Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2019/01690

 

 

 

 

 

2019 оны 6 сарын 20 өдөр

     Дугаар 184/ШШ2019/01690

                       Улаанбаатар хот

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт Б.М /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Орбитын дугаар гудамж,  тоот

Хариуцагч: Ө овогт Б.М /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол, б байрны  тоот

Хариуцагч: Ө овогт Б.М /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, дүгээр хороолол, б байрны 30 тоот

Зээлийн гэрээний үүрэгт 6 470 000 /зургаан сая дөрвөн зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, хариуцагч Б.М, Б.М, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хар хорин зах дээр комиссын бэлэн хувцас худалдаад 9 жил болж байгаа бөгөөд 2018 оны 6 дугаар сард хамтран худалдаа эрхэлдэг хүнээр холбогдон Б.М эгчтэй танилцсан. Анх танилцахад Б.М Банк бус санхүүгийн байгууллагад таньдаг хүнтэй, мөн Хар хорин захын зохион байгуулагчидтай танил учир би итгэж найзалж байсан.

Би өвлийн цагт гадаа худалдаа хийх боломжгүй учир өвөлдөө багахан цалинтай ажил хийж, хавар наймаандаа хэрэглэх гэж байсан мөнгөө хадгалж байтал Б.М эгч 2018 оны 11 дүгээр сарын 10-нд өвлийн бараагаа ахиухан татах хэрэгтэй байна гээд надаас 1 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн, ба 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл зээлээ огт төлөөгүй. 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр надтай уулзаж 2 000 000 төгрөг зээлчих хүнээс хүүтэй мөнгө зээлээд чиний өрийг төлөх гэсэн чинь хүүгээ урьдчилаад төлчих гээд байна гэхээр нь 2 000 000 төгрөг өгсөн боловч мөн л төлөөгүй. Мөн намайг хашаа байшингаа барьцаанд тавин Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсны дараа нэмж 700 000 төгрөг авч нийт 3 000 000 төгрөгийг авсан болно.

Мөн лангуугаа барьцаанд тавихад 2 000 000 төгрөг  хэрэгтэй байна гэхээр нь өмнөх зээлээ төлөөгүй болохоор өгөхгүй гэж хэлсэнд, дотор лангуу эрхэлдэг худалдаа эрхлэгч нарт банкууд зээл өгөхдөө хурдан байдаг гэж гуйгаад байхаар нөхрөө ч юм уу садан төрлийн хүнээ хамтран зээлдэгчээр оруулбал өгнө гэж хэлэхэд эгчийгээ дуудаж гэрээнд гарын үсэг зуруулсан. Ингээд гэрээ хийх болоход 2 000 000 төгрөгийг нь 15 хоногтоо төлчихнө, 3 000 000 төгрөгийг нь 10 хувийн хүүтэй авсан. Ингээд гэрээ байгуулснаас хойш 200 000 төгрөг төлснөөс хойш огт мөнгө төлөөгүй, нэхэхээр битгий хүн дарамтлаад бай гэх болсон. Хариуцагч Б.М-ээс 3 000 000 төгрөгийн зээл, хүү 300 000 төгрөг, 2 000 000 төгрөгийн зээл,  хүү  200 000 төгрөг, алданги 220 000 төгрөг, нийт 5 720 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацааны алданги 750 000 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн нийт шаардлага 6 470 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б.М-с 10 хувийн хүүтэй өдрийн зээл авсан нь үнэн. Би нэхэмжлэгчээс 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 2 000 000 төгрөгийг 15 хоногийн хугацаагаар зээлэх гэрээ байгуулж, мөнгийг дансаар хүлээн авсан, өмнө 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр  1 500 000 төгрөг авсан түүний алданги хүү дээр нэмж 626 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг гэсэн 2 дахь гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу 626 000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгсөн. 2 000 000 төгрөг авсан тухай гэрээнд эгч Б.М-ийг гарын үсэг зуруулсан боловч мөнгийг би авч хэрэглэсэн. Одоо санхүүгийн ямар нэг боломжгүй байгаа тул мөнгийг төлөхөд хугацаа хэрэгтэй байна. Хүү болон алдангийг багасгаж өгнө үү.

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 3 дугаар сард аавыгаа эмнэлгээс гаргах гээд явж байхдаа дүү Б.М-тэй таарахад нэхэмжлэгч Б.М-тэй хамт явж байсан. Тэгээд нэхэмжлэгч намайг хамтран зээлдэгч гээд гарын үсэг зураад өгөөч гэсний дагуу гарын үсгээ зурсан. Тэдний хэдэн төгрөг өгч авалцсаныг болон ямар холбоотой байсныг мэдэхгүй, нэг ч төгрөг аваагүй тул нэхэмжлэлээс надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнөө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.М, Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 470 000 төгрөг гаргуулахыг хүсчээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч Б.М нь тухайн өдөр байгуулсан 2 зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөг бус 2 626 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 500 000 төгрөг, бодитоор 4 126 000 төгрөг авсан гэж, хариуцагч Б.М гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгийг аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж  маргасан. 

Зохигчид  2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Б.М нь 626 000 төгрөг, 2 000 000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай зээлсэн агуулгатай гэрээний дагуу  2 000 000 төгрөгийг, мөн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 500 000 төгрөгийг  хариуцагч  Б.М-ийн Хаан банк дахь 5018691821 тоот дансанд шилжүүлсэн тухайд маргахгүй байгаа бөгөөд энэхүү үйл баримт нэхэмжлэгч Б.М-ийн Хаан банк дахь 5006259418 тоот дансны хуулгаар давхар нотлогдож байна.

Талууд 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 2 зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд 2 000 000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн агуулгатай  гэрээнд зээлдүүлэгч Б.М, зээлдэгч нь  Б.М, хамтран зээлдэгч Б.М, 3 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн агуулгатай гэрээнд зээлдэгч нь Б.М гэж гарын үсэг зуржээ. 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжилсэн  6 740 000 төгрөгийн шаардлагаас 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн гэрээгээр зээлдэгч Б.М-д шилжүүлэн өгсөн 2 626 000 төгрөг, түүний хүү 200 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн   1 500 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 200 000 төгрөг, нийт 4 526 000 төгрөгөөс, хариуцагчийн төлсөн 200 000 төгрөгийг хасч тооцон нийт 4 326 000 төгрөг хариуцагч Б.М-ээс гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 2 150 000 төгрөгийн болон хариуцагч Б.М-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 282 зүйлийн 282.2, 282.3, 282.4 дэх хэсгүүдэд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй байх, зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох, бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү авах эрхээ алдах, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор тус тус зохицуулсан байна.

Талуудын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан 2 000 000 төгрөгийн гэрээгээр зээлдүүлэгч мөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлсэн, 3 000 0000 төгрөгийн гэрээгээр 626 000 төгрөг шилжүүлсэн ба 2018 оны 11 дүгээр сарын 18-нд шилжүүлсэн өгсөн 1 500 000 төгрөгийн тухайд талууд хүү, алданги тооцохоор  тохиролцсон гэж үзэх боломжгүй, нотлох баримтгүй байгаа болно.

Хариуцагч Б.М-ийн тухайд зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн аваагүй, гэрээний агуулгын талаар зээлдүүлэгчтэй тохиролцоогүй байх тул 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан 2 000 000 төгрөгийн гэрээний үүргийг хариуцагч Б.М-тэй хамтран хариуцах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-ээс 4 320 000 /дөрвөн сая гурван зуун хорин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д  олгож, нэхэмжлэлээс 2 150 0000 төгрөгийн болон хариуцагч Б.М-д  холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2 . Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 129,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас 84,070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ