Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2024/00019

 

М.Ж-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2023/01060 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ****** оршин суух Ш овогт М-н Ж-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга /орлогч Х.Н/-д холбогдох, 

 

“Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас Зээлдэгчийн нэр: М Ж-, регистрийн дугаар ***********,...1 Төрөл зээл, валютын нэр MNT, анх олгосон зээлийн хэмжээ:3,000,000 төгрөг, зээлийн хүү 3,0%, зээл олгосон огноо:2013-04-22, төлөгдөх огноо: 2016-04-22, үлдэгдэл: 3,278,200.00 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага: ЖДҮ /Аймаг сум хөгжүүлэх сан/ гэсэн мэдээллүүдийг тус тус хасуулахыг хариуцагчид үүрэг болгохыг хүссэн тухай”  иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен, хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.К  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Нэхэмжлэгч М.Ж- нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр 3 сая төгрөгийг 24 сарын хугацаатай авсан байна. 2021 онд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Батсүх тухайн 3 сая төгрөгийг төлүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.2. Нэхэмжлэгч уг зээлийг авснаас хойших хугацаандаа зээлдүүлэгч Өлгий сумын Засаг даргын зүгээс зээлээ төлөх талаар огт шаардаж байгаагүй, ямар нэгэн шаардлага, мэдэгдэх хуудас өгч байгаагүй юм байна. Мөн уг зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дууссан. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааж өгсөн. Гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дууссан учир шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өнгөрсөн байсан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч М.Ж- нь аймгийн Прокурорын газрын нэхэмжилсэн 3.200.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж шүүхэд хариуцагчийн тайлбараа гаргаж байсан.

1.3. Тус нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны иргэний хэргийн шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00286 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч М.Ж-ийн нэр Монгол банкны мэдээллийн санд байгаа муу зээлтэй зээлдэгчийн мэдээлэлд одоо хүртэл явж байна.

1.4. Нэгэнт тухайн асуудлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн учир М.Ж-ийн нэрийг мэдээллийн сангаас арилгах ёстой. Үүний улмаас нэхэмжлэгч М.Ж- банкны ямар нэгэн үйлчилгээ авах боломжгүй болж эрх ашиг нь зөрчигдөж байна. Энэ хүн бол орон сууц авч ипотекийн зээлд хамрагдах ийм хүсэл сонирхолтой байдаг. Нэхэмжлэгч энэхүү асуудлаар 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт хандахад өргөдлийг нь Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт шилжүүлсэн. Тус газар 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 175 дугаар албан бичгээр гэрээ байгуулсан Өлгий сумын Засаг даргад хандана уу гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Өлгий сумын Засаг даргад хандахад 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2/528 дугаартай албан бичгээр Монгол банкны зээлийн мэдээллийн сан дахь муу зээлийн ангиллыг өөрчлөх талаар шүүхийн захирамж гараагүй учир таны Монгол банкны мэдээллийн санд байгаа муу зээлийн түүхийг манай байгууллагын зүгээс өөрчлөх боломжгүй гэсэн хариу өгсөн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.5. Иймд төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан зээлийн мэдээллийн лавлагааг үндэслэн нэхэмжлэгч М.Ж-ийн Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас түүнд холбогдох регистрийн дугаар **********,...1 Төрөл зээл, валютын нэр MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 3,000,000 төгрөг, зээлийн хүү 3,0%, зээл олгосон огноо:2013-04-22, төлөгдөх огноо:2016-04-22, үлдэгдэл: 3,278,200.00 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага: ЖДҮ /Аймаг сум хөгжүүлэх сан/ гэсэн мэдээллүүдийг тус тус хасуулахыг хариуцагчид үүрэг болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч М.Ж- нь манай байгууллагад хандаж Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас хасаж өгөх талаар өргөдөл гаргаад шүүхийн шийдвэрийг авчраад шаардаж байсан. Гэхдээ шүүхийн шийдвэр нь болохоор Монгол банкны мэдээллийн сангаас хасах талаар гараагүй зүгээр нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гарсан болохоор манай байгууллагын зүгээс хасах боломжгүй талаар тайлбарыг өгсөн. Тийм учраас манай байгууллагаас Монгол банкны мэдээ зээлийн мэдээллийн санд байгаа мэдээллийг арилгах боломжгүй.

2.2. Зээлдэгч тухайн зээлийг төлөөгүй тохиолдолд Монгол банкны мэдээллийн сангаас муу зээлийн ангиллыг хасаж өгөхгүй гэсэн үүрэг чиглэлийг дээрээс өгч байгаа. Нэхэмжлэгч М.Ж- нь сум хөгжүүлэх сангаас авсан зээлийг нэгэнт төлөөгүй учир Монгол банканд нийлүүлсэн муу зээлдэгчийн ангиллыг мэдээллийн санаас хасах боломжгүй. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас сум хөгжүүлэх сангаас зээл авч төлөөлөөгүй зээлдэгч нарыг Монгол банкны мэдээллийн санд муу зээлдэгч ангилалд нийлүүлсэн болно.

2.3. Мөн шүүхийн шийдвэр нь ч гэсэн Монгол банкны мэдээллийн сангаас хасах талаар гараагүй болохоор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2023/001060 дугаар шийдвэрээр Зээлийн мэдээллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зээлийн мэдээллийн сангаас Зээлдэгчийн нэр: М.Ж-, регистрийн дугаар **********, ... 1. Төрөл: зээл, валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 3,000,000.00 төгрөг, зээлийн хүү: 3,0%, зээл олгосон огноо: 2013-4-22, төлөгдөх огноо: 2016-04-22, зээлийн үлдэгдэл: 3,278,200.00 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага: ЖДҮ газар /Аймаг, сум хөгжүүлэх сан/ гэсэн мэдээллүүдийг тус тус хасуулахыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ж-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх М.Ж-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Зээлийн мэдээллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.Учир нь нэхэмжлэгч М.Ж- нь Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Өлгий сумын Засаг даргатай гэрээ байгуулж 3 сая төгрөгийг 3,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар авсан. Гэвч М.Ж- нь одоо хүртэл Сум хөгжүүлэх сангаас зээлдэж авсан 3,0 сая төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй, зээлийн гэрээг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгоогүй байна. Иймд улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан зээлийг зээл авагч М.Ж- төлөх үүрэгтэй гэж үзэж байна.

4.2. Одоогийн байдлаар М.Ж- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 3,0 сая төгрөгийг болон зээлийн хүүгээс нэг ч төгрөг төлөөгүй учир түүнийг муу зээлдэгч гэж үзэж Монгол банкны зээлийн мэдээллийн санд “муу зээлдэгчээр” бүртгэсэн нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Ер нь зээл авсан иргэн эхлээд өөрөө үүргээ биелүүлж байгаад дараа нь эрхээ хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй гэж үзэж байна.

4.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130\ШШ2023\01060 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, “нэхэмжлэгч М.Ж-ийн “Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас Зээлдэгчийн нэр: М.Ж-, регистрийн дугаар **********... 1 Төрөл зээл, валютын нэр МNТ, анх олгосон зээлийн хэмжээ 3,000,000 төгрөг, зээлийн хүү 3,0 %, зээл олгосон огноо: 2023-04-22, төлөгдөх огноо: 2016-04-22, үлдэгдэл: 3,278,200 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага: ЖДҮ \Аймаг сум хөгжүүлэх сан\” гэсэн мэдээллийг тус тус хасуулахыг хариуцагчид үүрэг болгох тухай'' нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Нэхэмжлэгч Х.Ж- 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр 3 сая төгрөгийг 24 сарын хугацаатай авсан нь үнэн. Энэ зээлийн гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 22-нд дууссан. Энэ хугацаанд зээлээ төлөөгүй. Мөн зээлээ төлөх талаар хариуцагч тал шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. 2021 онд Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас төрийг төлөөлж Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын хүсэлтээр тухайн 3 сая төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Х.Ж- нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар төлөхөөс татгалзаж байна гэсэн тайлбараа гаргасан. Х.Ж- тайлбар гаргасны дараа Прокурорын газраас нэхэмжлэлээсээ татгалзаад шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч М.Ж-ийн нэр Монгол банкны мэдээллийн санд байгаа муу зээлтэй зээлдэгчийн мэдээлэлд одоо хүртэл явж байна. Х.Ж- цаашид ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ гаргасан боловч тухайн зээлийн мэдээллийн сангийн мэдээллээс болж татгалзаад байгаа. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг холбогдох хуулийн хүрээнд зөв тайлбарлаж хэрэглэсэн. Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн нь үндэслэлтэй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.

 

ХЯНАВАЛ:

            9. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            10. Нэхэмжлэгч М.Ж- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулж зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийг “ангилал: муу” гэх мэдээллийг тус мэдээллийг нийлүүлэгч буюу зээлдэгчийн хувьд бүртгэлээс хасуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “тус зээлийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэлээс нэхэмжлэгч сайн дураараа татгалзаж, маргааныг хялбаршуулсан журмаар эцэслэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсан. Гэтэл миний нэр зээлийн мэдээллийн санд муу зээлтэй зээлдэгчээр бүртгэгдэж явж байна. Миний нэр зээлийн мэдээллийн санд байгаагаас би банкны ямар нэгэн үйлчилгээ авах боломжгүй болж эрх ашиг маань зөрчигдөж байна” гэж тайлбарлажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “хууль болон журамд Монгол банкны зээлийн мэдээллийн санд байгаа зээлдэгчийн муу зээлийн ангиллыг зээлээ төлөөгүй тохиолдолд өөрчлөх, арилгах талаар тодорхой заагаагүй”, “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид зээлдэгчийн муу зээлийн түүхийг өөрчлөх талаар заагаагүй” гэж хариу тайлбар гаргасан байна.

           

11. Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, иргэн М.Ж- болон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нарын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 3.000.000 төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эхний нэг жилийн турш хүү болон үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх, дараагийн жилээс эхэлж буюу 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл зээл, зээлийн хүүд сар бүр 125.000 төгрөгийн эргэн төлөлт хийхээр харилцан тохиролцсон боловч зээлдэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийг огт хийж байгаагүй байна.

            Тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын 3.2.2, 3.2.4-т зааснаар сумын Засаг дарга нь сум хөгжүүлэх сангаас иргэдэд зээл олгох шийдвэр гаргах, эргэн төлөгдсөн зээл, хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх эрх, үүргийг хэрэгжүүлэх бөгөөд Зээлийн мэдээллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “энэ хуулийн 6.1, 6.2-т заасан мэдээллийг зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч” гэж зааснаас үзвэл, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нь сум хөгжүүлэх сангаас иргэдэд зээл олгож гэрээнд заасан эрх, үүрэг хүлээсэн албан тушаалтны хувьд зээлдэгч буюу зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч субъект мөн байна.

 

            12. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас Баян-Өлгий аймгийн прокурорын газар нь Өлгий сумын Засаг даргын хүсэлтээр хуульд заасан чиг үүргийнхээ дагуу М.Ж-д холбогдуулан талуудын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж, зээлдэгчээс зээл, зээлийн хүүд 3.278.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00286 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгосон байна. Энэхүү үйл баримтыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн, хариуцагч үгүйсгэлийнхээ үндэслэл болгож дурдсан боловч анхан шатны шүүхийн уг шийдвэр Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас М.Ж-ийн муу зээлийн ангилалд бүртгэгдсэн мэдээллийг өөрчлөх, устгах хууль зүйн болон бодит үндэслэл болохгүй юм.

            Харин хэргийн 39 дүгээр талд авагдсан зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн “М.Ж- нь ЖДҮ газар /Аймаг, сум хөгжүүлэх сан”-аас 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөгийн зээл авсан; 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төлөгдөж дуусах ба үлдэгдэл 3.278.200 төгрөг; Ангилал: Муу” гэсэн мэдээлэл нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.2 дахь заалтад “зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд өгөх” гэж заасан зээлийн мэдээллийн санг бүрдүүлэх хууль ёсны зарчмыг хангаагүй, энэ талаар хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

           

13. Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталсан Зээлийн мэдээллийн тухай хууль 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад “зээлдэгчийн зөвшөөрөл” гэж зээлдэгчээс энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд өгөхийг зөвшөөрсөн баримтыг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх /иргэний зээлийн мэдээлэлд хамруулах мэдээлэл/ хэсгийн 6.1.6 дэх заалтад “зээл, төлбөрийн гэрээ байгуулсан он, сар, өдөр, гэрээний дугаар, төрөл, төлбөр гүйцэтгэх валютын нэр”, 6.1.7 дахь заалтад “зээл, төлбөр төлөх хугацаа, хуваарь, хүүгийн хэмжээ, хүлээгдэж байгаа хэвийн зээл, төлбөрийн дүн”, 6.1.8 дахь заалтад “6.1.8.гэрээний хугацааг хэтрүүлж гүйцэтгэсэн, эсхүл гүйцэтгээгүй байгаа зээл, төлбөрийн дүн”, 6.1.13 дахь заалтад “зээл, төлбөрийн ангиллын талаарх мэдээлэл” гэж тус тус хуульчилсан бөгөөд зээлдэгчийн дээрх мэдээллийг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасан зээлдэгч буюу мэдээлэл нийлүүлэгч нь 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтын дагуу зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн зээлийн мэдээллийн санд өгөх үүрэгтэй.

           

            14. Хуульд зааснаар зээлдэгч буюу зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч этгээд зээлдэгчийн авсан зээлийн мэдээллийн талаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдэд өгөхөөр бол зээлдэгчээс тусгайлсан баримтаар зөвшөөрөл авах үүрэгтэй бөгөөд хариуцагчаас энэ төрлийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хариуцагчийг “зээлийн мэдээллийг нийлүүлэх талаар зээлдэгчийн зөвшөөрлийг аваагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, түүний хавсралтад зээлдэгчийн зээлийн мэдээллийг нийлүүлэх талаар тусгайлсан зохицуулалтгүй буюу талууд энэ талаар тохиролцоогүй байна.

 

            15. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, “зээлдэгч нь зээлээ төлөөгүй тул түүний авсан зээлийн мэдээллийг мэдээллийн сангаас өөрчлөх, устгах ёсгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн хувьд үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2023/01060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Кунтуганы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК