Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2023/01060

 

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж. Хаяг: Б аймаг, Ө  сум 13 дугаар баг, оршин суух,

 

Хариуцагч: Б аймгийн Ө  сумын Засаг дарга . Хаяг: Б аймаг, Ө  сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,

 

Нэхэмжлэлийн шаардлага: М  банкны зээлийн мэдээллийн сангаас Зээлдэгчийн нэр: Ж , регистрийн дугаар 000 ,...1 Төрөл зээл, валютын нэр MNT, анх олгосон зээлийн хэмжээ:3,000,000 төгрөг, зээлийн хүү 3,0%, зээл олгосон огноо:2013-04-22, төлөгдөх огноо: 2016-04-22, үлдэгдэл: 3,278,200.00 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага: ЖДҮ /Аймаг С / гэсэн мэдээллүүдийг тус тус хасуулахыг хариуцагчид үүрэг болгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч К ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Ж нь анх шүүхэд хариуцагч Б аймгийн Ө  сумын Засаг даргад холбогдуулан М  банкны зээлийн мэдээллийн санд байгаа муу зээлийн түүхээс нэрээ хасуулахыг хариуцагчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэтэл шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед шаардлагын үндэслэлээ тодруулж  М  банкны зээлийн мэдээллийн сангаас зээлдэгчийн нэр: Ж ,  регистрийн дугаар 000 ,...1Төрөл зээл, валютын нэр MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 3,000,000 төгрөг, зээлийн хүү 3,0%, зээл олгосон огноо:2013-04-22, төлөгдөх огноо: 2016-04-22, үлдэгдэл: 3,278,200.00 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага: ЖДҮ /Аймаг С / гэсэн мэдээллүүдийг тус тус хасуулахыг хариуцагчид үүрэг болгохыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Ж нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн С гаас олгох зээлийн гэрээгээр 3 сая төгрөгийг 24 сарын хугацаатай авсан байна. 2021 онд Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б тухайн 3 сая төгрөгийг төлүүлэхээр Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.2 Нэхэмжлэгч уг зээлийг авснаас хойших хугацаандаа зээлдүүлэгч Ө  сумын Засаг даргын зүгээс зээлээ төлөх талаар огт шаардаж байгаагүй, ямар нэгэн шаардлага, мэдэгдэх хуудас өгч байгаагүй юм байна. Мөн уг зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дууссан. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааж өгсөн. Гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дууссан учир шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өнгөрсөн байсан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч Ж нь аймгийн Прокурорын газрын нэхэмжилсэн 3.200.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж шүүхэд хариуцагчийн тайлбараа гаргаж байсан.

1.3 Тус нэхэмжлэлийг Б аймаг дахь Сум дундын анхан шатны иргэний хэргийн шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00286 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч Ж ийн нэр М  банкны мэдээллийн санд байгаа муу зээлтэй зээлдэгчийн мэдээлэлд одоо хүртэл явж байна.

1.4  Нэгэнт тухайн асуудлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн учир Ж ийн нэрийг мэдээллийн сангаас арилгах ёстой. Үүний улмаас нэхэмжлэгч Ж банкны ямар нэгэн үйлчилгээ авах боломжгүй болж эрх ашиг нь зөрчигдөж байна. Энэ хүн бол орон сууц авч ипотекийн зээлд хамрагдах ийм хүсэл сонирхолтой байдаг. Нэхэмжлэгч энэхүү асуудлаар 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр М  банкны Б аймаг дахь салбарт хандахад өргөдлийг нь Б аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт шилжүүлсэн. Тус газар 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 175 дугаар албан бичгээр гэрээ байгуулсан Ө  сумын Засаг даргад хандана уу гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Ө  сумын Засаг даргад хандахад 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2/528 дугаартай албан бичгээр М  банкны зээлийн мэдээллийн сан дахь муу зээлийн ангиллыг өөрчлөх талаар шүүхийн захирамж гараагүй учир таны М  банкны мэдээллийн санд байгаа муу зээлийн түүхийг манай байгууллагын зүгээс өөрчлөх боломжгүй гэсэн хариу өгсөн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.5 Иймд төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан зээлийн мэдээллийн лавлагааг үндэслэн нэхэмжлэгч Ж ийн М  банкны зээлийн мэдээллийн сангаас түүнд холбогдох регистрийн дугаар 000 ,...1 Төрөл зээл, валютын нэр MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 3,000,000 төгрөг, зээлийн хүү 3,0%, зээл олгосон огноо:2013-04-22, төлөгдөх огноо:2016-04-22, үлдэгдэл: 3,278,200.00 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага: ЖДҮ /Аймаг С / гэсэн мэдээллүүдийг тус тус хасуулахыг хариуцагчид үүрэг болгож өгнө үү гэв.

2.Хариуцагч Б аймгийн Ө  сумын Засаг дарга Н , тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч К ы хариу тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгч Ж нь манай байгууллагад хандаж М  банкны зээлийн мэдээллийн сангаас хасаж өгөх талаар өргөдөл гаргаад шүүхийн шийдвэрийг авчраад шаардаж байсан. Гэхдээ шүүхийн шийдвэр нь болохоор М  банкны мэдээллийн сангаас хасах талаар гараагүй зүгээр нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гарсан болохоор манай байгууллагын зүгээс хасах боломжгүй талаар тайлбарыг өгсөн. Тийм учраас манай байгууллагаас М  банкны мэдээ зээлийн мэдээллийн санд байгаа мэдээллийг арилгах боломжгүй.

2.2 Зээлдэгч тухайн зээлийг төлөөгүй тохиолдолд М  банкны мэдээллийн сангаас муу зээлийн ангиллыг хасаж өгөхгүй гэсэн үүрэг чиглэлийг дээрээс өгч байгаа. Нэхэмжлэгч Ж нь С гаас авсан зээлийг нэгэнт төлөөгүй учир М  банканд нийлүүлсэн муу зээлдэгчийн ангиллыг мэдээллийн санаас хасах боломжгүй. Б аймгийн Ө  сумын Засаг даргаас С гаас зээл авч төлөөлөөгүй зээлдэгч нарыг М  банкны мэдээллийн санд муу зээлдэгч ангилалд нийлүүлсэн болно.

2.3 Мөн шүүхийн шийдвэр нь ч гэсэн М  банкны мэдээллийн сангаас хасах талаар гараагүй болохоор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, М  банкны Б аймаг дахь салбар захирал С гийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А-28 дугаар албан бичиг, тус аймгийн Х газрын дарга Н ы 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 175 дугаартай албан бичиг, мөн Ө  сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2/528 дугаартай албан бичиг зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023.12.14-ний өдөр 2612 дугаар бүртгэлт бүртгэж нэхэмжлэгч Ж ээс Б д олгосон итгэмжлэл, 2023.12.14-ний өдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан Зээлийн мэдээллийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2/575 дугаар албан бичгээр гаргасан тайлбар, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2/616 дугаар албан бичгээр Х ны асуудал хариуцсан мэргэжилтэн К д олгосон итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр С гаас олгох зээлийн гэрээгээр 3 сая төгрөгийг 24 сарын хугацаатай авсан. Нэхэмжлэгч уг зээлийг авснаас хойших хугацаандаа зээлдүүлэгч Ө  сумын Засаг даргын зүгээс зээлээ төлөх талаар огт шаардаж байгаагүй, ямар нэгэн шаардлага, мэдэгдэх хуудас өгч байгаагүй. Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөхөөс тухайн 3 сая төгрөгийг төлүүлэхээр Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар уг нэхэмжлэлээсээ татгалзсанаар Б аймаг дахь Сум дундын анхан шатны иргэний хэргийн шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00286 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэгэнт тухайн асуудлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн учир Ж ийн нэрийг мэдээллийн сангаас арилгах ёстой. Үүний улмаас нэхэмжлэгч Ж банкны ямар нэгэн үйлчилгээ авах боломжгүй буюу орон сууц авч ипотекийн зээлд хамрагдах боломжгүй болж эрх ашиг нь зөрчигдөж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ.

7.Хариуцагч Б аймгийн Ө  сумын Засаг дарга болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч Ж нь С гаас авсан зээлийг нэгэнт төлөөгүй учир М  банканд  нийлүүлсэн муу зээлдэгчийн ангиллыг мэдээллийн сангаас хасах боломжгүй. Б аймгийн Ө  сумын Засаг даргаас С гаас зээл авч төлөөлөөгүй зээлдэгч нарыг М  банкны мэдээллийн санд муу зээлдэгч ангилалд нийлүүлсэн. Мөн шүүхийн шийдвэр нь ч гэсэн М  банкны мэдээллийн сангаас хасах талаар гараагүй болохоор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

8.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

8.1 Нэхэмжлэгч Ж ээс М  банкны Б аймаг дахь салбарт М  банкны зээлийн мэдээллийн санд байгаа муу зээлийн ангиллыг өөрчлөх талаар өргөдөл гаргаснаар тухайн өргөдлийг харьяаллын дагуу тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт шилжүүлснээр тус байгууллагаас Ж д тухайн үеийн зээл олгосон байгууллага болох тус аймгийн Ө  сумын Засаг даргад хандана гэж хариу өгчээ.

8.2 Улмаар нэхэмжлэгчээс тус аймгийн Ө  сумын Засаг даргад өргөдөл гаргаснаар 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2/528 дугаар албан бичгээр М  банкны мэдээллийн санд байгаа муу зээлийн түүхийг манай байгууллагын зүгээс өөрчлөх боломжгүй гэж хариу өгснөөр тус шүүхэд тус байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байжээ.

8.3 Нэхэмжлэгч Ж нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Б аймгийн Ө  сумын Засаг даргатай “С гаас олгох” зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан байх ба уг зээлээ хугацаанд төлөлгүй үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тул хариуцагч тус аймгийн Ө  сумын Засаг даргын хүсэлтийн дагуу Б аймгийн Прокурорын газраас зээлдэгч Ж д холбогдуулан үндсэн зээл, хүүгийн хамт 3,278,200 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар уг нэхэмжлэлээс татгалзсанаар Б аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШЗ2021/00286 дугаартай шүүгчийн захирамжаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

9.Гэвч нэхэмжлэгч Ж нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч Б аймгийн Ө  сумын Засаг даргатай “С гаас олгох” зээлийн гэрээ байгуулж авсан зээл болох  3,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөөгүй тухайн маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, хариуцагчийн эрх зөрчигдсөн хэвээр байгаа нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа тул тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШЗ2021/00286 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна гэж үзэх нь М  улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны үндсэн зарчимд харшилна гэж шүүх дүгнэлээ.

10.Харин нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан  “С гаас олгох” зээлийн гэрээндээ тус сангаас олгосон зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн хөтөлж, холбогдох мэдээллийг М  банкны зээлийн мэдээллийн санд оруулах талаар талууд харилцан тохиролцоогүй байна.

11.Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан М  Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан С гийн хөрөнгийг бүрдүүлэх зарцуулах, хяналт тавих журамд мөн адил тус сангаас олгосон зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн хөтөлж, холбогдох мэдээллийг М  банкны зээлийн мэдээллийн санд оруулахаар журамлаагүй байжээ.

12.Зээлийн мэдээллийн тухай хууль нь 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зээлийн мэдээлэл гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг хэлнэ гэж, уг хуулийн 4.1.6-д зээлдэгч гэж хууль, гэрээгээр төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн хуулийн этгээдийг гэж мөн хуулийн 4.1.7-д зээлдүүлэгч гэж банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, түүнчлэн зээлдэгчээс гэрээ, эсхүл хуульд заасны дагуу зээл, төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийг гэж, мөн хуулийн 4.1.8-д мэдээлэл нийлүүлэгч гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг гэж мөн хуулийн 4.1.13-т зээлийн түүх гэж зээлдэгчийн хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийн үүрэг, тэдгээрийн гүйцэтгэлийн талаарх цогц мэдээллийг хэлнэ гэж тус тус тодорхой заасан. Эдгээр заалтуудад зааснаар нэхэмжлэгч Ж нь хариуцагч тус аймгийн Ө  сумын Засаг даргатай С гаас олгох зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн зээл авсан байх тул мэдээлэл нийлүүлэгч нь зээлдүүлэгч буюу Ө  сумын Засаг дарга байна.

13.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчмын талаар зохицуулсан бөгөөд 5.1, 5.1.2-т зээлдэгчийн зөвшөөрлийг заавал авсан байх зарчмыг баримтална гэж заажээ. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд өгөх журмыг баримтлахаар зохицуулсан ба нэхэмжлэгч Ж ийн тус аймгийн Ө  сумын С д төлөх үндсэн зээл, хүүгийн хамт нийт 3,278,200 төгрөгийг зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуулийн дээрх заалтуудад заасан журмыг зөрчиж зээлдэгч Ж ээс мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд өгөхийг зөвшөөрсөн талаарх зөвшөөрөл аваагүйгээр мэдээллийг нийлүүлсэн байна.

14.Иймд хариуцагч тус аймгийн Ө  сумын Засаг дарга нь мэдээлэл нийлүүлэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуулийг зөрчиж мэдээлэл нийлүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн мэдээллийн сангаас Зээлдэгчийн нэр: Ж , регистрийн дугаар 000 , ... 1. Төрөл: зээл, валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 3,000,000.00 төгрөг, зээлийн хүү: 3,0%, зээл олгосон огноо: 2013-4-22, төлөгдөх огноо: 2016-04-22, зээлийн үлдэгдэл: 3,278,200.00 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага: ЖДҮ газар / Аймаг, С  / гэсэн мэдээллүүдийг тус тус хасуулахыг хариуцагч Б аймгийн Ө  сумын Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

15.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Ө  сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж д олгож шийдвэрлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зээлийн мэдээллийн сангаас Зээлдэгчийн нэр: Ж , регистрийн дугаар 000 , ... 1. Төрөл: зээл, валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 3,000,000.00 төгрөг, зээлийн хүү: 3,0%, зээл олгосон огноо: 2013-4-22, төлөгдөх огноо: 2016-04-22, зээлийн үлдэгдэл: 3,278,200.00 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага: ЖДҮ газар /Аймаг, С / гэсэн мэдээллүүдийг тус тус хасуулахыг хариуцагч Б аймгийн Ө  сумын Засаг даргад үүрэг болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Ө  сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж