Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1587

 

 

Г.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/01475 дугаар шийдвэртэй, Г.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Г-д холбогдох, 2 373 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Г.Э нь Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Барилгын материалын “Т” худалдааны төвд 125 дугаар лангууг түрээслэн барилгын материалын худалдаа хийдэг бөгөөд худалдан авагч иргэд болон хуулийн этгээдээс биечлэн болон утсаар захиалга авч бараагаа худалдан борлуулдаг, Мөн худалдан авагчийн хүсэлтийг үндэслэн зарим тохиолдолд зээлээр худалдан борлуулдаг. Дархан-Уул аймагт байрлах “АК” ХХК-ийн захирал О.Г гэх иргэн анх барилгын материал бэлнээр 2 удаа худалдан авсан бөгөөд тэр үедээ барилгын магериалын  төлбөрт асуудал үүсгэж байгаагүй.

Харин 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр угаадаг замаск 226 шуудай /цаашид уут гэх/-г нэг бүрийн үнэ 10 500 төгрөгөөр авъя гээд нийт 2 373 000 төгрөгийн үнэ бүхий дээрх материалыг зээлээр худалдан авсан боловч одоог хүртэл ямар ч төлбөр төлөгдөөгүй, төлбөр төлөхөөс зайлсхийж байна. О.Г нь анх бараа материал авах үедээ өөрөө Улаанбаатар хотод амьдардаг, одоогоор Дархан-Уул аймагт барилга барьж байгаа, бараагаа явуулчих, барааг өөрөө хүлээж аваад төлбөрийг дансаар шилжүүлье гэж байсан. Ингээд манайх руу жолооч явуулж материалаа ачаад аваад явсан боловч  төлбөрөө төлөхгүй байсан учир би танихгүй дугаараас хувийн орон сууц худалдаж авах сонирхолтой байна гэж асууж О.Г руу залгахад манай нягтлан бодогч  Н.С гэж хүнтэй холбогдоод сонирхоорой гээд 9913-1389 гэсэн утасны дугаар өгсөн. Нягтлантай нь холбогдоход “Дархан-уул аймаг, Дэнж дээр 3-ийн 9 давхар барилга барьж байгаа ирээд сонирхоорой” гэсэн. Би очоод нягтлантай уулзаад бүх учраа тайлбарлахад, “...агуулахад одоо 26 уут замаск байгаа, тэрийг ав өөр мөнгө өгч чадахгүй, захирлын зөвшөөрөлгүй мөнгө гаргахгүй” гэсэн. Би мөнгөө л авах сонирхолтой байсан учир тохиролцоонд хүрч чадаагүй буцсан. О.Г нэг ч удаа төлбөр хийгээгүй тул түүний овог нэр, гар утасны дугаараас өөр ямар ч мэдээлэл байхгүй байсан учир 2017 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01839 дугаар шийдвэрийн дагуу оршин суух хаягийг тогтоолгож шүүхэд нэхэмжлэл гаргасан.

О.Г-с барилгын материалын төлбөр болох 2 373 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53 765 төгрөгийн хамт гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Дархан-Уул аймгийн 13 дугаар баг, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдсан “А” хотхоны барилгын ажилд зориулж байгууллага, хувь худалдааны лангуу иргэдээс гэрээний дагуу бараа материалаа захиалгаар авч тооцоо нийлж өр төлбөрөө барагдуулах зарчмаар ажилладаг. Г.Э-ээс 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр цагаан замаск захиалж авахаар тохиролцож тээврийн машин түрээслэн ачуулж Дархан хүртэл тээвэрлүүлсэн.

Тухайн бараанаас барилгын заслын ажилд 30-аад уутыг хэрэглэж эхлээд манай захиалсан замаск биш, шаардлага хангахгүй болохыг мэдээд өөр замаск захиалсан. Нэхэмжлэгчээс авсан замаскийг 3 байрны үүдний агуулахад оруулж хураасан. Түүнд шаардлага хангахгүй угаадаг замаск байна, буцааж авах талаар хэлсэн боловч 2015 оны хавар Дарханд очиж өөрийн нийлүүлсэн бараагаа буцааж авсан. Барааг компанийн нягтлан Б.А, нярав Ц.О, жолооч Д.Б нар хүлээлгэж өгсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Г-д холбогдох 2 373 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт, зохигчдын хооронд замаск худалдан борлуулсан талаар гэрээ авагдаагүй боловч тэдний хооронд зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, уг гэрээг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэжээ.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол мөн хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд, худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ гэж заасан. Энэхүү хуулийн заалтын дагуу талууд хэдийгээр зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах гэрээний хэлбэрийг зөрчсөн боловч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар хариуцагч О.Г-с 26 уут замаскийг хүлээн авсан учир үлдэх 200 уут замаскны үнэд 2 100 000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт, хавтаст хэрэгт О.Г-т 226 уут замаск нийлүүлсэн, нэг уут замаскийн үнийг хэдэн төгрөгөөр тооцсон, хэдэн уут замаскийг буцаан авсан талаар баримтгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөх үүрэгтэй юм гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт иргэний хэргийн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар нотлох баримт болохоор заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Г.Э-с 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр цагаан замаска захиалж авахаар тохиролцож тээврийн машин түрээслээд ачуулж Дархан хүртэл тээвэрлүүлсэн. Тухайн бараанаас барилгын заслын ажилд 30-аад уутыг хэрэглэж эхлээд манай компанийн захиалсан замаска биш шаардлага хангахгүй болохыг мэдээд өөр замаска захиалж Г.Э-с авсан замаскийг 3 байрны үүдний агуулахад оруулж хураасан...” гэж талууд өгсөн авсан дээрээ маргаагүй байхад шүүх нэхэмжлэгчээс нотлох баримт шаардаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч О.Г-т холбогдуулан барилгын материалын үнэ буюу 226 уут угаадаг замаскны үнэд 2 373 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр О.Г-т 226 уут угаадаг замаскийг нэг бүрийн үнийг 10 500 төгрөгөөр тооцож, нийт 2 373 000 төгрөгийн бүтээгдэхүүн ачиж явуулсан, тэрээр төлбөрийг нь дансаар шилжүүлнэ гэсэн боловч төлөөгүй, түүний утасны дугаараас өөр мэдээлэл байхгүй учир оршин суух хаягийг 2017 онд шүүхээр эрэн сурвалжлах шийдвэр гаргуулснаар цагдаагийн байгууллага олж тогтоосон учир нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан байна.

 

Хариуцагчийн хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагын татгалзах үндэслэлээ, 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр замаск захиалж, тээврийн хэрэгсэл түрээслээд Дархан хүртэл тээвэрлүүлэн барааг хүлээн авсан боловч 30 орчим уутыг хэрэглэхэд шаардлага хангахгүй байсан. Энэ талаар нэхэмжлэгчид хэлсэн, 2015 оны хавар Дарханд очиж буцаан авсан, манай компанийн нягтлан, нярав, жолооч нар хүлээлгэн өгсөн гэх тайлбар гарган маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болох бөгөөд  зохигчдын гаргасан дээрх тайлбарыг харьцуулан үзвэл, О.Г нь 226 уут угаадаг замаск хүлээн авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй, улмаар уг замаскны 30 уутыг хэрэглэсэн гэжээ. /хх48/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргаанд хамаарах харилцааг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь буруу. Зүй нь, зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заавал тусгах нөхцлийг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт хуульчлан тогтоосон. Энэхүү зохицуулалт ёсоор зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр талууд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжтэй байдгийг шүүх анхаараагүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан барааг шаардлага хангахгүй байсан, түүнд буцаан хүлээлгэн өгсөн гэх боловч хэдэн уут замаскийг буцаасан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар 30 уут замаскнаас бусдыг нь нэхэмжлэгчид өгсөн гэх тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Харин, хэргийн 7 дах талд авагдсан хариуцагч О.Г-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/01839 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсгийн нэхэмжлэгч Г.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэд “ О.Г...2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 226 уут угаадаг замаск авсан, ширхэг нь 10 500 төгрөг бөгөөд нийт 2 373 000 төгрөг болсон, төлбөрийг 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өгөхөөр тохирсон, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 90 уут замаскаа буцаан авсан” гэж тусгагдсан байна.  

 

Мөн нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдааны явцад “нийт 226 замаск худалдсан, үүнээс 2015 онд Дархан-Уул аймагт очиж уулзахад нягтлан нь 26 уут замаск үлдсэн, үүнийг авбал ав гэсэн учир 26 уут замаскаа буцаан авсан” гэж тайлбарлажээ. /хх52/

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч нь нийт 226 уут замаскийг хариуцагчид худалдахаар өгч, үүнээс 116 уут замаскийг 2015, 2016 онд буцаан авсан үйл баримт тогтоогдсон гэж үзэх тул 110 уут замаск нэг бүрийн үнийг 10 500 төгрөгөөр тооцож, үнийн 1 155 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

 Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/01475 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Г-с барааны үнэнд нийт 1 155 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 218 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 765 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32 270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Э нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 765 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Т.ТУЯА