Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2023/03006

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 03 өдөр               Дугаар 183/ШШ2023/03006                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт оршин суух, овогт, Д.У /РД. /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: давхарт байрлах, С ХХК/РД: /-д холбогдох,

 

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх  тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасанжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие С ХХК-д 2010 онд Уулсын мастерын ажлаас ажлын гараагаа эхэлж, ахлах мастер, Уулын даргын олборлолт хариуцсан туслах, Олборлолтын хэлтсийн орлогч дарга, зэрэг ажил олгогчоос санал болгосон, томилсон бүхий л ажил үүргийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, эрхлэн гүйцэтгэж ирсэн бөгөөд хамгийн сүүлд Худалдан авалт хариуцсан менежерийн алба хашиж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын А/203 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд ажил, орлогогүй болон хохирч үлдсэн. Тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал болон удирдах албан тушаалтнууд солигдож байсан боловч эрхэлсэн ажлаа амжилттай гүйцэтгэж буй энгийн ажилчдыг халах солих зүйл гарч байгаагүй. Гэвч 2020 оны 03-р сараас тус компанийн удирдлага, гүйцэтгэх удирдлага солигдож, БНХАУ-ын иргэн томилогдсоноос хойш гүйцэтгэх албан тушаал дээр ажиллаж буй Монгол ажилчдыг халах, солих, сэлгэн ажиллуулах зэргээр ажил олгогчийн зүгээс нэг талын саналыг тулгаж, тулгасан ажлыг хийхгүй, хүлээн аваагүй тохиолдолд халах, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон. Миний ажиллаж байсан худалдан авалт хариуцсан менежерийн албан тушаалд өөр хүн томилон ажиллуулахын тулд өөрөөр хэлбэл уг хууль бус үйлдлээ хууль ёсны мэт харагдуулахын тулд компанийн бүтцэд өөрчлөлт оруулан худалдан авалт хариуцсан менежерийн албан тушаалыг үгүй болгож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн нэг талын санаачилгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар цуцалж буй мэтээр дүр эсгэн намайг ажилгүй болгож, хохироосон. Учир нь уг хэлтэс худалдан авалт хариуцсан менежерийн эрхлэн гүйцэтгэх чиг үүрэг нь бүтцийн өөрчлөлтөөр нэгтгэгдсэн “Санхүү” болон “Засвар үйлчилгээний” хэлтэст харьяалагдан хадгалагдаж байна. Иймд ажил олгогчийн хөдөлмөрийн эрхийн харилцааг цуцалсан тушаалыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг маань сэргээж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

            2. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/59 дүгээр тушаалаар Овоот толгойн уурхайн дарга ажилтай Д.Уыг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Худалдан авалт хариуцсан менежерийн албан тушаалд томилсон болно. С ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр худалдан авалтын үйл ажиллагааг толгой компанид төвлөрүүлэх зорилгоор компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг тушаалын хүрээнд Худалдан авалтын хэлтэс татан буугдаж, Худалдан авалтын хэсэг болгон өөрчилж Засварын хэлтэст нэгтгэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрхтэй байх тул гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/203 дугаар тушаалаар тус компанид Худалдан авалт хариуцсан менежер ажилтай Д.Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1 дэх заалтад орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэж заасан байх тул нэхэмжлэлийн үндэслэлд чиг үүрэг нь өөр хэлтэст нэгтгэгдсэн гэж маргаж буй нь үндэслэлгүй юм. Процесс ажиллагааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай мэдэгдэл хүргүүлж, тус хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгосон. Түүнчлэн компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлэхээс өмнө Д.Уад Засварын хэлтсийн менежер, Ерөнхий инженерийн орлогч, Худалдааны менежер зэрэг албан тушаалуудыг санал болгосон боловч удаа дараа татгалзсан хариу хүлээж авсан. Өөрөөр хэлбэл ажилтны эрхэлж буй ажил албан тушаалын шатлалтай нь дүйцэхүйц хэмжээний албан тушаал, цалин хөлсийг санал болгож нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэсэн боловч татгалзсан байдаг. Иймд хөдөлмөрийн эрхийн харилцааг цуцалсан тушаал хуульд нийсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

 

            3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, С ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/203 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, тэтгэмж олгох тухай тушаал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 564 тоот албан бичиг, нийгмийн даатгалын шитгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

            Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06/212 дугаар мэдэгдэл, С ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/203 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, тэтгэмж олгох тухай тушаал, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаар Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралт, С ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр, захирлуудын бичгээр гаргасан шийдвэр, Саусгоби Ресурс лимитед ажилд томилох тухай шийдвэр, корпорацийн бүтэц, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мэдэгдэл, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

            Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчаас хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бүтэц орон тоог шинэчлэн баталсан тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/233 дугаартай Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, түүний хавсралт зэргийг нотлох баримтаар гаргуулсан. Хариуцагчаас үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээс татгалзсан тул үзлэг хийх ажиллагааг гүйцэтгээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

            2. Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч С ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/203 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, тэтгэмж олгох тухай тушаалыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг маань сэргээж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

            3. Шүүх хуралдаан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулахад ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэж шаардлага үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэж татгалзсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь өөрөө тус тушаалын эрх зүйн үр дагаврыг арилгаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхээр байна.

 

            4. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... худалдан авалт хариуцсан менежерийн эрхлэн гүйцэтгэх чиг үүрэг бүтцийн өөрчлөлтөөр нэгтгэгдсэн Санхүү болон Засвар үйлчилгээний хэлтэст харьяалагдан хадгалагдаж байгаа. Албан тушаалын нэршил өөрчлөгдсөнөөс бус чиг үүрэг хэвээр байгаа...” гэж тайлбарласан.

 

            5. Хариуцагч орон тоо хасагдсан тул С ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/203 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, тэтгэмж олгох тухай тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

6. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1. Ажил олгогч С ХХК нь ажилтан Д.Утай 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1539 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.У нь худалдан авалт хариуцсан менежерийн албан тушаалд сарын цалин хөлс 5 500 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаар маргаагүй.

 

6.2. С ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн А/203 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, тэтгэмж олгох тухай тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 82 дугаар зүйлийн 82.1.4, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг тус тус үндэслэн тус компанид Худалдан авалт хариуцсан менежер ажилтай Д.Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, Д.Уад 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

 

6.3. Дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо тус дүүрэгт байгуулагдаагүй болох нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 564 дүгээр албан бичгээр тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Уын хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх хүлээн авч, дараах дүгнэлтийг хийлээ.

 

6.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох бөгөөд энэ тохиолдолд мөн зүйлийн 80.4-т заасан журмыг баримталбал зохино. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд нэг сарын өмнө урьдчилан мэдүүлснээ бичгийн хэлбэрээр баталгаажуулсан байх учиртай.

 

            6.5. С ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр ЭсЖиЭс-ийн худалдан авалтын хэлтсийг татан буулгаж, түүний зарим чиг үүргийг Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэст шилжүүлэх, Засварын менежерийн эрхлэх асуудлын хүрээнд худалдан авалтын үлдсэн чиг үүргийг шилжүүлэх, Худалдан авалтын хэлтсийн менежер гэх орон тоог компанийн бүтэц, зохион байгуулалтаас хасах, гүйцэтгэх захиралд шинэчилсэн компанийн бүтэц, зохион байгуулалтыг батлах эрхийг олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

 

            6.6. С ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, худалдан авалтын хэлтсийг хассан байна.

 

            6.7. Хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр худалдан авалтын хэлтсийн зарим чиг үүргийг засварын менежерийн эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэсний дагуу ажил олгогч нь ажилтан Д.Уад Засварын хэлтсийн менежерийн ажил албан тушаалыг санал болгосон болох нь хэрэгт авагдсан С ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06/212 тоот мэдэгдэл болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч уг саналыг хүлээн аваагүй үндэслэлээ хотод ажиллах зорилгоор уурхайн даргын албан тушаалаас Худалдан авалтын менежерийн албан тушаалд шилжсэн байхад буцаад уурхайд ажиллах санал хүлээн авах боломжгүй талаар тайлбарласан.

 

6.8. Байгууллага үйл ажиллагааны зорилгоо хэрэгжүүлэхэд онц шаардлагагүй тийм ажил үүргийн орон тоог бүтцийн үндсэн нэгжээс гаргах явдлыг орон тоо хасах гэж ойлгох бөгөөд орон тоо нь тодорхой нэг албан тушаалаар нэрлэгдсэн заах хэлбэрээр хасагдаж болох тул дээрх хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр “Худалдан авалтын менежер” гэх албан тушаалын орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгчийн “албан тушаалын нэршил өөрчлөгдсөнөөс орон тоо хасагдаагүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

6.9. Ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн, мэдэгдлийг бичгээр болон мэйлээр ирүүлсэн талаар нэхэмжлэгч маргаагүй тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан журмыг баримталсан гэж үзнэ.

 

6.10. Ажилтын гэм буруутай холбоогүй үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа ажил олгогч нь ажилтанд нэг удаагийн тэтгэмж заавал олгох үүрэгтэй ба ажил олгогч С ХХК нь Д.Уад 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.4-т заасантай нийцжээ.

 

6.11. Иймд хариуцагч С ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн А/203 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, тэтгэмж олгох тухай тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн, хуульд нийцээгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Уын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

7. Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх учиртай. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дөрвөн удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэх агуулгаар улсын тэмдэгтийн хураамжид нийт 1 192 273 төгрөг төлснийг улсын орлогоос  буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Уын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх  тухай хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 192 273 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Уад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХЦЭЦЭГ