Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтохын Туяа |
Хэргийн индекс | 102/2019/00832/и |
Дугаар | 1612 |
Огноо | 2019-09-04 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 1612
Г.Г-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01719 дугаар шийдвэртэй, Г.Г-ийн нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр МУХЗДХЯ, НБГДПГ оролцон, эрүүгийн хэрэгт шалгагдан хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан хохиролд нийт 218 848 147 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Золзаяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд НБГДПГ-ыг төлөөлж хяналтын прокурор А.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэг 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 13-42 тоотод надтай гэр бүлийн харилцаатай байсан Н.Э бусдад зодуулж гадны нөлөөтэй амь хохирсон гэмт хэрэгт миний бие сэрдэгдэн, ШШГЕГ-ын 0461 дүгээр ангид 570 хоног цагдан хоригдон, мөрдөгдөн шалгагдсан. Улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 322 дугаар Цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 589 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 432 тоот тогтоолоор тус тус хилс хэрэгт яллагдагчаар татагдан 570 хоног цагдан хоригдож нэр төр, эрх чөлөө, эрүүл мэнд, бие, сэтгэл санаа, эд материалын хохирол, гэм хор учирсан болохыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.
Иймээс 570 хоног цагдан хоригдсоныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 5 849 301 төгрөг, Улаанбаатар хотод төмөр замаар тээвэрлэгдэн ирсэн бараа материалыг ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги “44 гурвалжин” гэх газарт хувиараа хөдөлмөр эрхлэн ажиллаж, өдөрт дунджаар 50 000-60 000 төгрөгийн орлоготой ажилладаг байсан учир амьжиргааны үндсэн эх үүсвэр орлогыг багаар нь буюу 50 000 төгрөгийг цагдан хоригдсон хоногт үржүүлэн 28 500 000 төгрөгөөр тооцсон. Хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Н.Намжилцогтод 4 500 000 төгрөг, Г.Г 27 500 000 төгрөг нийт 32 000 000 төгрөг, эрүүл мэндийн хувьд хохирч байнга өвдөж эмчилгээ хийлгэдэг тул эмчилгээ шинжилгээ, эмийн болон эмчлүүлэхэд унаа машинд хэрэглэсэн шатахууны зардал 2 463 446 төгрөг, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны асар хүнд тохуурхал доромжлол, сэтгэлийн шарх амссан учир хохирол 150 000 000 төгрөг, бичиг баримтын зардал 35 400 төгрөг, нийт 218 848 147 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулна гэжээ.
Гуравдагч этгээд НБГДПГ-ын прокурор А.Баясгалан тайлбартаа: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 322 тоот цагаатгах тогтоолоор хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд нь хүнийг алах гэмт хэргийг шүүгдэгч Г. үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр хэргийг цагаатгаж, мөрдөн байцаалтанд буцаасан. Цагаатгах тогтоолд Г.Г-г 570 хоног хоригдсон гэдгийг дурдсан. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар хэрэгт сэрдэгдсэн хангалттай баримт байгаа гэх үндэслэлээр баривчилж, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс мөн үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан түүнийг цаашид хорьж мөрдөх зайлшгүй шаардлагатай бол шүүх хорьж мөрдөх хугацааг тухай бүр 30 хүртэл хоногоор сунгах бөгөөд онц хүнд гэмт хэрэгт 24 сараас хэтэрч болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.2-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээ 8 жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн биеийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч болно гэж заасан.
Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т заасан гэмт хэргийн яллагдагч Г.Г-г уг хэрэгт 570 хоног буюу 18 сараас хэтрэхгүй хугацаагаар цагдан хорьжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, Дээд шүүхийн тогтоолд шүүгдэгч Г.Г-г хууль бусаар цагдан хорьсон гэх нотлох баримт авагдаагүй.
Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьсон, таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолууд тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарч, хугацааг хуулийн үндэслэлээр сунгаж байсан. Хуульд мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагавар арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэсэн заалт байдаг ч хамаарахгүй гэж үзэж байна. Баривчилсан болон таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч энэ нь хууль зөрчсөн байхыг шаарддаг. Эрүүгийн хуулийн 45 дугаар зүйлд хохирол нөхөн төлүүлнэ гэж заасан ч хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь тогтоогдсон, эсхүл баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон гэж заасан байгаа.
Иймд нэхэмжлэгч Г.Г-г хууль бусаар цагдан хорьсон, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, түүнд учирсан эд хөрөнгийн хохирол, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол учирсан, нөгөө талаас мөрдөгч прокурор, шүүгчийн хууль бус шийдвэр үйл ажиллагаа байсан, эдгээр нь хоорондоо шалтгаант холбоотой гэж байгаа бол үүнийг нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, энэ талаар баримтгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд МУХЗДХЯ тайлбартаа: Прокурорын хэлсэнтэй санал нэг байна. Энэ хүнийг хууль бусаар хорьсон гэдэг нь тогтоогдсон баримт хэрэгт байхгүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 16 177 101 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-д олгож, үлдэх 202 671 046 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг. Гэтэл шүүх эмнэлэг, эрүүл мэндийн тодорхойлолтоор тодорхойлогдсон, эрүүгийн хэргийн ангилал, хэрэгт шалгагдан хоригдсон хугацааг харгалзан сэтгэл санааны хохиролд 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн үндсэн зарчимд нийцэхгүй байна.
Түүнчлэн, олох ёстой байсан орлого 28 500 000 төгрөгийн хувьд шүүхийн шийдвэрт баримтаар хөтөлбөргүй тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, Г.Г хамтран ажиллаж байсан нэр бүхий этгээдүүд, холбогдох байгууллагаас хууль ёсны тайлбар, албан бичиг авсаар байтал уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
Гэрч нарын мэдүүлгүүдэд 44 дүгээр зам дээр вагоноос ачаа буулгадаг байсныг болон гэмт хэрэг үйлдсэн гэх өдөр хүртэл тасралтгүй хамт ажиллаж байсан талаар гэрчүүд мэдүүлснээр эрүүгийн хэрэгт хамааралгүй болох нь тогтоогдож цагаатгагдсан атал, баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй гэсэн нь Эрүүгийн хэргийн 3 шатны шүүхийн магадлал, тогтоолыг үгүйсгэсэнтэй адил болжээ.
Мөн өмгөөлөгчийн хөлс төлсөн 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож буйг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх хэмжээнд дүйцэх малаар төлбөрийн тооцоог хийсэн, мал хүлээн авсан тэмдэглэл үйлдэгдсэн, энэ талаар Өвөрхангай аймаг, Хархорин сумаас тодорхойлолт нотариатаар гэрчлүүлж ирсээр атал хэрэгсэхгүй болгож байгаа нь хачирхал төрүүллээ. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ эрүүгийн хэрэгт шалгагдаж, хууль бусаар цагдан хоригдсон хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 5 849 301 төгрөг, өмгөөллийн хөлс 32 000 000 төгрөг, эмнэлгийн шинжилгээ болон эмчилгээний зардал 2 463 446 төгрөг, сэтгэл санааны хохирол 150 000 000 төгрөг, олох байсан хөдөлмөрийн орлого 28 500 000 төгрөг, нотариатын зардал 35 400 төгрөг, нийт 218 848 147 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулна гэж тодорхойлжээ.
Хэргийн баримт болон зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Г.Г нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 13-42 тоотод Н.Э гадны нөлөөтэй нас барсан эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдаж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Сэжигтнийг баривчлах тогтоолоор баривчилж, мөн оны 5 дугаар сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 570 хоног цагдан хоригдсон болох нь тогтоогджээ. /хх 69-86/
Дээрх хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 322 дугаартай Цагаатгах тогтоолоор Г.Г-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 589 дугаартай магадлалаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 432 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 2 дах хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасан үйл баримт тогтоогдож байна. /хх 5-26/
Анхан шатны шүүх, нэхэмжлэгч Г.Г нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, цагдан хоригдсон улмаар шүүх холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар дээрх ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.2 дах хэсэгт зааснаар гэм хорын хохирол шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 570 хоног цагдан хоригдсон хугацааны хохиролд 5 849 301 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 9 500 000 төгрөг, эмчилгээнд төлсөн зардал 292 400 төгрөг, нотариатын зардал 35 400 төгрөг, сэтгэл санааны хохиролд 500 000 төгрөг нийт 16 177 101 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ, шүүх сэтгэл санааны хохиролд 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй, мөн олох ёстой байсан орлого болох 28 500 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 10 000 000 төгрөгийг нотолсон баримтыг өгсөөр байхад баримтаар тогтоогдоогүй гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагаас Г.Г хөдөлмөр эрхэлж байсантай холбоотой олох байсан орлого гэх 28 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Өөрөөр хэлбэл, Г.Г нь тухайн хэрэгт шалгагдан, цагдан хоригдохоос өмнө гурвалжингийн “44 дүгээр зам” гэх газарт ачаа буулгах ажил эрхэлдэг байсан гэх тайлбараа нотлох зорилгоор шүүхэд Улаанбаатар Төмөр замын тээвэр зохион байгуулалтын алба болон Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги, Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-ын албан бичгүүдийг ирүүлсэн. /хх43,45,48/ Энэхүү баримтуудаас үзвэл, “44 дүгээр зам” нэртэй газрын үйл ажиллагаа болон уг газарт ачаа ачих, буулгах болон түүний үнэ ханшийн талаарх мэдээллийг агуулсан байна. Үүнээс гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал өөрийн ажил хөдөлмөр эрхэлж байсантай холбогдуулан хүсэлт гаргаж иргэн Ц.Э, Х.Б нарыг гэрчээр асуулгасан боловч тухайн гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь дээрх “44 дүгээр зам” гэх газарт байнга ажил эрхэлж, өдөр бүр ачаа буулгаж, тогтмол орлоготой байсан нь нотлогдохгүй байна. /хх141-143/ Түүнчлэн, нэхэмжлэгч иргэний хувьд хувиараа ажил, хөдөлмөр эрхэлж байсан бол хөдөлмөрийн хөлс болох орлогоос Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлж байсан талаар баримтгүйг шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
Мөн нэхэмжлэгчээс өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх 32 000 000 төгрөг гаргуулах шаардлагаас шүүх 9 500 000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлсэн байна. Өмгөөлөгчийн хөлс 10 000 000 төгрөгийн үнийн дүнд мал дүйцүүлж өгсөн гэх 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Тэмдэглэл” гэх баримт хэрэгт авагдсан /хх35/. Үүгээр “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний /хх27-28/ төлбөрийг нэхэмжлэгч тал төлсөн гэх боловч уг гэрээнд “...10 000 000 төгрөгт бог, бод малыг тухайн үеийн нутгийн зах зээлийн ханшаар тооцож 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор Улаанбаатарт авчирч хүлээлгэн өгөхөөр тохиролцов...” гэж тусгагдсан байна. Дээрх гэрээ болон тэмдэглэлийг харьцуулан үзвэл, 10 000 000 төгрөгийн үнийн дүнд дүйцэх малыг өмгөөллийн хөлсөнд тооцож бодитоор хүлээлгэн өгсөн гэж дүгнэх нь эргэлзээтэй байх тул энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Харин, нэхэмжлэлийн шаардлагаас эрүүгийн гэмт хэрэгт шалгагдан, цагдан хоригдож байсны улмаас сэтгэл санааны хохиролд шүүх 500 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Тодруулбал, нэхэмжлэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” хүнд гэмт хэрэгт нийт 570 хоног цагдан хоригдсон байна. Гэмт хэргийн ангилал, цагдан хоригдсон хугацаа, шүүхээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан нөхцөл байдлыг харгалзан үзвэл, сэтгэл санааны хохиролд 10 000 000 төгрөгийг нэмж гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 26 177 101 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01719 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... 16 177 701 төгрөг...” гэснийг “...26 177 101 төгрөг...” гэж, “...202 671 046 төгрөг...” гэснийг “...192 671 046 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Г.Г нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.ТУЯА