Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1585

 

 

Т.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/01657 дугаар шийдвэртэй, Т.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “О” ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 380 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Минжмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие “О” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, “АД” худалдааны төвийн В/4 тоот лангууг цоож, хөшиг, жижиглэн абжур худалдаалахаар тохирч, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулах байсан. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр уг талбай болон барилгын гадна талтай танилцахад “АД” болон “ХЗ” гэсэн хаяг өмнөх хэвээрээ байсан нь энэ хаягаар барилгын материал авах гэж хүмүүс орж ирэхгүй, талбайг түрээслэхэд ашиг, орлого олох боломжгүй, бизнесийн үйл ажиллагааны эрсдэлтэй байсан. Ингээд хаягаа өөрчилж, “БМЗ” гэсэн хаягтай болгох шаардлага тавихад түрээслүүлэгч тал гурван барилгын материалын худалдаанд хаяг солих боломжгүй гэж хэл амаар доромжилж, гэрээ хийсэн л бол 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуул гэж амаар хариу өгсөн.

Энэ шаардлагыг зөвшөөрөөгүй тул 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус байгууллагын захиргаанд гэрээний 4.3 дах хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул талбайг түрээслэхэд ашиг орлого олох боломжгүй, нөгөө талаас түрээслүүлэгчийг хэл амаар доромжилж, бизнесийн ёс зүйгүй хандсан учраас хамтран ажиллах боломжгүй байдал үүссэнээ дурдаад гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн түрээс болон барьцааны мөнгөө буцаан авах хүсэлтийг гаргахад гэрээг цуцалж, түрээс, барьцааны төлбөрийг буцаан олгохоос татгалзсан. Ер нь түрээслэгчийн хамгийн чухал байр суурийг илэрхийлэх тухайн худалдааны төвийн үндсэн хаягийн дагуу худалдан авагч орж үйлчлүүлснээр түрээслэгчийн барилгын материалын худалдаа эхэлж, бараа материал борлуулсны үр дүнд ашиг олох байдлыг ойлгохгүй, зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцсэн, гэрээ хийсэн бол төлбөр, барьцааг төлөх ёстой, гэрээг цуцалсан болон татгалзсан ямар ч тохиолдолд мөнгийг буцаан олгохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа нь шударга бус байна.

Иймд үйл ажиллагаа явуулаагүй, түрээслэгчийн шаардлагыг хүлээн аваагүй, түрээсийн гэрээ бодит байдал дээр хэрэгжээгүй тул хариуцагч “О” ХХК-иас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 288 дугаар зүйлийн 288.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн түрээсийн төлбөр 180 000 төгрөг, барьцаа 200 000 төгрөг, нийт 380 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Анх “АД” худалдааны төв “ХЗ” нэртэйгээр талбайгаа түрээслүүлдэг байсан. Гэтэл хажуу талд байрлах барилгын материалын талбайг “НХ” ХХК худалдаж авахаар болж түрээслэгч нар нь манай барилгын талбайг түрээслэж үйл ажиллагаа явуулахаар лангуу захиалж, бид зөвшөөрч гэрээ байгуулсан. Талбайг чөлөөлөхөд цаг хугацаа орох учраас 2019 оны 4 дүгээр сараас ажиллахаар болсон. Түрээслэгч нартай “ХЗ”-ын ил байсан лангуунуудыг гаргаж, тус тусдаа вакум хаалттай павилон хийхээр тохиролцсон. Нэхэмжлэгчийн адил 13 хүний хүсэлтийн дагуу барьцаа болон түрээсийн төлбөрөөр нь вакум хаалттай павилон хийлгэсэн. Хариуцагч компани өөрөөсөө 3 000 000 төгрөг нэмж гаргасан бөгөөд компанийн зүгээс тухайн 13 түрээслэгч нарт “та нарын мөнгөөр ийм засвар хийлээ, дараа нь орохгүй, гэрээг цуцална гэсэн зүйл байхгүй” гэх агуулгатай мэдэгдэл хүргүүлж, гарын үсэг зурцгаасан.

Дээрх засвар хийх явцад “НХ” ХХК талбайг худалдаж авахаа больсон. Өмнө нь ажиллаж байсан “ХЗ”-ын түрээслэгч нарын гэрээг цуцлаад, үлдсэн 2 лангуу нь архи бусад бараа бүтээгдэхүүнээ борлуулж дуусгаад явна гээд гараагүй байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч болон барилгын материалын зориулалтаар түрээслэхээр тохиролцсон түрээслэгч нар орж ирээгүй. “ХЗ” гэсэн хаягыг доголдол гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4 дэх хэсэгт заасныг баримтлан “О” ХХК-иас 380 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 12 050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “О” ХХК нь “АД” худалдааны төвийн талбайг хүнсний чиглэлээр түрээслүүлдэг байсан. Н.У гэдэг хүн бусад түрээслэгч 19 хүнийг төлөөлөн ирж ...“Хороолол” барилын материалын дэлгүүрийг “Н” их дэлгүүр худалдан авч байгаа, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр лангуугаа чөлөөлж өг гэсэн, бид танай "АД" төвийг 100 хувь дүүргэж “БМЗ” болгон ажиллая...” гэдэг санал тавьсан. Т.Энхмаа нарын 19 хүн барилгын материалын чиглэлээр түрээслэхээр тохиролцож түрээслэгч нар нь лангуугаар биш тусдаа вакум хаалтаар тусгаарлагдаж үйл ажиллагаа явуулах санал гаргаж түрээсийн гэрээг байгуулсан. Вакум хаалт павилон зэргийг “Ноц” ХХК-иар ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж бэлэн болгосон.

Гэтэл түрээслэгч Т.Э болон бусад түрээслэгч нарын хэн нь ч гэрээгээр тохирсон хугацаа буюу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ирж түрээслэх талбайгаа хүлээн авч үйл ажиллагаагаа явуулаагүй. Үйл ажиллагаа явуулаагүй учир шалтгаан нь Т.Э-гийн өмнө нь түрээсэлдэг байсан “Х” барилын материалын дэлгүүрийг “Н” их дэлгүүр худалдан авахаа больсон байсан. Т.Э түрээсийн гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан. Тэрээр “АД” худалдааны төв нь барилгын материал гэсэн хаяг, реклам байрлуулаагүй, түрээсийн гэрээний 4.3-д заасан үүргээ биелүүлээгүй тул барьцаа 200 000 төгрөг, түрээсийн төлбөр 180 000 төгрөг нийт 380 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар В-4 дугаартай павилонийг сарын 200 000 төгрөгөөр түрээслүүлэх гэрээг байгуулсан гэж дүгнэж, гэрээний 4.3-д заасан түрээслүүлэгч нь түрээслэгчийн худалдаа үйлчилгээ явуулах таатай орчныг бүрдүүлэх тэдний санал хүсэлтийг хүлээн авч ажиллана гэж зааснаар шаардах эрхийнхээ дагуу нэхэмжлэгч тус компанид 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний заалтаа зөрчиж байгаа тул төлбөрөө буцаан авах тухай өргөдөл гаргаж мэдэгдэл өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас хальж гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрт урьдчилан шилжүүлсэн 180 000 төгрөг, барьцаа 200 000 төгрөг, нийт 380 000 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасныг, хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1, 26/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжид байршилтай “АД” худалдааны төвийн В/4 тоот лангууг цоож, хөшиг, авжур худалдаалах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл, сарын 200 000 төгрөгөөр түрээслэх, төлбөрийг 10 хувийн хөнгөлөлттэй байхаар хариуцагч талтай харилцан тохиролцож, талбай түрээслэх гэрээ байгуулсан байна. /хх4-7/

 

Дээрх гэрээний дагуу түрээслэгч буюу нэхэмжлэгч нь түрээсийн нэг сарын төлбөр 180 000 төгрөг, гэрээний барьцаа болох 200 000 төгрөг, нийт 380 000 төгрөгийг түрээслүүлэгчид төлсөн, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон, улмаар уг талбайд нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулаагүй үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Харин, хариуцагч буюу түрээслүүлэгч нь түрээсийн гэрээний 4.3-т заасан түрээслэгчийн худалдаа үйлчилгээ явуулах таатай орчныг бүрдүүлэх тэдний санал, хүсэлтийг хүлээн авч ажиллах талаар зохицуулсан үүргээ биелүүлсэн эсэх талаар талууд маргажээ.

 

Анхан шатны шүүх, зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсч, нэхэмжлэгч уг гэрээний дагуу үр шим хүртээгүй нь тогтоогдсон боловч бичгээр байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэснийг хууль хэрэглээний хувьд зөвтгөн тайлбарлах шаардлагатай байна.

 

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ болон хуулийн дээрх зохицуулалт ёсоор түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн нь түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх зөв дүгнэжээ. Харин гэрээний зүйл болох талбайн хувьд, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон тул уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт заавал бүртгүүлэх шаардлагагүй юм. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, гэрээний зүйлийг барилгын материалын худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор түрээслэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн боловч түрээслүүлэгч тал “барилгын зах” гэсэн хаягжилт хийгээгүй буюу үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнээс татгалзаж, уг гэрээний үүрэгт урьдчилан төлсөн 380 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, түрээслэгчийн үйл ажиллагаанд зориулж, вакум хаалт бүхий павилоныг барьцаа хөрөнгө болон түрээсийн төлбөрөөр нь хийлгэж тохижуулсан, гэрээг цаашид цуцлахгүй, мөнгийг буцаан олгохгүй талаар мэдэгдэж, гарын үсэг зуруулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан болно.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын хэн нэг нь гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй талаар зохицуулсан байна. Нэхэмжлэгч нь хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа үндэслэлээр гэрээг цуцлах талаар 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр түрээслүүлэгчид бичгээр мэдэгдсэн, хариуцагч үүнийг нь хүлээн аваад түрээсийн төлбөрийг буцаан олгох боломжгүйг мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх13, 14/  Үүнийг нэхэмжлэгч тал хариуцагчид гэрээний үүрэг зөрчигдсөн талаар урьдчилан мэдэгдсэн гэж үзэх бөгөөд энэ нь гэрээнээс татгалзах үндэслэл болжээ.

 

Иймд нэхэмжлэгч үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан түрээсийн гэрээний 4.3-т заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй, нэхэмжлэгчийн барилгын материалын худалдаа, үйлчилгээ эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлэх саналыг нь хүлээн авч, хаягжилт хийгээгүй үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах үүрэгтэй тул хариуцагч “О” ХХК-иас нэхэмжлэгчийн түрээсийн нэг сарын төлбөрт урьдчилан төлсөн 180 000 төгрөг, барьцаа болгон төлсөн 200 000 төгрөг, нийт 380 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-д олгох нь хуулийн дээрх заалтад нийцэх юм.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас төлбөр гаргуулах талаар зөв дүгнэн шийдвэрлэсэн боловч хэргийн үйл баримтад хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүйг зөвтгөн, шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/01657 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-иас нийт 380 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Э-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Т.ТУЯА