Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2023/03236

 

2023 оны 10 сарын 16 өдөр           Дугаар 183/ШШ2023/03236                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: байрлах, Х ХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт, Б.Н /РД: /,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт, Ж.Т /РД: / нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 35 873 548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Янжиндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Зээлдэгч Б.Н, Ж.Т нар нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ201714012329 тоот зээлийн гэрээний дагуу цалингийн зээлийн зориулалтаар 15 000 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Тус зээлийн барьцаанд эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан. Зээлдэгч нар нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үүрэгт 515 895 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 299 836 төгрөг, нийт 815 731 төгрөг төлсөн.Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нарыг хамран хариуцагчийн хувьд 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ201714012329 тоот зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 14 48 105 төгрөг, зээлийн хүүд 19 498 042 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 879 401 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 12 000 төгрөг, нийт 35 873 548  төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү...”гэв.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...зээлийг Б.Н авто машин авах зорилгоор авсан. Ж.Тийн хувьд уг зээлийн үүргийг хариуцахгүй. Хаан банкны зүгээс хамтран зээлдэгч шаардлагатай гэсний дагуу гэрээд гарын үсэг зурснаас бус зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй. Зээлдэгч Б.Н нь зээлийн хөрөнгөөр худалдан авсан автомашин зам тээврийн ослын улмаас дахин ашиглах боломжгүй болсон байдаг. Б.Н нь Эм Пи Ай компанийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Компанийн үйл ажиллагаа доголдож, эрүү болон иргэний журмаар хэрэг маргаан үүсч санхүүгийн хүнд байдалд орсон. Нэхэмжлэгч Х ХКнь удаан хугацаанд зээлийн үүрэг зөрчсөн байхад шүүхэд нэхэмжлэл гаргахгүй удаан хугацааг өнгөрөөж 19 сая төгрөгийн хүү хуримтлагдсаны эцэст шүүхэд нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Зээлдэгчийн зүгээс Х ХК-д удаа дараа зээлээ төлөх боломжгүй байгаа  талаар хэлж байсан. Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зааснаар нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж үзэж байна. Банкны хувьд зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч зээл бүрэн төлөгдөх хүртэл зээлийн хүү тооцох давуу эрхийг хуулиар олгосон Х зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт дүнг шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээр зээлийн хүү зээлийн үндсэн дүнгээс давсан. Энэ нь гэрээнд заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно. Түүнчлэн нэхэмжлэгч шаардах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлээгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Нэхэмжлэгч 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ201743012329 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, зээл хүсэгчийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, Эм Пи Ай ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04/55 дугаар тодорхойлолт гаргах тухай албан бичиг, Б.Нийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зээлдэгч нарын хаягийн тодорхойлолт, зээлдэгч нарт хүргүүлсэн зээл төлөх мэдэгдэл, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШЗ2023/06754 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02410 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4-163/20106 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 04-100/20157 дугаар мэдэгдэл, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Х ХХК хариуцагч Б.Н, Ж.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35 861 548 төгрөг, нотариатын зардал 12 000 төгрөг, нийт 35 873 548 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Б.Н, Ж.Т нар нь Х ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ2017430012329 дугаар зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 22,8 хүүтэй зээлж авсан. Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн үүрэгт 515 895 төгрөг, зэлийн хүүгийн төлбөрт 299 836 төгрөг, нийт 815 731 төгрөг төлснөөс өөрөөр төлөлт хийгээгүй. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14 484 105 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 19 498 042 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 879 401 төгрөг,  нотариатын зардал 12 000 төгрөг нийт 35 873 548 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

4. Хариуцагч Б.Н зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Харин зээлийн гэрээний дагуу төлөлт хийх боломжгүй болсон нь үүрэг гүйцгэгчийн буруугаас болоогүй, банк зээлийн гэрээний үүрэг зөрчигдөөд байхад гэрээг хугацаанаас өмнө цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй хугацаа алдсанаас зээлийн хүү үндсэн зээлээс давсан, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

5. Хариуцагч Ж.Т нь зээлийн гэрээнд гарын үсэг зурснаас зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй, тус зээлийн үүргийг хариуцах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан.

 

6.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

6.1. Зээлдүүлэгч Х ХХК нь зээлдэгч Б.Н, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Т нартай 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ201743012329 дугаар зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч нар нь  зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцсон ба зээлийн гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дууссан байна.

 

6.2. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

6.3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ201743012329 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

6.4. Хариуцагч Б.Нийн зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан автомашин зам тээврийн ослын улмаас ашиглах боломжгүй болсон, бизнесийн үйл ажиллагаа доголдсоноос үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэх тайлбар нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

6.5. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Х ХКнь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсоныг буруутгах боломжгүй болно.

 

6.6. Хариуцагч Ж.Т нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ201743012329 дугаар зээлийн гэрээний хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх тул зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй гэх түүний татгалзал үндэслэлгүй.

 

6.7. Иймд зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн үндсэн зээл 14 484 105 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 19 498 042 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 879 401 төгрөг, нийт 35 861 548  төгрөгийг нэхэмжлэгч Х ХКнь хариуцагч Б.Н, Ж.Т нараас шаардах эрхтэй, хариуцагч нар төлөх үүрэгтэй байна.

 

7. Хариуцагчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх татгалзал дараах үндэслэлгүй.

 

7.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж заасан.

 

7.2. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дууссан бөгөөд мөн өдрөөс шаардах эрх үүссэн, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуусахаар байна.

 

7.3. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Н, Ж.Т нарт холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр зээлийн гэрээний үүрэг 35 873 548 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШЗ2023/06754 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

7.4. Нэхэмжлэгч захирамжид заасан зөрчлөө арилган 2023 оны 05 дугаар сарын 24-ний нэхэмжлэл гаргасныг  тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-нийн өдрийн 183/ШЗ2023/10322 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

 

7.8. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.6, 79.7-д “...тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Эрх бүхий этгээд зургаан сарын дотор шинэ нэхэмжлэл гаргавал анхны шаардлага гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцно. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно...” гэж зааснаар нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 07-ний өдрөөр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.

 

8. Нэхэмжлэгч Х ХКшүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 12 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нотариатын зардал төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч дээрх зардлыг хохиролд тооцон шаардах эрхтэй болно.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Х ХК-ийн хариуцагч Б.Н, Ж.Т нарт холбогдуулан гаргасан 35 873 548 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарт хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Н, Ж.Т нараас 35 873 548 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н, Ж.Т нараас улсын тэмдэгтийн хураамж 337 317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ