Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 111/2017/0007/З |
Дугаар | 221/MA2017/0547 |
Огноо | 2017-08-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 221/MA2017/0547
2017 оны 8 сарын 02 өдөр Дугаар 221/МА2017/0547 Улаанбаатар хот
Л.*******ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нарыг оролцуулан хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 111/ШШ2017/0013 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, Л.*******ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 111/ШШ2017/0013 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгож, Л.*******ийг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил албан тушаалд тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох төгрөгийг нэхэмжлэгч Л.*******т олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг дарга /түүний Тамгын газарт/-д үүрэг болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хариуцагчаас 2000000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 500000 төгрөгийг хасч 1500000 төгрөг гаргуулж Л.*******т олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Захиргааны ерөнхий хуулийг дагаж мөрдөх хууль гараагүй, хэрэгжүүлэх журам заавар гараагүй байсан тул өөрийн ойлгосон хэмжээнд захиргааны шийдвэрийн төсөлд санал авах хяналтын дагалдах хуудас, захиргааны шийдвэр гаргах хуудас зэргийг бүрдүүлж ажилласан болно.
Л.******* нь одоогоор улс төрийн намын даргаар сонгогдон ажиллаж байгаа болно.
Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.*******ийг Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14 /... сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох .../, 23 дугаар зүйлийн 23.1.1 /албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн/, 23.1.2 /үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон/, “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 2.1, 2.2, 2.4, “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 10 дугаар зүйлийн 40 заалтуудыг тус тус үндэслэн тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч Л.******* нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, “Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар захирамж хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийлгүүлэх, актын улмаас учирсан хохирол 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 107.4.-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заажээ. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн тухайгаа тусгаагүй байхаас гадна маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр “хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй байна” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.*******ийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар захирамж нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнээгүй асуудлаар шууд дүгнэлт хийх боломжгүй.
Түүнчлэн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байна. Тухайлбал,
Хариуцагч маргаан бүхий актын үндэслэлээ “... Л.******* 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг тайлагнаагүй, ... сонгуулийн сурталчилгаанд оролцсон” гэж тайлбарлах боловч энэ талаарх баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.
Мөн “нотариатын үнийг ажилд орсон цагаас хойш төвлөрүүлээгүй” гэх зөрчилтэй холбогдуулан нотариатын үйлчилгээний хураамжийн төлбөр Засаг даргын Тамгын газрын дансанд орсон эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн маргаж буй үндэслэлүүдэд холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр маргаан бүхий акт нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.
Шүүх нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоогүй байгааг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсанаар шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, тэдгээрт үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 111/ШШ2017/0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН