Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1616

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/01690 дугаар шийдвэртэй, Б.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М, Б.М нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 6 470 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б., түүний өмгөөлөгч В.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие “Хар хорин” худалдааны төвд комиссын бэлэн хувцас худалддаг. 2018 оны 6 сард хамт худалдаа эрхэлдэг хүнээр дамжуулан Б.М эгчтэй танилцсан. Анх танилцахад Б.М нь банк бус санхүүгийн байгууллагад таньдаг хүнтэй, Хар хорин худалдааны төвийн зохион байгуулагчидтай танил учир итгэж найзалсан. Өвлийн цагт би гадаа худалдаа хийх боломжгүй учир багахан цалинтай ажил хийж, хавар наймаандаа хэрэглэх гэж байсан мөнгөө хадгалж байтал Б.М 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “өвлийн бараагаа ахиухан татах хэрэгтэй байна” гээд 1 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн ба 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл зээлээ огт төлөөгүй. 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр надтай уулзаж 2 000 000 төгрөг зээлчих хүнээс хүүтэй мөнгө зээлээд чиний өрийг төлөх гэсэн чинь хүүгээ урьдчилаад төлчих гээд байна гэхээр нь 2 000 000 төгрөг өгсөн боловч бас л төлөөгүй. Мөн намайг хашаа байшингаа барьцаалан банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсны дараа нэмж 700 000 төгрөг авч нийт 3 000 000 төгрөг зээлсэн.

Дараа нь “лангуугаа барьцаалан 2 000 000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь өмнөх зээлээ төлөөгүй болохоор өгөхгүй гэтэл дотор лангуу эрхэлдэг худалдаа эрхлэгч нарт банкууд зээл өгөхдөө хурдан байдаг гэж гуйгаад байхаар нь нөхрөө ч юм уу садан төрлийн хүнээ хамтран зээлдэгчээр оруулбал өгнө гэхэд эгчийгээ дуудаж гэрээнд гарын үсэг зуруулсан. 2 000 000 төгрөгийг нь 15 хоногт төлөхөөр, 3 000 000 төгрөгийг нь 10 хувийн хүүтэй зээлсэн. Ингээд гэрээ байгуулснаас хойш 200 000 төгрөг төлснөөс хойш огт мөнгө төлөөгүй, нэхэхээр битгий хүн дарамтлаад бай гэх болсон.

Иймд хариуцагч Б.М-с 3 000 000 төгрөгийн зээл, хүү 300 000 төгрөг,                       2 000 000 төгрөгийн зээл, хүү 200 000 төгрөг, алданги 220 000 төгрөг, нийт 5 720 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацааны алданги 750 000 төгрөгийг нэмж 6 470 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М-с 10 хувийн хүүтэй өдрийн зээл авсан нь үнэн. 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 2 000 000 төгрөгийг 15 хоногийн хугацаагаар зээлэх гэрээ байгуулж, мөнгийг дансаар хүлээн авсан, өмнө 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 500 000 төгрөг авсан түүний алданги хүү дээр нэмж 626 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг гэсэн 2 дахь гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу 626 000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгсөн. 2 000 000 төгрөг авсан тухай гэрээнд эгч Б.М-г гарын үсэг зуруулсан боловч мөнгийг би авч хэрэглэсэн. Одоо санхүүгийн ямар нэг боломжгүй байгаа тул мөнгийг төлөхөд хугацаа хэрэгтэй байна. Хүү болон алдангийг багасгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 3 дугаар сард аавыгаа эмнэлгээс гаргах гээд явж байхдаа дүү Б.М-тай таарсан бөгөөд нэхэмжлэгчтэй хамт явж байсан. Тэгээд нэхэмжлэгч намайг хамтран зээлдэгч гээд гарын үсэг зураад өгөөч гэсний дагуу гарын үсэг зурсан. Тэдний хэдэн төгрөг өгч, авсан болон ямар холбоотой байсныг мэдэхгүй, нэг ч төгрөг аваагүй тул нэхэмжлэлээс надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-с 4 320 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д  олгож, нэхэмжлэлээс 2 150 0000 төгрөг болон хариуцагч Б.М-д  холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 129 020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-с 84 070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Б.М миний бие нь Б.М 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөг зээлүүлсэн. Уг зээлээ төлөхгүй явсаар 2019 оны 3 дугаар сард дахин мөнгө зээлээч гэхэд нь батлан даагч оролцуулан дахин гэрээ байгуулаад зээлүүлнэ гэхэд тэрээр зөвшөөрсөн. Ийнхүү өмнө авсан 1 500 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 3 сарын хүү 150 000 төгрөг, алданги 524 000 төгрөг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дансаар авсан 200 000 төгрөг, нийт 2 374 000 төгрөг дээр нэмж 2 626 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан, нийт зээлийн мөнгөн дүн 5 000 000 төгрөг болсон. 3 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ, 2 000 000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй мөн л зээлийн гэрээ байгуулсан. 2 000 000 төгрөгийн гэрээнд Б.М-н эгч Б.М нь хамтран зээлдэгч болж тохиролцож нотариатаар батлуулсан.

Урьд авсан зээлийн нийт төлбөр нь 2 374 000 төгрөг. Үүнд, 626 000 төгрөгийг нэмж   3 000 000 төгрөг болгосон дүнгээр шинээр 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Ингээд 15 хоногийн хугацаа өнгөрсний дараа хариуцагч Б.М-с зээлүүлсэн мөнгөө авна гэхэд өгөх боломжгүй байна гээд өгөхгүй өөрийн бизнесээ эрхэлсээр байсан. Утсаар залгахад авахгүй, ажлын байранд нь очиж уулзахад орлого олоод байгаа хэрнээ төлбөрөө төлье гэж огт хэлэхгүй, шүүх цагдаадаа ханд, тэд чинь хоног хугацаа өгдөг юм, хүүг нь хүртэл зогсоодог гэх болсон. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн боловч шудрага бус, хэт нэг талын эрх ашигт тулгуурласанд гомдолтой.

Шүүх 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээ дуусаагүй тул хүү, алданги бодохгүй, үндсэн мөнгө 1 500 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дансаар авсан 200 000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 01-ний өдөр авсан 2 626 000 төгрөгөөс 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан 2 000 000 төгрөгийн хүү 200 000 төгрөг нэмээд нийт 4 520 000 төгрөг төлөгдөхөөс 200 000 төгрөг төлсөн учир 4 320 000 төгрөг надад олгуулах, Б.М нь хамтран зээлдэгч болохгүй гэж шудрага бусаар шийдсэн байна. Хариуцагч Б.М нь зээлийн төлбөрт 200 000 төгрөг төлөөгүй. Мөн хариуцагчийн тайлбарт ч 200 000 төгрөг төлсөн гэж хэлээгүй байсан. Энэ төлбөрийг төлсөн гэх баримтгүй байхад өгөх ёстой төлбөрөөс хасаж тооцсон байна.

Б. М нь ухаан санаа эрүүл, гэрээг уншиж танилцаад 2 000 000 төгрөгийн гэрээг батлуулсан, мөнгийг өөрийн дансаар аваагүй ч дүүгээ зээлээ төлөхгүй бол батлан дааж төлбөрөө төлөхөд нь хариуцах талаар хүлээн зөвшөөрч хамтран зээлдэгчээр гэрээг байгуулсан. Өмнөх өр төлбөрөө нэгтгээд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 3 000 000 төгрөгийн гэрээг хүчин төгөлдөр гэж талууд үздэг. Гэрээний 4.2-т зээлдэгчийн эд хөрөнгө болон санхүүгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй гэрээний хугацаанаас өмнө буцаан шаардах эрхтэй гэж тусгасан ба нэхэмжлэх эрхтэй учир 2 000 000 төгрөгийн гэрээний хугацаа дуусахад төлөөгүй учир нийтэд нь нэхэмжилсэн. 2 000 000 төгрөгийн гэрээний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дууссан ба шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл 65 хоногийн алдангийн төлбөр тооцох талаар шийдвэрт огт дурдаагүй байсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр 2 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон учир давж заалдах гомдол гаргаж байгааг түргэн шуурхай, хуульд нийцүүлэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.М, Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 470 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч Б.М-д 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлүүлсэн 1 500 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг нь  2 374 000 төгрөг байсан, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэмж 2 626 000 төгрөг зээлснээр үндсэн зээл 5 000 000 төгрөгийг 2 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг тус бүрээр зээлийн гэрээг байгуулсан. Эдгээр гэрээний дагуу хариуцагч нь 3 300 000 төгрөг, Б.М хамтран зээлдэгчээр орсон гэрээгээр 2 420 000 төгрөг, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацааны алданги 750 000 төгрөг, нийт 6 470 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Б.М дээрх шаардлагын тайлбарт, нэхэмжлэгчээс өдрийн 10 хувийн хүүтэй зээл авсан нь үнэн. 4 250 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэж, хариуцагч Б.М нь уг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгийг хэрэглээгүй гэж тус тус тайлбарлан маргасан байна.

 

Талуудын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээ, “ХБ” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс үзвэл, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээх зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 4 326 000 төгрөгийг хангаж, 2 150 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах гэрээний харилцаа, түүний үндэслэлийн талаар зөв дүгнэлт хийгээгүйн улмаас хууль хэрэглээний болон зээлийн хүү, алдангийн тооцооллыг буруу хийжээ.

 

Хэрэгт авагдсан 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч Б.Мөнхзулд 3 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөл тохирсон байна. Нэхэмжлэгч уг гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хариуцагч Б.М-с үндсэн зээл 3 000 000 төгрөг, 1 сарын хүү 300 000 төгрөг, нийт 3 300 000 төгрөгийг шаардсан ба энэ нь хариуцагчийн төлөх төлбөрийн үүрэг, түүний хэмжээнд тохирч байх тул уг шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

 

Харин Б.М, Б.М нарт 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 15 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөл тохирч 2 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Уг гэрээний үүргийг тооцвол, үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 200 000 төгрөг, хугацаа хэтэрсэн 15 хоногийн алданги 165 000 төгрөг, нийт 2 365 000 төгрөг байна.

 

Дээрх гэрээ тус бүрийн мөнгөн төлбөрийн үүргийг нэгтгэн тооцвол нийт 5 665 000 төгрөгийг хариуцагч Б.М төлөх үүрэгтэй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 282 дугаар зүйлд заасантай нийцнэ. Харин, хариуцагч Б.М-ын хувьд 2 000 000 төгрөг зээлэх гэрээнд хамтран зээлдэгчийн хувиар оролцсон байх боловч зээлийн мөнгөн хөрөнгийг өөрт шилжүүлэн аваагүй, захиран зарцуулаагүй гэх тайлбарыг зохигчид үгүйсгээгүй тул хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэхгүй талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдааны явцад, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх хугацааны алдангид тооцсон 750 000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан тайлбар гаргасан бөгөөд энэ нь хууль болон талуудын хэн алины эрх ашигт харшлахгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтад зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/01690 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-с зээлийн гэрээний үүрэгт нийт 5 665 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлээс 805 000 төгрөгийн болон хариуцагч Б.М-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дах заалтын “...84 070 төгрөг...” гэснийг “...105 590...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                    Т.ТУЯА