Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2023/03327

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 23 өдөр              Дугаар 183/ШШ2023/03327                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, овогтой, Х.С /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч : тоотод оршин суух, овогтой, Т.А /РД: /-т холбогдох,

 

116 995 974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах, хариуцагчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Ань 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын хилийн гадна явж байхдаа мөнгө өгч туслахыг хүссэний дагуу түүний Худалдаа хөгжлийн банк дахь дансанд  4.795 ам.доллар, мөн өдөр 43.205.73 ам.доллар буюу нийт 48.000.73 ам.доллар буюу 116 995 974 төгрөгийг Р.Сээс шилжүүлсэн. Ийнхүү мөнгийг шилжүүлэхдээ Р.С өөрийн юаны хадгаламжийг төгрөгт хөрвүүлэн, дараа нь мөн мөнгийг ам.доллар болгуулах хэлцэл гүйлгээг Худалдаа хөгжлийн банкинд хийлгэсэн юм. Ийнхүү Т.Аын гуйлтаар ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр мөнгийг түүнд шилжүүлснээс хойш нэг ч төгрөг буцаан авч чадаагүй. Иймээс бусдын итгэлийг хөсөрдүүлэн, өөрийн дансанд орсон мөнгийг ямар нэгэн шалтгаангүйгээр буцаан өгөхгүй байгаа тул Т.Аыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгийг буцаан авах шаардлагыг гаргаж байна. нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дансаар шилжүүлэн авсан 48.000.73 ам.доллар нь нэхэмжлэгч Р.Сийн хүү болох П.Убидний хамтран байгуулсан А ХХК-ийн хөрөнгө оруулалт байсан бөгөөд П.Уын хувьд компаниас зохих ашгаа хүртсэн байдаг. “Уаас орлого” гэх утгаар шилжүүлсэн дээрх мөнгийг А ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Тд шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тухай баримт хэрэгт авагдсан ба Т.Аын хувьд дансандаа орж ирсэн мөнгийг хувьдаа ашигласан, захиран зарцуулсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Учралаас шүүхэд гаргасан тайлбартаа: “...Т.Ань 2017 оны 12 дугаар сард гадаад улсад байхдаа өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь дансаар нь дамжуулан мөнгө шилжүүлж тусална уу гэсний дагуу миний ээж Р.С Худалдаа хөгжлийн банкнаас өөрийн биеэр түүний дансанд нийт 42 800,73 ам.долларыг шилжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл буцаан авч чадаагүй байгаа болно. Энэ шилжүүлсэн мөнгө нь миний ээж Р.Сээс Т.Аын дансанд шилжүүлсэн мөнгөний асуудал тул Р.С нь мөнгийг шаардан авах эрхтэй. Энэ асуудалд миний эрх ашиг хөндөгдөхгүй, тусдаа асуудал болно...” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс орлогын ордер, Монгол банкнаас зарласан ханшны лавлагаа, Худалдаа хөгжлийн банктай байгуулсан Валютын арилжааны гэрээ, валют худалдах, худалдан авах маягт, Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт 3 хуудас, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, А ХХК болон Г ХХКнарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ түүний хавсралт, А ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 01/2018 дугаар албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигч Т.Ат хүргүүлсэн албан бичиг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01564 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Т.Аын хүсэлтээр 48.000.73 ам.долларыг түүний дансанд шилжүүлсэн. Одоог хүртэл

мөнгийг ямар нэгэн шалтгаангүйгээр буцаан өгөхгүй байгаа тул Т.Аыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 48.000.73 ам.доллар буюу 116 995 974 төгрөгийг буцаан шаардах эрхтэй...” гэж тайлбарлаж байна.

 

            3. Хариуцагч нэхэмжилж байгаа мөнгөн хөрөнгө дээрх дүнгээр өөрт шилжиж орж ирсэн гэдгийг, мөн уг мөнгө буцаан төлөгдөөгүй талаар маргаагүй. Харин П.Уболон Т.Аын хамтран байгуулсан А ХХК-ийн хөрөнгө оруулалтад зориулж П.Учралын шилжүүлсэн уг мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан буцаан төлөх үүрэггүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

 

4. Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт болон мөн банкны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орлогын ордерт “...Сээс Аын дансанд 4,795 ам.долларыг шилжүүлэхдээ төлбөрийн зориулалт нь Б.Уаас орлого...” гэсэн баримт, түүнчлэн мөн өдрийн орлогын ордерт “...Сээс Аын дансанд 43,205.73 ам.долларыг шилжүүлсэн. Төлбөрийн зориулалт нь Б.Уаас орлого /Х-2439 хэлцэлтэй/ ...”  гэсэн баримт хэрэгт авагдсан.

 

5. Хэрэгт авагдсан А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээс үзэхэд уг хуулийн этгээд нь нэр бүхий найман хувьцаа эзэмшигчтэй,  Т.А, П.Ул нарт тус бүр 12,5 хувийн хувьцаа эзэмшдэг. Гадаад худалдаа, онлайн худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

6. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Р.С хариуцагч Т.Ат шилжүүлсэн цаг хугацаанд дээрх компани үүсгэн байгуулагдаагүй байсан болох нь тогтоогдож байгаа нь дээр уг мөнгөн хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

7. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8. Нэхэмжлэгч нь хоёр удаагийн шилжүүлгээр хариуцагч Т.Ат 48.000.73 ам.доллар буюу 116 995 974 төгрөгийг  шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул хариуцагчийг 116 995 974 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Р.С хариуцагч Т.Ааас шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

 

11. Хариуцагч Т.Ань бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Учиралд холбогдуулан аливаа шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болно.

 

12. Хариуцагчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэгийн дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т зааснаар гаргаагүй, харин түүний гаргасан хэрэг нэгтгүүлэх тухай хүсэлтийг мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар шийдвэрлэсэнтэй холбоотой “шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт гаргаж байгаа нь анхан шатны шүүх хуралдааны хуулиар тогтоосон дэгийг зөрчиж байгаа тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Ааас 116 995 974 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Сд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 742 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 742 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Сд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                            

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ