Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1657

 

                                                  

 

 

 

2019 оны 06 сарын 04 өдөр                        Дугаар 102/ШШ2019/01657                        Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа 24 дүгээр гудамж, 53 тоотод оршин суух Суурь бодонгууд овогт Т.ийн Э.гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 11 дүгээр байрны 1 тоотод байрлах “О.” ХХК-д холбогдох гэрээний үүргийн биелэлт 380.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

         Нэхэмжлэгч Т.Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         Миний бие “О.” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “А.” худалдааны төвийн В/4 тоот лангууг “цоож, хөшиг, жижиглэн абажур” худалдааны чиглэлээр түрээслэхээр гэрээ байгуулж, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулах байсан.

            Гэтэл 4 дүгээр сарын 10-ны өдөр тус төвийн өөрийн түрээсийн талбай болон гаднах байдалтай танилцахад “А.” хүнсний зах гэсэн хаяг өмнөх хэвээрээ байсан бөгөөд энэ хаягаар барилгын материал авах гэж хүмүүс орж ирэхгүй, талбайг түрээслэхэд ашиг, орлого олох боломжгүй, бизнесийн үйл ажиллагааны эрсдэлтэй байсан.

          Ингээд “гаднах хаягаа өөрчилж, барилгын материалын зах гэсэн хаягтай болгоё” гэсэн шаардлага тавихад түрээслүүлэгч тал гуравхан барилгын материалын худалдаанд хаяг солих боломжгүй гэж хэл амаар доромжилж, гэрээ хийсэн л бол 4 дүгээр сарын 15-ны өдрөө орж, үйл ажиллагаагаа явуул гэсэн хариуг амаар өгсөн.

            Энэ шаардлагыг зөвшөөрөөгүй тул 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус байгууллагын захиргаанд гэрээний 4.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул талбайг түрээслэхэд ашиг орлого олох боломжгүй, нөгөө талаас түрээслүүлэгчийг хэл амаар доромжилж, бизнесийн ёс зүйгүй хандсан учраас хамтран ажиллах, түрээслэх боломжгүй байдал үүссэнээ дурдаад, гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн түрээс болон барьцааны мөнгөө буцаан авах хүсэлтийг гаргахад, байгууллага хариу өгөхдөө гэрээг цуцалж, түрээс, барьцааны төлбөрийг буцаан олгохоос татгалзсан.

          Энэхүү байдал түрээслэгч миний хамгийн чухал байр суурийг илэрхийлэх тухайн худалдааны төвийн үндсэн хаягийн дагуу худалдан авагч орж ирэн үйлчлүүлснээр түрээслэгчийн барилгын материалын худалдаа эхэлж, бараа материал борлуулсны үр дүнд ашиг олох байдлыг ойлгохгүй, зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцсэн, гэрээ хийсэн бол төлбөр, барьцааг төлөх ёстой ба гэрээг цуцалсан, татгалзсан ямар ч тохиолдолд мөнгийг буцаан олгохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа нь шударга бус байна.

            Иймд “О.” ХХК-иас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 288 дугаар зүйлийн 288.1 дэх хэсгүүдэд заасны дагуу түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн түрээсийн төлбөр 180.000 төгрөг, барьцаа 200.000 төгрөг, нийт 380.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч, хариуцагчтай 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “А.” худалдааны төвийн B/4 лангууг цоож, хөшиг, жижиглэнгээр абажур борлуулах чиглэлээр гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулах байсан.

Гэтэл бид “Худалдааны төв”-ийн ашиглах талбайтайгаа танилцаад, “хамгийн гол нь ашиг орлого олох зорилготой тул гаднах “Хүнсний зах” гэсэн хаягаа өөрчлөөд өгөөч” гэхэд “боломжгүй, ганц хоёрхон хүнээс болж хаяг өөрчилнө гэсэн ойлголт байхгүй” гэсэн хариуг өгсөн.

 Дараа нь дахиад 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр гэрээнийхээ 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй байна” гээд гэрээг цуцлах “Мэдэгдэл”-ээ өгөхөд байгууллага гэрээг цуцалсан хариу өгсөн.

Иймд үйл ажиллагаа явуулаагүй, түрээслэгчийн шаардлагыг хүлээн аваагүй, түрээсийн гэрээ бодит байдал дээр хэрэгжээгүй тул барьцаа хөрөнгө болон түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх “А.” худалдааны төв “Хүнсний зах” нэртэйгээр талбайгаа түрээслүүлж байсан.

Гэтэл хажуу талын барилгын материалын талбайг “Номин холдинг” ХХК худалдаж авахаар болж түрээслэгч нар манай талбайг түрээслэж үйл ажиллагаа явуулъя гээд гэрээ байгуулж, лангуугаа захиалж, бид зөвшөөрч, талбайг чөлөөлөхөд цаг хугацаа орох учраас 2019 оны 4 сард үйл ажиллагаа жигдрэн ажиллахаар болсон.

Ингээд “Хүнсний зах”-ын ил байгаа лангуунуудаа гаргаж, тус тусдаа вакум хаалттай павилон хийе гэж түрээслэгч нартай тохиролцсон.

Нэхэмжлэгч шиг 13 хүний хүсэлтийн дагуу барьцаа болон түрээсийн төлбөрөөр нь вакум павильон хийлгэж, компани өөрөөсөө 3.000.000 төгрөг нэмж гаргасан бөгөөд компанийн зүгээс 13 түрээслэгч нартаа “Мэдэгдэл” гэж байгаад “та нарын мөнгөөр ийм засвар хийлээ, дараа нь орохгүй, гэрээг цуцална гэсэн зүйл байхгүй шүү” гэж хэлээд гарын үсгийг нь зуруулж авсан.

         Засвар хийх явцад “Номин холдинг” ХХК талбайг худалдаж авахаа больсон.

Компани өмнө нь ажиллаж байсан хүнсний захын түрээслэгч нарынхаа гэрээгээ цуцлаж явуулаад, үлдсэн 2 лангуу архи бусад бараа, бүтээгдэхүүнээ борлуулж дуусаад явна гээд гараагүй байсан.

Энэ хооронд нэхэмжлэгч барилгын материалынхан орж ирээгүй, “Хүнсний зах” гэсэн хаяг хэвээрээ байсныг доголдол гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

       Нэхэмжлэгч Т.Э., хариуцагч “О.” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 380.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

       Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

       Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

     

        Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

Нэхэмжлэгч Т.Э., хариуцагч “О.” ХХК-тай 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “А.” худалдааны төвийн талбай түрээслэх гэрээгээр түрээслэгчийн үйл ажиллагаа явуулах В-1 давхарт байрлах В-4 дугаартай талбайг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг дуустал сард 200.000 төгрөгөөр түрээслэхээр зохигчид харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээг байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх үүргээ биелүүлж, нэхэмжлэгч сарын түрээсэнд 380.000 төгрөг төлж, хариуцагч нэхэмжлэгчид В-4 дугаартай лангууг нэрлэн зааж, аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор эзэмшилд нь шилжүүлэн өгсөн талаар талууд маргаагүй болно.

 

Гэвч түрээслэгч мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.2 “түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ”,

 

Мөн талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 “түрээслүүлэгч нь түрээслэгчийн худалдаа үйлчилгээ явуулах таатай орчныг бүрдүүлэх тэдний санал хүсэлтийг хүлээн авч ажиллана” гэж зааснаар шаардах эрхийнхээ дагуу нэхэмжлэгч тус компанид 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “гэрээний заалтаа зөрчиж байгаа учраас гэрээг цуцлаж, төлбөрөө буцаан авах тухай” өргөдлөө гаргаж, мэдэгдсэн ба хариуцагч хариу “Мэдэгдэл”-дээ гэрээг цуцалсанаа зөвшөөрч, нэхэмжлэгч дээрх хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр шимээ хүртэж чадаагүй болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ гэдэг нь тогтоогдож байна.

 

          Иймээс хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар татгалзлаа баримтаар нотлож чадаагүй буюу нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас В-4 дугаартай лангууг ашиглаж чадаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 380.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 12050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “О.” ХХК-иас 380.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Суурь бодонгууд овогт Т.ийн Э.д олгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12050 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 12050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

       

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

       

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА