байна. Энэ айлын байр өөрсдөө гэрчилгээгээр 80 гаруй м.кв л байгаа. Өөрийнх нь гэрийн дотоод заслыг 10 жилийн дотор хийсэн байх ёстой. Гэтэл тэр засварыг заавал СӨХ-гоор төлүүлэх гээд байгаа нь хачирхалтай байна. Бид хариуцахгүй. Ажлын хөлсөнд 3,000,000 төгрөг дансаар 3,380,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж байна. Би энийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй гэж үзэж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А Сууц өмчлөгчдийн холбооноос 4,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Тд олгож, үндсэн нэхэмжлэлээс 4,565,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Таас 637,750 төгрөг гаргуулан А Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, сөрөг нэхэмжлэлээс 1,583,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,665 төгрөг (2022.07.25-нд 34,435 төгрөг, 2023.08.04-нд 144,230 төгрөг)-ийг, хариуцагчийн 2023.08.31-ний өдөр төлсөн 50,482 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 19,782.50 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 90,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. М.Т нь 2013 онд уг байраа худалдаж авснаас хойш СӨХ-ны төлбөрийг төлөөгүй өдийг хүрсэн. Тэрээр Иргэний хуулийн 147.1-д заасан ...Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон ..., дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө... гэсэн заалтыг зөрчиж ирсэн.

Иргэний хэргийн анхан шатны шүүх нотлох баримт судлан шинжлээд доорх зүйлээр А СӨХ-ны эрх ашгийг хөндөн, эрхийг дордуулсан байна.

Нэхэмжлэгч нь байрны өрөөний дотор засалд 1,185,000 төгрөг, Н.Ганхуяг гэх хүнээр засвар хийлгэсэн хөлс 1,700,000 төгрөг, Ризолин ХХК-аар засвар хийлгэсэн хөлс 6,380,000 төгрөгийг нэхэмжилжээ.

4.2. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.3-т ... Дундын өмчлөлийн эд хөрөнгөөс орон сууц өмчлөгчид ногдох хэсэг нь тэдгээрийн тус тусын өмчлөлд байгаа орон сууцны талбайн хэмжээ, нийт талбайн харьцаагаар тодорхойлогдоно... мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т ... Сууц өмчлөгчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана... гэсэн заалтын дагуу борооны ус нэвчиж байгаа 3х4 м буюу 12 м.кв өрөөний хэмжээнээс шаардлагатай талбайгаас илтэд том талбайг хамарсан, өндөр үнэтэй ризолин гэх материалаар бусад шаардлагагүй талбайг хамруулан манай байрны нийт 482 м.кв талбайтай дээврийн гадаргуугийн дөрөвний нэгийг хамруулан бүрдүүлж хэт өндөр төлбөр гаргуулсан, төлбөрийн чадвар муу байгааг мэдсээр байж СӨХ-г санхүүгийн хүнд байдалд оруулах санаатай байсан мэт харагдаж байна.

Иймд Ризолин ХХК-аар гүйцэтгүүлсэн 6,380,000 төгрөгийн ажлын 3,380,000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул хасаж тус тус шийдвэрлэж өгнө үү.

4.3. А СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Төмөр надтай тохиролцон, СӨХ төлбөр чөлөөлж, иргэн 29 тоотын оршин суугч М.Т засвараа өөрөө хариуцахаар болж 2 удаагийн хүсэлтээр Төрийн банкин дахь СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэлийг жагсаалтаар 2023 оны 01 cap хүртэлх бүх төлбөрөөс чөлөөлүүлсэн.

Одоо өрөөндөө хийсэн засварын төлбөрийг нэхэмжилж байх тул СӨХ төлөгдөөгүй хугацааны төлбөрт нийт 2,220,750 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

4.4. Үүнийг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 147.1-д ...Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон ..., дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө... гэж заасныг үндэслэн ...М.Таас 637,750 төгрөгийг гаргуулан А СӨХ-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 1,583,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай... гэснээс өмнөх удирдлага байсан Н.Түвшинжаргалын хувийн Хаан банкны дансанд шилжүүлсэн 800,000 төгрөгийг хасаж шийдсэн болон нэхэмжлэл гаргагч 29 тоотын айлын яг дээвэр дээр СӨХ-ны дарга миний дээврийн удаа дараагийн ажлын зардлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.5. Иргэн 29 тоотын оршин суугч М.Т нь СӨХ-ны төлбөрийг холбооны өөрийн нэртэй данс болох Төрийн банкны 102900005175 тоот дансанд төлдгийг мэддэг атлаа Н.Түвшинжаргалын хувийн Хаан банкны дансанд СӨХ-ны төлбөр нэрээр шилжүүлсэн нь ойлгомжгүй байхад 800,000 төгрөгийг хасаж тооцсонд гомдолтой байна.

Тиймээс 29 тоотын оршин суугч М.Тын Н.Түвшинжаргалд шилжүүлсэн 800,000 төгрөг, СӨХ-ны захирлын өнгөрсөн хоёр жил гүйцэтгэсэн зөвхөн тэр айлын дээвэрт хийгдсэн ажлын хөлс болон зардлын мөнгө 783,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А СӨХ-ноос гаргуулахаар шийдвэрлэсэн 4,700,000 төгрөгийг нийт 6,283,000 төгрөгийг эс зөвшөөрч буй тул дахин нягтлан үзэж СӨХ-нд хохиролгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй. СӨХ нь хуульд заасан үүргээ биелүүлээсэй, мөн санхүүгийн нөхцөл байдлыг улам дордуулахгүй байх үүднээс давж заалдах гомдол гаргаагүй.

5.2. Хариуцагч талын давж заалдах гомдол хуульд заасан шаардлагыг хангаагүй, ямар үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гомдолдоо тодорхой дурдаагүй байна. Түүнчлэн анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг гаргаж өгөөд, уг нотлох баримтуудыг гомдлынхоо үндэслэл болгож яриад байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч А Сууц Өмчлөгчдийн Холбоонд холбогдуулан 9,265,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөрт 2,220,750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

3.1. М.Т нь Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 47 дугаар байрны 29 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч, мөн хариуцагч А Сууц Өмчлөгчдийн Холбоо нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 47 дугаар байрыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг.

 

3.2. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 47 дугаар байрны дээврээс борооны ус ихээр нэвтэрдэг тул дээврийн засварын ажлыг Н.Ганхуягаар 1,700,000 төгрөгийн хөлс төлөх, Ризолин ХХК-аар 6,380,000 төгрөгийн хөлс төлөхөөр тус тус тохиролцсон ба М.Т нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 47 дугаар байрны дээврийн засварын ажлыг гүйцэтгүүлэхээр Н.Ганхуягт 47-29 тоотын дээврийн засварын хөлс гэх гүйлгээний утгатайгаар 1,700,000 төгрөг, Ризолин ХХК-д 47 дугаар байрны дээврийн хөлс гэх гүйлгээний утгатай 3,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн.

 

3.3. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 47 дугаар байрны дээврээс борооны ус гоожиж, М.Тын өмчлөлийн орон сууцны ханы цаас, гипсэн тааз, пракетан шал зэрэгт хохирол учирч таазны гипсэн хавтан нурж, хананы обой хуурч, паркетан шал ховхорсон байна.

 

4. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн ... дээвэр, дээврийн хонгил... нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах тул сууц өмчлөгчдийн холбоо засвар, үйлчилгээг сууц өмчлөгчдийн холбоо хариуцах үүрэгтэй.

 

Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 47 дугаар байрны 29 тоот хаяг байрлах орон сууцны дээврээс ус гоожиж, хэвийн амьдрах орчин, нөхцөл алдагдаж байгаа тохиолдолд М.Т нь сууц өмчлөгчдийн холбоог орон сууцны дээврийг засахыг хүлээж, хохирлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн зүйлийг аливаа халдлагаас хамгаалах эрхийн хүрээнд гүйцэтгэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 47 дугаар байрны дээврийн засварын ажлыг гүйцэтгэх сууц өмчлөгчдийн холбооны үүргийг М.Т нь даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж үзэж нотлогдож байгаа хэмжээгээр буюу 4,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт нийцжээ.

 

5. Нэхэмжлэгчээс Хаан банкны шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар шүүхэд өгсөн ба тус баримтад М.Таас 1,185,000 төгрөгийг Мөнх-Эрдэнэ засвар гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байхад тус орон сууцанд засвар хийхэд гарсан зардал болох нь тогтоогдохгүй байна дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас 1,185,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй байна. Гэхдээ шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

6. Хариуцагч А Сууц Өмчлөгчдийн Холбоо нь М.Тд холбогдуулан гаргасан 2014 оны 05 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацааны сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний зардал 1,490,750 төгрөг, дээврийн засварын зардал 783,000 төгрөг, нийт 2,220,750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 637,750 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан шийдвэрлэсэн ахнан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т нийцсэн байна.

 

7. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.1. Анхан шатны шүүх орон сууцны засварын зардал 1,185,000 төгрөг болон дээврийн засварын зардлын баримтаар тогтоогдоогүй хэсэг буюу 3,338,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад уг мөнгөн хөрөнгийг хасаж тооцох талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

7.2. Талууд Н.Ганхуягийн гүйцэтгэсэн ажлын талаар маргахгүй атлаа хариуцагч нь Н.Ганхуягт төлсөн ажлын хөлс, барилгын материалын зардал 1,700,000 төгрөгийг хасч тооцох талаар гомдол гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

 

7.3. А Сууц Өмчлөгчдийн Холбооны даргаар ажиллаж байсан Н.Тын дансанд нэхэмжлэгчээс сууц өмчлөгчдийн холбооны төлбөр гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 800,000 төгрөгийг нийт төлөөгүй сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөөс хасаж тооцсон нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, А Сууц Өмчлөгчдийн Холбооны итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн дансанд 800,000 төгрөгийг шилжүүлснийг Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөрт тооцсон нь үндэслэлтэй байна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/03254 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР